Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01986

 

 

    2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01986

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан скурь 603 тоотод байрлах, “Нитросибир азиа” ХХК /РД:5689481/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 40 дүгээр байрны 1 тоотод байрлах,  “Бүтээгч энержи” ХХК /РД:6009549/-д холбогдох,

“Нитросибир азиа” ХХК нь “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгож, Улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах,

“Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт”-ын, “Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт”-ын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК-ийн төлөөлөгч С.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан, Ц.Монгол, хариуцагч “Бүтээгч энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Бүтээгч энержи” ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцож хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулан 2015 оны 10 сарын 22-ны өдөр “Хайрхан толгой коал” хамтарсан компанийг үүсгэн байгуулж, тус компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Хамтарсан компанийн 51 хувийн хувьцааг эзэмшигч “Бүтээгч энержи” ХХК нь хөрөнгө оруулалт хийх, зээл авах, хөрөнгө босгох хэлбэрээр хамтарсан компанид шаардагдах санхүүжилтийг хариуцсан ба бид мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй олон улсын стандартад нийцсэн уурхайг бүтээн байгуулах зорилго тавьж, үйл ажиллагаагаа эхэлсэн. “Хайрхан толгой коал” хамтарсан компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний 8 дугаар зүйлийн 9 дэх заалтад ...“Бүтээгч энержи" ХХК нь хөрөнгө оруулалт, зээл авах, хөрөнгө босгох зэрэг хэлбэрээр хамтарсан компанийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийг хариуцна...” гэж заасан. Мөн түүнчлэн гэрээний хавсралт болох “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт‘‘-ын гэрээний 4 дэх заалтад “51 хувийн хувьцаа эзэмшигч “Бүтээгч энержи" ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор 10 сая америк доллараас доошгүй хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр”, мөн хавсралтын 5 дахь заалтад “ Хэрэв 51 хувийн хувьцаа эзэмшигч “Бутээгч энержи" ХХК нь энэхүү баталгаанд заасны дагуу уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулаагүй, эсхүл хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд хамтарсан компанийн 49 хувийн хувьцааг эзэмшигч болох манай “Нитросибир азиа" ХХК-д өөрийн эзэмшлийн 51 хувийн хувьцаагаа үл маргах журмаар шууд шилжүүлэн, хамтарсан компанийн үйл ажиллагааг дуусгавар болгохоор” тус тус заасан ч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй ирсэн. Манай компани хамтарсан компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс “Бүтээгч энержи" ХХК-д хандан гэрээний үүргээ биелүүлж, тохиролцсон хугацаандаа хөрөнгө оруулалтаа хийхийг шаардаж олон удаа уулзалт зохион байгуулж, албан бичгээр саналаа хүргүүлж байсан боловч тэд хариуцсан үүргээ биелүүлээгүй. “Бүтээгч энержи" ХХК нь дээрх гэрээ болон гэрээний хавсралтад тусгагдсан үүргээ удаан хугацаанд биелүүлээгүй, цаашид хөрөнгө оруулж хамтран ажиллах эсэх нь тодорхойгүй байснаас үүдэн хамтарсан компанийн үйл ажиллагаа доголдож, хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн. Маргааныг эв зүйгээр шийдвэрлэхээр тодорхой саналуудыг хүргүүлсэн ч хүлээж авахгүй, хариу ирүүлэхгүй байгаагаас гадна компанийн 49 хувийн хувьцааг эзэмшигч манай талын оролцоогүйгээр хамтарсан компанийн үйл ажиллагаанд хүч түрэмгийлэн оролцож байгаа тул бид гэрээний зүйл заалтын дагуу асуудлаа шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Иймд “Нитросибир азиа”  ХХК-ийг “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК-ийн өмгөөлөгч Г.Мандахсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 сарын 22-ны өдөр “Бүтээгч энержи” ХХК, “Нитросибир азиа” ХХК нар хамтран ажиллахаар тохиролцож “Хайрхан толгой коал” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Энэ компанийг үүсгэн байгуулсантай холбоотойгоор “Бүтээгч энержи” ХХК 51 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч. “Нитросибир азиа” ХХК 49 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар хамтран ажиллахаар тохирч “Хайрхан толгой коал” ХХК-ийг байгуулсан. Энэ компанийг байгуулахдаа харилцан гэрээ байгуулж харилцан үүрэг хүлээсэн. Ингэхдээ 51 хувийг эзэмшиж байгаа “Бүтээгч энержи” ХХК нь хөрөнгө оруулалт хийх, зээл авах, хөрөнгө босгох, хамтарсан компанид шаардагдах санхүүжилтийг хариуцах. Мөн мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчинг шаардлага хангасан уурхайд хамтран ажиллана гэж тохирсон. “Нитросибир азиа” ХХК нь тухайн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бүх бэлтгэл ажиллагааг хангах, орон нутаг дахь үйл ажиллагааг хариуцах гэсэн үндсэн тохиролцоонд нийлсэн. “Хайрхан толгой коал” ХХК гэх хамтарсан компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний 8.9-д “Бүтээгч энержи” ХХК хөрөнгө оруулалт, зээл авах, хөрөнгө босгох хэлбэрээр хамтарсан компанийн үйл ажиллагааны санхүүжилтийг хариуцна гэж заасан. Мөн энэ гэрээний хавсралт болох хамтран ажиллах хөрөнгө оруулалт баталгаажуулалтын гэрээний 4-д хоёр компани харилцан тохиролцож үүрэг хүлээсэн. Үүргээ биелүүлэхгүй бол яах вэ гэсэн хариуцлагын заалтыг оруулж өгсөн. Энд 51 хувийн хувьцаа эзэмшигч “Бүтээгч энержи” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл гарснаас хойш 6 сарын дотор 10,000,000 ам.доллараас доошгүй хэмжээний хөрөнгө оруулалт оруулж уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэсэн. 5-д зааснаар хэрэв 51 хувийн хувьцаа эзэмшигч “Бүтээгч энержи” ХХК нь энэхүү баталгаанд зааснаар хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулаагүй эсвэл хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд хамтарсан компанийн 49 хувийг эзэмшиж байгаа “Нитросибир азиа” ХХК-д өөрийн эзэмшлийн 51 хувийн хувьцааг үл маргах журмаар шилжүүлнэ гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэж нэхэмжлэл гаргахын өмнө 2 тал харилцан олон удаа уулзалт хийсэн, олон бичиг явуулсан. Гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах шаардлага тавьсан. Танайх үүргээ гүйцэтгэхгүй бол бид нар дараагийн шатны арга хэмжээг авна гэж байсан бөгөөд харилцан ярилцаж, хамтран ажиллана гэж байсан боловч “Бүтээгч энержи” ХХК сүүлийн хийсэн уулзалтад 51 хувийн хувьцаа эзэмшиж байгаа манай компани “Хайрхан толгой коал” ХХК-ийн үйл ажиллагааг хариуцаж хийнэ гэсэн. Танай 49 хувь бол ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй, зөвхөн 49 хувийн ашиг авна гэсэн шаардлага тавьсан. Компанийн тухай хуульд зааснаар аль нэг тал нь давуу эрх эдэлж нөгөө тал нь хөндлөнгөөс харагчийн байр суурьтай байна гэсэн зохицуулалт байхгүй. 49 хувийн хувьцаа эзэмшигч нь хамтарсан компанийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байна гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл учраас нэхэмжлэл гаргасан. Иймд “Нитросибир азиа” ХХК-ийг “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК-ийн өмгөөлөгч Г.Мандахсайхан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа эхлээд Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт баталгаажуулалтын гэрээний 4, 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн боловч өнөөдөр өөрчилж байгаа бөгөөд тухайн өдөр байгуулагдсан Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт баталгаажуулалт мөн зардлын баталгаажуулалтын гэрээг нийтэд нь хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь манай тал хүлээн зөвшөөрөхгүй. Хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралттайгаа хамт улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17.2.2-т тодорхой заасан. 17.2-т гадаадын хөрөнгө оруулалттай компанийг бүртгэхийг заасан. 17.1-т дотоодын компанийг бүртгэхийг заасан. Энд бол дотоодын компани нэг компани байгуулж байгаа бол дүрэм, гэрээ байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгүүлж байгаа бол дүрэм, гэрээг нь орчуулгын хамт нотариатаар батлуулж авна гэж заасны дагуу бүртгүүлсэн. “Нитросибир азиа” ХХК болон “Бүтээгч энержи” ХХК нь Монгол компани бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол хоёулаа Монгол талдаа захирагдаж хэргийг шийдвэрлэх ёстой. Компанийн үүсгэн байгуулах гэрээг байгуулж дараа нь нэмэлт өөрчлөлт хийсэн. Яагаад үүсгэн байгуулах гэрээнд нэмэлт өөрчлөлт хийсэн бэ гэвэл анх үүсгэн байгуулсан гэрээний 1-д А тал нь компанид шаардлагатай машин, тоног төхөөрөмж, түүхий эд, материал бусад зүйлээр хангах үүрэг хүлээнэ. Энэ нь тодорхойгүй байна үүгээр юу хийх ёстой, юу хийлгэх ёстой вэ гэдэг үндэслэлийг “Дай” гаргасан учраас энэ хавсралт гэрээг хийж гэрээний 3 заалтад нь олон улсын стандартад нийцсэн уурхайг бий болгож тогтоосон хугацаанд хөрөнгө оруулалт хийнэ. Асуудал гарвал ТУЗ-ийн хурлыг тухай бүрт хуралдуулж, дор бүрнээ мэдэгдэж байна гэсэн үүрэг хүлээсэн. Өнөөдөр өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнд 51 хувийн хувьцааг “Нитросибир азиа” ХХК-д үл маргах журмаар шилжүүлэх, мөн хөрөнгө оруулалт зардлын баталгаажуулалтаар 193,000,000 юанийг “Берун майнинг” ХХК болон “Зэлмэ” ХХК-д шилжүүлэхээр заасан. Гэрээний тайлбарыг хууль бусаар хийж байна. Компани үүсгэн байгуулах гэрээ болон энэ 2 хавсралтад мөнгө төлөхгүй тохиолдолд “Берун майнинг” ХХК болон “Зэлмэ” ХХК-д шилжүүлэхээр заасан заалт байхгүй. Ийм үг өгүүлбэр байхгүй. Гэтэл нэхэмжлэлд ийм шаардлага оруулж ирснийг шүүх харж үзнэ үү. Их хэмжээний хэлцэл байгуулсан байна. Компанийн тухай хуулийн 87.1.1-д зааснаар ТУЗ-ийн зөвшөөрөл аваагүй гэж байна. Тэгэхээр “Бүтээгч энержи” ХХК нь өөрийн ТУЗ-өөс зөвшөөрөл аваад Монгол улсад хөрөнгө оруулсан гэж байгаа хэзээ, хаана, ямар журмаар оруулаад юунд зарцуулсан одоо үлдэгдэл нь хаана байгаа гэдэг нь мэдэгдэхгүй 193,000,000 юанийн асуудлыг Монгол улсад оруулсан хөрөнгө гэж үзээд “Хайрхан толгой коал” ХХК-ийн ашгаас гаргуулах чиглэл үүрэгтэй ирсэн. Үүний хамтран ажиллаж байгаагийн хувьд зөвшөөрсөн. Түүнээс биш энэ 193,000,000 юанийг хэзээ, хэн авсан нь “Нитросибир азиа” ХХК, “Хайрхан толгой коал” ХХК хамаагүй. 87.1.1-д компани байгуулснаас хойш ТУЗ буюу эрх бүхий этгээдүүд зөвшөөрөлгүйгээр их хэмжээний хэлцэл байгуулж болохгүй талаар зүйл байгаа. Гэтэл энэ Мандуулай болон С.Ганбат захирал нарын хооронд байгуулсан “Хайрхан толгой коал” ХХК-ийг үүсгэн байгуулахтай холбоотой гэрээ, гэрээний хавсралт нь тухайн өдрөө хийгдсэн. Зөвхөн үүсгэх байгуулахтай холбоотой асуудлыг анхаарна гэх асуудалд энэ 193,000,000 юанийн асуудал яригдсан. Гэтэл 87.1.1-д зааснаар их хэмжээний хэлцлийг зөвшөөрөлгүй хийсэн гэх зүйл харагдахгүй байна. Хүчингүй болгуулах гэж байгаа хавсралтын 6-д хамтран ажиллах хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын талаар маргаан гарвал Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлэх ба хувьцаа эзэмшигчдийн гэрээний 13.2 дахь заалт хамаарахгүй болохыг талууд харилцан зөвшөөрөв гэсэн. Ингээд дараа нь “Дайтай” ярьсны дараагаар Монгол компани гэрээ байгуулж байхад яагаад гадаадад шийдвэрлүүлэх болдог юм. Монголд шийдвэрлүүлнэ. Энэ асуудал нь анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ч гэсэн энэ Хонг Конгын шүүхэд гаргах талаар ярьж байгаагүй. Нэг болохоор 193,000,000 юанийг гаргуулах гэдэг. Нэг болохоор 193,000,000 юанийг үлдээгээд 51 хувийн заалтыг хүчингүй болгоно гэдэг эсвэл ерөөсөө хоёр хавсралтаа хүчингүй болгуулна гэсэн. Энэ гаргаж байгаа зүйлийнх нь байр суурь тодорхойгүй байна. 10,000,000 ам.доллар авах ёстой байсан энэ 10,000,000 ам.долларыг өгөөгүй учраас 4 дэх заалтын дагуу маргаж байгаа. Бид гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор 10,000,000 ам.долларыг гаргахын бэ гэж байгаа боловч 2016 оны 10 сарын 22-оос хойш хэн аль нь хамтран ажиллахаар болсон. Хэн аль нь үйл ажиллагаа явуулж ТЭЗҮ-г гаргаж явж байсан. Эднийх хөрөнгө оруулалт оруулах нь ойлгомжтой байсан. Гэтэл тусгай зөвшөөрөл гарсны дараа хөрөнгө оруулалт ерөөсөө хийгдээгүй. Өнөөдрийн байдлаар их олон тэрбум, сая долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа боловч энэ хийсэн хөрөнгө оруулалтаар юу хийсэн юм бэ хэнд, хаана яаж зарцуулсан бэ. Ямар баримт байгаа вэ. Нэг нь нэгнээсээ мөнгө зээлсэн гэх баримт харагдаж байгаа болохоос биш “Хайрхан толгой коал” ХХК юу хийсэн гэдэг нь тодорхойгүй. Хариуцагч тал бүтээн байгуулалт хийсэн гэж ярьсан боловч С.Ганбат захирал гэр барьсан гэхэд нь хэдэн ноосон гэр оруулж ирж өрөнд авсан гэж ярьсан. Өөр өөрсдийнхөө гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж чадахгүй, өөрсдийн маргаантай асуудлын талаар яригдаж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ үндсэн гэрээ ч бай, нэмэлт гэрээ ч бай дандаа эрх бүхий этгээдүүд байгуулсан. Дундуур нь хэн нэгэн зөвшөөрөлгүй этгээд орж байгуулаагүй. Хууль зүйн үндэслэлтэй байгуулсан. Мандуулай ч эрхтэй байсан С.Ганбат ч эрхтэй байсан. Бусад үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой яригдсан асуудал нь тусдаа асуудал. Энэ компани байгуулснаас хойших асуудал болохоос өнөөдрийн маргаан болох компани үүсгэн байгуулах гэрээний асуудалтай холбоотой асуудал яригдаж байгаа болохоос үл хөдлөх эд хөрөнгөтэй хамааралтай асуудал биш гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Бүтээгч энержи” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нитросибир азиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй компаний хувьцаа эзэмшигч нарын хооронд болсон гэх маргаанаас үүдэлтэй нэхэмжлэлд дараах тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч тал байгаа бодит байдалтай нийцээгүй үндэслэлийг гаргасан байна. 2015 оны 10 сард “Хайрхан толгой коал” ХХК-ийг үүсгэн байгуулж, манай компанийн 51 хувийг эзэмшин, нэхэмжлэгч талтай хамтран уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болсон.

1.“Хайрхан толгой” ХХК нь “Берун майнинг” ХХК-ний хувьцааг 5 сая 500 мянган ам.доллараар худалдан авч түүний эзэмшилд байсан 5261Х хайгуулын тусгай зөвшөөрөл, мөн ашиглалтын зөвшөөрөл нь гарахад бэлэн болсон 511А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулах болсон. Ингэхдээ “Берун майнинг” ХХК-ийн хувьцааг худалдан авах гол нөхцөл нь худалдагч тал нь “Хайрхан толгой коал” компанид итгэн өөрсдийн эзэмшилд байгаа 5261Х тоот хайгуулын зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө ба 511А тусгай зөвшөөрлийг авахад зориулсан 194 сая юань буюу 50 орчим тэрбум төгрөгийг “Хайрохан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хоёр хоёр тал өөрсдөд оногдох хувьцааны хэмжээгээр хуваан төлж чадна гэсэн итгэл зөвшөөрөлтэйгөөр хувьцаагаа худалдах зөвшөөрлийг олгосон. “Берун майнинг” ХХК нь "...хэрэв “Бүтээгч энержи” ХХК нь манай хувьцааг эзэмшихээ болих буюу хувьцаа эзэмшигч нар хоорондоо хувьцааны маргаан үүсгэсэн нь баримтаар тогтоогдсон тохиолдолд өөрийн эзэмшилд байх ёстой 5261Х, 511А тоот тусгай зөвшөөрлүүдээ буцаан шилжүүлэхийг шаардсанаар үл маргах журмаар шилжүүлэх..” нөхцөлийг дурдсан гэрээ бас байгаа. 193 сая 715 мянган юанийг хувьцаа эзэмшигч нар нь “Берун майнинг”, “Зэлэм” ХХК-ийн хуучин хувьцаа эзэмшигч нарт хамтран төлөх тухай Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт баталгаажуулалтын гэх гэрээний 1 дэх хэсэг, “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний 8.10, 8.11-д зааснаар баталгаажсан байгаа. Гэтэл бид бусдад төлөх ёстой төлбөрөө төлөөгүй мөртлөө хувьцаагаа хоорондоо булаацалдах нь “Берун майнинг” ХХК-ийг хохироох нөхцөлийг бүрдүүлж байна.

2.“Берун майнинг” ХХК-ийн хуучин хувьцаа эзэмшигч нь тэдний компанийг худалдан авсан хувьцааны үнийг буюу 5,500,000 ам.долларыг хүлээн 8 сар болсон боловч нэхэмжлэгч талын гэрээ хэлцэлд заагаагүй шаардлага, хүсэл зоригоос шалтгаалан энэхүү мөнгийг тухайн этгээдэд өгч чадаагүй одоогийн байдлаар өртэй байгаа. Учир нь нэхэмжлэгч тал хөрөнгө оруулалтын төсөлд саналаа өгөх уул уурхай ажиллах таатай эрх зүйн орчныг бүрдүүлэхийн оронд “Берун майнинг” ХХК-ийн ашиглалт хайгуулын хоёр тусгай зөвшөөрлийг өөрсдийн компанид шилжүүлэн авсан өдрөөс хойш нэг сарын дараа буюу 2016 оны 05 сарын 31-ээс эхлэн бусдад өөрсдөд оногдох хувьцаагаа худалдах тухай ярьж, хувьцааг бусдад зарах, эрх олгохыг шаардсан. Үүнийх нь дагуу тэр зөвшөөрлийг олгосон бөгөөд шинэ хувьцаа эзэмшигч бий болохыг хүлээж байсан. Гэтэл 2016 оны 07 сараас эхлэн бусдад хувьцаагаа зарж чадахгүй байгаа нь “Бүтээгч энержи” ХХК-иас болсон тул өөрсдийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг худалдан авахыг тулган шаардаж эхэлсэн. Мөн 2016 оны 08 сараас эхлэн Хонгконгийн банкинд тавьсан өөрсдийнхөө зээлийн хүү болох 1,500,000 ам.долларыг сар бүр төлж байхыг шаардсан. Ингээд бид 2016 оны 10 сард хувьцааг худалдан авах гэсэн боловч “Нитросибир азиа” ХХК нь маш өндөр үнийг хэлсэн тул тохиролцож чадаагүй. Учир нь бидэнд уул уурхайг эхлүүлэх болон “Берун майнинг” ХХК-д төлбөр төлөх үүрэг гэрээнд тусгагдсан байсан. 2016 оны 11 сард тэд ХУД-ийн Иргэний Хэргийн Шүүхэд нэхэмжлэл гарган мөн бидний хувьцааг ямар нэгэн төлбөргүйгээр өөрсдийн мэдэлд шилжүүлэхийг шаардсан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал хувьцаагаа худалдаж авахыг бидэнд шаардсан шүүхэд маргалдсан зэрэг олон таагүй уур амьсгал бүрдсэн үед хөрөнгө оруулалт хийх ямар ч боломжгүй байсан. Хөрөнгө оруулалт гэдэг бол найдвартай хамтын ажиллагаа, урт удаан хугацааны тогтвортой түншлэл, бизнесийн оновчтой төлөвлөлт зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөн дээр суурилдаг. Гэтэл энэ бүхнээс нэг нь ч бидний харилцаанд байхгүй байсан.

3.Уул уурхайд хөрөнгө оруулалт хийхийн тулд эрх зүйн бүх бичиг баримтуудын бүрдүүлбэр бүрэн байж, ажиллах нөхцөлийн хууль зүйн орчин бий болох шаардлагатай байсан. Үүнд: Техник эдийн засгийн үндэслэл, Байгал орчны нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчин менежментийн төлөвлөгөө, Уулын ажлын төлөвлөгөө зэрэг бүх шаардлагатай бичиг баримтууд гараагүй байсан. Энэ бүх бичиг баримтуудын зарим хэсгийг “Нитросибир азиа” ХХК нь өөрийн танил кампаниудаар гүйцэтгүүлж, бид нэхэмжлэгчийн нэхсэн мөнгийг тухайн зах зэлийн үнэнээс давуулан гаргаж өгсөн. Бусад дутуу бичиг баримтуудыг бид өөрсдөө хуульд нийцүүлэн ажиллаж 2017 оны 04 сард дуусгасан. Мөн уул уурхайн бэлтгэл ажил эхлэх, хөрөнгө оруулалттай холбоотойгоор урьдчилан хийгдэх ажлын хүрээнд орон нутагт засмал зам тавих төрөл бүрийн зөвшөөрөл, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл сунгахтай холбоотой урьдчилсан ажлууд хийгдэж байгаа. Энэ бүх ажлыг “Бүтээгч энержи” ХХК дангаараа хариуцан, хөрөнгө мөнгийг гаргаж ирсэн. “Нитросибир азиа” ХХК нь энэ хугацаанд зөвхөн биднийг хувьцаагаа худалдан авах эсхүл худалдсан нэрээр шилжүүлж өгөхийг шаардах сэтгэл зүйн хүнд дарамтад байлгасаар ирсэн. Учир нь нэхэмжлэгч өөрсдийн хувьцааг өсгөх гэсэн далд санааг агуулан бидэнд оногдох хувьцааг өндөр үнээр  худалдан авах санал тавьсныг “Бүтээгч энержи” ХХК нь зөвшөөрч өөрсдийн хувьцааг худалдах болзлыг санал болгосон тэд зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч тал “..хувьцаагаа худалдъя гэхдээ худалдан авах мөнгийг байршуулсан тохиолдолд санал гаргагч талд хувьцааг шилжүүлэх болзол тавихад нэхэмжлэгч зөөлрөөгүй бөгөөд зүгээр л хувьцаагаа манайд шилжүүл үгүй бол шүүхэд өгч хүчээр авна” гэх байдлаар хандсан тул энэ тал дээр тохиролцоонд хүрээгүй. Нэхэмжлэгч тал гэрээнд заагдсан заалтуудыг биелүүлээгүйн дээр хөрөнгө оруулалт хийх эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын төсөлд санал өгөх зэрэг үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч тал гэрээний өөрсдөд ашигтай нэг заалтыг баримтлан нэг хувьцаа эзэмшигчийн эрхийг хасах түүний  эзэмших эрхэнд халдах тухай нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Компаний тухай хууль болон бусад ямар ч хуульд хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрхийг хуульд заагаагүй үндэслэлээр хязгаарлан, түүний хувьцааг үл маргах журмаар булаан авдаг зохицуулалт байхгүй байна. Тэдний баримтлан маргаж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хуулийн 56, 58, 59 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцогдох гэрээний шинжийг хангаж байна. Мөн нэхэмжлэгч тал зөвхөн мөнгө авах, хөрөнгө оруулалт шаардах эрхтэй өөрийгөө үзэж байгаа нь хувьцаа эзэмшигчдийн гэрээний 4.5 дахь хэсэгт зааснаар няцаагдаж, хөрөнгө оруулалтыг зөвхөн “Бүтээгч энержи” ХХК гаргана, компанийн үйл ажиллагаанд өөрсдөө ямар ч үүрэггүй хэмээж байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор нотлох баримт гаргах, өмгөөлөгчтэй оролцох, сөрөг нэхэмжлэл гарган тухайн хөрөнгө оруулалт баталгаажуулалтын гэрээг хүчингүй болгуулах байдлаар оролцох эрхээр хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Бүтээгч энержи” ХХК-ийн өмгөөлөгч Г.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн тухай хуулийн 6.1-д зааснаар хараат компанийн үүргийг “Нитросибир азиа” ХХК гүйцэтгэдэг. Охин компанийн хувьд “Бүтээгч энержи” ХХК 51 хувийн хувьцаа эзэмшигч. Энэ нь Компанийн тухай хуулийн 6.4-д зааснаар толгой компани болон охин компанийн тайлан, тооцоо нэгдмэл нэг байдлаар гарна. Мөн компани бол ашгийн төлөө байгуулагдсан бөгөөд ХХК гэнэ гэж Иргэний хууль болон Компанийн тухай хуульд зааж өгсөн байгаа. Гэтэл эдгээр компани үүсгэн байгуулахдаа 2015 оны 10 сарын 22-ны өдөр “Хайрхан толгой коал” ХХК-ийг үүсгэн байгуулахаар Компанийн тухай хуулийн 14, 17-д зааснаар эрх зүйн баримт бүрдүүлсэн. Энэ баримтыг бүрдүүлж эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байгаа нь хуульд нийцэж байгаа боловч “Хайрхан толгой” ХХК гэдэг компанийн нэрээр гэрээ байгуулсан. Энэ компани бол өнөөдөр маргаанд байхгүй. Гэтэл эрх бүхий байгууллагад бүртгэгдээгүй гэрээг хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ гэх мэтчилэн тайлбарлаж байна. Мөн Компанийн тухай хуулийн 86 зүйлийн 1, 2-т тодорхой зааж өгсөн бөгөөд ямар тохиолдолд хувьцаа эзэмшигч нар нэхэмжлэл гаргах эрхтэйг зааж өгсөн ч нэхэмжлэл гаргах эрхэд хараат компани нь охин компанийн хувьцааг өөрт шилжүүлэн авахаар нэхэмжлэл гаргах эрхийг хуульд зааж өгөөгүй байна. Бид зөвхөн хуульд захирагдсан гэрээг байгуулна. Гэрээ л бол гэрээ гэдэг байдлаар хууль зөрчсөн болзол тавьж хийсэн гэрээг ойлгохгүй. Иргэний хуулийн 46, 47-д зааснаар болзол тавьж хийсэн гэрээнд хамаарч болох боловч энэ өөрөө өнөөдрийн маргааны зүйл нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Учир нь 10 сарын 22-ны өдөр энэ “Хайрхан толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хийж байгуулахдаа ирээдүйд бий болж болзошгүй тусгай зөвшөөрөлд гэрээ байгуулсан. Энэ нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байгаа. Яагаад гэвэл тухайн үед зөвхөн компани үүсгэн байгуулагдахад ямар гэрээ хийх ёстой вэ гэвэл хувьцаа эзэмшигчдийн гэрээ, дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр байх ёстой. Эдгээр заасан эрх зүйн баримтууд үүсэн бий болно. Гэтэл ирээдүйд бий болох тухайн үүсгэн байгуулагдаж байгаа компанийн эзэмшилд бий болж магадгүй 5261 гэх хайгуулын тусгай зөвшөөрөлд бий болох зүйлд гэрээ хийсэн. Энэ нь өөрөө байгаа бодит нөхцөл байдалд нийцээгүй гэрээ. Мөн хүчин төгөлдөр бус байх, бодит байдлыг дүр үзүүлэн, халхавчлах байдлаар хийсэн гэрээний нөхцөл шаардлагыг хангасан. Иргэний хуулийн 56, 58, 59 байх. Үндсэн гэрээ нь эрх бүхий байгууллагад бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр байх шаардлагыг хангаж байгаа. Гэтэл эрх бүхий байгууллагад бүртгэгдээгүй, бий болоогүй байгаа өмч хөрөнгөн дээр өөрт ашигтай нөхцөл байдлыг бий болгохоор тусгаж хийсэн гэрээ. Гэрээний хавсралтад зааснаар тусгайлан зааж өгсөн байдалтай оруулж өгсөн. Энэ гэрээний  4, 5 дахь заалт нь бие даасан заалт байгаа. Нэхэмжлэгч талаас 1, 2 заалт хамаагүй бид 4, 5 заалтыг ярьж байгаа гэдэг. Гэтэл 4, 5 дахь заалтыг шууд холбон ойлгох хууль эрх зүйн зохицуулалт хэм хэмжээг тусгаж өгөөгүй. Учир нь 4 дэх заалт нь тухайн ашиглалтын зөвшөөрлийг авснаас хойш 6 сарын дотор 10,000,000 ам.долларыг оруулна гэсэн. Үүнийг оруулаагүй бол яах вэ гэсэн зүйл энэ зүйлд ороогүй. Гэтэл 5 дахь заалт нь бие даасан заалт болж ирсэн. Энэ нь тухайн уул уурхайн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтыг хийгээгүй бол гэсэн заалт байгаа. Ингээд шууд нэхэмжлэгч тал өөрт ашигтайгаар 4, 5 заалтыг нэгтгэн ойлгож бусад заалтуудыг хамааралгүй заалт гэсэн. Гэтэл хуульд тухайн гэрээг бүхэлд нь биелэгдэх боломжтой эсэхийг, хуульд заасан заалттай нийцүүлэн байгуулагдсан гэрээ мөн эсэхийг л харна. Гэтэл гэрээ бол гэрээ гэж тайлбарлаж байгаа нь бусдын өмчлөх эрх болон бусдын энэ компанид оруулсан хөрөнгө мөнгийг хохироох асуудал үүсэж байгаа. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар 8,000,000 ам.долларыг “Бүтээгч энержи” ХХК энэ хугацаанд оруулж ирсэн. Гэтэл энэ 8,000,000 сая ам.долларыг хөрөнгө биш гэж үзээд 4 дэх хэсэгт заасан байгаа заалтаа биелүүлэх ёстой гэсэн. Хувьцаа эзэмшигчдийн гэрээ гэж бүхэл бүтэн эрх бүхий байгууллагаар батлуулсан үндсэн гэрээ байна. Энэ гэрээний заалтаар маргаан бүхий гэрээний 3-т нэхэмжлэгч тал хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байгаа. Хууль эрх зүйн орчноор тасралтгүй хангаж хөрөнгө оруулахад таатай орчин үүсгэх энэ хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хамгийн анх нэхэмжлэгч тал 4,900,000 төгрөг гаргасан. Үүнийгээ “Бүтээгч энержи” ХХК-иас зээлж авсан. Ингээд хавтас хэрэгт байгаа баримтуудаар нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Үүнийгээ тайлбарлахдаа та нар мөнгийг нь гаргана гэсэн юм чинь яадаг юм гэсэн. Гэтэл гэрээ нь аль аль талын эрх, үүргийг харилцан хангаж, харилцан эрх тэгш байх байдлыг тусгасан байхыг ойлгодог. Иргэний хуульд гэрээний стандарт нөхцөл гэж байгаа. Бүртгэнэ гэдэгт энэ нөхцөл байдал нь хангагдаж байгаа. Гэтэл баахан мөнгө оруулчихаад дараа нь энэ хувьцаагаа бол хүчин төгөлдөр бус болохыг мэдсээр байж зориуд хийж байгуулсан гэрээ хэлцэлд тооцогдож байгаа. Учир нь тухайн гэрээний 4-д зааснаар тусгай зөвшөөрлийг авсан цагаас эхлэн гэж шаардах эрхийг тодорхойлж өгсөн. Гэтэл тусгай зөвшөөрөл нь 2016 оны 04 сарын 23-ны өдөр гарсан бөгөөд 302 тоот ашигт малтмалын газрын даргын шийдвэрээр гарсан боловч гар дээр ирэх гэж 1 сарын хугацаа өнгөрсөн. Гэтэл тусгай зөвшөөрөл авмагц шууд уул уурхайн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах боломжгүй. Техник хэрэгсэл, уулын ажил, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг маш олон бичиг баримт бүрдсэний дараа энэ уул уурхайн үйл ажиллагаанд зориулсан хөрөнгийг маргаан бүхий гэрээний 4 дэх хэсгийн заалт хэрэгжих боломжтой болж байгаа. Гэтэл энэ бүх баримт бичгүүд 2017 онд бий болсон. Үүнээс эхлэн гэрээний шаардлагаа биелүүлсэнгүй гэж нэг ч шаардлага явуулж байгаагүй. Шаардах харилцаанд орж байгаагүй. Учир нь бол 2016 оны 05 сарын 31-ний өдрөөс эхэлж бид нар санхүүгийн маш хүндрэлтэй байдлын улмаас тусгай зөвшөөрлийн өөрсдийн эзэмшиж байгаа хувьцааг бусдад зарах шаардлагатай болсон байна гэсэн “Нитросибир азиа” ХХК-ийн захирал С.Ганбатын гарын үсэг бүхий бичгээр бичсэн нотлох баримт нотолж байгаа. Ингээд тухайн тусгай зөвшөөрөл бүхий уул уурхайн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нөхцөл байдал алдагдсан. Учир нь тэртээ тэргүй хувьцаагаа зараад явах юм бол энэ гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцоод дахиад шинэ гэрээ байгуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Ингээд хөрөнгө оруулах таатай нөхцөл байдлыг үүсгэж өгөөгүй байж шууд бид нар та нараас болоод бид нар бусдад хувьцаа худалдах эрхийг удаашралтай 10, 20 хоногийн дотор шийдсэнээс болж бид нар хувьцаагаа бусдад зарж чадсангүй. Ийм учраас энэ хувьцааг та нар худалдаж ав гэсэн шаардлагыг 2016 оны 07 сараас эхлэн албан бичгээр илэрхийлж ирсэн. Энэ нь уул уурхайд хөрөнгө оруулахыг шаардсан шаардлага гэж ойлгох боломжгүй. Зөвхөн өөрсдийн эзэмшиж байгаа хувьцааг худалдаж авахыг шаардсан. Энэ нь тухайн маргаан бүхий гэрээний 4 дэх хэсгийн үүргийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн бөгөөд энэ хугацаанд таг чимээгүй байсан. Харин хариуцагч тал үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл 08 сарын 26-аас эхлэн бид нар энэ гэрээнээс татгалзлаа энэ компанийг татан буулгах асуудлыг яръя гэсэн. Энэ нь хавтас хэрэгт байгаа бичгүүдээр тодорхой байгаа. Энэ нь өөрөө хөрөнгө оруулах ямар ч боломжгүй болгосон нөхцөл байдлыг үүсгэсэн. Ингээд 2016 оны 09 сард нэхэмжлэгч талын хэлж байгаагаар уулзалт хийсэн.  Энэ нь уулзалтад зөвхөн 4 дэх хэсгийн заалтыг яриагүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал болж байна уу, ТУЗ-ийн хурал болж байгаа эсэх нь ойлгомжгүй байсан. Учир нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж тэмдэглэл үйлдэж оролцсон хувьцаа эзэмшигчдийн тоо болон гаргах шийдвэрийг тусгах ёстой байсан ч тусгаагүй. Зөвхөн хувьцааг хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ гэсэн талаас маргаж эхэлсэн. Ингээд хариуцагч 15,000,000 ам.доллараар худалдаж авах санал тавьсан. Мөн уул уурхайн үйл ажиллагааг эхлүүлэлэхэд шаардаж бүрдүүлбэр бичиг баримтыг гаргаж өгөөч ээ тэгэхгүй бол энэ уул уурхайд ямар ч хөрөнгө оруулах боломжгүй байна. ТЭЗҮ батлагдаагүй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хангах 2 жилийн хугацаанд заагдсан байгаа нөхцөл байдал нь үүсээгүй байгаа учир бид нар камп босгосон. Энэ камп нь сая гаран ам.доллараар боссон. Энэ нь “Бүтээгч энержи” ХХК-иас гарсан ажилчдын камп буюу уул уурхайн ажилчдын орон байрыг бий болгосон. Энэ уул уурхай нь өөрөө улирлын шинж чанартай бөгөөд өвөл зогсдог. Гэтэл 10 сараас эхлээд шууд шүүхэд өгсөн нь хөрөнгө оруулах таатай ямар ч нөхцөл байдал үүсэх боломжгүй болгосон. Миний хувьд ганцхан ойлгомжгүй маргааны зүйлээс нэхэмжлэгч тал маань халиад мэдэхгүй яваад байгаа гэж гайхаж байгаа. Хувьцаа шилжүүлэх тал дээр маргаж байгаа гэж өөрсдөө ярьж байгаа. Бид нар энэ 4,900,000 төгрөгөөр худалдаж авсан хувьцаанд л маргаж байгаа гэж хэлж байгаа. Тэгсэн хирнээ хөрөнгө оруулалт баталгаажуулалтын гэрээнд уул уурхайн үйл ажиллагаанд хөрөнгө оруулаагүй бол 51 хувь гэсэн зүйл заалтыг ярьж байгаа. Уул уурхай нь тусгай зөвшөөрөлтэй явагдах уул уурхайд бид нар хөрөнгө оруулах үүрэгтэй. Гэтэл ганцхан “Бүтээгч энержи” ХХК-ийг татаж байгаа бөгөөд “Хайрхан толгой коал” ХХК-ийг оруулж ирэхгүй гэж маргаж байгаа. Тэгвэл энэ маргааны үндэслэл нь юу юм бэ. Бид нар тусгай зөвшөөрөлд мөнгө оруулах үүргээ гүйцэтгээгүй гэж байгаа юм бол бид нар тэгээд юун дээр мөнгө оруулахын. Энэ зүйлээ ойлгоогүй байж хурлаа хурдан хийе, хурдхан шиг энэ хувьцааг нь шилжүүлээд авчихна гэж итгэлтэй хандаж байна. Гэтэл хувьцааг захиран зарцуулах эрх болон бусдад худалдах, худалдан авах зохицуулалтууд, эрх шилжүүлэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээнээс бэлэглэх, худалдах, худалдан авах гэсэн 2 үндсэн зүйл дээр явна. Энийг бүгд л мэдэж байгаа. Тэгсэн хирнээ шууд уул уурхайд хөрөнгө оруулаагүй булааж авна гэсэн энэ заалтаар л явж байна. Тийм учраас “Хайрхан толгой коал” ХХК гэх толгой компанийг өөрөө орж ирэх хэрэгтэй. Компанийн тухай хуулийн 6-д ямар компанийг хараат компани, охин компани болохыг зааж өгсөн бөгөөд цогцоороо шийдвэрлэх энэ ойлголт байхгүй болсон учир энд цаашид маргах боломжгүй болж байгаа. Ингээд бид нар өөрсдөө тусгай зөвшөөрлийг оруулна, оруулахгүй гэж маргалдаж байж оруулсан. Компанийн үндсэн ойлголт нь юу вэ гэвэл Компанийн тухай хуулийн 3.1-р байгаа. Энэ бол хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ гэж тодорхойлсон. Бид нар “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид. Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн өмчлөлд оролцох эрхийг нотолно гэж байгаа. Энэ хувьцаа нь ямар учиртай хувьцаа юм бэ. Энэ хувьцаа нь компанийн өмчлөлд хуваагдсан байгаа энэ тусгай зөвшөөрөлд оногдож байгаа хувийг тодорхойлж байгаа. Энэ өмч хөрөнгийг тусгайлан өмчлөхийг нотлохгүй гэж тодорхой зааж өгсөн. Тусгайлан шууд дангаараа үүнийг булаан авахгүй гэдгийг нотолно. Ингээд ийм ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Иргэний хуулийн 9.1-д ямар тохиолдолд иргэний эрх зүйн хамаарал үүсдэг юм бэ. Бид нар энэ “Нитросибир азиа” ХХК-ийн ямар эрхийг өнөөдөр хөндсөн юм бэ, ямар хууль ёсны эрх ашиг сонирхолд хохирол учруулсан юм бэ. Энэ бол зөвхөн “Нитросибир азиа” ХХК буюу нэхэмжлэгч талын хувьцааг өндөр үнээр худалдаж аваагүйн улмаас хувьцаагаа булаалгах гэж байгаа. Тийм учраас гэрээг бүхэлд нь авч бүхэлд нь үнэлж дүгнэсний эцэст энэ гэрээ үнэхээр үүргийн гүйцэтгэл хангасан уу үгүй юу, энэ “Нитросибир азиа” ХХК өөрөө хууль эрх зүйн таатай орчинг бий болгох энэ үүргээ биелүүлсэн эсэх тал дээр ярилцах учиртай. Зөвхөн энэ 2 этгээдийн маргаж байгаа зүйл нь тусгай зөвшөөрөл дээр маргаж байгаа. Хувьцаа гэж халхавчилж ярьж байгаа зүйл. Тэгэхэд бид энэ 2 тусгай зөвшөөрлийн зөвхөн нэгнийх нь зөвшөөрөлд жил болгон 350,000,000 төгрөг тушааж байгаа. Ингээд нийт 600,000,000 төгрөгийг тушаасан. Мөн тухайн уул уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдах үндэслэлийг хангахын тулд 2017 оны 08 сард 390,000,000 төгрөгийг төлсөн. Үнэхээр ийм юм бол энэ гэрээ зогссон 2016 оны 10 сарын 22-оос эхлэн цааш нь үргэлжлэх боломжгүй гэж үзсэн бол яагаад энэ мөнгөн төлбөрүүдийг тушаалгаж байсан юм бэ. Энэ өөрөө “Бүтээгч энержи” ХХК нь эд хөрөнгөөр хохирох Иргэний хуулийн 9.1-д заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг зайлшгүй бий болгох шаардлагатай нөхцөл байдлыг үүсгэсэн. Үнэхээр бидний хувьд энэ эрх зүйн орчин үнэхээр иргэний хамгаалалтыг хүсэхээс өөр аргагүй болсон. Өнөөдрийн хувьд уул уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд бид нар орон нутагт очиж маш их хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа. Бид нар үүнд битгий оролц гэж хэлээгүй. Хамгийн гол нь үүнд зам тавих хэрэгтэй. Тухайн уул уурхайн үйл ажиллагааг ярихаас өөр аргагүй. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан байгаа. Бид компани дээр очиход наадхаа битгий ажлуул гэдэг. Хувьцаа эзэмшигч хараат компани тэгж болохгүй. Битгий ажлуул бид нар наадуулын чинь хувьцааг булааж авах гэж байгаа. Шүүх хуралдаанаар тэртээ тэргүй шийдэгдэнэ. Одоо тэгээд шүүх хуралдааны шийдвэр гараагүй байхад иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг авч тухайн үйл ажиллагаа явуулахгүй байх н.Энхзаяа шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болоогүй байхад нь аваачаад өгсөн. Өнөөдөр 07 сарын 07-ны өдөр энэ захирамжийг хэлэлцэнэ. Тэгтэл орон нутагт аваачаад өгсөн. Бид нар уулзалдах бүртээ хэлэхдээ 10,000,000 ам.долларыг оруулж чадахгүй гэж хэзээ ч ярьж байгаагүй. Бид нар үүнийгээ хэдүүлээ цаашаа аваад явъя, нүүрсний үнэ өсч байна. Иймд хувьцаа дагаад өснө. Тэгэхээр бие биенийхээ хувьцааг булааж авах, энэ их хөрөнгө оруулсан мөнгийг бид нар яах юм, бид нар “Берун майнинг” ХХК, “Зэлмэ” ХХК-ийн энэ тусгай зөвшөөрлийг өөр дээрээ шилжүүлж авсан. Нэгэнт бид нар 1,000,000 ам.доллар ч бай 193,000,000 юань ч бай үүнийг бид хүлээн зөвшөөрч гэрээнд тусгасан. Тийм юм чинь бид нар одоо шүүхийн 4442 тогтоолоор 20,000,000,000 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгай зөвшөөрөлд оруулсан гэж зааж өгсөн. Маргаантай байгаа уул уурхайн үйл ажиллагаанд оруулсан гэж зааж өгсөн. Одоо та нар мөнгө оруулаагүй, бусдыг хуураа биз дээ гэж мэтгэлцэж байхын оронд шүүхийн шийдвэр гараагүй байхад хэдүүлээ энэ дээр маргалдалгүй цааш нь байгаа үнэт зүйлээ аваад явъя. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ зүйлээ л ярьдаг. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлыг оруулж шийдээгүй болохоор гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, эрх нь байсан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй. 65.1.5 дахь хэсэгт заасан энэ ажиллагаа хийгдээгүй. Шүүхэд хандахаас өмнө хувьцаа эзэмшигчдийн хурлаар орж хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргаж ТУЗ-ийн шийдвэрлэх асуудал биш. Ингэж ярилцах ёстой. Татгалзлын үндэслэлээ 38.1-д зааснаар нотлох эрхтэй. “Нитросибир азиа” ХХК нэхэмжлэгч талын эрх зүйн байдал тодорхойгүй байгаа. ТУЗ-ийн дарга хэн болох нь тодорхойгүй. ТУЗ нь шийдвэр гаргах эсвэл хувьцаа эзэмшигчид нь шийдвэр гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тодорхойлж өгдөг. Компанийн тухай хуулийн 86.1, 86.2 дах хэсэгт заагдсан энэ заалтын хүрээнд. Мөн тухайн “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хувьцааны талаарх асуудлыг ярих ёстой байсан. Мөн Иргэний хуулийн 549-д заасан энэ ажиллагаа зөрчигдсөн. Үүнийг гэрээний хавсралтаар хүчингүй болгочихдоггүй. Өөрсдийнх нь тайлбарлаж байгаагаар үндсэн гэрээг гэрээний хавсралтаар хүчингүй болгож болдог гэж ярьж байгаа. Энэ үндсэн гэрээг хоёр дахь хэсэгт тодорхой зааж өгсөн бөгөөд тухайн гэрээнд оролцогч энэ гэрээнд оролцоход маргаан үүсвэл энэ гэрээний хувьцаа болон бусад хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөх юм бол Хонг Конг улсын олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ. Арбитрын шүүх нь 2 шүүгчтэй байна. Хурлыг тухайн улсын хэлээр сонгон явуулна. Тухайн улсын хууль, дүрэм журмыг баримтална гэж нарийвчлан зааж өгсөн. Тэгтэл “Хайрхан толгой коал” ХХК-ийн энэ гэрээг “Хайрхан толгой” ХХК гэх хаана ч байхгүй. Монгол улсын бүртгэлд байхгүй ийм компани гэрээний хавсралтаар 6 дахь хэсэгт зааснаар зохицуулна гэсэн гэж өөрсдөө ярьж байгаа. Гэтэл Иргэний хуулийн 549.1-д тодорхой зааж өгсөн. Тухайн гэрээний дагуу маргалдагч улс оронг тодорхойлон зааж өгсөн бол тухайн улс орны хуулиар болон тухайн улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан. Хэрэв тухайн улс орон зааж өгөөгүй бол яахав тухайн үйл ажиллагаа явуулж байгаа улс орны шүүхээр шийдвэрлэнэ гэж 549.2 дах хэсэгт заасан. Гэтэл өнөөдөр Компанийн тухай хуулийн 6-р зүйлд хараат компани, охин компани болон толгой компанийн хувьцааг өөрт шилжүүлэх талаар маргалдахгүй гэж тодорхой зааж өгсөн. Яагаад гэвэл хараат компани нь 50-иас доош хэмжээний хувьцааг эзэмшиж байгаа. Энэ нь өөрөө тусдаа бие даасан тайлан, баланс гаргадаг компанийг хэлнэ. Гэтэл охин компанийн хувьцааг булааж авбал толгой компани нь тайлан, баланс болон бусад гэрээний зүйлд заасан зүйл шууд зөрчигдөнө. Аюултай хууль зүйн сөрөг үр дагавар үүсч байгаа. Энэ хууль зүйн сөрөг үр дагаврыг яаж арилгах юм бэ. Гэтэл маргалдаж түрүүн хэлэхдээ энэ гэрээний 4, 5 дах зүйлд бид нар маргаж байгаа юм. 1 дэх зүйлд заасан зүйл хамааралгүй. 193,000,000 юань хамаагүй. Эд нар тэмдэгтийн хураамж төлөхдөө 193,000,000 юанын хэмжээгээр төлнө гэсэн. Гэтэл бид нарын маргааны зүйл нь “Хайрхан толгой” ХХК-ийн гэрээ. Тийм учраас “Хайрхан толгой” ХХК гэх улсын бүртгэлд бүртгүүлээгүй мөн тухайн уул уурхайн үйл ажиллагаа үүсэн бий болоогүй байхад энэ эрх зүйн орчин үүсээгүй байхад хийгдсэн энэ гэрээг хүчингүй болгож өгнө үү. Гэрээнд оролцоогүй байгаа компанийн эзэмшилд байгаа лицензэд маргаж байгаа гэдгийг шүүгч анхааралдаа авч өгнө үү. Учир нь гэрээнд оролцоогүй “Хайрхан толгой коал” ХХК-ийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрөлд мөнгө оруулсангүй гэж маргаж байгаа. Энэ нь “Нитросибир азиа” ХХК-д ямар хамаатай юм бэ. Тийм учраас хуульд заасны дагуу 597 болон компанийн тухай хуулийн 6 мөн бусад 82, 55, 3.2-т зааснаар шийдвэрлэж өгнө үү. Мөн “Нитросибир азиа” ХХК-ийн ТУЗ-д байх н.Раднаабазар гэх этгээд нь төрийн албанд орсон бөгөөд үүгээрээ тухайн компанийн Авилгалан эсрэг хууль болон Ашиг сонирхлын эсрэг хуулийн 8.1-д зааснаар өөрийн хувь эзэмшилд байх компанийн хувьцаа эзэмшигчээр татгалзах үүрэг нь байгаа. Бид нар ч гэсэн энэ талаар баримт гаргаж өгсөн. Энэ үүргээс татгалзсан баримт болон төлөөлөх эрхтэй эсэх талаар баримт байгаа. Хавтас хэрэгт нэг болохоор ТУЗ-ийн дарга нь н.Амарсайхан байна гэсэн байдаг нэг болохоор н.Мөнгөнцоож байна нэг болохоор С.Ганбат би байна гэж байдаг боловч н.Рагчаабазар нь ТУЗ-д хэвээрээ байгаа юм шиг байдаг. Энэ мэт маш олон асуудал байгаа гэжээ.

 

Хариуцагч “Бүтээгч энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны үндэслэл, нэхэмжлэлийн үндэслэл нь нэг талаас яривал хөрөнгө оруулалт хийгээгүй. Уурхайн үйл ажиллагаа хэвийн явуулаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэл гарсан. Ийм учир 51 хувийг авна гэсэн шаардлага гаргасан. Нотлох баримтыг нилээн сайн хийж өгсөн. Харин өнөөдөр хэрэг шийдвэрлэхэд чухал баримтыг авахуулах асуудлыг шүүх зөвшөөрсөнгүй. Энэ нь ямар учиртай вэ гэхээр уул уурхайн ажил тэр тусмаа хөрөнгө оруулалтын ажил нь шууд бүтдэг ажил биш. 6 сар жил байтугай 60 жил хийгддэг ажил байна. Тэгэхэд бид нарыг хэтэрхий шахамдуулсан. Гэтэл бид нар богино хугацаа гэлгүйгээр энэ “Бүтээгч энержи” ХХК нь ямар үйл ажиллагаа явуулж, ямар ажил хийсэн гэдгийг хавтас хэргээс харж болно. Тухайлбал энэ уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ, бүх холбогдох уул уурхайн ажил явуулахад шаардагдах бүхий л баримт бичгүүдийг 2017 оны 02 сарын сүүлээр авч дууссан. Гэтэл энэ хувьцааг эзэмшигчдийн гэрээ буюу хамтарсан компанийн гэрээгээр 2015 оны 10 сарын 22-нд байгуулагдсан 2016 оны 04 сард 6 сарын хугацаа нь дуусч байгаа. Гэтэл эрх бүхий байгууллагын баримт бичгүүд, зөвшөөрлүүд гарч ирээгүй байхад ямар хөрөнгө оруулалт, ямар үйл ажиллагаа явах уу. Яг энд их яривал нэхэмжлэгч тал дотоодын бичиг баримтын асуудлыг хариуцаж байсан. Хөрөнгө оруулалтын асуудал, хөрөнгө босгох мөнгө олох асуудлыг 51 хувийг барьсан байгууллага хариуцах заалт байгаа. Саяхан уурхайн хөрс суулгалтын ажиллагааг эхлэх гэж байхад хилийн хориг тавьж нөгөө хэрэг дээр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх арга хэмжээ авч гацаасан. Хариуцагч талаас хохирол нэхэмжилсэн. Энэ чухал баримт авагдаагүй гэдгийг дахин дахин хэлмээр байгаа. Гэхдээ энэ хэрэгт хангалттай баримт байгаа. Бид шилжүүлэг, гуйвуулгын баримтуудыг шаардлага хангасан байдлаар оруулсан. “Бүтээгч энержи” ХХК, “Хайрхан толгой коал” ХХК гэх байгууллагуудын “Хайрхан толгой коал” ХХК нь толгой компани. Энэ компанийн хооронд хөрөнгө оруулсан нийт хөрөнгө нь нийт 306,741,840 төгрөг байна. Юаниар 50,000 юанийн хөрөнгө оруулсан байна. 2016 оны 02 сарын 21-ний өдөр гэж огноотойгоо байна. Ам.доллараар 313,100 ам.долларын хөрөнгө оруулсан байна. “Бүтээгч энержи” ХХК нь ашигт малтмалын хайгуулын лицензийн төлбөрт 571,112,033 төгрөгийг оруулсан байна. Цалин гэхэд 19,841,652 төгрөг оруулсан байна. Хөрөнгө оруулалтын бараа материал, үйл ажиллагаатай холбоотойгоор болон хамгаалалтын хөлс нийлээд 259,837,760 төгрөгийг оруулсан байна. “Бүтээгч энержи” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө, офиссын барилгын захиалга гэж явж байсан ч сүүлдээ хөрөнгө оруулалтруу оруулахаас өөр аргагүй болж үл хөдлөх эд хөрөнгөө олж авч чадахаа байсан бөгөөд энэ төлбөрт нийт юаниар 25,150,000 юанийг оруулсан. Ам.доллараар 2,500,000 ам.доллар оруулж хөрөнгө оруулсан. Уурхайн ордны бичиг баримтын бүрдэл, боловсруулалттай холбоотой гэрээний төлбөрт нийт 90,000,000 төгрөгийг зарцуулсан байна. Өөрсдийн үл хөдлөх хөрөнгөгүй болсон учир Зайсан скурь офиссын байр түрээсэлж байсан. Энэ түрээсийн төлбөрт 35,529,600 төгрөгийг оруулсан байна. Нийт 13,806,502,855 төгрөгийн хөрөнгийг зарцуулсан. Тухайн үеийн ханшаар. Бид анх гэрээний хавсралт гэж байгаа гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотолно. Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотолно. Бид энэ гэрээний хувьд лавлагаа авах гэхээр итгэмжлэл шаардаад эсвэл өмгөөлөгч нар өгөхөө байсан гэсэн зүйл ярьж байсан бөгөөд нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй байсан. Хавсралт гэрээний 4, 5-р зүйлд 10,000,000 ам.доллар, 51 хувийг үл маргах журмаар авах гэсэн заалт байсан. Нэхэмжлэгч тал заль хэрэглэж байна нэхэмжлэлийн шаардлагаа хөрөнгө оруулаагүй гэж ярьж байгаад сая шүүх хуралдаан эхлээд явмагц 10,000,000 ам.доллараа төлөөгүй гэж ярьж байна. Г.Батбаяр өмгөөлөгч өмнөх шүүх хуралдаан дээр ярьсан. Энэ тэмдэгтийн хураамж дутуу байна. Цаанаа асар их мөнгөн дүн яригдаж байгаа энэ талаар маргана шүү гэж хэлж байсан. Гэтэл яг сая нэхэмжлэгч талын амнаас гарч байна. 10,000,000 ам.доллараа 6 сарын хугацаанд өгөөгүй учраас 51 хувийн хувьцааг авах гэрээний заалт байна гэж ярьж байна. Үүнийг шүүх анхааралдаа авна уу гэж хүсч байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа судалж байгаад өөрчилсөн гэжээ.

  

Хариуцагч “Бүтээгч энержи” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. 2015 оны 10 сарын 07-ны өдөр манай компани Монгол Улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Үүнээс хойш 20 хоногийн дараа буюу 2015 оны 10 сарын 22-ны өдөр “Нитросибир азиа” ХХК-тай хамтран “Хайрхан толгой коал” ХХК-ийг үүсгэн байгуулж түүний 51 хувийг эзэмших болсон. Ингээд “Берун майнинг” ХХК болон “Зэлэм” ХХК-ний эзэмшилд байсан 005261 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл болон тусгай зөвшөөрөл батлагдан гарч ирж байсан 42 сая тонн нүүрсний нөөц бүхий 020511 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газруудыг тэдний хайгуулын ажлын зардалд гаргасан мөнгөөр худалдан авахаар тохиролцож, санхүүгийн тайландаа тусган шилжүүлэн авсны дараа уул уурхайн ажил эхэлмэгц нэн тэргүүнд төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ хэлэлцэн тохиролцсон зүйлээ хоёр талын маргаж байгаа 2015 оны 10 сарын 22-ний өдөр байгуулсан гэх маргаан бүхий “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт баталгаажуулалт”-ын гэрээний 1 дэх хэсэгт тусгаснаар энэхүү хэлцэл баталгаажсан. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээний заалтаар хариуцагч тал болон манай тал “Берун майнинг” ХХК, “Зэлэм” ХХК-ний зарцуулсан хөрөнгө болох 193,715,403.73 юаныг буцаан төлөхөөр санхүүгийн тайландаа тусгасан. Мөн “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний 1 хавсралтын Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт” гэсэн гэрээний 1, 2 дахь хэсгийн заалтуудаар бусдад төлөх 193,715,403.73 юаны эргэн төлөлт болон төлөх хугацааг нарийвчлан зааж өгсөн. Мөн гэрээний 3 дахь хэсэгт манай компаний гаргасан зардлыг ч “Нитросибир азиа” ХХК төлөхөөр зааж өгсөн байгаа. Ингэснээр гуравдагч этгээдийн өмнө үүрэг хүлээсэн учир дан ганц “Нитросибир азиа” ХХК-ийн хүсэл зоригоор буюу нэг талын санаачлагаар энэхүү гэрээг цуцлах боломжгүй болсон. Учир нь энэхүү маргаан бүхий гэрээнд “Бүтээгч энержи” ХХК болон “Зэлэм” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхол болох их хэмжээний хөрөнгө мөнгө тусгагдан, эргэн төлөгдөх болзолтойгоор заагдсан байна. Энэхүү мөнгийг маргалдагч хоёр тал “Берун майнинг” ХХК болон “Зэлэм” ХХК-д төлж чадаагүй тохиолдолд дээрх хайгуулын болон ашиглалтын тусгай хоёр зөвшөөрлийг буцаан шилжүүлэх үүрэг үүснэ. Эрх зүйн сөрөг үр дагаварт хүргэхгүйн тулд компаний үйл ажиллагаанд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаагүй “Нитросибир азиа” ХХК-ийн хууль бус хүсэл сонирхлыг хангасан, бусдын хувьцааг булаан авах гэсэн агуулга бүхий заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Иймд “Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын баталгаажуулалт' гэрээний 4, 5 дахь хэсгийн заалтуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Бүтээгч энержи” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Үүнд: 2015 оны 10 сарын 22-ны өдөр байгуулагдсан гэх Хамтран ажиллах, Хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын, мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалтын гэх хавсралтуудыг “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний нэмэлт гэрээнүүд гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна. Учир нь уг гэрээний толгой хэсэгт ямар гэрээний хавсралт болохыг нь зааж өгсөн байх ба тэр “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэж тодорхойлсон байна. Иймээс энэ хавсралтуудыг өөр аж ахуйн нэгж байгууллагын өөр гэрээний хавсралт гэрээ байна гэж үзэж байна. “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг хэрхэн яаж оруулах талаар талууд уг гэрээний 19.1 дэх хэсэгт харилцан тохиролцсон байх бөгөөд уг зүйлд “Энэхүү гэрээний оролцогч тал нь гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд эдгээр нэмэлт өөрчлөлтүүд нь гэрээний салшгүй хэсэг болно” гэж заасан ба “хавсралт” нэрээр уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар талууд тохиролцоогүй байгаас үзвэл гэрээний 19.1 дэх заалтын дагуу уг гэрээнд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтүүд нь "нэмэлт өөрчлөлт”-ийн гэрээ нэртэй байхаар харилцан зөвшилцсөн гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна. Иймээс “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх нэр бүхий хавсралтуудыг “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний салшгүй хэсэг гэж үзэх боломжгүй юм. “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын 5 дахь заалтад “...уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулаагүй, эсхүл хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд 49 хувийн хувьцаа эзэмшигч “Нитросибир азиа” ХХК-д 51 хувиа үл маргах журмаар шууд шилжүүлэн, хамтарсан компанийн үйл ажиллагааг дуусгавар болгоно” гэж заажээ. “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх нэр бүхий хавсралтуудыг “Бүтээгч энержи” ХХК болон “Нитросибир азиа” ХХК-ийн захирлууд баталсан байдаг. Эдгээр хавсралтуудыг “Хайрхан толгой коал ХХК”-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний салшгүй хэсэг мөн юм гэж үзэх юм бол “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын 5 дахь заалтаар “...51 хувийн хувьцаа нь “Нитросибир азиа” ХХК-д үл маргах журмаар шууд шилжихээр, Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалтын 1 дэх заалтаар 193,715,403.73 юань “Берун майнинг” ХХК болон “Зэлэм” ХХК-д шилжихээр заасан байгаа юм. 2015 оны 10 сарын 22-ны өдөр байгуулагдсан гэх гэрээгээр тохиролцсон “Хайрхан толгой” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг бусдад шилжүүлэх, 193,715,403.73 юанийг “Берун майнинг” ХХК болон “Зэлэм” ХХК-д шилжүүлэх тухай хэлцэл бол 2015 оны 10 сарын 26-ны өдөр байгуулагдсан “Хайрхан толгой” ХХК-ийн хувьд Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1 дэх хэсэгт “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй” гэж зааснаар Их хэмжээний хэлцэлд хамаарч байна. Энэ тохиолдолд Компанийн тухай хуулийн 76.1.16-д зааснаар хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрлийг төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ олгосон байх учиртай. Гэтэл дээр дурдсан Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх нэр бүхий хавсралтуудыг “Бүтээгч энержи” ХХК болон “Нитросибир азиа” ХХК-ийн захирлууд нь “Хайрхан толгой коал” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс олгосон шийдвэргүйгээр, төлөөлөн удирдах зөвлөлийн ашиг сонирхлын зөрчилгүй гишүүдэд мэдэгдэлгүйгээр, нууцаар баталсан зэрэг үндэслэлүүд байх тул Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн хөрөнгө оруулалт, Зардлын баталгаажуулалт гэх нэр бүхий хавсралтуудыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

  

Хариуцагч “Бүтээгч энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хавсралт гэрээний 4, 5 дах заалтыг хүчингүй болгох шаардлага гаргасан. Судалж байгаад хавсралт гэрээ гэж байгаа нь гэрээ биш гэж хууль үүднээс дүгнэсэн. 2015 оны 10 сарын 22-ны өдөр байгуулсан “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ гэсэн баримт бичиг байгаа. Энэ баримт бичгийн хавсралт, нэмэлт өөрчлөлт маягаар сүүлд байгуулсан юм байна лээ. Энэ гэрээг судалж үзээд гэрээ биш болсон бөгөөд “Хайрхан толгой” ХХК гэж хувьцаа эзэмшигчдийн гэрээний толгой хэсэгт нь байсан. “Хайрхан толгой” ХХК гэж компани байхгүй. Энэ гэрээ нь “Хайрхан толгой коал” ХХК гэж заасан. Бие даасан өөр аж ахуйн нэгжийн хавсралт, гэрээ юм байна гэж ойлгогдож байгаа. Хавсралтаар гэрээ байгуулдаггүй. Тушаал гаргадаг. Гэрээг нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр өөрчилдөг. Хэрэв энэ гэрээний хавсралт нь бие даасан гэрээ байна гэж үзвэл энэ өөр аж ахуйн нэгжийн гэрээ. “Хайрхан толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа талууд “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний 19.1-д зааснаар тохиролцсон. Энэхүү гэрээний талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд эдгээр нэмэлт өөрчлөлтүүд нь гэрээний салшгүй хэсэг болно гэж гэрээнд заасан боловч хавсралтаар оруулна гэж заагаагүй. “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хавсралтаар оруулна гэж заасан. Хэрэв ингэж заасан бол энэ хоёр хавсралтыг хоёуланг нь салшгүй хэсэг гэж үзэж болно. Тийм учраас салшгүй хэсэг байна гэж үзэх бололцоогүй болж байгаа. Мөн хамтран ажиллах хөрөнгө оруулалт баталгаажуулалтын гэрээний 5 дахь заалтад 51 хувийг үл маргаж журмаар авна гэсэн. Зардлын баталгаажуулалтын гэрээ байгаа бөгөөд тэр гэрээнд 193,000,000 юанийг буцаан төлнө гэсэн гэрээний заалт байгаа. Гэтэл энэ нь ямар хэмжээний хэлцэл хийсэн ямар гэрээ вэ гэж бодоход их хэмжээний хэлцэл мөн үү, биш үү гэх асуудал гарч ирнэ. Гэтэл энэ “Хайрхан толгой коал” ХХК гэх компани нь 2015 оны 10 сарын 22-ны өдөр байгуулахдаа улсын бүртгэлд 26-нд бүртгүүлсэн. 10,000,000 төгрөгийн өрийн  хувьцаатай гэсэн. Гэтэл үүний 25 дээш хувийг нь худалдах, худалдан авах, шилжүүлэх, захиран зарцуулах ийм холбогдолтой гэрээ хийж гэж байгаа бол 25 хувь нь 2,500,000 төгрөг болно. Гэтэл 51 хувь нь 5,100,000 төгрөг болж байгаа. Дээрээс нь 193,000,0000 юань гэж байгаа бол хавсралт нь өөрөө их хэмжээний хэлцэл болж Компанийн тухай хуулийн 87.1.1-д зааснаар их хэмжээний хэлцэл мөн болж таарч байгаа хууль зүйн дагуу. Гэтэл их хэмжээний хэлцлийг яаж хийх вэ талаар хуулийн заалт байгаа. Үндсэн гэрээгээр ч тохирч Монгол улсын хууль тогтоомжийг ягштал мөрдөнө гэсэн. Яг энэ тохиолдолд Компанийн тухай хуулийн 76.1.16-д зааснаар их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрлийг ТУЗ олгосон байх ёстой. Гэтэл энэ гэрээг ч бай, хоёр хавсралт гэрээг ч бай Мандуулай гэж “Бүтээгч энержи” ХХК-ийн захирал, “Нитросибир азиа” ХХК-ийн захирал С.Ганбат гэж хоёр хүн хийсэн. Тэгтэл ТУЗ-ийн зөвшөөрөл хаана байна. Хэрэгт байхгүй байна. Энэ зөвшөөрөлгүйгээр их хэмжээний хэлцэл хийхгүй. Ийм учраас ТУЗ-ийн шийдвэрийн зөвшөөрөлгүй нууцаар сэм тохиролцож хоорондоо тохиролцож хийсэн хэлцэл. “Бүтээгч энержи” ХХК, “Нитросибир азиа” ХХК-ийн захирлуудын хийсэн тохиролцоо нь заавал биелүүлэх хэм хэмжээний заалтыг зөрчиж хийгдэж байгаа. Компанийн тухай хуулийг зөрчсөн. Ингэж хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.1-д хууль зөрчиж хийсэн хэлцэл бүр анхнаасаа. Энэ болж байна уу үгүй юу гэдгээс шалтгаалаад хүчин төгөлдөр эсэх нь яригдана. Иргэний хуулийн дагуу. Яг энэ хэлцлийг хийж байхад Компанийн тухай хууль үйлчилж байсан. 2015 онд шинэчлэгдсэн ч яг энэ заалт нь өөрчлөгдсөн зүйл байхгүй яг энэ чигээрээ байгаа. Шалгаж үзсэн. Хавсралт нь “Хайрхан толгой” ХХК ч бай хөрөнгө оруулалт баталгаажуулалтын гэрээний хавсралт нь гэрээ биш, салшгүй хэсэг биш учир түрүүн ярьдаг үндсэн гэрээний дагуу энэ маргааныг Монгол улсын хуулиар шийдэхгүй, Монгол улсын шүүхээр шийдэхгүй. Энэ бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн дагуу шийдэгдэх маргаан. Гэрээний маргаан биш бусад маргааныг Хонг Конгод шийдвэрлэнэ гэж заасан. Шүүхэд Хамтран ажиллах, Хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын, мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалтын гэх хоёр гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалтын гэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагаас татгалзаж байна. Иймд талуудын 2015 оны 10 сарын 22-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт” гэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК нь хариуцагч “Бүтээгч энержи” ХХК-д холбогдуулан “Нитросибир азиа” ХХК нь “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгож, Улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт”-ын болон “Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт”-ын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт” гэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох хэсгээс татгалзжээ.

 

Шүүх нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Бүтээгч энержи” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үүнд:

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх агуулга бүхий шаардлага гаргасан бол хариуцагч талуудын байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг шаардлага гаргасан тул шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас өмнө сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

 “Нитросибир азиа” ХХК нь “Бүтээгч энержм” ХХК-тай 2015 оны 10 сарын 22-ны өдөр “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт”-ын болон “Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт” гэх гэрээг тус тус байгуулж, гэрээнд хамтран байгуулсан “Хайрхан толгой коал” ХХК-ийн 49 хувийг нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК, 51 хувийг хариуцагч “Бүтгээгч энержи” ХХК эзэмшиж, тус компанийн нэр дээр 5261-х тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглахтай холбоотой гарах хөрөнгө оруулалтыг 51 хувийн хувьцаа эзэмшигч “Бүтээгч энержи” ХХК бүрэн хариуцах, тусгай зөвшөөрлийг буцаан сэргээн авахад 49 хувийн хувьцаа эзэмшигч “Нитросибир азиа” ХХК нь тодорхой хэмжээний зардал гаргасан тул “Бүтээгч энержи” ХХК нь гэрээнд заасан хугацаанд хөрөнгө оруулалт хийж, бүтэц зохион байгуулалт зураг төслийн дагуу олон улсын стандартад нийцсэн уул уурхайг бүтээн байгуулах, боловсон хүчнээр хоёр тал баг бүрдүүлэн ажиллахаар харилцан тохиролцсон байна.

 

 Талууд хамтран ажиллахаар харилцан тохиролцож 2015 оны 10 сарын 22-ны өдөр “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт”-ын болон “Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт” гэх гэрээг тус тус байгуулсан талаар мараагүй. Талуудын байгуулсан гэрээ, түүний агуулгаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

           

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж заасан байх бөгөөд талууд 2015 оны 10 сарын 22-ны өдөр “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт”-ын гэрээ байгуулж хамтын үйл ажиллагаанд оролцох эрх үүргийг тодорхойлж тохиролцоон байна.

           

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-т “Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараахь зүйлийг тусгана”, мөн 476.3.8-д “гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам” заана гэжээ.

 

Талууд хамтран ажиллахаар “Хайрхан толгой коал” ХХК-ийг байгуулж, “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт” гэх гэрээний 1, 2, 3 дахь заалтаар талуудын оруулсан хөрөнгө, хамтын удирдлага, үйл ажиллагааны талаар тодорхойлсон бол 4-т “51 хувийн хувьцаа эзэмшигч “Бүтээгч энержи" ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор 10 сая америк доллараас доошгүй хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр харилцан тохиролцов” гэж, 5-д “Хэрэв 51 хувийн хувьцаа эзэмшигч “Бутээгч энержи" ХХК нь энэхүү баталгаанд заасны дагуу уурхайн хайгуулын болон аашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулаагүй, эсхүл хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд 49 хувийн хувьцааг эзэмшигч “Нитросибир азиа" ХХК-д 51 хувиа үл маргах журмаар шууд шилжүүлэн хамтарсан компанийн үйл ажиллагааг дуусгавар болгоно” гэж тусгасан нь гэрээнд хүлээх үүрэг, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хувиарлах журмыг тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Хариуцагч уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Хэлцэл хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээ Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.1-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол гэрээний нэг тал нь ирээдүйд бий болох өөрийн бүх эд хөрөнгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна”, Компанийн тухай хуулийн 76 дураар зүйлийн 76.1, 76.1.16-д заасан их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлажээ.

 

Хавтаст хэргийн 6-7, 32-40 дүгээр талд байх “Нийторсибир азиа” ХХК, “Бүтээгч энержи” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэмд компанийн хувьцаа эзэмшигч 1 гэж бүртгэгдсан байна. Харин хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүн, төлөөлөн удирдах зөвлөлийн талаар баримт хэрэгт авагдаагүй.

 

Иргэний хуулийн хуулийн 190 дүгээр зүйлийн 190.1-т заасан зохицуулалт тус гэрээний маргаанд хамаарахгүй, түүнчлэн компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх байдал буюу Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйл, 87 дураа зүйлийн 87.1.1-д заасан их хэмжээний хэлцлийг эрхгүй этгээд хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.  

 

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан тул гэрээг дуусгавар болгох нөхцөл журмыг тодорхойлсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан “Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт”-ын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...манай тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, ...13,806,502,855 төгрөгийн хөрөнгийг зарцуулсан, ... хөрөнгө оруулалт оруулах нөхцөлийг нэхэмжлэгч тал бүрдүүлээгүй, маргааныг “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу Хонг Конгод шийдвэрлэнэ” гэж тайлбарлаж маргажээ.

 

            Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3.8-д заасны дагуу хариуцагч “Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт”-ын гэрээний 4, 5-д заасан үүргээ гүйцэтгээгүй бол нэхэмжлэгч гэрээг дуусгавар болгох, 51 хувийн хувьцааг шилжүүлэхийг шаардах эрхтэй.

 

Ашигт малтмалын ХҮ-005661 дугаартай тусгай зөвшөөрөл 2016 оны 03 сарын 03-ны өдөр “Хайрхан толгой коал” ХХК-д шилжсэн /хх-ийн 140 дүгээр тал/ боловч “Бүтээгч энержи" ХХК нь 6 сарын дотор буюу 2016 оны 09 сарын 03-ны дотор 10,000,000 ам.доллараас доошгүй хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдал хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдохгүй байна.

 

Түүнчлэн талууд “Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт”-ын гэрээний 6-д “Энэхүү хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтад заасан хөрөнгө орлуулалт хувьцаа шилжүүлэхтэй холбоотой асуудлаар марган гарвал Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлэх ба энэхүү асуудалдаа хувьцаа эзэмшигчдийн гэрээний 13 дугаар зүйлийн 2 дахь заалт хамаарахгүй болохыг талууд харилцан хүлээн зөвшөөрөх” гэж заасан байх тул Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1-д заасны дагуу Монгол улсын хуулиар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хариуцагчийн оршин байгаа газрын шүүхэд хэрэг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 07 сарын 29-ний өдрийн 16/20, 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 16/21, 2016 оны 08 сарын 26-ны өдрийн 16/22 дугаар албан бичгээр “Берун групп”-д хөрөнгө оруулахыг, 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 16/24, 2017 оны 04 сарын 05-ны өдрийн 1/07 дугаар албан бичгээр хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд гэрээ дуусгавар болохыг мэдэгдсэн байна.

 

Иймд “Нитросибир азиа” ХХК нь “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

“Нитросибир азиа” ХХК нь “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч тул Улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 476 дугаар зүйлийн 476.1-т заасны дагуу нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК нь “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож, “Нитросибир азиа” ХХК-ийг “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллага /Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар/-д даалгасугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2015 оны 10 сарын 22-ны өдөр “Нитросибир азиа” ХХК болон “Бүтээгч энержи” ХХК-ийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт”-ын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу хариуцагч “Бүтээгч энержи” ХХК нь нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК-д холбогдуулан гаргасан 2015 оны 10 сарын 22-ны өдөр “Нитросибир азиа” ХХК болон “бүтээгч энержи” ХХК-ийн хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт”-ын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,750 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Бүтээгч энержи” ХХК-иас 166,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК-д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР