Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 976

 

       А.З, Г.Э, Э.Б, С.Т

     нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

  прокурор П.Бямбасүрэн,

шүүгдэгч А.З-н өмгөөлөгч С.Галцацрах,

шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Э.Хэрлэнхүү,

шүүгдэгч Э.Б, С.Т нарын өмгөөлөгч Г.Өлзий-Орших,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 635 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.З, Э.Б, С.Т, шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, шүүгдэгч Э.Б, С.Т нарын өмгөөлөгч Г.Өлзий-Орших нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.З, Г.Э, Э.Б, С.Т  нарт холбогдох эрүүгийн 1709025870433 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          1. Т овгийн А-н З, 19.. оны .. дүгээр сарын …-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ш М” т –н дээд сургуулийн барилгын инженерийн хөтөлбөрийн 3 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 3, эх, дүү нарын хамт ........... дүүргийн 3 дугаар хороо, ............тын .. дугаар байр, .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч .......... дүүргийн .... дугаар хороо, .........В тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........./,

          2. Б овгийн Г-н Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... сургууль, ............ сургуулийн программ хангамжийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт ...... дүүргийн .... дугаар хороо, .........хороолол, .... байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..../,

          3. Ч Р овгийн Э-н Б, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............ мэргэжлийн 3 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ...... дүүргийн ... дугаар хороо, ....,.. дугаар байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../,

            4. Б овгийн С-н Т, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ш М” ......дээд сургуулийн барилгын инженерийн хөтөлбөрийн 2 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 1, ........ дүүргийн ... дүгээр хороо........... байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;

А.З, Г.Э, Э.Б, С.Т  нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “А Л” нэртэй шөнийн цэнгээний газарт болон гадаа нь нийтийн хэв журмыг зөрчиж, Л.О, Б.Б, Б.М нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин, хүч хэрэглэн зодож, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,

Мөн А.З, Г.Э, Э.Б, С.Т  нар нь бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчин аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Б-г бүлэглэн зодож, эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын далд хугарал, зүүн нүдний салст, зовхинд цус хуралт, өнгөц шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.З Г.Э, Э.Б, С.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.З, Г.Э, Э.Б, С.Т  нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.З, Г.Э, Э.Б, С.Т  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 30 хоногийн хорих ялыг хүнд ял болох 1 жил хорих ял дээр нэмж тэдний биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нар хохирогч Л.О, Б.М нарт төлөх төлбөргүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас тус бүр 3500 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д олгож, хохирогч Б.Б-н 4.500.000 төгрөийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдүүдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.З гаргасан давж заалдах гомдолдоо: “...А.З миний бие нь 2017 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө "А Л" бааранд найзуудын хамт сууж байгаад үл ойлголцсоны улмаас /О гэх хүүхэд намайг түлхсэнээс болоод/ хэсэг хүүхдүүдтэй маргалдаж, баарнаас гараад санамсаргүй байдлаар Б.Б-н биед хөнгөн гэмтэл учруулж, түүнд гарсан хохирлыг төлж барагдуулсан. Б.Б болон түүний найз нарыг танихгүй бөгөөд ямар нэгэн өс хонзон байхгүй. Би урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Санамсаргүй хийсэн дээрх үйлдэлдээ маш их гэмшиж байгаа бөгөөд сурч боловсорч, ажил хөдөлмөр эрхэлж, өвчтэй байгаа ээж, ахлах сургуульд сурч буй дүүгээ асран халамжлах насан дээрээ гэмт хэрэгт холбогдож, ял эдлэх болсондоо маш их харамсаж байна.

Би Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний зүгээс уг бааранд ямар нэгэн хохирол, үйл ажиллагаанд нь саад учруулаагүй болно. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж, дээрх ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Э.Б миний бие Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт 1 сарын хорих ял, мөн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Би З, Э, Д, Т нарын хамт “А Ло” нэртэй газар орсон. 01 цагийн орчим тус газрын бүжгийн талбайд хамт явж байсан гэрч Д нь бидэнд “Т-ий найз охин өөр залуучуудтай явж байна” гэж хэлсэн. З нь өөрийн найзынх нь найз охин болох Б-с хэнтэй явж байгаа талаар ярилцаад зогсож байтал хохирогч болох түүний найзууд ирсэн ба О эхэлж З-г түлхсэн. Бид ганцаараа зогсож байсан найзыгаа өмөөрч очоод бужигнаан үүсэхэд хамгаалагч ирж биднийг баарнаас гаргасан. Бүжгийн талбай дээр болсон асуудлаас болж уг байгууллагын үйл ажиллагаа зогсоогүй, баар хэвийн ажилласан.

Бид хамгаалагч нарын тавьсан шаардлагыг биелүүлж, тухайн бааранд байгаа хүмүүсийн аюулгүй байдалд халдахгүйгээр баарнаас гарсан. Би найзыгаа өмөөрч, Б-н биед гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна. Баарны гадна болон дотор Б, М, О нартай хувийн харьцааны улмаас харилцан зууралдаж, түлхэлцсэн байдлыг баарны хамгаалагч нар салгаж, уг үйл явдал бүр мөсөн дууссан.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн, хохирогч гомдол гаргаагүй, прокурор эсэргүүцэл бичээгүй байхаас гадна Монгол Улсын Их хурлаас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 8.1.4 дэх хэсгийн “хүнд” гэснийг энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 5 жил, түүнээс дээш хугацаагаар тогтоосон гэж, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хөнгөн" гэснийг энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 8 жил түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэж, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэснийг хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 8 жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэж тус тус өөрчилсүгэй” гэж заасан байдаг.

Мөн энэ хуулийн 8.6 дугаар зүйлд “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах”, “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж заасан байна.

Миний бие эрх зүйч мэргэжлээр сурч байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэх гэрчийн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт энэ үйлдэлтэй холбогдуулан гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд тодорхой үйлдэл хийсэн нь нотлогдоогүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

           Шүүгдэгч С.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийг хэн, хэрхэн учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тодруулахгүйгээр бүх шүүгдэгч нарыг учруулсан гэж нийтэд нь хамруулж, ял халдаасан нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна. Хэрэв хохирогчид учирсан гэмтлийг шүүгдэгч нарын яг хэнийх нь үйлдлийн улмаас учирсныг хөдөлбөргүй тогтоосон бол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулахгүй байсан бөгөөд эрх зүйн байдал дээрдэх байсан. Бүгдэд нь хавтгайруулж ял халдаасан нь шүүхийн шийтгэх тогтоол таамаглалд үндэслэсэн гэж үзэхээр байна.

2. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь хууль ёсны зарчимтай бүрэн нийцнэ. Учир нь, хохирогчид үүссэн гэмтэл нь нэг удаагийн цохилтын хүчээр эсвэл өмнө нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн эсэхийг тусгай мэдлэг шаардсан шинжээчийн дүгнэлтээр тогтоосны дараа гэмтэл учруулсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн зорилтод бүрэн нийцнэ. Ингэснээр хөнгөн гэмтэл учруулсан этгээд нь энэ хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээж, бусад нь олон нийтийн газар амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт ял шийтгүүлэх хууль зүйн үндэслэлтэйг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

3. Бүх шүүгдэгч нар нь сургуульд сурдаг, цаашид сурч хүмүүжих бололцоогоор хангахыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд шүүх хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзнэ үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Э.Хэрлэнхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт "... Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн А.З, Г.Э, Э.Б, С.Т  нар нь ялимгүй зүйлээр шалтаглаж, Б-тай хамт явж байсан гэх шалтгаанаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, … хохирогч Л.О, Б.Б, Б.М нарыг бүлэглэн зодож, Б.Б-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв..." гэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудын үнэн бодит байдлыг илтэд үгүйсгэсэн, Эрүүгийн хуулийн үндсэн зарчим болон тусгай ангид заасан холбогдох заалтыг буруу тайлбарлан шийдвэр гаргасан нь тус хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэр гаргахаар хуульд тусгасан ч прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд зөвхөн яллах талын байр суурьтай оролцож, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйчлэлийн хувьд алдаатай дүгнэжээ. Хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж нь хувийн буюу хардалтын сэдэлтэй байсан гэдэг нь гэрч Г.Б-н "… З намайг найз залуутай байж өөр хүмүүстэй явж байна гэх шалтгаанаас болоод асуудал үүссэн. ...", мөн гэрч Б.А-н "... Манай найз Б-тай миний зүс таних З гэдэг залуу тааралдаад юм ярьж байгаад тэр хоёрын хажууд зогсож байсан О-г З нэг удаа цохисон. ...", шүүгдэгч Э.Б, А.З, гэрч Л.О нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсоор байхад анхан шатны шүүх үл ялих зүйлээр шалтаглан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар зүйчилсэн нь ойлгомжгүй байна. Хууль тогтоогчоос олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах буюу танхайрах гэмт хэргийн агуулгыг тайлбарлахдаа тухайн гэмт хэрэг үйлдэж буй гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлийн шинжийг агуулсан байх тухай тодорхойлжээ. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын бие махбодид санаатайгаар гэмтэл учруулах гэмт хэргийн хувьд тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус үйлдэл, үйл ажиллагаа зэргээс шалтгаалан өөр хоорондоо маргалдсан, зодолдсоноор бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүний шинжээр илэрдэг тухай нарийвчлан тайлбарласан байна. Мөн танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцоолон төлөвлөсөн, тодорхой үр дунд хүрэхийг эрмэлздэг зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргээс ялгагдаж байна.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн шинжээс үзвэл шүүгдэгч А.З-н гадаадад сурдаг найз Т-ий найз охин Г.Б найз залуугаа байхгүй хугацаанд өөр залуучуудтай шөнийн цэнгээний газарт зугаацаж байгааг харсан шүүгдэгч А.З-н хардалтын улмаас өөрийн хамт явж байсан найз нартайгаа үгсэн тохиролцож, зодоон үүсгэх тухай урьдчилан төлөвлөж зодоон үүсгэснээр хохирогч Б.Б-н биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөрдөн байцаагч гэмт хэрэг болсон газар буюу "А Л" нэртэй үйлчилгээний байгууллагыг хохирогчоор тогтоож, байгууллагыг төлөөлүүлэн Т.Т-с мэдүүлэг авахад "… манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд доголдол учирсан өөр хохирол учраагүй, ... нэхэмжлэх зүйл байхгүй. ..." гэж мэдүүлжээ. Үүнээс үзэхэд тухайн байгууллагад шүүгдэгч нарын үйлдлийн улмаас ямар нэг байдлаар хохирол учраагүй болох нь нотлогдож байна. Иймд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь санаа зорилго, үйлдлийн шинж, үйлдсэн арга хэлбэрээсээ шалтгаалан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй байгаа нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрч, хохирогч шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байна. Хэрэв танхайн шинжтэй үйлдэл байсан гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гэж үзэн, шийтгэл оногдуулах хууль эрх зүйн боломжтой байна. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.  Гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч нар гэмт хэрэгт хэрхэн, ямар байдлаар оролцсон нөхцөл байдлыг тодорхойлох боломжтой байхад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бодитой байх талаас нь үнэлээгүй шийдвэр гаргасан нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт татагдан оролцсон миний үйлчлүүлэгчийн хувьд эрх зүйн байдлыг хэт дордуулсан шийдвэр гаргажээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, торгуулийн арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б, С.Т нарын өмгөөлөгч Г.Өлзий-Орших давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүгдэгч А.З мэдүүлэхдээ "... би Б дээр очоод "хэнтэй явж байна" гэж асуусан. Энэ үед хохирогч болон түүний найзууд ирсэн. Намайг О эхэлж түлхсэн юм. Үүнээс болж бужигнаан үүсч, хамгаалагч нар биднийг баарнаас гаргасан. Баарнаас гараад зодоон дууссан байсан. ...", шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ "... гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс бүгд согтуу байсан учир болсон асуудлыг өөр байдлаар худал ярьсан байна. ...", гэрч Б.Д мэдүүлэхдээ "... зодуулаад нүд нь хавдсан залуу бүжгийн талбай дээр охидуудаа манай найзуудаас холдуулах гээд голоор нь орж ирсэн. Тэгээд Б хохирогч залуутай маргалдаад цохилцож эхэлсэн. Хамгаалагч нар хохирогч залууг Э, Б, Т, З нарын хамт баарнаас гаргасан. ..." гэжээ. Гэрч Б.Ө мэдүүлэхдээ “... зодуулсан гэх нүд орчимдоо гэмтэл авсан залуутай маргалдаж байсан залуучууд бүгдээрээ нийлж байгаад хохирогч залууг зодоогүй. Хоорондоо маргалдаад зууралдаад байхаар нь би болон манай хамгаалагч нар салгаад түлхэж хохирогч залуугаас холдуулж байсан. ...” гэжээ.

2017 оны 12 дугаар сарын 9-ний шөнө 01 цагийн үед, "А Л" баарны бүжгийн талбайд Б.Б, Л.О, Б.М, Г.Б, У.З, Б.А нар болон Э.Б, А.З, Г.Э, С.Т, Б.Д нар байжээ. А.Зо-н найз, гадаадад сурч байгаа Т-ий найз бүсгүй Г.Б нь бааранд үл таних залуучуудтай хамт явж байхыг А.З хараад эр эмийн хардлагаас болж хэрүүл маргаан үүссэн.

Л.О А.З-г эхэлж түлхсэнээс болж Э.Б, А.З, С.Т нар Б.Б, Л.О нартай зууралдан бужигнаан үүсч хамгаалагч   нар тэднийг салган, баарнаас түрж гаргажээ. Бааранд өөр үйлчлүүлэгч нар байгаагүй бөгөөд бужигнааны үед хүн гэмтэж бэртээгүй, баарны хэвийн үйл ажиллагаа, эд хөрөнгөд хохирол учраагүй тул Э.Б, А.З, С.Т нарын үйлдэлд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн, эд хөрөнгө устгаж гэмтээсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзэж байна.

Хохирогч Б.Б-н нүдэнд баарны гадна хэн гэмтэл учруулсныг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоогоогүй. Шүүгдэгч Э.Б, А.З, С.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн нь зүйлчлэлийн хувьд үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.З-н өмгөөлөгч С.Галцацрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанаас шүүгдэгч А.З-н өмгөөлөгчөөр оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шүүгдэгч А.З хүлээн зөвшөөрсөн. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөөгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан шинжид багтаж байна. Мөн танхайрах гэмт хэрэгт бодит хохирол учруулсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч А.З-г гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Танхайн гэмт хэрэг нь хохирлоос гадна хүний халдашгүй, чөлөөтэй байх, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг олон шинжийг агуулсан байхыг шаарддаг. Уг гэмт хэргийн тухайд дээрх шинжүүдийг агуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн тохиолдолд энэ зүйл, заалтыг хэрэглэхгүй” гэж заасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөлүүдийг хангаагүй тул ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй. А.З, Г.Э, Э.Б, С.Т  нарт холбогдох гэмт хэрэг нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн, бусдыг зодож, хөнгөн гэмтэл учруулсан гэсэн тус тусдаа гэмт хэргүүд учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн. Шүүгдэгч нар нийтийн хэв журмыг бүлэглэж, зөрчих үедээ хохирогч нарын биед гэмтэл учруулах гэмт хэрэгт санаа зорилгоор нэгдэн оролцсон учраас шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Тухайлбал, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг тусад нь шалгах, шинжээчийн дүгнэлт гаргах үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үедээ санаа зорилгоороо нэгдэж оролцсон бөгөөд гарсан үр дагаврыг хамтран хариуцах учраас хөнгөн хохирлыг хэн, хэн учруулсан гэдгийг тусгайлан авч үзэх шаардлагагүй. Баар нь цэнгээний үйл ажиллагаа явуулдаг, олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Гэмт хэрэг анх баарны бүжгийн талбайд үйлдэгдсэн ба баарнаас гараад баарны үүдэнд үргэлжилсэн. Гудамж талбай нь олон нийтийн газарт хамаардаг. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдож байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдээгүй гэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх А.З, Г.Э, Э.Б, С.Т  нарт холбогдох хэргийг давж заалдах гомдлуудад үндэслэн хянаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч А.З, Г.Э, Э.Б, С.Т  нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчимд нийцэхгүй байна.

Прокурор шүүгдэгч А.З, Г.Э, Э.Б, С.Т  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол үйлдэж /1 хх 75/, яллагдагчаар мэдүүлэг /1 хх 77-81/ авч, тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.  

Үүний дараа прокурор 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоол үйлдэж /1 хх 146-153/, шүүгдэгч нарт холбогдох дээрх зүйл, хэсэгт заасан хэрэг дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг нэмж, өөрчлөлт оруулсан атлаа яллагдагч нараас мэдүүлэг авахгүйгээр шууд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.  

Учир нь, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр зүйл, хэсэгт заасан нийлмэл гэмт хэрэг болгон эрх зүйн байдлыг нь хүндрүүлсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасан “...яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч нь сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй” тухай заалтууд зөрчигдсөнөөс гадна холбогдож буй хэргийнхээ талаар мэдүүлэг өгөх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5, 6.6, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж тогтоолгох, шинээр сонсгосон зүйлчлэлтэй холбогдуулан шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргах, уг ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож, эрх ашгаа хамгаалуулах зэрэг эрхүүдийг нь давхар хөндсөн байна гэж үзнэ.

Прокурорын ял өөрчилсөн тогтоолд яллагдагч нараар гарын үсэг зуруулсныг дээрх эрхүүдийг нь хангасан гэж үзэх боломжгүй.

  Иймд дээр дурьдсан ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.З, Г.Э, Э.Б, С.Т  нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулуулахаар тухайн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.