Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 134

 

Төрийн банкны Дархан-Уул салбар Орхон

тооцооны төвийн нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00638/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 746 дугаар шийдвэртэй,   

           Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбар Орхон тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч  Г.Б-, Ц.А- нарт холбогдох

“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 14.571.957,7 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг   

           Хариуцагч Г.Б-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мандуул  оролцов.

Нэхэмжлэгчээс:

Иргэн Гажид овогтой Б-, Цэрэндорж овогтой А- нар нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ЗГ-37/04 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 12 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй авч ашигласан. Зээл авснаас хойш хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн хүүний төлбөр төлснөөс хойш өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 11.817.902,93 төгрөг, хүүний үлдэгдэл 2.754.054,77 төгрөг нийт 14.571.957,7 төгрөгийн зээл, зээлийн хүүний төлбөр төлөгдөөгүй 235 хоног болж байна.  Иймд зээлдэгч нараас зээл, зээлийн хүүний төлбөр болон нотариатын үйлчилгээний хураамж болох нийт 14.572.947,7 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, Улсын бүртгэлийн Ү-2004000297, ГД-000064558 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-2004000383, ГД000183996 тоот гэрчилгээний дугаартай, Дархан Уул аймаг, Орхон сум, Энхтал 2-р баг, Бүрэнтолгой, 10-р гудамж 2 тоот хашаа байшин болон бусад орлого, хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б-, Ц.А- нараас:

Үндсэн зээл болох 11.817.902,93 төгрөгийг хүлээн зөвшөөрч хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 746 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Б-, Ц.А- нараас 14 571 957,7 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож,

Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох ,  Дархан Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар баг, Бүрэн толгойн 10-2 тоот, бүртгэлийн Ү-2004000297, ГД-000064558 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-2004000383, ГД000183996 тоот гэрчилгээний дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй газар, хашаа байшинг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231804,73 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 231804,73 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.    

Хариуцагч Г.Б- давж заалдсан гомдолдоо:

2015 оны 05 сард газар тариалангийн зориулалтаар  төмс, хүнсний ногоо тарихаар зээл авсан боловч тухайн жил ган гачиг болж ургац муу авсан. Хамтран зээлдэгч Ц.А- бид 2 ам бүл хоёулаа амьдардаг, эрхэлсэн ажилгүй хүмүүс. Иймд амьдралын боломжгүй байдлыг харгалзан үзэж зээлийн хүүгийн 2.754.054.77 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн зээлийн үлдэгдэл 11.817.902.93 төгрөгийг яаралтай төлж дуусгах болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны харилцааг зохицуулсан хуулийг  зөв хэрэглэсэн байх тул  хариуцагчийн   давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан салбарын Орхон тооцооны төв хариуцагч Г.Б-, Ц.А-  нарт холбогдуулан зээлийн гэрээний  үүрэгт  үндсэн зээлийн үлдэгдэл 11.817.902 төгрөг, хүү  2.754.054 төгрөг, нийт 14.571.957  төгрөг гаргуулах,  барьцаа  хөрөнгөөс  үүргийн гүйцэтгэлийг хангуулах  шаардлага  бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч  Г.Б-, Ц.А-  нар  үндсэн зээлийн үлдэгдэл 11.817.902 төгрөгийн  шаардлагыг  зөвшөөрч,  хүү  2.754.054  төгрөгийн шаардлагыг  эс зөвшөөрчээ.

Шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж  шийдвэрлэжээ.

Зохигчид зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний талаар  маргаагүй, үндсэн зээлийн үлдэх хэмжээний талаар мөн маргаагүй болно.

Хариуцагч  нар  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан татгалзалдаа “зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй”  гэж бичсэн  байна.

Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т  “...нэхэмжлэлийн шаардлагыг  үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой  баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж  өгөх  үүрэгтэй.”  гэж  заасан.  Өөрөөр хэлбэл талуудын  зарчим нь  хэргийн материалыг бүрдүүлэх  болон түүний үнэн зөв болохыг нотлохтой холбоотой  байдаг.

Харин хариуцагч нь  зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү  төлөхгүй гэж байгаа боловч  энэ талаарх  нотлох баримт  гаргаж,   мэтгэлцээгүй  байна.

Хэрэгт авагдсан  баримтаас үзэхэд зээлдэгч нар  2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 12.000.000 төгрөгийг,  сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй  зээлж  авсан,  зээлийг бүрэн төлж дуусах хүртэл  хугацаагаар  гэрээний хугацаа  үргэлжлэх,  нэмэгдүүлсэн хүү  төлөх  үүргийг тус тус  хүлээсэн  байна.

Хариуцагч нь  2.754.054  төгрөгийн  хүү  төлөхгүй  талаар үндэслэлийг  тодорхой тайлбарлаагүй,  шинжлэн судлах нотлох баримт ирүүлээгүй  учраас   шүүх  хүүгийн төлбөрийг хасах  хууль зүйн үндэслэлгүй  юм.

Дээрх  үндэслэлээр  хариуцагчаас  анхан шатны  шүүхийн шийдвэрт  өөрчлөлт  оруулахаар  гаргасан  давж заалдсан гомдлыг хангах  үндэслэлгүй гэж  үзсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 746 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т  зааснаар  хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 59.020  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Л.АМАРСАНАА              

                                    ШҮҮГЧИД                                                   С.ОЮУНЦЭЦЭГ    

                                                                                                        С.ЭНХЖАРГАЛ