Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 174

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,   

улсын яллагч Д.Ширэндэв,

хохирогч В.Бат-Очир, Л.Буянхишиг,

хохирогчийн өмгөөлөгч С.Сүхболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр,

гэрч Д.Энхмаа, Д.Цэнд-Аюуш,

шүүгдэгч Г.Идэрбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Байчууд овогт Гонгорболдын Идэрбаярт холбогдох эрүүгийн 2016 2501 1041 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 14 тоотод оршин суух, регистрийн РУ82102934 дугаартай, Байчууд овогт Гонгорболдын Идэрбаяр.

 

Шүүгдэгч Г.Идэрбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх  дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гадна автомашины ил зогсоолд автомашинаа байрлуулах асуудлаас болж иргэн В.Бат-Очиртой хэрүүл маргаан үүсгэж улмаар давтан үйлдлээр хохирогч В.Бат-Очир, Л.Буянхишиг нарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт  яллах,  өмгөөлөх  талаас  шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Г.Идэрбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие 2016 оны 03 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчим гэр рүүгээ харьсан. Машины зогсоолд машинаа байрлуулах үед миний урд талд теньтэй Приус маркийн машин зогсож байсан. Намайг машинаа байрлуулах үед машиныг нь шүргэчихлээ гээд хүн бууж ирээд хараал хэлчихээд буцаад орсон. Би “урагшлаад өгөөч, машин багтахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд машинаа урагшлуулж өгсөн. Би машинаа байрлуулчихаад Приус машины гуперийг нь харахад гайгүй байсан. Бат-Очир бууж ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Намайг “чи машиндаа байсан юм бол урагшлаад өгөхгүй яасан юм бэ, машин багтахгүй байсныг харсан биз дээ” гэж хэлэхэд “чи дайрчих” гээд миний хамар руу түрүүлж цохисон. Бид хоёр маргалдаад би Бат-Очирыг цохисон нь үнэн.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч В.Бат-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр найз Буянхишиг, эхнэр Энхмаа нарын хамт өдөржин гадуур явж байгаад орой 19 цаг 30 минутын үед найз Буянхишигийг хүргэж өгөхөөр тэнд очсон. Тухайн үед харанхуй болсон байсан. Миний урд хоёр хаалга теньгүй, бусад хаалга теньтэй байдаг. Бид гурав машиныхаа заалны гэрлийг асаасан зөөврийн компьютер дээр интернет ороод сууж байсан. Тэр үед урдаас машин орж ирж байгаа харагдсан. Ардаас түг гэх чимээ гараад харахад гупер бага зэрэг хагарсан байсан. Миний машины гупер муудсан, солих гэж байсан тул маргаан үүсгэхийг хүсээгүй. Гарч харчихаад буцаад машиндаа ороход машинаа холдуулчих гэж хэлсэн. Тэгээд би машинаа урагшлуулаад сууж байтал “чи муу миний зогсоол дээр ирж томордог хэн бэ” гээд шууд машинаас татаж гаргаад зодсон. Манай эхнэр Энхмаа, Буянхишиг хоёр намайг гарч салгаад, би буцаад машиндаа ороод цагдаа дуудсан. Тэгтэл Идэрбаяр дахиж машинаас гаргаж ирээд дахин зодсон. Манай эхнэрийг хөгшин авгай гэж хэл амаар доромжилсон. Цагдаа 10 минутын дараа орж ирсэн. Бид хоёрыг салгаад шууд Баянзүрх дүүргийн 2 дугаар хэсэг дээр аваачсан. Энэ хугацаанд “чи муу үсээ засуулчихгүй юу, над шиг үсээ засуулсан бол яахав” гээд хэл амаар доромжилсон. Автын цагдаа очно гээд буцаж байрандаа очиход цагдаа очоод “иймхэн юм дээр уучлалт гуйгаач” гэхэд Идэрбаяр “уучлалт гуйдаг хүн би биш” гэсэн. Мөн хар теньтэй машинд дуут дохио өгдөг эрх байхгүй гэж хэлсэн. Томографийн зураг 120.000 төгрөгөөр авахуулсан. Тархины эм тариа гээд нийт 1.035.000 төгрөгийн зардал гарсан. Цамц, бөөгийн цар нийлээд 65.000 төгрөг, эмчилгээний зардал 120.000 төгрөг тухайн үед нийт 185.000 төгрөг гарсан. Шүүгдэгчээс 180.000 төгрөг өгсөн. 1.035.000 төгрөгт 180.000 төгрөг орж байгаа. Үлдэгдэл 855.000 төгрөгийг нэхэмжилж байна.”гэх мэдүүлэг,

 

Хохирогч Л.Буянхишигийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Энхмаа, Бат-Очир нартай хамт гадуур явж байгаад намайг хүргэж өгөх гэж 14 дүгээр байрны гадаа ирсэн. Бид гурав машинд интернетэд орж байсан. Тэр хугацаанд ардаас машин мөргөх шиг болсон. Бат-Очир гарч машинаа харчихаад эргээд суух хооронд нэг залуу Бат-Очирыг татаж гаргаад заамдаж унагаад дээр нь гараад зодож эхэлсэн. Би Идэрбаярын зүүн талаас салгах гэж татахад миний нүүр рүү гараараа цохисон. Дараа нь дахин ханцуйнаас нь татахад гараараа аюулхай руу цохисон. Юу ч дуугарч чадахгүй, хойшоо савж унаад хэсэг манаралтын байдалтай байсан. Идэрбаярт “яасан бүдүүлэг залуу вэ, уучлалт гуйдаггүй юм уу” гэхэд “чам шиг юмнаас уучлалт гуйдаггүй” гэж хэлсэн. Би утсаараа тухайн үеийн процессийг авч байсан. Идэрбаяр намайг өөрийг нь зодсон гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Эхнэр нь мөн худал мэдүүлэг өгсөн. Миний биеийн байдал тааруу байгаа. Хохирол аваагүй байна. Нуруу, тархиндаа гэмтэл авсан. Жирэмсэн байгаа, тонус ихтэй байгаа. Би ухаан алдаад Сайд нарын 2 дугаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээнд 1.661.786 төгрөг, унаанд 69.000 төгрөг, гээд нийт 1.730.786 төгрөгийг нэхэмжилнэ. Тээлтийн явцад тонус ихтэй байна, эмч гэмтэл авч байсан уу гэж асуусан. Би цаашид үзүүлж эмчилгээ хийлгэнэ.”гэх мэдүүлэг,

 

Хохирогч В.Бат-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “…Би өөрийн 84-83 УНЗ улсын дугаартай “Приус 10” машинтай зогсож байсан. Миний машины араас нэг “Ланд Круйзер-105” маркийн машин ирээд шүргэсэн, тэгэхээр нь бууж ирээд “машин шүргэчихлээ” гэхэд “чи холдоод өгчих” гэж Ландны жолооч хэлсэн, тэгэхээр нь би “чи машин шүргэчихлээ” гэхэд “чи миний зогсоол дээр машинаа тавьдаг хэн юм бэ” гэсэн. Тэгэхээр нь машиныхаа ард гуперыг арчаад үзэхэд жаахан зураас гарсан байсан, тэгэхээр нь угаасаа янзлах гупер байсан болохоор тоолгүй машиндаа буцаад суусан. Тэгтэл тэр Ландны жолооч залуу машинаа байрлуулчихаад бууж ирээд миний машины хаалгыг нээн намайг татаж гаргаж ирээд зодож эхэлсэн, тэр үед би өмнөөс нь сарвагнасан ба тэр үед тэр залуу намайг доороо хийгээд л зодсон. Энэ үед манай эхнэр Энхмаа, манай найз Буянхишиг нар миний машин дотор сууж байсан ба зодоон болох үед бууж ирэн бид хоёрыг салгасан. Тэгээд би босоод машиндаа суугаад л цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид нар цагдаатай явж байхад тэр Ландны жолооч залуу намайг хэл амаар доромжлоод “би бол хуулийн хүн, та нар намайг барж идэхгүй,  чи үсээ засуулахгүй яасан юм бэ” гэж доромжилсон. Маргааны үед миний цамцыг урж, зүүж явсан жижиг бөөгийн толь /3 унжуургатай/ хүзүүндээ зүүсэн байсан алга болсон.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23-24 дүгээр тал/

 

Хохирогч Л.Буянхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “...автомашины ил зогсоол дээр машинаа баруун тийш хамрыг харуулан байрлуулан зогссон. Тэгээд дотор нь бид 3 юм ярингаа би зөөврийн компьютерээр нэтэд орж хүний хаяг утас авахаар байж байсан юм.  Тэгтэл машины араас түг гээд л сулхан мөргөсөн. Тэгэхээр нь Бат-Очир буугаад харахад Ланд Круйзер маркийн саарал өнгийн машин мөргөчихөөд хойшоогоо ухарч байсан гэсэн. Тэгэхээр нь Бат-Очир буцаад машиндаа суугаад бид 3 үргэлжлүүлээд хоорондоо яриад сууж байтал нөгөө Ланд Круйзер маркийн машины жолооч машинаа байрлуулчихаад буцаж ирээд Бат-Очирын машины жолоочийн талын хаалгыг нь гаднаас нь нээгээд Бат-Очирыг татаж гаргаж ирээд заамдаж аваад арагш нь савуулж унагаагаад дээр нь гараад зодоод байх шиг байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад харахад Бат-Очир дээшээгээ хараад унасан, нөгөө залуу дээр нь гараад суусан байдалтай гараараа цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би “хүүшээ болиочээ” гээд орилоод тэр залуугийн зүүн гарынх нь ханцуйнаас нь барьж аваад угзарсан. Тэгэхэд тэр залуу гараараа арагшаагаа тохойдсон. Тэр нь миний хэвлийн хэсэгт тусаад би аймхай дээрээ цохиулаад арагшаагаа унасан. Тэр үед нэг хэсэг дуу гарахгүй байсан ба би унах үедээ толгойгоо тэр залуугийн саарал өнгийн Ланд круйзер машины урд төмөр хамгаалалтыг ар дагзаараа савж мөргөн унасан. Тэгээд газар нэг хэсэг манараад хэвтэж байгаад босоод ирэхэд цагдаа ирж байсан. Тэгээд цагдаа дээр ирсэн. …Хувиараа баахан эм тариа хийлгэсэн, тэдгээр тариануудын баримт нь байгаа, одоо эмнэлэгт үзүүлбэл нэхэмжлэх эмнэлгийн төлбөр гарч ирнэ. Эхлээд жаахан өөрөөсөө мөнгө гаргах нь асуудалтай байна. Надад тэр шинжилгээ нь үнэтэй тусаад байна. 600.000 төгрөг, хамгийн хямдхан нь 380.000 төгрөг гэж байсан. …Яг хэрэг дээрээ  тэр хүн миний нүүрэн хэсэгрүү гараараа зангидаж байгаад гарынхаа араар буюу сарвууны ар хэсгээрээ цохисон. Тэгэхэд нь би нүүрээ дараад “ёоёо” гэж хэлэх үед ахин аймхай хэсэгт цохисон, тэгээд би арагшаа савж унасан. Тухайн үед их давчуу байсан би өсгийтэй гуталтай байсан, бас зай нь давчуу байсан болохоор би урагшаа өвдөглөөд дараа нь арагшаагаа савж унасан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 27-29, 109 дүгээр тал/

 

Гэрч Д.Энхмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...гэнэт араас түс гээд машин мөргөх шиг болсон. Тэгээд В.Бат-Очир гарч үзсэнээ буцаж орж ирээд “зүгээр байна, угаасаа жаахан муу гупер байгаа юм” гээд орж ирсэн, тэгэхээр нь би “зүгээр юм бол чи жаахан урагшаагаа болоод зогсчих” гэсэн. Тэгсэн манай нөхөр машинаа асаагаад жаахан урагшаагаа болоод зогссон. ...араас ирээд мөргөдөг машины жолооч машинаа байрлуулж дуусангуутаа бууж ирээд манай хүний талын хаалгыг нээгээд манай хүнийг машинаас нь татаж буулгангуутаа шууд газар унагааж байгаад нүдсэн. Тэгэхээр нь Буянхишиг бид 2 буугаад би тэр хүний баруун гар талынх нь куртикных нь араас татаад “болилдоо наадах чинь хөл муутай хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэхэд тэр залуу “тэр надад ямар хамаатай юм, чи холдож бай муу чавганц минь” гээд л зодоод байсан. Тэгэхээр нь би тэр залууг татсаар байгаад босгоод “болилдоо” гэхэд тэр залуу “чамд ямар хамаатай юм, муу эмгэн минь пизда минь” гээд хараагаад л байсан. Тэгэхээр нь би “чи өөрөө сигналдахад яадаг юм” гэхэд “хар теньтэй машинд хэзээ сигнал өгдөг байсан юм, би та нарыг бодвол боловсролтой хуулийн хүн” гээд л байсан. Бас “энэ чинь миний зогсоол” гээд байсан. Тэгээд би Бат-Очирыг машиндаа суулгаад өөрөө машиндаа суух гэж байтал тэр залуу ахиад л Бат-Очирыг татаж гаргаж ирээд зодоод эхэлсэн ба тэр үед нь цагдаа нар ирсэн. Бат-Очир машиндаа сууж байхдаа цагдаа дуудсан юм шиг байна лээ. Надад тийм ухаан ч тухайн үед төрөөгүй. …Тэр залууг зүүн гарнаас нь татах үед тэр залуу арагшаагаа Буянхишигийн элэг рүү нь цохих шиг болсон. Тэгээд тэр эрчиндээ Буянхишиг арагшаагаа савж байх шиг байсан. Тэгээд унахдаа тэр залуугийн машины урд хамгаалалтыг нь дагзаараа мөргөх шиг болсон. …Идэрбаяр гараараа нэг удаа л гараа татаж авах гэж байгаад тохойгоороо ёворч цохисон. Тэрнээс өмнө болон хойно нь ахин гар хүрээгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 30-31, 32 дугаар тал/

 

Гэрч Д.Төмөрөөгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016.03.06-ны өдөр би ажил дээрээ ирчихээд 26 дугаар төврүү очиж хүнтэй уулзах гэхэд уулзах хүн маань байхгүй байсан, тэгээд орой нь буцаад явж байх замдаа би Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны баруун хойд буланд нь сааданд суугаад тамхи татаад байж байтал эхлээд нэг жижиг тэргийг том Ланд машин түг гээд л мөргөх шиг болсон. Тэгэхээр нь би энэ нэлээд юм болох байх гэж бодоод харж байтал тэр мөргүүлсэн машинаас нэг эрэгтэй хүн гарч ирээд машинаа тойрч харснаа буцаад машиндаа ороод суусан, тэгсэн мөргөсөн Ланд машинаас жолооч нь гарч ирээд хоорондоо зодолдох шиг болсон. Намайг л харж байхад жижиг тэрэгний жолоочийг барьж аваад цохиод унахад нь дээр нь гарч суугаад балбаад байсан. Тэгээд зодолдож байхад нь 2 хүүхэн жижиг тэрэгнээс нь гарч ирээд зодоонд оролцох үед нэг эмэгтэй нь буюу одоо тэр Буянаа гэж байсан байхаа эмэгтэй арагшаагаа саваад унаж байсан. Би харахдаа цохиулаад уначихлаа лгэж харсан, сайн анзаараагүй. Ер нь бол энэ хүнийг яаж цохиж байна гэж би тодотгож хараагүй болохоор яг яаж цохисон болохыг хараагүй. Гэхдээ л цохиулаад унах шиг болсон. Угаасаа тухайн үед гадаа их харанхуй байсан. Тухайн байрны ойролцоо гэрэлтүүлэг гээд байх юм ч байдаггүй юм. Тэгээд доор нь байсан залууг авгай нь босгож ирээд тэгээд хоорондоо хэрэлдээд зөөлөрч байх шиг байсан, тэгсэн замын цагдаа ирж байсан, тэгэхээр нь би ахиад юм болохгүй юм байна гээд яваад өгсөн юм. …Би 4 дүгээр сарын 28-нд манай байгууллага зугаалгаар явах гээд би 14 цаг хүртэл ээлжтэй байсан. Тэгээд 13 цагийн үед би хоолондоо орчихоод ажлынхаа байрны хажууд зогсож байгаад Буянхишиг гэх эмэгтэйтэй тааралдаад нөгөө зодуулдаг эмэгтэй байна гэж хараад тэгээд тэр эмэгтэйгээс “үхээгүй юм уу? Амь бөхтэй хог юмаа, тэр том биетэй эрэгтэй хүнд цохиулчихаад” гэхэд надаас “та тэнд байсан юмуу” гээд асуугаад байсан. …Би лав үхтэл нь цохилоо л гэж харсан, машины хамар байна уу бөгсөн дээр дагзаараа мөргөөд унах шиг болсон.  Тэр зоддог залуу нь лав их л дээрэлхүү маягтай хашгираад л байх шиг байсан. Их дээрэлхүү маягтай яриад байсан. Тухайн үед би сонсоод дотроо дургүй хүрч л байсан. Хүний машин мөргөчихөөд хүнийг нь зодоод дээрээс нь ингэж хараадаг гэж бодож байсан юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 33-34 дүгээр тал/

 

Гэрч Ч.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...машинаа хүлээнгээ цонхоор хараад тамхи татаад байж байтал манай ээжийн байрны эсрэг талын хаалганд амьдардаг Идэрээ гэх залуу машинаа байрлуулж байсан. Тэр үед нь би зогсоол гарахыг хүлээгээд хараад байж байтал Идэрээ машиныхаа гадна гарч ирээд машиных нь урд талд хөндлөн тавьсан байсан Приус машины хажууд очоод жолоочтой нь маргалдаж байгаа харагдсан, тэгээд нээх сүртэй юм бололгүй хоорондоо тэр 2 зууралдсан ба тэр үед нь хажууд нь байсан 2 хүүхэн салгах гээд ноцолдоод байсан, тэгээд байж байтал миний машин ирлээ утсаар манай жолооч хэлсэн. Тэгэхээр нь машинаа авах гээд гартал гадаа Идэрээтэй таарсан ба тэгээд Идэрээтэй уулзаад яасан талаар нь асуухад Идэрээ “Зогсоолоос болоод маргалдаад, жаахан урагшаа болоод өгчих гэсэн чинь болдоггүй” гэсэн утгатай юм яриад байсан. Тэгээд тэр залууд цохиулчихлаа гэж байсан ба хамраас нь цус гарч байсан. ... Яг хэн нь түрүүлж цохисон болохыг сайн анзаараагүй, тэр нөгөө зодолдсон залуу нь учиргүй л орилж хашгираад байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 35-36 дугаар тал/

 

Гэрч Цэнд-Аюушийнмөрдөн байцаалтад өгсөн: “...ирж байна, ойрхон ирж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би жоохон байж байгаад цонхоор хартал манай хүн ирчихсэн, машинаа байрлуулах гээд маневр хийгээд хойшоогоо урагшаа хөдлөөд байж байсан. Тэгээд манай хүний машины яг урд талд нь нэг бор өнгийн Приус маркийн машин байсан ба манай хүн машинаа байрлуулчихаад буугаад тэр машины жолоочийн талын цонхон дээр очоод тэгээд юм яриад байх шиг байсан. Тэгсэн тэр машины жолоочийн талын урд хаалганаас нэг эрэгтэй хүн гарч ирээд шууд л манай хүнийг цохиод авсан. Тэгээд машин дотроос 2 эмэгтэй хүн гарч ирээд тэр 2 эмэгтэй манай хүний араас нь зууралдаад тэрүүгээр бөөн юм болсон. Тухайн үед манай нөхөр нөгөө өөрийг нь цохисон залуутай барьцалдаж аваад зогсож байсан. Харин араас нь тэр 2 эмэгтэй цүнх болон гараараа цохиод л татаж чангаагаад л орилолдоод байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 37 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3331 дүгээр:

“1. Бат-Очирын биед доод уруулд няцарсан шарх, эрүүнд зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт,

/хх-ийн 54 дүгээр тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3343 дугаар:

“1. Л.Буянхишигийн биед тархи доргилт, зүүн өвдөг болон аюулхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт,

/хх-ийн 55 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3278 дугаар:

“1. Г.Идэрбаярын биед дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

/хх-ийн 56 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 827 дугаар:

“1. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №3314 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Хоёр талын хөхлөг сэртэнгийн үрэвсэл, тархины цагаан эд бага зэрэг өөрчлөлт нь гэмтэл биш, хамрын таславчийн муруйлт нь гэмтэл. Энэ нь тухайн үед үүсгэгдээгүй хуучин гэмтэл болно.” гэсэн дүгнэлт,

/хх-ийн 113 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 66 дугаар тал/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 67 дугаар тал/

 

Түргэн тусламжийн дуудлагын хуудас,

/хх-ийн 93 дугаар тал/

 

Г.Идэрбаярын дипломын хуулбар

/хх-ийн 74-75 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Идэрбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гаднах автомашины ил зогсоолд автомашинаа байрлуулах асуудлаас болж иргэн В.Бат-Очиртой хэрүүл маргаан үүсгэж улмаар В.Бат-Очирыг зодож, мөн түүний энэ үйлдлийг зогсоох гэсэн хохирогч Л.Буянхишигийн аюулхайд тохойгоор түлхэж цохисны улмаас хохирогч Л.Буянхишиг хойш савж унан “Ланд крейзер 105” маркийн автомашиныг мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл, мөн хохирогч В.Бат-Очирыг цагдаагийн байгууллагад дуудлага өгсөний дараа түүнийг дахин зодож давтан үйлдлээр хохирогч В.Бат-Очирын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Идэрбаярын өгсөн“…Намайг машинаа байрлуулах үед машиныг нь шүргэчихлээ гээд хүн бууж ирээд хараал хэлчихээд буцаад орсон. …Бид хоёр маргалдаад би Бат-Очирыг цохисон нь үнэн.” гэх,

хохирогч В.Бат-Очирын өгсөн: “…Гарч харчихаад буцаад машиндаа ороход машинаа холдуулчих гэж хэлсэн. Тэгээд би машинаа урагшлуулаад сууж байтал “чи муу миний зогсоол дээр ирж томордог хэн бэ” гээд шууд машинаас татаж гаргаад зодсон. Манай эхнэр Энхмаа, Буянхишиг хоёр намайг гарч салгаад, би буцаад машиндаа ороод цагдаа дуудсан. Тэгтэл Идэрбаяр дахиж машинаас гаргаж ирээд дахин зодсон.” гэх,

хохирогч Л.Буянхишигийн өгсөн “…Тэр хугацаанд ардаас машин мөргөх шиг болсон. Бат-Очир гарч машинаа харчихаад эргээд суух хооронд нэг залуу Бат-Очирыг татаж гаргаад заамдаж унагаад дээр нь гараад зодож эхэлсэн. Би Идэрбаярын зүүн талаас салгах гэж татахад миний нүүр рүү гараараа цохисон. Дараа нь дахин ханцуйнаас нь татахад гараараа аюулхай руу цохисон. Юу ч дуугарч чадахгүй, хойшоо савж унаад хэсэг манаралтын байдалтай байсан. Идэрбаярт “яасан бүдүүлэг залуу вэ, уучлалт гуйдаггүй юм уу” гэхэд “чам шиг юмнаас уучлалт гуйдаггүй” гэж хэлсэн. Би утсаараа тухайн үеийн процессийг авч байсан. Идэрбаяр намайг өөрийг нь зодсон гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Эхнэр нь мөн худал мэдүүлэг өгсөн. Миний биеийн байдал тааруу байгаа. Хохирол аваагүй байна. Нуруу, тархиндаа гэмтэл авсан. Жирэмсэн байгаа, тонус ихтэй байгаа. Би ухаан алдаад Сайд нарын 2 дугаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээнд 1.661.786 төгрөг, унаанд 69.000 төгрөг гээд нийт 1.730.786 төгрөгийг нэхэмжилнэ. Тээлтийн явцад тонус ихтэй байна, эмч гэмтэл авч байсан уу гэж асуусан. Би цаашид үзүүлж эмчилгээ хийлгэсэн.” гэх,

гэрч Д.Энхмаагийн өгсөн “…Араас машин мөргөх шиг болоход манай хүн машинаас буусан. Г.Идэрбаярт дуут дохио өгөөд хэлж болдоггүй юм уу гэж хэлэхэд хар теньтэй машинд дуут дохио өгдөггүй гэж хэлсэн. Тэгээд В.Бат-Очир гуперээ янзлахаас хойш гээд буцаж орж ирээд машинаа хөдөлгөсөн. Шүүгдэгч машинаа байрлуулчихаад жолоочийн талын хаалга онгойлгоод Бат-Очирыг татаад шууд зодож эхэлсэн. Л.Буянхишиг бид хоёр салгах гэж оролдсон ч дийлээгүй. Би жирэмсэн байсан болохоор холдоод зогссон. Л.Буянхишигийг баруун тохойгоороо цохисон. Тэр үед шүүгдэгчийн машины гупер мөргөөд унасан. Би цохилтын хүч ямар байсныг мэдэхгүй. Би “хөгжлийн бэрхшээлтэй хүн ш дээ” гэхэд “тэр чинь надад хамаагүй, миний зогсоол дээр зогслоо” гэсэн. Тэгээд В.Бат-Очир машиндаа суухад дахиад гаргаж ирээд зодсон. Тухайн үед хэлсэн бол машинаа урагшлуулах боломж байсан. Хүний машин мөргөчихөөд хэл амаар доромжлоод зодсон. Г.Идэрбаяр Л.Буянхишигийг тохойлдож нэг удаа цохисон. В.Бат-Очирыг унагаад дээр нь гараад цохиод байсан. Г.Идэрбаяр утсаар эхнэрээ дуудсан. Дахин В.Бат-Очирыг зодож байхад эхнэр нь гарч ирсэн.” гэх,

гэрч Цэнд-Аюушийн өгсөн “Тухайн өдөр Приус маркийн машин манай байрны хажуу талын зогсоол дээр байсан. Манайх 4 давхарт байдаг. Нөхөр рүүгээ ярихад машинаа тавиад орох гэж байна гэсэн. Цонхоор харахад манай нөхөр машинаа тавьж байсан. Машинаасаа буугаад хөндлөн тавьсан машин руу очсон. Манай нөхөр жолооч талын цонхон дээр очоод уулзаж байгаа харагдсан. Удалгүй машинаас хүн гарч ирээд манай нөхрийг цохисон. Тэгээд тэр хүнтэй барьцалдаад авахаар нь би шууд гарсан. Намайг очиход Л.Буянхишиг нь манай нөхрийг гадаа хэл амаар доромжилсон зогсож байсан. Л.Буянхишиг гэх хүний хамраас цус гарсан харагдаагүй. Би барьцалдаж эхлэнгүүт нь шатаар буусан. Намайг буугаад ирэхэд манай нөхөр, Л.Буянхишиг нар салсан байсан. Намайг шатаар буух үед болсон үйл явдлыг би мэдэхгүй” гэх мэдүүлгүүд,

мөрдөн байцаалтад хохирогч В.Бат-Очирын өгсөн “…Би өөрийн 84-83 УНЗ улсын дугаартай “Приус 10” машинтай зогсож байсан. Миний машины араас нэг “Ланд Круйзер-105” маркийн машин ирээд шүргэсэн, тэгэхээр нь бууж ирээд “машин шүргэчихлээ” гэхэд “чи холдоод өгчих” гэж Ландны жолооч хэлсэн, тэгэхээр нь би “чи машин шүргэчихлээ” гэхэд “чи миний зогсоол дээр машинаа тавьдаг хэн юм бэ” гэсэн. Тэгэхээр нь машиныхаа ард гуперыг арчаад үзэхэд жаахан зураас гарсан байсан, тэгэхээр нь угаасаа янзлах гупер байсан болохоор тоолгүй машиндаа буцаад суусан. Тэгтэл тэр Ландны жолооч залуу машинаа байрлуулчихаад бууж ирээд миний машины хаалгыг нээн намайг татаж гаргаж ирээд зодож эхэлсэн, тэр үед би өмнөөс нь сарвагнасан ба тэр үед тэр залуу намайг доороо хийгээд л зодсон.” гэх,

мөн Г.Идэрбаярын сэжигтнээр өгсөн “…гэрийн гадаа байх машины зогсоол дээр машинаа тавих гэхэд машинууд нь хоорондоо шахуу зогссон байсан учраас зай бага байсан. Тиймээс машинаа байрлуулах гэж олон маневр хийсэн. Тэр үед урд талд шахаж байрлуулаагүй бараан өнгийн Приус маркийн машин зогсож байсан ба би машинаа тавихаар маневр хийн эргэж байхдаа Приус маркийн машины хойд гуперийг өөрийн машины урд гуперээр шүргэсэн. Тухайн үед би тэр машиныг шүргэснээ мэдээгүй. Гэтэл тэр машинаас жолооч нь бууж ирээд гуперээ харчихаад уурлаад “пизда чинь юмаа харахад яадаг юм, машин байхад хардаггүй юм уу хаашаа юм” гэж хэлээд уурласан. …Тэгээд уг жолооч яагаад уурласан юм бэ гэж асуухаар очиж тухайн Приус машины жолоочийн хаалгыг нээгээд “чи яасан сүртэй юм болоогүй байхад уурлаад хүн элдвээр хэлээд хараагаад байгаа юм бэ? Гупер чинь зүгээр байна ш дээ” гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн урдаас “чи холд гэж хэлчихэж болохгүй байсанг юм уу, чи муу жиптэйгээрээ дээрэлхээд байна уу” гэж хэлээд буугаад ирсэн. Тэгэхээр нь би урдаас нь “чи ер нь ямар сүртэй юм бэ” гэхэд тэр залуу машинаасаа буухдаа “наад гараа машинаас ав, дээрэлхээд байгаа юм уу” гэж хэлээд гараараа нүүррүү түлхээд буугаад ирсэн. Тэр үед миний хамар, уруулаас цус гоожоод уруул дагаад урсаад амруу ороод ирсэн. Тэгэхээр нь би тэр хүнтэй барьцалдаж авсан.” гэх,

гэрч Д.Энхмаагийн өгсөн “…Тэгээд би Бат-Очирыг машиндаа суулгаад өөрөө машиндаа суух гэж байтал тэр залуу ахиад л Бат-Очирыг татаж гаргаж ирээд зодоод эхэлсэн ба тэр үед нь цагдаа нар ирсэн. Бат-Очир машиндаа сууж байхдаа цагдаа дуудсан юм шиг байна лээ. Надад тийм ухаан ч тухайн үед төрөөгүй. …Тэр залууг зүүн гарнаас нь татах үед тэр залуу арагшаагаа Буянхишигийн элэг рүү нь цохих шиг болсон. Тэгээд тэр эрчиндээ Буянхишиг арагшаагаа савж байх шиг байсан. Тэгээд унахдаа тэр залуугийн машины урд хамгаалалтыг нь дагзаараа мөргөх шиг болсон. …Идэрбаяр гараараа нэг удаа л гараа татаж авах гэж байгаад тохойгоороо ёворч цохисон.” гэх,

гэрч Д.Төмөрөөгийн өгсөн “…би Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны баруун хойд буланд нь сааданд суугаад тамхи татаад байж байтал эхлээд нэг жижиг тэргийг том Ланд машин түг гээд л мөргөх шиг болсон. Тэгэхээр нь би энэ нэлээд юм болох байх гэж бодоод харж байтал тэр мөргүүлсэн машинаас нэг эрэгтэй хүн гарч ирээд машинаа тойрч харснаа буцаад машиндаа ороод суусан, тэгсэн мөргөсөн Ланд машинаас жолооч нь гарч ирээд хоорондоо зодолдох шиг болсон. Намайг л харж байхад жижиг тэрэгний жолоочийг барьж аваад цохиод унахад нь дээр нь гарч суугаад балбаад байсан. Тэгээд зодолдож байхад нь 2 хүүхэн жижиг тэрэгнээс нь гарч ирээд зодоонд оролцох үед нэг эмэгтэй нь буюу одоо тэр Буянаа гэж байсан байхаа эмэгтэй арагшаагаа саваад унаж байсан. Би харахдаа цохиулаад уначихлаа л гэж харсан, …тэгээд тэр эмэгтэйгээс “үхээгүй юм уу? Амь бөхтэй хог юмаа, тэр том биетэй эрэгтэй хүнд цохиулчихаад” гэхэд надаас “та тэнд байсан юмуу” гээд асуугаад байсан. …Би лав үхтэл нь цохилоо л гэж харсан, машины хамар байна уу бөгсөн дээр дагзаараа мөргөөд унах шиг болсон.  Тэр зоддог залуу нь лав их л дээрэлхүү маягтай хашгираад л байх шиг байсан. Их дээрэлхүү маягтай яриад байсан. Тухайн үед би сонсоод дотроо дургүй хүрч л байсан. Хүний машин мөргөчихөөд хүнийг нь зодоод дээрээс нь ингэж хараадаг гэж бодож байсан юм.” гэх,

гэрч Ч.Ууганбаярын өгсөн “...машинаа хүлээнгээ цонхоор хараад тамхи татаад байж байтал манай ээжийн байрны эсрэг талын хаалганд амьдардаг Идэрээ гэх залуу машинаа байрлуулж байсан. Тэр үед нь би зогсоол гарахыг хүлээгээд хараад байж байтал Идэрээ машиныхаа гадна гарч ирээд машиных нь урд талд хөндлөн тавьсан байсан Приус машины хажууд очоод жолоочтой нь маргалдаж байгаа харагдсан, тэгээд нээх сүртэй юм бололгүй хоорондоо тэр 2 зууралдсан ба тэр үед нь хажууд нь байсан 2 хүүхэн салгах гээд ноцолдоод байсан” гэх,

гэрч Д.Цэнд-Аюушийн өгсөн “...Тэгээд манай хүний машины яг урд талд нь нэг бор өнгийн Приус маркийн машин байсан ба манай хүн машинаа байрлуулчихаад буугаад тэр машины жолоочийн талын цонхон дээр очоод тэгээд юм яриад байх шиг байсан. Тэгсэн тэр машины жолоочийн талын урд хаалганаас нэг эрэгтэй хүн гарч ирээд шууд л манай хүнийг цохиод авсан. Тэгээд машин дотроос 2 эмэгтэй хүн гарч ирээд тэр 2 эмэгтэй манай хүний араас нь зууралдаад тэрүүгээр бөөн юм болсон. Тухайн үед манай нөхөр нөгөө өөрийг нь цохисон залуутай барьцалдаж аваад зогсож байсан. Харин араас нь тэр 2 эмэгтэй цүнх болон гараараа цохиод л татаж чангаагаад л орилолдоод байсан.” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3331 дүгээр/хх-54/,Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3343 дугаар /хх-55/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 827 дугаар /хх-113/, эд зүйл хураан авах тогтоол /хх-18/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол/хх-20/, эд зүйлийн үнэлгээ /хх-26/, Гэмтэл Согог Үндэсний төвийн анхны тусламж үзүүлсэн баримт /хх-79-81/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2547 /хх-57/ дүгнэлтүүд,Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, ахмад Б.Өсөхжаргалын илтгэх хуудас /хх-17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа нь Г.Идэрбаярыг яллах үндэслэл болж байна. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Идэрбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 Иймд шүүгдэгч Г.Идэрбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр шүүх хуралдаанд “Идэрбаяр нь хохирогч Буянхишигт гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмтэл учруулаагүй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбар гарган мэтгэлцэж байх боловч шүүгдэгч Г.Идэрбаяр нь хохирогч Л.Буянхишигийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй байна.

 

Түүнчлэн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль сануулж авсан хохирогч Л.Буянхишиг, В.Бат-Очир, гэрч Д.Энхмаа нарын удаа дараа өгсөн зөрүүгүй мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.Идэрбаяр хохирогч В.Бат-Очирыг зодож байхдаа түүний үйлдлийг салгах гэсэн хохирогч Л.Буянхишигийн аюулхайд тохойгоор түлхэж цохисны улмаас хохирогч Л.Буянхишиг хойш савж унан “Ланд крейзер 105” маркийн автомашиныг мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу хохирогч В.Бат-Очир, Л.Буянхишиг нар нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байна.

Хохирогч В.Бат-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Г.Идэрмөнхөөс “томографийн зургийн үнэ 120.000 төгрөг, эм тарианы үнэ 1.035.000 төгрөг, цамц, бөөгийн тольны үнэ 65.000 төгрөг, эмчилгээний зардал 120.000 төгрөг, нийт 1.035.000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 180.000 төгрөгийг хасч үлдэх 855.000 төгрөгийг” нэхэмжилсэн боловч тэрээр эм тариаг хэзээ, аль эмнэлгийн, хэн гэдэг эмчийн бичсэн эмийн жороор авсан талаарх нотлох баримтаа шүүхэд гарган өгөөгүй тул шүүх энэ шүүх хуралдаанаар хохирлыг шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн хохирогч Л.Буянхишиг шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Г.Идэрмөнхөөс “эмчилгээний зардалд 1.661.786 төгрөг, унааны хөлс 69.000 төгрөг, нийт 1.730.786 төгрөг” нэхэмжилснээс хавтаст хэрэгт авагдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзсэн баримт, компьютерт томографийн оношлогоо /хх-79, 121/, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-80,120-123/, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэдрэлийн эмчийн үзлэгийн төлбөрийн баримт /хх-80/, зарлагын баримт /хх-121-122, 128/, эм тариа авсан баримт /хх-122,124-125/, “Интермэд” эмнэлгийн төлбөрийн баримт /хх-123/, эмнэлгийн магадлагаа /хх-126/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон 1.661.790 төгрөгийг шүүгдэгч Г.Идэрмөнхөөс гаргуулах үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн хохирогч Л.Буянхишиг нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо, хохирогч В.Бат-Очир нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

           Шүүгдэгч Г.Идэрбаярт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнйг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СиДиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хадгалж, цагаан өнгийн сорочкин цамц 1 ширхэгийг устгах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.1, 298.1.2, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Байчууд овогт Гонгорболдын Идэрбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Г.Идэрбаярт 3 сар 10 хоног баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Г.Идэрбаярт оногдуулсан 3 сар 10 хоног баривчлах ялыг түүнийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Идэрбаяраас гэм хорын хохиролд нийт 1.661.790 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Буянхишигт олгож, хохирогч Л.Буянхишиг нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо, хохирогч В.Бат-Очир нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс тус тус жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.3, 88.1.7 дахь хэсгүүдэд зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хадгалж, цагаан өнгийн сорочкин цамц 1 ширхэгийг устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Идэрбаяр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Идэрбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Н.ОДОНТУУЛ