Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2018/00511/И |
Дугаар | 001/ХТ2020/00058 |
Огноо | 2020-02-04 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2020/00058
КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00351 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 593 дугаар магадлалтай,
КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
БШ ХХК, ЗБДСд тус тус холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 161.645.757 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч ЗБДСгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч КБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Зээлдэгч БШ ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ-12, БГ-12 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 150.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 5 хувийн нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ ЭТӨЧ 81 дүгээр байр, 33 тоот хаягт байрших, 36,15 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, товчоо 6 дугаар гудамж, 122а тоот хаягт байрших, 468 м.кв талбайтай газар эзэмших эрх, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, товчоо 6 дугаар гудамж 122б тоот хаягт байрших, 468 м.кв талбайтай газар эзэмших эрх, 54-26 УНР улсын дугаартай, Бонго фронтер маркийн автомашиныг тус тус барьцаалж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 7.758.786 төгрөг, зээлийн хүүнээс 10.523.053 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 98.512 төгрөг, нийт 18.380.352 төгрөг төлсөн. Гэтэл дээрх зээлийн гэрээний дагуу үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн биелүүлээгүй байна. Зээлдэгч БШ ХХК нь үндсэн зээл 142.241.213 төгрөг, зээлийн хүү 16.170.453 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.234.090 төгрөг, нийт 161.645.757 төгрөгийг төлөөгүй байгаа. Үүнээс КБ ХХК, ЗБДС, БШ ХХК нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээгээр ЗБДС тухайн зээлийн 60 хувийг хариуцахаар талууд харилцан тохиролцсон. Ийм учраас ЗБДСгаас зээлийн үлдэгдэл 142.241.213 төгрөгийн 60 хувь буюу 85.344.728 төгрөгийг, үлдэгдэл 76.301.029 төгрөгийг БШ ХХК-аас гаргуулж, зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч БШ ХХК-ийн төлөөлөгч Б.Г-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компани тус банкнаас 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 150.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй зээлийг авч шувууны аж ахуйн тоног төхөөрөмж, тахианы байр бэлдэх, өндөглөгч тахиа худалдаж авах, шувууны тэжээл бэлтгэх зэрэг үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор уг зээлийг авсан. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх явц эхэндээ сайн явагдаж байсан боловч сүүлийн 2 жилийн хугацаанд гадаадаас хямд үнэтэй, их хэмжээний өндөг орж ирснээс өндөгний борлуулалт буурч эхэлсэн. Манай компани КБнаас авсан зээлийн эргэн төлөлтийг эхний нэг жилийн турш төлсөн бөгөөд хоёр дахь жилээс эхлэн үндсэн зээл төлж эхлэхэд тахианы тэжээлээ авч чадахаа больж аж ахуйн үйл ажиллагаагаа зогсоосон. Манай компанийн авсан зээлийн хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 15-нд дуусах бөгөөд одоогийн байдлаар 158.278.732 төгрөгийг төлөх боломжгүй тул үндсэн зээлийн хугацаа дуусах хүртэл хүлээж өгнө үү гэжээ.
Хариуцагч ЗБДСгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...ЗБДС нь КБ ХХК болон БШ ХХК-тай 2015 оны 4 сарын 23-ний өдөр 12 тоот батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээний 1.4-д Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна гэж заасан. Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Гэрээний 1.6, 3.2.3, 3.2.4, 3.4.1-д заасан нөхцлүүдийг хэрэгжүүлээгүй байгаа тул ЗБДСгаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Иргэний хууль болон ЗБДСгийн тухай хуульд нийцүүлэн хийсэн Батлан даалтын гэрээгээр банк зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шаардлагыг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд ЗБДС хариуцах үүрэгтэй. Банк энэ үүргээ гүйцэтгээгүй байгаа тул ЗБДСгийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй байна. Иймд ЗБДСд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00351 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1-д заасныг баримтлан хариуцагч БШ ХХК-аас 158.313.154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч КБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.332.603 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч ЗБДСд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч БШ ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ү-2204029574 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000100307 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ ЭТӨЧ 81 дүгээр байр, 33 тоот хаягт байрших, 36,15 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, нэгж талбарын 18654307718963 дугаартай, 000535073 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 6-122а тоот хаягт байрших, 468 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 18654307712945 дугаартай, 000534967 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 6-122б тоот хаягт байрших, 469 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, 54-26 УНР улсын дугаартай, KNCSD0622XS453943 аралын дугаартай, Киа Бонгофронтер маркийн автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.103.316 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БШ ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 949.515 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 593 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00351 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 138.471 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч КБ ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд ...КБ, зээлдэгч, ЗБДС нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №12 тоот батлан даалтын гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний зорилго нь Жижиг дунд үйлдвэрийн дэмжих сангаас олгож буй зээлд зээлийн барьцааны хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд ЗБДС батлан даалтын гэрээг байгуулан батлан даалт гаргаснаар тухайн зээлийг зээлдэгч талд зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлийн олголт хийгдэг. КБ, зээлдэгч, Зээлийн батлан дааптын сан нарын хооронд байгуулагдсан гэрээний 1.6, 3.1.2, 3.4.1-д банк нь батлан даагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх хэзээнээс бий болохыг тодорхой зааж өгсөн. Батлан даалтын гэрээний 1.6-д “Батлан даагч нь зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын дагуу арга хэмжээг хангалтай авсан байх тохиолдолд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ”, 3.1.2-т “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг өөрийн журам, зааврын хүрээнд энэхүү гэрээний 1.6-д заасан арга хэмжээг авсан нөхцөлд батлан даасан хувиар уг үүргийн биелэлтийг батлан даагчаас шаардах”, 3.4.1-д ‘‘Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, банк энэхүү гэрээний 1.6-д заасан хэмжээг авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэхүү гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх” гэж тохиролцсон. 1-3 Талуудын дээрх тохиролцоо нь дараах урьдчилсан нөхцөл биелсэн тохиолдолд банк нь батлан даагчаас үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна. Үүнд: зээлдэгч хугацаа хэтэрч 90 хоног өнгөрсөн, банк зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх болон шаардах хуудас хүргүүлсэн. Харин барьцаа хөрөнгийг худалдан борлуулсны дараа батлан даалтын үүргийг биелүүлнэ гэсэн агуулга гэрээнд байхгүй, талуудын гэрээ байгуулсан хүсэл зориг анхнаасаа тийм биш юм. Энэ талаар тухайлбал, гэрээний 3.5.5 дахь заалтанд тодорхой заасан байгаа. Гэрээний 3.5.5-д зээлдэгчийн үүрэгт “Батлан даагч энэхүү гэрээний 3.4.1-д заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэх эрхийн үндсэн дээр барьцааны гэрээгээр барьцаалсан эд хөрөнгийг батлан даагчид шилжүүлэх” гэсэн нь барьцаа хөрөнгөөр хангахаас өмнө батлан даагчаас шаардах эрхтэй байхаар тохиролцсон. Банк зээлийг олгохдоо үүргийн гүйцэтгэлийг хангах 2 аргыг зэрэг хэрэглэсэн. Ингэхдээ барьцаа хөрөнгө хүрэхгүй хэсэгт батлан даалтыг хэрэглэсэн. Банк энэ төрлийн жижиг дунд бизнесийг дэмжих зээлийг олгохдоо ЗБДСтай хамтарч барьцаа хөрөнгө хангалттай хүрэлцээгүй зээлдэгч нарт боломж олгож барьцаа хөрөнгийн хүрэлцэхгүй хэсэгт нь батлан даалтын аргыг хэрэглэдэг. Батлан даалтын гэрээний агуулга ч мөн ийм. Нэг үүрэг дээр барьцаа болон батлан даалтыг давхардуулж хэрэглээгүй, зэрэгцүүлж хэрэглэсэн. Зээлийн 44 хувьд батлан даалт, үлдэх хэсэгт барьцааны аргыг хэрэглэсэн. Иймд, аль нэг аргыг эхэнд нь хэрэглэнэ, нөгөөхийг нь заавал дараа нь хэрэглэнэ гэсэн талаар гэрээнд тусгаагүй. Барьцаа хөрөнгийг худалдахад Иргэний хуулийн 175.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэнэ, энэ шүүхийн шийдвэрээ гаргуулахдаа батлан даалтын асуудлаа мөн хамтад нь шийдүүлэх хүсэлтэй байгаа болно. Барьцаа хөрөнгийг батлан даалтын үүргээс үлдэх хэсэгт нь ч хүрэхгүй тул заавал худалдаж байж батлан даалтын гэрээг хэрэглэнэ гэх шаардлага батлан даалтын сан банк, иргэн нарын хооронд байгуулсан гэрээнд тусгагдаагүй болно. БШ ХХК нь тус банкнаас зээл авах үед ХААН банкинд зээлтэй байсан бөгөөд КБ, зээлдэгч, ЗБДС нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №12 тоот батлан даалтын гэрээний 3.2.11-д заасан үл хөдлөх хөрөнгийг барьцаалахыг банк зээлдэгчээс удаа дараа шаардаж байсан бөгөөд БШ ХХК нь гурвалсан гэрээний зүйл заалтыг хэрэгжүүлээгүй нь банк батлан даалтын сангаас батлан даалтын гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д “гэрээнд заасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хэсэгчлэн гүйцэтгэх эрхтэй” гэх заалтыг үндэслэн Зээлийн гэрээний 2.1.11 зүйлд зааснаар зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр зээлдэгчтэй харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байгаа. Хариуцагч зээлийн гэрээний 2.1.11 дугаар зүйлийн гэрээний хавсралт 5-д заасан зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарийг зөрчсөн тул 3.18-д зааснаар зөрчигдсөн хүү 16.170.453,39 төгрөгийг 20 хувиар тооцон нэмэгдүүлсэн хүү 3.234.090,68 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан нь Иргэний хууль болон холбогдох хууль, заавар журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд магадлалын тогтоох хэсгийн 1 дүгээр хэсэгт өөрчлөлт оруулж, ЗБДСгаас үндсэн зээл 142.241.213 төгрөгийн 60 хувь 85.344.728 төгрөгийг, БШ ХХК-иас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний хамт 76.301.029,43 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
КБ ХХК, “БШ ХХК-с зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 56.896.485 төгрөг, хүү 16.170.453.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.234.090.68 төгрөг, нийт 76.301.029 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл, ЗБДСгаас зээлийн төлбөр 85.344.728.04 төгрөг гаргуулах нэхэмжлэл тус тус гаргасан байна.
Нэхэмжлэгч КБ ХХК нь хариуцагч “БШ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ, тус компанитай 2015.04.22-ний өдөр байгуулсан ЗГ-12, БГ-12 тоот зээлийн болон барьцааны гэрээг, ЗБДСд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ, КБ ХХК, “БШ” ХХК, ЗБДСгийн хооронд 2015.04.23-ны өдөр байгуулсан 3 талт батлан даалтын гэрээг тус тус үндэслэжээ.
Хариуцагч БШ ХХК зээл төлөх хугацааг хойшлуулахыг хүссэн тайлбар гаргасан, хариуцагч ЗБДС батлан даалтын гэрээний дагуу төлбөр нэхэмжлэх нөхцөл бүрдээгүй гэж маргасан байна.
Анхан шатны шүүх “БШ” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангаж, ЗБДСд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
1. КБ ХХК, БШ ХХК-ийн хооронд 2015.04.22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээгээр БШ ХХК нь КБ ХХК-с 150.000.000 төгрөгийг сарын 0.42 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлбэл дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон, зээлийн үүргийг хангуулахаар 2 өрөө орон сууц, 468 м.кв болон 469 м.кв талбай бүхий 2 газрын эзэмших эрх, Киа Бонгофронтер маркийн автомашин тус тус барьцаалсан нь тогтоогдсон байна. Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаархи шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагад нийцжээ.
2. 2015.04.23-ны өдөр КБ ХХК, БШ ХХК, ЗБДСгийн хооронд батлан даалтын гэрээ байгуулагдаж, ЗБДС нь БШ ХХК зээлийн үүргээ гүйцэтгээгүй бол үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувиар үүргийг гүйцэтгэхээр болсон, энэ гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1-д зааснаар хүчин төгөлдөр байна.
3. Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч БШ ХХК зээлийн төлбөрийг сар тутам хэсэгчлэн төлж, үүргээ 2019.04.22-ний өдөр гэхэд бүрэн биелүүлж дуусах үүрэг хүлээсэн боловч үүргээ зөрчснөөс нэхэмжлэгч КБ ХХК зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т заасныг зөрчөөгүйг шүүх дүгнэжээ.
4. 2018.06.05-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэх төлбөр, гэрээний хугацаанд төлбөл зохих зээлийн хүүгийн талаарх нэхэмжлэгчийн гаргасан тооцооллыг хариуцагч нар маргаагүй тул эдгээр шаардлагын хэмжээнд шүүх дүгнэлт хийсэн нь хууль зөрчихгүй.
5. Зээлийн гэрээний “нэмэгдүүлсэн хүү”-ийн тохиролцоо хуулийн агуулгад нийцээгүй, ЗБДСгаас зээлийн төлбөр шаардах нөхцөл үүсээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу, энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй байна.
а/ Зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хувиараар зээлдэгч “БШ” ХХК нь зээлийг авсан өдрөөс хойш эхний жилд хүүг сар бүр төлөх, хоёрдох жилээс эхлэн хүүг үндсэн зээлийн тодорхой хэсгийн хамт тооцон тогтмол хэлбэрээр төлөх үүргийг хүлээснээс үзвэл, зээлдэгч үүргээ хугацаанд нь биелүүлбэл гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах байжээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.
Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.10-т “зээлийн гэрээний ерөнхий хугацаа” гэж энэ гэрээний 3.3-д заасан зээл ашиглах хугацааг, 2.1.11-т “зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацаа” гэж энэ гэрээний хавсралт 5-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарийн дагуу хэсэгчилсэн төлбөр гүйцэтгэхээр тохиролцсон хугацааг, 2.1.5-д “нэмэгдүүлсэн хүү” гэж зээлийн ерөнхий болон хэсэгчилсэн хугацааг зөрчсөн тохиолдолд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлж тооцохоор гэрээнд заасан хүүг тус тус ойлгоно”, гээд 3.18-д “зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна” гэж заасан байна.
Гэрээний дээрх нэмэгдүүлэн хүү төлөх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг зөрчсөн агуулгагүй байна. “Нэмэгдүүлсэн хүү” нь зээлдэгч үндсэн зээлээс хэсэгчлэн төлөх хуваарийг зөрчсөн бол уг хугацаанд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнг хугацаа хэтрүүлсэн хоног, зээлийн гэрээгээр тохирсон хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тооцон төлүүлэх хариуцлага юм.
Иймд хоёр шатны шүүх “нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгээс тооцохоор байхад гэрээнд зээлийн үлдэгдлээс үндсэн хүүний 20 хувиар тооцохоор тохиролцсон нь буруу” гэх үндэслэлээр нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч КБ ХХК хариуцагч “БШ” ХХК-г зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн 2 дох жилээс сар бүр үндсэн зээл төлөх хувиарыг хэзээ, хэрхэн зөрчснөөс нэмэгдүүлсэн хүү тооцсон тодорхой тооцооллыг гаргаагүй, зээлийн гэрээний хугацаанд төлөгдөөгүй зээлийн хүү 16.170.453.39 төгрөгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг 3.234.090.68 төгрөг гэж тооцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцэхгүй тул “нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг хангах” гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
б/ ЗБДСгаас үндсэн зээлийн 60 хувь буюу 85.344.728.04 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн зээлийн төлбөрийг бүхэлд нь “БШ” ХХК-с гаргуулахдаа шүүх батлан даалтын гэрээний зохицуулалт болон 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.3, 460 дугаар зүйлийн 460.2, ЗБДСгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
ЗБДСгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар ЗБДС нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргах үйл ажиллагаа явуулдаг.
Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй болох нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2.-т туссан ба зээлдүүлэгч нь зээл төлүүлэх арга хэмжээг авсан, батлан даагчаас шаардах эрх үүссэн байна.
Батлан даалтын гэрээний 1.6-д “зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчснөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж заасан ба КБ ХХК нь “БШ” ХХК-тай зээл төлүүлэх талаар хэд хэдэн удаа уулзсан, энэ тухайгаа ЗБДСд мэдэгджээ.
Иймээс ЗБДСгаас гэрээнд заасан нөхцлийн дагуу зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь буюу 85.344.728.04 төгрөгийг гаргуулж КБ ХХК-д олгох нь зүйтэй тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж гомдлын зарим хэсгийг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 593 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00351 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар хариуцагч “БШ” ХХК-аас 72.968.426 төгрөгийг, хариуцагч ЗБДСгаас 85.344.728.04 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч КБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.332.603 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тогтоох хэсгийн 3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.103.316 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БШ ХХК-аас 522.792 төгрөг, хариуцагч ЗБДСгаас 584.674 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ