Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 9

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч Г.Батбаяр, түүний өмгөөлөгч Ш.Ганбат,

иргэний хариуцагч Б.Батцэнгэл,

шүүгдэгч Б.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Б.Сүрэнхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хөх тайж овогт Батцэнгэлийн Эрхэмбаярт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20152400914 дугаартай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Хөх тайж овогт Батцэнгэлийн Эрхэмбаяр, 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Мото спортын тамирчин ажилтай, ам бүл 3, эмээ, эцэг нарын  хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3-39 тоотод оршин суух, Мото спортын төрлөөр “Монгол улсын спортын дэд мастер” цол, Биеийн тамир, спортын улсын хорооны “Спортын алдар” тэмдгээр тус тус шагнуулсан, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, УЗ 95122339 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Амгалангийн буюу Хууль сахиулын их сургуулийн урд талын уулзвар замд Б.Батцэнгэлийн эзэмшлийн КТМ маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөнөөс Г.Батбаярын жолоодож явсан 00-16 УБ улсын дугаартай КТМ маркийн мотоцикльтой мөргөлдөж Г.Батбаярын биед хүнд гэмтэл, Г.Мөнхжаргалын биед хөнгөн гэмтэл, КТМ 00-16 УБ дугаартай мотоциклийн эзэмшигч Г.Батбаярт нийт 85.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Мөн дээрх ослын үед Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овогт нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчиж осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би Батбаяр ахтай хувийн асуудлаар уулзсан. Тэгээд бид хоёр мотоцикльтой хийх ажилгүй байсан учир Тэрэлж рүү явахаар болсон. Хууль сахиулахын уулзвар дээр Батбаяр ах миний урд явж байхаар нь би урд нь гараад явахад, гэрлэн дохионы улаан гэрэл ассан. Тэгээд би зогсоход Батбаяр ах араас хүчтэй ирж мөргөсөн. Би замын дунд хүртэл түрэгдсэн. Харин Батбаяр ах газар уначихсан байсан. Би тухайн үед гар утасгүй явж байсан. Тэгээд Батбаяр ахыг босгож, Батбаяр ахын найзынх нь утсаар түргэн тусламж дуудсан. Би Батбаяр ахыг түргэний машинд суулгаад, өөрөө ослын газар үлдсэн. Мотоциклийг замын урд байсан хашаанд оруулж тавьсан. Би тухайн үедээ балмагдаад явсан юм” гэв,

 

Хохирогч Г.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Эрхэмбаяр над руу залгаж гадуур мотоцикльтой явах уу гэхээр нь би тэгье гэж хэлээд гэрт нь очсон. Бид хоёр миний мотоцикль дээр хамт суугаад Зайсан орж мотоциклийг нь аваад буцаж 1 дүгээр хороололд ирсэн. Эрхэмбаярын утас дуугарч миний найз охин согтуу Тэрэлжид намайг дуудаад байна, машин бариад өгөөч гэж байна. Хоёулаа хамт яваад ирье. Та машин барих найзыгаа олчих гэж гуйсан. Тэгэхээр нь би Сансараас очиж найзыг нь авсан. Тэгээд Тэрэлж рүү явж байгаад Цагдаагийн академийн уулзвар дээр Эрхэмбаяр яг миний зүүн гар талд, би баруун гар талд нь нэгдүгээр эгнээнд явж байсан. Тэгээд улаан гэрэл асахад Эрхэмбаяр над руу шахаж орж ирээд намайг унагасан. Би тэр өдөр Эрхэмбаярын гуйлтаар л явсан. Эрхэмбаяр 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү намайг шахаж унагаасан. Намайг ямар ч зогсох зайгүй болгосон. Би эмчилгээний зардалд 13.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжилж байгаа 13.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг би авсан. Миний авсан 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасагдаж тооцогдоно” гэв,

 

Иргэний хариуцагч Б.Батцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай хурд автомот клубын эзэмшлийн КТМ маркийн мотоциклийг унаж явж байгаад энэхүү осол гарсан байдаг. Осол гараад бэртсэн Батбаярт өнөөдрийг хүртэл би харамсаж явдаг. КТМ 530 маркийн мотоцикль нь хурд автомат клубын нэр дээр тэмцээн, уралдаан, бэлтгэл сургуулилтад зориулагддаг. Тухайн үед би тэмцээний

асуудлаар орон нутагт явж байсан. Мөн хотод тэмцээн давхардсан учир бэлтгэл сургуулилтад бэлдэх журмаар Эрхэмбаярт тухайн мотоциклийг үлдээгээд явсан. Би хохирогчийн нэхэмжилж байгаа төлбөрийг шүүхийн шийдвэрийг үндэслэж төлж барагдуулна” гэв,

 

Хохирогч Г.Батбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед би гэртээ байж байхад танил Эрхэмбаяр утсаар яриад 1 дүгээр хороололд манай гэрт хүрээд ир, хоёулаа өнөөдөр мотоцикльтой гадуур явъя гэсэн. Тэгэхээр нь би өөрийн КТМ маркийн мотоциклио унаад Эрхэмбаярын гэрт нь очсон. Эрхэмбаяртай уулзахад “хамт яваад 3 дугаар цахилгаан станцаас түлхүүр аваад зайсан орж миний мотоциклийг аваад, тэгээд хамт Тэрэлж явъя, тэндээс машин авчрах юм, чамд машин барьчих хүн байна уу гэсэн. “...Ингээд би найз Мөнхжаргал руу утсаар яриад Тэрэлж ороод ирье, чи машин бариад өгөөч гэхэд Мөнхжаргал “тэгье, гэртээ байна” гэсэн. “...Ингээд Эрхэмбаяр мотоцикльтойгоо, би Мөнхжаргалыг сундлаад явсан. 19 цагийн үед Хууль сахиулах их сургуулийн уулзвар дөхөж байхад Эрхэмбаяр миний урд гарч явсан, харин би араас нь явж байсан. Уулзвар дээр зогсохоор болсон. Тухайн үед би Эрхэмбаяр бид хоёр зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байсан ба би  1 дүгээр эгнээний баруун гар тал руу шахас хийж явж байхад, Эрхэмбаяр миний зүүн талд, гэхдээ надаас урд 20-30 метр зайд явсан. Би уулзвар дөхөөд зогсохдоо хашлага шахаж зогсоно гэж бодоод явж байтал Эрхэмбаяр ороод ирэхлээр нь би тоормослосон боловч гулгаж очоод араас нь мөргөөд замын хажуу тал руу шидэгдсэн. Шидэгдэн газар унасны дараа миний хөл хугарсан байсан ба Эрхэмбаяр урагшлаад мотоцикльтойгоо зогсож байсан, харин Мөнхжаргал миний ойролцоо газар унасан байснаа босож ирсэн. Ингээд 103 ирээд намайг авч явсан, гомдолтой байна хуулийн дагуу шийдүүлнэ...” гэсэн мэдүүэг. /хх21-26/,

 

Гэрч Г.Мөнхжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би Г.Батбаярын мотоциклийн ард сундлаад, нөгөө залуу нь мотоцикльтойгоо миний араас дагаад явсан. Ингээд Амгалангийн зам буюу хууль сахиулахын их сургуулийн урд талын 3 замын уулзвар дээр дөхөн явж байсан. Тэгтэл гэнэт яагаад ч юм мэдэхгүй замын урагшаа буюу хашлага тал руу /баруун гар тал руу/ мотоцикль унаад, би явган хүний зам дээр уначихсан. Босоод ирсэн чинь Г.Батбаяр замын хажуу талын ус зайлуулах хоолойн дэр хэвтэж байсан. Тухайн үед Г.Батбаярын хөл аймар хугарчихсан харагдаж байсан болохоор сандраад би өөрийнхөө 9111**** дугаараас 102 руу залгасан, дараа нь 103 руу залгасан. “...Би Г.Батбартай хамт 103-ын машинд сууж явсан. Харин нөгөө залуу 2 мотоциклио хараад үлдсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод замын цагдаад мэдэгдсэн. Орой 23:00 цагийн үед замын цагдаа намайг дагуулаад осол гарсан газар очсон. Тэгэхэд нөгөө мотоцикльтой залуу мотоциклио унаад явчихсан. Г.Батбаярын мотоциклийг замын урд байх зогсоолд оруулаад тавьчихсан байсан. “...103 хүлээгээд бид гурав байж байхад Батбаяр нөгөө мотоцикльтой залуугаа “чи тэгж мотоциклио дараад байхдаа яадаг юм бэ” гэж хэлж байсан. Миний ойлгож байгаагаар нөгөө мотоцикльтой залуу нь Батбаярын мотоциклийг шахсан юм шиг байна лээ, тэгээд Г.Батбаяр баруун гар тал руугаа унасан байх...” гэсэн мэдүүлэг. /хх29-30/,

 

Гэрч Б.Батцэнгэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би №2 гэж дугаарласан мотоциклийг үзлээ, миний хүү Эрхэмбаярын унаж байсан мотоцикль мөн байна, миний мотоцикль байгаа юм. 2010 оны 06 дугаар сард санагдаж байна. Герман улсаас Бямба овогтой Гантулга гэх хүнээс захиулж авчруулсан. Тэр цагаас хойш уг мотоциклийг би эзэмшиж байгаа. Улсын дугаар аваагүй, учир нь уг мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцдоггүй, зөвхөн уралдааны зориулалтаар ашигладаг. Би “Хурд автомат” клубтэй. КТМ 530 маркийн мотоцикль байгаа юм...” гэсэн мэдүүлэг. /хх35-36/,

 

Шүүх эмнэлгийн №741 шинжээчийн дүгнэлт:

  1. Г.Мөнхжаргал тархины доргилт, баруун шуу, гуя, шилбэ, шагай, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.
  3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдахгүй эдгэрнэ. /хх-40/,

 

Шүүх эмнэлгийн дахин шинжилгээний 1315 дугаартай дүгнэлт:

  1. Урьд гарсан 12471 тоот акт үндэслэлтэй байна. Батбаярын биед зүүн гуяны доод 1/3 хэсгээр тайрсан мэс заслын дараах байдал, баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун хөлийн тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17, 103.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 65%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /2 дугаар хавтас, хх-7/,

Техникийн дахин шинжилгээний №793 дугаартай дүгнэлтийн хэсэг:

              1. 00-16 улсын дугаартай КТМ маркийн мотоциклийн жолооч Г.Батбаяр нь МУ-ын ЗХД-ийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

              в/ “мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн ЗХД-ийн 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрсөн байх үндэслэлтэй байна.

              2. Улсын дугааргүй КТМ маркийн мотоциклийн жолооч Б.Эрхэмбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөгдөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана”

а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрминй 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осол холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт. /2 дугаар, хх18-20/,

Замын цагдаагийн газар жолоочийн лавлагаа мэдээлэл: Ховд овогт Ганболдын Батбаяр нь 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдөр В ангилал, 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А ангилал авсан байна. /1 дүгээр хавтас, хх-109/,

Замын цагдаагийн газар жолоочийн лавлагаа мэдээлэл: Хөх тайж овогт Батцэнгэлийн Эрхэмбаяр нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр В ангилал, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А ангилал авсан байна. /1 дүгээр хавтас, хх-188/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-4-8/, гэрч Г.Энхжаргалын мэдүүлэг /хх28-30/, кримналистикийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-66/, шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-40, 44/, Техникийн үнэлгээний тайлан ¹1419 /хх-55-57/, шинжээчийн №4643 дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-65-66/, Техникийн шинжээчийн ¹653 тоот дүгнэлт /хх-76/, сэжигтэн Б.Эрхэмбаярын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх86-87/, хохирогч Г.Батбаярын жолооны үнэмлэхний хуулбар /1 дүгээр хавтас, хх-99/, Өвчний түүх /1 дүгээр хавтас, хх-116-185/, шүүгдэгч Б.Эрхэмбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-186/, шүүгдэгч Б.Эрхэмбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 дүгээр хавтас, хх-198/,  шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1 дүгээр хавтас, хх-189-190, 199-205/, хохирол төлбөр төлсөн баримт /1 дүгээр хавтас, хх-222/, хохирогч Г.Батбаярын гомдол /хх226-233/, хохирогчийг төлөөлөх итгэмжлэл /1 дүгээр хавтас, хх-240-241/, Автомашин, техникийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-13/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх1-2/, шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтас, хх-7/, шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтас, хх18-19/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /2 дугаар хавтас, хх21-22/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2 дугаар хавтас, хх-27/, хохирлын баримтууд /2 дугаар, хх-29-50/ болон шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Прокуророос шүүгдэгч Б.Эрхэмбаярыг нь 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Амгалангийн буюу Хууль сахиулын их сургуулийн урд талын уулзвар замд Б.Батцэнгэлийн эзэмшлийн КТМ маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөнөөс Г.Батбаярын жолоодож явсан 00-16 УБ улсын дугаартай КТМ маркийн мотоцикльтой мөргөлдөж Г.Батбаярын биед хүнд гэмтэл, Г.Мөнхжаргалын биед хөнгөн гэмтэл, КТМ 00-16 УБ дугаартай мотоциклийн эзэмшигч Г.Батбаярт нийт 85.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч түүнд гэмт хэргийн бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна.

Энэ нь шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 23-ны осол гарсан гэх өдөр Замын цагдаагийн газрын жолоочийн лавлагаа мэдээлэлээр Б.Эрхэмбаяр нь 2015.05.10-ны өдөр авсан А ангилалын жолооны эрхийн үнэмлэхтэй байсан ба замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу гэрлэн дохиотой уулзварт дөхөж ирэхдээ улаан буюу хөдөлгөөнийг хориглосон дохион дээр зогссон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

              Харин 00-16 улсын дугаартай КТМ маркийн мотоциклийн жолооч Г.Батбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 23-ны осол гарсан гэх өдөр Замын цагдаагийн газрын жолоочийн лавлагаа мэдээллээр Г.Батбаяр нь 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А ангилалтай болсон гэж лавлагаа ирүүлснийг үндэслэн түүнийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн а-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхгүй” явж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

              Жолооч Г.Батбаярыг Техникийн дахин шинжилгээний №793 дугаартай дүгнэлтэд 00-16 улсын дугаартай КТМ маркийн мотоциклийн жолооч Г.Батбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. в/ “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрсөн, түүнээс гадна шинжээчийн дүгнэлтэд дурьдаагүй мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Өөрөөр хэлбэл 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Амгалангийн буюу Хууль сахиулын их сургуулийн урд талын уулзвар замд Б.Батцэнгэлийн эзэмшлийн КТМ маркийн улсын дугааргүй мотоциклийг жолооч Б.Эрхэмбаяр нь жолоодож явахад нь жолооч Г.Батбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн а, 2.3, 8.11, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж Б.Эрхэмбаярын унаж явсан мотоциклийн араас мөргөсөн болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.

  Үүнд хохирогч Г.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр …19 цагийн үед Хууль сахиулах их сургуулийн уулзвар дөхөж байхад Эрхэмбаяр миний урд гарч явсан, харин би араас нь явж байсан. Уулзвар дээр зогсохоор болсон. Тухайн үед Эрхэмбаяр бид хоёр зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байсан ба би 1 дүгээр эгнээний баруун гар тал руу шахас хийж явж байхад, Эрхэмбаяр миний зүүн талд, гэхдээ надаас урд 20-30 метр зайд явсан. Би уулзвар дөхөхөөр зогсохдоо хашлага шахаж зогсоно гэж бодоод явж байтал Эрхэмбаяр ороод ирэхлээр нь би тоормослосон боловч гулгаж очоод араас нь мөргөөд замын хажуу тал руу шидэгдсэн…” гэх мэдүүлэг /хх21-26/,

Шүүгдэгч Б.Эрхэмбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, “…Батбаяр замын хөдөлгөөнд оролцохдоо байнга улаан гэрлээр ороод яваад байсан учир би нэг зогсох үедээ ингэж болохгүй талаар нь түүнд хэлж байсан. Цааш явж байхад Батбаяр ах надаас хойно 20-30 метрийн зайтай явж байсан бөгөөд Цагдаагийн академийн урд талын уулзвар дээр улаан гэрэл асахад би зогссон ба Батбаяр ах миний араас орилж орж ирээд намайг мөргөсөн…” гэх мэдүүлэг,  

Гэрч Г.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...би Г.Батбаярын мотоциклийн ард сундлаад, нөгөө залуу нь мотоцикльтойгоо миний араас дагаад явсан. Ингээд Амгалангийн зам буюу хууль сахиулахын их сургуулийн урд талын 3

замын уулзвар дээр дөхөн явж байсан. Тэгтэл гэнэт яагаад ч юм мэдэхгүй замын урагшаа буюу хашлага тал руу /баруун гар тал руу/ мотоцикль унаад, би явган хүний зам дээр уначихсан” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь хохирогч Г.Батбаярын бие махбодид хүнд гэмтэл учирсан хэрэгт гэм буруугүй болох нь нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Эрхэмбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Эрхэмбаярын дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч Г.Батбаярын нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхисон болохыг дурьдав.

Иргэний хариуцагч Б.Батцэнгэл нь өөрийн сайн дураар хохирогч Г.Батбаярын хохиролд нийт 5 сая төгрөгийг төлсөн болохыг тэмдэглэж, түүнийг иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолыг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгов.

Шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь дээрх ослын үед Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчиж осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болох нь

Шүүгдэгч Б.Эрхэмбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Эмнэлэг иртэл Батбаяр ахын толгойг нь өвдөг дээрээ дэрлүүлж түүнийг харж байгаад түргэн тусламж ирэхэд нь Мөнхжаргалын хамт эмнэлэг явуулаад өөрөө мотоциклио харж үлдсэн. Ингээд тухайн үед айсан байсан болохоор Батбаяр ахын мотоциклийг замын хажуугийн хашаанд оруулж тавиад хэсэг хүлээж байгаад би яахаа мэдэхгүй байсан учир тэндээс явсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед Г.Батбаярын хөл аймар хугарчихсан харагдаж байсан болохоор сандраад би өөрийнхөө 9111**** дугаараас 102 руу залгасан, дараа нь 103 руу залгасан. “...Би Г.Батбартай хамт 103-ын машинд сууж явсан. Харин нөгөө залуу 2 мотоциклио хараад үлдсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод замын цагдаад мэдэгдсэн. Орой 23:00 цагийн үед замын цагдаа намайг дагуулаад осол гарсан газар очсон. Тэгэхэд нөгөө мотоцикльтой залуу мотоциклио унаад явчихсан. Г.Батбаярын мотоциклийг замын урд байх зогсоолд оруулаад тавьчихсан байсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эрхэмбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Эрхэмбаярыг зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ  биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ  биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон боловч уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд зааснаар хөнгөн гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн КТМ-530 маркийн мотоциклийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Б.Батцэнгэлд олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Эрхэмбаярын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тээврийн прокурорын газраас Б.Эрхэмбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөх тайж овогт Батцэнгэлийн Эрхэмбаярыг зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Иргэний хариуцагчаар Б.Батцэнгэлийг тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн КТМ-530 маркийн мотоциклийг тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Б.Батцэнгэлд буцаан олгож, Б.Эрхэмбаярын №953172 дугаартай А, В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн

хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эрхэмбаярт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР