Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2020/00105

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн           

          2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00209 дүгээр шийдвэр,

          Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.А-

          Хариуцагч: “М..” ХХК-ийн захирал Ч.Отгонжаргалд холбогдох

         Диагностик төвийн дулаан, цэвэр усны шугамыг хуучин хэвэнд нь оруулж сэргээлгэх, бохир, цахилгаан, холбооны шугамуудыг хуучин байдалд нь буцаан сэргээж ашиглалтын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, үерийн даланг тэгшлэн зам барьсан байдлыг болиулах,  үерийн даланг сэргээх, бохир ус орж ирснээс үүссэн хохирлыг барагдуулах, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч болон Эрдэнэт ус ДТС ОНӨХК-ийн ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу засвар шинэчлэлийг бүрэн хийхийн даалгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхзориг, өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн төлөөлөгч А.Төмөрчулуун, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: “Диагностик” төвийн баруун хойно 2016 оноос “М..” ХХК нь 60 м2 талбай бүхий газарт өөрийнхөө компанийн үйлчилгээний барилгыг барьж эхлэхдээ “Диагностик” төвийн өмчлөлийн инженерийн шугам сүлжээн дээгүүр зам талбай засаж эхэлсэн. Ингэж зам талбай засахдаа газрын хэвлийг засах зорилгоор 2-З метр зузаан хайрга асган нягтруулснаас манай төвийн инженерийн сүлжээ болох дулаан, цэвэр ус, бохир, цахилгаан, холбооны шилэн кабель зэрэг нь засвар үйлчилгээ хийх боломжгүй болсон төдийгүй үерийн далангүй болсон. Дээрх ажлаа “Ботгон жин” ХХК-тай гэрээ байгуулж хийсэн бөгөөд “Диагностик” төвийн шугамыг зөөн байршуулахдаа мэдэгдэлгүй, уг дулааны усны шугамыг “М..” ХХК-ийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн нөхцөлтэй гэрээ хийсэн байсан. 2017 оны намар “М..” ХХК-д хандан “... манай дулааны шугам дээр зам талбай барихгүй байх, үер усны даланг стандартын шаардлагын дагуу хийж өгөх, цахилгааны кабелын асуудлыг шийдэх тухай бичгээр хүсэлт, шаардлага хүргүүлсэн боловч зохих байгууллаас зөвшөөрөл авч, мэргэжлийн байгууллагаар ажлаа гүйцэтгүүлж байгаа гэсэн хариуг өгч эс хүлээн авсан. Ингэж бидний хууль ёсны эрх ашигт ноцтой хохирол учруулж манай барилгын ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж байна. Иймд 3охих зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж байгаа барилгын болон зам талбайн ажлыг бүрэн зогсоож барилгын илүү баригдсан хэсгийг буулгах замаар манай дулаан цэвэр усны шугамыг хуучин хэвэнд нь оруулж сэргээх, Манай бохир, цахилгаан, холбооны шугамууд нь засвар үйлчилгээ хийх боломжгүй байгааг хуучин байдалд нь буцаан сэргээж ашиглалтын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, манай байгууллагын үерийн даланг тэгшлэн зам барьсан байдлыг болиулан үерийн даланг сэргээж өгөх, 2018-07-17-нд болсон борооны үер дулааны шугам даган бохир ус орж ирснээс үүссэн хохирлыг барагдуулж, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч болон “Эрдэнэт ус” ДТС-ын ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу засвар шинэчлэлтийг бүрэн хийж өгөхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

      Хариуцагч тайлбартаа: Би тухайн үед мэргэжлийн болон зохих зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл, техникийн нөхцөл авч 3 давхар, 7,8x7,8 м.кв талбай бүхий эмнэлгийн барилгыг эхлүүлсэн. Миний хувьд мөн л барилга барих эрх бүхий байгууллагаар барилгыг бариулсан бөгөөд “Диагностик” ХХК-ийн надад тавьсан хууль бус шаардлагад тухай бүрт нь хариуг өгч байсан билээ. Манай барилгын хувьд Диагностик авто засварын төвийн цэвэр ус, дулаан, цахилгаан болон холбооны шугамын үйл ажиллагааг тасалдуулаагүй бөгөөд би 2015 онд нэг бүр нь 750,000 төгрөгийн үнэлгээ бүхий хаалтууд, шугам хоолойг нь шинээр сольж өсгөн. Барилгын тухай хуульд зааснаар техникийн нөхцөл авсан тухайн байгууллага өөрөө цахилгаан холбоо, дулааны болон, цэвэр усны шугам хоолойг солих, түүнээс гарах зардлаа хариуцах ёстой. Би харин ч техникийн нөхцөлөө авч түүний шугам татахад 2017 онд өөрөөсөө дахин 5 сая төгрөгийн хоолой бусад материалыг гаргаж нийтдээ 10 сая төгрөгийг эдний байгууллагад зарцуулсан. Иймд шаардлагуудыг биелүүлэх боломжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 142/ШШ2019/00209 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан “М..” ХХК-д холбогдох, Д.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

    Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00209 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч тал гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцааж олгохоор заасан байна.   

     Хариуцагч хяналтын гомдолдоо: Нөхцөл байдлын хувьд “Диагностик” засварын төвд ямар нэгэн байдлаар бодит хор уршиг учраагүй. Цахилгааны шугам нь ил задгай бөгөөд төмөрөнд өлгөсөн байхад нь би далдалж хоолойд шургуулан аюулгүй байдлыг нь хангаж өгсөн. Эдний төвд үерийн далан тухайн үед байгаагүй. Энэ талаарх зургийг нь хэрэгт хавсарган өгсөн. Мэргэжлийн хяналтын газраас 2018-07-20-ны өдөр 14-07-025/114 дугаартай дүгнэлт гарсан бөгөөд юунд үндэслэн гаргасан манай талаас буруутай гэдэг нь юугаар тогтоогдож байгааг нотлоогүй. Борооны ус орж хохирол учирсан гэдэг боловч энэ нь мөн л нотлогдоогүй юм. Мөн “Диагностик” автозасварын төв буюу объектийн хувьд хэний өмчлөлийнх болох нь тодорхойгүй Д.А- ямар эрх хэмжээний үндсэн дээр засварын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, уг хөрөнгийн өмчлөгч мөн эсэх, уг төвөө төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь ч тодорхойгүй. Манай барилгыг энэ төвийн инженерийн шугам дээр баригдсан гэдэг бөгөөд барилгыг инженерийн шугам дээр барих боломжгүй, инженерийн шугамыг Мэргэжлийн хяналтын газраас эрх бүхий ажилтнууд ирж үзээд явсан. Хэрэв дээр нь барьсан бол ямар нэгэн байдлаар үзэгдэх, харагдах боломжгүй. Миний зүгээс энэ байгууллага, өмчлөгчдийн эрхийг ямар нэгэн байдлаар хөндөөгүй билээ. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Д.А- 2019-01-11-ний өдөр “М..” ХХК-ийн захирал Ч.Отгонжаргалд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “...дулаан, цэвэр усны шугам, бохир, цахилгаан, холбооны шугамуудыг хуучин байдалд нь буцаан сэргээж ашиглалтын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, үерийн даланг тэгшлэн зам барьсан байдлыг болиулах, үерийн даланг сэргээх, хохирол барагдуулах, засвар шинэчлэлийг бүрэн хийхийг даалгуулах...”-г шаарджээ.  Хариуцагч Ч.Отгонжаргал нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна. 

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж  заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр   буцаажээ. 

    Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...бодит хор уршиг учраагүй... аюулгүй байдлыг нь хангаж өгсөн...үерийн далан тухайн үед байгаагүй... эрх бүхий этгээдийн дүгнэлтэд манай талыг буруутай гэдгийг нотлоогүй.... хохирол нотлогдоогүй... “Диагностик” автозасварын төв хэний өмчлөлийнх болох нь тодорхойгүй... төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй нь тодорхойгүй. Байгууллага, өмчлөгчдийн эрхийг хөндөөгүй..” гэсэн үндэслэл заасан байна. 

      Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

     Д.А- “М..” ХХК эсхүл Ч.Отгонжаргалд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2-т тус тус нийцээгүй байна. 

     Нэхэмжлэгч нь хэнээс юу шаардсан нь тодорхой болсон тохиолдолд хэргийн талаар эрх зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэх тул шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. 

     Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдана. Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.   

    Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримт хэрэгт хавсаргагдаагүй, зарим нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.   

   Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.    

    Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нотлох баримтыг тухайн нэхэмжлэлд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.   

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ