| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 101/2018/05199/И |
| Дугаар | 001/ХТ2020/00052 |
| Огноо | 2020-01-30 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2020/00052
Ц.Т-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00209 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 477 дугаар магадлалтай,
Ц.Т-гийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийбаяр, гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Эрдэнэсүрэн, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Т-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2017/02114 тоот захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь иргэн миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 73 дугаар байрны 1 тоотод байрлах Ү-22040378868 тоот Улсын бүртгэлийн дугаартай 92,93 м.кв орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнээр дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тул тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний өгсөн үнийн саналыг харгалзан үзэлгүй Мөнх-оргил трейд ХХК-иар үнэлгээ хийлгүүлж тус газар нь миний орон сууцыг 160.750.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Тус үнэлгээний талаарх мэдэгдлийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдлээр хүргүүлсэн байдаг. Миний бие уг мэдэгдлийг хүлээн аваад үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шийдвэр гүйцэтгэгчдээ хэлж хүчингүй болгуулах талаарх гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4/69 тоот тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн мэдэгдлээр иргэн миний орон сууцыг 160.750.000 төгрөгөөр үнэлж түүний 70 хувиар буюу 112.525.000 төгрөгөөр дуудах үнийг тогтоосон талаар мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан. Мөнх-Оргил трейд ХХК нь намайг байхгүйд манайд ирж орон сууцыг үзсэн бөгөөд үнэлгээ гаргахдаа тухайн орон сууцны насжилт, орц гарцыг үнэлгээний тайландаа 1 гэж ижлээр гаргасан, мөн ойр орчмын байрнууд 5 жилийн хугацаатай ашиглалтад орсон байхад итгэлцүүрийг 1 гэж тооцсон байдаг ба үүгээр тооцвол 10.000.000 гаруй төгрөгийн зөрүү гарч байна. Үнэлгээний тайланг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр баталгаат шуудангаар хүлээн авсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу миний бие хуульд заасан хугацаанд шүүхэд хандаж байгаа тул гомдлыг хүлээн авч 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32017/02114 дүгээр захирамжаар Ц.Т-, Ц.Борхүүхэн нараас 24.495.842 төгрөгийг гаргуулж Цэншижир ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Ц.Т-, Ц.Борхүүхэн нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч Ц.Т-, Ц.Борхүүхэн нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 73 дугаар байрны 01 тоотод байрлах 92,93 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 17261708/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17261708/06 дугаар тогтоолоор барьцаалан хураасан. Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дахин шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-аар үнэлгээг тогтоолгоход 160.750.000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоосон. Уг үнэлгээг талуудад 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4/13458, 4/13457, 4/13455, 4/13456 тоот мэдэгдлүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлж, төлбөр төлөгч Ц.Т-тэй уулзаж эрх, үүргийг тайлбарласан. Төлбөр төлөгч Ц.Т- 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус газарт хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, төлбөр төлөгчдөд хөрөнгөө бие даан худалдан борлуулах хугацааг олгосон боловч хөрөнгийг худалдан борлуулаагүй тул анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр оруулж, худалдан борлогдоогүй. Үнэлгээний тайланг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шинжээчээс хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Ц.Т-, Ц.Борхүүхэн нарт мэдэгдлүүдийг баталгаат шуудангаар хүргүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204037868 дугаарт бүртгэлтэй орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/13 дугаар тогтоолыг мэдэгдлийн хамт хүргүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй, хоёр дахь албан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн нь хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч Ц.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Мөн нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаа буюу 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Цэншижир ББСБ ХХК-ийн төлөөлөгч Н.Эрдэнэсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Ц.Т-, Ц.Борхүүхэн нар Цэншижир ББСБ ХХК-иас 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Герман улсад явж эмчлүүлэх гэсэн хувийн хэрэгцээнд 20.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээл аваад хугацаандаа төлөөгүй. Шүүхийн шийдвэрээр 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 24.495.842 төгрөг гаргуулж Цэншижир ББСБ ХХК-д олгохоор шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад манай компаниас үнэлгээний хөлс 150.000 төгрөг төлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын томилсон Сэлэнгэ эстимейт ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 158.000.000 төгрөгөөр тогтоосон нь 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон. Ингээд 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4/13456 тоотоор Мөнх-Оргил трейд ХХК-аар 160.750.000 төгрөгөөр үнэлүүлсэн мэдэгдэл ирсэн. Ц.Т- нь авсан зээлээ төлөхгүй цаг хугацаа хожиж шүүхийн шийдвэрийн үйл ажиллагааг удаашруулж манай компанийн эрх ашигт хохирол учруулж байна. Иймээс Мөнх-оргил трейд ХХК-ийн үнэлгээ зах зээлийн үнээр үнэлэгдсэн болон Ц.Т- нь үнэлгээ хийсэн тухай мэдэгдэл аваад үнэлгээг үл хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00209 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 28/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Т-гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 477 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00209 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ц.Т- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Т-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд ...Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг анхаар ч үзсэнгүй. Тодруулбал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний өгсөн үнийн саналыг харгалзан үзэлгүй Мөнх-Оргил Трейд ХХК-иар үнэлгээ хийлгүүлж, тус газар нь Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, 73-р байр 1 тоот хаягт байрлах 92,93м.кв миний орон сууцыг 160.750.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэхүү үнэлгээнийхээ талаар мэдэгдэлийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдэлээр надад хүргүүлсэн. Уг мэдэгдэлийг хүлээн аваад гомдолоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээний 70%-иар буюу 112.525.000 төгрөгөөр дуудах үнийг тогтоосон талаар мэдэгдэлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.3-т заасны дагуу 7 хоногийн дотор гомдолоо шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу уг хугацаанд багтаан гомдолоо гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Үүнээс гадна Мөнх-Оргил Трейд ХХК нь намайг байхгүйд манайд ирж орон сууцыг үзсэн бөгөөд үнэлгээ гаргахдаа орон сууцны насжилт, орц гарцны үнэлгээний тайландаа 1 гэж ижлээр гаргасан, мөн ойр орчмын байрнууд 5 жилийн хугацаатай ашиглалтанд орсон байхад итгэлцүүрийг 1 гэж тооцсон байдаг ба үүгээр тооцвол 10 орчим сая төгрөний зөрүү гарч байна. Гэтэл шүүхээс энэ талаарх нотлох баримтаа хавтаст хэрэгт ирүүлээгүй гэсэн байна. Гэтэл хөрөнгийн үнэлгээг хийхдээ хэрхэн хийх талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох хууль дүрэм, журамдаа тодорхой тусгагдсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс нийтэд илэрхий хууль тогтоомжийг нотлох баримтаар өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ц.Т-гийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох иргэний хэрэгтэй холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түтгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүгчийн захирамжийг үл ойшоон 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анхны дуудлага худалдааг зохион байгуулсан. Ц.Т- миний бие хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг хэн ч байсан дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлдэг хууль ёсны төрийн байгууллага нь шүүгчийн захирамжийг биөлүүлэлгүй ажиллагаа явуулж байгаа нь яав ч хууль ёсны үйлдэл гэж бодохгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ийм илт хууль бус үйл ажиллагааг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч миний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх, багасгах, татгалзах эрхээр минь хангаагүй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдлийг хяналтын шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх ямар ч боломж байхгүй. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ц.Т-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийн талаар хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2017/02114 дугаар захирамжаар Ц.Т-, Ц.Борхүүхэн нар 24.204.777 төгрөгийг Цэншижир ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Ц.Т-, Ц.Борхүүхэн нар захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Цэншижир ББСБ ХХК-ийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 73 дугаар байр, 1 тоотод байрлах 92.93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 17261708/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 17261708/06 дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулсан байна.
Төлбөр төлөгч Ц.Т- нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийг 420.000.000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдааны үнийн саналыг өгсөн боловч төлбөр авагч Цэншижир ББСБ ХХК нь үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.
Шинжээчээр ажилласан Мөнх-Оргил трейд ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын хандлагын, зардлын хандлагын, зах зээлийн харьцуулалтын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцжээ.
Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулан үзээд хамгийн өндөр үнэлэгдсэн зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 160.750.000 төгрөгөөр тогтоосон нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, ...тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, ойр орчмын байрнууд 5 жилийн хугацаатай ашиглалтад орсон байхад итгэлцүүрийг 1 гэж тооцож, 10 орчим сая төгрөгийн зөрүү гаргасан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч Ц.Т-, Ц.Борхүүхэн нарт үнэлгээ тогтоосон тухай 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 4/13458, 4/13455 тоот албан бичгийг мөн өдрөө баталгаат шуудангаар, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, дуудлага худалдааг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явуулах тухай 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/13 дугаар тогтоолыг 11 сарын 07-ны өдөр тус тус мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл хүргүүлсэн тухай албан бичиг зэргээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч Ц.Т- эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасантай нийцэх бөгөөд тэрээр хөрөнгийн үнэлгээний тайланг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн атлаа гомдлоо 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасныг дурдсан хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчийн гомдол дурдсан “...нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн” гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Т-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00209 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 477 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ