Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2043

 

Б.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01785 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Оын, хариуцагч ЮБЭП ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний доголдол болон хохиролд 11 058 840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

нэхэмжлэгч Б.Оын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч ЮБЭП ХХК-тай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун орон сууцны хотхонд 61.91 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалан бариулах тухай гэрээ байгуулсан. Гэрээгээр хариуцагч нь 61.91 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 880 000 төгрөгөөр тооцож, 116 390 800 төгрөгөөр бариулахаар тохиролцож, гэрээнд заасны дагуу байрны урьдчилгаанд үнийн дүнгийн 30 хувь болох 34 917 240 төгрөгийг шилжүүлсэн. Улаанбаатар хотын банкнаас 81 000 000 төгрөгийг зээлж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дээрх дансанд шилжүүлснээр гэрээний үнийн дүнг бүрэн төлж барагдуулсан.

Би анх байрны м.кв талбай дутуу гэдгийг мэдэлгүй, байраа хүлээн авч, байрандаа орсон. Гэвч байрны оршин суугчдаас дутуу байна гэсэн гомдол гаргасныг сонсоод 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Инженер геодези” ХХК-иар орон сууцыг хэмжүүлэхэд гэрээнд заасан м.кв талбайгаас өөр буюу 56.96 м.кв гарч, даруй 4.95 м.кв дутсан бөгөөд гүйцэтгэгч дээрх гэрээний 1.2, 1.3, 1.5-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн байхгүй буюу дутуу м.кв талбайн үнэд 9 306 000 төгрөг банкнаас илүү зээлж, нийт 27 сарын хугацаанд 1 658 340 төгрөг зээлийн төлбөрт төлсөн. ЮБЭП ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж орон сууцны талбайг нягтлан хэмжүүлэх, улмаар хохирлоо барагдуулах талаар бичиг баримт бэлтгэх, хуулийн зөвлөгөө тусламж авах зэргээр хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд маш их хохирол амсаж байгаа болно. Иймд хариуцагчаас 11 058 840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЮБЭП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЮБЭП ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхонд байрлах, 71, 72, 73 тоот барилгыг Өндөр буянт холдинг ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан.

2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2014/703 тоот барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт гарсан учир худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Худалдан авагч нь борлуулалтын талбайн хэмжээ, үнийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан гомдол шаардлага гаргаагүй. Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон тул бид хөндлөнгийн компанийн талбайн хэмжээг тооцон гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээг орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн байх боловч агуулгаараа худалдах-худалдан авах гэрээ бөгөөд нэхэмжлэгч тал энэ тухайд маргахгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан учраас 255.1.1-д заасан нөхцөл байдал үүссэн, нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан, нөгөө талаар нэхэмжлэгч тал талбайн хэмжээ зөрүүтэй, дутуу байсан бол хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болох байтал хугацаа хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЮБЭП ХХК-иас 11 058 840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь орон сууцны талбайн хэмжээг энгийн хүний нүдээр хараад тогтоох боломжгүй, барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хэмжилтийн тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар хийж тооцоолон тогтоож байгаа тул орон сууцыг хүлээн авах үедээ доголдлыг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзэх боломжгүй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт гомдлын шаардлага гаргах хугацаа нь талууд бие биендээ эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй хугацаа болохоос энэ хугацаа дууссан байх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Хариуцагч гэрээнд заасан стандарт шаардлага хангасан хэмжээ бүхий орон сууц хүлээлгэх өгөх үүргээ биелүүлээгүй болох нь мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүх хариуцагч хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчсөнийг нь хүлээн зөвшөөрсөн атлаа зөвхөн талбайн хэмжээ дутуу эсэхийг нэхэмжлэгч өөрөө тогтоох байсан гэж буруу дүгнэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч Б.О, хариуцагч ЮБЭП ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн үнийн зөрүү болон доголдолтой эд хөрөнгө нийлүүлснээс учирсан хохиролд 11 058 840 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, маргажээ.

            Хэрэгт цугларсан баримтаас үзвэл талууд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “Х” хотхоны ХД73 дугаар байрны 3 дугаар орцны 13 давхарт байрлах 61.91 м.кв талбай бүхий орон сууцыг 116 390 800 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Б.О нь орон сууцны үнийг төлж, хариуцагч тал 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх-16, 20-23 дугаар тал/

Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Нэхэмжлэгч Б.О, хариуцагчийг гэрээний 1.2-т заасан хэмжээнээс бага, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэх үндэслэлээр дутуу шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг буцаан төлөхийг шаардахдаа “Инженер геодези” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэлээ болгосон боловч зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны талбайн хэмжээг тодорхой тусгасныг нэхэмжлэгч мэдэж орон сууцыг хүлээн авахдаа хэмжээний хувьд доголдолгүй гэж үзэн хүлээн авсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “... хэмжээний хувьд болно гэж бодсон, паркет шал хоёрын завсар хийдэг дулаан тусгаарлагч жийргэвч ойролцоогоор 60 м.кв-ыг авч дэвсэж байсан учир ерөнхийдөө зөрүүгүй гэж бодсон ...” гэх тайлбараар тогтоогдож байна. /хх-70-71/ Түүнчлэн талууд гэрээгээр 1 м.кв-ын үнийг тусгайлан тодорхойлоогүй, 61.91 м.кв-ыг бүхэлд нь 116 390 800 төгрөг гэж үнэлжээ. Иймээс нэхэмжлэгч нь орон сууцны талбайд хэмжилт хийлгэх замаар тухайн орон сууцны доголдлыг мэдсэн буюу мэдэх боломжтой байхад 61.91 м.кв гэдгийг зөвшөөрч хүлээж авсан гэж үзэх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасны дагуу доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэг нь барилгын чанар байдлын доголдолд гомдол гаргах хугацааг тодорхойлж өгсөн бөгөөд талбайн хэмжээтэй холбоотой буюу дутуу эд хөрөнгө шилжүүлсэн гомдлын шаардлага гаргах хугацаанд хамаарахгүй юм.

Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ОТГОНЦЭЦЭГ

                                            ШҮҮГЧИД                                          С.ЭНХТӨР

                                                                                                       Ч.ЦЭНД