Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Нарангэрэл

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын туслах прокурор Ц.Цэцэгмаа, 

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх 0-640/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнх-Амгалан,

хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх 0-695/

шүүгдэгч Л.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар  зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лүүлүүгийн Алтанцэцэгт холбогдох 201619000118 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ганцаараа амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн Өгөөмөрийн 6-12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Лүүлүүгийн Алтанцэцэг /РД:МТ63020809/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

             

Шүүгдэгч Л.Алтанцэцэг нь 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт иргэн П.Наранчимэгийг хуурч, мэхлэн, түүний итгэлийг эвдэх аргаар 20.000.000 төгрөгийг нь хүнд хүүтэй зээлүүлж, мөнгийг нь өсгөж өгнө” гэх нэрийдлээр залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр талийгаач над руу утасдаад манай тайлан тооцоог нь гаргаад өгөөч гэхээр нь би тайлан тооцоог нь хийж 5-6 дугаар сарын тооцоог нь  гаргаж өгсөн. Тэгж байтал 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр талийгаач надад хүнд хүүтэй мөнгө зээлүүлэх гэсэн юм би Улаанаагаас 5.000.000 төгрөг авах ёстой та очоод авчих гэхээр нь би очиж авсан. Тэрнээс би 20.000.000 төгрөг бол аваагүй. Намайг хотод байхад над руу утасдаад баяр болох гэж байна та бараа аваад ирээч гэхээр нь би Хаан банкны данснаасаа 7.000.000 төгрөг аваад бараа аваад аваачиж өгсөн. Дараа нь 2014 оны 07 дугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар хотод явж байхад бас яриад та манай худалдагч руу яриад мөнгө аваад бараа аваад ир гэхээр нь худалдагч руу нь ярисан чинь 2.000.000 гаруй төгрөг байна гэхээр нь би тэрийг нь би аваад өөрөөсөө мөнгө нэмээд бараа авсан. Мөрдөн байцаагч хэт нэг талыг барьж байцаалт авсан байсан. Би мөрдөн байцаагчид хүртэл хэлсэн байсан. Би яг бэлэн мөнгө авч яваагүй, надад нэг удаа алт өгч явуулж заруулж байсан. Би 20.000.000 төгрөг аваагүй тул энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2014 оны 06 сард Алтанцэцэг эгчид ээж минь 20.000.000 төгрөг хүнд хүүтэй зээлүүлнэ гэхээр нь өгсөн чинь мөнгөө авч чадахгүй байна гэж хэлсэн. Манайх 2013 оны 04 сард дэлгүүрээ авсан Алтанцэцэг эгчээр 2 сар тайлан тооцоогоо хийлгүүлсэн. Манай ээжээс 20.000.000 төгрөг авснаасаа хойш ирэхээ болисон. Одоо нэхэмжилж байгаа мөнгө дээрээ өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг нэхэмжилж авмаар байна гэв.

 

Гэрч Т.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2014 оны 07 сард Алтанцэцэг гуай намайг бараа ачаад өгөөч гэхээр нь Стана маркийн тээврийн хэрэгслийг дүүргэж ачаад Төв аймгийн Заамар сумын “Анар” дэлгүүрт 07 дугаар сарын 10-ны өдөр буулгасан. Миний хувьд мөнгөний талаар мэдэхгүй гэв.

 

Гэрч П.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хааяа эгчдээ туслаж дэлгүүрийн бараанд явдаг байсан. Талийгаач эгч маань Алтанцэцэг эгчид 20.000.000 төгрөг зээлүүлчихлээ чи бид хоёрын амьдралд хэрэг болох байх гэж байсан. Талийгаач эгч над руу утсаар яриад хашааны хаалгаа онгойлго гэсэн. Тэгээд би хаалгаа онгойлгосон чинь Алтанцэцэг эгч машинаа барьж хамт ирээд машинаасаа буугаад цүнхээ аваад утсаар яриад эгчид машины түлхүүрээ өгөөд  гарсан. Эгч их ууртай чи тэр мөнгө авчирч өгөөд машинаа аваарай гэж Алтанцэцэгт хэлж байсан гэв.

 

Гэрч У.Баттөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Анх “Анар” дэлгүүрийг талийгаач худалдаж авахад нь би худалдагчаар орсон. Тэгээд дэлгүүрийг зарах хүртэл нь хамт байсан. Талийгаач Алтанцэцэгт эгчид ломбард ажилуулах гэж байгаа мөнгөө зээлсэн талаараа ярьж байсан гэв.

 

Гэрч Р.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2014 оны 9 дүгээр сард би Алтанцэцэгээс 2.500.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай аваад 2014 оны 12 сард хүүтэй нь буцаагаад өгсөн. Алтанцэцэг надад мөнгө зээлэхдээ Наранчимэгийн мөнгө гэж хэлж байсан. 20.000.000 төгрөгийн талаар бол би мэдэхгүй гэв.

 

Гэрч С.Батзориг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Л.Алтанцэцэг нь 2014 оны хавар 5, 6 сард 10.000.000 төгрөг машин авна гээд мөнө дутаад гэж зээлсэн. Тэр мөнгөө өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа юм. 2015 оны хавар 4 сард нөхөр нь өнгөрөөд надаас мөнгө асуухаар нь “та нөгөө мөнгөө яасан” гэж асуухад хүнд хүүтэй зээлсэн чинь тэр хүн сүүлдээ мөнгө аваагүй гээд өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та хуулийн байгууллагад ханд” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/

 

Гэрч Б.Дэлгэрмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би найз Наранчимэгийг 2014 оны хавар дэлгүүр ажиллуулж байхад нь Алтанцэцэгээр дэлгүүрийнхээ тайлан тооцоог гаргуулаач, сайн шүү дээ гэж хэлж байсан. Тэгсэн чинь 2014 оны 06 дугаар сард Наранчимэг, Алтанцэцэг нар хоорондоо танилцаж сүрхий болсон байсан. Алтанцэцэг хэлэхдээ Наранчимэгийн дэлгүүрийн тайлан тооцоог гаргаад дотно болсон гэж хэлсэн. Тэгээд би Увс аймаг руу яваад 2014 оны 08 дугаар сарын эхээр ирэхэд Наранчимэг манай гэрт ирээд уулзахад Алтанцэцэг эгчид 20.000.000 төгрөг 8 хувийн хүүтэй зээлүүлсэн гэж хэлж байсан. Дараагаар нь Алтанцэцэг эгч зээлүүлсэн 20.000.000 төгрөгийг өгөхгүй байна чиний найз юм чинь хэлээд өгөлдөө гэж надад хэлж байсан. Би Алтанцэцэгт Наранчимэгээс авсан мөнгөө өгөлдөө гэж хэлэх болгонд Наранчимэг бид хоёрын асуудал чамд хамаагүй, ямар ч байсан мөнгийг нь өгнө гэж хэлж байсан. 2014 оны өвөл Наранчимэг, Алтанцэцэг  нар манай гэрт байхдаа Наранчимэг нь Алтанцэцэгээс тэр зээлсэн мөнгөө буцааж олж өг гэж уурлаж хоорондоо маргалдаж байсан. Наранчимэг надад хэлэхдээ 20.000.000 төгрөгийг Алтанчимэгт бэлнээр өгсөн. Алтанцэцэгийг хүнд 8 хувийн зээлүүлж өгнө гэж хэлж байсан. Манай гэрт маргалдсаны дараа Алтанцэцэг би Наранчимэгээс мөнгө зээлж хүнд хүүтэй зээлүүлсэн байгаа зээлсэн хүнээсээ аваад буцааж өгнө гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/

 

Гэрч Д.Нарантуяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Наранчимэгээс 2014 оны 05 дугаар сард мөнгөний хэрэг гараад 1.000.000 төгрөг зээлж авсан. 2014 оны 07 дугаар сард байсан байхаа Наранчимэг надаас зээлсэн 1.000.000 төгрөгөө авах гэсэн юм Алтанцэцэг эгчид мөнгө өгч хүнд хүүтэй зээлүүлэх гэж байгаа юм гэхээр нь би зээлсэн 1.000.000 төгрөгөө олж Наранчимэгт өгсөн байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Мөнгөө бөөнөөр нь Алтанцэцэг эгчид өгч хүнд хүүтэй зээлүүлэх гэж байгаа талаараа хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/

 

Гэрч Г.Сорцэнгэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Наранчимэг гэж хүн өөрөө Алтанцэцэгт 20.000.000 төгрөг зээлүүлсэн авлагатай гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

              Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Алтанцэцэг нь 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт иргэн П.Наранчимэгийг хуурч, мэхлэн, түүний итгэлийг эвдэх аргаар 20.000.000 төгрөгийг нь хүнд хүүтэй зээлүүлж, мөнгийг нь өсгөж өгнө” гэх нэрийдлээр залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Наранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Хаан банкны Дипозет дансны хуулга, гэрч Д.Ганбаатар, С.Батзориг, Р.Энхцэцэг, Б.Дэлгэрмаа, Д.Нарантуяа, Г.Сорцэнгэл, У.Баттөр, П.Ууганбаяр, М.Батлут, И.Одончимэг, Ч.Батмөнх, П.Мөнхбаяр, С.Гал-Иш нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Л.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч С.Гал-Иш, У.Баттөр нарын нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, гэрч С.Гал-Иш, П.Мөнхбаяр нарын нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, үнэлгээ тогтоосон дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Алтанцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт хамрагдаж байх тул оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Алтанцэцэг нь 20.000.000 төгрөг зээлээгүй, 5.000.000 төгрөг зээлсэн гэж мэдүүлдэг, 20.000.000 төгрөг зээлсэн нь нотлох баримтгүй боловч гэрч Б.Дэлгэрмаагийн мэдүүлгээр 20.000.000 төгрөг өгсөн нь нотлогдож байна. Түүнчлэн Л.Алтанцэцэг нь Наранчимэгээс зээлж авсан 20.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлүүлсэн болох нь гэрч Р.Энхцэцэгийн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнх-Амгалан нь 20.00.000 төгрөг  нэхэмжилснээс Л.Алтанцэцэг нь 2.700.000 төгрөг төлсөн, үлдсэн 17.300.000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгч Л.Алтанцэцэгээс хохирлын мөнгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнх-Амгаланд олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Л.Алтанцэцэгийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр 7-2 тоот 141.5 м/кв газрыг битүүмжилсэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үлдээж, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүд, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Лүүлүүгийн Алтанцэцэгийг бусдын эд хөрөнгийг залилж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Алтанцэцэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Л.Алтанцэцэгт оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Алтанцэцэгт оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

5.   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйийн 134.1 дэх хэсэгт зааснаар Л.Алтанцэцэгийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр 7-2 тоот 141.5 м/кв газрыг хохирогчид хохирол төлөгдтөл битүүмжилсэн битүүмжлэлийг хэвээр үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

6. Л.Алтанцэцэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дахь хэсэгт зааснаар 20.000.000 төгрөг нэхэмжилснээс 2.700.000 төгрөг төлснийг дурьдаж, 17.300.000 төгрөгийг Л.Алтанцэцэгээс гаргуулж хохирогч Н.Мөнх-Амгаланд олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Л.Алтанцэцэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ