Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 125

 

А.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00328/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 695 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Боржигон овогтой А-ийн Б-гийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Жагарынхан овогтой Д-ы Э-д холбогдох,

          “6.812.960 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Д.Э-ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч А.Б-гаас:

2015 оны 02 дугаар сард хариуцагчаар 18.000.000 төгрөгийн махыг заруулсан ба махны үнийн дүнгээс 4.424.000 төгрөг үлдсэнийг өгөөгүй, 2015 оны 09 дүгээр сарын 19-нд төлөхөөр тохиролцсон. Хэрэв заасан хугацаанд төлөхгүй бол өдрийн 0,3 хувийн алданги тооцохоор болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төргөг төлөөгүй учир нийт 6.812.960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э-аас:

Нэхэмжлэгч А.Б- түүний эхнэр н.Урнаатай 2015 оны 03 дугаар сарын 01-нд зарсан махны үнэ болон мөнгөний тооцоог хийсэн. Мөн 2015 оны 03 дугаар сарын 03-нд тооцоо хийж мөнгө өгсөн гар бичмэл тэмдэглэлийн дэвтэр өгсөн мөнгө бүх гар бичмэл, тэмдэглэлийн дэвтэр, тооцооны хуудаснууд байгаа. Нийт 35.000.000 гаруй төгрөгийн махыг БНХАУ руу гаргах гэж байтал зарим нэг нь хөц татсан мах байсан гэж хэлсэн.

Нэхэмжлэгч А.Б- нь аль гайгүй махнуудаа найз нөхөд танил талдаа өгдөг юм. Би нэхэмжлэгчид одоо өглөг байхгүй, тооцоонуудыг шалгаж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 695 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,  232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Э-аас 6.636.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д олгож, 176.960 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123.960 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 121.126 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Э- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр товлогдсон байсан шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй ба миний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинбатад хурлын тов мэдэгдсэн боловч хуралтай үеэр Эрүүгийн хуулийн шинэчилсэн сургалтанд сууж байсан тул хурлыг хойшлуулж өгнө үү гэж шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийг байхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх  хуралдаанаар нотлох баримтуудыг шаардлага болгон авч хэлэлцээгүй байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан гэж үзэж байна. А.Б-тай би зээлийн болон барьцааны гэрээ хийгээгүй байхад нэхэмжлэгчийн гаргасан хүүг үндсэн мөнгөтэй гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Б- хариуцагч Д.Э-д холбогдуулж, махны үнийн үлдэгдэл төлбөр 4.424.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, хариуцагч Д.Э- А.Б-д төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүй буюу хэргийн 5 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлснээс шүүхийн шийдвэр хуульд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзнэ.

Маргалдагч талууд мах өгч авалцаж, зарсан талаар маргадаггүй бөгөөд төлбөрийн тооцоон дээр харилцан өөр өөр тайлбар гаргаж, мэтгэлцсэн болно.

Үүнээс үзвэл талуудын хооронд мах худалдах, худалдан авах гэрээ хэлцэл хийгдээгүй бөгөөд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заагдсан даалгаврын гэрээ хэлцэл хийгдсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч А.Б- хариуцагч Д.Э-ы 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн гараар бичиж өгсөн баримтыг үндэслэж үндсэн төлбөрийн үлдэгдэл 4.424.000 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар шаардсан, хариуцагч Д.Э-ы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйгээ нотлохоор шүүхэд ирүүлсэн хэргийн 14-18 дугаар талд авагдсан баримтууд нь нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй, үнэлэх боломжгүй, хэргийн 38-39 талд авагдсан баримтууд нь хэрхэн, юуг нотлож байгаа нь тодорхойгүй баримт байх бөгөөд хариуцагч Д.Э- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн алданги тооцсон баримт нь /х/х-ийн 5 дугаар хуудас / зөвхөн нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримт байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл маргалдагч талуудын хооронд анз тооцохоор байгуулагдсан гэрээ гэж үзэх боломжгүй баримт байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулийн хэрэглээ болон алданги тооцсон хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 695 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын:

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Э-аас 6.636.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгож, 176.960 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

   “Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Э-аас 4.424.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д олгож, 2.388.960 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дугаар заалтын:   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123.960 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 121.126 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг

 “хариуцагчаас 78.957 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

             2.Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Э-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.126 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.       

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧИД                                                      С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           Л.АМАРСАНАА