Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 438

 

С.Амаржаргалын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, гуравдагч этгээд Б.Эрдэнэцогт, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0646 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор С.Амаржаргалын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 564 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Амаржаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн иргэн Б.Эрдэнэцогтод холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0646 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 564 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Гуравдагч этгээдийн хувийн компаниар хийлгэсэн зураг нь С.Уранчимэгийн газрын координаттай ижил байснаа гэнэт С.Мягмарсүрэнгээс гуравдагч этгээдэд шилжихдээ нэхэмжлэгчийн газрын координаттай ижил болж өөрчлөгдсөн талаар холбогдох баримтыг анхан шатны шүүхээс цуглуулахаар шаардсан боловч холбогдох баримт байхгүй гэх хариу ирсэн нь хэрэгт авагдсан. Мөн шүүх хуралдааны явцад ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч холбогдох баримт байхгүй талаар тайлбараа гаргасан зэргээс харахад дээрх нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагагүй, нотлогдох боломжгүй зүйлийг дахин тодруул гэсэн нь үндэслэлгүй бөгөөд магадлал биелэгдэх боломжгүй гэж үзэж байна.

Анх нэхэмжлэгч нь газар эзэмших үед төрсөн дүү, түүний нөхөр, аавын хамт газар эзэмшсэн гэдэг асуудал бол уг маргаанд огт хамааралгүй, нэхэмжлэгч болон түүний дүү С.Уранчимэг нарын хувийн хэрэгт дэх бүх баримтууд хэрэгт авагдсан байхад нэхэмжлэгчийн амаар гаргаж байгаа тайлбарыг үндэслэн хамааралгүй нотлох баримтыг цуглуулах шаардлагатай гэж үзсэн нь хуулийн ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж үзэж байна.

Мөн анх нэхэмжлэгч болон С.Уранчимэг нарт эзэмшүүлсэн газар нь зөрүүтэй гэж үзэх үндэслэл байхгүй, тус тусдаа нэгж талбарын дугаартай кадастрын зураг үйлдэж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, газрыг эзэмшүүлсэн баримтууд хэрэг бүрэн авагдсан байхад энэ нөхцөл байдлыг дахин тодруулах ямар ч шаардлагагүй юм. С.Мягмарсүрэнгийн барьсан байшин нь аль байрлалд байгаа талаар хэргийн оролцогчид нь огт маргаагүй. шүүхээс маргаан бүхий газарт удаа дараа хийсэн газрын үзлэгээр үл хөдлөх эд хөрөнгө хаанаа байрлаж байгааг тогтоосон.

Иргэн С.Уранчимэгийн газрыг 2014 онд гуравдагч этгээдэд эзэмшүүлснийг нэхэмжлэгчийн зүгээс хууль бус гэж огт маргаагүй, харин ч эзэмших ёстой газраа эзэмшсэнд нь баяртай байгаа. Учир нь эзэмших ёстой газраа хуулийн дагуу эзэмшиж, нэхэмжлэгчийн газар чөлөөлөгдөх үндэслэл бүрдэж байгаа. Гэтэл хэрэгт хамааралгүй нөхцөл байдлыг тодруулж, шалга гэж шийдвэрлэсэн нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй гэж үзэж байна,

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд болон иргэн С.Уранчимэг, С.Мягмарсүрэн нарын эзэмшил газрын мэдээллийн сан дахь зургууд болон агаарын зургууд хэрэгт авагдсан бөгөөд түүний өөрчлөлтийн түүхүүд нь нэгж талбарын дугаараар авагдсан байхад дахин энэ нөхцөл байдлыг шалгах ямар ч шаардлагагүй байхад ийнхүү шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байхын зэрэгцээ газрын кадастрын зургууд дахь нэгж талбарын дугааруудаар мэдээллийн санд хэрхэн бүртгэгдсэн нь тогтоогдож байхад хувийн компаниар хийлгэсэн зурагтай тулгаж үзэх шаардлагатай гэсэн нь нотлох баримт болохгүй бөгөөд хувийн компаниар иргэн хүн хүссэн зургаа хийлгэх боломжгүй байдаг. Мөн нэхэмжлэгч нь уг газраа бодитоор эзэмшиж байсан эсэх нь хэрэгт огт хамааралгүй, хэдэн оноос эзэмшиж байгаа. эзэмших эрх хэзээ үүссэн зэрэг нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдож байхад ийнхүү дахин шалгах шаардлагатай гэж үзэж, анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.Амаржаргал нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Б.Эрдэнэцогтод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Маргаан бүхий захирамжаар С.Мягмарсүрэнгээс Б.Эрдэнэцогтод газар шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “миний газартай давхцуулан газар олгосон” гэсэн үндэслэлээр маргасан байна.

Анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар С.Уранчимэг, С.Амаржаргал нарт тус бүр 700 мкв газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд эдгээр газар нь хөрш зэргэлдээ байрлаж байжээ.

Нэхэмжлэгч С.Амаржаргалын эзэмшил газрын байршлын кадастрын зураг 18650324272537 дугаартай[1] байх бөгөөд 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр С.Уранчимэгээс С.Мягмарсүрэнд газар шилжүүлэхдээ 0161312 дугаар бүхий газрын гэрчилгээтэй газрыг шилжүүлсэн байна. Энэхүү 0161312 дугаар гэрчилгээний эзэмшигч нь С.Уранчимэг болох нь 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр[2] тогтоогдож байх бөгөөд газар шилжихдээ С.Уранчимэгийн эзэмшил газар биш, харин С.Амаржаргалын эзэмшил газар С.Мягмарсүрэнд шилжсэн байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт зааснаар эзэмшил ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглэх, улсын бүртгэлд бүртгэх ба энэ тохиолдолд газрын мэдээллийн сангийн зураг болон бодитоор эзэмшиж байгаа газар хоорондоо тохирсон эсэх нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газрыг хашаалсан эсэх, өөрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлээгүй бол түүний газарт С.Мягмарсүрэн байшин барихад ямар учраас маргаан үүсгээгүй, мөн захиргааны байгууллага нь ямар учраас бусдад буюу С.Уранчимэгт эзэмшил үүссэн газрыг “хэн ч эзэмшээгүй хоосон газар” гэж үзэж гуравдагч этгээд Б.Эрдэнэцогтод  нэмж 700 мкв газрыг эзэмшүүлсэн талаарх нотлох баримтыг хэрэгт цуглуулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “нотлогдох боломжгүй зүйлийг дахин тодруул гэсэн, 2014 онд гуравдагч этгээдэд С.Уранчимэгийн газрыг эзэмшүүлснээр эзэмших ёстой газраа эзэмшсэн” гэх гомдлын тухайд:

Дээрх байдлаар нэхэмжлэгчээс “гуравдагч этгээдийг өөрийн эзэмшвэл зохих газрыг эзэмшсэн” гэж, гуравдагч этгээдээс “хоосон газар” гэж маргасан байх ба шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй, гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрын асуудлыг хэрхэхийг шүүхээс шийдвэрлээгүй орхигдуулсан зэргээс үзэхэд “нотлох баримт шаардлагагүй” гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй юм.

Иймээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил газрын байршлыг тодруулж, давхацсан эсэхийг шалгах замаар хэргийг бүрэн гүйцэд шийдвэрлэх шаардлагатай байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0646 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                      Х.БАТСҮРЭН   

ШҮҮГЧ                                                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 


[1] 1 дэх хавтаст хэрэг, 121 дэх талд

[2] 1 дэх хавтаст хэрэг, 129 дэх талд