Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2017/00499

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2017/00499

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, шүүгч К.Бүлдирген, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, Ботахара нура овогт Т.Д гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух, Молхы машан овогт С.Ад холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөлөгч К.Жархынбек, иргэдийн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 8400000 төгрөг, мөн шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас учирсан зардал болох 5750400 төгрөг, нийтдээ 14150400 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Миний эзэмшиж буй (Тирлик зах орох замд байрлалтай) газарт баригдсан 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 тоот дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай байрыг С.А нь 2006 оны 7 дугаар сарын 20-ноос одоог хүртэл түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж Тил анар дэлгүүрийг ажиллуулж байна.

Түрээслэгч С.А нь гэрээ ёсоор түрээсийн төлбөрийг сарын 200000 төгрөгөөр тохиролцож, хоёр тал тэгш эрхтэй гэрээ байгуулсан боловч тухайн үед сайн дураар түрээсийн төлбөр төлөөгүй учир Баян-Өлгий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 49 дүгээр шийдвэрээр 2013 оны 12 дугаар сарын 20-ныг дуустал түрээсийн төлбөрийг төлж барагдуулсан ба түүнээс хойш С.А нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар болон газар эзэмших эрхийн талаар маргаан гаргаж, Монгол Улсын Иргэний болон Захиргааны хэргийн тус тусын 3 шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж явцаар 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 263 тоот тогтоол гарснаар тухайн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн болно.

1. С.А нь Д миний өмчлөлд байгаа, А түрээсийн гэрээгээр ашиглаж худалдаа үйлчилгээ явуулж буй байрны түрээсийн төлбөрийг шүүхэд маргаж байгаа нэрийдлээр 2013 оны 12 дугаар сарын 20-ноос 2016 оны 9 дүгээр сарын 20-ныг дуустал нийт 33 сар төлөөгүй учир Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн төлбөрт сарын 200000 төгрөг нэхэмжлэх болно.

Хариуцагч С. А, нэхэмжлэгч Т.Д бидний хооронд түрээсийн гэрээ байгаа бөгөөд энэхүү гэрээ нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 49 тоот шийдвэр, Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 71 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 718 тоот тогтоол зэрэг хүчин төгөлдөр шүүхийн эрхийн актуудаар батлагдаж байна. Талууд санал тавьж гэрээг цуцлаагүй тул одоо хүртэл хүчин төгөлдөр байна.

2. С.А нь Т.Д намайг хариуцагчаар татуулж, Иргэний хэргийн болон Захиргааны хэргийн шүүхийн давж заалдах шатны, хяналтын шатны удаа дараагийн шүүх хуралдаануудад өмгөөлөгчийн хамт оролцоход гарсан замын зардал, өмгөөлөгчид төлсөн хөлс зэрэг нотлох баримтын хүрээнд батлагдаж байгаа 5018900 төгрөгийг давхар нэхэмжилж байна.

Хэрэв С.А нь хууль бус, үндэслэлгүй нэхэмжлэл гаргаагүй бол Т.Д миний бие Захиргааны болон Иргэний хэрэгт өмгөөлөгч хөлсөлж авах, Иргэний болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохоор удаа дараа дээрх шүүхүүд байрлаж байгаа Ховд аймаг, Улаанбаатар хотод зардал мөнгө гаргаж очих шаардлага байхгүй байх билээ.

Хариуцагч С.Агийн хууль бус үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас өөрт учирсан бодит хохирлыг нэгэнт төр хариуцахгүй учир нэхэмжлэл нь хангагдаагүй гэм буруутай этгээд болох С.А хариуцан арилгах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

С.Агийн хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг задалбал: .

А. Өмгөөллийн гэрээ, бэлэн мөнгөний тасалбараар нотлогдож байгаа. Өмгөөллийн хөлс 2500000 төгрөг

Б. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2014 оны 10 дугаар сарын 09-нд оролцож ирэхэд хувийн Ланд-105 маркийн машинд зарцуулсан 70 л дизель түлшний үнэ 136500 төгрөг, Рысжан ХХК-ны 5-р ШТС-ын түгээгчийн тодорхойлолт, Давж заалдах шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 115 тоот магадлалаар.

В. 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр болсон Давж заалдах шатны шүүхийн хуралдаанд Ховд аймагт чиглэлийн таксигээр явж ирсний зардал хоёр талын 40000 төгрөг, жолооч Болатханы тодорхойлолт, Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 71 тоот магадлал,

Г. 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Энхжаргапын хамт оролцож ирэхэд гарсан Т.Д миний Өлгий-Улаанбаатар хооронд автобусны зардал нэг тал 81000 төгрөгөөр (81000х2)=162000 төгрөг, өмгөөлөгч Энхжаргалын онгоцны зардал болох хөлсөнд бэлэн шилжүүлсэн 700000 төгрөг, бүгд 862000 төгрөг. Нотлох баримт; бэлэн мөнгөний шилжүүлэг, хот хоорондын зорчих тасалбар.

2. 2015 оны 10 дугаар сарын 05-нд болсон Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд Ховд аймаг дамжиж, Улаанбаатар хотод очсон тухай Өлгий-Ховд хооронд таксинд 40000 төгрөг, онгоцны зардал 593400 төгрөг, бүгд 633400 төгрөг (Таксийн жолоочийн тодорхойлолт. онгоцны тийз, бэлэн мөнгөний ордер),

Ж. 2016 оны 4 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотод болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоход гарсан өмгөөлөгчийн газраар ирсэн зардалд 85000 төгрөг бүгд 685000 төгрөг,

3. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хот хоорондын чиглэлийн автобусны зардал хоёр талд 81000 x 2 =162000 төгрөг төлсөн нь тасалбар, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 тоот тогтоол зэргээр нотлогдох болно.

Энэхүү Иргэний болон захиргааны хэргийн шүүхэд өмгөөллийн хөлс болон замын зардалд хувиасаа бүгд 5018900 төгрөг гарсан юм.

Энэхүү хохирол бас Агийн үндэслэлгүй хууль бус нэхэмжлэл гаргасны улмаас Д миний эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол билээ. Бусад замын хүнс, буудал, хот доторх такси гэх зэргийн зарлагуудыг тооцоонд оруулсангүй.

Иймд шүүхээс хүсэх нь: 1. Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар Т.Д миний үл хөдлөх эд хөрөнгө болох үйлчилгээний байрны түрээсийн төлбөрт 2013 оны 12 дугаар сарын 20-наас 2016 оны 9 дүгээр сарын 20-ныг дуустал 33 сард сарын 200000 төгрөгөөр 6600000 төгрөг, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас миний эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол болох 5018900 төгрөгийн хохирол нийтдээ 11618900 төгрөгийн хохирлыг хариуцагч С.Агаас гаргуулан өгч хохиролгүй болгохыг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Т.Д шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Нэгдүгээрт төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг өгөөгүй учраас шүүхэд хандсаны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэр гараад 540000 төгрөгийг төлж өгсөн. Тэрнээс хойш 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхэлж түрээсийн төлбөрөө өгөөгүй тул түрээсийн төлбөр болох 8400000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хоёрдугаарт замын зардал, өмгөөлөгчийн хөлс 5750400 төгрөг гээд нийтдээ 14150400 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч С.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Танай шүүхэд Т.Дгээс гаргасан түрээсийн төлбөр 6600000 төгрөг, гэм хорын төлбөрт 5018900 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Т.Дн гаргасан нэхэмжлэл дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй үзэж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Т.А түрээсийн гэрээний дагуу 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 33 сарын түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэжээ. Гэтэл миний бие Т.Дтэй түрээсийн гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Надаас түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлээр тодорхойлсон байна. Гэтэл мөн хуулийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх ба нэхэмжлэгч уг заалтыг ойлгоогүй байна гэж үзэж байна.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ С.А намайг хариуцагчаар татуулж, иргэний болон захиргааны хэргийн давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авахад зарцуулсан 5018900 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. Миний бие иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Т.Дг хариуцагчаар татуулсан нь үнэн болно. Харин Захиргааны хэрэгт түүнийг хариуцагчаар татан оролцуулаагүй ба Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар тодорхойлсон.

Надаас 5018900 төгрөг гаргуулах үндэслэлээ тодорхойлохдоо Т.Дн эд хөрөнгөнд учирсан хохирол, өмгөөллийн хөлс, замын зардал зэргийг нэхэмжилж байна гэжээ. Би Т.Дн ямар эд хөрөнгөнд ямар хохирол учруулснаа ойлгохгүй ба энэ талаар ямар ч нотлох байхгүй болно.

Өмгөөллийн болон замын зардлыг нэхэмжлэхдээ гэм хор гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаас үзвэл Т.Дн эд хөрөнгөнд хохирол учруулсан бол түүнийг нөхөн төлөх үүрэг хүлээх юм. Гэтэл би түүний эд хөрөнгөнд гэм хор учруулах үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн зохицуулалтыг буруу ойлгож шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэхээр байна. Одоогийн хүчин төгөлдөр Монгол Улсын хууль тогтоомжид шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн, хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа төлөө хариуцагч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авахтай холбоотой зардлыг нөхөн төлөх талаар зохицуулалт байхгүй ба нэхэмжлэгч надад хуулиар үүрэг хүлээлгээгүй.

Т.Дн шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авах нь өөрийнх нь эрх бөгөөд түүний эрх эдэлсэнтэй холбоотойгоор гаргасан зардлыг би төлөх үүрэггүй.

Монгол Улсын иргэн би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, эрхээ эдэлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан ба үүнийхээ төлөө бусдын өмнө аливаа хариуцлага хүлээхгүй.

Одоогийн байдлаар миний эзэмшиж буй 40 м.кв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Т.Д мөн болохыг шүүхээс эцэслэн хянан шийдвэрлээгүй ба миний бие Т.Дд холбогдуулан дараах нэхэмжлэлийг танай шүүхэд гаргасан болно.

1. 000201220 тоот эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй 40 м.кв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,

2. 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн худалдааны байранд талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний зарим хэсэгт буюу түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 15 сард багтах болно хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох.

Иймд дээрх үндэслэлээр Т.Дн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул гагцхүү хуульд захирагдаж, түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг 200000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байна. 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш ерөөсөө гэрээ хийгээгүй. Надад ч гэсэн бүх гэрээ нь байгаа. Тийм учраас энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 49 дугаартай шийдвэрээр 540000 төгрөгийг нэр төрөө бодсондоо төлж өгсөн. Тэгэхэд би давж заалдаагүй. Гэтэл 2011 онд Казахстан улсад хүүхэд маань нас бараад тийш нь явж ирэхэд хөлөө гэмтээсэн. Хөлөө гэмтээгээд явж чадахгүй байж байхад бас л намайг шүүхэд өгч байсан. Тэгэхэд бас би нэр төрөө бодсон. Надаас 750000 төгрөг байсан чинь 250000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Тэгээд бас 100000 төгрөг нэхэмжилсэн. Тэгээд би хүүхэд нь ингэж явж байхад шүүхийн хаалга татаад явж байна гэж нэр дуулгахаа больё гэж бодоод 1,1 сая төгрөгийг төлж өгсөн. Намайг 2,3 удаа шүүхэд өгсөн болохоор би ч гэсэн заргалдаж үзье гэж бодсон. Энэ хүн шат шатны шүүх дээр үнэн худлаа зүйлийг зөндөө ярьсан. Би хэчнээн шат шатны шүүхээс ялагдсан ч гэсэн хэзээ нэгэн цагт миний талд шийдвэр гарна гэж бодож байгаа.

Мөн шат шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоход гарсан зардал, хөлс гээд нэхэмжилж байна. Би ч гэсэн очихдоо өөрийнхөө төлөө зардлаа гаргаж очно. Өөрийгөө хамгаалахын тулд өмгөөлөгч авч байгаа. Тийм учраас энэ шаардлагыг бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн би түрээсийн төлбөрийг ч төлөх ёсгүй. Би 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл тэнд байгаагүй. Яагаад гэвэл хүмүүсээр намайг Чи Т.Дд ялагдсан юм бол яагаад энэ дэлгүүрт байгаад байгаа юм бэ гэж доромжлуулсан. Тэгээд би санаа зовоод 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны хүртэл тэр дэлгүүрт ороо ч үгүй. Би өнгөрсөн жил бас тэгсэн. Тэгээд надад Т.Дтэй 200000 төгрөгөөр тохирсон гэрээ ч байхгүй гэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг шаарджээ.

Хариуцагч С.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Дгийн нэхэмжлэлтэй, Т.Ад холбогдох иргэний хэрэгт дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Т.А түрээсийн гэрээний дагуу 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 33 сарын түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж, түрээсийн төлбөр шаардсан бөгөөд түүний шаардах эрхийн үндэслэл болгож буй 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуульд заасан хэд хэдэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болно.

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасныг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус болно.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тус тус заасны дагуу 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Миний бие уг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй тул 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч К.Жархынбек шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Энэ талаар би тайлбар өгье. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа.

Үндэслэлийн тухайд энэ гэрээ нь хуульд заасан шаардлагуудыг хангахгүй байгаа. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс гаргаж өгсөн түрээсийн гэрээ нь нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар зохицуулсан. Энэ шаардлагыг хангахгүй байгаа.

Дээр нь Иргэний хуульд хэлцлийн хэлбэрийн шаардлагыг мөн талууд тохирч болохоор зохицуулсан. Хэрэгт авагдсан түрээсийн гэрээ нь нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гээд талууд хэлцлийнхээ хэлбэрийн шаардлагыг тохирсон: Тэгэхээр хэлбэрийн шаардлагыг хангахгүй байгаа. Иймээс хууль тогтоомжийг зөрчсөн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Т.Д сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд ирүүлсэн тайлбартаа; Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт орших суух Т.Д миний бие нэхэмжлэгч С.Агийн Баян-Өлгий аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1.Нэхэмжлэгч С.А нь нэхэмжлэлд: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасныг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус болно гэжээ.

Гэтэл Т. Д миний бие Худалдааны байранд талбай түрээслэх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ-г Ш.Ермек болон С.А нартай бичгээр байгуулсан болох нь 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн, 2007 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн, 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээгээр нотлогдож байна.

Харин нэхэмжлэгч С.А нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй учир Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус болно гэж маргажээ.

Нарийвчилсан хуулийн зохицуулалт болон Эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан улсын бүртгэлд бүртгэх заалт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүчингүй болсон учир түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна. Иймд хүчин төгөлдөр гэрээ юм.

2. Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан шаардлагын хүрээнд байгуулсан учраас 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр гэж үзэх боломжтой байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь заалтуудыг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэгч С.Агийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа; Энэхүү сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч тал ийм шаардлага тавьсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан гэрээний шаардлагыг биелүүлээгүй учраас энэ хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэж ойлгож байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан. Хуульд өөрөөр заагаагүй бол гэж дурдсан. Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэж дурдсан. Тэгэхээр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан, энэ гэрээг нотлох баримтаар өгсөн. Ийм учраас бичгээр байгуулах шаардлагыг хангаж байгаа. Түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан. Энэ заалт нь ерөнхий зохицуулалт бөгөөд нарийвчилсан зохицуулалтаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар урьд нь түрээсийн гэрээг бүртгүүлдэг байсан. Энэхүү заалт 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчин болсонд тооцогдсон. Хуулиар хүчингүй болгосны дараа 2009, 2011 онд түрээсийн гэрээ байгуулагдсан.

Тийм учраас энэ гэрээг бүртгүүлэх шаардлага байхгүй. Өмнөх гэрээг бүртгүүлээгүй гэдэг талаас тайлбарлах юм бол Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн бол аль нэг талын гаргасан мэдүүлэг болон гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан. Өмнөх 146 дугаар шийдвэртэй хэрэг дээр энэ асуудал шийдэгдээд Улсын Дээд шүүх хүртэл яваад ирсэн. Аль аль тал нь гэснээр зөвхөн Т.Дг буруутгаж болохгүй. Хүчингүй болоогүй байхад нь 2006, 2007 оны гэрээг яагаад бүртгүүлээгүй юм бэ гэдэг асуудал тулгарвал тухайн үед С.А мөн адилхан бүртгүүлэх үүрэгтэй байсан. Бүртгүүлэх эсэх асуудал бол 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсон.

Ийм учраас бүртгүүлэх шаардлага байхгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түрээсийн гэрээ өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Иргэний хуулийн холбогдох заалт болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулагдана. Нотариатаар батлуулах асуудал бол түрээсийн гэрээнд хамаарахгүй. Энэ талаар хуульд ямар нэгэн заалт байхгүй гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Д нь С.Агаас Тил анар дэлгүүрийн 2013 оны 12 дугаар сарын 20-ноос 2016 оны 9 дүгээр сарын 20-ныг дуусталх 33 сарын түрээсийн төлбөр сард 200000 төгрөгөөр 6600000 төгрөг, хариуцагч С.Агийн Захиргааны болон Иргэний хэргийн шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас учирсан гэм хорын хохирол 5018900 төгрөг, нийт 11618900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж Тил анар дэлгүүрийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ноос 2017 оны 6 дугаар сарын 20-ны хүртэл 9 сарын хөлсийг 200000 төгрөгөөр тооцож, 1800000 төгрөг, хариуцагчийн Улсын Дээд шүүхэд гомдол гаргасны улмаас Улаанбаатар хотод очиж ирсэн онгоцны зардал болох 731500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийт 14150400 төгрөгийг гаргуулж өгөхийг шаардсан байна.

Хариуцагч С.Агаас Т.Дтэй байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгөхийг хүсжээ.

Нэхэмжлэгч Т.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар С.Атай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээг гаргаж өгсөн байна. Уг түрээсийн гэрээгээр Т.Д нь өөрийн өмчлөлийн Баян-Өлгий аймаг Өлгий сумын 4-р багт орших 40 м кв үйлчилгээний барилгыг С.Ад нэг жилийн хугацаатай түрээсээр эзэмшүүлж ашиглуулахаар гэрээ байгуулсан бөгөөд түрээсийн гэрээний хугацаа 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болохоор заажээ. Тухайн түрээсийн гэрээгээр тогтоосон хугацаа буюу нэг жилийн хугацааны түрээсийн төлбөрийг талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар гэрээнд заасан хугацааны түрээсийн төлбөр төлөгдсөн байна.

Гэрээгээр тохирсон хугацаа дууссанаас хойш хариуцагч С.А нь нэхэмжлэгч Т.Дгийн Тил анар дэлгүүрийг түрээсийн гэрээний үндсэн дээр 2013 оны 12 дугаар сарын 20-ноос 2017 оны 6 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээслэж байгаа тухай шууд нотлох баримт байхгүй байх ба С.А нь уг дэлгүүрийг тухайн хугацаанд тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар болон түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хугацаанд хариуцагч уг барилгыг түрээсийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч талаас С.Аг худалдаа үйлчилгээний зориулалттай 40 м кв талбайтай байрнаас албадан нүүлгэхээр нэхэмжлэл гаргаж байсан, байрыг чөлөөлж өгөх талаар шаардах хуудас хүргүүлж байсан боловч Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн иргэн С.Ад хүргүүлсэн гэх шаардах хуудсыг хариуцагч С.А хүлээж авсан талаар нотлох баримтгүй байна.

Нэхэмжлэгч Т.Д нь С.А нь хууль бус, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас Захиргааны болон Иргэний хэрэгт өмгөөлөгч хөлсөлж авах, иргэний болон захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохоор очиж, буцсан унааны зардалд нийт 5750400 төгрөгийг хариуцагч С.Агаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Учир нь, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол улсын иргэн нь Монгол Улсын хууль, ... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... , хууль зүйн туслалцаа авах, ..., шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй ... гэж заажээ.

Нэхэмжлэгч Т.Д нь гурван шатны шүүх хуралдаанд оролцсон, шүүх хуралдаанд оролцохын тулд Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод очиж зардал гаргасан, өмгөөлөгчийн зардлыг төлсөн, өмгөөлөгч авч түүний хөлсийг төлсөн зэрэг нь нэхэмжлэгч хуульд заасан эрхээ эдэлсэн ба үүнийг хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй гэж үзлээ. Хуулиар хэргийн оролцогчид шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авах эрхийг олгосон болохоос үүрэг болгоогүй байна.

Хариуцагч С.Агаас Т.Дтэй байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгөхийг хүсжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

Мөн Т.Дгийн С.Атай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээний дөрөвдүгээр зүйлийн 4-т энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлэн, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж харилцан тохиролцжээ.

Т.Дгийн С.Атай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон боловч хэлцэл хийгч талууд хүсэл зоригоо бичгээр илэрхийлэн гарын үсгээ зурсан байх ба уг гэрээний хугацаанд талууд гэрээний үүргийг биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн бол аль нэг талын гаргасан мэдүүлэг болон гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэж зааснаас үзэхэд гэрээний талууд болох С.А, Т.Д нарын аль нэгний гаргасан мэдүүлгээр бүртгэл хийгдэхээр байгаа тул гэрээг бүртгүүлээгүй байдалд зөвхөн түрээслүүлэгчийг буруутгах боломжгүй байна.

Иймд хариуцагчийн Т.Дтэй байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгөх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь;

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч Молхы-машан овгийн С.Агаас түрээсийн төлбөр, замын зардал, өмгөөллийн хөлс бүгд 14150400 төгрөг гаргуулахыг хүссэн Ботахара нура овгийн Т.Дн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан Молхы машан овгийн С.Агийн 2011 оын 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Дн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256350 төгрөгийг, хариуцагч С.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК

 

ШҮҮГЧИД К.БҮЛДИРГЕН

Х.МЕЙРАМБЕК