Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2044

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/01493 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т ХХК,

Хариуцагч Т.Э, Л.Б, З санд холбогдох,

 

Зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт Т.Э, Л.Б нараас 55 331 436 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, З сангаас 29 565 360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч З сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар,

Хариуцагч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Цолмон,

Хариуцагч З сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 14/58 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээг Т.Э, Л.Б нартай байгуулан 80 000 000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэйгээр олгосон. Мөн З сан, Т ХХК, зээлдэгч нар гурвалсан батлан даалтын 14/58 тоот гэрээ байгуулсан болно. Энэхүү гэрээгээр З сан нь Т ХХК-ийн өмнө үндсэн зээлийн үлдэгдэл, өрийн тавин хувийн төлбөрийн үүрэг хүлээсэн. Ингэхдээ 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1-271 тоот албан бичгийг үндэслэсэн. Мөн З сан нь зээлдэгч Т.Эаас батлан даалтын 40 000 000 төгрөгийн 3 хувь 1 200 000 төгрөгийн шимтгэл авсан. Өөрсдийн үүрэг хариуцлагыг бүрэн ойлгосон эдгээр үйлдлийг хийсний үндсэн дээр гурвалсан гэрээ хийгдсэн.

Зээлдэгч Т.Э нь СОБУ ХХК-ийн Өгөөмөр худалдааны төвд 90 тоот павилионийг түрээсээр эзэмшиж автомашины сэлбэг худалдан борлуулдаг байсан ба уг цэг нь татан буугдснаар ажлын байргүй болсон. Зээлдэгч БНСУ-аас сэлбэг хэрэгсэл импортоор оруулж ирдэг байгаад Солонгос улсын хилээр гарах үедээ баривчлагдан хилс хэрэгт гүтгэгдэн удаан хугацаагаар хоригдон шалгагдсан байдаг. Улмаар зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрсээр 2015 оны 10 дугаар сард Т ХХК-ийн тусгай активын хэлтэст шилжин ирсэн. Хариуцагч Т.Э зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрдөг боловч түүний банкинд өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүд нь биелээгүй юм. Анхан шатны шүүхэд /2016-4 сар/ хандах хүртэл зээлдэгчийн гэрээний үүргийн зөрчил 200-аас дээш хоног болсон байх ба банкны тусгай активын хэлтэст ирснээс хойш зээлдэгчтэй тохиролцон барьцаа хөрөнгийг худалдан борлуулахаар удаа дараа зар зарлуулсан, мөн З сангийн холбогдох мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч хамтран ажилласан. Тухайн үед З сантай хамтран ажиллаад үр дүн гараагүй тул шүүхээр асуудлаа шийдвэрлүүлье гэдэг санал дээр талууд нэгдсэн.

            Зөвхөн зээлийн гэрээний үүргээс гадна зээлдэгчийн хувийн байдал, бизнес үйл ажиллагаа, зах зээлийн нөхцөл, зогсоох боломжгүй зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн өсөлтийг зогсоох үүднээс Т ХХК шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан. З сан нь Т.Эаас батлан даасан хувиа нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа гэж үзэж байгаа ба энэ эрхээ анхан шатны шүүхэд ашиглаагүй. Гэхдээ гурвалсан гэрээ ёсоор барьцаа хөрөнгийн үлдэх хэсгийг санд шилжүүлэх үүргийг банк хүлээж байгаа ба Т.Эын З сангийн өмнө хүлээх хариуцлага хэвээр юм. /Батлан даалтын гэрээний 3.2.9, 4.2.1, 4.2.3/

            Банк батлан даалт бол барьцааны нэг хэлбэр гэж үзэж байгаа ба Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.4 дэх хэсгийн тайлбарыг Улсын Дээд шүүхийн тогтоолоор тогтоосон байдаг. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00269 тоот тогтоолоор “...үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс гаргуулах шаардлагын талаар шүүх дүгнэлт хийгээгүй, барьцааны гэрээтэй холбоотой З сангийн тайлбарыг шүүх анхаарч үзээгүй, барьцааны гэрээний нэг тал Л.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, зээлдэгчээс гаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

            Нэхэмжлэгч 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зээлдэгчийн зээлийн үлдэгдлийн хүү тооцооллыг гаргуулан түүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Банкны програм, тухайн зээлийн ня-бо бүртгэл дээрх хүү, нэмэгдүүлсэн хүү шүүхийн эцсийн шийдвэрээр зогсдог, програм дээрх тохиргоо хийгддэг. Зээлдэгч зээлийг ашигласан хугацаандаа нийт 33 971 412 төгрөг буюу үндсэн зээлээс 20 869 278 төгрөг, үндсэн хүүнд 13 035 708 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 65 425.59 төгрөг тус тус төлсөн байна. Иймд өнгөрсөн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон хариуцагч Т.Э, батлан даагч З сангаас гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 84 896 797.20 төгрөг гаргуулан Т ХХК-д олгуулж өгнө үү. Үүнээс хариуцагч Т.Э, Л.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 29 565 360.75 төгрөг, үндсэн хүүний өр 22 896 014.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 2 870 061.31 төгрөг, нийт 55 331 436.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, З сангаас 29 565 360.75 төгрөгийг тус тус гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Э, Л.Б нар шүүхэд болон түүний өмгөөлөгч Б.Цолмон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 оны 06 дугаар сарын 12-н ыөдөр Т ХХК-аас 80 000 000 төгрөгийн зээл авсан. 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Т ХХК болон З сантай гурвалсан гэрээ байгуулсан. Ингээд авсан зээлээр Солонгос улс руу сэлбэг оруулж ирэхээр 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр явж 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр буцаад хилээр гарахад шалгагдаж, хилс хэрэгт гүтгэгдэж 5 сар хоригдсон. 2014 оны 11 дүгээр сард суллагдаж Монгол Улсад ирсэн.

Энэ хугацаанд ажлын байр нь дахин төлөвлөлтөд орж, татан буугдсан байсан. Зээлийн төлөлтийн хугацаа хэтэрсэн байсан учраас өөрийн барьцаа хөрөнгийг зарж борлуулан зээлийг төлөх гэсэн боловч барьцаа хөрөнгө зарах талаар зар тавьсан боловч зарагдаагүй. Би Т ХХК-д 33 971 412 төгрөгийг төлсөн байгаа. З сангаар гэрээгээр хүлээсэн үүрэг болох үлдэгдэл үндсэн зээлийн 50 хувийг төлүүлэх хүсэлтэй байна. Энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүү гэж бодогдсон байгаа. Энэ төлбөрийг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч З сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Т ХХК болон зээлдэгч Т.Э нарын хүсэлтийн дагуу 80 000 000 төгрөгийн зээлийн 50 хувийг батлан даахаар болсон. Энэ зээлийн хугацаа хэтэрч Т ХХК-аас батлан даасан 50 хувийн дүнгээр төлөлт хийх нэхэмжлэл ирсэн. Энэ нэхэмжлэлд манай барьцаа хөрөнгөөс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдсэн төлбөрөөс З сангийн хүлээх үүргийг тодорхой болгосны дараа манай талаас үүргээ гүйцэтгэх гэдэг хариу өгсөн. Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлдэгч нараас 55 331 436 төгрөг, З сангаас 29 565 360 төгрөг тус тус гаргуулах шаардлага гаргасан байгаа. Энэ шаардлагын хувьд манай талаас батлан даалтын гэрээний 1.4-т батлан даагчийн батлан даах хэмжээг зааж өгсөн байдаг.

Батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувь байна гэж заасан. Гэтэл Т ХХК нь үндсэн зээлийн 50 хувийг нэхэмжилж байна. Иймээс Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагад зээлдэгч нараас 59 130 721 төгрөг гаргуулах гэж заасан байдаг. Гэтэл бодит үлдэгдэл нь 58 630 721 төгрөг байгаа. Энэ үлдэгдэл төлбөрийн 50 хувийг З сан хариуцах гэдэг тал дээр, батлан даалтын гэрээний 1.6-д зээлдүүлэгч буюу Т ХХК өөрийн журам зааврын хүрээнд хангалттай арга хэмжээг авсан байх ёстой гэж заасан байдаг.

Гэтэл Т ХХК-иас хангалттай арга хэмжээ аваагүйгээс зээлийн батлан заалтын сангийн хариуцах хэмжээ тодорхойгүй байна. Зээлдэгч нь Т ХХК-тай барьцаа хөрөнгийн гэрээ байгуулсан байдаг. Зээлдэгчийн барьцаа хөрөнгийг харахаар зээлийн төлбөрийг төлж хүрэхүйц байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь манай талд хамааралгүй боловч зээлдэгчээс ингэж хүү, нэмэгдүүлсэн хүү гэж нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш зээлийн хүү зогсох ёстой байдаг. Ингээд З санд холбогдуулж, Т ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Э, Л.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 39 896 348.63 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 460.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З сангаас батлан даалтын гэрээний үүрэгт 29 315 360.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12 185 796.72 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Э, Л.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл төлбөрийг зээлдэгч нарын барьцааны эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, АОС-ны 3 дугаар гудамжны 149 тоотод байрлах 632 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар /Г-2201005709/, 104 м.кв хувийн сууц, гарааш /Ү-2201018443/, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 7 дугаар гудамжны 25 тоотод байрлах, 434 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /Г2201020085/, 90 м.кв талбайтай хувийн сууц, гарааш /Ү-2201033521/-ийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, төлбөрийг барагдуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 801 628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Э, Л.Б нараас 357 431 төгрөгийг, хариуцагч З сангаас 304 526 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

З сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хамтран хариуцагч З сангийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг зөрчсөн үндэслэлгүй, хууль бус шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн БДГ-14/58 дугаартай гэрээнд заасан үндэслэл журмын дагуу зээлдүүлэгч Т ХХК-д батлан даагч З сангаас зээлдэгчийн өмнөөс нөхөх үүрэг хүлээхийг шаардах эрх үүссэн эсэхийг нягталж тогтоогоогүй. Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээнд зээлдэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан.

Гэрээний 1.6, 3.2.3, 3.2.4, 3.2.6, 3.4.1-д заасныг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Зээлдүүлэгч батлан даалтын гэрээний дээрх нөхцөлүүдийг хэрэгжүүлсэн эсэх нь тогтоогдоогүй байхад түүнийг шаардах эрхийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсныг нотолж байна. Шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж зээлдүүлэгч Т ХХК-ийн Зээлийн үйл ажиллагааны журам болон Чанаргүй актив барагдуулах журмыг гаргуулж, хавтаст хэрэгт авахуулсан. Чанаргүй актив барагдуулах журмын 5 дугаар зүйлд Тусгай активыг төлүүлэх ажиллагааг дэлгэрэнгүй зохицуулсан байдаг.

Дээрх журамд заасан ажиллагааг зээлдүүлэгч Т ХХК гүйцэтгээгүй байхад талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 1.6-д заасан нөхцөл бүрэн хангагдсан гэж дүгнэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн нь харагдаж байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00269 тоот тогтоолоор “... барыдааны гэрээтэй холбоотой З сангийн тайлбарыг шүүх анхаарч үзээгүй...” үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх уг зөрчлийг арилгаагүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн З сангаас 29 565 360.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Т.Э, Л.Б нарт холбогдуулан 55 331 436,44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч нар зөвшөөрсөн боловч нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж, мөн үндсэн зээлийн үлдэгдлийн 50 хувийг З сантай байгуулсан гэрээний дагуу тус сангаас гаргуулах үндэслэлтэй гэж маргасан, харин З сангаас 29 565 360,75 төгрөг гаргуулахаар шаардсаныг банк зээлийг зээлдэгч нараар төлүүлэх хангалттай арга хэмжээ аваагүй, мөн барьцаа хөрөнгөөс хангуулах боломжтой тул төлбөрийг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр хариуцагч татгалзал гаргажээ.

            “Т” ХХК, Т.Э, Л.Б нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 14/58 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч 80 000 000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлдүүлэгчээс уг мөнгийг шилжүүлэн авсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв болно.

Зээлдэгч талаас гэрээний дагуу нийт 33 971 142 төгрөгийн зээлийн  эргэн төлөлт хийснээр үндсэн зээлийн үлдэгдэл 58 630 721 төгрөг болсон талаарх баримтыг нэхэмжлэгч тал гаргасныг хариуцагч нар үгүйсгээгүй, талууд зээлийн төлбөрийн үлдэгдлийн дүнд маргахгүй байна. Харин шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд хүү,  нэмэгдүүлсэн хүү нэмж тооцсоныг нэхэмжлэгчийн буруугаас шалтгаалаагүй тул төлөхгүй гэх зээлдэгч буюу хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээн авч, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан гэж дүгнэн нэхэмжлэл гаргасан хугацаанаас хойш нэмж тооцсон 12 185 796,72 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

Дээрхээс дүгнэвэл хариуцагч буюу зээлдэгч нь 58 630 721,50 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй, зээлийн гэрээний үүргээ зөрчсөн нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх зээлдүүлэгчид үүссэн боловч үндсэн зээлийн үлдэгдлийн 50 хувийг “З сан”-гаас зээлдүүлэгч шаардах эрхтэй байна.

Учир нь, зээлдүүлэгч “Т” ХХК болон “З сан”-гийн хооронд харилцан тохиролцож байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”-ний 1.1 дэх заалтаар хариуцагч “З сан” нь зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 14/58 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нар бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг хүлээсэн, мөн гэрээний 1.4-т “батлан даагчийн даах хувь хэмжээг үндсэн зээлийн үлдэгдлийн 50 хувь” байхаар тогтоосон бөгөөд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний үүргийг талууд харилцан тохиролцож тогтоосон, мөн хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх ба зээлдэгч Т.Э, Л.Б нар тус гэрээний нөхцөлийг зөвшөөрч гарын үсэг зуржээ. /хх1-48-50/

Зээлдэгч Т.Э, Л.Б нар нь 2015 оны 8 дугаар сараас хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, цаашид зээлийг төлөх боломжгүй талаар тайлбар гаргасан, мөн зээлдүүлэгчтэй харилцан тохиролцох замаар барьцааны хөрөнгийг шүүхийн бус журмаар борлуулж, зээлийн өрийг барагдуулах зорилгоор зар өгсөн ч борлогдоогүй, мөн батлан даалтын гэрээний дагуу зээлдэгчийн төлбөрийг төлөх нөхцөл бүрдэж байгаа талаар З санд удаа дараа мэдэгдэж байсан талаарх баримт хэрэгт авагдсанаас гадна талууд зөвшилцсөнөөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаа тайлбарлажээ.

Иймд “зээлдэгч зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй нөхцөл байдал бүрдсэн тул “Батлан даалтын гэрээ”-ний 3.4.1-т зааснаар батлан даагч өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид мөн гэрээний 1.4-т заасан 50 хувийн төлбөрийг зээлдүүлэгчид төлөх үндэслэлтэй байна. 

Зохигчид зээлийн болон батлан даалтын гэрээ байгуулсан өдрийн буюу 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 14/58, 14/58-1 дугаартай барьцааны гэрээгээр зээлдэгч Т.Э, Л.Б нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, АОС-ны хорооллын 3 дугаар гудамжны 149 тоот хаягт байрлах 632 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар /Г-2201005709/, 104 м.кв талбайтай хувийн сууц, гарааш /Ү-2201018443/, цахилгаан хэрэгсэл, бараа материал, мөн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 7 дугаар гудамжны 25 тоотод байрлах 434 м.кв талбайтай хувийн сууц, гарааш /Ү-2201033521/-ийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулж, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, агуулга хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч барьцааны гэрээнд заасан барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй бөгөөд шүүх барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1.1 дэх хэсэгт нийцжээ. 

Харин батлан даалтын гэрээний 3.3.2-т “энэхүү гэрээний 3.4.1-д заасан үүргээ биелүүлсний дараа зээлдэгчийн давхар барьцаалсан барьцаалбар бусад эд хөрөнгөөс төлсөн батлан даалтын төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах”  гэж, мөн гэрээний 3.5 дахь хэсэгт зээлдэгчийн үүргийг  “3.5.4. батлан даагч энэхүү гэрээний 3.4.1-т заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд уг мөнгөн дүнг батлан даагчид бүрэн төлж барагдуулах, “3.5.5. батлан даагч энэхүү гэрээний 3.4.1-д заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэх эрхийн үндсэн дээр барьцааны гэрээгээр барьцаалсан эд хөрөнгийг батлан даагчид шилжүүлэх” гэж тус тус заасан тул батлан даагч нь зээлдүүлэгчид төлсөн төлбөрийг  зээлдэгчээс буцаан гаргуулах боломжтой юм.

Иймд хариуцагч “З сан”-гийн зээлдэгчийн барьцаа хөрөнгө зээлийн төлбөрийг төлж хүрэхүйц байхад сангаас төлбөр гаргуулж байгааг зөвшөөрөхгүй гэх татгалзал үндэслэлгүй, шүүх 29 315 360,75 төгрөгийг З сангаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 460.4 дэх хэсэгт заасанд болон батлан даалтын гэрээний 1.4, 1.6, 3.4.1, 3.3.2 дахь заалттай нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “З сан”-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/01493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З сангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ЭНХТӨР

                        ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ