Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0466

 

 

 

 

                                                

 

 

 

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0466

Улаанбаатар хот

Ө.Г нарын нэр бүхий 14 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ө.Г, С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаар шийдвэртэй, Ө.Г, С.М, Д.Б, Д.Ц, Д.Б, Ц.М, Г.Б, М.М, М.А, М.Д, М.Р, Ү.Ү, Б.Л, М.К нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-н давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 17 дугаар зүйлийн 2 болон 3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.Г, С.М, Д.Б, Д.Ц, Д.Б, Ц.М, Г.Б, М.М, М.А, М.Д, М.Р, Ү.Ү, Б.Л, М.К нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-271 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий газарт газар ашиглах эрх авсан иргэдээс байшингаа барьж, төмөр хашаа татсан нь байгалийн унаган төрхийг хадгалж үлдээх боломжгүй болгохоор байна гэж хэт ерөнхий, нэг талыг барьсан, өрөөсгөл дүгнэлт болсон бөгөөд байгалийн унаган төрхийг ямар байдлаар хэрхэн алдагдуулахаар байгаа нь тодорхойгүй, ямар нотлох баримтад үндэслэж энэ дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна.

Мөн үндэслэх хэсэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өмнө нь олгогдсон 319 иргэний газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон атлаа маргаан бүхий актуудаар 271 хүнд газар ашиглах эрх олгосон нь сайдын тушаалууд зөрчилдөж тэгш байдлын болон хууль дээдлэх зарчим алдагдахад хүргэсэн гэж хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй үйл баримтад дүгнэлт хийсэн. Учир нь өмнө нь дээрх 319 иргэнд газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон байсныг хүчингүй болгосон болохоос сүүлд гарсан сайдын тушаалууд нь өмнөх тушаалтай хууль зүйн хувьд хамааралгүй юм.

Шүүхээс маргаан бүхий актуудаар газар ашиглах эрх авсан нэр бүхий иргэдийн зарим нь байшин барьж, төмөр хашаа барьсан нь нэхэмжлэгч нарын уламжлалт мал аж ахуйн эрхлэх, малаа бэлчээх бэлчээргүй болгох, улмаар бэлчээрийн даац алдагдах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын эрх хэрхэн зөрчигдөж байгаад ямар нотлох баримтад үндэслэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, нотлох баримт хангалтгүй, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэсэн байна.

  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.7 “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг,
  2. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэгч нар нь газар ашиглах зөвшөөрөл байхгүй, гэрчилгээгүй, кадастрын зураг байхгүй, мал бэлчээх эрхгүй, Байгаль орчны яам болон Горхи тэрэлжийн хамгаалалтын захиргаанаас зөвшөөрөл аваагүй,
  3. Айл бүр хэдэн малтай, мал бэлчээхэд ямар хэмжээний бэлчээр хангалттай болох, олгогдсон газар нь бэлчээрийг ямар хэмжээгээр хязгаарлаж байгаа, олгогдсон газраас өөр газар мал бэлчээх боломжтой эсэх талаар шинжээчийн дүгнэлт байхгүй, айлуудын өвөлжөө, хаваржаа яг аль бүсэд байгаа болон мал бэлчээрийн байршлыг тогтоогоогүй байж зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар шийдвэрлэсэн,
  4. Шүүх батлагдсан зураг төслийн дагуу бариагүй гэж байгаа. Энэ нь үндэслэлгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34-35 дугаар зүйлд газар ашиглуулах харилцааг зохицуулсан байдаг бөгөөд энэ харилцаанд батлагдсан зураг төслийг шаарддаггүй. Газар ашиглах эрх олж авсны дараа барилгаа зураг төслийн дагуу явуулах үүрэгтэй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7 “зөвшөөрөгдсөн бүс дэх сууриныг тохижуулах, барилга байгууламж барих ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавих” үүргийг байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хэрэгжүүлэхээр заасан байдаг. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж зааснаар зуслангийн зориулалтаар ашиглах газарт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх барилга байгууламж барих зураг төсөл батлагдаагүй байхад маргаан бүхий газарт газар ашиглах зөвшөөрлийг олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд нийцээгүй гэж үзсэн нь энэ хэргийг нухацтай авч үзэлгүйгээр ерөнхий харагдах байдлаар нь шийдсэн гэж харагдаж байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийт хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь төрийн бус байгууллага байх, түүнчлэн хохирол учирсан байхыг шаардана.

            Уг маргаан бүхий актуудаар нэр бүхий 271 иргэнд газар ашиглах эрх олгосон бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нэр бүхий дээрх иргэдийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зүйл гэж үзэж байна.

            Мөн нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж, шийдвэрлэж байгаа юм бол шүүх Үндсэн хуулийн заалт биш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан нөхцөлүүдийн аль нэгийг шийдвэр гаргахдаа заавал хэрэглэх үүрэгтэй байсан. Тухайлбал илт хууль бус гэж үзсэн бол 9 дүгээр зүйлийн 9.1-ийн аль ч заалтыг удирдлага болгон авалгүйгээр Үндсэн хуулийн хэрэг маргаан биш байтал Үндсэн хуулийн заалтаар шийдсэн. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “хууль бус тушаалууд болно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байх боловч ... маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй” гэж шийдсэн нь тушаалд хууль зүйн үндэслэл хийгээгүй байж зөвхөн нэхэмжлэгч нарын тайлбараар нотлох баримтгүйгээр хэргийг шийдсэн гэж үзэхээр байна.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, маргаж буй газрын байршлыг тодорхой тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

            Маргаан бүхий Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429 дүгээр тушаал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-271 дүгээр тушаалуудаар яамны болон харьяа газар, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчдын хүсэлтийг судлан үзэж, Горхи  тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 21.7 га талбайд, нэмж 1.4 га талбайд, мөн 14.4 га талбайд нэмж, нийт 37.5 га газарт амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх “Эко ногоон хөгжил” зуслан байгуулах төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн байна.

            Улмаар хавсралтад дурдсан[1] 271 албан хаагчдад зураг төслийн дагуу байрлах эрхийн гэрчилгээ олгохыг Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд зөвшөөрч, нэр бүхий албан хаагчдад зуслангийн зориулалтаар газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгожээ[2].

            Нэхэмжлэгч нар дээрх тушаалуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж гарсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “”Өртөө өвөлжөө”-нд амьдарч байгаа малчин бидний эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөд хүрээд байна. Манайхны 14 хот айл зун намартаа эдгээр хүмүүсийн 100 гаруй айлын байшин барьж амьдрах гээд байгаа энэ газарт малаа бэлчээдэг юм. Одоо тэнд 100 гаруй байшин баригдвал бид зун намрын улиралд малаа бэлчээх газар нутаггүй болно. Тэр ч бүү хэл тэдний зарим нь зуслан намаржаан дахь хонины хашаа дотор, тугалын зэлний дэргэд, гэрийн хаяанд, өвөлжөөний хажууд, манайхны гэр рүүгээ орж гардаг машины улаан зам дээр барих барилгынхаа шавыг тавьж малчин биднийг хүн гэж үл тоон басамжлан доромжилж бидний хууль ёсны эрх, ашгийг хохироон дарамталж байна” гэж тодорхойлсон байх ба үүнтэй холбогдуулан анхан шатны шүүхээс хэргийн газрын үзлэг хийж, нэхэмжлэгч нар болон хариуцагчийн тушаалд дурдсан газрууд давхцалгүй талаар дүгнэсэн байна.

Гэвч маргаан бүхий газрын байршлыг бүрэн тодорхойлоогүй, хариуцагчийн албан хаагчдад олгосон газар нь хаана байршилтай болох, нэхэмжлэгч нарын малын бэлчээртэй давхцаж байгаа эсэх  нь тодорхойгүй, үзлэгийн явцад авсан фото зургууд[3] тайлбаргүй, хаана ямар газрын зураг болох нь ойлгомжгүй байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэх, хариуцагчийн шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт хийх боломжгүй.

            Өөрөөр хэлбэл маргаан бүхий газар нь нэхэмжлэгч 14 иргэний амьдарч байгаа газартай солбилцлын хувьд давхцалгүй талаар хэргийн оролцогчид маргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын малын бэлчээр, 00-ын газар нь хариуцагчийн олгосон газартай давхцалтай эсэхийг шүүх үзлэгийн явцад ч, өөр бусад байдлаар ч шалгаж тогтоогоогүй нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шууд дүгнэсэн нь буруу байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... Айл бүр хэдэн малтай, мал бэлчээхэд ямар хэмжээний бэлчээр хангалттай болох, олгогдсон газар нь бэлчээрийг ямар хэмжээгээр хязгаарлаж байгаа, олгогдсон газраас өөр газар мал бэлчээх боломжтой эсэх талаар шинжээчийн дүгнэлт байхгүй, айлуудын өвөлжөө, хаваржаа яг аль бүсэд байгаа болон мал бэлчээрийн байршлыг тогтоогоогүй байж зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ   

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 44-46, 48-50 дахь тал, 2 дугаар хавтас, 79 дэх тал

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 73-220 дахь тал

[3] Хэргийн 2 дугаар хавтас, 106-117 дахь тал