Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00023

 

Х Б ХХК-ийн Хөвсгөл салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийдвэртэй,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар магадлалтай,

Х Б ХХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Ч.Т-, Л.Т- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 81.265.745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Х.Х, хариуцагч Ч.Т-, хариуцагч Л.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С /онлайнаар/, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Х Б ХХК-ийн Хөвсгөл салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Зээлдэгч Ч.Т- нь 2016 оны 11 сарын 04-ний өдөр Х Бнаас бизнесийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эхний 3 сар хүү, үлдсэн хугацаанд сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр авсан. Зээлийн барьцаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сум 6-р багийн 31-р гудамж 01 тоотод байрлах 168м.кв талбайтай Ү-1723001182 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний объект, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р багийн 31-р гудамж 01 тоотод байрлах 420.5м.кв талбайтай Г-1723004614 улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, бараа материал зэрэг хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгчээс үндсэн зээлийн төлбөр 26.516.576 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.052.593 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 163.496 төгрөг, нийт 30.732.665 төгрөг төлөх үүрэгтэй. Мөн зээлдэгч Ч.Т- нь 2016 оны 8 сарын 04-ний өдөр Х Бнаас бизнесийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай шугамын зээлийн нөхцөлтэйгөөр авсан. Зээлийн барьцаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сум 6-р багийн 04-р гудамж 14 тоотод байрлах 168м.кв талбайтай Ү-17230012754 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р багийн 04-р гудамж 14 тоотод байрлах 505 м.кв талбайтай Г-1723000361 улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, ХӨА 32-54 улсын дугаартай Ланд-80 машин, контейнер 3ш, бараа материал зэрэг хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан. Одоогоор зээлийн хугацаа хэтрээд 257 хонож байгаа, банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгчээс 2018 оны 10 сарын 03-ны байдлаар үндсэн зээлийн төлбөр 49.140.302 төгрөг, хүү 1.158.099 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231.620 төгрөг, нийт 50.533.080 төгрөг төлөх үүрэгтэй.

Зээлдэгч Ч.Т-, Л.Т- нараас 2016 оны 08 сарын 04-ний өдрийн ЗГ201642699514 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 50.533.080 төгрөг, 2016 оны 11 сарын 04-ний өдрийн ЗГ201642834054 зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 30.732.665 төгрөг тус тус нэхэмжилж, шүүхээс иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд шүүхээс тус нэхэмжлэлүүдийг нэгтгэсэн учир хариуцагч нараас нийт 81.265.745 төгрөг нэхэмжилж байна. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүд болох Хөвсгөл аймаг, Мөрөн сум 6-р баг 4-р гудамж 14 тоотод байрлах 168 м.кв талбайтай Ү-1723002754 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах 505 м.кв талбайтай Г-1723000361 улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, 32-54 ХӨА улсын дугаартай Ланд-80 маркийн машин, контейнер 3 ширхэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сум 6-р баг 31-р гудамж 01 тоотод байрлах 168 м.кв талбайтай Ү-1723001182 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний объект, мөн хаягт байрлах 420,5 м.кв талбайтай Г-1723004614 улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, бараа материал зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарт: Х Бны 2016 оны 11 сарын 04-ний өдрийн зээл, зээлийн хүүний төлбөрт 4.052.593 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 163.496 төгрөг, нийт 4.216.089 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Х Бны нэхэмжлэлтэй 50.533.080 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба 2016 оны 08 сарын 04-ний өдрийн авсан зээлийн хүүний төлбөрт 1.158.099 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 231.620 төгрөг, нийт 1.389.719 төгрөгийг тус тус төлөх үндэслэлгүй. 2016 оны 8 сараас эхлэн Х Бнаас 2 удаа бизнесийн зээл авч үйл ажиллагаа явуулж байсан. Үйл ажиллагааны явцад эрсдэл учирч зээлийг цаг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Миний бие тус банкнаас зээл авсан, эргүүлэн төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч 2016 оны 08 сарын 04-нд зээлж авсан 50 сая төгрөгт оногдуулж байгаа хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь банктай байгуулсан гэрээний дагуу 50 сая төгрөгт оногдуулсан хүүг бүрэн төлсөн бөгөөд зөвхөн үндсэн мөнгөө графикийн дагуу төлөх ёстой байтал хүү, нэмэгдүүлсэн хүү үндэслэлгүйгээр нэмж тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Миний эрхэлж байсан бизнес гэмт хэрэгт өртсөний улмаас 2018 оны 02 сарын 22-нд Х Банд хандан зээлийн хүүг зогсоолгох талаар хүсэлт гаргасан. Гэтэл банкны зүгээс 2016 оны 11 сарын 04-ний өдөр авсан зээлд мөн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Х Бны зүгээс нэхэмжилж байгаа 81.265.745 төгрөгөөс анх зээл олгохдоо шимтгэлд авсан мөнгөнд оногдуулсан хүү, бизнес маань гэмт хэргийн улмаас эрсдэлд орсон учраас банканд хандан зээлийн хүүг зогсоох хүсэлт гаргаснаас хойш зээлүүдэд оногдуулсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцуулах ёстой гэж үзэж байна. Бидний тооцоогоор 73.584.991 төгрөг үлдсэн гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Модчин овогт Чогсомжавын Төмөрбаатар, Хэрээд овогт Лувсансодовын Баасанхүү нараас 79.872.967 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х Бны Хөвсгөл салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.392.778 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Хөвсгөл аймаг, Мөрөн сум 6 дугаар багийн 4 дүгээр гудамжны 14 тоотод байрлах 168 мкв талбайтай Ү-1723002754 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах 505 мкв талбайтай Г-1723000361 улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, 32-54 ХӨА улсын дугаартай Ланд-80 маркийн машин, контейнер 3 ширхэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сум 6 дугаар баг, 31-р гудамж 01 тоотод байрлах 168 м.кв талбайтай Ү-1723001182 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний объект, мөн хаягт байрлах 420,5 м.кв талбайтай Г-1723004614 улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, бараа материал зэргийг тус тус албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 722.228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Т-, Л.Т- нараас 557.315 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х Бны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “79,872,967” гэснийг “75,391,988” гэж, “1,392,778” гэснийг “5,873,766” гэж, 3 дахь заалтын “557,315” гэснийг “534,910” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Хариуцагч Ч.Т-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115.558 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас нийт 5.873.766 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар Иргэний хууль болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Магадлалд “нэхэмжлэгч 2 зээлийн гэрээгээр зээл олгохдоо нийт 900.000 төгрөг суутгаж, 9.100.000 төгрөгийн зээл олгож гэрээнд заасан мөнгийг бүрэн хэмжээгээр шилжүүлээгүй учир өгөөгүй мөнгө, түүнд тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд заасан журмын дагуу байгуулсан гэрээгээр зээлдүүлэгч буюу банк зээлдэгчийн харилцах дансанд 2016 оны 08 сарын 05-ны өдөр 50.000.000 төгрөг, 2016 оны 11 сарын 04-ний өдөр 40.000.000 төгрөг тус тус гэрээнд заасны дагуу шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан харилцагчийн дансны хуулгаар нотлогдож байхад шүүх уг нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлж дүгнээгүй, үндэслэл бүхий тайлбар няцаалтыг хийж чадаагүй болно. Гэрээний талуудын хооронд 2016 оны 8 сарын 04-ний өдрийн 201642699514 дугаартай зээлийн гэрээний 2.4.1-д Зээл олгох шимтгэл хэсэгт “Зээлийн шугамын хэмжээний 1 хувь байна. Энэхүү шимтгэлийг зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсноор зээлдэгч нэг удаа төлнө” гэж, 2016 оны 11 сарын 04-ний өдрийн ЗГ201642834054 дугаартай зээлийн гэрээний 2.3.1 заалтад “...олгосон зээлийн дүнгийн 1 хувь байна” гэж тус тус гэрээгээр тусгайлан зохицуулсан. Дээрх гэрээний дагуу банк харилцагчийн хүсэлтээр зээл олгох бөгөөд олгосон зээлээсээ шимтгэл авахыг талууд гэрээг байгуулахдаа тохиролцож, зөвшөөрсөн болно. Гэтэл банк анхнаасаа зээлийг олгохдоо хасаж олгосон талаар хэрэгт ямар нэгэн баримт огт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх зээл олгохоос өмнө шимтгэлийг суутган авсан мэтээр дүгнэсэн нь илтэд хууль бус бөгөөд энэ нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан байхад хариуцагч нь ямар үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, хэдэн төгрөгний хүүг зөвшөөрөхгүй байгаа талаараа үгүйсгэх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, түүнийгээ тайлбарлаагүй байхад давж заалдах шатны шүүх “...хариуцагч нь зээлийн тооцоолол, хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөөгүй боловч өөрийн үндэслэлийг нотлох тооцоог нарийвчлан гаргаж өгөөгүй тул 2016 оны 11 сарын 04-ний өдрийн зээлийг ...зээлдэгчийн 2018 оны 10 сарын 03-ны өдрийн байдлаар хийсэн тооцоог үндэслэн гэрээгээр тохирсон тэнцүү төлөх нөхцлөөр тооцож хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй” гэж үзэж дүгнэсэн нь талуудын тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан ИХШХШТХуулийг ноцтой зөрчсөн байна. Магадлалд “Зээлдэгч нь 2016 оны 11 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 23.116.576 төгрөг, хүү 3.494.144 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140.966.18 төгрөг нийт 26,751,686.18 төгрөг, 2016 оны 08 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн хувьд анхан шатны шүүх “...үндсэн зээл 859.698 төгрөг, зээлийн хүүд 15.782.221 төгрөг төлсөн” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 48.640.302 төгрөг буюу 2 зээлийн гэрээгээр үндсэн зээл 71.756.878 төгрөг, зээлийн хүү 3.494.144 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140.966.18 төгрөг нийт 75.391.988 төгрөг төлөх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхээс хэрхэн тооцоолсон талаар тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс хэд хоногийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн хасаж тооцоолж байгаа үндэслэл, тайлбарыг хийгээгүй байна. Иймд шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна гэж үзэж хяналтын журмаар дараах гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс Х Бнаас анх зээлсэн 50 сая төгрөгийн зээлд оногдуулсан шимтгэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг хасч тооцсон боловч 40 сая төгрөгт тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг хэвээр нь үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл миний зүгээс бизнес эрсдэлд учирсан болохоо Х Банд 2018 оны 2 сард бичгээр хүсэлт гарган мэдэгдсэн ба үүнээс хойш банкны зүгээс хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцох боломжгүй байсан нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээгүй нь буруу гэж үзэж байна. Миний бие тус банкнаас нэхэмжилж байгаа зээлийн эргэн төлөлтийн бодит үнийн дүн, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг тооцоолол нь миний тооцож байгаа үнийн дүнгээс зөрүүтэй, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондын тооцоо зөрж байгаагаас шалтгаалан тусгай мэдлэг дутагдаж байгаа тул мэргэжлийн шинжээч томилуулж тооцоог дахин бодуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч хүлээж аваагүй, мөн энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч мөн л хүлээж аваагүй нь магадлал үндэслэлгүй гарах нөхцөл болсон гэж үзэж байна. Магадлалын үндэслэх хэсэгт “Зээлдэгч нь 2016 оны 11 сарын 04-ний өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 23.116.576 төгрөг, хүү 3.494.144 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140.966.18 төгрөг, нийт 26.751.686.18 төгрөг гэж дүгнэжээ. Миний зүгээс хүүгийн бодолтод эргэлзэж байгаа, мөн нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүү зэргийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хянаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Х Б ХХК-ийн Хөвсгөл салбар нь Ч.Т-, Л.Т- нараас 2 удаагийн зээлийн гэрээний үүрэгт 81.265.745 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Зохигчийн хооронд 2016.08.04-ний өдөр 50.000.000 төгрөг, 2016.11.04-ний өдөр 40.000.000 төгрөг зээлэх гэрээ тус тус байгуулагджээ.

Нэхэмжлэгч Х Б ХХК-ийн Хөвсгөл салбар эхний зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 49.140.302 төгрөг, зээлийн хүү 1.158.099 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231.620 төгрөг, нийт 50.533.080 төгрөг гаргуулах, хоёрдох зээлийн гэрээг цуцлан, үндсэн зээл 26.516.576 төгрөг, зээлийн хүү 4.052.593 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163.496 төгрөг, нийт 30.732.665 төгрөг гаргуулах, шаардлагыг тус тус гаргасан хэдий ч нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус, шүүх энэ талаар тодруулаагүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Т-, Л.Т- нар 2016.11.04-ний өдрийн гэрээгээр эхний 3 сар зээлийн хүүг, 4 дэх сараас хүү, үндсэн зээлийн зохих хувийг тогтмол дүнгээр буюу  1.642.700 төгрөгөөр төлж гэрээний хугацаа дуусахад төлбөрийг бүрэн төлөх үүрэг хүлээсэн, харин 2016.08.04-ний өдрийн буюу шугамын зээлийн гэрээний нөхцлөөс үзвэл талууд зээлийн эргэн төлөх хуваарийг урьдчилж тогтоох боломжгүй, зээлдэгчийн ашигласан зээлийн дүн, хугацаа, төлсөн төлбөрөөс гүйцэтгэх үүрэг хамааралтай байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үүргийн хэмжээг тогтоохын тулд тухайн гэрээний хугацаа, зээлийг эргэн төлөхдөө гэрээгээр ямар нөхцөл тохирсон, төлбөр хийсэн огноо тус бүрийг харгалзан үзэхээс гадна төлөгдсөн төлбөр чухамхүү гэрээний аль үүрэгт, тухайлбал, үндсэн зээл эсхүл хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцогдохыг тодорхой болгох шаардлагатай.

Хариуцагч Ч.Т-, Л.Т- нар эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, хүүд, хэзээ хэдэн төгрөг төлсөн, нэхэмжлэгч Х Б ХХК-ийн Хөвсгөл салбар нь нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцоолсон зэрэг нэхэмжлэлийн үндэслэл тооцоолол тодорхой байж, уг тооцооллын аль хэсгийг хариуцагч ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгааг тодруулах буюу талуудын мэтгэлцээнд үндэслэж, шүүх эрх зүйн дүгнэлт өгөх учиртай ба ийм тооцоолол хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч  Х Б ХХК-ийн  Хөвсгөл салбарын гаргасан зээлийн 2 гэрээний төлбөр төлсөнтэй  холбоотой  хариуцагч Ч.Т-, Л.Т- нарын нэр дээрх зээлийн дансны хуулгаар шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж дүгнэлт хийх боломжгүй болно.

Дээрх байдлаар хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгч Х Б ХХК-ийн “магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах” гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Ч.Т-ын “хэргийг дахин шийдвэрлүүлэх” гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 108.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Т-ын Төрийн сангийн 100170000957 тоот дансанд төлсөн 59.306 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ