Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00485

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00485

Баян-Өлгий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багт оршин суух, Санырау-кербез овогт Ж.Мы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /дарга Б.Сьезхан/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүйдлийн тэтгэмж 838037 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын цалин 509948 төгрөг, нийт 1347985 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн Ж.М би анх Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн "Ажилд түр томилох тухай" 23 дугаар тушаалаар Цэнгэл сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байгаад дараа нь мөн хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн "Ажилд томилох тухай" 16 дугаар тушаалаар Цэнгэл сумын хариуцсан мэргэжилтнээр томилогдсон юм. Түүнээс хойш уг байгууллагад тасралтгүй 2016 оны 12 дугаар сарын 01-ийг хүртэл 3 жил 9 сар ажиллаж байсан 2016 онд тус байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс гэсэн хоёр байгууллага нэгдэж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсан юм. Хоёр байгууллага нэгдсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж .үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн "Бүтэц орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан хэлтсийн ажилтан, албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай" Б\32 дугаар тушаалаар Ж.М намайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн юм. 2016 оны 10 дугаар сард тус байгууллагын даргаар Б.Сьезхан томилогдсоноос хойш манай байгууллагад бүтэц, орон тооны цомхтгол хийгдэж, 2016 оны 12 дүгээр сарын 01-нээс эхлэн би бодит байдалд ажилгүй болсон юм. Ж.М би Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авахыг хүсэж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэнд хандсан боловч тэрээр "Ж.М та ажлаас чөлөөлөгдсөний тушаалаа аваад ир, одоогоор таны бүрдүүлсэн материал дотор таныг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байна" гэж хэлсэн. Энэ үед Ж.М би түүнд "Намайг Цэнгэл сумын халамжийн мэргэжилтнээр ажиллаж байгаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт шилжүүлсэн Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн "Бүтэц орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан хэлтсийн ажилтан албан хаагчдыг чөлөөлөх тухай" Б\32 дугаар тушаал байна. Надад өөр тушаал байхгүй байна. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж өгөхгүй байна" гэж хэлсэн юм. Гэтэл нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн "Таны энэ тушаал бол таныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн тушаал байна. Харин таныг үүрэгт ажлаас бүрмөсөн чөлөөлсөн тушаал биш байна. Нөгөө талаас Танд 2016 оны 08-11 дүгээр сарын цалин хөлс бодогдож нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байна. Тийм учраас Танд заавал ажлаас чөлөөлөх тушаал байх ёстой" гэж хэлсэн. Ингээд би байгууллагын дарга Б.Сьезханд очиж учир байдлыг хэлж "намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгнө үү. Би ажилд эргэн орох талаар маргахгүй, харин хэдэн сард ноогдох ажилгүйдлийн тэтгэмж авах шаардлагатай гэж хэлэхэд Б.Сьезхан надад "Манай байгууллагын нягтлан бодогч Ж.Мухибаттай ярьж Та ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргуул" гэсэн. Нягтлан бодогч Ж.Мухибаттай уулзахад Би таны тушаалыг гарган өгч чадахгүй, Тушаалыг дарга гаргах журамтай, Тушаалын төслийг Алтынгүл гэдэг дарга боловсруулж газрын даргад танилцуулан баталгаажуулах ёстой" гэж хэлсэн. Тус газрын даргын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Д.Алтынгүлтэй уулзахад "Би таны асуудлыг даргад танилцуулсан. Таныг 2016 оны 08 дугаар сард ажлаас чөлөөлсөн тушаал гарсан учраас дахин тушаал гаргах шаардлагагүй гэж хэлсэн юм. Үүний дараа газрын дарга Б.Сьезхан даргатай хэд хэдэн удаа очиж уулзсан боловч намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхгүй өнөөдөр хүрч байна. Ингээд Ж.М би аргагүйн эрхэнд өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ж.М би ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болж ажилгүйдлийн тэтгэмж авахгүй нэг хохирч, 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлсөө авч чадахгүй бас хохирч байна. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд зааснаар Ж.М би ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авах ёстой боловч ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа буюу намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг Б.Сьезхан дарга гаргаж өгөөгүй учраас тус байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмжээ нэхэмжилж байна. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т "Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх үүснэ" гэж заасан юм. Ингэхээр Ж.М би одоо нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авъя гэхэд 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авах эрх зүйн үндэслэлгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлс гарч нийгмийн даатгалын хэлтэст ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн боловч 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлс 509948 төгрөгийг одоо хүртэл аваагүй юм. Цалин хөлсөөр хохирсон асуудлыг Нийгмийн даатгалын хэлтэст очих үед программаас Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Ж.М миний 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлд 53885 төгрөг төлөгдсөн үед мэдлээ.

Иймд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс ажилгүйдлийн тэтгэмж 838037 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлс болох 509948 төгрөг бүгд 1347985 /нэг сая гурван зуун дөчин долоон мянга есөн зуун наян таван/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 05 дугаар багт оршин суудаг, Санырау-Кербез овогт Ж.Мы нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон Засгийн газрын бүтцийн шинээр зохион байгуулж баталсан хуучин байсан Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтсийг татан буулгаж шинээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгож зохион байгуулж баталсан юм. Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Яамны Сайдын 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн А/179 тоот тушаалаар тус газрын даргаар томилогдон ирсэн уг албан тушаалд ороход тухайн хоёр байгууллагын ажилтан албан хаагчдыг аль хэдийд 2016 оны 08 дугаар сард чөлөөлсөн байсан. Тухайлбал Ж.М өөрөө ажлаас чөлөөлөгдсөнийг нэхэмжлэлд хүлэн зөвшөөрсөн байна. Харин Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /хуучин нэр/-ийн даргын тушаалд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт цалингийн санг хүргүүлсэн байна. Энэ тушаалыг бичиг үсэг мэддэг хүн болгон уншиж ойлгоно. би иргэд бүтцийн өөрчлөлт хийгээгүй 2016 оны 09 дүгээр сарын 01-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 6/21 тоот тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталсан байна. Энэ бүх процесс би ажилд томилогдохоос өмнө болсон би батлагдаж ирсэн 45 орон тоонд аль болохоор хуучин хоёр хэлтэст ажиллаж байсан хүмүүсийг багтааж томилсон ба үлдсэн хүмүүсийг хохироохгүй байхын тулд тушаал гарган хуулийн дагуу 3 сарын тэтгэмж олгосон Ж.Мы хэлдгээр 2016 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн ажилгүй болсон юм. Ж.Мы 2016 оны 08 дугаар сарын 17-наас эхлэн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн /хуучин нэр/ 6/32 тоот тушаал гарч ажлаас чөлөөлсөн байхад би давхар тушаал гаргах эрхгүй учир нь би Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга болохоос Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга биш гэдэг нь тов тодорхой байна. Шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Ж.М ажиллаж байгаагүй учир би тушаал гаргаж хуурамч материал олгох боломжгүй энэ өөрөө хуультай гэдгийг хуулийн байгууллага, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч сайн мэдэх ёстой. Тийм учир би ямар нэгэн ажлаас чөлөөлөх тушаал гаргах эрхгүй байна. Мөн Ж.М нэхэмжлэлд 8 дугаар сард ажлаас гарсан дахин тушаал гаргах шаардлагагүй гэж дурдсан нь надаас тодорхой хуулийн хугацаанд хариу авсан гэж ойлгож байна. Мөн Ж.Мд 11 дүгээр сард цалин хөлс гаргаагүй ажил хийгээгүй, ажилд авсан тушаал гаргаагүй хүнд ямар юмны цалин гардаг 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлд 53899 төгрөг ташаа буруу орсон энэ талаар үйл ажиллагааны ня-бо Ж.Мухибат тодорхой тайлбар өгнө гэрчээр асууж тодруулах хэрэгтэй байна. Дээрх тайлбаруудаас үзэхэд Ж.Мд тус газраас тушаал гаргаж өгөх нэхэмжлэлд дурдсан мөнгийг олгох ямар ч үндэслэн байхгүй. Иймд Ж.Мы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсьегэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнийг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Ж.М нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б/37 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл нэхэмжлэгч би ажлаас халагдсан гэдгээ мэдээгүй 11 дүгээр сар хүртэл ажиллаж байсан гэж худлаа хэлж болохгүй. Өөрөөр хэлбэл би 11 дүгээр сар хүртэл ажиллаад цалингаа авч байсан гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ тухайн байгууллагын бүх ажилчид 10 дугаар сар хүртэл цалингаа авсан байгаа. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ажилчдын цалинг өгүүлэхийг хянуулахаар түр даргаар Назым гэх хүнийг томилсон байна. Мөн нягтлан бодогч Мухибат гэх хүнийг бас томилсон байна. Эдгээр хоёр хүн ажилчдын 8, 9, 10 дугаар сарын цалинг өгсөн. Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга 2016 оны 11 дүгээр сард 52 дугаар тушаал гаргасан. Уг тушаалаар дээрх 3 сарын цалин, 3 сарын тэтгэмжийг олгосон. Тэгэхээр нэхэмжлэгч Ж.М 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн, 8, 9, 10 дугаар сарын цалингаа авсан. Түүнээс гадна дээрх 52 дугаар тушаалаар олгогдох ёстой 3 сарын тэтгэмж болох 1529840 төгрөгийг авсан байтал өнөөдөр 2017 оны 05 дугаар сарын 08-ний өдөр би ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдээгүй цалин авъя гэж хандаж байгаа нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа нь тодорхой байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь надад та ажлаас чөлөөлөгдөөгүй байна, ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваад ирсэн тохиолдолд ажлаас халагдсан 3 сарын тэтгэмжийг олгох боломжтой гэж хэлсэн гэж бичсэн байна. Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс удаа дараа бичиг ирсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 08 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай тушаалыг үзүүлэхэд та ажлаас чөлөөлөгдөөгүй байна, таныг шилжүүлсэн байна гэж хэлсэн байна. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг өгөхгүй. Нэхэмжлэгчийг ажлаас нь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга чөлөөлөөгүй, ажилд аваагүй. Нэхэмжлэгч тухайн тэтгэмжийн мөнгийг авах ёстой байсан байж болох юм гэж бодоход гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн байна. Гомдол гаргалгүйгээр 2017 оны 05 дугаар сарын 08-ний өдөр хүртэл явчхаад тэтгэмж, цалин авна гэж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 08 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн хүн өнөөдөр гэхэд бараг нэг жилийн хугацаа болж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Мухибатын мэдүүлэгт бид нар 8,9,10 дугаар сарын цалинг олгосон, 11 дүгээр сарын цалин олгогдоогүй, цалингийн цэс гараагүй, харин техникийн алдаанаас болж 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, гэхдээ бид нар үүнийг нэхэмжлээгүй гэж мэдүүлсэн байна. Гэтэл 11 дүгээр сарын шимтгэл төлөгдсөн байгаа тул цалинг авъя гэж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан бичигт хэрвээ 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэсэн тушаал аваад ирсэн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг олгоё гэсэн байна. Үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Яагаад гэвэл 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэсэн тушаалыг хэн ч гаргаж өгөхгүй. Хэрвээ тийм тушаал аваад ирэх юм бол ажилгүйдлийн тэтгэмжийг олгоно гэсэн тохиролцоо байхгүй. Хугацаандаа авах ёстой мөнгөө аваагүй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.М нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс ажилгүйдлийн тэтгэмж 838037 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын цалин 509948 төгрөг, нийт 1347985 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Баян-Өлгий аймгийн Халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай тушаалаар Ж.Мыг 2013 оны 03-р сарын 01-ний өдрөөс эхлэн Цэнгэл сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр түр, мөн хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай тушаалаар Цэнгэл сум хариуцсан мэргэжилтнээр Жумабай овогтой Мейрамханыг 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тус тус томилон ажиллуулж байсан байна.

Бүтэц орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар тус хэлтсийн ажилтан, албан хаагчдыг ажлаас чөлөөлжээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаартай Бүтэц орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан хэлтсийн ажилтан, албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд дурдсанаар ажилтан Ж.М нь ажлаас чөлөөлөгдсөн байна гэж үзэх боломжгүй байна. Учир нь, дээрх тушаал байгууллагын бүтэц орон тоо зохион байгуулалттай холбоотой ажилчдыг ажлаас чөлөөлсөн тушаал болохоос биш, Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлан ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй буюу ажилтны хөдөлмөрлөх эрхэд ажил олгогчийн зүгээс халдсан үйлдэл болсон байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд ...Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авахыг хүсэж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэнд хандсан боловч тэрээр та ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваад ир, одоогоор таны бүрдүүлсэн материал дотор таныг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байна гэж дурдсан бөгөөд хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан нь ...Ж.Мыг 2016 оны 8 дугаар сарын 17-наас эхлэн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн /хуучин нэр/ б/32 тоот тушаал гарч ажлаас чөлөөлсөн байхад би давхар тушаал гаргах эрхгүй гэж маргасан болно.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаартай Бүтэц орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан хэлтсийн ажилтан албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсны дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дугаартай тушаалын хавсралтаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог шинээр баталсан байх тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан нь ажилтан Ж.Мыг урьд эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлсөн нь, Ж.Мы ажиллаж байсан албан тушаал, ажлын байр шинэ бүтцээр хасагдсан бол энэ тухай эрхийн акт гаргах эрх бүхий этгээд мөн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн болон томилсон эрхийн акт гаргаагүй ажилтныг хохироосон байна гэж үзлээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй, 6 дугаар зүйлийн 2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж тус тус заасан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 234 дугаартай албан бичигт ...Ажил олгогчоос иргэн Ж.Мы нийгмийн даатгалын шимтгэлд 2016 оны 11 дүгээр сард 107089 төгрөг төлсөн гэснээс харахад ажилтан Ж.Мыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 235 дугаартай албан бичигт Иргэн Ж.М нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг манай байгууллагад албан ёсоор ирүүлсэн тохиолдолд 838031 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авах болохыг тодорхойлов гэжээ.

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5/21 дугаартай тушаалыг тус тус үндэслэн Ж.Мы урд нь эрхэлж байсан албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгосон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаартай Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5-р багийн иргэн Ж.М танаа гэх албан бичгээр ...Ажилгүйдлийн тэтгэмж авахдаа заавал ажлаас гарсан тушаалыг үндэслэн олгох ёстой ба таны өргөдөлд хавсаргасан тушаалыг үндэслэн ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй байна. Мөн уг тушаалыг гаргаснаас хойш 2016 оны 09, 10, 11 дүгээр саруудад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас нийгмийн даатгалын тайлан ирүүлж, цалин олгосноор тайлагнасан байна. Үүнээс үзэхэд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар таныг ажилгүй болсон гэдгийг нотлох баримт болохгүй байна гэж хариу мэдэгдэж байсан ба Ж.Мы хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн №0333290 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 9 дүгээр сард 509948 төгрөг, 10 дугаар сард 538548 төгрөгийн цалин олгосноор бичилт хийгдэж шалгасан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсгээ зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 234 дугаартай албан бичигт ...Ажил олгогчоос иргэн Ж.Мы нийгмийн даатгалын шимтгэлд 2016 оны 11 дүгээр сард 107089 төгрөг шилжүүлсэн гэж дурдсан ба шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нягтлан бодогч Ж.Мухибат нь ...Тухайн үед программаас алдаа гараад Ж.Мы 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байсан, гэхдээ цалин олгогдоогүй гэх тайлбар нь бусад хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдоогүй байх тул нэхэмжлэгч Ж.М 2017 оны 11 дүгээр сард байгууллагаас нэр дээр нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн боловч цалин хөлсөө аваагүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс Ж.Мы ажилгүйдлийн тэтгэмж 838037 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын цалин 509948 төгрөг, нийт 1347985 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 36550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.М нь шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгөх тухай бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 16 дугаар зүйлийн 16.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс ажилгүйдлийн тэтгэмж 838037 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын цалин 509948 төгрөг, нийт 1347985 /нэг сая гурван зуун дөчин долоон мянга есөн зуун наян таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Санырау-кербез овогт Ж.Мд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Мы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 36550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН