| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00294/И |
| Дугаар | 130/ШШ2017/00493 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2017/00493
| 2017 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 130/ШШ2017/00493 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Сарбас овогт Т.Айн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв /захиралИ.Ж/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Ө.Бахытбек, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1970 оны 11 дүгээр сарын 29-нд төрсөн. 47 настай. 1990 онд Завхан аймаг дахь худалдааны техникумийг худалдааны ня-бо мэргэжлээр, 2003 онд МУИС-ийн Завхан дахь эдийн засгийн сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. 1990 оноос Баян-Өлгий аймгийн Залуучуудын чөлөөт холбоо, Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөл, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудад мэргэжлээрээ ажиллаж байгаад 2003 оноос МСҮТ-ийн нягтлан бодох бүртгэлийн багшаар, 2007 оноос мөн төвийн тооцооны нягтлан бодогчоор томилогдон ажиллаж ирсэн.Нийтдээ төсөвт байгууллагад 27 жил мэргэжлээрээ ажилласан. Намайг үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар "Ажилдаа хариуцлагагүй хандаж, эрхэлсэн ажлаасаа зөрчил гаргасан нь санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон" үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 06 тоот дүгнэлт танилцуулга, Сургуулийн дотоод журмын 3.8, 9.3.2 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Ажил олгогчийн намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь миний хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчиж байгаа учир эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна. Ажил олгогчийн зүгээс намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан "Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" үндэслэлээр буруутгаж байгаа бололтой. Миний хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан ямар нэгэн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Энэ үндэслэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан үзэж миний зөрчигдсөн эрхийг хамгаалж Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан тус төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Би үүнийг үндэслэлгүй гэж үзээд шүүхэд гомдол гаргасан. Намайг ажлаас халсан тушаалд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 06 дугаартай хяналт шалгалтын танилцуулга, сургуулийн дотоод журмын 3.8, 9.2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн. Би үүнийг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би ажиллах хугацаанд ямар зөрчил гараагүй. Би ажил олгогчийн дээрх тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд миний зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захиралИ.Ж шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Гомдол гаргагч Т.Аийн тус Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан шүүхэд гаргасан гомдлыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Т.А нь тус сургуульд багшилж байгаад 2007 оны 10-р сарын 24-ний өдрөөс эхлэн туслах нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан. 2017 оны 2 дугаар сард тус байгууллагын 2014-2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд аймгийн Санхүү хяналт, аудитын алба хяналт шалгалт хийсэн. Үүнд сургуулийн агуулахад хадгалагдаж буй сургалтын материал, багаж, хэрэгсэл, хангамжийн материалыг газар дээр нь шалган, санхүүгийн тайлан, анхан шатны бичиг баримтын бүрдүүлэлт, төсөв, хөрөнгийн зарцуулалтад хяналт шалгалт хийсэн. Энэхүү санхүүгийн хяналт шалгалтаар бараа материалтай холбоотой 10506200 төгрөг, 2010-2015 оны тэтгэмжийг зохих журмаар олгоогүй анхан шатны санхүүгийн бичиг баримтыг дутуу бүрдүүлэн буюу мөнгөний хүсэлт, зарлагын дугааргүй, үндсэн баримтгүй мөнгө шилжүүлсэн зэрэг шагнал урамшуулал, буцалтгүй тусламжтай холбоотой 38784600 төгрөг, ур чадварын нэмэгдэлтэй холбоотой 26773519 төгрөг, нийтдээ 67572919 төгрөгийн зөрчил илрүүлснээс 4049800 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг мөрдөн сургуулийн санхүүгийн бичиг баримтын бүрдүүлэлт, мөнгөний хүсэлт, зарлагын баримт, мөнгөн шилжүүлэг, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад үзлэг шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулж байх, эд хариуцагчийн хөтөлж байгаа анхан шатны болон агуулахын бүртгэлийг шалган заавар зөвлөгөө өгөх, баталгаажуулахыг хариуцан ажиллах нь сургуулийн Ерөнхий нягтлан бодогч болон тооцооны нягтлан бодогч нарын үүрэг бөгөөд тэдний хариуцлагагүй байдал, ажилдаа хайнга хандсаны улмаар байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанаас зөрчил илэрч эрх бүхий байгууллагын шийдвэрээр акт тавигдсан. Иймээс байгууллагын удирдлагын зүгээс Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасныг зөрчин ажлын хариуцлага алдаж, ажил олгогчийн итгэлийг алдсан нь Санхүү хяналт, аудитын албаны 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай хяналт шалгалтын танилцуулгаар тогтоогдсон тул Ерөнхий нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч нарт хариуцлага тооцон Т.Аийг 2017 оны 3 дугаар сарын 17 өдрийн Б/26 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Мөн Т.А нь 2003 оноос 2008 он хүртэл багшаар ажиллахдаа 5 жилд нэг удаа олгох тэтгэмжийг аваагүй атлаа 5-6 жил өнгөрсний дараа буюу 2014 онд нягтлан бодогчийн цалингаар тооцоолон байгууллагын төсөвт суулган санхүүгийн бичиг баримтыг дутуу бүрдүүлэн 5226600 төгрөгийн тэтгэмж авсныг санхүүгийн хяналтаар илрүүлэн зөрчилд тооцсон байна. Энэ нь нягтлан бодогч байгууллагын хөрөнгө мөнгийг хариуцан ажилладаг албан тушаалтны хувьд албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал олгосон гэж үзэхээр байна. Иймээс ажлын хариуцлага алдсаны улмаас байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанаас зөрчил илэрч акт тавигдсан, ажил олгогчийн итгэлийг алдсан нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон учраас Т.Аийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн тул гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүй болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т.А нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Т.А нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, ...Т.А нь ажилдаа хариуцлагагүй хандаж, эрхэлсэн ажлаасаа зөрчил гаргасан нь санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж маргасан боловч хариуцагчид хуулинд заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, үйл баримтаа нотлох баримтаар гарган өгч нотолж чадаагүй болно.
Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн №06 тоот дүгнэлт танилцуулга, Сургуулийн дотоод журмын 3.8, 9.3.2 заалтуудыг тус тус үндэслэн ажилдаа хариуцлагагүй хандаж, эрхэлсэн ажлаасаа зөрчил гаргасан нь Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон тул тус төвийн тооцооны ня-бо Тыныбай овогтой Айгүлийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж тушаал гарган Т.Аийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Энэ нь ажилтныг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч нэхэмжлэгч Т.Аийг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдэд нийцэхгүй байна.
Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн №06 тоот дүгнэлт танилцуулгыг үндэслэл болгож тус төвийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Аийг ажлаас нь чөлөөлсөн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй Санхүүгийн хяналт, эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 02 сарын 18-ны өдөр №06 дугаартай Санхүүгийн хяналт, аудитын алба хяналт шалгалтын танилцуулгад ...МСҮТ-ийн 2014, 2015 оны санхүүгийн үйл ажиллагааг шалгаж, сургалтын үйл ажиллагаатай танилцаж тооллогын материалыг хянаж үзлээ, иргэдээс ирсэн өргөдлийн мөрөөр 2010-2016 оны хооронд 5 жил тутамд олгосон тэтгэмжийн материалыг шалгаж дүгнэлт гаргалаа гэжээ.
Шалгалтын танилцуулгыг үзэхэд ....2015 оны 5-р сард гэнэтийн тооллого хийж үзэхэд дараах зөрчил илэрсэн гэх боловч гэнэтийн тооллогыг хэзээ, хэний шийдвэрээр, ямар зорилгоор хийсэн нь тодорхойгүй байхад 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн санхүүгийн хяналт шалгалтын танилцуулгад 2017 онд гаргасан зөрчил мэт тусгасан нь учир дутагдалтай байна.
Мөн уг Санхүүгийн хяналт, аудитын албаны танилцуулгад ...Т.А нь 2003 оны 09 дүгээр сарын 11-нд дадлагын мастерын багшаар тушаал гарсан, 2008 он хүртэл 5 жил багшаар ажилласан тэтгэмжийг аваагүй, 2014.12.01-нд захирлын 106-р тушаалаар 5226600 төгрөгийн тэтгэмжийг авсан, 5-6 жил өнгөрсөн хойно төсөвт суулгаж мөнгө авсныг зөрчилд тооцсон, хавсралт тооцоог хэн үйлдсэн нь тодорхой бус байна гэжээ. Энэ нь нэхэмжлэгч Т.Аийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан ...багшид тэтгэмж олгоно... гэснээр хууль журмын дагуу Т.А нь сургуулийн удирдлагад материалаа бүрдүүлэн Хөдөлмөрийн яам руу явуулж, материал нь хянагдаж 2014 оны төсөвт тэтгэмжийн мөнгийг нь суулгаж, сургуулийн захирлын тушаалаар 2014 оны 12 дугаар сард тэтгэмжийн мөнгө авсан нь 2014 оны Нийгмийн баталгаагаар хангах, Багшид 5 /тасралтгүй ажилласан/ жил тутам олгох нэг удаагийн тэтгэмжийг тооцон хүснэгтээр үзүүлсэн баримт, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаартай тушаал, хүснэгтээр үзүүлсэн Багш нарын 5 жилийн тэтгэлгийг тооцоо бодсон нябо Х.Бауыржан, олгосон нярав Х.Тегисшил гэсэн гарын үсэг зурж баталгаажуулсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Т.А нь нягтлан бодогчийн цалингаар тэтгэмж авсан нь, шагнал урамшуулал, буцалтгүй тусламжид 3651000 төгрөгийн зөрчил илэрсэн нь, ур чадварын нэмэгдэл олголтыг шалгахад 2015 онд 22 хүнд 10764749 төгрөгийн, 2014 онд 7712500 төгрөгийн ур чадварын нэмэгдлийг хууль бус олгосон зөрчлийг тооцооны нягтлан бодогч хариуцан ажиллаж зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй, уг зөрчлүүд нь тооцооны нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарьт огт хамааралгүй асуудлыг зөвхөн тооцооны нягтлан бодогч зөрчил гаргасан мэтээр дүгнэлт хийж, ажил олгогч нь тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Аийг ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон байна.
Нэхэмжлэгч Т.А нь шүүх хуралдааны шатанд ...2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр №06 дугаартай Санхүүгийн хяналт, аудитын алба хяналт шалгалтын танилцуулгыг огт танилцуулаагүй, ажилчид тийм зөрчил гарсан байна гэж хэлж байсныг сонссон, ажлаас чөлөөлөгдсөний дараа шалгалтын танилцуулгатай танилцахыг хүсэж захирлаас асуухад өгөөгүй, гомдол гаргах боломж олгоогүй гэж тайлбарлаж байсныг хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд үгүйсгэж чадаагүй болно.
2017 оны 02 дүгээр сарын 18-ны өдөр №06 дугаартай Санхүүгийн хяналт, аудитын алба хяналт шалгалтын танилцуулгад дурдсан зөрчлийг ажилтан Т.Аийн гаргасан эсэх нь, буруутай үйлдэл, эс үйлдэхгүй байгаа эсэх нь тодорхойгүй, мөн зөрчил гаргасан гэх Т.Ад уг шалгалтын танилцуулгыг танилцуулаагүй, гомдол гаргах эрхээр нь хангаагүй, уг дүгнэлтийг гаргасан эрх бүхий этгээд Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Хайратханыг гэрчээр асуухад энд олон жил хуримтлагдсан хугацаа хэтэрсэн зүйлүүд байсан, Т.А бол тооцооны ня-бо хийж байгаа хүний хувьд хариуцах ёстой гэж үзсэн, хөдөлмөрийн хуулийн дагуу зохих хариуцлага тооцох нь зүйтэй гэж тайлбарлаж, өөрийнхөө гаргасан шалгалтын танилцуулгын талаарх асуултад тодорхой хариулт өгч чадаагүй ба ажил олгогч шалгалтын танилцуулгыг үндэслэл болгож ажлаас чөлөөлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.
2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хурлын тэмдэглэлд: Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгийн тайлан, үйл ажиллагаанд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хяналт шинжилгээ хийх явцад илэрсэн зөрчлийг арилгах, байгууллагын санхүүгийн хяналтыг сайжруулах талаар цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байсан хурлын тэмдэглэлд зөрчил гаргасан гэх Т.А гарын үсэг зураагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгоно гэж тодорхой заасан байна.
Нэхэмжлэгч Т.А нь эд хөрөнгө хариуцсан ажилтан мөн юм бол Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэсэн хуулийн заалтыг ажил олгогч зөрчсөн байна.
Ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг ажилтан Т.Атэй хэлэлцэн тохиролцож, хөдөлмөрийн гэрээний 3.1-т зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-т зааснаар ...талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болсон хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад ажил олгогч 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар Т.Атэй байгуулсан хөдөлмөрийн хугацаагүй гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй байна.
Ажилтан Т.А нь ажил олгогчийн итгэлийг алдсан нь, захирлын зөвшөөрөлгүй бэлтгэж, бусдад шилжүүлсэн нь тогтоогдсон талаар хариуцагч нотлох баримтаа гаргаж өгч нотолж чадаагүй тул Т.Аийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа үндэслэл болгосон Сургуулийн дотоод журмын 9.3.2 дэх заалт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч Т.А нь тооцооны нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хууль журмын дагуу гүйцэтгэж зохих эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр буюу ерөнхий нягтлан бодогч болон захирлаар хянуулж, ажилтан, албан хаагчдын ур чадварын нэмэгдэл болон цалин хөлсийг олгож байсан нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай Цагийн багшаар томилох, илүү цагийн хөлс тооцож олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаартай Мөнгөн тэтгэмж олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартай Ажилд томилох тухай гэх ...3. Ж.Мингайг ТҮМБ-5 шатлалаар цалинжуулж, Тэргүүлэх багш зэргийн нэмэгдлийг 15 %-иар, ур чадварын нэмэгдлийг 15 %-иар, С.Асылханы ур чадварын нэмэгдлийг 25 %-иар тус тус үндэслэн цалингаас бодож олгохыг ерөнхий ня-бо-д зөвшөөрсүгэй гэсэн тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 75 дугаартай Шилжүүлэн ажиллуулах тухай гэх 2. С.Нэгдэлханыг ТҮМБ-5 зэрэглэлийн 5-р шатлалаар цалинжуулж, ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингийн 25%-иар бодож олгохыг ерөнхий ня-бо /Х.Бауыржан/-д зөвшөөрсүгэй гэсэн бичилттэй тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 129 дугаартай Сэлгэн ажиллуулах тухай гэх ... 3. Суурь мэдлэг ур чадвар эзэмшүүлэх сургалт хариуцсан менежер А.Саулетыг ТҮМБ-4-ийн 4-р шатлалаар цалинжуулж, үндсэн цалин дээрээ Тэргүүлэх багшийн 15%, ур чадварын 25%-ийн нэмэгдлийг томилогдсон өдрөөс эхлэн тооцож олгохыг ерөнхий ня-бо /Х.Бауыржан/-д зөвшөөрсүгэй гэсэн бичилттэй тушаалын хуулбар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 106 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай гэх ...4 М.Майрагүлийг ТҮМБ-4-ийн 5 дугаар шатлалаар, ур чадварын нэмэгдэл 25 %-иар цалинжуулахыг ерөнхий ня-бо /Х.Бауыржан/-д даалгасугай гэсэн бичилттэй тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай гэх ...Гурав. Статистик мэдээ, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа хариуцсан ажилтан Х.Раушанг ТҮ-7 зэрэглэлийн 3-р шатлалаар цалинжуулж, үндсэн цалингийн 25 %-иар ур чадварын нэмэгдэл, заах арга зүйчийн нэмэгдлийг 10%-иар бодож олгохыг ерөнхий ня-бо /Х.Бауыржан/-д зөвшөөрсүгэй гэх бичилттэй тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2013 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 104 дугаартай Ажилд томилох тухай тушаал гэх 3. Нийгмийн түншлэл, ОНХАлбаны дарга Т.Бахатханыг ТҮМБ-5-аар цалинжуулж% Тэргүүлэх багш зэргийн нэмэгдлийн 15%-иар цалингаас бодож олгохыг ерөнхий ня-бо /Х.Бауыржанд зөвшөөрсүгэй гэсэн бичилттэй тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 84 дугаартай Сэлгэх ажиллуулах тухай гэх ...5 Х.Раушаныг ТҮМБ-5 зэрэглэлийн 3-р шатлалаар цалинжуулж, Тэргүүлэх багш зэргийн нэмэгдлийг 10 %-иар, ур чадварын нэмэгдлийг 25 хувиар, Т.Бахатханыг ТҮМБ-4 зэрэглэлийн 5-р шатлалаар цалинжуулж, Тэргүүлэх багш зэргийн нэмэгдлийн 15%-иар, ур чадварын нэмэгдлийг 10 %-иар, З.Пленумыг ТҮМБ-4 зэрэглэлийн 5-р шатлалаар цалинжуулж, Тэргүүлэх багш зэргийн нэмэгдлийг 15 %-иар, 2014 оны 9-р сарын 17-ны өдрөөс эхлэн тус тус бодож олгохыг ерөнхий ня-бо /Х.Бауыржанд зөвшөөрсүгэй гэсэн тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай гэх ...Гурав. Нийгмийн түншлэл хариуцсан ажилтан Т.Бахытханыг ТҮ-7 зэрэглэлийн 5-р шатлалаар цалинжуулж, үндсэн цалингийн 10 %-иар ур чадварын нэмэгдэл, тэргүүлэх зэргийн нэмэгдлийг 15 хувиар бодож олгохыг ерөнхий ня-бо /Х.Бауыржанд зөвшөөрсүгэй гэсэн тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 122 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 120 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 86 дугаартай Нэмэгдэл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай Нэмэгдэл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 112 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 37 дугаартай Албан тушаалын зэрэглэл тогтоох, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаартай Ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай Нэмэгдэл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаартай Ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай Нэмэгдэл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 97 дугаартай Нэмэгдэл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2012 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай Ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 74 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаартай Мэргэжлийн зэрэг шинээр олгох, батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай Зэргийн нэмэгдэл олгох тухай тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна.
Баян-Өлгий аймгийн Аудитын газрын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай Аудитын гэрчилгээ гэх албан бичиг, Баян-Өлгий аймгийн Аудитын газрын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 64 дугаартай Аудитын гэрчилгээ гэсэн албан бичгээр ...Зөрчилгүй санал дүгнэлт.. гэж хүргүүлж байсан байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар ажилтанд сахилгын шийтгэлийг ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулна гэсэн хуулийн заалтад нийцээгүй байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 03 сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Т.Айг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захиралИ.Жад шүүх хуралдааны товыг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэх хуудсаар /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 03 сарын 17-ний өдрийн Б/26 дугаартай Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Т.Айг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН