Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 133

 

“Силикат” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/01325/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 589 дүгээр шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч “Силикат” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК-д холбогдох

“Гэрээний үүрэг 96.747.900 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  36.500.000 төгрөгийн төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон тээврийн зардал 875.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цэрэндэжидийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнхтуяа, З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагаас:

“Хос уран цамхаг констракшн” ХХК  “Силикат” ХК-тай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1 м3 хөнгөн бетон блокыг 120.000 төгрөгөөр тооцож, нийт 90.000.000 төгрөгөөр 750 м3 хөнгөн бетон блок худалдан авахаар тохиролцон худалдах худалдан авах 02 тоот гэрээг байгуулсан. “Силикат” ХК 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 841.3 м3 хөнгөн бетон блокыг “Хос уран цамхаг констракшн” ХХК-д нийлүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл худалдан   авагч   тал   болох  “Хос  уран  цамхаг  констракшн”   ХХК   нь  гэрээнд  заасан хугацаанд төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ зөрчиж 36.500.000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр 64.498.600 төгрөгийг өгөхгүй хохироож байна. Иймд хариуцагч “Хос уран цамхаг” ХХК-иас худалдан авсан хөнгөн бетон блокны үнийн үлдэгдэл төлбөр болох 64.498.600 төгрөг, гэрээний 4.5 дахь заалт гэрээнд өөрчлөлт оруулсан хавсралтын 3-т заасны дагуу алдангийг 2015 оны 07 сарын 15-ны өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.2 хувиар тооцож 16.879.663 төгрөг, нийт 81.378.263 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2015 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах 02 тоот гэрээний 3.1-т “750 м3 блокны 50 хувь болох 375 м3 хөнгөн бетоны төлбөрт 37.9 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцаар бартер хийх” гэсэн заалтыг бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцож өөрчлөлт оруулсаны зэрэгцээ худалдан авагч нь гэрээнд заасан үлдэгдэл 80.000.000 төгрөгийг 2015 оны 07 сарын 15-ны дотор төлж барагдуулна, заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлөхөөр тус тус өөрчилсөн болно. Мөн “Силикат” ХК алдангийн хэмжээг анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл тооцож, 16 879 663 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс хойш 1 жил 4 сар өнгөрсөн боловч хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй “Силикат” ХК хохирсоор байгаа тул алдангийн хэмжээг нэмэгдүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож нийт 15 369 637 төгрөг нэмж нэхэмжилж байна. Алдангийг гэрээний үүрэг зөрчигдсөнөөс хойш үзвэл бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний нэмэлт хавсралтын 3-т заасны дагуу алдангийг 2015 оны 07 сарын 15-ны өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.2 хувиар тооцон нэхэмжилж байна. “Силикат” ХК нь “Хос уран цамхаг констаркшн” ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 68 706 600 төгрөгийн хөнгөн бетон нийлүүлсэн гэжээ.

Хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК-ийн захирал Ц.Батжаргалаас:

Манай компани 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу 486.305 м3 хөнгөн блокыг 58.356.595 төгрөгөөр авч тооцоо хийсэн. Нэхэмжлэлд дурдсан 841 м3 хөнгөн блок аваагүй 486.305 м3 хөнгөн блок авсан. Ж.Мягмардорж  “Силикат” ХК-ийн захирал н.Содбилэг, н.Мөнхтуяа, н.Уранчимэг нартай уулзаж 354.695 м3 хөнгөн блокыг өөрийнхөө барилгад авсан. Үүнийг Ж.Мягмардорж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч 42.563.400 төгрөгийн тооцоог “Силикат” ХК-тай хийдэг. Иймд 354.695 м3 хөнгөн блок нь манай компанид хамаагүй болно. Манай компани авсан хөнгөн блокны үнийн үлдэгдэл 21.856.595 төгрөгийг төлөх нь үнэн. Үүнээс гэрээний дагуу хөнгөн блокны тээврийн зардал болох 25 рейс 875.000 төгрөгийг “Силикат” ХК төлөөгүй бөгөөд 875.000 төгрөгийг манай компани төлсөн болно. Иймд тээврийн зардал 875.000 төгрөг, мөн хөнгөн блокны нэмэгдсэн өртгийн албан татвар болох 5.835.659 төгрөгийг үлдэгдлээс хасч 15.146.036 төгрөгийг орж ирэх санхүүжилтээс төлнө гэжээ.

Хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Силикат” ХК  манай компанитай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өдрийн 02 тоот бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээгээр 90.000.000 төгрөгийн үнэ бүхий 750 м3 хөнгөн блокыг 2015 оны 03 дугаар сарын 30-наас мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд манай компанид нийлүүлэхээр тохиролцсон. “Силикат” ХК-иас “Хос уран цамхаг констракшн” ХХК-д 486.305 м3 хөнгөн бетон нийлүүлсэн ба нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ нийт 58 356 595 төгрөг болж байна. Үүнээс манай компани 36 500 000 төгрөгийг төлсөн ба ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар падааныг “Силикат” ХК-иас удаа дараа шаардсан боловч одоог хүртэл авч чадаагүй байна. “Силикат” ХК-ийн энэхүү үйлдэл нь “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.5-т албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэж заасныг зөрчиж байна. Хэрэв “Силикат” ХК нь “Нэмэгдсэн өртгийн албан татвар” төлөгч биш бол манай компанид нэмэгдсэн өртгийн албан татварын үнээр бараа бүтээгдэхүүнийг худалдах хуулийн зохицуулалттай. Иймд “Силикат” ХК-иас 36 500 000 төгрөгийн төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг гаргуулж өгнө үү.

Манай компани  “Силикат” ХК-тай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар “Силикат” ХК нь өөрийн тээврийн хэрэгслээр бүтээгдэхүүүнийг тээвэрлэх үед гарах зардлыг хариуцах, мөн зүйлийн 3.3-т зааснаар тээврийн хэрэгслийн зардал, төлбөр нь бүтээгдэхүүний үнэд хамаарахгүй байхаар харилцан тохиролцсон. Гэтэл “Силикат” ХК  машин байхгүй, бензин байхгүй хэмээн бүтээгдэхүүнийг хугацаандаа нийлүүлэхгүй байсан тул манай компани ажлаа явуулахын тулд тээвэрлэлтээ хариуцаж, гарсан тээврийн зардлыг бүтээгдэхүүний үнийг төлөхдөө хасаж тооцохоор “Силикат” ХК-тай тохиролцсон. “Силикат” ХК нь гэрээний хугацаанд буюу 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний хооронд нийт 750 м3 хөнгөн бетон нийлүүлэх үүрэгтэй боловч 325.055 м3 бүтээгдэхүүнийг нийт 21 удаагийн тээвэрлэлтээр, нийт 487.069 м3 хөнгөн блокыг манай компанид нийлүүлсэн байх ба нийт 27 удаагийн тээвэрлэлтээс “Силикат” ХК нь 2 удаагийн тээвэрлэлт хийсэн. Харин манай “Хос уран цамхаг констракшн” ХХК 25 рейс 875 000 төгрөг зарцуулан бүтээгдэхүүнээ авсан. Иймд бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх үед манай “Хос уран цамхаг констракшн” ХХК гарсан тээвэрлэлтийн зардал 875 000 төгрөгийг нийлүүлэгч тал болох “Силикат“ ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Мягмардоржоос:

Би 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би 50 айлын орон сууцны барилга худалдаж авсан. Тэгээд н.Батжаргалаас “мөнгөө авья, би өөрөө эргэлдэх мөнгөгүй болчихлоо” гэхэд “би танд хэрэгтэй юмыг чинь хангаад өгье” гэсэн. “Силикат” ХК дээр очоод “би барилга худалдаад авчихлаа надад блок өгөөч” гэж гуйсан гэтэл захирал нь “би чамайг мэдэх учраас өгөхгүй ээ, чи өөр газраас блокоо авахгүй юу даа” гэж хэлсэн. Улаанбаатар хотоос эхний рейс 2.800.000 төгрөгийн үнэлгээтэй блок 3 удаа буулгаж авсан. Тэгтэл н.Батжаргал над руу залгаад “Мягаа ахаа, танд блок хэрэгтэй юу, би танд “Силикат” ХК-иас авч өгье. Харин тээврийн зардлаа өөрөө даагаараа” гэж хэлээд явуулсан. Тэгтэл эхний блоктой машин орж ирээд байж байтал “Силикат” ХК-ийн нягтлан нь ирээд “яагаад манай гэрээ хийсэн бус танай хашаанд буусан юм бэ? танайх манайхтай гэрээгүй, бас манай захирал танайд нийлүүлэхгүй гэж хэлсэн. Яагаад “Хос уран цамхаг констракшин” ХХК-тай гэрээний дагуу ачсан падаантай машин танай байгууллагын хашаанд оруулж буулгаж байгаа юм бэ?” гэсэн. Эхний блокыг буулгаж байхад нягтлан нь зогсоочихсон. Тэгээд би н.Батжаргал руу утсаар яриад “юу болоод байгаа юм бэ? нөгөө блокыг чинь буулгах гэж байсан чинь “Силикат” ХК-ийн нягтлан араас нь орж ирээд танайх манайхтай гэрээгүй гэж хэлээд буулгахгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл нягтлан захирлуугаа ярьсан чинь захирал нь “Батжаргалтай ярь” гэж хэлсэн байдаг. Тэгээд Батжаргалруу нь залгахад нь “Мягмаа ахын хашаанд буулгачих, би тооцоог нь хийнэ, бид хоёр хоорондоо тооцоотой юм” гэж хэлээд буулгуулсан байдаг. Би Батжаргалын нийлүүлсэн блок буюу 15 машин блокыг авсан. Тэр блокноос Улаанбаатар хотын “Иново” ХХК-аас хэдэн машин, “Силикат” ХК-иас хэдэн машин блок гэдгийг н.Батжаргал надад ялгаж өгөөгүй. Ямар ч байсан эхний машин буухад “Силикат” ХК-ийн нягтлан нь хүрч ирээд өгөхгүй гэдэг зүйлийг ярьж байсан. “Силикат” ХК болон “Хос уран цамхаг констракшин” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний тооцоо нийлсэн баримтыг мэдэхгүй. Би “Силикат” ХК-иас аас нэг ч удаа гэрээ хийж блок аваагүй. Би н.Батжаргалаас 117.800.000 төгрөгийн авлагатай, харин н.Батжаргал надад арматур, 15 машин блок нийлүүлсэн гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 589 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК-иас 79.006.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Силикат” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17.741.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тээврийн зардал 875.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Силикат” ХК 36.500.000 төгрөгийн төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн алба татварын падаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800.050 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.871 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК-иас 552.980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Силикат” ХК-нд, нэхэмжлэгч “Силикат” ХК-иас 108.321 төгрөг гаргуулж, хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК-нд тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цэрэндэжид давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй гэрчүүдийн мэдүүлэг нь хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК-ийг гуравдагч этгээд Ж.Мягмардоржид 354.695 мкв бетон буулгах зөвшөөрөл олгосон гэдэг үйлд явдлыг нотлоогүй ба харин манай “Хос уран цамхаг констракшн” ХХК-ийг 354.695 мкв бетон аваагүй гэдгийг нотолж байна. Худалдагч нийлүүлэгч тал нь “Силикат” ХК захиалагч тал болох манай “Хос уран цамхаг констракшн” ХХК-д гэрээний зүйл болох хөнгөн блокийг хүлээлгэж өгөх ёстой болохоос биш манай компаний нэрийг барьсан хүн болгонд бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэггүй. “Силикат” ХК манай компанид нийлүүлэх ёстой хөнгөн бетоноос гуравдагч этгээд Ж.Мягмардоржид нийлүүлсэн байсан. Энэ үйл явдлыг гэрээ дүгнэх талаар нэхэмжлэгч талын ажилтан н.Мөнхтуяатай уулзах үеэр мэдсэн ба өөр этгээдэд нийлүүлснийг зөвшөөрөөгүй. “Силикат” ХК-ийн нягтлан н.Уранчимэг, н.Мөнхтуяа, Ж.Мягмардорж нартай уулзаж Ж.Мягмардорж, н.Содбилэгт байр өгч гэрээ хийхээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл “Силикат” ХК-ийг манайд нийлүүлэхээр гэрээгээр тохирсон хөнгөн бетоноос Ж.Мягмардорж нийлүүл гэж зөвшөөрөл олгож байгаагүй бөгөөд энэхүү үйл баримт нь гэрчүүдийн мэдүүлгээртогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнгээс 57.149.105 төгрөгийг хангахгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Силикат” ХК хариуцагч “Хос уран цамхаг” ХХК-нд холбогдуулж худалдах, худалдан авах гэрээт үүрэг, нийт 96.747.900 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, хариуцагч “Хос уран цамхаг” ХХК нэхэмжлэлд дурдсан 841 метр куб хөнгөн блок аваагүй, зөвхөн 486.305 метр куб хөнгөн блок авсан авсан бөгөөд түүний төлбөрийг төлнө, үлдэх 354.695 метр куб хөнгөн блокыг Ж.Мягмардорж авсан гэж маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 3 дугаар заалтаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг тохиролцсон байна гэж дүгнээд хариуцагч  “Хос уран цамхаг” ХХК-иас 79.006.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.741.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийсэн болно.

Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” хийгдсэн, мөн нэмэлт хавсралтаар гэрээнд заасан 90.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг нийлүүлэгчид төлсөн бөгөөд үлдэгдэл 80.000.000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулах, заасан хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцож, аж ахуйн нэгжийн тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч “Силикат” ХК гэрээгээр тохиролцсон 750 метр куб хөнгөн блок нийлүүлсний дараа “Хос уран цамхаг констракшн” ХХК-ийн захирал Ц.Батжаргалын амаар гаргасан хүсэлтийн дагуу 2015 оны 07 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд 3 удаагийн ачилтаар 92.5 метр куб хөнгөн блок гэрээгүйгээр нийлүүлсэн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэг авагдсан зарлагын баримт, гэрч Э.Мөнх-Оргил, М.Дарханбаатар, З.Онон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдан оролцсон Ж.Мягмардорж нарын мэдүүлгүүдээр нотлогдоно.

Иймд нэхэмжлэгч “Силикат” ХК Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар талуудын хооронд хийгдсэн 2015 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн гэрээ, түүнд хавсралтаар оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг алдангийн хамт шаардах эрхтэй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК 354.695 метр куб хөнгөн блокыг гуравдагч этгээд Ж.Мягмардорж авсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй боловч зохигчдын шүүхэд гаргасан тайлбар мэдүүлгүүд, хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд аливаа нэгэн харилцаа үүсээгүй,тэдгээрийн хооронд хийгдсэн ямар нэгэн гэрээ, хэлцэл хэрэгт баримтаар авагдаагүй, харин хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК болон гуравдагч этгээд Ж.Мягмардорж нарын хооронд тооцоо байсан бөгөөд уг төлбөртөө нэхэмжлэгчээс нийлүүлж байсан хөнгөн блокын зарим хагасыг гуравдагч этгээдэд шилжүүлэн өгч байсан болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гйүцэтгэсэнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч “Силикат” ХК гэрээгээр тохиролцсон бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Хэргийн 29-32 дугаар талд авагдсан 2 талын гарын үсэг зурж баталгаажуулсан 2015 оны 3-7 дугаар саруудын борлуулалтын мэдээ гэсэн баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэлээр шаардаж буй төлбөрийн үлдэгдлийг төлөх үүрэгтэй байна.

Анхан шатны шүүх худалдах худалдан авах гэрээний дагуу 750 метр куб хөнгөн блокын үлдэгдэл төлбөрт алданги тооцсон нь зөв бөгөөд харин аман хэлцлээр тохирсон 92.5 метр куб хөнгөн блокын төлбөрөөс алданги тооцолгүй шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гаргуулах, худалдан авсан бараа бүтээгдэхүүний тээврийн зардал 875.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх бөгөөд тээврийн зардал гаргуулах шаардлагыг талуудын хооронд хийгдсэн гэрээний 3.2, 3.4 дэх заалтуудыг Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д заасантай нийцүүлэн тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзсэн болно.  

Иймд хариуцагч “Хос уран цамхаг констракшн ” ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 589 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Хос уран цамхаг” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНЦЭЦЭГ   

                                      ШҮҮГЧИД                                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                           Л.АМАРСАНАА