Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/01006

 

Б.Б, О.Знарын

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00065 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 501 дүгээр магадлалтай,

Б.Б, О.Знарын нэхэмжлэлтэй

В.Лд холбогдох

18 982 581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Бгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Лгийн зээлийн төлбөрийг үндэслэж зээлийг төлсөн асуудал яригдаж байгаа. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч В.Л гэдэг хүнээс зээл авч байсан гээд 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эрүүгийн хэргийн талаар ярьдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэргийн шүүх хуралдаан явагдаж байгаа юм шиг байр сууринаас хандаж нотлох баримтуудыг цуглуулж, гаргуулдаг. Гэтэл 2003 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Төв азийн сан ХЗХ-оос зээл авсан үйл баримт тодорхой байгаа. О.Згэж хүн очиж гарын үсэг зураад зээл нь В.Лгийн нэр дээр гарсан юм шиг яриад байна. Шаардах эрх үүсэхгүй байна. Гэрээ болон бусад зүйлийг үндэслээд шаардах эрх үүсдэг гэж хэллээ. Гэтэл Иргэний хуулийн 496 дугаар зүйлд сайн дураараа өөрөө мэдэж төлсөн гэж заасан. Яагаад сайн дураараа төлсөн гэхээр В.Лгийн нөхөр н.Батсайхан гэдэг хүнийг би болон манай хүргэн ах О.Зтаньдаг байсан. Би 2003 оны 4 дүгээр сараас эхлээд нөхөрлөлийн захирлын үүргийг хүлээж авсан. Бид нар байнгын харилцаа холбоотой байсан нь үнэн. Гэхдээ н.Батсайхан болон В.Лгийн хооронд зээл авахуулаад зээлийг нь хэрэглээд байсан зүйл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Эрүүгийн хэргийн бүх үйл баримт нь нотлогдсон. В.Лгийн зээлийг О.Завч хэрэглэсэн гэж ярьлаа. Тухайн үед буюу 2002 онд мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд яллагдагч өөрийнхөө гэм буруутай үйлдлийг нотлох үүрэг хүлээхгүй гэж тодорхой заасан байгаа. Эрүүгийн хэргийн архиваас авсан В.Лгийн мэдүүлэг дээр 11 500 000 төгрөгийн зээл авсан, яаж төлснөө мэдэхгүй байна гэж өөрөө хэлсэн байсан. Үнэхээр 11 500 000 төгрөгийн зээл аваад Б.Б, О.Згэж хүмүүс зээлийг нь төлөөгүй гэж үзэж байгаа бол өөрсдөө төлсөн гэдгээ нотолсон баримт нэг ч байхгүй. Иргэний хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөртөө давуу байдлыг бий болгохоор өөрийнхөө давуу байдлыг хууль бусаар ашиглаж болохгүй гэж үзэж байна. Танил талын холбоотой байсан гэж тайлбарлаад байгаа нь О.Зыг зээл авсан гэдгийг нотлохгүй. Б.Б, О.Знартай харилцаа үүсгэхээсээ өмнө нь н.Батсайхан Фин инвест ББСБ ХХК-аас зээл авч, хөрөнгөө барьцаанд тавьсан. Энэ зээлээ төлж чадаагүй байсан. Эхний авсан 4 000 000 төгрөгийн зээлийг нь чөлөөлөөд, дараа нь 2002 оны 10 дугаар сард дахиад 5 000 000 төгрөгийн зээл болгоод үүнийгээ мөн адил төлж чадаагүй. н.Батсайхан 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Нас барснаас нь хойш В.Л миний нөхрийг залилсан гээд хууль цагдаагийн байгууллагад хандсан. Үүний дагуу 2004 оны 4 дүгээр сараас эхлээд Эрүүгийн хэрэг үүсээд 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болсон. Энэ хугацаанд В.Л гэж хүн дандаа худал мэдүүлэг өгч, хууль зөрчиж байсан. Нөхөр нь 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нас барсан байхад 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан нөхрийнхөө өмнөөс зээл шилжүүлсэн гэсэн бичиг хийлгэж өгсөн. Үүнийг үндэслэж цагдаагийн байгууллагад өгч, эрүүгийн хэрэг үүсгээд О.Згэж хүн ял авсан. Тухайн үед Б.Б, О.Знар нь хууль, эрх зүйн мэдлэггүй байсан бөгөөд хуулийн байгууллага үнэнийг тогтоох байх гэж явсаар байгаад ял авсан. Бодит байдал дээр Б.Б, О.Знар хохирч байгаа болохоос биш В.Л хохирсон зүйл байхгүй. Яагаад шаардах эрх байхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Нэгэнт хүний өмнөөс зээлийн төлбөрийг нь төлөөд өгчихсөн болохоор төлбөрт төлсөн мөнгөө авъя гэж шаардахаар хүүхдүүдтэйгээ гэрт ирж дарамталж, О.Зыг зоддог. Эсвэл зээлийн төлбөрт төлсөн мөнгийг О.Зын эрүүгийн хэргийн төлбөрөөс хасаж тооцооч гээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэл хүргүүлэхээр хариу өгдөггүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай холбоотой асуудлыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр В.Лд 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэрээр төлбөрт нь тооцож өгсөн эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл авдаггүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй байна. Гэм буруутай нь тогтоогдлоо гээд шүүхийн шийдвэр гарсан. В.Л өөрийн биеэр шүүх дээр нэг ч удаа ирж байгаагүй. Нүүрээ хараад мэтгэлцэх бүрэн боломжтой байсан. Өөрийнхөө хүүхдүүдийг гэрчээр асуулгадаг. Хүүхдүүдэд нь хууль сануулаад байхад худал мэдүүлэг өгдөг. Зөвхөн Төв азийн сан ХЗХ-той холбоотой зээлийн гэрээ болон нэмэлт гэрээний баримтыг гаргуулъя, Б.Б гэж хүнд эдгээр баримтын эх хувь нь байгаад байна, худлаа баримт гээд эдгээр баримтын эх хувийг гаргуулъя гэдэг. Гэтэл Төв азийн сан ХЗХ татан буугдсан байна гээд баримт нь ирчихсэн, улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтад 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдөр В.Л гэж хүн Төв азийн сан ХЗХ-д гишүүнээр элссэн байна, зээл авсан байна гээд баримт нь ирсэн. Энэ зээлийг нь хэн төлж барагдуулж байсан талаар тухайн үед Төв азийн сан ХЗХ-д зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Лхамжав гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн. Хариуцагч тал ярихдаа барилгын компанитай байсан учраас зээл авах шаардлагагүй ашиг, орлого олдог байсан гэж ярьдаг. Гэтэл үнэндээ хэдэн хүмүүс цуглуулж ажиллуулаад хувиараа байшин барьдаг байсан. В.Батсайханыг нас барсны дараа н.Батсайхантай холбоотой бүх төлбөрийг Б.Б, О.Знар төлж барагдуулсан. Сүүлдээ өөрсдөө эрүүгийн хэрэгт холбогдсон. О.Зын бичсэн гээд байгаа сүүлд ирүүлсэн баримтаар 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Монгол шуудан банк ХХК-аас авсан зээлээр өмнөх зээлийг төлж барагдуулсан гэдэг бичиглэлийг хэрэгт ач холбогдолтой гээд байдаг. В.Л гэдэг хүн О.Зыг Монгол шуудан банк ХХК-аас авсан 14 000 000 төгрөгийн зээлийг авчихаад төлөхгүй байна гэсэн гомдол гаргаж О.Знь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар В.Лгээс 14 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан гээд өнөөдрийг хүртэл ял шийтгэлтэй явж байгаа. Төв азийн сан ХЗХ-ны төлбөрийг Монгол шуудан банк ХХК-ийн зээлийн төлбөрөөс барагдуулсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан болгон дээр хэлдэг. Гэрчүүдийн мэдүүлгээр В.Батсайхантай барилга бариулах хэлцэл хийгдэж, мөнгө суутгагдаж байсан учраас Цунами ХХК-ийн өмнөөс Фин инвест ББСБ ХХК-д 182 500 төгрөг, 112 000 төгрөгийг аваачиж төлдөг байсан гэдгийг гэрчилдэг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад В.Л гэж хүн 2003 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ерөөсөө зээлээ төлөөгүй. Зээлээ төлөөгүй байсан учраас В.Батсайхантай цуг ирээд бид нарын зээлээс төлөлцөж өгөөч гээд ярьсан. Бид нар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хүсч өргөдлөө бичээд газраа тоймлож аваад байшин барихад бэлэн болсон байсан. Газрын гэрчилгээ гараад В.Батсайхан барилга руу бригадаа оруулсан. Тухайн үед ажилчдын цалин, хоол, хүн зочид буудалд байрлуулж байсан мөнгийг бүгдийг нь гаргадаг байсан гэж н.Энхбаяр гэрчилдэг. Архины үйлдвэрүүд орлогын албан татвар өндөр төлдөг байсан хэдий ч ашиг олж байсан. Талс маркет нөхөрлөлийн захирлаар нь би бүртгэгдээд байнгын үйл ажиллагаа явуулж орлого олдог байсан. Энэ орлогоосоо В.Лгийн зээлийн хүүг төлж өгсөн. О.Збол 507 843 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгийг нь би төлсөн. Энэ төлбөрөө гаргуулж авахын тулд олон удаа уулзаж байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр байнга тааралддаг. Хэний тайлбар үндэслэлтэй гэдэг нь нотлох баримт судалсны дараа харагдах байх. Өнөөдөр бид нар энэ хэргийг шийдвэрлүүлснээр О.Згэж хүнийг эрүүгийн гэмт хэрэгтэн мөн, биш гэдгийг тогтооход ач холбогдолтой. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байсан учраас хуулийн хугацаанд нь бид нар нэхэмжлэлээ гаргасан. В.Батсайхан гэдэг хүн байшин барьж өгнө гээд 3 сарын хугацаанд 9 000 000 гаруй төгрөг авсан байсан. Тухайн үед нь би тэмдэглэл хөтлөөд явж байсан болохоор үүнийгээ хүртэл би шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үнэхээр байшин бариулах гэж байсан. Дөнгөж торхыг нь өрж байх явцдаа В.Батсайхан нас барсан. Үлдэгдэл мөнгийг нь хэн хэрхэн яаж хуваах юм. Би В.Батсайхан гэж хүнийг муу хүн байсан гэж хэлэхгүй. В.Батсайхан тухайн үед амьд байсан бол О.Збиш В.Батсайхан авсан мөнгө төгрөгийнхөө төлөө өөрөө ял авах байсан байх. 2018 оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч В.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Бгийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хэргийн бодит нөхцөл байдлыг илтэд мушгин гуйвуулан бичсэн байна. В.Л би В.Батсайхантай 1979 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж 1980-1990 оны хооронд 5 хүүхэдтэй болж өөрсдийн өнөр өтгөн гэр бүлийг бий болгосон. Миний нөхөр В.Батсайхан 1977-1996 он хүртэл УБЦТСүлжээ компанид монтёроор ажилладаг байсан ба хувиараа цахилгааны монтажийн ажил давхар хийдэг байсан. 1996 онд ажлаасаа гарч Эрч констракшн барилгын компани байгуулж хувийн бизнес эхлүүлсэн. Тус компани 10-аад үндсэн ажилтантай байсан ба зуны улиралд ажлын ачаалал ихсэхээр улирлын чанартай ажилчид авч ажиллуулдаг байсан. Энэ үед Монголд анх удаа мансарттай байшин баригдаж байсан. Нөхөр В.Батсайханы багийн найз О.Эрдэнэ-Өлзийгөөр дамжуулан О.Зтай 1980-аад оны үеэс танилцсан. Бид тухайн үед гэр бүлийн найзууд байсан. Гэр бүлээрээ ганц хоёр удаа л уулзаж байсан. Үүнээс хойш 2001-2002 он хүртэл холбоогүй байсан. О.Знь 2001-2002 оны үеэс манай нөхөр В.Батсайхантай ойр дотно болж эхэлсэн. Миний нөхөр шулуун шударга, зарчимч, цаг барьдаг, ажилсаг, найз нөхөд, ах дүү хамаатан садандаа нэр хүндтэй, нэг сайн хүндээ итгэж тууштай ханддаг зантай. Харин О.Зхүн харахад нүдэнд дулаахан, тэгсэн тэгсэн, тэгэлгүй яахав, ингэлгүй яахав гэсэн найрсаг зантай байсан. Гэхдээ миний бие тухайн үедээ О.Зыг дотроо бусдыг залилан мэхлэх хорон санаа агуулагдаж байсныг мэдээгүй. О.Зболон Б.Б нарын гуйлтаар өөрийн эд хөрөнгийг барьцаалж зээл авч өгч байсан. Б.Бгаар өөрийн өр төлбөрийг төлүүлсэн зүйл байхгүй. О.Зболон Б.Б нь өөрсдөө хариуцаж төлнө л гэж хэлдэг байсан. Намайг болон манай гэр бүлийн сайхан сэтгэлийг ашиглаж манай гэр бүлийг О.Зболон Б.Б нар нь орох орон гэргүй болгосон. Ийм байж их хэмжээний мөнгө нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. О.Зболон Б.Б нарыг өр ширтэй хэцүү байхад нь л тусалж байсан. Гэтэл шүүхэд илэрхий худал тайлбарыг гаргаж намайг гүтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Зохигчийн тайлбар нь өөрөө нотлох баримтад хамаардаг. Тэгэхээр энэ хэрэг дээр О.Згэж хүн нэхэмжлэгчээр байгаа учраас О.Зын тайлбар нь нотлох баримтад хамаарч болно. Эрүүгийн хэргийн материалд авагдсан О.Зын мэдүүлэг болон тайлбараас тодорхой харагдана. Энэ хүмүүс маш олон хүний байрыг зээлийн барьцаанд тавиулаад зээлийг нь аваад ашиглаад явсан гэдэг нь шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Ийм учраас иргэний шүүх О.Зын буруутай байсан эсэхийг тогтоохгүй. Хэргийн материалд авагдсан нэхэмжлэгч О.Зын мэдүүлгээр удаа дараагийн зээлийг О.Завч хэрэглээд, өмнөх зээлийг нь төлж чадахгүй болохоор дахин өөр газарт шилжүүлээд зээл аваад яваад байсан нь тогтоогддог. Төв азийн сан ХЗХ-ны зээл нь Монгол шуудан банк ХХК-аас авсан зээлээр төлөгдсөн гэдэг нь О.Зын мэдүүлэг болон В.Лгийн мэдүүлгээр давхар нотлогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдөө гаргаж өгөх боломжгүй нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй байсан учраас тэр хүсэлтийнхээ дагуу нотлох баримтуудыг цуглуулсан. Шаардах эрх гэдэг бол хууль болон гэрээний үндсэн дээр үүсдэг. Иргэний хуулийн 496 дугаар зүйл, 492 дугаар зүйлүүдийг хууль зүйн хувьд зөв ойлгож тайлбарлаж байж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл зөв гарна. Гэтэл энийгээ ойлгож уншилгүй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ буруу оруулж ирсэн гэж миний бие үзэж байна. Шүүх энэ дээр юу гэж дүгнэлт өгөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар сэжигтэн, яллагдагч өөрийн гэм буруугүйг нотлох үүрэг хүлээдэггүй байсан. Одоо ч гэсэн энэ зарчим хэвээрээ байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргаж байгаа тайлбар нь өөрөө нотлох баримтад хамаардаг. Мөн шүүх хуралдааны тэмдэглэл болон нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Тэгэхээр хэргийн материалд авагдсан байгаа эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд О.Зын хэлсэн мэдүүлэг байгаа, О.Зт хууль сануулаад авсан мэдүүлгүүд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт байж байгаа. Энэ үед О.Зч гэсэн өөрөө хариуцагчтай ижил тайлбарыг хэлдэг. Энэ бичгийн баримтуудыг нэхэмжлэгч талаас няцаасан үйл баримт байхгүй. Мөн В.Батсайханы гуйлтаар маш их хэмжээний мөнгө төлж байсан гэж тайлбарлаад байгаа. Гэтэл В.Батсайхан гуйсан эсэхийг ганц нэхэмжлэгчийн тайлбараар тогтоох боломж байхгүй. Зээл авсан бол төлөх ёстой гээд байна. Үнэхээр зээл авсан бол төлөх ёстой. Гэтэл эсрэгээрээ зээл аваагүй байсан бол төлөх ёсгүй. Энэ зээлнээс В.Батсайхан авсан бол тодорхой хэмжээний төлөлт хийсэн байх ёстой. Төв азийн сан ХЗХ-д ямар холбоо хамааралтай, яаж авсан гэдэг нь тогтоогдохгүй байхад бүх мөнгийг нь нэхэмжлэгч төлөөд байгаа нь үүний ард ямар нэгэн тохиролцоо байгаа гэдгийг харуулж байна. Энэ зээлийг О.Завсан гэдгээ эрүүгийн хэрэгт хүлээн зөвшөөрч тайлбарлаад байгаа нь уг зээлийг авсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Зээл шилжүүлэх гэрээг 2004 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн гэж байна. Энэ гэрээн дээр В.Батсайхан гэж бичсэний ард талд В.Л өөрийнхөө гарын үсгийг зурсан. Түүнээс биш В.Батсайхан гэж хүний өмнөөс иргэний үнэмлэхийг нь хавсаргаад гарын үсгийг нь дуурайлгаж зурсан зүйл байхгүй. В.Батсайханыг нас барсны дараа О.Зтай уулзаад авсан зээлээ төл гэж хэлэхэд О.Зөөрөө төлнө гэж хэлээд зээлийн гэрээ болон зээлийн гэрээ шилжүүлэх тухай гэсэн 2 баримт үйлдсэн. Үүний ард талд В.Л гарын үсэг зурсан гэдгийг нотлоод В.Лгийн иргэний үнэмлэхний хуулбар байгаа. Өнөөдрийг хүртэл В.Л хуурамч баримт үйлдээд О.З, Б.Б гэж хүмүүсийг хохироогоод байгаа юм шиг худлаа зүйл ярьж болохгүй. Энэ бол шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон. Миний тухайд хариуцагчаас сонссон хэрэгт ач холбогдолтой гэсэн баримтуудаа гаргаад явж байна. Мөн О.З, Б.Б нартай холбоотой эрүүгийн хэргийн 9 хавтаст хэргийн материалтай танилцаад үзэхэд надад суусан итгэл үнэмшил тийм л байсан. Олон хүний байрыг луйвардаж аваагүй байсан юм бол тухайн үед төлбөрийг нь төлөх боломжтой байсан бол тэр үед энэ хүмүүсийн төлбөрийг төлөх байсан. 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор О.Заас 13 000 000 төгрөг гаргуулж В.Лд олгохоор тогтоосон. Гэтэл өнөөдрийг хүртэл биелүүлээгүй л байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажлаа хийхгүй байна гээд удаа дараа гомдоод, шүүхэд ханддаг. Хэрэв өнөөдрийг хүртэл бүтэн 13 жилийн хугацаанд 13 000 000 төгрөгийг төлөх боломжтой байсан. Зээлийг үнэхээр аваагүй ашиглаагүй гээд байгаа бол О.Зын ижил төстэй тайлбарыг няцаах ёстой. Хэрэгт авагдсан зээл төлсөн, шаардах эрх үүссэн гээд байгаа баримтуудаас харахад 2003-2006 оныг хүртэлх баримтууд байгаа. Шаардах эрх бий болсон бол түүнийг хэрэгжүүлэх журам гэж байгаа. Зээлийн гэрээний дагуу манайх төлөх үүрэг байгаагүй учраас О.Зтөлсөн гэж маргаж байна. Үнэхээр шаардах эрх байсан гэж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байгаа учраас 12 жил өнгөрсөн. Иргэний хуульд ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг 10 жил байхаар заасан. Төлсөн огнооноос хойш хөөгөөд үзэхээр 2016 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй мэтээр ярьж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ дээр шүүх онцгойлон ач холбогдол өгөх ёстой байх. Мөн хуульд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах болон зогсох талаар заасан. Гэхдээ талуудын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах, түр зогсоох үйлдэл хийсэн талаар баримт байхгүй. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргахад тодорхой нөхцөл байдал бүрдэх ёстой бөгөөд дараах тохиолдолд шаардлага гаргаж болохгүй гэж заасан. Тус хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдэх ёстой. Гэтэл энийгээ мэдэгдээгүй. Бүтэн 10 жил өнгөрч байхад ердийн боломжит хугацаа гэдэг бол шууд тэр хүнд мэдэгдэж болох боломжит хугацааг хуульд заасны дагуу ойлгож байгаа. Барилга бариулах байсан гэж яриад байна үүнийгээ яаж нотолж байгаа юм. Мөн 2 мэдэгдэл өгөөд байхад юм хэлэхгүй байсан гээд байна. Хэрэв хариу өгөхгүй байгаад 10 жил өнгөрөх гээд байгаа бол шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байсан. Одоо тэр хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00065 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч В.Лд холбогдох 18 982 581 төгрөг гаргуулах Б.Б, О.Знарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 863 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 501 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Б.Бгийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 37-р зүйл, 40-р зүйлд заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, Иргэний хуулийн 75-р зүйл, 75.1 дэх хэсэг, 76-р зүйл, 76.2 дох болон 76.4 дэх хэсэг, 78, 79-р зүйл мөн хуулийн 82-р зүйл, 82.1 дэх хэсэг, мөн хуулийн 492-р зүйл, 492.1.2 дох хэсэг, 496-р зүйл, 496.1 дэх хэсгүүдийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн нь ИХШХШТХ-ийн 116-р зүйл, 116.2 дох хэсэгт заасны дагуу “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон үзэж давж заалдах журмаар гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...хариуцагч В.Лгиин 2003-02-25-ны өдрийн зээлийн гэрээгээр “Төв Азийн Сан” ХКХ-ноос зээлж авсан 11 500 000 төгрөг 2004.03.02-ны өдөр төлөгдөж дууссан болох нь гэрч Ш.Лхамжав болон төлбөрийн баримтуудаар тогтоогдож байх тул В.Лгийн зээлийн гэрээний үүрэг 2004.03.02-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзнэ. ...Иймд 2003.05-р сараас 2004.03.02-ны өдөр хүртэл хугацаанд В.Лгийн зээлийн төлбөрт төлөгдсөн 18 702 591 төгрөгийг /1 хх-ийн 9-17-р тал/ нэхэмжлэгч нар төлсөн нь тогтоогдсон гэж үзэв. Нэхэмжлэгч нар 18 982 581 төгрөг нэхэмжилж байгаа боловч 279 990 төгрөг нь баримтгүй байгааг дурдах нь зүйтэй...” гэж мөн нэхэмжлэгч нар В.Лгийн зээлийг төлж байсан талаархи баримтууд болон зээлийн гэрээг олж авах шаардлагагүй, өөрт нь байсан боловч 2004.03.18-ны өдөр найз нөхдийн харилцаатай байсан В.Батсайхан нас барсан, үүнээс хойш 2007.11.02-ны өдөр хүртэл хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан байдлыг нь шаардах эрхээ 2007.11.02-ны өөр хүртэл хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй байсан үндэслэлд тооцов” гэж зөв зүйтэй дүгнэсэн атлаа “...Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсноос хойш шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүйгээс гадна 2018.04.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 76-р зүйлийн 76.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх үйлдэл хийсэн гэж үзэхгүй. Мөн В.Лгийн өмнөөс зээлийг төлж нэхэмжлэгч нараас хөрөнгийн зардал гаргасан болохоо 2014.01.26-ны өдөр хх-ийн 21-225-р тал\ өдөр мэдэгдснийг энэ өдрөөр шаардах эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл хийсэн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 78,79-р зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгч нарын хариуцагчийн эсрэг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017.11.02-ны өдрөөр дуусгавар болжээ. Иргэний хуулийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны үр дагавар нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй буюу нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх эрхээ алдаж буй явдал. Иймд нэхэмжлэгч О.З, Б.Б нарын хариуцагч В.Лд холбогдуулан гаргасан 18 982 581 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв...” гэсэн нь илт үндэслэлгүй, санаатайгаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт болсон. Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үүрэгтэй байсан энэ үүргээ биелүүлээгүй, мөн гомдолд дурдсан хөөн хэлэлцэх хугацааны тухайд илт үндэслэлгүй дүгнэлт хийгээд зогсохгүй хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ “...хариуцагч 2003.02.25-ны өдөр “Төв Азийн Сан” ХЗХ-той байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авч хэрэглэсэн болох нь хэргийн баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч нар уг зээлийг төлсөн хэмжээгээр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй юм...” гэсэн дүгнэлт хийсэн нь ИХШХШТХ-ийн 40-р зүйл, 40.1, мөн 40.2 дох хэсэгт заасныг илт зөрчсөн дүгнэлт болох нь нэхэмжлэгч О.Зболон Б.Б нарын холбогдон шалгагдаж байсан эрүүгийн хэрэгт хариуцагч В.Лгийн мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Төв Азийн Сан ХЗХ-оос 11 500 000 төгрөгийг авсан, харин яаж эргүүлэн төлснөө мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгийг зохигчдын хүсэлтээр ИХШХШТХ-ийн 38-р зүйл, 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтанд авагдсанаар нотлогдож байгаа, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Төв Азийн Сан” ХЗХ-оос авсан зээлийг “Монгол шуудан” банкнаас авсан 14 000 000 төгрөгийн зээлээс төлсөн гэж удаа дараа хойшлогдож байсан шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гарган, УЕП-ын дэргэдэх эрүүгийн хэргийн төв архиваас энэ тухайд нотлох баримт гаргуулах хүсэлт гарган ИХШХШТХ-ийн 38-р зүйл, 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг хийлгэж байсан зэрэг бичгийн нотлох баримтуудыг огт анхааралгүйгээр ИХШХШТХ-ийн 166-р зүйл, 166.4 дэх хэсэгт заасныг зөрчин дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх “...хэргийн 215-225-р талд нэхэмжлэгчийн мөнгө шаардсан мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн дэвтрийн хуулбарт хариуцагчид хүлээлгэн өгсөн он бичигдээгүй байх ба шүүх үнэн зөв эргэлзээгүй баримтад тооцоогүй нь ИХШХШТХ-ийн 40-р зүйл, 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна” гэж дүгнэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримт буюу тодруулбал: 1-р хх-ийн 223-р талд “Билгүүн засаг” ХХК-ийн /UВ POST/ 2018.10.15-ны өдрийн албан тоот, 1-р хх-ийн 224-р талд авагдсан /UВ POST/ “Улаанбаатар шуудан”-ийн “баталгаат дугаар” гэх 1014/0126 гэсэн дугаар нь 1-р хх-ийн 225-р талд авагдсан баримтын 13 дугаарт бичигдсэн 1014/0126 “бүртгэлийн дугаарт”-тай тохирч байгаа, мөн 2-р хх-ийн 50-р талд авагдсан “Билгүүн Засаг” ХХК UВ POST “Улаанбаатар шуудан”-ийн 2014.01.27-ны өдрийн “Бэлэн мөнгөний баримт” зэрэг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийх ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1 болон 40.2 дох хэсэгт заасны дагуу дээрхи нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлэх үүргээ анхан болон давж заалдах шатны шүүхийн хэн аль нь биелүүлээгүй гэж үзэж байна. Б.Б нь Д.В.Лд хандан “Төв Азийн Сан” ХЗХ-д өмнөөс нь төлсөн мөнгөө гаргуулж авъя, эсхүл энэ төлбөрт өгсөн мөнгийг О.Зын төлбөрт нь суутгуулан НШГА-д О.Зт холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөрөөс хасуулан суутгуулъя” гэсэн санал тавьж албан ёсоор шуудангийн байгууллагаар хүргүүлсэн үйл баримт нь яагаад нотлох баримтанд тооцогдохгүй, хуульд заасны дагуу үнэлэгдэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Энэ хугацаа ч мөн дээрхи баримтуудад үндэслэгдэн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй үйл баримтанд хамаарах бөгөөд шүүх энэ баримтыг үнэлэхгүй, ганц бус бие биенээ харилцан нотолсон баримтуудыг илт зөрүүлэн үнэлж буй нь хуульд нийцэхгүй байна гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 40-р зүйл, 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал нь түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байна. Иргэн Б.Б нь 2014.01.27-ны өдөр В.Лд хандан түүний өмнөөс төлсөн мөнгөө эргүүлэн шаардах, эсхүл О.Зыг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулж О.Заас гаргуулах төлбөрөө суутгуулах тухайд 2014.03.02-ны өдөр буюу хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа болох 10 жилээс нь өмнө мэдэгдэл хүргүүлсэн, уг мэдэгдлийг В.Л нь хүлээн авсан байхад шүүх ийм илт үндэслэлгүй дүгнэлт хийж хууль зөчрчих эрхгүй гэж үзэж байна. Нөгөө талаар хөөн хэлэлцэх хугацаатай хамааралтай өөр бас нэг нотлох баримт хэрэгт авагдсан, энэ нь шүүгчийн хүчин төгөлдөр болсон захирамж байгааг хоёр шатны шүүх анхаарсангүй, шууд хэлэхэд анхаарахыг огт хүссэнгүй. Тодруулбал: анхан шатны шүүх “...2014.03.18-ны өдөр найз нөхдийн холбоотой байсан В.Батсайхан нас барсан, үүнээс хойш 2007.11.02-ны өдөр хүртэл хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан байдлыг нь шаардах эрхээ 2007.11.02-ны өдөр хүртэл хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй байсан үндэслэлд тооцов. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсноос хойш шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүйгээс гадна 2018.04.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 76-р зүйл 76.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч нарын хариуцагчийн эсрэг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017.11.02-ны өдрөөр дуусгавар болжээ” гэж давж заалдах шатны шүүх “2007.11.02-ны өдөр хүртэл хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан байдлыг нь шаардах эрхээ 2007.11.02-ны өдөр хүртэл хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй байсан үндэслэлд тооцож, хариуцагчийн эсрэг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2017.11.02-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй...” гэж дүгнэдэг. Нэхэмжлэгч В.Лд холбогдуулан 2017.11.01-ний өдөр нэхэмжлэл гарган шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2017.11.08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 2017.11.09-ний өдөр № 102/Ш32017/14872 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гаргасан нь хэрэгт нотлох баримтаар /1-р хх-ийн 6-р тал/ авагдсан байдаг. Үүгээр нэхэмжлэгч 2017.11.02-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаанд багтан нэхэмжлэлээ гаргасан нь нотлогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 79-р зүйл, 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах учиртай. Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг тодруулж Иргэний хуулийн 79-р зүйл. 79.6 дахь хэсэгт зааснаар 2018.04.20-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь илэрхий баримтыг үнэлээгүй, үнэлэхийг хүсэхгүй Иргэний хуулийн 75 болон 79-р зүйлүүдийг мөн Иргэний хуулийн 496-р зүйлийг тус тус буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.З, Б.Б нар хариуцагч В.Лд холбогдуулан түүний өмнөөс зээлд төлсөн 18 982 581 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарын гуйлтаар хадгаламж зээлийн хоршоотой гэрээ байгуулж, зээл авч өгсөн, уг зээлээ нэхэмжлэгч нар төлсөн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд Б.Б, О.Знарын зүгээс 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Төв азийн сан ХЗХ-оос 11 500 000 төгрөгийг зээлж авсан В.Лгийн нөхөр Батсайханы зээлийн төлбөрт 2003 оны 5 дугаар сараас 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд нийт 18 702 591 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон боловч “өөрсдөө зээл авахуулаад буцаагаад төлсөн” гэх хариуцагч В.Лгийн тайлбар, нотолгоог хангалттай үгүйсгэж чадаагүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна.

Шүүх үүрэг үүсэх эрх зүйн үндэслэл, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа, хугацааг тоолох журам, шаардах эрхийн үндэслэл зэрэг эрх зүйн асуудлаар зайлшгүй хийвэл зохих дүгнэлтийг хийсэн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Б.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00065 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 501 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 253 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА