| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 108/2018/0172/Э |
| Дугаар | 1007 |
| Огноо | 2018-11-06 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Р.Машлай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 1007
О.Т-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энхбат,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1782 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энхбатын бичсэн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 49 дугаартай эсэргүүцлээр О.Т-д холбогдох 1808026630912 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн О-ийн Т, ............................................... төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .................. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр, хоёр хүүхдийн хамт ....................................................................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................. /;
О.Т- нь 2018 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө, согтуурсан үедээ, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 14-45 тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Я.А-ийг хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: О.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Очирсүхийн Тайванжаргалд холбогдох эрүүгийн 1808026630912 дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх , эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүдийг арилгах шаардлагатай гэж үзэн, уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Энхбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх …10 үндэслэлээр дүгнэлт хийж, ...хэргийг прокурорт буцаасан, ...дараах үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Үүнд:
1. Мөрдөн байцаалтаар хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн хийгдсэн гэж прокуророос дүгнэн О.Т-ынгэм бурууг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал, хэн гэмт хэргийг үйлдсэн, хэзээ, хаана яаж үйлдсэн, мөн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, эмнэлгийн баримтууд, шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байхад хэрэг үйлдэгдсэн гэх газарт нөхөн үзлэг хийснээр юу тодруулах, яллагдагч О.Т-ынгэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой, нөлөөтэй болох нь ойлгомжгүй байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.36-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ажиллагааг хэлнэ гэсэн ба хэрэг бүртгэлт гэж мөн хуулийн 30.1 дүгээр зүйлд “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэж, 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас гадна дараах, 1.1. Үзлэг хийх, 1.2. шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах, 1.3. гэрчээс мэдүүлэг авах, 1.4. хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, мөнгө, эд зүйлийг хурааж авах, 1.5. эд хөрөнгийг битүүмжлэх зэрэг 5 төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно” гэж заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэх хутгыг хураан авсан нь хууль зөрчөөгүй.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт мөрдөгчийн “прокурорын зөвшөөрөл авах ажиллагаа”-наас бусад энэ хуульд заасан “...хэргийн газарт үзлэг хийх, гэрчээс мэдүүлэг авах, хохирогчоор тогтоох, мэдүүлэг авах...” гэх мэт мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулахыг заасан ба уг бие даан явуулах ажиллагаанаас гадна гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авч шалгах хугацаанд тусгайлан дээрхи 5 төрлийн ажиллагааг явуулах эрхийг хуулиар мөрдөгчид олгосон байна. Тухайлбал, хууль тогтоогчоос гомдол мэдээллийг шалгах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, мөнгө, эд зүйлийг хурааж авах ажиллагааг прокурорын зөвшөөрөл авахгүйгээр явуулж болох, гэрчээс мэдүүлэг авах ажиллагаатай адилтгаж хуульд адил хэмжээний хүчин чадал бүхий 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэсэн заалт болгож оруулсан нь Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох хуулийн зорилгод нийцүүлж, гомдол мэдээллийг шалгах хугацаанд дээрхи 5 төрлийн ажиллагааг явуулах эрхийг олгогдсон гэж ойлгогдохоор байна.
Мөрдөгчөөс дээрхи хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах” гэж заасны дагуу явуулсан хураан авах ажиллагааг хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
3. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолд “ОЛСОН” нь хэсэгт “...Я.А-ийгнөхөр Т-ын нь ... нэг удаа хутгалсан байх тул...” гэж бичсэн боловч тогтоолын “ТОГТООХ” нь хэсэгт Тайванжаргалд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй ба болсон хэргийн үйл баримтыг “ОЛСОН” нь хэсэгт товч байдлаар бичсэнийг хуулийг ноцтой зөрчсөн, мөн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хууль ёсны гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш 1 сар байна” гэж заасныг үндэслэн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгасан нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй, хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна.
5. Цагдаагийн албан хаагчид 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 03 цагт “хүн хутгалууллаа” гэсэн дуудлагыг утсаар хүлээн авч, “хүний амь эрстэх, мөн гэмт хэрэг үйлдсэн этгээд зугтаах, гэмт хэргийг нуун далдлах” зэрэг байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэргийн газарт нэн даруй очиж, нөхцөл байдлыг тодруулж, баримтжуулсны дараа буюу уг өдрийн 05 цаг 26 минутад гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагын тоо бүртгэлээр хүлээн авч, тэмдэглэл үйлдэж, гомдлыг хүлээн авсан тухай дардас дарсан асуудлыг шүүхээс хуулийг ноцтой зөрчсөн гэж буруу тайлбарлаж, хэргийг прокурорт буцаах нэг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.
6. Хавтас хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд, эхэлсэн болон дууссан хугацаа тодорхойгүй байх тул энэхүү мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж шүүх үзсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн болохыг тодорхой заагаагүй, шүүгчийн захирамжийн заалт ойлгомжгүй байгаа нь тус хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байна.
Хавтас хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан гэрчийн мэдүүлгийг прокуророос яллах талын баримт болгоогүй, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтэд болон яллах дүгнэлтийн шүүх хуралдаанаар шинжлэн судлуулах жагсаалтад тухайн гэрчийн мэдүүлгийг тусгаагүй, мөн үнэлээгүй болно.
7. О.Т-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж тус тус заасан эрхийг тайлбарлан өгч, О.Т- нь зөвшөөрч баталгаа болгон гарын үсэг зуруулсны дараа мэдүүлгийг авсан нь хууль зөрчөөгүй.
Хэрэв шүүх дээрхи О.Т-ынгэрчээр өгсөн мэдүүлгийг хянаж шийдвэрлэхдээ хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд “Нотлох баримтаар тооцохгүй байх” гэж зааснаар шийдвэрлэх боломжтой. Түүнчлэн тус гэрчээр авсан мэдүүлгийг прокуророос яллах талын баримт болгоогүй, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтэд болон яллах дүгнэлтийн шүүх хуралдаанаар шинжлэн судлуулах жагсаалтад тухайн гэрчийн мэдүүлгийг тусгаагүй, мөн үнэлээгүй болно.
8. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Чанцал нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Я.Алтантунгалагийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилсон байна.
Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолд шинжилгээний объектийн талын мэдээллийг тогтоолын “Олсон” хэсэгт “Я.Алтантунгалгыг хутгалж гэмтээсэн гэх асуудалд шинжээчийн тусгай мэдлэг шаардлагатай байх тул” гэж заасан, мөн мөрдөгчийн тавьсан асуултад “үзүүлэгч Я овогтой А-ыг /РД:ЙГ76052501/” гэж объектийн талаарх мэдээллийг тодорхой заасан байна гэж үзсэн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд “Шүүхийн шинжилгээ хийх нийтлэг журам”-ын 7.2.2 “шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамжид шинжилгээ хийлгэх байгууллагын нэрийг тусгана” гэж заасан. Тухайн заалтын дагуу мөрдөгч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарт гэж заасан нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь, мөрдөгчийн тогтоолд шинжээчийн нэр тусгайлан зааж, шинжээчийн дүгнэлт гаргуулах нь “оролцогч талууд”-д ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй буюу буруу ойлголт төрүүлэхээр байна.
9. Шинжээчийн 6766 дугаартай дүгнэлтээс, шинжээч нь мөрдөгчийн тавьсан 10 асуултаас 2, 4, 5, 6 дахь асуултад хариу өгөөгүй боловч ерөнхий агуулгын хувьд бүрэн хариулсан. Шүүхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Энхцолмонгийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн №6766 шинжээчийн дүгнэлт нь эргэлзээ бүхий гэж дүгнэсэн бол хэргийг прокурорт буцаалгүйгээр шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасны дагуу дахин шинжээч томилж, яллагдагч О.Т-ынгэм бурууг шийдвэрлэх боломжтой буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байхад хэргийг прокурорт буцаах нэг заалт болгосон нь үндэслэлгүй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.15-д “...мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгаврыг өгөх, түүний биелэлтийг хангуулах, шаардлагатай гэж үзвэл мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн мөрдөгчид өгөх...” гэж прокурорын бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд цагдаагийн ахмад Б.Чанцал, цагдаагийн дэслэгч З.Тунгалагтамир нарын явуулсан мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, хууль ёсны гэж үзэж байна.
Иймд яллагдагч О.Т-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1782 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2018 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 14-45 тоотод, Я.А хутгалагдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байх бөгөөд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул эрүүгийн 1808 02663 0912 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, тус захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйл, 22.4 дүгээр зүйлд заасан журмыг зөрчин прокурорын зөвшөөрөлгүйгээр хэрэгт эд мөрийн баримтаар “...хар иштэй 20 см урттай хутга...”-ыг хураан авсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтууд /хх 7-8/-ыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Тогтоолд хүн, хуулийн этгээдийн нэрийг холбогдуулан бичихийг хориглоно” гэж заасныг зөрчиж хийсэн “...Я.А-ийг нөхөр Т-ын нь ... нэг удаа хутгалсан байх тул...” хэмээн бичиж үйлдсэн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол /хх 1/ хууль ёсны хүчин төгөлдөр баримт гэж үзэхгүй.
3. Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацааг буруу тооцож, сунгаснаар хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан шийдвэрүүд /хх 2,3/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлд заасан “Хэрэг бүртгэлтийн хугацаа”-г зөрчсөн.
4. 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Я.А-аас авсан гэрчийн мэдүүлэг /хх 9-10/-ийн тэмдэглэлд уг мэдүүлгийг авсан хугацааг тодорхойлох “...эхэлсэн болон дууссан хугацаа...”- г бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлд заасан “Мэдүүлэг авах хугацаа”-г хянах боломжгүй болгож байгаа.
5. “...манай нөхөр намайг хутгалсан... гэсэн агуулга бүхий О.Т-ыг гэмт хэрэгт холбогдуулан шууд заасан гомдол, мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа О.Т-аас гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “..өөрөө, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэж заасныг зөрчсөн төдийгүй, хохирогчийн гомдлоор эрүүгийн хэрэгт шууд холбогдож хэргийн оролцогч болох О.Т- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэсэнд нийцсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэрч болж чадахгүй. Иймд гэмт хэрэгт холбогдуулан шууд заасан хүнд урьдчилан Эрүүгийн хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авсныг “Мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн”-д тооцох бөгөөд хүний эрхийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна гэсэн анхан шатны дүгнэлт үндэслэл бүхий байна.
6. “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолдоо мөрдөгч шинжээчийн нэр /цэг тавиад орхисон/ , шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгаагүй /хх- 26/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгана” гэж заасныг зөрчсөн гэж,
мөрдөгчөөс шинжээчид нийт 10 асуулт тавьсан /хх 26/ байхад уг тогтоолын дагуу шинжилгээ хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нь 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 6766 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ мөрдөгчийн тогтоолоор тавьсан 10 асуултын 2, 4, 5, 6 дахь асуултад хариулт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч нь ... мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт гаргана”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтад “шинжээч шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах үүрэгтэй,18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.18 дахь заалтад “Шинжээчийн дүгнэлтэд дараах зүйлийг тусгана: 18.1.18.шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт тус бүрээр” гэж тус тус заасныг зөрчсөн гэж,
7. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах этгээдээр эрх бүхий этгээдээс томилогдоогүй мөрдөгч О.Ганчимэг, О.Сайнзаяа нараас гэрчийн мэдүүлэг авсан /хх 14-17/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд заасан “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын эрх хэмжээ”-ний 1 дэх хэсгийн 1.2 , 1.3-д заасныг зөрчсөн гэж тус тус үзсэнийг үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана...” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулахаар хуульчилсан байхад тус хуульд заасан журмуудыг зөрчиж явуулсан дээрхи ажиллагаануудыг нөхөн гүйцэтгүүлэхээр буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ.
Түүнчлэн, шүүгчийн захирамжид заасан:
- хэрэг гарсан байдлыг тогтооход онцгой ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох ач холбогдолтой хэргийн газрын үзлэгийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор...хэрэг гарсан газарт үзлэг хийнэ” гэж заасныг зөрчсөн
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авахаас өмнө эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаа явагдсан мэт баримтууд хэрэгт бэхжүүлэгдсэн /хх 5,7/ нь ойлгомжгүй байгаа зэргийг цаашид мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ анхааран ажиллах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1782 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Энхбатын бичсэн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 49 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД М.ПҮРЭВСҮРЭН
Д.ОЧМАНДАХ