Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00009

 

 

 

 

 

Б.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02811 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 440 дүгээр магадлалтай, 

Б.Мийн нэхэмжлэлтэй

ХУД-ийн ЗД  д холбогдох,

ХУД-ийн ЗДын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулж, хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн СОД-ын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Агийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Т.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Байгаль, түүний өмгөөлөгч О.Баясгалан, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх ХУД-ийн ЗДын 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 165 дугаар захирамжаар ХУД-ийнСОТ- /ордон/-ийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эхний удаагаа, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хоёр дахь удаагаа, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ХУД-ийн ЗДын захирамжаар гурав дахь удаагаа нэг л үндэслэлээр ажлаасаа халагдаад байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэсэн үндэслэл бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/01002 дугаар шийдвэрийн 3, 4 дэх хуудсан дахь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 5 дугаар хуудсан дахь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02418 дугаар шийдвэрээр өөрийн төрсөн ах, хамтран амьдрагч, өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан гэж, Б.Мийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцээгүй гэж дүгнэсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг зөрчиж хамтран амьдрагч Ч.Бг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Соёлын ордны нярав, кассын ажлыг хослон гүйцэтгүүлэхээр, төрсөн ах Б.Нг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар соёлын ордны жижүүрээр томилон ажиллуулж байсан байна гэжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Учир нь Авлигатай тэмцэх газрын бичигтэй болохоор халж болдог, бичиггүй бол халахгүй гэсэн зохицуулалт байхгүй. Иймд дээрх үндэслэлээр намайг дахин ажлаас халах нь үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 4 602 560 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай Авлигатай тэмцэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3441 тоот албан бичиг ирүүлсний дагуу хариуцлага тооцож хариуг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 08/874 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно. Б.М нь Хан-Уул дүүргийн СОД-аар ажиллаж байхдаа өөрт хамаарал бүхий этгээдүүдийг ажилд авч ажиллуулж байсан. Энэ талаар шүүх үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж шийдвэрлэж байсан. Учир нь эхний шүүхийн шийдвэр 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гарч Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн захирамж Б.Мийг ажлаас чөлөөлөх үндэслэл заалгүйгээр шууд чөлөөлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч тал Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, өөрт хамаарал бүхий этгээдүүдийг ажилд томилон, удирдан ажиллаж байсан талаар баримтуудыг гаргасан боловч шүүх ажлаас чөлөөлсөн захирамжид энэхүү үндэслэлийг дурдаагүй, захирамжтай холбоотой баримтууд биш гэж үзсэн. Үүний дараа Б.Мийг Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/69 дүгээр захирамжаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр хоёр дахь удаагаа ажлаас чөлөөлсөн. Б.М нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түүнийг ажилд томилсон атлаа мөн өдрөө ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь тушаалд заасан үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Авлигатай тэмцэх газраас 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3441 тоот ХУД-ийн ЗДад хандсан хяналт, шалгалтаар гарсан зөрчилд хариуцлага тооцуулах тухай албан бичиг ирсэн тул гурав дахь удаагаа Б.Мийг ажлаас халах тухай Засаг даргын захирамж 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гарсан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичигтэй холбоотойгоор таны эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гарч байна, сонсох ажиллагаанд оролцохыг мэдэгдэхийг хэлэхэд ирж уулзаад зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд тайлбараа 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цагт авчирч өгнө гэсэн. Маргааш нь ирээд тайлбар өгөх шаардлагагүй гэсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг үндэслээд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын албан бичгийн дагуу хуулийг зөрчин ажиллаж байсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч анх 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн ах болон Банзрагчийн Б.Нг аж ахуйн албаны даргаар, 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хамтран амьдрагч Ч.Бг зохион байгуулагчаар тус тус ажилд авсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсанаас хойш 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн төрсөн хүү Б.Мийн Пүрэвсүрэнг жижүүрээр ажилд авсан. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар төрсөн ах Б.Нг хөгжмийн багшаар томилж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг зөрчсөн. Хэрвээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан тохиолдолд нийтийн албанаас халахаар заасан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглохоор заасан. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтанд төрийн үйлчилгээний албан тушаалтны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч нарыг хамаарна гэж заасан. Иймд өөртэйгээ хамаарал бүхий этгээдүүдэд чиглэсэн тушаал шийдвэр гаргасан, удирдаж ажилласан зэрэг зөрчил гаргасан тул Засаг даргын захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02811 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ХУД-ийн ЗД Ж.А  д холбогдох ХУД-ийн ЗДын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн СОД-ын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийж баталгаажуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэгч Б.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 440 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02811 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад заасан нэхэмжлэгчийн “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мийг ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ХУД-ийн ЗДаас ажилгүй байсан хугацааны олговорт 4 602 560 төгрөгийг гаргуулсугай” гэж өөрчлөн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсан зөрчилд арга хэмжээ тооцуулахаар заасан асуудал нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт шийдвэрлэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй. Хариуцагч нэгэнт урьд шийдвэрлэсэн асуудлыг дурдсан Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэн Б.Мийг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. ... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1002 дугаар шийдвэрийн 5 дугаар хуудсан дахь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт.... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь "...Б.М Хан-Уул дүүргийн СОД-аар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг тус тус зөрчин ажиллаж байсан” гэж тайлбарлан холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн боловч эдгээр үйл баримтууд нэхэмжлэгч Б.Мийг ажлаас чөлөөлсөн захирамжид тусгагдаагүй гэх үндэслэлээр уг асуудлын талаар хэлэлцээгүй болно. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/02418 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ....Б.Мийг ажилд эгүүлэн томилсон хэрнээ, мөн өдрөө ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн дүгнэж нэхэмжлэгч Б.Мийг ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн. Энэ нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02811 дугаар шийдвэрийн 7 дугаар хуудсан дахь үндэслэх хэсэгт дурдсанаар; Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/02418 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17- ны өдрийн 210/МА2018/00217 дугаар магадлалаар Б.Мт холбогдох ХУД-ийн ЗДын Б/69 дүгээр захирамжийг хүчингүй болгосон боловч түүний ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Иймд ХУД-ийн ЗДын нэхэмжлэгч Б.Мийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчиж өөрийн төрсөн хүү. төрсөн ах, хамтран амьдрагч буюу өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан үндэслэлээр ажлаас халсан талаар хэлэлцэж шийдвэрлээгүй байна хэмээн дүгнэснээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр болсон өмнөх шүүхийн шийдвэрүүдтэй холбогдуулж гомдол гаргаагүй бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь томилсон. Б.Мийг ажилд нь эгүүлэн томилсноос хойш Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3441 дугаартай албан бичгийн дагуу хариуцлага тооцож ажлаас халсан. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас давж хэргийг шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.М хариуцагч ХУД-ийн ЗДад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Авлигатай тэмцэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3441 дүгээр албан бичгийн дагуу хариуцлага тооцсон, нэхэмжлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, удаа дараа хууль бус шийдвэр гаргасан гэх үндэслэлээр маргажээ.

ХУД-ийн ЗДын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох нь  нэхэмжлэлийн шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хуулийг зөв сонгосон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүйг давж заалдах шатны шүүх залруулсан нь оновчтой болжээ. Давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхээ хэрэгжүүлэхдээ ажилтны гаргасан зөрчлийг хөдөлбөргүй тогтоосон байх, сахилгын шийтгэлийг ногдуулах хуульд заасан хугацааг баримтлах, тушаалыг хуульд заасан хэлбэрээр гаргах, зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуульд заасан.

Б.М нь ХУД-ийнСОТ-ийн даргаар ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хамтран амьдрагч Ч.Бг, 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүү М.Пүрэвсүрэнг, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн ах Б.Нг тус тус ажилд томилсон, ХУД-ийн ЗДдээрх үндэслэлээр Б.Мийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж ажлаас халсан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01002 дугаар шийдвэрээр түүнийг ажилд эгүүлэн тогтоосон, уг шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Үүнээс гадна хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авсан боловч дахин ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхийн шийдвэрийг бодитой биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шүүх өмнөх шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02418 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00217 дугаар магадлал хэрэгт авагджээ.

Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу хариуцагч 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон /хх14/ боловч 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн  05/3441 дүгээр Авлигатай тэмцэх газрын албан бичгийг нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулахыг мэдэгдэж /хх16/, зөрчлийг хэлэлцэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар түүнийг ажлаас чөлөөлжээ. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт  “...Б.М нь хууль зөрчиж, төрсөн хүү, ах, хамтран амьдрагч нарыг ажилд авсан ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан...” талаар мэдэгдсэн боловч энэ үндэслэлээр ажлаас халсан үйл баримтыг шүүх өмнө нь  шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа юм. Иймд дахин уг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн үндэслэлгүй байжээ.

Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж, сахилгын зөрчилд нэг удаа сахилгын шийтгэл ногдуулах Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан нь хууль зөрчөөгүй ба харин шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ойлгомжгүй, найруулгын алдаа гаргасан байх тул залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 440 дүгээр магадлалын 1 дэх заалтыг “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02811 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг баримтлан Б.Мийг ХУД-ийнСОТ-ийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ХУД-ийн ЗДын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговорт 4 602 560 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                          П.ЗОЛЗАЯА