Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 331

 

 

 

 

 

 

 

 

2017          08           15                                   103/ШШ2017/00331

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч “Гүн түншлэл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 23 дугаар байрны 77 тоотод оршин суух, Боржигон овогт Чулууны Ира

Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 23 дугаар байрны 77 тоотод оршин суух, Сүрэгчин овогт Борчулууны Энхзаяа нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.545.665 төгрөг гаргуулах, үүргийн  гүйцэтгэлийг барьцаа  хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг  2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сарантуяа, хариуцагч Ч.Ира, Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

            Нэхэмжлэгч “Гүн түншлэл ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Гүн түншлэл ББСБ” ХХК, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ч.Ира, Б.Энхзаяа нартай зээл болон барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 77 тоот, 29 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг тавьсан. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй хандаж өөрийн хариуцлагаа үл тоомсорлож байгаагаас зээл төлөх хугацаа 128 хоногоор хэтэрсэн тул үндсэн төлбөр, хүү, алдангийн хамт 12.545.665 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамж 215.681 төгрөгийн хамт гаргуулан, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу гарсан 12.545.665 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөн. 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч  Ч.Ира, Б.Энхзаяа нартай зээл болон барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 77 тоот, 29 метр квадрат талбайтай, 2 өрөө, орон сууцыг тавьсан. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй хандаж өөрийн хариуцлагаа үл тоомсорлож байгаагаас үндсэн зээл 9.999.997 төгрөг, зээлийн хүү 2016 оны 07 дугаар сарын 28-наас 2016 оны 12 дугаар сарын 28 хүртэлх 154 хоногийн хүү 1.796.700 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 215.681 төгрөг нийт 12.545.665 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс  улсын тэмдэгтийн хураамж болох 215.681 төгрөгийг хасаад үлдсэн 11.765.700 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж хүсэх байна. Монгол Улсын Дээд шүүхээс гарсан тогтоол дээр манай байгууллагын  тусгай зөвшөөрлийг тодруулаагүй гэсний дагуу манайх зөвшөөрлөө хэрэгт хавсаргаж өгсөн. Хариуцагч нар нь надтай утсаар удаа дараа ярьж зээлийн хугацаагаа сунгуулж төлбөрөө зээлийн хүү гэж төлж байсан учраас үндсэн зээлээсээ хасуулна гэсэн  тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед 2016 оны 07 сарын 28-ны өдрөөс хугацаа дуусаж, ирж уулз гэж олон удаа залгаж хэлсэн боловч уулзаагүй гэв. 

           Хариуцагч Ч.Ира шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Гүн түншлэл ХХК-д 2 өрөө байраа барьцаанд тавиад 10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн. Авсан мөнгөө хүнд өгөөд алдчихсан. Төлөх үнэхээр боломжгүй байсан ч өөрийн чадлаараа тодорхой хэмжээгээр төлж ирсэн. Зээл авснаас хойш нийт 7.493.333 төгрөг төлснөөс үндсэн 3 сарын хүүнд төлсөн 1.061.667 төгрөгийг хасаж үлдэгдэл 6.431.666 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцуулна. Нийслэлийн шүүх дээр болсон хуралд танай байгууллагын гэрээнд хэд хэдэн зөрчил байна гэж хэлсэн, би үүнийг нь судалж үзээд  төлсөн мөнгөө хасуулж тооцуулмоор байна. Тухайн үед биднийг шүүхэд өгчихгүй удаан хугацаагаар мөнгө хүүлж явсан. Утсаар хугацаагаа сунгая гэж хэлж байгаагүй. Зээл авахад эхний эргэн төлөлтийн хуваарь өгснөөс биш дахин ийм эргэн төлөлтийн хуваарь гэж өгөөгүй  гэв.

Хариуцагч Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ээж Ч.Иратай санал нэг байна. Би мөнгө зээлэхэд гарын үсэг зурж хамтран зээлдэгч болсноос уг мөнгийг хэрэглээгүй. Барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг  хангуулна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай ээжийн төлсөн мөнгийг эднийх хүүндээ төлсөн гэж андуурсан юм шиг байна лээ. Мэдээж 2 өрөө байраа барьцаанд тавьчаад хайхрамжгүй хандана гэж байхгүй шүү дээ гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч “Гүн түншлэл ББСБ” ХХК,  хариуцагч Ч.Ира, Б.Энхзаяа нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.545.665 төгрөгийг гаргуулж, мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг анх шүүхэд гаргасан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 61 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн иргэний хэргийн завж заалдах шатны шүүхийн  2017 оны 03 дугаар сарын 17 ны өдрийн 753 дугаартай магадлалаар  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Улсын дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 752 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийн нэг шаардлагад иргэний хэрэг үүсгэж нөгөө шаардлагыг орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нийцээгүй, талуудыг бүрэн мэтгэлцүүлээгүй гэсэн үндэслэл дурьдсан байна.

Шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан иргэний хэрэгт  иргэний хэрэг үүсгэх боломжгүй байх тул талуудын мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тодруулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч нарт дахин гардуулж эрх, үүрэг, нөлөөлөлийн мэдүүлэг танилцуулах ажиллагааг дахин хийсэн болно.

Нэхэмжлэгч байгууллага нь анх 12.545.665 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан хэдий ч Улсын дээд шүүхэд хэрэг хянагдаж ирсний дараа үндсэн зээл 9.999.997 төгрөг, зээлийн хүү 2016.7.28-ны өдрөөс 2016.12.28-ны өдрийг хүртэл 154 хоногийн хүү 1.796.718 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 215.681 төгрөг нийт 12.012.396 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж ирүүлсэн байна.

/хх-1, 111 дугаар хуудас /

Улмаар  шүүх хуралдаанд 12.012.396 төгрөгнөөс улсын тэмдэгтийн хураамж 215.681 төгрөгийг хасаж 11.796.715 төгрөгийг нэхэмжилсэн болно.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сарантуяа  “зээлдэгч Ч.Ира, Б.Энхзаяа нар нь зээлийн гэрээний 3 сарын хугацаа дууссаны дараа утсаар холбогдож 2014.11.27-ний өдрөөс 6 сарын хугацаагаар, 2015.5.27-ний өдрөөс 8 сарын сарын хугацаагаар, 2016.01.27-ны  өдрөөс  6 сарын хугацаагаар тус тус сунгалт хийлгэсэн учраас зээлийн хүү гэж төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч тооцох боломжгүй” гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Ч.Ира, Б.Энхзаяа нар зээлийн гэрээний үүрэг 9.999.997 төгрөг, зээлийн хүү 1.796.718 төгрөг нийт 11.796.715 гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хугацаа сунгах талаар утсаар хэлж байгаагүй, зээлийн хугацаа дууссанаас хойш төлсөн 6.431.666 төгрөгийг  үндсэн зээлээс хасуулж тооцуулна гэж маргаж байна.

           Хариуцагч Ч.Ира, Б.Энхзаяа нар нь  “Гүн түншлэл ББСБ” ХХК-иас 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 0125 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 10.000.000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Багануур дүүрэг 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 77 тоот, 29 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын хооронд хийсэн зээл болон барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

        Талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн, 451 дүгээр зүйлд заасан үндэслэл шаардлагыг хангасан,  мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “ Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу  хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан,  хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

        Хариуцагч  нар дээр зээлийн гэрээний үүрэгт нийт 7.493.333  төгрөг төлсөн бөгөөд үүний 1.061.667 төгрөг  нь 3 сарын хугацааны зээлийн хүүнд төлсөн, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 6.431.666 төгрөг төлсөн талаар  талууд маргаагүй болно. /хх-21-24, 28-51  дүгээр хуудас/

       Зохигчид зээлийн төлбөрт төлсөн 6.431.666 төгрөгийг үндсэн зээл эсхүл зээлийн хүүгийн төлбөрт тооцох тухайд маргасан болно.

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч нарыг утсаар ярьсны үндсэн дээр зээлийн хугацааг тухай бүр сунгаж байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүний тайлбар бусад нотлох баримтаар тогтоогдохгүй, зээлийн хугацаа сунгасан тохиолдолд зээлийн график дээр гарын үсэг зуруулах талаарх өөрийн журмаа баримтлаагүй, хугацааг сунгасан болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй зэргээс зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх  үндэслэлгүй байна. /хх-29-32 дугаар хуудас/                                                                            

      Иймд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2014 оны 11 дүгээр сарын 27-ний өдрөөс хойш 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл төлсөн 6.431.666 төгрөгийг үндсэн зээлээс хасч үлдэгдэл зээлийн төлбөрт хүү тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Нэхэмжлэгч байгууллага нь нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэхгүй гэсэн болно.

Дараах байдлаар тооцоход  нэхэмжлэгчийн нэхэмжилсэн

 үндсэн зээл 9.999.997-6.431.666 =3.568.331 төгрөг

3.568.331 төгрөгний   сарын 3,5 хувиар тооцож  нэг сарын  хүү 124.892 төгрөг

2016.7 дугаар сар 31 хоногтой -1 өдрийн хүү 4028,77, 3 хоногийн хүү 16.115,08

2016.8 дугаар сар 31 хоногтой 1 өдрийн хүү 4028,77, 31 хоногийн хүү 124.891, 87

2016.9 дүгээр сар 30 хоногтой  1 өдрийн хүү 4163,07, 30 хоногийн хүү 124.892.10

2016.10 дугаар сар 31 хоногтой, 1 өдрийн хүү 4028,77, 31 хоногийн хүү 124.891, 87

2016.11 дүгээр сар 30 хоногтой  1 өдрийн хүү 4163,07, 30 хоногийн хүү 124.892.10

2016.12 дугаар сар 31 хоногтой, 1 өдрийн хүү 4028,77, 28 хоногийн хүү 112.805,56

/ нийт хүү 628,487,58 төгрөг/

үндсэн зээл 3.568.331 төгрөг+хүү 628,487,58 төгрөг нийт 4.196.818, 58 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 7.599.896 төгрөг 42  мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгч байгууллагын зүгээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах үед Ганаа овогтой Тэгшжаргалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосон хэдий ч түүнийг итгэмжлэгдсөн төлөөлөгчөөр оролцуулахаас татгалзаж А.Сарантуяа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсоныг дурьдах нь зүйтэй. /хх-86/

    

         Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215.681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас 4.196.818, 58 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 82.099 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4,  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Боржигон овогт Чулууны Ира, Сүрэгчин овогт Борчулууны Энхзаяа нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт  4.196.818 төгрөг 58  мөнгийг  гаргуулж, нэхэмжлэгч “Гүн түншлэл ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.599.896 төгрөг 42 мөнгийг         хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 000064129 тоот  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй,  Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 77 тоот 29 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215.681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 82.099 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ТУЯА