Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 11

 

Г.Идэрбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор  Г.Гэрэлтуяа,

хохирогч нарын өмгөөлөгч С.Сүхболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа, Б.Зулбаяр,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 744 дүгээр магадлалтай, 201625011041 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Идэрбаяр, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, Л.Бурмаа нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Байчууд овогт Гонгорболдын Идэрбаяр нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Идэрбаярыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Идэрбаяраас 1.661.790 төгрөг гаргуулж хохирогч Л.Буянхишигт олгуулахаар шийдвэрлэжээ.  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 174 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Идэрбаярын өмгөөлөгч Б.Зулбаяр, Л.Бурмаа, хохирогч В.Бат-Очир, Л.Буянхишиг нарын өмгөөлөгч С.Сүхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч Л.Бурмаа, Б.Зулбаяр, С.Сүхболд нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Идэрбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Хохирогч В.Бат-Очир, Л.Буянхишиг нар нь намайг танхай балмад мэтээр илт гүжирдэж мэдүүлж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Миний бие тэдний хэлж байгаа шиг сагсуурч, дайрч доромжилсон үйлдэл хийгээгүй... Миний хувьд хийсэн хэргийнхээ төлөө ял шийтгэл эдлэхэд гомдох зүйлгүй боловч шүүх хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үндэслэн 1.661.790 төгрөг гаргуулан хохирогч Л.Буянхишигт олгуулж, цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Бидний маргаан зодооныг салгасан оюутан залуу байдаг. Түүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргахад хангаагүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх эргэлзээтэй нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Энхмаа, хохирогч Буянхишиг нарын мэдүүлгүүд нь харилцан зөрүүтэй, эргэлзээтэй байхад Г.Идэрбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтлийг давтан үйлдлээр учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Анхны тусламж үзүүлсэн баримт, түргэн тусламжийн дуудлагын хуудас, 827 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл зэрэг баримтуудаар хохирогчийн өгсөн мэдүүлэг нь эргэлзээтэй төдийгүй хамар руу цохиж гэмтээсэн гэж мэдүүлсэн нь худал болох нь нотлогддог. ...Шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг шүүгч хангаж захирамж гаргасан боловч шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулаагүйд гомдолтой төдийгүй өмгөөлөгчөөс хэрэгт чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулахаар гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй гэж үзэж байна. Шүүх эмнэлгийн шинжээч нь ГССҮТ-ийн хүлээн авахын эмчийн анхан шатны тусламжийн хуудас гэсэн тэмдэглэлд дурдсан “тархи доргилт, томографид харуулах” гэсэн оношийг үндэслэж хөнгөн зэргийн гэмтэл тогтоосон байдаг. Гэтэл уг хуудас нь 2016 оны 3 дугаар сарын 3 гэсэн огноотой байхаас гадна шинжээчийн дүгнэлт гаргах хөдөлшгүй баримт биш юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Г.Идэрбаяр хохирогч Л.Буянхишигийг гарынхаа тохойгоор тохойлдон цохиж биед нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан, эсхүл хохирогч нь түүний араас зуураад авахад гараа тавиулах гэж татахад өөрийн хүчиндээ арагшаа савж унан машин мөргөснөөс хөнгөн зэргийн гэмтэл учирсан эсэх асуудлыг нэг мөр эргэлзээгүй бүрэн тодруулаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд хохирогч Л.Буянхишигийн зүүн өвдгөнд няцрал гэмтэл тогтоогдсон гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь хохирогчийн зүүн өвдгөнд гэмтэл учруулсан үйлдэл хийгээгүй байдаг. Мөн хохирогч Л.Буянхишигийн биед тархи доргилт гэсэн гэмтэл тогтоогдсон ба энэхүү гэмтэл нь хохирогчийн биед урьд үүссэн, эсвэл тухайн өдөр үүссэн эсэх нь эргэлзээтэй байна. Гэмт хэрэг 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр үйлдэгдсэн байхад хохирогч 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр толгойгоо ГССҮТ-д үзүүлэн зөвлөгөө авсан, хэрэг гарснаас сар гаруйн дараа буюу 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр эмчид үзүүлэн эмчилгээ хийлгэж эхэлсэн талаарх баримт хэрэгт авагджээ. Түүнчлэн шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй, эх сурвалж нь тодорхойгүй эм тарианы баримтыг үндэслэн шүүгдэгчээс 1.661.790 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч Л.Буянхишигийн биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан эсэх талаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэн, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг ямар ч эргэлзээгүйгээр нэг мөр тогтоосны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч С.Сүхболд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь танхайрах гэмт хэргийн шинжтэй байх тул хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү. Шүүгдэгч Г.Идэрбаяр нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй байгаа гэв.

Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: Г.Идэрбаярын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ба үндэслэлтэй” байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Идэрбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гаднах автомашины зогсоол дээр иргэн В.Бат-Очиртой маргалдаж, улмаар хохирогч В.Бат-Очир, Л.Буянхишиг нарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч В.Бат-Очир /хх-23/, Л.Буянхишиг /хх-27, 109/, гэрч Д.Энхмаа /хх-30/, Д.Төмөрөө /хх-33/, Ч.Ууганбаяр /хх-35/, Цэнд-Аюуш /хх-37/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 3331 /хх-54/, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3343 /хх-55/, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 827 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /хх-113/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Г.Идэрбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сар 10 хоногийн баривчлах ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Г.Идэрбаяр, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, Л.Бурмаа нар хяналтын шатны шүүхэд “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэсэн гомдол гаргасан байх боловч мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Харин анхан шатны шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ хохирогч Л.Буянхишигийн эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгсөн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хүртэлх огноо бүхий 40 ширхэг баримт нь бүгд тухайн хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр Г.Идэрбаяраас 1.661.790 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байх тул энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “Хохирогч Л.Буянхишиг, В.Бат-Очир нар нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс тус тус жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчлөн шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Идэрбаяр, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, Л.Бурмаа нарын гаргасан хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                       

                                           ДАРГАЛАГЧ,           

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                           ШҮҮГЧ                                                                  Б.БАТЦЭРЭН