| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 184/2017/02675/И |
| Дугаар | 001/ХТ2020/00098 |
| Огноо | 2020-02-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2020/00098
Н.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00434 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 672 дугаар магадлалтай,
Н.А-гийн нэхэмжлэлтэй,
ДВХ ХХК, Б.Б- нарт холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, нийт 67.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А-, өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагч Б.Б-ын өмгөөлөгч Ч.Атарболд, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.
Нэхэмжлэгч Н.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ДВХ ХХК түүнийг төлөөлж захирал Б.Б-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Гоодой зусланд баригдах 125 м.кв амины орон сууц, 39 м.кв террасны ажлыг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, барилгын ажил гүйцэтгэх гэрээний нийт хөлс нь 86.000.000 төгрөг байхаар тохиролцсон. Би гэрээнд заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа 30 хувь буюу 25.000.000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 3.500.000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 15.000.000 төгрөгийг, 2.100.000 төгрөгийг тус тус ДВХ ХХК-ийн захирал Б.Б-ын хувийн данс руу шилжүүлсэн. Гүйцэтгэгч ДВХ ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрээнд заасан ажлыг хүлээлгэн өгөх ёстой байсан ч ажлаа хүлээлгэн өгөөгүй бөгөөд зөвхөн барилгын суурь хэсэг цутгагдаж, гүний худаг ухсанаас өөр ямар ч ажил хийгдээгүй, доголдолтой байсан тул цаашид ДВХ ХХК-иар барилгын ажил гүйцэтгүүлэх боломжгүй болсон. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд өгсөн 51.600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Миний бие урьдчилгаа хөлсөө төлөхдөө өөрийн хадгалсан мөнгө хүрэлцэхгүй байсан тул бусдаас мөнгө хүүтэйгээр зээлж урьдчилгаагаа төлсөн. 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Оюунбилэгээс 25.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж, амины орон сууцны урьдчилгаанд төлсөн болно. Гэтэл өнөөдрийг хүртэл тус компани барилгыг ашиглалтад оруулаагүй, барилгын наад захын стандарт, шаардлага хангаагүй, тус компани гэрээний үүргээ зөрчсөний улмаас миний бие иргэн Д.Оюунбилэгт зээлсэн төлбөрөө бүрэн төлж чадалгүй, өндөр хүүний өрөнд орж энэ хугацаанд нийтдээ 12.900.000 төгрөгийн хүүний өрөнд орж хохирч байна. Мөн миний бие эд хөрөнгөөрөө хохирсон тул хууль зүйн мэргэжлийн туслалцаа авахаар өмгөөлөгч хөлсөлсөн бөгөөд хоёр өмгөөлөгчид тус бүр урьдчилгаа 1.500.000 төгрөгийг төлж, нийт 3.000.000 төгрөгийн зардал гарсан. Иймд ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа 51.600.000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 12.900.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3.000.000 төгрөг, нийт 67.500.000 төгрөгийг Б.Б- болон ДВХ ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Н.А- нь манай компанитай барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан учир Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Гоодой зусланд амины орон сууц барьж өгөхөөр болсон юм. Н.А-гийн орон сууц барих газар нь намгархаг хөрстэй байсан тул суурийг бэхжүүлэхийн тулд нилээд хоног хүлээх шаардлага гарч хагас сар хэртэй хугацаа хойшилж ажил эхэлсэн юм. Бид чанарын шаардлага хангасан стандартын бараа материалыг БНХАУ болон ОХУ-аас татдаг. Н.А-гийн байшингийн үндсэн төсөв 97.495.620 төгрөг болсон боловч захиалагчтай харилцан тохиролцож 86.000.000 төгрөгт хийж гүйцэтгэхээр гэрээг хийсэн. Уг байшингийн карказ угсралтын үед бороо маш ихээр орсон тул шалны панер, ОСП хавтан бороонд норж чанарын шаардлага хангахгүй болсон бөгөөд үүнийг захиалагчийн дагуулж ирсэн барилгын инженертэй хэрхэн засварлаж хийхийг харилцан зөвлөлдөж тохиролцсон. Манай компани шалны доод хэсгийг ус чийг тусгаарлагч, өнгөт төмрөөр бүрж өгөхөөр болсон бөгөөд уг ажлыг дотор заслын ажил гүйцэтгэх хүмүүсээр хийлгэхээр болсон. Уг алдаа дутагдал нь гэрээний 7.1-т заагдсан байгалийн давагдашгүй хүчин зүйлд хамаарч байгаа болно. Н.А-гийн барилгын карказ болон шалыг канад технологийн стандартаар угсарсан бөгөөд шалны дулаалгыг Монгол базалт ХХК-ийн зөвлөх инженерийн зөвлөснөөр монгол базалтын чулуун хөвөнг хэсэгчлэн жижиглэж чанартай хийсэн. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс үе шатны ажлын төсөв 17.000.000 төгрөг төлөх ёстой. Бид нэхэмжлэхээ 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн боловч энэ мөнгөө өгөхгүй байгаагаас барилгын ажил хийгдэхгүй. Н.А- нь хэсэгчлэн төлөх 7.000.000 төгрөгийн төлбөрөө төлөхгүй, компанийг барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгах боломжоор хангахгүй улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан явдлыг гүйцэтгэгч барилгыг дуусгаж хүлээлгэж өгөх хугацаа алдсан үүргээ зөрчсөнд буруутай гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.А-гийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 61.858.900 төгрөгийн зардал гарсан цаашид дуусгахад шаардлагатай барилгын материал бэлэн байгаа учир Н.А- хэсэгчлэн төлөх төлбөрөө төлж, бид цаг агаарын таатай байгаа цөөхөн хоногт эрчимтэй ажлаа явуулж, барилгыг дуусгаж хүлээлгэж өгөх шаардлагатай байна. Иймд захиалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч Н.А- нь дангаар Барилгын ажил гүйцэтгэх 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа учир Н.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ДВХ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Н.Э шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие 2017 оны 8 дугаар сард Ц.Тайширтай гэр бүлийн виз найдвартай гаргаж зуучилж өгнө гэсний дагуу уулзаж гадаад паспортын урьдчилгаа 2.800.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрч утсаа авахгүй байгаад нэг ярихад материалыг чинь найдвартай болгож байж элчинд өгнө гэж цаг хожсоор 2017 оны 11 дүгээр сард Ц.Тайшир хэлэхдээ орлого хангалтгүй байгаа болохоор ДВХ ХХК-ийг миний нэр дээр бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлье тэгвэл виз гарах магадлал өндөр гэсэн санал тавихдаа нотариат дээр бичиг баримт бэлдэж, очоод гарын үсэг зураарай гэж очиж зурахад Ц.Тайшир байхгүй байсан. 2018 оны 5 дугаар сард паспорт, мөнгөө авсны дараа Ц.Тайширын хэлсний дагуу гарын үсэг зурсан. Миний бие ДВХ ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг талаар ямар ч ойлголт байхгүй. Миний бие ДВХ ХХК-ийг төлөөлж оролцохгүй гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00434 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ДВХ ХХК, Б.Б- нараас 55.600.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 435.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 672 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00434 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 439 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд ...Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримтлан зөвхөн нэхэмжлэгч талын үйл баримтанд тулгуурлан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Н.А- нь барилгын талбай дээр барилгын инженер дагуулан ирж барилгын үйл явцтай танилцаж заавар зөвлөгөө өгөн явдаг байсан. Мөн 2017 оны 8 сарын 15-ны өдрөөс үе шатны санхүүжилт 17.000.000 төгрөг өгөх ёстой байсан боловч өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс санхүүжилтийн мөнгийг өгөлгүй гэрээнээс татгалзах мэдэгдэлгүй шууд шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Шүүхэд хандсан байгаа тул биднийг барилгын ажил гүйцэтгэх талбай руу орохыг хориглосон. Тухайн барилга баригдаж буй бүхий л үйл явцад иргэн Н.А- нь өөрөө ирж очин шалгаж байсан өнөөдөр шүүхийн маргаан үүсээгүй байсан бол тухайн барилга бүрэн ашиглалтанд орчих байсан. Барилгын ажлыг заасан хугацаандаа гүйцэтгэж чадаагүй шалтгаан нь давагдашгүй хүчин зүйлс байсан бөгөөд тухайн үед байнгын бороотой байсан гэдгийг нэхэмжлэгч болон хариуцагч нар мэдэж байсан бөгөөд энэ тухайгаа нэхэмжлэгч талд мэдэгдэж барилга барих газрыг хатаах сэврээх хэрэгтэй гэж зөвлөлдөж байсан. Шинжээчийн дүгнэлтийн тухайд НМХГ-ын 2018.05.02-ны өдрийн 01/2018 дугаар бүхий улсын байцаагчийн дүгнэлт нь Сүхбаатар дүүрэг, 15 хороо Гоодойн зуслан баригдаж буюу барилгын хийц бүтээц дутуу 60-70% гүйцэтгэлтэй барилга дээр хийгдсэн бөгөөд шүүхийн зүгээс тэрхүү шинжээчийн дүгнэлтийг үндэслэн чанаргүй стандартын шаардлага хангаагүй гэх нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтийн ихэнх хэсэг нь зөвхөн баримт бичгийн стандартын шаардлага хангаагүй тэдгээрийн бүрдүүлбэр дутуу гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл шүүхийн зүгээс дүгнэхдээ хүн амьдрах боломжгүй мэтээр шинжээчийн дүгнэлтийг үнэлж 50 гаран сая төгрөгний овоохой барьсан мэтээр дүгнэж байна. Мөн гурван давхар барилга хүртэл тусгай зөвшөөрөл шаардлагагүй бөгөөд тухайн барилгын зураг төслүүд иргэн Н.А-д байсан болно. Шүүхийн шатанд тэрхүү барилгыг барьж босгоход нийт 57.000.000 төгрөгний бараа материал орсон гэсэн хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлтийг шүүхийн зүгээс огт авч хэлэлцсэнгүй. Мөн нэхэмжлэгч нь ДВХ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд иргэн надтай ямарваа нэгэн хэлбэрээр гэрээ байгуулаагүй. Зөвхөн мөнгийг нь данс руу шилжүүлж тэрхүү мөнгө барилгын ажилд зарцуулагдсан. Тухайн үед мөнгийг дансаар авсан учир шалтгаан нь компаний дансаар авая гэтэл НАӨТ гэсэн учраас хувь хүний данс руу шилжүүлсэн. Гэтэл шүүхээс намайг хамтран хариуцах ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн барилга нь 60-70% гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтанд орсон бол ашиглах боломжтой, биет байдлаар хүлээлгэн өгөх боломжтой, байсаар байтал шүүхийн зүгээс огт үгүйсгэн зөвхөн мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх ёстой гэж үзэн 55.600.000 төгрөг гаргуулан олго гэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Мөн өөрсдөө үүргээ биелүүлээгүй мөртлөө хохирол нэхэж, шүүх хангаж байгаа нь үндэслэлгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн хэргийн үйл баримтыг тал бүрээс нь судлан үзэж анхан болон давж заалдах шатны шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Н.А- нь ДВХ ХХК, Б.Б- нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн 51.600.000 төгрөг, зээлийг хүү төлсний хохирол 12.900.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг, нийт 67.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй маргасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.
Магадлалыг эс зөвшөөрч, “...төлбөрийг хариуцах үндэслэлгүй, шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь буруу,...” гэсэн хариуцагч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Н.А-, хариуцагч ДВХ ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн, 15 дугаар хороо, Гоодойн зусланд баригдах 125 м.кв амины орон сууц, 39 м.кв террасын ажлыг гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 86.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээний дагуу ажлын хөлсөнд нийт 51.600.00 төгрөг шилжүүлсэн нь тогтоогджээ.
Зохигчийн байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдалд хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Гэрээгээр тохирсон ажлыг 2017 оны 06 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч ДВХ ХХК биелүүлээгүй, хугацаа хэтрүүлснээс гадна барилгын ажил дутуу, гүйцэтгэсэн ажил доголдолтой, цаашид чанарын шаардлага хангасан ажлын үр дүнг хүлээн авах боломжгүй болсон үйл баримтыг хоёр шатны шүүх хэргийн баримтад тулгуурлан дүгнэж, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэн хэлцлээр шилжүүлсэн 51.900.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцжээ.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг бөгөөд шинжээчийн дүгнэлтэд зааснаас үзвэл тухайн барилгыг намаг, ус ихтэй газар барихдаа барилгын суурь суулгах гүн, барилга байгууламжийн буурь, суурийн хийцлэл төрлийг сонгон зураг төсөл боловсруулаагүй, бодит байдалд суурийн гүн тодорхойгүйгээс гадна суурийн багануудыг холбосон цутгамал дам нуруу хазгай мурий цутгагдсан, хэмжээс алдагдсан, ус тусгаарлагч хийгдээгүй, зарим газар суурийн баганы орчмоор ус гарсан, тухайн багана усанд суусан, даацын болон даацын бус хийцүүдийн төвшин алдагдсан зэрэг ноцтой зөрчлүүд тогтоогдсон байна. Иймд барилгыг цаашид үргэлжлүүлэн бариулах нь ашиггүй болсон гэж үзэн нэхэмжлэгч гэрээнээс татгалзсныг буруутгах үндэслэлгүй байна.
Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгч хохирол гаргуулахаар шаардсаныг шүүх нотлогдсон хэмжээгээр буюу 4.000.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг зөрчөөгүй байна.
Хариуцагч Б.Б- нь гүйцэтгэх захирлын хувьд ДВХ ХХК-ийг төлөөлж анх Н.А-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажлын хөлс 51.600.000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан байдлаас түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар ДВХ ХХК-тай хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.
Харин анхан шатны шүүх зохигчийн хооронд гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг шаардлага гаргах эрх зүйн зохицуулалт гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий байна.
Дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Б-ын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 672 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Б.Б- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 439.950 төгрөг төлснийг улсын орлогд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ