Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 975

 

 Б.А-д холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч Т.Б,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 1264 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А-д холбогдох эрүүгийн 1806010480850 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Г овгийн Б.А, 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт ........................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./;

   Б.А нь 2018 оны 1 дүгээр сарын  18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны 442 дугаар байрны 104 тоотод иргэн Т.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-гаас 390.797 төгрөг гаргуулан, хохирогч Т.Бд олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Б.А-гаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Б.А нь шүүхийн мэдүүлэгт “... Би Батхүүгийн гэрийн үүдэнд гэрийнх нь түлхүүрийг аваад, та нар түрээсийн мөнгөө хэзээ өгөхөө шийдэж чадахгүй байгаа юм чинь одоо хаалганы голыг солино гэж хэлээд байж байхад Батхүү цаанаас босч ирээд, түлхүүрээ булаагаад авсан. Надад Т.Б-г зодсон, биед нь халдсан асуудал байхгүй. Тухайн үед Т.Б цаад талын өрөөнд орон дээр сууж байсан. ...” гэж, Б.А нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр “...Би гэрт нь үлдээд хүлээгээд сууж байхад Батхүү ирээд, хажууд тайлж тавьсан куртикийг над руу шидээд “миний эзэмшлээс зайл” гэж хөөсөн. Тухайн үед Т.Б хойд өрөөндөө байсан...” гэж, Б.А нь анх гэрчээр асуугдаж эхэлснээсээ хойш, намайг яллагдагч, шүүгдэгчийн бүх шатанд “Т.Бг зодсон, биед нь халдсан асуудал огт байхгүй, намайг гэрт нь үлдэж, үүдэнд нь сууж байхад Т.Б цаад өрөөндөө сууж байсан” гэж тус тус мэдүүлдэг.

Хэргийн материалтай танилцахад хэрэг бүртгэлтийн хэрэг нээх прокурорын тогтоол, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн санал, зөрчлийн хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай санал, зөрчлийн талаар гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Бгийн өгсөн мэдүүлгүүд зэрэг баримтуудад хэрэг болсон өдрийг бүгдэд нь өөрөөр тэмдэглэсэн байна. Улсын яллагч хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны орой болсон байна гэж хэргийг нотолж шүүхэд ирүүлсэн атал хохирогч Т.Б нь “Б.А намайг 2018 оны 1 дүгээр сарын 16, 17, 18-ны өдөр зодсон” гэж 3 өөр огноотой мэдүүлсэн. Гомдлыг хүлээн авсан баримтад 2018 оны 1 дүгээр сарын 17-ны шөнийн 01 цагт хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдсэн байна. Болоогүй хэрэг, зөрчлийн гомдлыг хэрхэн яагаад урьдчилан хүлээн авч бүртгэсэн, ямар зорилгоор зөрүүтэй, огноонуудтай баримт хэрэгт авагдсан нь ойлгомжгүй байна. Үүнээс үзэхэд, хохирогч Т.Бгийн өгсөн бүх гомдол мэдүүлгүүд өөрчлөгдсөн, хохирогч нь анх цагдаагийн газарт хандахдаа 3 өөр утгатай гомдол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ ноцтой зөрчсөн байхад хэргийг хянан шалгаж, ажилласан мөрдөгч болон улсын яллагч нь энэ байдлыг анхаарч үзээгүй, хэт нэг талыг барьж, зөвхөн хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, яллах байр сууринаас хандсанд гомдолтой байна. Улсын яллагч энэ олон зөрүүтэй мэдүүлэг, огноотой баримтуудыг тайлбарлахдаа “... Т.Б мэдүүлгийнхээ огноог андуурч өгсөн байх, хэрэг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр болсон гэдгийг бид гэрчүүдийн мэдүүлгээр тогтоосон. Харин мөрдөгч нарын үйлдсэн зөрүүтэй огноотой баримтууд техникийн алдаа байх. ...” гэж тайлбарласан. Шүүгдэгч Б.А нь Т.Бг зодоогүй, биед нь хүрээгүй гэдгээ шүүх хурал дээр мэдүүлэхэд нь шүүгч түүнээс “тэгээд хохирогчид хэн гэмтэл учруулсан болж таарах вэ, хохирогчид гэмтэл учирчихаад байгааг та юу гэж тайлбарлах вэ” гэж асуусан. Энэ байдал нь бусад байдлуудыг бүрэн дүүрэн судлаагүй, зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, Б.А-г гэм буруутай гэж тооцсон гэж үзэхэд хүргэж байна. Гэмт хэрэг үйлдээгүй хүнийг хохирогчийн илт зөрүүтэй худлаа мэдүүлэг, мөрдөгчийн зөрүүтэй огноотой баримтуудаар улсын яллагч ялласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “гэмт хэрэг гарсан байдал”-ыг нотолсон байхыг шаарддаг. Гэтэл улсын яллагч, гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, хэзээ болсныг тогтоож чадаагүй атлаа миний үйлчлүүлэгч Б.А-г яллаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Болсон хэргийн тухайд огноо солигдсон байж магадгүй. Яагаад гэвэл энэ хэргээс өмнө олон удаа ийм асуудал болж байсан. Надад “Гадны ямар нэгэн доргилтоос болж, умайн доргилт үүснэ” гэж эмч хэлсэн. Б.А миний түлхүүрийг авсан байсан. Би “түлхүүр өгөөч” гээд Б.А руу очиход намайг хана руу түлхсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.А нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны 442 дугаар байрны 104 тоотод иргэн Т.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Т.Б нь Б.А-гийн үйлдлийн улмаас бие махбодид нь хэрхэн гэмтэл учирсан талаараа “... Би очоод түлхүүрээ авах гэтэл миний цээж хэсэг рүү гараараа түлхэж, би бөгсөөрөө хойшоо газар унасан. ... Би болиулах гээд тухайн залуугийн хүрэмнээс татахад гартаа барьж байсан гар утсаараа миний зүүн, баруун гар луу хоёр удаа цохисон. ...” /хх 22/ гэж мэдүүлсэн байх бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь гэрч Б.Батхүүгийн “... 30 орчим насны залуу түлхүүр булаацалдаж байхдаа Т.Бгийн хоёр гар луу 2-3 удаа цохисон. ...” /хх 26/, шинжээч эмч О.Болороогийн “... умайн доргилт гэмтэл нь гадны нөлөөгөөр буюу хэвлий орчимд цохигдох, унах үед үүсэх боломжтой. ...” /хх 47/ гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Т.Бгийн биед умайн доргилт, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 1671 дугаартай дүгнэлт /хх 43/ зэргээр нотлогдож байна.

Прокуророос Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А-г бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоогоос “... Гэмт хэрэг гарсан цаг, хугацааг хөдөлбөргүй тогтоогоогүй, хэт нэг талыг барьж Б.А-д ял шийтгэл оногдуулсан. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд П.Ц нь Т.Бг түрээсийн төлбөр төлөөгүй гэсэн шалтгаанаар зогсоол дээр нь машинаа байрлуулан тавьснаас Т.Б нь “зогсоолоос П.Цын машиныг холдуулуулах”-аар цагдаагийн байгууллагад 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өргөдөл гаргаж, үүний дагуу Т.Бг уг өдөр хохирогчоор тогтоож, түүнээс мэдүүлэг авчээ.

Т.Б нь тухайн өдөр мэдүүлэхдээ өөрийн гэмтсэн талаар бус зөвхөн зогсоолд тавьсан машиныг холдуулах талаар мэдүүлсэн байна.

Эдгээр байдлаас үзэхэд П.Ц, Т.Б нарын дунд нь гэмт хэрэг гарахаас өмнө буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ, машины зогсоолтой холбоотой маргаан үүсэж, Т.Б нь цагдаагийн байгууллагад хандаж байсан болох нь тогтоогдож байна. 

 Түүнчлэн гэрч П.Цын “... Тэгээд 1 дүгээр сарын 18-ны өдөр Батхүү манай эхнэр М рүү яриад “машиныг чинь ачууллаа” гээд байхаар нь орой 22 цагийн орчим М, Ж, Б.А, Б.Ч нарын хамт очсон. ...” /хх 34/, гэрч Б.Чын “... 2018 оны 1 дүгээр сарын 18-ны орой гэртээ байж байтал нөхрийн дүү М яриад “түрээслэгч мөнгөө өгөхгүй, зогсоолд тавьсан машин чирч гаргана гээд байна, хамт очъё” гэхээр нь П.Ц, М Ж, Б.А нарын хамт очсон. ...” /хх 37/, мөн гэрч Ж.Жийн “... 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчим П.Ц, М нар ярьсан. ... Тэгээд 22 цагийн орчим Олимп хотхонд очсон. ...” /хх 40/ гэсэн мэдүүлгүүдээр гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр болох нь хөдөлбөргүй тогтоогдож байх ба прокурор дээрх хугацаанд гэмт хэрэг үйлдэгдсэн гэж яллах дүгнэлтэд заасан нь үндэслэлтэй болжээ.

Иймд Б.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг хангалттай шалгаж нотолсон байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

      Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 1264 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.