Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0421

 

2016 оны 6 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0421

Улаанбаатар хот

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд Г.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...”Б” ХХК-д Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Автобус 3 дугаар баазын зүүн урд талд зочид буудлын зориулалтаар 220 м.кв талбай бүхий газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 12 сарын 5-ны өдрийн 322 тоот захирамжаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 2005 оны 7 дугаар сарын 6-ны өдөр тус газар дээрээ Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авч 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр барилгын ажлыг дуусгаж улсын комисст барилгыг хүлээлгэн өгсөн ба Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн авто замын газраас 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2/675 тоот албан бичгээр нарны замаас орц гарц гаргахад уулзвартай хэт ойр учир норм дүрмийн шаардлага болон хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй байгаа тул Усны гудамж тал дахь уулзвараас 40 метр зайд авто замын орц гарц гаргахыг зөвшөөрсөн тухай 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2/675 тоот бичгийг өгсөн юм. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дагаж мөрдөх журмын дагуу өөрийн эзэмшил объектын эргэн тойрны 50 метр хүртэлх талбайд ногоон байгууламж, хатуу хучилттай тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Объектын баруун талд Боорчи угаалгын газар, урд талд нарны зам, зүүн талд усны гудамжны авто зам, хойд талд автобус 3-р баазын хашаа ойрхон байх тул тохижилтын ажлыг энэ хязгаарт хийсэн. Харин объектын зүүн хойд хэсэг буюу Автобус 3-р баазын хашааны зүүн талд 50 хүртэлх метр газрыг тохижуулах боломжтой байсан тул тохижилтын ажлыг хийж машины зогсоол гаргасан. 2007 онд манай компанийн газар эзэмших гэрчилгээний хугацаа дууссан тул Газрын тухай хуулийн дагуу гэрчилгээний хугацааг сунгуулах мөн орчны тохижилт хийсэн 400 м.кв газарт кадастрын зураг хийх эрх бүхий “А” ХХК-иар газар дээрээ хэмжилтийг хийлгэж холбогдох 10 хуудас материалыг дүүргийн Газрын албанд хандаж өгснөөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 тоот захирамжаар газар эзэмших эрхийг олгож шийдвэрлэсэн. Ингээд тухайн үед эрүүл мэндийн шалтгаанаас жил гаран эмчилгээ сувилгаа хийлгэж байгаад газрын төлбөрөө төлөх гээд дүүргийн Газрын албан дээр очиход кадастрын зураг нэхэж шаардахад би материалтайгаа хамт зургаа өгсөн гэж тайлбарлахад мэдээллийн санд танай зураг ороогүй байгаа тул Нийслэлийн Газрын албан дээр очиж мэдээллийн санд байршлын зургаа оруулж ир гэж явуулсан. Үүний дагуу Ж гэдэг мэргэжилтэнд материалаа өгч 7 хоногийн дараа Нийслэлийн мэдээллийн санд орж баталгаажсан зургаа авсан. Тухайн үе буюу 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн мэдээллийн санд манай хойд талд байрлах “Ш” ХХК-ийн 800 м.кв талбайн кадастрын зурагтай манай байршлын зураг давхцаагүй байсан ба өнөөдрийг хүртэл газар эзэмшигчийн гэрээнд заасан үүргээ биелүүлэн төлбөрөө төлж зөрчилгүй, үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. 2009 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн Газрын алба 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 тоот захирамжаар нэмж олгосон 400 м.кв газрын суурь үнэлгээ болох 3520 мянган төгрөгийг тушаахыг шаардсаны дагуу дээр дурдсан хэмжээний төлбөрийг төлсөн. Гэтэл 2012 оны 6 дугаар сарын үед Хот байгуулалт, төлөвлөлтийн газар дээр ажилтай явж байгаад манай компанийн байршлын кадастрын зурагт өөрчлөлт орж давхардсан байсныг олж мэдээд Нийслэлийн Газрын албаны дарга асан М.Б-д хандаж 2012 оны 6 дугаар сарын 6-ны өдөр кадастрын зурагт өөрчлөлт орсон шалтгааныг тодруулж шалгаж өгөх тухай хүсэлт гаргасан. Газрын мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн н.Ариунтуяа нь архивын мэдээллийн сангаас манай кадастрын зургийн лавлагааг авч үнэхээр өөрчлөлт орсон болохыг тогтоосон боловч албан бичгийн хариуг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 7/3709 тоотоор бичсэн нь манай компанийн 2012 оны 10-р сарын 18-ны өдрийн Нийслэлийн засаг дарга Э.Б-д хандсан албан бичгээс хойно үйлдсэн байгаа юм. Мэргэжилтэн н.А биднийг Э.Б даргад хандаагүй бол албан бичгийн хариуг үйлдэхгүй бодит байдлыг нуун дарагдуулж өөрийн хань хамсаатан Газрын албаны дарга асан М.Б болон “Ш” ХХК-д үйлчилж байсан гэх үндэслэл болж байна. “Ш” ХХК нь өөрийн санаснаар, бусармаг аргаар барилга барих зорилгоор бусдын газрыг булааж авах үйлдэлдээ Газрын албаны дарга, Мэдээллийн албаны ажилтнуудыг өөрийн эрх ашигт нийцүүлэн гарын аясаар хөдөлгөж чадаж байгаа нь авлига, хээл хахуулийг хангалттай хэмжээгээр өгсөн байх гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Мөн Нийслэлийн Барилга, хот төлөвлөлтийн газарт хандаж газрыг давхардуулан олгож мэдээллийн сангийн зурагт өөрчлөлт орсонтой холбогдуулан маргаантай байгаа талаар мэдэгдэж хүсэлт гаргах үед Шинэ барилга ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн мэргэжлийн комиссын хурлаар батлагдсан 44x15 м хэмжээтэй нэг барилга барих зөвшөөрөлтэй байсан. Гэтэл Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар нь маргаантай байгаа асуудлыг мэдсээр байтал “Ш” ХХК-д дахин 1 барилга нэмж барих зөвшөөрлийг 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавраар баталж, улмаар ерөнхий төлөвлөгөөг зурж батлуулахдаа манай зөвшөөрөлтэй Автобус 3 дугаар баазын зүүн талын газрыг бүхэлд нь хамруулж, зөвшөөрөгдсөн орц гарцыг устгаж төлөвлөлт хийсэн байгаа болно. “Ш” ХХК нь 660 м.кв талбайд барилга барих зөвшөөрөлтэй мөртөө 918 м2 талбайд барилга барих ерөнхий төлөвлөгөө батлуулж амжсан нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй 258 м2 илүү талбайг хууль бусаар хамруулжээ. Нийслэлийн Газрын алба нь “Ш” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжаар олгосон 800 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр захирамжаар 984 м.кв болгон нэмэгдүүлж олгохдоо манай компанийн мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зургийг дур мэдэн өөрчилж давхардуулан олгож шийдвэрлэсэн.... Иймээс газар давхцуулж олгосон Нийслэлийн Засаг даргын 2009 оны 671 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 295 дугаар захирамжийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, "Б" ХХК-ийн эзэмшиж буй 620 м.кв талбайн кадастрын зургийг Нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн /хуучин бүртгэгдсэн мэдээллийн дагуу/ бүртгэж авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах, "Б" ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. "Ш" ХХК нь бидний эзэмшлийн газарт дээр дурдсан захирамжуудын дагуу 984 м.кв болон 0,066 м.кв талбайтай газрыг хууль бусаар эзэмших захирамж гаргуулсан болох нь нэгэнт тодорхой боллоо. Бидний хууль ёсоор эзэмшиж байгаа 620 м.кв газрын кадастрын зургийг Нийслэлийн газрын мэдээллийн санд 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ямар ч давхардал, зөрчилгүй оруулж баталгаажуулсан атлаа "Ш" ХХК-д хууль зөрчиж газар давхардуулан олгохдоо бидний мэдээллийг өөрчилж, эрх ашгийг маань ноцтой зөрчсөн болох нь илэрхий болсон тул бид зөвтгөж бүртгэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..."Б" ХХК болон "Ш" ХХК-д газар эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамж болон холбогдох бусад материалын хуулбарыг авах гэсэн боловч Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивд уг материалууд байхгүй байна. Харин дүүргийн Засаг даргын 2007 оны 374 тоот захирамжид “Б” ХХК гэж байхгүй харин “Б” ХХК гэж байгаа нь “Б” ХХК-д газар эзэмших эрх олгогдоогүй гэдгийг нотолж байна. “Б” ХХК-ийн манай газарт хандаж гаргасан өргөдөлд манай газраас хариу өгөхдөө “Б” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын кадастрын зургийн өөрчлөлт нь талбайн хэмжээ хэвээр боловч хэлбэр дүрсийг өөрчилсөн байсан гэсэн хариу өгсөн байна. Мөн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Б "Б” ХХК-ийн өргөдлийн хариуд дүүргийн Засаг дарга 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар танай газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгаж, орчны тохижилт хийгдсэн 0.04 га талбайг нэмж эзэмшүүлэн шийдвэрлэсэн байхад өөр байршилд тохижилтын ажлыг хийж мэдээллийн санд бүртгүүлсэн зөрчил гаргасан байна. Дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар байршил зааж олгогдсон газраа мэдээллийн санд зөв оруулан илүү тохижилт хийсэн газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн байна. Мөн Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчин “Б” ХХК-д гэрчилгээ олгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулж гаргасан хариу тайлбартаа:...Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу Үндсэн хуулийн гудамж, Энгельсийн гудамжийг холбох гүүрний трассын газрыг чөлөөлөх ажлын хүрээнд Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/, “Ш” ХХК-ийн хооронд 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Газрыг нөхөх олговортойгоор нийтийн эдэлбэрт шилжүүлэх гэрээ"-ний дагуу “У” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газар /”Ш” ХХК-нд эрхийг шилжүүлсэн/-аас 613 м.кв газар болон тухайн газар дээрх зарим үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор чөлөөлж газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэхээр тохиролцсон байна. Уг гэрээгээр газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговор болгож Нийслэлийн Газрын алба нь 2009 оны 12 дугаар сарын 31-ний дотор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Автобус 3 компанийн зүүн талд олгогдсон 840 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 984 м.кв болгож олгох, 2010 оны 2 дугаар улиралд багтаан уг газарт барих барилгын зураг төслийг баталгаажуулах асуудлыг эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх үүргийг хүлээсэн байна. Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр 21.2.3, 42 дугаар зүйлийн 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.4-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2009 оны 671 дүгээр захирамжаар “Ш” ХХК-д эзэмшүүлсэн газрын хэмжээг 984 м.кв болгож газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ олгогдсон байна. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дугаар захирамжаар “Ш” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. “Б” ХХК-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 322 дугаар захирамжаар тус дүүргийн 2 дугаар хороо, Автобус 3 баазын зүүн урд байрлуулан 0.022 га газрыг зочид буудлын барилга барих зориулалтаар эзэмшүүлж, тус дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар “Б” ХХК-д орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн бөгөөд маргаж буй газар нь нэхэмжлэгчид уг захирамжаар олгогдсон газар биш байна. Уг газрыг “Б” ХХК-д эзэмшүүлсэн баримт байхгүй бөгөөд ямар нэг хэлбэрээр газрын мэдээллийн санд газрыг бүртгэснээр газар эзэмших эрх үүсэхгүй тул уг газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй болно. Маргаж буй “Ш” ХХК-д давхар эзэмшүүлсэн гэх газрыг эзэмших эрх “Б” ХХК-д үүсээгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэр дээр мэдээллийн санд бүртгэлтэй байсан гэх орц, гарцын зориулалттай уг газрын доор дулааны 200-гийн 1 хос ган хоолой шугам байрладаг бөгөөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай 2002 оны хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 12.7, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай 2011 оны хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.7, 17.8.4-т зааснаар хотын доторх цэвэр, бохир усны салбар болон түгээх шугамын ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвасыг шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт тогтоож, уг газарт газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглох тул уг газрыг “Б” ХХК болон бусад этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өмнө нь мөн нэхэмжлэгчид энэ газрыг эзэмшүүлсэн баримт байхгүй болно. Иймд “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд “Ш” ХХК-ийн захирал Ө.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ш ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 95 дугаар захирамж, 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Автобус-3 баазын зүүн талд 0.08 га газарт орон сууцны барилга барих зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 671 дүгээр захирамжаар газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж 984 м.кв газрыг эзэмших болсон. Газрын хэмжээг нэмэгдүүлсэн шалтгаан нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлах тухай болон Авто замыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээнд тусгагдсан 3.7 тэрбум иен буюу 50 орчим тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барьж хэрэгжүүлэх Үндсэн хуулийн гудамжийг Энгельсийн гудамжтай холбох гүүрэн гарцын трасст Ш ХХК-ийн 613 м.кв газар орсонтой холбогдуулан Нийслэлийн Газрын албанаас 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Газрыг нөхөх олговортойгоор нийтийн эдэлбэрт шилжүүлэх гэрээг манай компанитай байгуулсан. Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар Гүүрэн гарцын трассын зургийг алдаатай хийснээс манай компанийн газраас дахин 240.4 м.кв газар /нийт 853.4 м.кв/-ыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх болсон тул дээрх гэрээний нэмэлт салшгүй хэсгийн үргэлжлэл болгож Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын алба, Ш ХХК-ийн хооронд Газар чөлөөлүүлэх гэрээг дахин 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Газрыг нөхөн олговортойгоор нийтийн эдэлбэрт шилжүүлэх гэрээний 2.4.в-д заасны дагуу Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт байршил өөрчлөх тухай 2009 оны 671 дүгээр захирамжаар Ш ХХК-д Сүхбаатар дүүргийн дугаар хороо Автобус-3 компанийн зүүн талд газрын хэмжээг 144 м.кв нэмэгдүүлэн үйлчилгээтэй орон сууц барих зөвшөөрөл олгож баталгаажуулсан. Мөн гэрээний 2.4.г-д заасны дагуу Хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 295 дугаар захирамжаар Ш ХХК-д 2 тусдаа үйлчилгээтэй орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө скиз, талбайн хэмжээ, газрын байршлыг тогтоож, мэдэгдэл олгон үүрэг гүйцэтгэх тухай Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар Ш ХХК-ийн хооронд 2011 оны 2011/23 дугаар хамтарсан гэрээ байгуулж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгсөн юм. Гүүрэн гарцын трасст орсон газруудыг чөлөөлөхөд байгууллага, иргэн аж ахуй нэгжүүд төр засгаас 50-400 гаруй сая төгрөгийн нөхөн олговор авч байсан бол манайх ямар нэгэн мөнгөн хэлбэрийн нөхөн олговор аваагүй бөгөөд гэрээгээ хүлээсэн үүргийн дагуу нийтийн эрх ашгийн төлөө гэрээнд заасан хугацаанаас өмнө бусад иргэн аж ахуй нэгж байгууллагад үлгэр жишээ үзүүлэх зорилгоор өөрийн компанийн үл хөдлөх эд хөрөнгүүд болох подвалтой нэг давхар барилга, барилгын зураг төсөл нь иж бүрэн хийгдсэн суурь, гурван агуулахыг нурааж, хашааг нүүлгэн шилжүүлэн шинээр барих зэрэгт аливаа санхүүгийн эрсдэлийг эс тооцож өөрсдийн зардлаар газрыг чөлөөлж, Нийслэлийн газрын албанд хүлээлгэн өгсөн. 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр барилгын талбайдаа түр хашаа барих гэсэн боловч Нийслэлийн Газрын албанаас тус компанийн батлагдсан ерөнхий төлөвлөгөө скиз дээрх гадна тохижилт ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн зэргэлдээ орших Б ХХК-ийн кадастрын зурагтай давхацсан тул уг асуудлыг шийдвэрлэх хүртэл ажлаа түр зогсоохыг хүссэний дагуу өнөөдрийг хүртэл ажлаа зогсоогоод байна. Газрыг нөхөх олговортойгоор нийтийн эдэлбэрт шилжүүлэх гэрээний төслийн урьдчилан боловсруулж байсан 2009 оны 5 дугаар сараас 11 дүгээр сард Ш ХХК-д уг газрыг эзэмшүүлэхээр Нийслэлийн Газрын албаны дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ш.А, Г.М, Д.Н нар саналаа нэгтгэж Нийслэлийн Газрын албаны Газрын кадастрын нэгдмэл мэдээллийн сангийн зурагт тус компанид нөхөн олговроор олгохоор төлөвлөж байхад уг газар дээр зэргэлдээ орших Б ХХК-ийн кадастрын зураг гэх зүйл огт ороогүй, байхгүй байсан. Гэтэл Б ХХК нь хуулийн дагуу эзэмшүүлсэн орчны газраа эзэмшихгүй өөрт ямар ч хамааралгүй, хотын инженерийн шугам сүлжээтэй, дээр нь ургаж байсан ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй устгачхаад миний тохижуулсан, миний газар гэж хууль бусаар зүтгэж дуртай газраа авдаг, газрын хэмжээг өөрсдийн үзэмжээр нэмэгдүүлдэг, кадастрын зургаа 2 жилийн дараа мэдээллийн санд оруулдаг буруу жишиг тогтоох гэж байгаад туйлын их харамсаж байна. Б ХХК нь Газрын тухай хуулийн 32.3.2-д заасны дагуу анх газар эзэмших хүсэлтийн хамт газрын хэмжээ, зааг байршил нэгж талбарыг харуулсан тойм зургийг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжаар 0.04 га орчны газрыг эзэмшүүлэхээр газар олгох үед өгч баталгаажуулах хуулийн заалт байсан боловч 2009 онд буюу 2 жилийн дараа кадастрын зургаа хийлгэж хууль зөрчин үндэслэлгүй газрын хэмжээгээ нэмэгдүүлсэн нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна. ...Улаанбаатар хотын ерөнхий архитектур Г.Б 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б ХХК-ийн одоо байгаа барилгын ерөнхий төлөвлөгөөг орчны газрын тохижилтын зургийн хамт батлан өгч, уг ерөнхий төлөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамж гарч орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 374 дүгээр захирамжийн дагуу кадастрын зургаа хийлгэж баталгаажуулан авахын оронд өөр газрын модыг зөвшөөрөлгүй огтолж өөрийн орчны газар болгон кадастрын зураг хийлгэж, эцэст нь маргаан үүсгэж хууль зөрчиж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ талаар газар чөлөөлөх тухай Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 5/29 дугаар албан бичигт нэхэмжлэгч Б ХХК-ийг Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн тул батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг даргын байршил зааж олгосон орчны газраа Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд зөв оруулан зөрчлөө арилгах мэдэгдлийг хүргүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ш ХХК-ийн захирал Ө.Д нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулж гаргасан хариу тайлбартаа: ...Б ХХК-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн гэдэг бөгөөд Газрын тухай хуулийн 37.1-д ...газар эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах... гэж заасан байх тул газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж хуульд заасан нөхцөл журмын дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд "Б" ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ. Гуравдагч этгээд Ш ХХК-ийн захирал Ө.Д шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ...Барилгын тухай хуулийн 3.1.11-д барилгын орчны тохижилт" гэж тухайн барилгад олгосон газарт барилгажилт, төлөвлөлтийн нормын дагуу төлөвлөсөн мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламж, зам, тээврийн хэрэгслийн зогсоол, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийг ойлгоно гэж заасан. ...Газрын тухай хуулийн 33.2-д энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан байдаг. Иймд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Г.Б-н баталсан 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн барилгын зураг төсөлд мэргэжлийн дүгнэлт магадлал хийлгэж, 77 тоот экспертийн дүгнэлтээр баталгаажсан Б ХХК-ийн үйлчилгээтэй зочид буудлын барилгын ерөнхий төлөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар Б ХХК-д батлагдсан ерөнхий төлөвлөгөөг үндэслэн орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг эзэмшүүлсэн шийдвэртэй нийцүүлэн Нийслэлийн газрын кадастрын нэгдсэн санд давхцалыг арилгаж байршил зааж олгосон газрыг зөв оруулж, илүү тохижилт хийсэн газрыг чөлөөлүүлж шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт даалгаж өгнө үү гэжээ. Гуравдагч этгээд Ш ХХК-ийн захирал Ө.Д шүүхэд гаргасан бие даасан шаардлагын нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 1 дэх хэсгийн ...орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр... гэж заасан хэсгийг илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэж бие даасан шаардлагаа нэмэгдүүлж байна. ...Газрын тухай хуулийн 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.2.3-т ...хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ, 33.1.2-т ...газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 1 дэх хэсэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 21.2, 21.2.3, 33.1.2, 27.4 дэх заалтуудыг ноцтой зөрчиж хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан шийдвэр байна... гэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулж гаргасан хариу тайлбартаа: ...Б ХХК-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар 0.04 га орчны газрыг олгожээ. Нийслэлийн мэдээллийн санд 2 жилийн дараа буюу 2009 оны 11 дүгээр сарын 23-ны дөр байршил зааж олгогдоогүй газрыг кадастрын зурагт оруулж газрын хэмжээг нэмэгдүүлсэн байна. Б ХХК-д Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Б-с 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/829 дугаартай албан бичигт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 тоот захирамжаар танай газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгаж, орчны тохижилт хийгдсэн 0,04 га талбайг нэмж эзэмшүүлэх шийдвэр гарсан байхад өөр байршилд тохижилтын ажлыг хийж мэдээллийн санд бүртгүүлсэн зөрчил гаргасан байна гэжээ. Уг маргаантай газрын шударга эзэмшигч өмчлөгч нь шүүхээр нотлогдсон тохиолдолд нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулах боломжтой гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулж гаргасан хариу тайлбартаа: ...Б ХХК нь нэхэмжлэлдээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамж гарч гэрчилгээ олгосон гэх боловч уг захирамжид Б ХХК-ийн нэр дээр 0.022 га газар эзэмших эрхийн хугацааг сунгах, орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр тусгагдсан байна. Мөн захирамжаар Ш ХХК-д 0.009 га газрыг томсгон 0.08 га газар болон орон сууцны барилга барих зориулалтаар газар олгосон захирамж нь ямар нэг байдлаар бусдын эзэмшлийн талбайг давхцуулан олгосон хэрэг бус бөгөөд өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр захирамжаар эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөхдөө давхцуулан олгосон байна. Үүнээс үзэхэд Ш ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.

Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Ч.Э гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулж гаргасан хариу тайлбартаа: ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар манай компанид нэмж 400 м.кв газар олгохдоо "Б” ХХК-ийн ерөнхий төлөвлөгөө, орчны тохижилтын дагуу, ерөнхий төлөвлөгөөг үндэслэн" гэдэг үг, өгүүлбэрийг огт дурдаагүй байгаа. 2007 оны захирамжид дурдсан орчны тохижилт хийгдсэн гэдэг 3 үгийг барилгын ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн орчны тохижилт хийсэн газартай холбож ойлгож болохгүй юм. Учир нь батлагдсан барилгын ерөнхий төлөвлөгөөний дагуу ажлыг хийж гүйцэтгэхээр объектын орц гарцыг хийлгэхээр Нийслэлийн Авто замын газарт хүсэлт гаргахад Нийслэлийн Авто замын газар нь 2006 оны 12 дугаар сарын 29-ны өдөр 2/675 тоот албан бичгээр барилгын батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу нарны замаас орц гарц гаргахад уулзвартай хэт ойр учир норм дүрмийн шаардлага болон хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй байна. Иймээс Усны гудамж талд уулзвараас 40 м зайд орц гарц гаргахыг зөвшөөрч байна гэсэн хариуг ирүүлсэн. Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн Авто замын газар Н ХХК-тай 2006 оны 8 сарын 4-ний өдрийн 29/06 тоот ажлын гэрээгээр орц гарцыг уулзвараас 40 метрт гаргасан нь Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Г.Б-н баталсан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан орц гарцын байрлалаас даруй 18.1 м-ээр хойш шилжиж гарсан юм. Ингэж барилга барих, орчны тохижилтыг хийж гүйцэтгэх ажлын явцад батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт орох эхлэл болсон, нэгэнт ийм байдалд хүрсэн болохоор барилгаас зүүн хойш 50 хүртэл метр газрыг нэмж тохижуулсан. Нийслэлийн иргэдийн Хурлаас заасан орчны тохижилт хийх газрыг 50 м байна гэдэг журмыг баримталсан. Барилгыг ашиглалтад оруулах улсын комисс ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт орсон болохыг анзаарч Нийслэлийн Авто замын газраас ирүүлсэн албан бичиг, орц гарц гаргасан акт зэргийг шалгаж үзээд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмж тохижуулсан газрыг Газрын албанд хандаж шийдвэрлүүлэхийг анхааруулж байсан юм. 2007 оны 12 сард газар эзэмших хугацаа дуусгавар болж байсан тул 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр А компаниар кадастрын зургийг хийлгэж ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмж тохижуулсан газраа эзэмших хүсэлт гаргасан. Ингэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 тоот захирамжаар орчны тохижилт хийгдсэн 400 м.кв газрыг нэмж эзэмших эрх баталгаажсан. Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Ж. нь 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 207 тоот албан бичгээр 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 тоот захирамжид манай компанийн Б ХХК гэдэг нэрийг буруу бичиж захирамж гаргаж улмаар газар эзэмших гэрчилгээнд Б ХХК гэж гэрчилгээ олгосноо хүлээн зөвшөөрсөн байдаг. Ш ХХК-ийн бие даасан шаардлагад манай компанийг 2007 оны 374 тоот захирамж гарснаас 2 жилийн дараа кадастрын зургийг хийлгэсэн мэтээр бичсэн нь үнэнд нийцэхгүй байна. Манайх Сүхбаатар дүүргийн Засаг даргад эзэмшиж байгаа газраа хугацааг нь сунгуулах нэмж 400 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргахаас өмнө буюу 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хийлгэсэн. 2007 оны 374 тоот захирамж, 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хийлгэсэн кадастрын зураг болон бусад холбогдох материалуудыг үндэслэн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын баталсан одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн мэдээллийн санд оруулж зургийг баталгаажуулсан. Иймээс Ш ХХК-ийн бие даасан шаардлага нь бүхэлдээ бусдын газрыг хууль бусаар булааж авах гэж улайран зүтгэж байгаа оролдлого байх тул Ш ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Ч.Э гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулж гаргасан хариу тайлбартаа: ...Сүхбаатар дүүргийн Өмч, газрын албаны дарга Ж.Б 2013 оны 5 дугаар сарын 9-ны 207 тоот албан бичигтээ Б ХХК-ийн нэрийг алдаатай бичиж гэрчилгээ олгосон тухайгаа хүлээн зөвшөөрсөн мөртөө 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1/7365 дугаар албан бичигтээ 2007 оны 374 дүгээр захирамжаар Б ХХК-ийн нэр дээр газар олгогдоогүй байна гэж хариу тайлбар ирүүлсэн нь засаг төрийг төлөөлж шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа албан тушаалтнуудад ажлын хариуцлага гэж огт байхгүй, өнөөдрийн үйлдлээ маргааш нь үгүйсгэдэг, танил тал, авлига, хээл хахууль өгсөн этгээдэд хүссэнээрээ бичиг үйлдэж хууль бусаар үйлчилдэг болохыг харуулж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 1 дэх хэсгийн ...орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр... гэж заасан, манайд хамааралтай хэсгийг илт хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол Ш ХХК-д холбогдох 1 дүгээр заалтын 4 дэх хэсэгт ...Ш ХХК-д олгогдсон 0.009 га газрыг томсгон 0.08 га газар болгон орон сууцны барилга барих зориулалтаар гэсэн хэсэг ч мөн илт хүчин төгөлдөр бус гэж үзэж ёстой. Ш ХХК-ийн дурдаад байгаа Газрын тухай хуулийн 21.2, 21.2.3, 27.4 дэх заалтууд Ш ХХК-ийн 2007 оны 374 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 4 дэх хэсэгт ч хамааралтай болж таарна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжид ар араасаа бичигдэн гарсан Б ХХК-д хамааралтай заалтыг Газрын тухай хуулийг зөрчсөн, харин Ш ХХК-д хамааралтай заалтыг Газрын тухай хуулийг зөрчөөгүй мэтээр тайлбарлаж байгааг гайхаж байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар шийдвэрээр: 1.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 32 дугаар зүйлийн 32.3.2, 35 дугаар зүйлийн 35.3.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671, 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 295 дугаар захирамжийн Ш ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Б ХХК-ийн компанитай газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах, гуравдагч этгээдийн ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар Б ХХК-д батлагдсан ерөнхий төлөвлөгөөг үндэслэн орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг эзэмшүүлсэн шийдвэртэй нийцүүлэн Нийслэлийн газрын кадастрын нэгдсэн санд давхцалыг арилгаж байршил зааж олгосон газрыг зөв оруулж, илүү тохижилт хийсэн газрыг чөлөөлүүлж шийдвэрлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт даалгах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 1 дэх хэсгийн ...орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр... гэж заасныг илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх бие даасан шаардлагаасаа тус тус татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэн, зөв үнэлж, дүгнэж чадаагүй, хуулиар тогтоосон нотлох ажиллагааг шүүхийн санаачилгаар хийж, гүйцэтгэж чадаагүй, хоорондоо зөрчилдөөн бүхий дүгнэлт хийж улмаар уг дүгнэлтдээ шийдвэрээ гаргасан тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч шүүхэд хандаж:

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671, 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 295 дугаар захирамжийн Ш ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б ХХК-ийн эзэмшиж буй 620 м.кв талбайн кадастрын зургийг Нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн /хуучин бүртгэгдсэн мэдээллийн дагуу/ бүртгэж авахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах, тус компанитай газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр ... тус компанитай газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгах шаардлагаасаа татгалзаж буйгаа мэдэгдсэн. Гэтэл анхан шатны шүүх гаргасан шийдвэрийнхээ 14 дүгээр талд Б ХХК-ийн эзэмшиж буй 620 м.кв талбайн кадастрын зургийг Нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн /хуучин бүртгэгдсэн мэдээллийн дагуу/ бүртгэж авахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан мэтээр дүгнэлт хийж гаргасан шийдвэртээ тусгасан явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, туйлын хариуцлагагүй ажиллагаа гэж үзэж байна. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 32 дугаар зүйлийн 32.5.1-т заасан нэхэмжлэлийн агуулгын зарим хэсгийг зориуд орхигдуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй байх талаас нь үнэлж дүгнэж чадсангүй. Шүүхээс зөвхөн хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлагын эсрэг гаргаж, түүндээ тулгуурлаж мэтгэлцдэг нотлох баримтуудыг үнэн, зөв, ач холбогдолтой мэтээр үнэлж дүгнээд түүнд үндэслэж шийдвэрээ гаргалаа.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж гаргасан баримтуудын талаар шийдвэртээ тусгаж, дүгнэлт хийлгүй орхисон явдал нь хэтэрхий нэг талын эрх ашгийг хамгаалсан, үндэслэлгүй шийдвэр болохыг нотолж байгаа болно.

Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нотолгоо болсон ... нэгж талбарын 18642310560028 дугаар бүхий газрын байршлын кадастрын зургийг 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр газрын кадастрын нэгдсэн санд бүртгүүлсэн нь ... гэрч Б.Б-н мэдүүлгээр тогтоогдож байна хэмээн шүүхээс дүгнэлт хийсэн явдал нь маргааныг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий нотолгоо, үйл баримтыг тогтоосон дүгнэлт гэж үзэж байна.

Гэтэл шүүхээс энэ дүгнэлтээ няцаагаагүй атлаа огт өөр, үндэслэлгүй дүгнэлтийг тусад нь бичиж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийн ямар ч үндэслэлгүй, шударга бус шийдвэр болно.

Хэргийн үйл баримт, бодит үнэнийг тогтооход зайлшгүй шаардлагатай гэж үзэж гэрч Ж.Э гэгчийн гарын үсгийн хэвийг шинжлэх шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдал нь гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй гэж маргасан маргааныг хагалж, түүний үнэн зөв болохыг шууд нотолсон нотолгоо гэж үзэхгүй байна.

Тэгээд ч шүүхийн шийдвэртээ ... эзэмшлийн гэх 620 м.кв талбай бүхий газрын кадастрын зургийг тухайн үед тус компанид инженерээр ажиллаж байсан Ж.Э хийгээгүй, зурган дээрх гарын үсэг өөрийнх нь биш болохыг гэрчилсэн, ... зурагт орчны байгууламжуудыг тусгаагүй зэргээр 620 м.кв газрын кадастрын зураг нь зохих журмын дагуу хийгдээгүй, өөрөөр хэлбэл хууль бус зургийг үндэслэж хийгдсэн гэж үзэхээр байна гэж нотолгоо, үндэслэл муутайгаар хууль бус зураг болохыг тогтоож дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Энд ганц нотлох баримт ярихад Ж.Э гэгч нь тус компанид инженерээр ажиллаж байгаагүй тул өөрөө биечилж үйлдээгүй, тийм боломжгүй, гагцхүү бусад хүмүүсийн хийж, баталгаажуулсан зургийг компьютероос хэвлэж гарган баталгаажуулж дамжуулан өгдөг гүйцэтгэх ажилтан болохоо өөрөөр хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэтэл зөвхөн энэ нөхцөл байдлын талаар л гэхэд эрс өөр дүгнэлт шүүхээс хийж буйг яавч зөвтгөх боломжгүй юм. Энэ бол зөвхөн нэг л үйл баримтын талаар хийсэн үндэслэлгүй дүгнэлт тул бусад дүгнэлтүүдийн талаар дурдах нь илүүц гэж үзээд үүгээр зогсоож байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Б” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр захирамжаар “Ш” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 984 м.кв газрыг эзэмшүүлэхдээ манай компанийн мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зургийг дур мэдэн өөрчилж, манай компанийн газартай давхцуулан эзэмшүүлсэн, газрын кадастрын зурагт эзэмшил газрын байршлыг өөрчилсөн” хэмээн маргасан байна.

Шүүх маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Анх нэхэмжлэгч “Б” ХХК-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 322 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Автобус-3 авто баазын зүүн урд талд байршилтай 220 м.кв газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд уг газар дээрээ зочид буудлын барилга барьж, барилгын суурийн хэмжээгээр кадастрын зураг үйлдэж, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, орчны тохижилт хийгдсэн хэмээн 400 м.кв газрыг нэмж эзэмшүүлж, нийтдээ 620 м.кв газар эзэмших эрхтэй болжээ.

Харин гуравдагч этгээд “Ш” ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар Автобус-3 авто баазын зүүн талд байршилтай 800 м.кв газрыг орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон автозамыг сайжруулах мастер төлөвлөгөөнд тусгагдсан гүүрэн гарцны трасст тус компанийн эзэмшил газраас “У” ХХК-аас шилжүүлэн авсан нийт 853 м.кв газар орсонтой холбогдуулан Нийслэлийн газрын албанаас тус компанитай “Газрыг нөхөн олговортойгоор нийтийн эдэлбэрт шилжүүлэх гэрээ” байгуулсан байна.

Уг гэрээгээр газрын хэмжээг нь 984 м.кв болгон баталгаажуулахаар харилцан тохиролцсоны дагуу Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр захирамжаар газрын хэмжээг 984 м.кв болгон нэмэгдүүлж, мөн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 677, 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 295 дугаар захирамжаар дээрх газрын 660 м.кв талбайд барилга барихыг зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд “Ш” ХХК-д эзэмшүүлсэн дээрх 984 м.кв газраас 94 м.кв газар нь манай эзэмшлийн тохижилт хийгдсэн газартай давхцалтай хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “барилгын орчны тохижилт” гэж тухайн барилгад олгосон газарт барилгажилт, төлөвлөлтийн нормын дагуу төлөвлөсөн мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламж, зам, тээврийн хэрэгсэлийн зогсоол, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийг хэлнэ” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч “Б” ХХК орчны тохижилтыг олгогдсон газарт төлөвлөөгүй, тодруулбал 2005 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн барих зочид буудлын барилгын урд, баруун, зүүн талын хэсэгт орчны тохижилт хийхээр тусгагдсан байхад барилгын хойд талын газрыг орчны тохижилт хийсэн хэмээн газрын байршлыг буруу тодорхойлж, кадастрын зургийг мэдээллийн санд бүртгүүлсэн нь ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршилтай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, орчны тохижилтыг Барилгын тухай хуульд зааснаар олгогдсон газарт төлөвлөн хийхээр байх ба нэхэмжлэгч “Б” ХХК өөрт эзэмшүүлээгүй газарт тохижилтын ажил хийж, өөрийн эзэмшлийн газар хэмээн тайлбарлан 620 м.кв газрын кадастрын зургийг хуучин бүртгэгдсэн мэдээллийн дагуу бүртгэхийг даалгахаар маргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр газрын мэдээллийн санд бүртгэгдсэн 620 м.кв газрын кадастрын зураг зохих журмын дагуу хийгдээгүй, хууль бус зургийг үндэслэж хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба Нийслэлийн өмчийн харилцааны газраас өөр байршилд тохижилтын ажлыг хийж, мэдээллийн санд оруулсан зөрчил гаргасан байна хэмээн мэдэгдэж байсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгчид анх олгогдсон 220 м.кв газар дээр 283 м.кв суурьтай барилга барьж, орчны тохижилтыг олгогдсон газар төлөвлөөгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд орчны тохижилт хийсэн гэх газартай давхцуулан олгосон гэх үндэслэлээр гуравдагч этгээдийн хууль ёсоор эзэмшиж байгаа газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээд болох “Ш” ХХК-д Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд газар эзэмших эрх болон барилга барих зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх Тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн “Б” ХХК-ийн эзэмшиж буй 620 м.кв талбайн кадастрын зургийг нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн бүртгэж авахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулсныг нэмсэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтад “...тус тус хүчингүй болгуулах” гэсний дараа “Б” ХХК-ийн эзэмшиж буй 620 м.кв талбайн кадастрын зургийг нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн бүртгэж авахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ