Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2105

 

 Н газрын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01453 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н газар,

Хариуцагч Э ХХК-д холбогдох,

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 882 960 418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Х.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрхэмбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Базарбаатар, М.Номинчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн хяналт шалгалтын байцаагч, Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч Д.Базарбаатар, Нийгмийн даатгалын улсын байцаагч М.Номинчимэг нар “Э” ХХК-ийн Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг тус байгууллагын 2015, 2016 оны санхүүгийн тайлан, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан татварын тайлан, анхан шатны баримт, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын даргын тушаал, бусад холбогдох баримтад шалгалт хийсэн. Шалгалтаар “Э” ХХК нь гадаад багш нарт олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого болох 2015 онд 2 060 199 191.33 төгрөг, 2016 онд 2 451 512 444 төгрөг, нийт 4 511 711 635.33 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй зөрчил илэрсэн. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн учраас нийт 882 960 418 төгрөгийн улсын байцаагчийн акт тогтоосон. Уг төлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн дотор Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2603002465 тоот дансанд төвлөрүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Засгийн газрын 2014 оны 354 тоот “Дүрэм, журам батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 3.3.1-ийг үндэслэн 882 960 418 төгрөгийн улсын байцаагчийн актын төлбөрт нэхэмжпэл гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. Улсын байцаагчийн актыг танилцуулах гээд тухайн байгууллага дээр очсон боловч захирал нь байгаагүй, нягтлан бодогчид нь танилцуулаад, үлдээгээд явсан. Үүнээс хойш актыг үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэж ямар нэгэн байдлаар гомдол, хүсэлт гаргаагүй тул акт хүчин төгөлдөр болсон. Тиймээс харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гадаад багш нар эх орондоо нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс гадна тус сургууль нь гадаад багш нарыг Английн олон улсын даатгалын компанийн эрүүл мэнд болон бусад эрсдлийн даатгалд “Мандал Женерал Даатгал” ХХК-аар дамжуулан бүрэн даатгаж, жил бүр их хэмжээний төлбөр төлдөг болно. Ийнхүү 1-2 жилийн гэрээт багш нарын хувьд Монгол Улсын нийгмийн даатгалын сангаас ямарваа нэгэн хэлбэрээр тэтгэвэр, тэтгэмж авахгүй тул нийгмийн даатгалын шимтгэл давхар төлөх шаардлагагүй гэж гадны мэргэжилтнүүд үздэг юм. Учир нь, олон улсын жишигт тухайн улсад ажиллаж, амьдарч байх хугацаандаа нийгмийн даатгал төлөгч буцаж эх орон руугаа явахдаа нийгмийн даатгалд төлсөн мөнгөө өөрийн нэрийн дансад шилжүүлэн авах процесс явагддаг атал Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс-Монгол улсын хооронд нийгмийн даатгалын талаар хийгдсэн гэрээ, хэлцэл, хууль тогтоомж байхгүй байгаа тул эдгээр гадны мэргэжилтнүүд давхар нийгмийн даатгал төлөхийг эрс эсэргүүцэж байгаа билээ. 

Дээрх асуудлыг хоёр орны Засгийн газар хоорондын “Гадаад багш нарыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх тухай” харилцан ойлголцлын санамж бичиг зурснаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул БСШУСЯамны зүгээс тус саналыг Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яамаар дамжуулан боловсролын асуудлыг хариуцагч Их Британийн Олон улсын худалдааны хэлтэст уламжилсан байгаа билээ. Иймд дээрх нөхцлүүдийг харгалзан үзэж нийгмийн даатгалын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү.

Мөн Н газрын байцаагч нарын тавьсан акттай манай захирал танилцаж, хүлээн зөвшөөрөөгүй. Нягтлан бодогчид танилцуулсан боловч нягтлан бодогчид танилцуулаад үлдээгээд явсан гэдэг нь захиралд танилцуулсан гэж үзэхгүй. Олон улсын сургуулиудаас зөвхөн “Э” сургуульд шалгалт орж, акт гаргаж байгаа нь өрсөлдөөнд нөлөөлж байна гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хариуцагч “Э” ХХК-иас нөхөн төлүүлэхээр ногдуулсан шимтгэл 588 640 279 төгрөг, алданги 147 160 069 төгрөг, нийт 735 800 348 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 147 160 069 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3 836 951 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Батжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Бид Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан хууль зүйн туслалцаа авах эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй байсан боловч шүүх дээрх хүсэлтийг хангаагүйн улмаас бидний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөхөд хүрээд байна. Энэ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл байдлыг үүсгэж байна.

Н газрын улсын ахлах байцаагч Д.Базарбаатар, улсын байцаагч М.Номинчимэг нарын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 000000001 тоот акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг хангасан байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасны дагуу “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах нь зүйтэй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй байна. Гэтэл энэ тухай бидэнд мэдэгдэж, оролцоог хангалгүй захиргааны акт гаргасан, цаашлаад иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “...тус актыг нягтлан бодогчид танилцуулсан” гэдэг. “Э” ХХК-ийн дүрмийн 8.1-т “Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна” гэжээ. Эндээс үзвэл нягтлан бодогч нь Иргэний хууль болон тус компанийн дүрэмд зааснаар компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд биш байна. Иймд бид дээрх актын тухай бидэнд мэдэгдээгүй, процессийн алдаа гаргасан гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь мэдэгдсэн хугацаагаа нотлох үүрэгтэй боловч өдийг хүртэл нотлоогүй байна. Эндээс үзэхэд улсын байцаагч нар нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эрх зүйн зөрчилтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт зааснаар хууль бус акт байна. Ийнхүү хууль бус актын үндсэн дээр биднээс дээрх хэмжээний мөнгөн дүн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Гадаадын иргэдээс нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг шаардах нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байна. Манай компанитай ижил эрх зүйн статус бүхий, нэг дүүргийн нутаг дэвсгэр дээр байрлах "American School of Ulaanbaatar", "International school of Ulaanbaatar" зэрэг сургуулиудад ажиллаж буй гадаад багш нараас нийгмийн даатгалын шимтгэл хураадаггүй боловч манайхаас ийнхүү шаардаж байгаа нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид тусгалаа олсон эрх тэгш байх, шударга байх зарчмыг зөрчиж байна. Эдгээр нөхцөлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н газар нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон алдангид 882 960 418 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч компани нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 2015 онд 2 060 199 191 төгрөг, 2016 онд 2 451 512 444 төгрөг, нийт 4 511 711 635 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй зөрчилд Улсын байцаагчийн акт тогтоон, уг мөнгөн дүнд нөхөж ногдуулсан шимтгэл 588 640 279 төгрөг, алдангид 294 320 139 төгрөг, нийт 882 960 418 төгрөг гаргуулна гэж тайлбарласан байна.

Хариуцагч Э ХХК-иас татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа Улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй, уг актыг компанийн захиралд танилцуулаагүй, мөн манай сургуультай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад сургуулийг шалгаагүй атлаа зөвхөн манайд шалгалт оруулсан нь ойлгомжгүй байгаагаас гадна өрсөлдөөнд нөлөөлсөн гэж үзнэ гэжээ.

Нэхэмжлэгч Н газрын Нийгмийн даатгалын Улсын байцаагч Д.Базарбаатар, М.Номинчимэг нараас 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч “Э” ХХК-д холбогдуулж 000000001 тоот акт тогтоосон /хх 4/ ба уг актаар хариуцагч компаниас 588 640 279 төгрөгийн шимтгэл нөхөн төлүүлж, алдангид 294 320 139 төгрөг, нийт 882 960 418 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дотор Улаанбаатар хотын банкин дахь 2603002465 тоот дансанд төвлөрүүлэхийг хариуцуулсан ба уг акт хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нь энэхүү актыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл уг акттай танилцан тайлбар гаргах, холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ талаарх Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлснийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, Н газрын дарга Б.Болорсүхэд гаргасан гэх хүсэлт хэрэгт авагдсан ч уг хүсэлтийг хариуцагч байгууллага хүлээн авч, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй тул уг актаар тогтоосон төлбөрийг төлөхгүй гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч “Э” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх хэсэгт зааснаар Улсын байцаагчийн тогтоосон актад тусгагдсан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүрэгтэй, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр зөв болно.

Нэхэмжлэгч нь 000000001 тоот Улсын байцаагчийн актад үндэслэн алдангид 294 320 139 нэхэмжилсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасантай нийцсэн хэдий ч мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.7, 26.2.8, 26.2.9-т заасан ажиллагааг нэхэмжлэгч байгууллага хангалттай хэрэгжүүлээгүй, нийт төлөх төлбөрийн хэмжээ их байгаа зэрэг хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх алдангийг 50 хувиар багасгаж 147 160 069 төгрөгөөр тооцсоныг буруутгах үндэслэлгүй ба энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээс өөрөөр хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хариуцагч нь энэ талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тэдгээрийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 735 800 348 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 147 160 069 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 836 952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ