Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2099

 “Нитросибир азиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/01986 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК-ийн, хариуцагч “Бүтээгч энержи” ХХК-д холбогдуулан гаргасан “Нитросибир азиа” ХХК нь “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгон улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч компанийн, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хамтран ажиллах,  хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч талаас гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан, Ц.Монгол, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

            Нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК-ийн төлөөлөгч С.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Бүтээгч энержи” ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцож, хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Хайрхан толгой коал” хамтарсан компанийг үүсгэн байгуулж, тус компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Бид мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй олон улсын стандартад нийцсэн уурхайг бүтээн байгуулах зорилго тавьж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Хайрхан толгой коал” хамтарсан компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний 8.9-д “Бүтээгч энержи" ХХК нь хөрөнгө оруулалт, зээл авах, хөрөнгө босгох зэрэг хэлбэрээр хамтарсан компанийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийг хариуцна” гэж заасан. Мөн түүнчлэн гэрээний хавсралт болох Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээний 4-т “51 хувийн хувьцаа эзэмшигч “Бүтээгч энержи" ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор 10 000 000 ам.доллараас доошгүй хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр, 5-д “хэрэв 51 хувийн хувьцаа эзэмшигч “Бүтээгч энержи" ХХК нь энэхүү баталгаанд заасны дагуу уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулаагүй, эсхүл хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд хамтарсан компанийн 49 хувийн хувьцааг эзэмшигч болох манай “Нитросибир азиа" ХХК-д өөрийн эзэмшлийн 51 хувийн хувьцаагаа үл маргах журмаар шууд шилжүүлэн, хамтарсан компанийн үйл ажиллагааг дуусгавар болгохоор” тус тус заасан боловч өнөөдрийг хүртэл хариуцагч үүргээ биелүүлээгүй.

            Манай компани хамтарсан компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс “Бүтээгч энержи" ХХК-д хандан гэрээний үүргээ биелүүлж, тохиролцсон хугацаандаа хөрөнгө оруулалтаа хийхийг шаардаж, олон удаа уулзалт зохион байгуулж, албан бичгээр саналаа хүргүүлсэн. “Бүтээгч энержи" ХХК нь дээрх гэрээ болон гэрээний хавсралтад тусгагдсан үүргээ удаан хугацаанд биелүүлээгүй, цаашид хөрөнгө оруулж хамтран ажиллах эсэх нь тодорхойгүй байснаас үүдэн хамтарсан компанийн үйл ажиллагаа доголдож, хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн. Иймд “Нитросибир азиа” ХХК-ийг “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Бүтээгч энержи” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 10 дугаар сард “Хайрхан толгой коал” ХХК-ийг үүсгэн байгуулж, манай компани 51 хувийг эзэмшин, нэхэмжлэгч талтай хамтран уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болсон. “Хайрхан толгой” ХХК нь “Берун майнинг” ХХК-ийн хувьцааг 5 500 000 ам.доллараар худалдан авч, түүний эзэмшилд байсан 5261Х хайгуулын тусгай зөвшөөрөл, мөн ашиглалтын зөвшөөрөл нь гарахад бэлэн болсон 511А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулахаар болсон. Ингэхдээ “Берун майнинг” ХХК-ийн хувьцааг худалдан авах гол нөхцөл нь худалдагч тал нь “Хайрхан толгой коал” компанид итгэн өөрсдийн эзэмшилд байгаа 5261Х тоот хайгуулын зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө ба 511А тусгай зөвшөөрлийг авахад зориулсан 194 000 000 юань буюу 50 орчим тэрбум төгрөгийг “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдох хувьцааны хэмжээгээр хуваан төлж чадна гэсэн учраас хувьцаагаа худалдах зөвшөөрлийг олгосон. “Берунмайнинг” ХХК "...хэрэв “Бүтээгч энержи” ХХК нь манай хувьцааг эзэмшихээ болих буюу хувьцаа эзэмшигч нарын хооронд хувьцааны талаар маргаан үүсгэсэн нь баримтаар тогтоогдсон тохиолдолд өөрийн эзэмшилд байх ёстой 5261Х, 511А тоот тусгай зөвшөөрлүүдээ буцаан шилжүүлэхээр шаардвал үл маргах журмаар шилжүүлнэ” гэх нөхцлийг дурдсан гэрээг байгуулсан. 193 715 000 юанийг хувьцаа эзэмшигч “Берунмайнинг”, “Зэлэм” ХХК нарын хуучин хувьцаа эзэмшигч нарт хамтран төлөх тухай Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт баталгаажуулалтын гэрээний 1, “Хайрхан толгой коал” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээний 8.10, 8.11-д зааснаар баталгаажсан. Талууд бусдад төлөх ёстой төлбөрөө төлөөгүй атлаа хувьцаагаа хоорондоо булаацалдах нь “Берун майнинг” ХХК-ийг хохироох нөхцлийг бүрдүүлж байна.

            “Берунмайнинг” ХХК-ийн хуучин хувьцаа эзэмшигч нь тэдний компанийг худалдан авсан хувьцааны үнийг буюу 5 500 000 ам.долларыг хүлээн 8 сар болсон боловч нэхэмжлэгч талын гэрээ, хэлцэлд заагаагүй шаардлага, хүсэл зоригоос шалтгаалан энэхүү мөнгийг тухайн этгээдэд өгч чадаагүй өнөөдрийн байдлаар өртэй байна. Учир нь нэхэмжлэгч хөрөнгө оруулалтын төсөлд саналаа өгөх, уул уурхай ажиллах таатай эрх зүйн орчныг бүрдүүлэхийн оронд “Берунмайнинг” ХХК-ийн ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрсдийн компанид шилжүүлэн авсан өдрөөс хойш нэг сарын дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өөрсдөдөө ногдох хувьцаагаа бусдад худалдах талаар ярьж, хувьцааг бусдад худалдах, эрх олгохыг шаардсан. Үүний дагуу тэр зөвшөөрлийг олгосон бөгөөд шинэ хувьцаа эзэмшигч бий болохыг хүлээж байсан.

            Гэтэл 2016 оны 7 сараас эхлэн бусдад хувьцаагаа худалдаж чадахгүй байгаа нь “Бүтээгч энержи” ХХК-иас болсон тул өөрсдийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг худалдан авахыг тулган шаардаж эхэлсэн. Мөн Хонгконгийн банкнаас авсан өөрсдийнхөө зээлийн хүү 1 500 000 ам.долларыг 2016 оны 8 сараас эхлэн сар бүр төлөхийг шаардсан. Бид 2016 оны 10 сард хувьцааг худалдан авах гэсэн боловч “Нитросибир азиа” ХХК нь маш өндөр үнийг хэлсэн учраас бид тохиролцож чадаагүй, учир нь бидэнд уул уурхайг эхлүүлэх болон “Берунмайнинг” ХХК-д төлбөр төлөх үүрэг гэрээнд тусгагдсан байсан.

            2016 оны 11 сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, мөн бидний хувьцааг ямар нэгэн төлбөргүйгээр өөрсдийн мэдэлд шилжүүлэхийг шаардсан. Ингээд олон таагүй уур амьсгал бүрдсэн үед хөрөнгө оруулалт хийх ямар ч боломжгүй болсон. Уул уурхайд хөрөнгө оруулалт хийхийн тулд эрх зүйн бүх бичиг баримтуудын бүрдүүлбэр бүрэн байж, ажиллах нөхцөлийн хууль зүйн орчин бий болох шаардлагатай байсан ба техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчин менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө зэрэг бүх шаардлагатай бичиг баримтууд гараагүй байсан. Энэ бүх бичиг баримтуудын зарим хэсгийг “Нитросибир азиа” ХХК нь өөрийн танил компаниудаар гүйцэтгүүлж, бид нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг тухайн зах зэлийн үнээс давуулан гаргаж өгсөн. Бусад дутуу бичиг баримтуудыг бид өөрсдөө хуульд нийцүүлэн ажиллаж, 2017 оны 4 сард дуусгасан. Мөн уул уурхайн бэлтгэл ажил эхлэх, хөрөнгө оруулалттай холбоотойгоор урьдчилан хийгдэх ажлын хүрээнд орон нутагт засмал зам тавих төрөл бүрийн зөвшөөрөл, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл сунгахтай холбоотой урьдчилсан ажлууд хийгдэж байна.

            Дээрх бүх ажлыг “Бүтээгч энержи” ХХК дангаар хариуцан, хөрөнгө, мөнгө гаргаж ирсэн. Нэхэмжлэгч өөрсдийн хувьцааг өсгөх гэсэн далд санааг агуулан бидэнд ногдох хувьцааг өндөр үнээр худалдан авах санал тавьсныг “Бүтээгч энержи” ХХК хүлээн зөвшөөрч, өөрсдийнхөө хувьцааг худалдах саналыг гаргасан боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч гэрээнд заасан заалтуудыг биелүүлээгүй, мөн хөрөнгө оруулалт хийх эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын төсөлд санал өгөх зэрэг үүргээ хэрэгжүүлээгүй.

            Нэхэмжлэгч нь гэрээний өөрсдөдөө ашигтай нэг заалтыг баримтлан, нэг хувьцаа эзэмшигчийн эрхийг хасах, түүний эзэмших эрхэд халдах тухай нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Компанийн тухай хууль болон бусад хуульд хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрхийг хуульд заагаагүй үндэслэлээр хязгаарлан, түүний хувьцааг үл маргах журмаар булаан авдаг зохицуулалт байхгүй. Уул, уурхайн ажил, тэр тусмаа хөрөнгө оруулалтын ажил нь шууд бүтдэг ажил биш. 6 сар, 1 жил байтугай 60 жил хийгддэг ажил бөгөөд нэхэмжлэгч нь биднийг шахамдуулсан. “Бүтээгч энержи” ХХК, энэ уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ, бүх холбогдох уул уурхайн ажил явуулахад шаардагдах бүхий л баримт бичгүүдийг 2017 оны 2 сарын сүүлээр авч дууссан.

            Гэтэл Хувьцаа эзэмшигчдийн гэрээ буюу хамтарсан компанийн гэрээ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан бөгөөд 2016 оны 4 сард 6 сарын хугацаа нь дуусч байна. Эрх бүхий байгууллагын баримт бичгүүд, зөвшөөрлүүд гарч ирээгүй байхад ямар ч хөрөнгө оруулалт, ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дотоодын бичиг баримтын асуудлыг хариуцаж байсан. Хөрөнгө оруулалтын асуудал, хөрөнгө босгох, мөнгө олох ажлын 51 хувийг барьсан байгууллага хариуцахаар гэрээнд заасан.

            Уурхайн хөрс суулгалтын ажиллагааг эхлэх гэж байхад хилийн хориг тавьсан ба уг хэрэг дээр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх арга хэмжээ авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гацаасан. Ингээд хариуцагч талаас хохирол нэхэмжилсэн. Бид шилжүүлэг, гуйвуулгын баримтуудыг шаардлага хангасан байдлаар оруулсан. “Бүтээгч энержи” ХХК, “Хайрхан толгой коал” ХХК гэх байгууллагуудын “Хайрхан толгой коал” ХХК нь толгой компани бөгөөд энэ компанийн хооронд оруулсан нийт хөрөнгө нь 306 741 840 төгрөг, юаниар 50 000 юань, ам.доллараар 313 00 ам.долларын хөрөнгө оруулсан ба 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэсэн огноотой. “Бүтээгч энержи” ХХК нь ашигт малтмалын хайгуулын лицензийн төлбөрт 571 112 033 төгрөг, ажилчдын цалин 19 841 652 төгрөг, бараа материал, үйл ажиллагаатай холбоотойгоор болон хамгаалалтын хөлс 259 837 760 төгрөгийн хөрөнгийг оруулсан. “Бүтээгч энержи” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө, оффиссын барилгын захиалга гэж байсан боловч сүүлд хөрөнгө оруулалт руу оруулахаас өөр аргагүй болж, үл хөдлөх эд хөрөнгөө олж авч чадахаа байсан бөгөөд энэ төлбөрт нийт 25 150 000 юань, ам.доллараар 2 500 000 ам.долларын хөрөнгийг оруулсан. Мөн уурхайн ордны бичиг баримтын бүрдэл, боловсруулалттай холбоотой гэрээний төлбөрт нийт 90 000 000 төгрөгийг зарцуулсан. Бид өөрсдийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй болсон учраас Зайсан скуэр оффиссын байр түрээслэсэн ба түрээсийн төлбөрт 35 529 600 төгрөг, тухайн үеийн ханшаар нийт 13 806 502 855 төгрөгийн хөрөнгийг зарцуулсан байна.

            Дээрх гэрээний хавсралтыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотолно. Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотолно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Бүтээгч энержи” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын, мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалтын гэх хавсралтуудыг “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний нэмэлт гэрээнүүд гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна. Уг гэрээний толгой хэсэгт ямар гэрээний хавсралт болохыг нь зааж өгсөн байх ба “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэж тодорхойлсон байна. Иймээс энэ хавсралтуудыг өөр аж ахуйн нэгж байгууллагын өөр гэрээний хавсралт гэрээ гэж үзэж байна. “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн яаж оруулах талаар талууд уг гэрээний 19.1 дэх хэсэгт харилцан тохиролцсон байх бөгөөд уг зүйлд “Энэхүү гэрээний оролцогч тал нь гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд эдгээр нэмэлт өөрчлөлтүүд нь гэрээний салшгүй хэсэг болно” гэж заасан ба “хавсралт” нэрээр уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар талууд тохиролцоогүй байгаас үзвэл гэрээний 19.1 дэх заалтын дагуу уг гэрээнд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтүүд нь "нэмэлт өөрчлөлт”-ийн гэрээ нэртэй байхаар харилцан зөвшилцсөн гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна. Иймээс “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээ, мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх хавсралтуудыг “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний салшгүй хэсэг гэж үзэх боломжгүй юм.

            “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээний 5 дахь заалтад “...уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулаагүй, эсхүл хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд 49 хувийн хувьцаа эзэмшигч “Нитросибир азиа” ХХК-д 51 хувийг үл маргах журмаар шууд шилжүүлэн, хамтарсан компанийн үйл ажиллагааг дуусгавар болгоно” гэж заасан. “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх хавсралтуудыг “Бүтээгч энержи” ХХК болон “Нитросибир азиа” ХХК-ийн захирлууд баталсан. Эдгээр хавсралтуудыг “Хайрхан толгой коал ХХК”-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний салшгүй хэсэг мөн юм гэж үзэх юм бол “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын 5 дахь заалтаар “...51 хувийн хувьцаа нь “Нитросибир азиа” ХХК-д үл маргах журмаар шууд шилжихээр, Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалтын 1 дэх заалтаар 193 715 403.73 юань “Берунмайнинг” ХХК болон “Зэлэм” ХХК-д шилжихээр заасан.

            2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээгээр тохиролцсон “Хайрхан толгой коал” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг бусдад шилжүүлэх, 193 715 403.73 юанийг “Берунмайнинг” ХХК болон “Зэлэм” ХХК-д шилжүүлэх тухай хэлцэл нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьд Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд, хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй” гэж зааснаар их хэмжээний хэлцэлд хамаарч байна. Энэ тохиолдолд Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.16-д зааснаар хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрлийг төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ олгосон байх учиртай.

            Гэтэл дээр дурдсан Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх хавсралтуудыг “Бүтээгч энержи” ХХК болон “Нитросибир азиа” ХХК-ийн захирлууд нь “Хайрхан толгой коал” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс олгосон шийдвэргүйгээр, төлөөлөн удирдах зөвлөлийн ашиг сонирхлын зөрчилгүй гишүүдэд мэдэгдэлгүйгээр, нууцаар баталсан зэрэг үндэслэлүүд байх тул Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн хөрөнгө оруулалт, Зардлын баталгаажуулалт гэх хавсралтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч “Нитросибирь азиа” ХХК-ийн төлөөлөгч С.Ганбат сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Зохигчид буюу гэрээ байгуулсан талууд “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын баталгаажуулалтыг анх байгуулахдаа гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ гэж тусгайлан зааж, харилцан тохиролцсон.

            Гэрээний нэмэлт хавсралтыг хийхдээ бид хамтарсан компанийн үйл ажиллагааг эрчимтэйгээр хэвийн жигд явуулах зорилтыг тавьсан учраас харилцан үүрэг хүлээсэн нь ямар нэг байдлаар хууль зөрчсөн үйлдэл биш. Эхлээд хөрөнгө оруулагч “Бүтээгч энержи” ХХК-иас гаргасан саналыг хүлээн авч, тус компаниас эргэн төлөгдөхөөр 2008 оноос 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаргасан 193 715 403.73 юаны хөрөнгө оруулалтын дүнд ямар нэгэн хасалт хийхгүйгээр буюу хүрсэн бүх зардлыг нь хүлээн зөвшөөрч баталгаажуулан 2 тал санхүүгийн тайланд тусгахаар тохиролцсон. Энэ талаар үндсэн гэрээний 8.11-д заасан нарийвчлан тусгаж, хамтарсан компанийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж эхлэх үед нэн тэргүүнд эргэн төлөхөөр тохиролцсон. Гэвч үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж, эхлээгүй байна.

            “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний 1.2, 8.9 дэх заалтуудтай гэрээний нэмэлтийн 3 дахь заалт уялдаж, талууд харилцан үүрэг хүлээсэн учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэл гаргасан “Бүтээгч энержи” ХХК өөрөө гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 6 сарын дотор 10 000 000 ам.доллараас доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэсэн амлалтанд хүрээгүй. Мөн үүрэг хүлээсэнтэй холбоотой хариуцлага болох гэрээний нэмэлтийн 5 дахь заалт болох уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулаагүй, хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд 49 хувийн хувьцаа эзэмшигч “Нитросибирь азиа” ХХК-д 51 хувийн хувьцаагаа үл маргах журмаар шууд шилжүүлэн хамтарсан компанийн үйл ажиллагааг дуусгавар болгоно гэсэн заалтыг биелүүлэхээс татгалзан зугтаасан. Хариуцагч тал үндсэн гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлт, хавсралтуудад тусгагдсан өөрийн үүргээ хүчингүй болгуулж, эсрэгээрээ өөрт ашигтай бусад заалтуудыг нь хэвээр үлдээхээр санаархаж байгаа нь илт байна. Гэрээний зарчим, ухагдахуун нь нэг талын ашиг сонирхлыг бус харилцан тохиролцсон талуудын эрх ашиг, хүсэл сонирхолд тэгш хандах ёстой учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм.

            Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан хавсралтууд нь өөр аж ахуйн нэгж байгууллагын хавсралт гэрээ байх тул үндэслэлгүй байна. Эдгээр хавсралт гэрээнүүд нь талуудын сайн дурын үндсэн дээр албан ёсоор байгуулагдсан нэмэлт гэрээ мөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд үндсэн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт гэрээнүүдийг хүчингүй болгох боломжгүй, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК нь “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож, “Нитросибир азиа” ХХК-ийг  “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллага /Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар/-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Нитросибир азиа” ХХК болон “Бүтээгч энержи” ХХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “Бүтээгч энержи” ХХК нь нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК-д холбогдуулан гаргасан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Нитросибир азиа” ХХК болон “Бүтээгч энержи” ХХК-ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 750 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийгтус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Бүтээгч энержи” ХХК-иас 166 750 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч “Бүтээгч энержи” ХХК-ийн өмгөөлөгч А.Батбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт “Бүтээгч энежри” ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14/03 тоот Ц.Цэцэгсүрэнгээс олгосон итгэмжлэл авагдсан байх ба тус итгэмжлэлд захирал Сүймин /XUEMIN/ тайлалтай гарын үсэг зурагдаж тамгалагдсан байна. Хэргийн 32 дугаар талд авагдсан “Бүтээгч энержи” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гадаадын хөрөнгө оруулалттай, гишүүний тоо 1 гэсэн байх ба 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүйминийг гүйцэтгэх захирлаар томилсон. Хэргийн 33-40 дүгээр талд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Бүтээгч энержи” ХХК-ийн шинэчилсэн дүрэм авагдсан ба уг дүрэмд Tiang Yu Feng гэсэн тайлал бүхий гарын үсэг зурагдсан. Хэргийн 45 дугаар талд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар авагдсан байх ба агуулга нь монгол хэлээр бичигдсэн, тайлбар гаргасан Сүймин гэсэн тайлалтай гарын үсэг зурагдсан. Хэргийн 92 дугаар талд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт байх ба агуулга нь монгол хэл дээр, гарын үсэг нь Сүймин гэсэн тайлбартай зурагдсан байна. Хэргийн 110, 116, 121 дүгээр талуудад гадаад үсгээр буюу Хятадаар бичсэн баримт авагдсан байх бөгөөд албан ёсны орчуулга байхгүй. Хэргийн 125 дугаар талд “Бүтээгч энержи” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл авагдсан бөгөөд агуулга нь монгол хэл дээр, гаргасан хүн нь гадаад хүн байна.

            Дээрх нөхцөл байдлууд хэргийн материалд бодитойгоор байгаа бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулийн хүрээнд явуулж, хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг ханган, талуудад мэтгэлцэх, хэргийн талаар бүрэн ойлголтыг авах боломжоор хангах учиртай. Тус хэрэгт хариуцагчаар татагдан оролцож байгаа “Бүтээгч энержи” ХХК нь 100 хувийн гадаадын улсын хөрөнгө оруулалттай, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд нь гадаад хүн буюу Хятад Улсын иргэн Сүймин болох нь харагдаж байгаа бөгөөд тус иргэн нь Монгол хэл, бичиг мэдэхгүй, олгосон итгэмжлэл, тайлбар, сөрөг нэхэмжлэл нь албан ёсны орчуулга байхгүй, ямар утга агуулгатай нэхэмжлэл ирсэн, түүний утгыг бүрэн гүйцэд ойлгож, оновчтой тайлбар, нотлох баримтыг өөрийн зүгээс цуглуулж өгөх, хэлэх боломж олгоогүйг, шүүхээс тухайн иргэн монгол хэл, үсэг мэддэг эсэх талаар тодруулаагүй, ийм баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.

            Мөн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ, хамтран ажиллах хөрөнгө оруулалтын баталгаажуулалт зэрэг талуудын тодорхой зүйлсийн талаар тохиролцсон бичмэл нотлох баримт нь албан ёсны орчуулга байхгүй, хэргийн оролцогчийн хэн аль нь бүрэн төгс ойлголттой эсэхийг нягтлаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байхад шийдвэрийн үндэслэлээ болгож үнэлсэн нь үндэслэлгүй болжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан эсэх нь шүүгчийн захирамжаар баталгаажаагүй, талуудын гаргасан хүсэлт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүгчээс гаргасан захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулсан, гардуулсан эсэх нь эргэлзээтэй, гарын үсэг зуруулаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Монгол өмгөөлөгч ажиллагаанд оролцсон байх ба шүүхийн нөлөөллийн мэдүүлэгт 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар гарын үсэг зураагүй, шүүхээс шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу хэргийн оролцогч тус бүрээс нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулж авах журамтай байтал ийм ажиллагаа хийгдээгүй нь шүүхэд итгэх итгэлийг, шийдвэр үндэслэлтэй гарсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар тус хэргийг шүүхээр хэлэлцүүлэх, шүүх хуралдаан даргалагчийг томилсон, тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

   Хариуцагч “Бүтээгч энержи” ХХК-ийн төлөөлөгч Сүймин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хувьцаа эзэмшигчдийн гэрээ нь нийт 19 зүйлтэй ба тэдгээрт хавсралт гэрээ болон ямар нэгэн бичгийг хавсаргах тухай нэг ч заалт, үг, үсэг байхгүй. Энэ гэрээнд хувьцаа эзэмшигч "Бүтээгч энержи" ХХК-ийг төлөөлөн тус компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчээс олгосон бүрэн эрхийн дагуу гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Мандула нь гарын үсэг зурсан. Энэ гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд "Бүтээгч энержи" ХХК-ийн талаас н.Мандулагаас гадна манай компанийн эрх бүхий хэд, хэдэн албан тушаалтнууд оролцсон. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай компани болон "Нитросибир азиа" ХХК-ийн хооронд дээрх гэрээнээс өөр ямар ч бичиг, баримт үйлдээгүй, хэн нэгэн албан тушаалтан түүний дотор н.Мандула гарын үсэг зураагүй. Ийм учраас нэхэмжлэгчээс гаргасан гэрээний хавсралт гэх 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр огноо тавьсан хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэсэн бичгүүдийг хариуцагч "Бүтээгч энержи" ХХК-ийн хувьд үйлдээгүй ба түүнд ийм төрлийн бичиг үйлдэх хүсэл зориг байгаагүй тул энэ тухай яриа, хэлэлцээр хийгдэж байгаагүй. Иймд энэ маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт болон Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх бичгүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хуулийн шаардлагад нийцүүлэн, эрх бүхий этгээдүүд байгуулсан эсэхэд бодитой дүгнэлт хийх нь онцгой ач холбогдолтой юм. Харамсалтай нь, шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг биелүүлээгүй учраас "Бүтээгч энержи" ХХК-д ийм бичиг үйлдэх хүсэл зориг байсан эсэх, "Бүтээгч энержи" ХХК-ийг төлөөлөн эдгээр бичгийг үйлдсэн гэх н.Мандулад тэдгээрийг үйлдэх бүрэн эрх байсан эсэх, байсан гэж байгаа бол түүнийг нотолж буй "Бүтээгч энержи" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр баталгаажсан итгэмжлэл байгаа эсэх, хэрэв дээр дурдсан бичгүүдийг хөдөлмөрийн гэрээний дагуу "Бүтээгч энержи" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хувьцаа эзэмшигч бус н.Мандула үйлдсэн бол түүнд Компанийн тухай хуулийн 87 (Их хэмжээний хэлцэл), 88 дугаар зүйл (Их хэмжээний хэлцэл хийх/-д заасан журмын дагуу "Бүтээгч энержи" ХХК-ийг төлөөлөн тэдгээрт гарын үсэг зурах бүрэн эрх байсан эсэхийг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн үндэслэл бүхий тайлбар, хүсэлтийг шүүх хүлээж аваагүй, өрөөсгөл хандсан.

Учир нь н.Мандула гэгчийг шүүхэд гэрчээр дуудан, яагаад хувьцаа эзэмшигчийн (ТУЗ) зөвшөөрөлгүйгээр ийм бичгүүдийг үйлдсэнийг заавал асууж тодруулах шаардлагатай байсан. “Бүтээгч энержи" ХХК нь "Хайрхан толгой коал" ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг эзэмшдэг ба харин "Бүтээгч энержи" ХХК нь нэг гишүүнтэй буюу түүний үүсгэн байгуулагч нь БНХАУ-ын хуулийн этгээд болох "Өвөр монголын Ми Дуо Энержи" ХХК болох нь энэ компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /дугаар 9019081047, регистрийн дугаар 6009549/ -гээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т зааснаас үзвэл, "Хайрхан толгой коал" ХХК-ийн нийт хувьцааны 51 хувь нь "Бүтээгч энержи" ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд хэрэв түүнийг бусдад шилжүүлэхээр гэрээ байгуулахаар болсон бол тухайн тохиолдолд н.Мандулад ийм эрх олгосон итгэмжлэл үйлдэн, түүнд энэ компанийн ганц хувьцаа эзэмшигч болох "Өвөр монголын Ми Дуо Энержи" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан болон түүний нягтлан бодогч зайлшгүй гарын үсэг зурсан байх ёстой. Гэтэл хариуцагчийн зүгээс ийм эрх олгосон итгэмжлэлийг н.Мандулад олгоогүй тул хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх бичгүүд нь хууль бус, хүчин төгөлдөр бус болох тухай сөрөг нэхэмжлэлдээ тодорхой дурдсан, шүүх хуралдааны явцад үндэслэл бүхий тайлбар гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгосон.

          Нэхэмжлэгч манай сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа болон мөн шүүх хуралдааны явцад н.Мандула нь хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх бичгүүдэд гарын үсэг зурахдаа "Бүтээгч энержи" ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох "Хайрхан толгой коал" ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах бүрэн эрхтэй байсан гэх ямар ч нотлох баримтыг гаргаагүй. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс н.Мандула нь түүнд ийм бүрэн эрх олгосон итгэмжлэлтэй байсан эсэх талаар нотлох баримтыг шаардан гаргуулах, хэрэв гаргаагүй тохиолдолд манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байсан.

Нэхэмжлэгч "Нитросибир азиа" ХХК болон хариуцагч "Бүтээгч энержи" ХХК-ийн хоорондох маргааны зүйл нь зөвхөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хамтран байгуулсан "Хайрхан толгой коал" ХХК-ийн хууль ёсны эрх, ашгийг хөндөж байгаа бус, тус компанийн эзэмшилд байгаа ашиглалтын 020511А, хайгуулын 5261X тоот тусгай зөвшөөрлийн талбайд "Берунмайнинг" ХХК, "Зэлэм" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөж гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Хэрэв шүүхийн шийдвэр хүчинтэй үлдвэл ашиглалтын 020511А, хайгуулын 5261X тоот тусгай зөвшөөрлийн талбайд оруулсан 194 000 000 юанийн хөрөнгө оруулалтаараа "Берунмайнинг" ХХК болон "Зэлэм" ХХК-иуд хохирч үлдэнэ. "Хайрхан толгой коал" ХХК нь маргааны гол сэдэв болж буй хариуцагч "Бүтээгч энержи" ХХК-иас хөрөнгө оруулалт хийсэн эсэх, хэрэв хийсэн бол хэзээ, ямар хэмжээгээр хийснийг шүүхэд мэдүүлэх шаардлагатай байхад зориуд оролцуулаагүй нь шүүх нэг талыг барьж шийдвэр гаргахад нөлөөлсөн. Нэхэмжлэгч нь анхнаасаа хамтрагч талдаа бодит биш болзол тулгаж, ирээдүйд "Хайрхан толгой коал" ХХК-ийн эзэмшилд ирж ч болох, ирэхгүй ч байж болох 562IX тоот тусгай зөвшөөрлийг 10 0000 000 ам доллараар үнэлэн, "тийм хэмжээний хөрөнгө оруулалтыг 6 сарын дотор оруулах, хэрэв оруулахгүй бол 51 хувийн хувьцааг нь үл маргах журмаар шилжүүлэн авна" гэсэн заалтыг хавсралт гэх хууль бус бичигт оруулж, эх гэрээний ("Хайрхан толгой коал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн гэрээ) "Маргаан таслах" гэсэн 13 дугаар зүйлийг үндсээр нь өөрчлөн, өөрийн 49 хувийн хувьцаагаа 60 000 000-72 000 000 ам доллараар худалдан авахыг "Бүтээгч энержи" ХХК-д тулгах, компанийн үйл ажиллагаанд оролцохгүй зэрэг үйлдэл нь анхнаасаа хамтарч уул уурхайн тогтвортой бизнес эрхэлж ашиг олох гэхээсээ илүүтэйгээр маргаан үүсгэж, "Бүтээгч энержи" ХХК-иас их хэмжээний мөнгө салгах зорилготой байсан нь харагдана. Энэ зорилго нь нэхэмжлэлийн агуулга, нотлох баримтуудаар авагдсан "Нитросибир азиа" ХХК-ийн албан тоотуудаас нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар болон маргаж буй хавсралт гэх хоёр бичгээс тодорхой харагдаж байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Учир нь шүүх эхлээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр шууд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхэд "гол анхаарлаа" хандуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. "Хайрхан толгой коал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн гэрээний 12 дугаар зүйлд "Энэхүү гэрээнээс үүдэн гарах аливаа маргаан болон энэхүү гэрээнээс үүдэн гарах гэрээний бус маргаан зэрэг асуудлаар Хонг Конгийн Олон улсын Арбитрын шүүхэд хандана гэж заасан. Хууль зүйн онолын хувьд, аливаа нэгэн гэрээний хавсралт нь үндсэн гэрээнд заасан холбогдох заалтын талаарх тооцоо, судалгаа тусгасан баримт байж, гэрээний бүхий л заалтад нийцсэн байх учиртай. Харин гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах бол энэ нэмэлт, өөрчлөлтийн тухай гэрээг шинээр байгуулах ба түүний хэлбэр, агуулга нь Иргэний хуулийн гэрээний эрх зүй 15 дугаар бүлгийн заалтуудад нийцсэн байх ёстой бөгөөд хууль зүйн хувьд үндсэн гэрээний хавсралт бус, харин үндсэн гэрээний адил бие даасан, хууль зүйн хүчин төгөлдөр акт байх учиртай. Гэтэл "Хайрхан толгой коал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн гэрээний хавсралт гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт гэсэн бичигт үндсэн гэрээний маргааныг шийдвэрлэх Арбитрын шүүхийн харьяаллыг өөрчилсөн нь илтэд хууль бус байсныг хариуцагч нэг бус удаа хэлж мэдэгдсэн боловч шүүх анхааралдаа аваагүй. Ийнхүү шүүх Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг илтэд зөрчин шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "..Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3.8-д заасны дагуу хариуцагч Хөрөнгө оруулалт, зардлын гэрээ гэх хавсралтын 4, 5-д заасан үүргээ гүйцэтгээгүй бол нэхэмжлэгч гэрээг дуусгавар болгох, 51 хувийн хувьцааг шилжүүлэн авахыг шаардах эрхтэй" гэжээ.

            2 этгээд ашиг олохоор хуулийн этгээд байгуулан хамтран ажиллах гэрээ байгуулсан энэ тохиолдол субьект болон обьектив шинжийн хувьд хамааралгүй байхад шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг шийдвэрийнхээ үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийг зөрчиж, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг хангасан байгааг харуулж байна. Шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.8-д заасныг баримталж байгаа бол гэрээ дуусгавар болгох хууль зүйн үр дагавар нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлд заасныг баримтлан дуусгавар болно. Шүүхийн баримталсан заалт нь хамтран ажиллах гэрээг байгуулахдаа тусгах агуулга юм. Гэрээнд мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.6, 476.3.7-д заасныг заавал тусгах шаардлагатай. Гэтэл энэ нь компани байгуулан гэрээ байгуулж байх тул мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.7-д хамаарахгүй бөгөөд компани татан буугдах тохиолдолд гэрээний дуусгавар болгох хугацаа яригдана. Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхэд зайлшгүй хангагдсан байх ёстой урьдчилсан нөхцөл нь хамтын үйл ажиллагааны зорилгодоо хүрэхийн тулд талууд ямар байдлаар оролцох ёстойг тодорхой зааж өгсөн байх явдал юм. Гэтэл хамтран ажиллах гэрээ гэх хавсралтад нэхэмжлэгч талд ямар нэгэн үүрэг байхгүй бөгөөд зөвхөн шаардах эрх байгаа нь гэрээний тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан байгааг харуулж байна. Талуудын тэгш эрхийн зарчим нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасантай гэрээ байгуулагдах өдрөөс эхлэн харшилсан байгааг харуулж байна. Хамтран ажиллах гэрээний талууд тэгш эрхтэй байх зарчим нь хамтран ажиллах гэрээний эрх зүйн үндсэн зарчмын нэг мөн. Хэрэв шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг баримталж байгаа бол талуудын тэгш эрхийн зарчмыг хамгаалсан заалтуудыг харьцуулан хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Хамтран ажиллах гэрээнд оролцогч талууд хамтын ашиг олох зорилгод хүрэхийн тулд нэгдэж, хамтарч байгаа нь энэхүү гэрээнд үйлчилж байгаа зарчмыг илэрхийлж байдаг. Хамтран ажиллах гэрээ нь агуулгын хувьд зөвхөн хэлбэрийн төдий тэгш байх бус харин хэн нэг нь үндэслэлгүйгээр давуу эрх эдлэхгүй байх ёстой. Үүнийг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.12, 479 дүгээр зүйлийн 479.5 дахь хэсэгт заасан байгааг шүүх мөн хуулийн 476 дугаар зүйлийг баримталж байгаа бол үүнийг анхаарч үзэх ёстой байсан. Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний заалтад оруулсан "Хайрхан толгой коал" ХХК-ийн эзэмшлийн уурхайд оруулсан хөрөнгийг хооронд нь харьцуулан тооцох нь хамтран ажиллаж байгаа гэх зарчмыг үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Ийм учраас хариуцагч нэхэмжлэгч талын санхүүгийн хураангүй тайлан болон бусад баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дах хэсгийг баримтлан гаргуулахыг хүссэн боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

            Шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийг баримталсан бол хамтран ажиллах гэрээнд хураамж төлөх үүрэг буюу Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2 дахь хэсэгт заасан үүрэг гэрээнд заавал тусгагдах ёстой гэдгийг анхаарна. Энэ нь тэгш эрхийн зарчим буюу мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.3-т зааснаар хангагдана. "Хайрхан толгой коал" ХХК-ийг байгуулахад талууд хувь хураамж гаргаагүй. Хураамж гэдгийг мөнгө, хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө гэсэн үндсэн хэлбэрээр ойлгохоос гадна эрх, ажил гүйцэтгэл, шаардлага зэрэг олон зүйлээр ойлгоно. Үүнээс нэг нь ч нэхэмжлэгчид үүрэг болон заагдаагүй байгаа нь "Хамтран ажиллах.." хавсралт хүчин төгөлдөр бус байгааг нотолж байхад шүүх анхаарч үзээгүй. Хэрвээ шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 476 дугаар зүйлийг баримталж байгаа бол "Хамтран ажиллах.." гэрээ гэгч хавсралтийн 4, 5 дахь хэсгийн заалтууд нь Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.7 дахь хэсгийн заалтыг зөрчиж байгааг анхаарч үзэх үүрэгтэй байсан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байсан. Учир нь хавсралт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоноор нэхэмжлэгч талд ямар нэгэн бодит хохирол учрахгүй, үүсэхгүй нөхцөл байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь орлого, зарлагын гүйлгээгүй икс тайлан гаргадаг компани бөгөөд нэг ч мөнгө болон хураамжийг хөрөнгө оруулалтад зарцуулаагүй тул эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм. Энэ талаар шүүх хурлын мэтгэлцээнд хариуцагч тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүй нь хөрөнгө оруулагч /хариуцагч/-ийг хохирооход хүргэсэн. Нэхэмжлэгч тал хуралдаанд нэг ч удаа Хамтран ажиллах гэрээ гэсэн зүйлийг дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэх хуулийн нэг ч заалтыг баримтлаагүй. Талууд хавсралт гэрээний хамтран ажиллсан талаар биш, хувьцааны талаар маргасан. Нэхэмжлэлийн шаардлага "..51 хувийн хувьцааг шилжүүлэн авах.." гэсэн байна. Хувьцааны талаарх маргаан нь Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлд зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх асуудал болохоос шүүхийн шийдвэрлэх маргаан биш байна. Энэ тухай шүүхэд тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүй. "Бүтээгч энержи" ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэж өгөхийг хүссэн. Өөрөөр хэлбэл 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр талууд "хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт" хавсралтыг байгуулж байх цаг хугацаанд уг уул уурхайн тусгай зөвшөөрлүүд "Хайрхан толгой коал" ХХК-д байгаагүй. Гэрээ байгуулснаас хойш хагас жилийн дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 5261Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл 020511A тоот тусгай зөвшөөрөл "Хайрхан толгой коал" ХХК-ийн эзэмшилд ирсэн нь талууд өөрт байхгүй байсан хөрөнгийг бусдад шилжүүлэх тухай Хамтран ажиллах гэрээг байгуулсан байгааг нотолж байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд баталгаажсан гэрээний эрх чөлөөт байдлыг, мөн хуулийн 190 дүгээр зүйлийн 190.1 дэх хэсэгт заасан хориглолтоор хязгаарлаж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3 дахь хэсэгт зааснаар уул уурхайн тусгай зөвшөөрөл бий болсон үед уг тусгай зөвшөөрөлд дурдсан үйл ажиллагааны талаарх гэрээ байгуулах эрх нээгдэх тухай тусгайлан заасан. Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.1 дэх зохицуулалт нь эхний ээлжинд ашигтай байж болох юм шиг байдлыг таниулах, эрх зүйн баталгаат бус байдал болон тодорхой бус байдлаас сэргийлэхэд чиглэсэн. Ирээдүйд би болох хөрөнгийн талаар хийгдэж байгаа гэрээний хувьд тухайн эд хөрөнгийг эзэмших өөрийнх нь эрхэд хэн ч халдах боломжгүй байх санаа яригдана. Эс тэгвэл өөрийн хөрөнгийг мэдэж захиран зарцуулах боломжгүй байдал үүсэж болзошгүй. Ирээдүйд бий болох хөрөнгөн дээр гэрээ байгуулах нь ямар хэмжээний хөрөнгө гаргаж, хичнээн орлого олсноос үл хамааран бүгдийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэх ёстой болж өөртөө юу ч авч үлдэх боломжгүй болдог.

            Иргэний эрх зүйн хувьд өөрийнхөө бүх хөрөнгийг амлах хэлбэрээр шилжүүлэх үүрэг хүлээх боломж хэнд ч байхгүй гэсэн зохицуулалт байхад шүүх анхаарч үзсэнгүй. Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийг хэрэглэхэд шаардлагатай урьдчилсан нөхцөл хангагдсан бол ирээдүйд бий болох хөрөнгөд хамааралтай гэрээ нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 190 дүгээр заалтын утга нь үүрэг хүлээгч нь ирээдүйд өөрт нь үүсэх бүх шаардлагаа, эсхүл ирээдүйд бий болох бүх барьцаалах боломжтой хөдөлмөрийн орлогоо тааварлах боломжгүйгээр үүсэх ирээдүйн нөхцөл байдлаас үл хамааран бусдад шилжүүлэхийг амлах нь хүчин төгөлдөр бус гэсэн байдаг. Их хэмжээний хэлцлийн шинжийг агуулсан маргаан бүхий гэрээг байгуулах шийдвэрийг олгох эрх бүхий этгээд буюу "Бүтээгч энержи" ХХК-ний хувьцаа эзэмшигч БНХАУ-ын хуулийн этгээд "Өвөр монголын ми дуо энержи" ХХК-ийн зөвшөөрөл шаардлагатай болно. Гэтэл дээрх этгээдүүдийн шийдвэр гараагүй байхад хэлцлийг гүйцэтгэх захирал н.Мандула дангаараа байгуулсан нь Компаний тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байгааг харуулж байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт хавсралтад тусгагдсан "Бүтээгч энержи" ХХК-ийн хүлээсэн үүрэг болон "Нитросибир азиа" ХХК-ийн хариу үүрэг хоёрын хооронд томоохон зөрүүтэй байдал бий болсон, гэрээний нэг талын эдийн засгийн үйл ажиллагааг ихээхэн хэмжээгээр хязгаарласан байдал үүсгэсэн энэхүү хэлцэл нь зан суртахууны хэм хэмжээнд харш байх тул хүчин төгөлдөр бус байх шаардлагыг хангасан байгааг шүүх зориуд орхигдуулсан байна. Энэхүү маргаан бүхий хавсралт нь гүйцэтгэлд чиглэсэн хэлцэл болохоос үүрэгт чиглэгдсэн хэлцэл биш юм. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгч этгээдэд үндэслэлгүйгээр ашигтай байдал олж авах боломжийг бий болгосон нь үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалтын дагуу харилцан буцаах үйл ажиллагааг шаардлагатай болох эрх зүйн үр дагаврыг бий болгож байна. Энэ мэтчилэн шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс болж хариуцагч болон хуралд оролцож чадаагүй гуравдагч этгээдүүдэд эд хөрөнгийн бодит хохирлыг бий болгосон нь шийдвэрийг хүчингүй болгох нөхцлийг бүрдүүлж байна. Шүүх "Хайрхан толгой коал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын хувьцааны маргааныг шийдвэрлэхдээ бие даасан хуулийн этгээд болох "Хайрхан толгой коал" компанийг оролцуулалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг зөрчиж, хэргийг үнэн зөв бодитойгоор шийдвэрлэх боломжийг алдагдуулсан. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар "Хайрхан толгой коал" ХХК-ийн 49 хувийг эзэмшигч нэхэмжлэгч тал хараат компани байсан бөгөөд хариуцагч тал болох 51 хувийн хувьцаа эзэмшигч нь мөн хуулийн 6.3 дахь хэсэгт зааснаар охин компани байсан тул толгой компани болох "Хайрхан толгой коал" ХХК-ийн санхүүтэй нэгдсэн тайланг нийцүүлэн гаргадаг байсан. Гуравдагч этгээдээр "Хайрхан толгой коал" ХХК-ийг оролцуулж, хариуцагч талаас уул уурхайд хөрөнгө оруулсан эсэхийг эцэслэн шалгаж тодруулснаар маргааныг үнэн зөв шийдвэрлэх боломжтой байхад шүүх гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Мөн талуудын маргаж буй үндэслэлийн гол зүйл нь "Хайрхан толгой коал" ХХК-ийн эзэмшилд байх 020511А ашиглалт, 5261Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд хөрөнгө оруулсан эсэх талаар маргаж байгаа нь "Хайрхан толгой коал" ХХК-ийг заавал оролцуулах шаардлагатай байсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. “Хайрхан толгой коал" ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр талууд, "Берунмайнинг" ХХК-ийн эзэмшилд байгаа уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг 193 715 000 юан /60 тэрбум төгрөг/-иар ирээдүйд бий болох компанийн нэрийн өмнөөс худалдан авч, санхүүгийн тайландаа тусгах үүргийг хүлээсэн хавсралт гэрээг байгуулсан. Энэ үүрэг "Хайрхан толгой коал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн үндсэн гэрээний 8.10, 8.11 дэх хэсэг болон "Хайрхан толгой" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт болох Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт гэсэн хавсралтын 1 дэх хэсэг, "Хайрхан толгой коал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний 1 дүгээр хавсралт буюу Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэсэн хавсралтын 1, 2, 3 дахь хэсэгт тодорхой зааж, баталгаажуулсан байгааг шүүх анхаарч үзээгүй. Шүүх маргалдаж буй талуудын эрх зүйн байдал буюу уг компанийн хувьцаа эзэмшигч болон ТУЗ-ийн талаар эцэслэн тодруулалгүй маргааныг шийдвэрлэсэн. "Бүтээгч энержи" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь нэг хүн биш хуулийн этгээд байхад түүнийг тодруулалгүй, их хэмжээний хэлцлийг гүйцэтгэх захирал дангаараа байгуулах эрхтэй гэх дүгнэлт гаргасан нь буруу байна. 193 000 000 юанийг бусдад төлөх их хэмжээний хэлцлийг тусгасан хамтран ажиллах хавсралт гэрээг талууд байгуулахдаа хэн аль нь өөрсдийн компанийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл, шийдвэргүйгээр байгуулсан байгааг анхаарч үзээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Хавтаст хэргийн 6-7, 32-40 дүгээр талд байх "Нитросибир азиа" ХХК, "Бүтээгч энержи" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч 1 гэж бүртгэгдсэн байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн талаар баримт хэрэгт авагдаагүй байна..." гэжээ. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийнхээ нэг хэсгийг тайлбарлахдаа "..талууд маргаан бүхий гэрээг байгуулахдаа Компаний тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2, 88 дугаар зүйлийн 88.1, 88.2, 88 4 дэх хэсгүүдийг зөрчсөн. Маргалдагч талууд нь Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар сонирхлын зөрчил бүхий этгээдэд тооцогдож байна. Иймд талууд маргаан бүхий хавсралт гэрээг байгуулахдаа Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2, 92.4, 92.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хойшлуулж өгнө үү..." хэмээн шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Мөн хуулийн 93.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсч байх тул шүүх Компанийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт зааснаар хавсралт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгөхийг хариуцагчаас хүсэхэд шүүх хуулийн энэхүү зөрчлүүдийг анхаарч үзээгүй нь маргааны гол зүйлийн талаар төөрөлдөн буруу шийдвэрлэхэд хүрсэн. Хариуцагч нь нотлох баримт цуглуулах, хэргийн оролцогчийн хүсэлтийг удаа дараа гомдол гаргах эрхгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах, гуравдагч этгээдээр "Берунмайнинг" ХХК, "Зэлэм" ХХК, "Хайрхан толгой коал" ХХК зэргийг татан оролцуулах хүсэлтүүд, хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн "Бүтээгч энержи" ХХК-ийн гаргасан хөрөнгийн хэмжээг тогтоолгох нэхэмжлэл зэргийг гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэж өгөхийг хүсэхэд 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 09394 тоот шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон нь хэргийн үнэн зөв шийдвэрлэх боломжийг алдагдуулсан. Мөн шүүх нийдвэрийн үндэслэх хэсэгтээ "...005661 дугаартай "тусгай зөвшөөрөл 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр "Хайрхан толгой коал" ХХК-д шилжсэн боловч "Бүтээгч энержи" ХХК нь 6 сарын дотор буюу 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дотор 10 000 000 ам доллараас доошгүй хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдал хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдохгүй байна" гэж дүгнэсэн нь шүүх хэргийг сайн ойлгоогүй байхдаа шийдвэрлэснийг харуулж байна.

            Өөрөөр хэлбэл маргаан бүхий хавсралт гэрээний 4 дэх хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг авснаас хойш 6 сарын дотор 10 000 000 ам.доллараас доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр харилцан тохиролцов" гэж заасан байна. Маргааны гол зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан цаг хугацаа ямар ч хамаагүй, харин ашиглалтын тусгай зөвшөөрөл бүрэн бүрдсэний дараах үеэс эхлэн талбайд бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх үеэс эхлэн хавсралт хэлцлийн үүрэг, гүйцэтгэл эхэлж байгааг шүүх мэдээгүй байсан байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг тодорхойлсон гэрчилгээг гардан авмагц гэрээнд заагдсан гол шинж болох уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжгүй юм. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Байгаль хамгаалах нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, сүүлд Уулын ажлын төлөвлөгөө зэрэг маш олон бичиг баримтын бүрдүүлбэрийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, эрх бүхий этгээдүүдийн эцсийн шийдвэр, зөвшөөрлүүд гарч дууссаны дараа маргаан бүхий гэрээний 4 дэх хэсэгт заасан "..уул уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх, хөрөнгө оруулах.." боломж бүрдэнэ. "Ордын бичиг баримтын бүрдэл боловсруулах" гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад маргаан бүхий хавсралтын 4, 5 дахь хэсгийн үүргийн гүйцэтгэл эхлэх ямар ч боломжгүй гэдгийг талууд сайтар мэдэж байгааг шүүх дутуу үнэлж, гүйцэтгэлд чиглэсэн үүрэг эхлэх хугацааг буруу дүгнэж, үндэслэх хэсэгтээ дурдсан.

            Шүүх үндэслэх хэсэгтээ шаардах эрхийн хугацааг "..2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байна.." гэж буруу дүгнэсэн. Шаардах эрх үүсэх хугацаа битгий хэл үүргийн гүйцэтгэл ч эхлэх хугацаа болоогүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт "Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ" гэснээр уурхайд бүтээн байгуулалтын ажил гэх хариуцагчийн хийх ёстой ажил гээд байгаа ашигт малтмал олборлох ажиллагааг эхлүүлэх боломжгүй байсныг шүүх анхаарч үзээгүй байна. Энэхүү Хамтран ажилллах гэрээ гэх хавсралтын 4, 5 дахь хэсэгт заасан уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай бичиг баримтын бүрдүүлбэр өнөөдрийг хүртэл бүрдээгүйн гол шалтгаан нь нэхэмжлэгч талын гэрээнд заасан үүрэг болох "Хайрхан толгой коал" ХХК-ийн хувыдаа эзэмшигчдийн гэрээний 3.2.4-3.2.6-д заасан үүргийн гүйцэтгэл буюу хууль эрх зүйн орчноор хангах үүргээ биелүүлж чадаагүйгээс болсон гэдгийг шүүх анхаарч үзээгүй.

            Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд уурхайн үйл ажиллаагаа эхлэх болоогүй өнөөдрийг хүртэл бүрдээгүй байгааг нэхэмжлэгч тал сайтар мздэж байсан. Өөрөөр хэлбэл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3.1-35.3.7, 36.1, 39.1.1-39.1.6, 39.5, 40.2, 4011, 402.1.1, 41.1, 42.1 дэх хэсгүүдэд заагдсаныг заавал биелүүлэх үүрэг хүлээж байдаг. Хэрвээ дээрх бичиг баримтын бүрдүүлбэр болон тусгай зөвшөөрөл олгогч эрх бүхий байгууллагаас шаардаж буй тодорхой үйл ажиллагааг хуульд нийцүүлэн хийхгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 37.2, 39.6, 39.7, 401.2 хэсгүүдэд заагдснаар тусгай зөвшөөрөл дээрхи уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг зогсох болно гэдгийг шүүх сайн мэдэж байгаа. Энэ нь хавсралт гэрээний үүрэг эхлэх хугацаа болоогүй байсныг хууль зүйн хүрээнд нотолж байна. Хэрвээ хариуцагч тал өнөөдрийг хүртэл бүрдээгүй байгаа бичиг баримтын бүрдүүлбэр дутуу байхад уурхайн бүтээн байгуулалтын гэх үйл ажиллагааг эхлүүлсэн бол АМТХ-ийн 56.1.5. 56.1.7, 56.1.8 дах хэсэгт заагдснаар "Хайрхан толгой коал" ХХК-ний эзэмшилд байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулж, хавсралт гэрээний 4, 5 дахь хэсгийн заалтуудыг нэхэмжлэгч тал баримтлан шүүхэд маргалдах эрхгүй болох байсан. Маргаанд чухал ач холбогдол бүхий уул уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд шаардагдах тусгай зөвшөөрлийн бүрдүүлбэр баримтууд, шүүхэд гаргаж өгөх гуравдагч этгээд нь "Хайрхан толгой коал" ХХК байхад шүүх түүнийг хэрэгт оролцуулаагүй нь үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжоор хангаагүй. Гэтэл талууд "Хайрхан толгой коал" ХХК"-д оруулсан хөрөнгө, мөнгө. түүний эзэмшилд байгаа тусгай зөвшөөрөл дээрхи уул уурхайн үйл ажиллагаан дээр түүний өмнөөс тайлбар гарган өөрсдөд ашигтайгаар тайлбарлан маргалдсан. Хариуцагч тал шүүхийн үндэслэх хэсэгт "..13 тэрбум төгрөгийн хөрөнгийг "Хайрхан толгой коал" ХХК-д оруулсан" хэмээн санхүүгийн тайлан болон бусад баримтуудыг баримтлан маргахад нэхэмжлэгч тал ...үгүй ээ, хэдэн навсгар гэр барьсан, тэр нь үнэд хүрэхгүй..." гэх мэтчилэн маргалдаж байгаа нь уг маргаан шүүхийн шийдвэрлэх маргаан биш, хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэгдэх Компанийн тухай хуулиар зохицуулагдах маргаан болох нь харагдаж байна. Гэтэл шүүх хариуцагчийн гаргасан хөрөнгө оруулалт нь хичнээн төгрөгт хүрсэн байгааг тогтоогоогүй атлаа "..хариуцагч этгээд тусгай зөвшөөрлийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй..." гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, бодит байдалд нийцээгүй өрөөсгөл дүгнэлт болсныг нотолж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ үндэслэл болгон "...хавсралт гэрээний 4, 5 дахь хэсэгтэй шууд холбон ойлгох нь зөв.." гэсэн байдлаар өөрсдөд ашигтайгаар тайлбарлаж байгаа тул шүүх үйл явдлыг хооронд нь ялгаж, салгаж ойлгох нь чухал юм. Гэрээний 4 дэх хэсгийн заалтыг 5 дахь хэсэгтэй шууд холбон тайлбарлаж байгаа нь буруу бөгөөд эдгээр нь тус тусдаа биеэ даасан өөр үйл явдал, үүргийн гүйцэтгэлийн обьектив шинжийг тодорхойлсон заалтууд байгааг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч тал хавсралтын 4, 5 дахь хэсэгт заасан хөрөнгө оруулалт оруулах таатай нөхцлийг, бусдад хувьцаагаа худалдах зөвшөөрөл хүссэн хүсэлт хариуцагчид гаргаснаар алдагдуулсан байгааг шүүх анхаарч үзээгүй.        

Шүүх "..Нэхэмжлэгч нь албан бичгээр хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд гэрээ дуусгавар болохыг мэдэгдсэн байна хэмээн нотлох баримтуудыг дутуу үнэлж, буруу дүгнэсэн. 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 16/20 тоот Берунгруппт явуулсан бичгийн гол агуулга нь 5 дахь заалтад байх бөгөөд "..51 хувийн хувьцаа эзэмшигч нь 49 хувийн хувьцаа эзэмшигчид олгохоор амласан 38 000 000 ам.долларыг хурдан шийдвэрлэж бидэнд олгох..", 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 16/21 тоот албан тоот нь БНХАУ-ын хуулийн этгээд Берунгруппт хаягласан байх бөгөөд бид бусдаас зээл авсан тул 38 000 000 ам.долларын зээлийг "Нитросибир азиа" ХХК-д олгох, эсхүл cap бүр Хон-Конгийн Повер ван глобал лимитед /Power one global Limited/ компанийн Монгол дахь дансанд cap бүр 5 500 000 ам.доллар шилжүүлж байх" гэсэн болзол тавьсан албан тоотыг шүүх буруу үнэлж дүгнэсэн. Учир нь энэхүү шаардаж буй мөнгө нь уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах хөрөнгө биш буюу нэхэмжлэгчийн хувийн хэрэгцээнд зарцуулагдах мөнгө байгааг шүүх анхаарч үзээгүй. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 16/22 тоот бичигт "... 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн "Хайрхан толгой коал" ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч манай тал хамтарсан компанийн цаашдын үйл ажиллагаанд оролцохгүй. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор хамтарсан компанийг татан буулгах, Хамтарсан компанийн эрх ашгийн үүднээс манай компанийг зээл авахад хүргэсэн 51 хувийн хувьцаа эзэмшигч Берунгруппээс учирсан хохирлоо арилгуулах гэсэн шаардлагуудыг хүргүүлсэн байна. Гэтэл шүүх дээрх баримтуудыг үүргийн гүйцэтгэл хангахыг шаардсан баримт гэж алдаатай дүгнэсэн. Өөрөөр хэлбэл энэхүү мэдэгдэлүүд нь нэхэмжлэгч тал бусдад тавьсан өрөө хариуцагчаар төлүүлэх, хүсэлтийг хангахаас татгалзвал хариуцагчийн 51 хувийг шилжүүлэн авах талаар мэдэгдсэн шаардлага байна. Хамтарсан компанид зориулж нэхэмжлэгч этгээд бусдаас мөнгө зээлсэн талаарх баримт хэрэгт байхгүй. Мөн энэ нь маргаанд хамааралгүй Берунгруппт хандсан мөнгө зээлдүүлэхийг шаардсан мэдэгдэл байгааг шүүх дүгнэж чадаагүй. Шүүх энэ талаар үндэслэх хэсэгтээ "2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 16/22 тоот албан бичгээр Берун группт хөрөнгө оруулахыг шаардаж байсан байна гэж тодруулж өгсөн нь аль болох нэхэмжлэгчид ашигтай байдал үүсгэх гэж оролдож хэргийн оролцогч биш этгээдэд явуулж байсан баримтыг хариуцагчид хамааруулан хэрэглэх гэж оролдсон байгааг харуулж байна. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16/24 тоот бичиг нь ".. гэрээ дууссан тул гар.." гэсэн утгатай болохоос уурхайд хөрөнгө оруулахыг шаардсан бичиг биш байгааг шүүх дутуу үнэлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/07 тоот албан бичгээр "..биднийг өөрийн хувьцаагаа гуравдагч этгээдэд худалдах гэж байхад саад хийж хэлцлийг зогсоосон, бидний хувьцааг худалдаж аваагүй, бидэнд хувьцаагаа 76 500 000 ам доллараар худалдах нөхцлийг тусгасан гэрээг тоогоогүй, иймд танай хувьцааг авна" гэсэн утгатай мэдэгдэл байна.

            Нэхэмжлэгч нь 38 000 000 ам долларыг хариуцагчаас авахыг шаардсан баримтууд хэрэгт авагдсан байгааг шүүх үнэлж чадаагүй. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн албан тоотоор нэхэмжлэгч тал өөрт ногдох 49 хувиа бусдад худалдах зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг хариуцагчид гаргаснаар хөрөнгө оруулах таатай нөхцөл алдагдсан байна. Талууд "Хайрхан толгой коал" ХХК-ийг байгуулан, "Берунмайнинг" ХХК-ийн эзэмшилд байх уул уурхайн тусгай зөвшөөрлийг шаардсаар байж шилжүүлэн авч маргаан бүхий хавсралтын 1 дэх хэсэгт заасан 193 715 000 юанийг эхлээд төлөх үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад шүүх анхаарч үзээгүй. "Берун майнинг" ХХК болон "Зэлэм" ХХК-ийн зүгээс тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт  гаргахад шүүх хэрэгсэхгүй болгосон нь хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэх боломжийг алдагдуулж хэт нэг талыг барьсан байгааг харуулсан. Маргаан бүхэлдээ 100 000 000 гаруй ам долларын үнийн дүнг агуулсан хувьцааны маргаан бөгөөд нэхэмжлэгч талаас хувьцаагаа барьцаалан мөнгө зээлдүүлэх шаардлага бие биедээ хүргүүлсэн албан тоотуудаар нотлогдож байна. Гэтэл маргаан бүхий уул уурхайд хичнээн хэмжээний хөрөнгө, мөнгийг хариуцагч талаас оруулсан талаар шүүх эцэслэн тогтоолгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнг зөв тодорхойлж чадаагүй. Хариуцагч тал шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг баримтлан дахин нотлох баримт цуглуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавихад шүүх хэрэгсэхгүй болгосон нь хөрөнгө оруулсан үнийн дүнг бодитойгоор тогтоох боломжгүй болгосон. "Хайрхан толгой коал" ХХК-ийн уул уурхайн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа баримт бичгүүдэд хариуцагч талаас 2016 оны 01 сараас хойш нийт 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан болохоо удаа дараа шүүхэд тайлбарлаж, нотлох баримтуудыг хавсаргасан боловч шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч талаас "Хайрхан толгой коал" ХХК-ийн уул уурхайн үйл ажиллагаа болон бусад зүйлд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргахад шүүх 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон нь хэргийг анхнаасаа буруу шийдвэрлэхэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл шүүх дэх маргаан 10 000 000 ам долларын хөрөнгө оруулаагүй гэдгээс эхэлсэн, мөн талуудын маргалдахгүй байгаа үнийн дүнгээр 1 ширхэг хувьцааны үнийн дүн 1 200 000-1 500 000 ам долларт хүрч байна. Хэрэгт авагдсан баримтуудаар 51 хувийн хувьцааг нэхэмжлэгч тал 76 500 000 ам.доллараар үнэлж байгаа нь нотлогдсоор байхад нэхэмжлэгчийн улсад төлсөн тэмдэгтийн хураамжийн талаар шүүх анхаарч үзээгүй. "Хайрхан толгой коал" ХХК-ийн Улсын бүртгэлийн Ерөнхий газар буюу эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан компани үүсгэн байгуулах үндсэн гэрээ, дүрмийг хавсралт гэрээ гэх бичгэн хэлцлээр хуулийн этгээдийн гол зорилго, чиглэл үйл ажиллагааг үгүйсгэж, түүнийг хүчин төгөлдөр байдлыг алдагдуулах эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт баталгаажуулалт гэх хавсралт нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9, 190 дүгэр зүйлийн 190.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул хүчингүйд тооцон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байхад шүүх хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгосон. "Бүтээгч энержи" ХХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлахдаа мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгтэй харьцуулан дүгнэлт хийхийг хүссэн. Их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр хийгдсэн энэхүү гэрээг хүчингүй болгох нь зүйтэй байхад шүүх анхаарч үзээгүй.

            Хамтран ажиллах гэрээ нь иргэнии эрх зүйн харилцаанд оролцогч талуудын зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, нэхэмжлэгч талд давуу байдал олгосон хууль бус үйл ажиллагаа болсон байна. Үүнээс үүсэн гарах эрх зүйн үр дагавар нь хэлцэл хүчин төгөлдөр бус болоход тооцогдох явдал байна гэж тодорхойлсон. Иймд дээрх маргаан бүхий гэрээ нь хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй. Хуулийн этгээд нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг үүсгэн байгуулах гэрээ дүрэмд тайлбар хийх замаар тодорхойлдог тул энэхүү маргаан Компанийн тухай хуулиар зохицуулагдана. Компанийн явуулж буй үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зүйл, заалтыг болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртхууны хэм хэмжээг зөрчихгүй, тогтсон дэг, журам, уламжлалд харшлахгүй байвал зохино гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хэм хэмжээг тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэгч хуулийн зүйл заалт, зан суртахууны хэм хэмжээг зөрчин хариуцагч талаас зөвхөн мөнгө хөрөнгө шаардаж, харин нэхэмжлэгч талд ямар үүрэг хариуцлага байхгүй мэтээр аашилж байгаа нь дээрх зан заншил ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн байгааг харуулж байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан заалт нь 8.1.1 дэх хэсгийн заалттай агуулгын хувьд нэг ба амьдрал дахь үйл ажиллагааныхаа харилцааг хэлцлээр зохицуулах аливаа этгээдийн эрх хэмжээ хязгааргүй байдаггүй. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хэм хэмжээ нь энэхүү тусгаар, бие даасан байдлыг үгүйсгэх хэм хэмжээ болж өгдгөөрөө онцлогтой. Маргаан бүхий хэлцлийн 5 дахь хэсгийн заалт нь илт ашиг хонжоо харсан заалт болсон бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.4, 202.2.5, 202.2.6, 202.2.7, 202.2.10, 202.2.12-т заасантай нийцэж байгааг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий гэрээг тайлбарлахдаа тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшеөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөдөр бус байдаг гэсэн Улсын дээд шүүхийн тайлбарыг шүүх орхигдуулсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хамтран ажиллах гэрээний хавсралтыг хүчингүй болгосноор "Берунмайнинг" ХХК, "Зэлэм" ХХК-иудад хохирол учрахгүй. Учир нь тэдний хууль ёсны эрх ашиг сонирхол "Хайрхан толгой Коал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний 8.10, 8.11 дэх хэсэг болон Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалтын гэрээгээр хамгаалагдсан. Энэ нь сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байгааг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК нь “Бүтээгч энержи” ХХК-д холбогдуулан “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хамтран ажиллах хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Талууд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр хоёр тал хамтран ажиллах зорилгоор “Хайрхан толгой коал” ХХК-ийг үүсгэн байгуулан нэхэмжлэгч нь хувьцааны 49 хувийг, хариуцагч тал 51 хувийг тус тус эзэмшихээр тохиролцож, уг гэрээний хавсралтаар хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны нөхцөл болон зардлыг харилцан тохиролцон 2 баталгаажуулалтыг бичгээр үйлдэн гарын үсэг зурж зурсан байна. /хх-13-22, 77-82/

Зохигчид хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулсан үйл баримтын хувьд маргаагүй, харин гэрээний хавсралт болох хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны баталгаажилтын гэрээний хүчин төгөлдөр байдал болон хэргийн харьяаллын талаар маргаж, хариуцагч тал уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан төдийгүй энэ нь давж заалдах гомдлын нэг үндэслэл болжээ.

Хэргийн 77-79 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл, талууд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтыг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хамтран ажиллах гэрээний салшгүй хэсэг болж гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр үйлчлэнэ гэж тодорхойлон улмаар уг гэрээгээр хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны нөхцлийг тохирсон байна.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх энэ үйл баримтыг зөв тогтоосон байна.

Хариуцагч тал 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж марган сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь дээрх гэрээний нэг тал болох “Бүтээгч энержи” ХХК-ийг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэг гишүүнтэй, гүйцэтгэх захирлаар н.Мандулаг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүймэнг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн гүйцэтгэх захирал н.Мандулагийн, Сүйминд гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг шилжүүлж, үүнтэй холбоотой хуулийн этгээдийн улсын бүртгэлд гүйцэтгэх захирлын нэр өөрчлөн бүртгүүлэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02/16 тоот хүсэлт зэрэг нотлох баримт хэрэгт авагджээ. /хх-25, 32/ Хариуцагч тал энэ баримтыг үгүйсгэх баримтыг гаргаагүй бөгөөд н.Мандула нь компанийг төлөөлөх эрхгүй байсан, эсхүл компани төлөөлөн удирдах зөвлөлтэй байсан гэх нөхцөл байдлыг нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд шүүх хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх учиртай тул талуудыг гэрээ байгуулах үед буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар хариуцагч  “Бүтээгч энержи” компанийг 1 гишүүнтэй байсан гэж дүгнэн, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт баталгаажуулалтын гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь зөв байна.

            Хариуцагч тал дээрх гэрээний 4 дэх заалтаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг авснаас хойш 6 сарын дотор 10 000 000 ам.доллароос доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээж, мөн гэрээний 5 дахь заалтаар энэхүү баталгаанд заасны дагуу уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулаагүй, эсхүл хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдол 49 хувийн хувьцаа эзэмшигч “Нитросибир азиа” ХХК-д 51 хувиа үл маргах журмаар шууд шилжүүлэн хамтарсан компанийн үйл ажиллагааг дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. /хх-77-79/ Энэ нөхцлийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2.8-д заасан хамтын үйл ажиллагааг дуусгавар болгох дуусгавар болгосон тохиолдолд дундын өмч хөрөнгийг яаж хуваарилах талаар тохиролцоо гэж үзэх боломжтой байна.

Нэхэмжлэгч “Нитросибир азиа” ХХК нь хариуцагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээний 5-д заасан тохиролцооны дагуу хамтын үйл ажиллагааг дуусгавар болгон, 51 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хамтарсан компани болох “Хайрхан толгой коал” ХХК-д шилжсэн /хх-145 дугаар тал/ байх бөгөөд “Бүтээгч энержи” ХХК нь энэ хугацаанаас хойш 6 сарын дотор 10 000 000 ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшиж буй 51 хувийн хувьцааг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3.8 дахь заалтад нийцэж байна.

Зохигчдын хоорондын хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон хэдий ч үүнтэй холбоотойгоор хийгдсэн гэрээ хэлцэл, дундын өмч хөрөнгө бий болсон, тэр өмч хөрөнгөтэй холбоотой гарсан зардал, үүргийн талаар хэн аль нь шаардлага гаргаагүй тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.4, 479 дүгээр зүйлийн 479.6 дахь хэсэгт заасан асуудлаар шүүх шийдвэр гаргаагүйг буруутгах боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх хариуцагч талын, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр ... шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй” гэж заажээ.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д зааснаар хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарагдсанаар хуульд заасан бичгээр олгосон итгэмжлэлийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. Хариуцагч “Бүтээгч энержи” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал БНХАУлсын иргэн Сүймин нь Ц.Цэцэгсүрэн, Т.Мөнхдэлгэр нарт компанийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг бичгээр олгож, гарын үсэг зурж, компанийн тамга дарсан байх тул уг итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. /хх-31, 48 дугаар тал/ Шүүх уг итгэмжлэлийг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Т.Мөнхдэлгэр нар нэхэмжлэлийг гардуулж, зохих ажиллагааг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг зөрчөөгүй байна. 

Түүнчлэн хариуцагч компанийн захирал Сүймингийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлт нь монгол хэл дээр бичигдэж, тэрээр гарын үсгээ зурсан байх ба энэ хугацаанд хариуцагч талаас энэ талаар хүсэлт, гомдол гаргаагүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.  

Мөн шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулцах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/01986 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 750 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

Ч.ЦЭНД

 НСА ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/01986 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч НСА ХХК-ийн, хариуцагч “БЭ ХХК-д холбогдуулан гаргасан НСА ХХК нь “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгон улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч компанийн, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хамтран ажиллах,  хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч талаас гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч Т.М, А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

            Нэхэмжлэгч НСА ХХК-ийн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “БЭ ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцож, хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Хайрхан толгой коал” хамтарсан компанийг үүсгэн байгуулж, тус компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Бид мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй олон улсын стандартад нийцсэн уурхайг бүтээн байгуулах зорилго тавьж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Хайрхан толгой коал” хамтарсан компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний 8.9-д “Бүтээгч энержи" ХХК нь хөрөнгө оруулалт, зээл авах, хөрөнгө босгох зэрэг хэлбэрээр хамтарсан компанийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийг хариуцна” гэж заасан. Мөн түүнчлэн гэрээний хавсралт болох Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээний 4-т “51 хувийн хувьцаа эзэмшигч “БЭ" ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор 10 000 000 ам.доллараас доошгүй хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр, 5-д “хэрэв 51 хувийн хувьцаа эзэмшигч “БЭ" ХХК нь энэхүү баталгаанд заасны дагуу уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулаагүй, эсхүл хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд хамтарсан компанийн 49 хувийн хувьцааг эзэмшигч болох манай “НСА" ХХК-д өөрийн эзэмшлийн 51 хувийн хувьцаагаа үл маргах журмаар шууд шилжүүлэн, хамтарсан компанийн үйл ажиллагааг дуусгавар болгохоор” тус тус заасан боловч өнөөдрийг хүртэл хариуцагч үүргээ биелүүлээгүй.

            Манай компани хамтарсан компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс “БЭ" ХХК-д хандан гэрээний үүргээ биелүүлж, тохиролцсон хугацаандаа хөрөнгө оруулалтаа хийхийг шаардаж, олон удаа уулзалт зохион байгуулж, албан бичгээр саналаа хүргүүлсэн. “БЭ" ХХК нь дээрх гэрээ болон гэрээний хавсралтад тусгагдсан үүргээ удаан хугацаанд биелүүлээгүй, цаашид хөрөнгө оруулж хамтран ажиллах эсэх нь тодорхойгүй байснаас үүдэн хамтарсан компанийн үйл ажиллагаа доголдож, хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн. Иймд НСА ХХК-ийг “ХТК” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “БЭ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 10 дугаар сард “ХТК” ХХК-ийг үүсгэн байгуулж, манай компани 51 хувийг эзэмшин, нэхэмжлэгч талтай хамтран уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болсон. “ХТ” ХХК нь “БМ” ХХК-ийн хувьцааг 5 500 000 ам.доллараар худалдан авч, түүний эзэмшилд байсан 5261Х хайгуулын тусгай зөвшөөрөл, мөн ашиглалтын зөвшөөрөл нь гарахад бэлэн болсон 511А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулахаар болсон. Ингэхдээ “БМ” ХХК-ийн хувьцааг худалдан авах гол нөхцөл нь худалдагч тал нь “ХТК” компанид итгэн өөрсдийн эзэмшилд байгаа 5261Х тоот хайгуулын зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө ба 511А тусгай зөвшөөрлийг авахад зориулсан 194 000 000 юань буюу 50 орчим тэрбум төгрөгийг “ХТК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдох хувьцааны хэмжээгээр хуваан төлж чадна гэсэн учраас хувьцаагаа худалдах зөвшөөрлийг олгосон. “Б” ХХК "...хэрэв “БЭ ХХК нь манай хувьцааг эзэмшихээ болих буюу хувьцаа эзэмшигч нарын хооронд хувьцааны талаар маргаан үүсгэсэн нь баримтаар тогтоогдсон тохиолдолд өөрийн эзэмшилд байх ёстой 5261Х, 511А тоот тусгай зөвшөөрлүүдээ буцаан шилжүүлэхээр шаардвал үл маргах журмаар шилжүүлнэ” гэх нөхцлийг дурдсан гэрээг байгуулсан. 193 715 000 юанийг хувьцаа эзэмшигч “Берунмайнинг”, “Зэлэм” ХХК нарын хуучин хувьцаа эзэмшигч нарт хамтран төлөх тухай Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт баталгаажуулалтын гэрээний 1, “Хайрхан толгой коал” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээний 8.10, 8.11-д зааснаар баталгаажсан. Талууд бусдад төлөх ёстой төлбөрөө төлөөгүй атлаа хувьцаагаа хоорондоо булаацалдах нь “Б” ХХК-ийг хохироох нөхцлийг бүрдүүлж байна.

            “Б” ХХК-ийн хуучин хувьцаа эзэмшигч нь тэдний компанийг худалдан авсан хувьцааны үнийг буюу 5 500 000 ам.долларыг хүлээн 8 сар болсон боловч нэхэмжлэгч талын гэрээ, хэлцэлд заагаагүй шаардлага, хүсэл зоригоос шалтгаалан энэхүү мөнгийг тухайн этгээдэд өгч чадаагүй өнөөдрийн байдлаар өртэй байна. Учир нь нэхэмжлэгч хөрөнгө оруулалтын төсөлд саналаа өгөх, уул уурхай ажиллах таатай эрх зүйн орчныг бүрдүүлэхийн оронд “Б” ХХК-ийн ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрсдийн компанид шилжүүлэн авсан өдрөөс хойш нэг сарын дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өөрсдөдөө ногдох хувьцаагаа бусдад худалдах талаар ярьж, хувьцааг бусдад худалдах, эрх олгохыг шаардсан. Үүний дагуу тэр зөвшөөрлийг олгосон бөгөөд шинэ хувьцаа эзэмшигч бий болохыг хүлээж байсан.

            Гэтэл 2016 оны 7 сараас эхлэн бусдад хувьцаагаа худалдаж чадахгүй байгаа нь “БЭ ХХК-иас болсон тул өөрсдийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг худалдан авахыг тулган шаардаж эхэлсэн. Мөн Хонгконгийн банкнаас авсан өөрсдийнхөө зээлийн хүү 1 500 000 ам.долларыг 2016 оны 8 сараас эхлэн сар бүр төлөхийг шаардсан. Бид 2016 оны 10 сард хувьцааг худалдан авах гэсэн боловч НСА ХХК нь маш өндөр үнийг хэлсэн учраас бид тохиролцож чадаагүй, учир нь бидэнд уул уурхайг эхлүүлэх болон “Б” ХХК-д төлбөр төлөх үүрэг гэрээнд тусгагдсан байсан.

            2016 оны 11 сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, мөн бидний хувьцааг ямар нэгэн төлбөргүйгээр өөрсдийн мэдэлд шилжүүлэхийг шаардсан. Ингээд олон таагүй уур амьсгал бүрдсэн үед хөрөнгө оруулалт хийх ямар ч боломжгүй болсон. Уул уурхайд хөрөнгө оруулалт хийхийн тулд эрх зүйн бүх бичиг баримтуудын бүрдүүлбэр бүрэн байж, ажиллах нөхцөлийн хууль зүйн орчин бий болох шаардлагатай байсан ба техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчин менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө зэрэг бүх шаардлагатай бичиг баримтууд гараагүй байсан. Энэ бүх бичиг баримтуудын зарим хэсгийг НСА ХХК нь өөрийн танил компаниудаар гүйцэтгүүлж, бид нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг тухайн зах зэлийн үнээс давуулан гаргаж өгсөн. Бусад дутуу бичиг баримтуудыг бид өөрсдөө хуульд нийцүүлэн ажиллаж, 2017 оны 4 сард дуусгасан. Мөн уул уурхайн бэлтгэл ажил эхлэх, хөрөнгө оруулалттай холбоотойгоор урьдчилан хийгдэх ажлын хүрээнд орон нутагт засмал зам тавих төрөл бүрийн зөвшөөрөл, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл сунгахтай холбоотой урьдчилсан ажлууд хийгдэж байна.

            Дээрх бүх ажлыг “БЭ ХХК дангаар хариуцан, хөрөнгө, мөнгө гаргаж ирсэн. Нэхэмжлэгч өөрсдийн хувьцааг өсгөх гэсэн далд санааг агуулан бидэнд ногдох хувьцааг өндөр үнээр худалдан авах санал тавьсныг “БЭ ХХК хүлээн зөвшөөрч, өөрсдийнхөө хувьцааг худалдах саналыг гаргасан боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч гэрээнд заасан заалтуудыг биелүүлээгүй, мөн хөрөнгө оруулалт хийх эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын төсөлд санал өгөх зэрэг үүргээ хэрэгжүүлээгүй.

            Нэхэмжлэгч нь гэрээний өөрсдөдөө ашигтай нэг заалтыг баримтлан, нэг хувьцаа эзэмшигчийн эрхийг хасах, түүний эзэмших эрхэд халдах тухай нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Компанийн тухай хууль болон бусад хуульд хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрхийг хуульд заагаагүй үндэслэлээр хязгаарлан, түүний хувьцааг үл маргах журмаар булаан авдаг зохицуулалт байхгүй. Уул, уурхайн ажил, тэр тусмаа хөрөнгө оруулалтын ажил нь шууд бүтдэг ажил биш. 6 сар, 1 жил байтугай 60 жил хийгддэг ажил бөгөөд нэхэмжлэгч нь биднийг шахамдуулсан. “БЭ ХХК, энэ уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ, бүх холбогдох уул уурхайн ажил явуулахад шаардагдах бүхий л баримт бичгүүдийг 2017 оны 2 сарын сүүлээр авч дууссан.

            Гэтэл Хувьцаа эзэмшигчдийн гэрээ буюу хамтарсан компанийн гэрээ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан бөгөөд 2016 оны 4 сард 6 сарын хугацаа нь дуусч байна. Эрх бүхий байгууллагын баримт бичгүүд, зөвшөөрлүүд гарч ирээгүй байхад ямар ч хөрөнгө оруулалт, ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дотоодын бичиг баримтын асуудлыг хариуцаж байсан. Хөрөнгө оруулалтын асуудал, хөрөнгө босгох, мөнгө олох ажлын 51 хувийг барьсан байгууллага хариуцахаар гэрээнд заасан.

            Уурхайн хөрс суулгалтын ажиллагааг эхлэх гэж байхад хилийн хориг тавьсан ба уг хэрэг дээр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх арга хэмжээ авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гацаасан. Ингээд хариуцагч талаас хохирол нэхэмжилсэн. Бид шилжүүлэг, гуйвуулгын баримтуудыг шаардлага хангасан байдлаар оруулсан. “БЭ ХХК, “ХТК” ХХК гэх байгууллагуудын “ХТК” ХХК нь толгой компани бөгөөд энэ компанийн хооронд оруулсан нийт хөрөнгө нь 306 741 840 төгрөг, юаниар 50 000 юань, ам.доллараар 313 00 ам.долларын хөрөнгө оруулсан ба 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэсэн огноотой. “БЭ ХХК нь ашигт малтмалын хайгуулын лицензийн төлбөрт 571 112 033 төгрөг, ажилчдын цалин 19 841 652 төгрөг, бараа материал, үйл ажиллагаатай холбоотойгоор болон хамгаалалтын хөлс 259 837 760 төгрөгийн хөрөнгийг оруулсан. “БЭ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө, оффиссын барилгын захиалга гэж байсан боловч сүүлд хөрөнгө оруулалт руу оруулахаас өөр аргагүй болж, үл хөдлөх эд хөрөнгөө олж авч чадахаа байсан бөгөөд энэ төлбөрт нийт 25 150 000 юань, ам.доллараар 2 500 000 ам.долларын хөрөнгийг оруулсан. Мөн уурхайн ордны бичиг баримтын бүрдэл, боловсруулалттай холбоотой гэрээний төлбөрт нийт 90 000 000 төгрөгийг зарцуулсан. Бид өөрсдийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй болсон учраас Зайсан скуэр оффиссын байр түрээслэсэн ба түрээсийн төлбөрт 35 529 600 төгрөг, тухайн үеийн ханшаар нийт 13 806 502 855 төгрөгийн хөрөнгийг зарцуулсан байна.

            Дээрх гэрээний хавсралтыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотолно. Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотолно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч “БЭ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын, мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалтын гэх хавсралтуудыг “ХТК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний нэмэлт гэрээнүүд гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна. Уг гэрээний толгой хэсэгт ямар гэрээний хавсралт болохыг нь зааж өгсөн байх ба “ХТК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэж тодорхойлсон байна. Иймээс энэ хавсралтуудыг өөр аж ахуйн нэгж байгууллагын өөр гэрээний хавсралт гэрээ гэж үзэж байна. “ХТК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн яаж оруулах талаар талууд уг гэрээний 19.1 дэх хэсэгт харилцан тохиролцсон байх бөгөөд уг зүйлд “Энэхүү гэрээний оролцогч тал нь гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд эдгээр нэмэлт өөрчлөлтүүд нь гэрээний салшгүй хэсэг болно” гэж заасан ба “хавсралт” нэрээр уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар талууд тохиролцоогүй байгаас үзвэл гэрээний 19.1 дэх заалтын дагуу уг гэрээнд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтүүд нь "нэмэлт өөрчлөлт”-ийн гэрээ нэртэй байхаар харилцан зөвшилцсөн гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна. Иймээс “ХТК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээ, мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх хавсралтуудыг “ХТК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний салшгүй хэсэг гэж үзэх боломжгүй юм.

            “ХТК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээний 5 дахь заалтад “...уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулаагүй, эсхүл хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд 49 хувийн хувьцаа эзэмшигч НСА ХХК-д 51 хувийг үл маргах журмаар шууд шилжүүлэн, хамтарсан компанийн үйл ажиллагааг дуусгавар болгоно” гэж заасан. “ХТК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, “ХТК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх хавсралтуудыг “БЭ ХХК болон НСА ХХК-ийн захирлууд баталсан. Эдгээр хавсралтуудыг “Хайрхан толгой коал ХХК”-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний салшгүй хэсэг мөн юм гэж үзэх юм бол “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын 5 дахь заалтаар “...51 хувийн хувьцаа нь НСА ХХК-д үл маргах журмаар шууд шилжихээр, Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалтын 1 дэх заалтаар 193 715 403.73 юань “Б” ХХК болон “З” ХХК-д шилжихээр заасан.

            2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээгээр тохиролцсон “Х” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг бусдад шилжүүлэх, 193 715 403.73 юанийг “Б” ХХК болон “З” ХХК-д шилжүүлэх тухай хэлцэл нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “ХТК” ХХК-ийн хувьд Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд, хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй” гэж зааснаар их хэмжээний хэлцэлд хамаарч байна. Энэ тохиолдолд Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.16-д зааснаар хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрлийг төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ олгосон байх учиртай.

            Гэтэл дээр дурдсан Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх хавсралтуудыг “БЭ ХХК болон НСА ХХК-ийн захирлууд нь “ХТК” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс олгосон шийдвэргүйгээр, төлөөлөн удирдах зөвлөлийн ашиг сонирхлын зөрчилгүй гишүүдэд мэдэгдэлгүйгээр, нууцаар баталсан зэрэг үндэслэлүүд байх тул Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн хөрөнгө оруулалт, Зардлын баталгаажуулалт гэх хавсралтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч “НСА” ХХК-ийн төлөөлөгч С.Г сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Зохигчид буюу гэрээ байгуулсан талууд “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын баталгаажуулалтыг анх байгуулахдаа гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ гэж тусгайлан зааж, харилцан тохиролцсон.

            Гэрээний нэмэлт хавсралтыг хийхдээ бид хамтарсан компанийн үйл ажиллагааг эрчимтэйгээр хэвийн жигд явуулах зорилтыг тавьсан учраас харилцан үүрэг хүлээсэн нь ямар нэг байдлаар хууль зөрчсөн үйлдэл биш. Эхлээд хөрөнгө оруулагч “БЭ ХХК-иас гаргасан саналыг хүлээн авч, тус компаниас эргэн төлөгдөхөөр 2008 оноос 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаргасан 193 715 403.73 юаны хөрөнгө оруулалтын дүнд ямар нэгэн хасалт хийхгүйгээр буюу хүрсэн бүх зардлыг нь хүлээн зөвшөөрч баталгаажуулан 2 тал санхүүгийн тайланд тусгахаар тохиролцсон. Энэ талаар үндсэн гэрээний 8.11-д заасан нарийвчлан тусгаж, хамтарсан компанийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж эхлэх үед нэн тэргүүнд эргэн төлөхөөр тохиролцсон. Гэвч үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж, эхлээгүй байна.

            “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний 1.2, 8.9 дэх заалтуудтай гэрээний нэмэлтийн 3 дахь заалт уялдаж, талууд харилцан үүрэг хүлээсэн учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэл гаргасан “БЭ ХХК өөрөө гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 6 сарын дотор 10 000 000 ам.доллараас доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэсэн амлалтанд хүрээгүй. Мөн үүрэг хүлээсэнтэй холбоотой хариуцлага болох гэрээний нэмэлтийн 5 дахь заалт болох уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулаагүй, хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд 49 хувийн хувьцаа эзэмшигч “Нитросибирь азиа” ХХК-д 51 хувийн хувьцаагаа үл маргах журмаар шууд шилжүүлэн хамтарсан компанийн үйл ажиллагааг дуусгавар болгоно гэсэн заалтыг биелүүлэхээс татгалзан зугтаасан. Хариуцагч тал үндсэн гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлт, хавсралтуудад тусгагдсан өөрийн үүргээ хүчингүй болгуулж, эсрэгээрээ өөрт ашигтай бусад заалтуудыг нь хэвээр үлдээхээр санаархаж байгаа нь илт байна. Гэрээний зарчим, ухагдахуун нь нэг талын ашиг сонирхлыг бус харилцан тохиролцсон талуудын эрх ашиг, хүсэл сонирхолд тэгш хандах ёстой учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм.

            Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан хавсралтууд нь өөр аж ахуйн нэгж байгууллагын хавсралт гэрээ байх тул үндэслэлгүй байна. Эдгээр хавсралт гэрээнүүд нь талуудын сайн дурын үндсэн дээр албан ёсоор байгуулагдсан нэмэлт гэрээ мөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд үндсэн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт гэрээнүүдийг хүчингүй болгох боломжгүй, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч НСА ХХК нь “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож, НСА ХХК-ийг  “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллага /Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар/-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр НСА ХХК болон “БЭ ХХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “БЭ ХХК нь нэхэмжлэгч НСА ХХК-д холбогдуулан гаргасан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр НСА ХХК болон “БЭ ХХК-ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 750 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийгтус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “БЭ ХХК-иас 166 750 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч НСА ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч “БЭ ХХК-ийн өмгөөлөгч А.Батбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт “Бүтээгч энежри” ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14/03 тоот Ц.Цэцэгсүрэнгээс олгосон итгэмжлэл авагдсан байх ба тус итгэмжлэлд захирал Сүймин /XUEMIN/ тайлалтай гарын үсэг зурагдаж тамгалагдсан байна. Хэргийн 32 дугаар талд авагдсан “БЭ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гадаадын хөрөнгө оруулалттай, гишүүний тоо 1 гэсэн байх ба 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүйминийг гүйцэтгэх захирлаар томилсон. Хэргийн 33-40 дүгээр талд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “БЭ ХХК-ийн шинэчилсэн дүрэм авагдсан ба уг дүрэмд Tiang Yu Feng гэсэн тайлал бүхий гарын үсэг зурагдсан. Хэргийн 45 дугаар талд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар авагдсан байх ба агуулга нь монгол хэлээр бичигдсэн, тайлбар гаргасан Сүймин гэсэн тайлалтай гарын үсэг зурагдсан. Хэргийн 92 дугаар талд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт байх ба агуулга нь монгол хэл дээр, гарын үсэг нь Сүймин гэсэн тайлбартай зурагдсан байна. Хэргийн 110, 116, 121 дүгээр талуудад гадаад үсгээр буюу Хятадаар бичсэн баримт авагдсан байх бөгөөд албан ёсны орчуулга байхгүй. Хэргийн 125 дугаар талд “БЭ ХХК-ийн сөрөг нэхэмжлэл авагдсан бөгөөд агуулга нь монгол хэл дээр, гаргасан хүн нь гадаад хүн байна.

            Дээрх нөхцөл байдлууд хэргийн материалд бодитойгоор байгаа бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулийн хүрээнд явуулж, хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг ханган, талуудад мэтгэлцэх, хэргийн талаар бүрэн ойлголтыг авах боломжоор хангах учиртай. Тус хэрэгт хариуцагчаар татагдан оролцож байгаа “БЭ ХХК нь 100 хувийн гадаадын улсын хөрөнгө оруулалттай, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд нь гадаад хүн буюу Хятад Улсын иргэн Сүймин болох нь харагдаж байгаа бөгөөд тус иргэн нь Монгол хэл, бичиг мэдэхгүй, олгосон итгэмжлэл, тайлбар, сөрөг нэхэмжлэл нь албан ёсны орчуулга байхгүй, ямар утга агуулгатай нэхэмжлэл ирсэн, түүний утгыг бүрэн гүйцэд ойлгож, оновчтой тайлбар, нотлох баримтыг өөрийн зүгээс цуглуулж өгөх, хэлэх боломж олгоогүйг, шүүхээс тухайн иргэн монгол хэл, үсэг мэддэг эсэх талаар тодруулаагүй, ийм баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.

            Мөн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ, хамтран ажиллах хөрөнгө оруулалтын баталгаажуулалт зэрэг талуудын тодорхой зүйлсийн талаар тохиролцсон бичмэл нотлох баримт нь албан ёсны орчуулга байхгүй, хэргийн оролцогчийн хэн аль нь бүрэн төгс ойлголттой эсэхийг нягтлаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байхад шийдвэрийн үндэслэлээ болгож үнэлсэн нь үндэслэлгүй болжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан эсэх нь шүүгчийн захирамжаар баталгаажаагүй, талуудын гаргасан хүсэлт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүгчээс гаргасан захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулсан, гардуулсан эсэх нь эргэлзээтэй, гарын үсэг зуруулаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Монгол өмгөөлөгч ажиллагаанд оролцсон байх ба шүүхийн нөлөөллийн мэдүүлэгт 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар гарын үсэг зураагүй, шүүхээс шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу хэргийн оролцогч тус бүрээс нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулж авах журамтай байтал ийм ажиллагаа хийгдээгүй нь шүүхэд итгэх итгэлийг, шийдвэр үндэслэлтэй гарсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар тус хэргийг шүүхээр хэлэлцүүлэх, шүүх хуралдаан даргалагчийг томилсон, тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

   Хариуцагч “БЭ ХХК-ийн төлөөлөгч Сүймин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хувьцаа эзэмшигчдийн гэрээ нь нийт 19 зүйлтэй ба тэдгээрт хавсралт гэрээ болон ямар нэгэн бичгийг хавсаргах тухай нэг ч заалт, үг, үсэг байхгүй. Энэ гэрээнд хувьцаа эзэмшигч "Бүтээгч энержи" ХХК-ийг төлөөлөн тус компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчээс олгосон бүрэн эрхийн дагуу гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Мандула нь гарын үсэг зурсан. Энэ гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд "Бүтээгч энержи" ХХК-ийн талаас н.Мандулагаас гадна манай компанийн эрх бүхий хэд, хэдэн албан тушаалтнууд оролцсон. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай компани болон "Нитросибир азиа" ХХК-ийн хооронд дээрх гэрээнээс өөр ямар ч бичиг, баримт үйлдээгүй, хэн нэгэн албан тушаалтан түүний дотор н.Мандула гарын үсэг зураагүй. Ийм учраас нэхэмжлэгчээс гаргасан гэрээний хавсралт гэх 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр огноо тавьсан хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэсэн бичгүүдийг хариуцагч "Бүтээгч энержи" ХХК-ийн хувьд үйлдээгүй ба түүнд ийм төрлийн бичиг үйлдэх хүсэл зориг байгаагүй тул энэ тухай яриа, хэлэлцээр хийгдэж байгаагүй. Иймд энэ маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт болон Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх бичгүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хуулийн шаардлагад нийцүүлэн, эрх бүхий этгээдүүд байгуулсан эсэхэд бодитой дүгнэлт хийх нь онцгой ач холбогдолтой юм. Харамсалтай нь, шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг биелүүлээгүй учраас "Бүтээгч энержи" ХХК-д ийм бичиг үйлдэх хүсэл зориг байсан эсэх, "Бүтээгч энержи" ХХК-ийг төлөөлөн эдгээр бичгийг үйлдсэн гэх н.Мандулад тэдгээрийг үйлдэх бүрэн эрх байсан эсэх, байсан гэж байгаа бол түүнийг нотолж буй "Бүтээгч энержи" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр баталгаажсан итгэмжлэл байгаа эсэх, хэрэв дээр дурдсан бичгүүдийг хөдөлмөрийн гэрээний дагуу "Бүтээгч энержи" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хувьцаа эзэмшигч бус н.Мандула үйлдсэн бол түүнд Компанийн тухай хуулийн 87 (Их хэмжээний хэлцэл), 88 дугаар зүйл (Их хэмжээний хэлцэл хийх/-д заасан журмын дагуу "Бүтээгч энержи" ХХК-ийг төлөөлөн тэдгээрт гарын үсэг зурах бүрэн эрх байсан эсэхийг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн үндэслэл бүхий тайлбар, хүсэлтийг шүүх хүлээж аваагүй, өрөөсгөл хандсан.

Учир нь н.Мандула гэгчийг шүүхэд гэрчээр дуудан, яагаад хувьцаа эзэмшигчийн (ТУЗ) зөвшөөрөлгүйгээр ийм бичгүүдийг үйлдсэнийг заавал асууж тодруулах шаардлагатай байсан. “Бүтээгч энержи" ХХК нь "Хайрхан толгой коал" ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг эзэмшдэг ба харин "Бүтээгч энержи" ХХК нь нэг гишүүнтэй буюу түүний үүсгэн байгуулагч нь БНХАУ-ын хуулийн этгээд болох "Өвөр монголын Ми Дуо Энержи" ХХК болох нь энэ компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /дугаар 9019081047, регистрийн дугаар 6009549/ -гээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т зааснаас үзвэл, "Хайрхан толгой коал" ХХК-ийн нийт хувьцааны 51 хувь нь "Бүтээгч энержи" ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд хэрэв түүнийг бусдад шилжүүлэхээр гэрээ байгуулахаар болсон бол тухайн тохиолдолд н.Мандулад ийм эрх олгосон итгэмжлэл үйлдэн, түүнд энэ компанийн ганц хувьцаа эзэмшигч болох "Өвөр монголын Ми Дуо Энержи" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан болон түүний нягтлан бодогч зайлшгүй гарын үсэг зурсан байх ёстой. Гэтэл хариуцагчийн зүгээс ийм эрх олгосон итгэмжлэлийг н.Мандулад олгоогүй тул хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх бичгүүд нь хууль бус, хүчин төгөлдөр бус болох тухай сөрөг нэхэмжлэлдээ тодорхой дурдсан, шүүх хуралдааны явцад үндэслэл бүхий тайлбар гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгосон.

          Нэхэмжлэгч манай сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа болон мөн шүүх хуралдааны явцад н.Мандула нь хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх бичгүүдэд гарын үсэг зурахдаа "Бүтээгч энержи" ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох "Хайрхан толгой коал" ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах бүрэн эрхтэй байсан гэх ямар ч нотлох баримтыг гаргаагүй. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс н.Мандула нь түүнд ийм бүрэн эрх олгосон итгэмжлэлтэй байсан эсэх талаар нотлох баримтыг шаардан гаргуулах, хэрэв гаргаагүй тохиолдолд манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байсан.

Нэхэмжлэгч "Нитросибир азиа" ХХК болон хариуцагч "Бүтээгч энержи" ХХК-ийн хоорондох маргааны зүйл нь зөвхөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хамтран байгуулсан "Хайрхан толгой коал" ХХК-ийн хууль ёсны эрх, ашгийг хөндөж байгаа бус, тус компанийн эзэмшилд байгаа ашиглалтын 020511А, хайгуулын 5261X тоот тусгай зөвшөөрлийн талбайд "Берунмайнинг" ХХК, "Зэлэм" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөж гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Хэрэв шүүхийн шийдвэр хүчинтэй үлдвэл ашиглалтын 020511А, хайгуулын 5261X тоот тусгай зөвшөөрлийн талбайд оруулсан 194 000 000 юанийн хөрөнгө оруулалтаараа "Берунмайнинг" ХХК болон "Зэлэм" ХХК-иуд хохирч үлдэнэ. "Хайрхан толгой коал" ХХК нь маргааны гол сэдэв болж буй хариуцагч "Бүтээгч энержи" ХХК-иас хөрөнгө оруулалт хийсэн эсэх, хэрэв хийсэн бол хэзээ, ямар хэмжээгээр хийснийг шүүхэд мэдүүлэх шаардлагатай байхад зориуд оролцуулаагүй нь шүүх нэг талыг барьж шийдвэр гаргахад нөлөөлсөн. Нэхэмжлэгч нь анхнаасаа хамтрагч талдаа бодит биш болзол тулгаж, ирээдүйд "Хайрхан толгой коал" ХХК-ийн эзэмшилд ирж ч болох, ирэхгүй ч байж болох 562IX тоот тусгай зөвшөөрлийг 10 0000 000 ам доллараар үнэлэн, "тийм хэмжээний хөрөнгө оруулалтыг 6 сарын дотор оруулах, хэрэв оруулахгүй бол 51 хувийн хувьцааг нь үл маргах журмаар шилжүүлэн авна" гэсэн заалтыг хавсралт гэх хууль бус бичигт оруулж, эх гэрээний ("Хайрхан толгой коал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн гэрээ) "Маргаан таслах" гэсэн 13 дугаар зүйлийг үндсээр нь өөрчлөн, өөрийн 49 хувийн хувьцаагаа 60 000 000-72 000 000 ам доллараар худалдан авахыг "Бүтээгч энержи" ХХК-д тулгах, компанийн үйл ажиллагаанд оролцохгүй зэрэг үйлдэл нь анхнаасаа хамтарч уул уурхайн тогтвортой бизнес эрхэлж ашиг олох гэхээсээ илүүтэйгээр маргаан үүсгэж, "Бүтээгч энержи" ХХК-иас их хэмжээний мөнгө салгах зорилготой байсан нь харагдана. Энэ зорилго нь нэхэмжлэлийн агуулга, нотлох баримтуудаар авагдсан "Нитросибир азиа" ХХК-ийн албан тоотуудаас нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар болон маргаж буй хавсралт гэх хоёр бичгээс тодорхой харагдаж байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Учир нь шүүх эхлээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр шууд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхэд "гол анхаарлаа" хандуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. "Хайрхан толгой коал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн гэрээний 12 дугаар зүйлд "Энэхүү гэрээнээс үүдэн гарах аливаа маргаан болон энэхүү гэрээнээс үүдэн гарах гэрээний бус маргаан зэрэг асуудлаар Хонг Конгийн Олон улсын Арбитрын шүүхэд хандана гэж заасан. Хууль зүйн онолын хувьд, аливаа нэгэн гэрээний хавсралт нь үндсэн гэрээнд заасан холбогдох заалтын талаарх тооцоо, судалгаа тусгасан баримт байж, гэрээний бүхий л заалтад нийцсэн байх учиртай. Харин гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах бол энэ нэмэлт, өөрчлөлтийн тухай гэрээг шинээр байгуулах ба түүний хэлбэр, агуулга нь Иргэний хуулийн гэрээний эрх зүй 15 дугаар бүлгийн заалтуудад нийцсэн байх ёстой бөгөөд хууль зүйн хувьд үндсэн гэрээний хавсралт бус, харин үндсэн гэрээний адил бие даасан, хууль зүйн хүчин төгөлдөр акт байх учиртай. Гэтэл "Хайрхан толгой коал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн гэрээний хавсралт гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт гэсэн бичигт үндсэн гэрээний маргааныг шийдвэрлэх Арбитрын шүүхийн харьяаллыг өөрчилсөн нь илтэд хууль бус байсныг хариуцагч нэг бус удаа хэлж мэдэгдсэн боловч шүүх анхааралдаа аваагүй. Ийнхүү шүүх Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг илтэд зөрчин шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "..Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3.8-д заасны дагуу хариуцагч Хөрөнгө оруулалт, зардлын гэрээ гэх хавсралтын 4, 5-д заасан үүргээ гүйцэтгээгүй бол нэхэмжлэгч гэрээг дуусгавар болгох, 51 хувийн хувьцааг шилжүүлэн авахыг шаардах эрхтэй" гэжээ.

            2 этгээд ашиг олохоор хуулийн этгээд байгуулан хамтран ажиллах гэрээ байгуулсан энэ тохиолдол субьект болон обьектив шинжийн хувьд хамааралгүй байхад шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг шийдвэрийнхээ үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийг зөрчиж, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг хангасан байгааг харуулж байна. Шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.8-д заасныг баримталж байгаа бол гэрээ дуусгавар болгох хууль зүйн үр дагавар нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлд заасныг баримтлан дуусгавар болно. Шүүхийн баримталсан заалт нь хамтран ажиллах гэрээг байгуулахдаа тусгах агуулга юм. Гэрээнд мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.6, 476.3.7-д заасныг заавал тусгах шаардлагатай. Гэтэл энэ нь компани байгуулан гэрээ байгуулж байх тул мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.7-д хамаарахгүй бөгөөд компани татан буугдах тохиолдолд гэрээний дуусгавар болгох хугацаа яригдана. Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхэд зайлшгүй хангагдсан байх ёстой урьдчилсан нөхцөл нь хамтын үйл ажиллагааны зорилгодоо хүрэхийн тулд талууд ямар байдлаар оролцох ёстойг тодорхой зааж өгсөн байх явдал юм. Гэтэл хамтран ажиллах гэрээ гэх хавсралтад нэхэмжлэгч талд ямар нэгэн үүрэг байхгүй бөгөөд зөвхөн шаардах эрх байгаа нь гэрээний тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан байгааг харуулж байна. Талуудын тэгш эрхийн зарчим нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасантай гэрээ байгуулагдах өдрөөс эхлэн харшилсан байгааг харуулж байна. Хамтран ажиллах гэрээний талууд тэгш эрхтэй байх зарчим нь хамтран ажиллах гэрээний эрх зүйн үндсэн зарчмын нэг мөн. Хэрэв шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг баримталж байгаа бол талуудын тэгш эрхийн зарчмыг хамгаалсан заалтуудыг харьцуулан хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Хамтран ажиллах гэрээнд оролцогч талууд хамтын ашиг олох зорилгод хүрэхийн тулд нэгдэж, хамтарч байгаа нь энэхүү гэрээнд үйлчилж байгаа зарчмыг илэрхийлж байдаг. Хамтран ажиллах гэрээ нь агуулгын хувьд зөвхөн хэлбэрийн төдий тэгш байх бус харин хэн нэг нь үндэслэлгүйгээр давуу эрх эдлэхгүй байх ёстой. Үүнийг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.12, 479 дүгээр зүйлийн 479.5 дахь хэсэгт заасан байгааг шүүх мөн хуулийн 476 дугаар зүйлийг баримталж байгаа бол үүнийг анхаарч үзэх ёстой байсан. Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний заалтад оруулсан "Хайрхан толгой коал" ХХК-ийн эзэмшлийн уурхайд оруулсан хөрөнгийг хооронд нь харьцуулан тооцох нь хамтран ажиллаж байгаа гэх зарчмыг үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Ийм учраас хариуцагч нэхэмжлэгч талын санхүүгийн хураангүй тайлан болон бусад баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дах хэсгийг баримтлан гаргуулахыг хүссэн боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

            Шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийг баримталсан бол хамтран ажиллах гэрээнд хураамж төлөх үүрэг буюу Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2 дахь хэсэгт заасан үүрэг гэрээнд заавал тусгагдах ёстой гэдгийг анхаарна. Энэ нь тэгш эрхийн зарчим буюу мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.3-т зааснаар хангагдана. "Хайрхан толгой коал" ХХК-ийг байгуулахад талууд хувь хураамж гаргаагүй. Хураамж гэдгийг мөнгө, хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө гэсэн үндсэн хэлбэрээр ойлгохоос гадна эрх, ажил гүйцэтгэл, шаардлага зэрэг олон зүйлээр ойлгоно. Үүнээс нэг нь ч нэхэмжлэгчид үүрэг болон заагдаагүй байгаа нь "Хамтран ажиллах.." хавсралт хүчин төгөлдөр бус байгааг нотолж байхад шүүх анхаарч үзээгүй. Хэрвээ шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 476 дугаар зүйлийг баримталж байгаа бол "Хамтран ажиллах.." гэрээ гэгч хавсралтийн 4, 5 дахь хэсгийн заалтууд нь Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.7 дахь хэсгийн заалтыг зөрчиж байгааг анхаарч үзэх үүрэгтэй байсан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байсан. Учир нь хавсралт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоноор нэхэмжлэгч талд ямар нэгэн бодит хохирол учрахгүй, үүсэхгүй нөхцөл байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь орлого, зарлагын гүйлгээгүй икс тайлан гаргадаг компани бөгөөд нэг ч мөнгө болон хураамжийг хөрөнгө оруулалтад зарцуулаагүй тул эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм. Энэ талаар шүүх хурлын мэтгэлцээнд хариуцагч тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүй нь хөрөнгө оруулагч /хариуцагч/-ийг хохирооход хүргэсэн. Нэхэмжлэгч тал хуралдаанд нэг ч удаа Хамтран ажиллах гэрээ гэсэн зүйлийг дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэх хуулийн нэг ч заалтыг баримтлаагүй. Талууд хавсралт гэрээний хамтран ажиллсан талаар биш, хувьцааны талаар маргасан. Нэхэмжлэлийн шаардлага "..51 хувийн хувьцааг шилжүүлэн авах.." гэсэн байна. Хувьцааны талаарх маргаан нь Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлд зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх асуудал болохоос шүүхийн шийдвэрлэх маргаан биш байна. Энэ тухай шүүхэд тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүй. "Бүтээгч энержи" ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэж өгөхийг хүссэн. Өөрөөр хэлбэл 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр талууд "хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт" хавсралтыг байгуулж байх цаг хугацаанд уг уул уурхайн тусгай зөвшөөрлүүд "Хайрхан толгой коал" ХХК-д байгаагүй. Гэрээ байгуулснаас хойш хагас жилийн дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 5261Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл 020511A тоот тусгай зөвшөөрөл "Хайрхан толгой коал" ХХК-ийн эзэмшилд ирсэн нь талууд өөрт байхгүй байсан хөрөнгийг бусдад шилжүүлэх тухай Хамтран ажиллах гэрээг байгуулсан байгааг нотолж байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд баталгаажсан гэрээний эрх чөлөөт байдлыг, мөн хуулийн 190 дүгээр зүйлийн 190.1 дэх хэсэгт заасан хориглолтоор хязгаарлаж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3 дахь хэсэгт зааснаар уул уурхайн тусгай зөвшөөрөл бий болсон үед уг тусгай зөвшөөрөлд дурдсан үйл ажиллагааны талаарх гэрээ байгуулах эрх нээгдэх тухай тусгайлан заасан. Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.1 дэх зохицуулалт нь эхний ээлжинд ашигтай байж болох юм шиг байдлыг таниулах, эрх зүйн баталгаат бус байдал болон тодорхой бус байдлаас сэргийлэхэд чиглэсэн. Ирээдүйд би болох хөрөнгийн талаар хийгдэж байгаа гэрээний хувьд тухайн эд хөрөнгийг эзэмших өөрийнх нь эрхэд хэн ч халдах боломжгүй байх санаа яригдана. Эс тэгвэл өөрийн хөрөнгийг мэдэж захиран зарцуулах боломжгүй байдал үүсэж болзошгүй. Ирээдүйд бий болох хөрөнгөн дээр гэрээ байгуулах нь ямар хэмжээний хөрөнгө гаргаж, хичнээн орлого олсноос үл хамааран бүгдийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэх ёстой болж өөртөө юу ч авч үлдэх боломжгүй болдог.

            Иргэний эрх зүйн хувьд өөрийнхөө бүх хөрөнгийг амлах хэлбэрээр шилжүүлэх үүрэг хүлээх боломж хэнд ч байхгүй гэсэн зохицуулалт байхад шүүх анхаарч үзсэнгүй. Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийг хэрэглэхэд шаардлагатай урьдчилсан нөхцөл хангагдсан бол ирээдүйд бий болох хөрөнгөд хамааралтай гэрээ нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 190 дүгээр заалтын утга нь үүрэг хүлээгч нь ирээдүйд өөрт нь үүсэх бүх шаардлагаа, эсхүл ирээдүйд бий болох бүх барьцаалах боломжтой хөдөлмөрийн орлогоо тааварлах боломжгүйгээр үүсэх ирээдүйн нөхцөл байдлаас үл хамааран бусдад шилжүүлэхийг амлах нь хүчин төгөлдөр бус гэсэн байдаг. Их хэмжээний хэлцлийн шинжийг агуулсан маргаан бүхий гэрээг байгуулах шийдвэрийг олгох эрх бүхий этгээд буюу "Бүтээгч энержи" ХХК-ний хувьцаа эзэмшигч БНХАУ-ын хуулийн этгээд "Өвөр монголын ми дуо энержи" ХХК-ийн зөвшөөрөл шаардлагатай болно. Гэтэл дээрх этгээдүүдийн шийдвэр гараагүй байхад хэлцлийг гүйцэтгэх захирал н.Мандула дангаараа байгуулсан нь Компаний тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байгааг харуулж байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт хавсралтад тусгагдсан "Бүтээгч энержи" ХХК-ийн хүлээсэн үүрэг болон "Нитросибир азиа" ХХК-ийн хариу үүрэг хоёрын хооронд томоохон зөрүүтэй байдал бий болсон, гэрээний нэг талын эдийн засгийн үйл ажиллагааг ихээхэн хэмжээгээр хязгаарласан байдал үүсгэсэн энэхүү хэлцэл нь зан суртахууны хэм хэмжээнд харш байх тул хүчин төгөлдөр бус байх шаардлагыг хангасан байгааг шүүх зориуд орхигдуулсан байна. Энэхүү маргаан бүхий хавсралт нь гүйцэтгэлд чиглэсэн хэлцэл болохоос үүрэгт чиглэгдсэн хэлцэл биш юм. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгч этгээдэд үндэслэлгүйгээр ашигтай байдал олж авах боломжийг бий болгосон нь үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалтын дагуу харилцан буцаах үйл ажиллагааг шаардлагатай болох эрх зүйн үр дагаврыг бий болгож байна. Энэ мэтчилэн шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс болж хариуцагч болон хуралд оролцож чадаагүй гуравдагч этгээдүүдэд эд хөрөнгийн бодит хохирлыг бий болгосон нь шийдвэрийг хүчингүй болгох нөхцлийг бүрдүүлж байна. Шүүх "Хайрхан толгой коал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын хувьцааны маргааныг шийдвэрлэхдээ бие даасан хуулийн этгээд болох "Хайрхан толгой коал" компанийг оролцуулалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг зөрчиж, хэргийг үнэн зөв бодитойгоор шийдвэрлэх боломжийг алдагдуулсан. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар "Хайрхан толгой коал" ХХК-ийн 49 хувийг эзэмшигч нэхэмжлэгч тал хараат компани байсан бөгөөд хариуцагч тал болох 51 хувийн хувьцаа эзэмшигч нь мөн хуулийн 6.3 дахь хэсэгт зааснаар охин компани байсан тул толгой компани болох "Хайрхан толгой коал" ХХК-ийн санхүүтэй нэгдсэн тайланг нийцүүлэн гаргадаг байсан. Гуравдагч этгээдээр "Хайрхан толгой коал" ХХК-ийг оролцуулж, хариуцагч талаас уул уурхайд хөрөнгө оруулсан эсэхийг эцэслэн шалгаж тодруулснаар маргааныг үнэн зөв шийдвэрлэх боломжтой байхад шүүх гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Мөн талуудын маргаж буй үндэслэлийн гол зүйл нь "Хайрхан толгой коал" ХХК-ийн эзэмшилд байх 020511А ашиглалт, 5261Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд хөрөнгө оруулсан эсэх талаар маргаж байгаа нь "Хайрхан толгой коал" ХХК-ийг заавал оролцуулах шаардлагатай байсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. “Хайрхан толгой коал" ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр талууд, "Берунмайнинг" ХХК-ийн эзэмшилд байгаа уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг 193 715 000 юан /60 тэрбум төгрөг/-иар ирээдүйд бий болох компанийн нэрийн өмнөөс худалдан авч, санхүүгийн тайландаа тусгах үүргийг хүлээсэн хавсралт гэрээг байгуулсан. Энэ үүрэг "Хайрхан толгой коал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн үндсэн гэрээний 8.10, 8.11 дэх хэсэг болон "Хайрхан толгой" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт болох Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт гэсэн хавсралтын 1 дэх хэсэг, "Хайрхан толгой коал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний 1 дүгээр хавсралт буюу Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэсэн хавсралтын 1, 2, 3 дахь хэсэгт тодорхой зааж, баталгаажуулсан байгааг шүүх анхаарч үзээгүй. Шүүх маргалдаж буй талуудын эрх зүйн байдал буюу уг компанийн хувьцаа эзэмшигч болон ТУЗ-ийн талаар эцэслэн тодруулалгүй маргааныг шийдвэрлэсэн. "Бүтээгч энержи" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь нэг хүн биш хуулийн этгээд байхад түүнийг тодруулалгүй, их хэмжээний хэлцлийг гүйцэтгэх захирал дангаараа байгуулах эрхтэй гэх дүгнэлт гаргасан нь буруу байна. 193 000 000 юанийг бусдад төлөх их хэмжээний хэлцлийг тусгасан хамтран ажиллах хавсралт гэрээг талууд байгуулахдаа хэн аль нь өөрсдийн компанийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл, шийдвэргүйгээр байгуулсан байгааг анхаарч үзээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Хавтаст хэргийн 6-7, 32-40 дүгээр талд байх "Нитросибир азиа" ХХК, "Бүтээгч энержи" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч 1 гэж бүртгэгдсэн байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн талаар баримт хэрэгт авагдаагүй байна..." гэжээ. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийнхээ нэг хэсгийг тайлбарлахдаа "..талууд маргаан бүхий гэрээг байгуулахдаа Компаний тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2, 88 дугаар зүйлийн 88.1, 88.2, 88 4 дэх хэсгүүдийг зөрчсөн. Маргалдагч талууд нь Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар сонирхлын зөрчил бүхий этгээдэд тооцогдож байна. Иймд талууд маргаан бүхий хавсралт гэрээг байгуулахдаа Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2, 92.4, 92.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хойшлуулж өгнө үү..." хэмээн шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Мөн хуулийн 93.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсч байх тул шүүх Компанийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт зааснаар хавсралт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгөхийг хариуцагчаас хүсэхэд шүүх хуулийн энэхүү зөрчлүүдийг анхаарч үзээгүй нь маргааны гол зүйлийн талаар төөрөлдөн буруу шийдвэрлэхэд хүрсэн. Хариуцагч нь нотлох баримт цуглуулах, хэргийн оролцогчийн хүсэлтийг удаа дараа гомдол гаргах эрхгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах, гуравдагч этгээдээр "Берунмайнинг" ХХК, "Зэлэм" ХХК, "Хайрхан толгой коал" ХХК зэргийг татан оролцуулах хүсэлтүүд, хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн "Бүтээгч энержи" ХХК-ийн гаргасан хөрөнгийн хэмжээг тогтоолгох нэхэмжлэл зэргийг гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэж өгөхийг хүсэхэд 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 09394 тоот шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон нь хэргийн үнэн зөв шийдвэрлэх боломжийг алдагдуулсан. Мөн шүүх нийдвэрийн үндэслэх хэсэгтээ "...005661 дугаартай "тусгай зөвшөөрөл 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр "Хайрхан толгой коал" ХХК-д шилжсэн боловч "Бүтээгч энержи" ХХК нь 6 сарын дотор буюу 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дотор 10 000 000 ам доллараас доошгүй хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдал хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдохгүй байна" гэж дүгнэсэн нь шүүх хэргийг сайн ойлгоогүй байхдаа шийдвэрлэснийг харуулж байна.

            Өөрөөр хэлбэл маргаан бүхий хавсралт гэрээний 4 дэх хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг авснаас хойш 6 сарын дотор 10 000 000 ам.доллараас доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр харилцан тохиролцов" гэж заасан байна. Маргааны гол зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан цаг хугацаа ямар ч хамаагүй, харин ашиглалтын тусгай зөвшөөрөл бүрэн бүрдсэний дараах үеэс эхлэн талбайд бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх үеэс эхлэн хавсралт хэлцлийн үүрэг, гүйцэтгэл эхэлж байгааг шүүх мэдээгүй байсан байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг тодорхойлсон гэрчилгээг гардан авмагц гэрээнд заагдсан гол шинж болох уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжгүй юм. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Байгаль хамгаалах нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, сүүлд Уулын ажлын төлөвлөгөө зэрэг маш олон бичиг баримтын бүрдүүлбэрийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, эрх бүхий этгээдүүдийн эцсийн шийдвэр, зөвшөөрлүүд гарч дууссаны дараа маргаан бүхий гэрээний 4 дэх хэсэгт заасан "..уул уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх, хөрөнгө оруулах.." боломж бүрдэнэ. "Ордын бичиг баримтын бүрдэл боловсруулах" гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад маргаан бүхий хавсралтын 4, 5 дахь хэсгийн үүргийн гүйцэтгэл эхлэх ямар ч боломжгүй гэдгийг талууд сайтар мэдэж байгааг шүүх дутуу үнэлж, гүйцэтгэлд чиглэсэн үүрэг эхлэх хугацааг буруу дүгнэж, үндэслэх хэсэгтээ дурдсан.

            Шүүх үндэслэх хэсэгтээ шаардах эрхийн хугацааг "..2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байна.." гэж буруу дүгнэсэн. Шаардах эрх үүсэх хугацаа битгий хэл үүргийн гүйцэтгэл ч эхлэх хугацаа болоогүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт "Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ" гэснээр уурхайд бүтээн байгуулалтын ажил гэх хариуцагчийн хийх ёстой ажил гээд байгаа ашигт малтмал олборлох ажиллагааг эхлүүлэх боломжгүй байсныг шүүх анхаарч үзээгүй байна. Энэхүү Хамтран ажилллах гэрээ гэх хавсралтын 4, 5 дахь хэсэгт заасан уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай бичиг баримтын бүрдүүлбэр өнөөдрийг хүртэл бүрдээгүйн гол шалтгаан нь нэхэмжлэгч талын гэрээнд заасан үүрэг болох "Хайрхан толгой коал" ХХК-ийн хувыдаа эзэмшигчдийн гэрээний 3.2.4-3.2.6-д заасан үүргийн гүйцэтгэл буюу хууль эрх зүйн орчноор хангах үүргээ биелүүлж чадаагүйгээс болсон гэдгийг шүүх анхаарч үзээгүй.

            Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд уурхайн үйл ажиллаагаа эхлэх болоогүй өнөөдрийг хүртэл бүрдээгүй байгааг нэхэмжлэгч тал сайтар мздэж байсан. Өөрөөр хэлбэл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3.1-35.3.7, 36.1, 39.1.1-39.1.6, 39.5, 40.2, 4011, 402.1.1, 41.1, 42.1 дэх хэсгүүдэд заагдсаныг заавал биелүүлэх үүрэг хүлээж байдаг. Хэрвээ дээрх бичиг баримтын бүрдүүлбэр болон тусгай зөвшөөрөл олгогч эрх бүхий байгууллагаас шаардаж буй тодорхой үйл ажиллагааг хуульд нийцүүлэн хийхгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 37.2, 39.6, 39.7, 401.2 хэсгүүдэд заагдснаар тусгай зөвшөөрөл дээрхи уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг зогсох болно гэдгийг шүүх сайн мэдэж байгаа. Энэ нь хавсралт гэрээний үүрэг эхлэх хугацаа болоогүй байсныг хууль зүйн хүрээнд нотолж байна. Хэрвээ хариуцагч тал өнөөдрийг хүртэл бүрдээгүй байгаа бичиг баримтын бүрдүүлбэр дутуу байхад уурхайн бүтээн байгуулалтын гэх үйл ажиллагааг эхлүүлсэн бол АМТХ-ийн 56.1.5. 56.1.7, 56.1.8 дах хэсэгт заагдснаар "Хайрхан толгой коал" ХХК-ний эзэмшилд байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулж, хавсралт гэрээний 4, 5 дахь хэсгийн заалтуудыг нэхэмжлэгч тал баримтлан шүүхэд маргалдах эрхгүй болох байсан. Маргаанд чухал ач холбогдол бүхий уул уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд шаардагдах тусгай зөвшөөрлийн бүрдүүлбэр баримтууд, шүүхэд гаргаж өгөх гуравдагч этгээд нь "Хайрхан толгой коал" ХХК байхад шүүх түүнийг хэрэгт оролцуулаагүй нь үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжоор хангаагүй. Гэтэл талууд "Хайрхан толгой коал" ХХК"-д оруулсан хөрөнгө, мөнгө. түүний эзэмшилд байгаа тусгай зөвшөөрөл дээрхи уул уурхайн үйл ажиллагаан дээр түүний өмнөөс тайлбар гарган өөрсдөд ашигтайгаар тайлбарлан маргалдсан. Хариуцагч тал шүүхийн үндэслэх хэсэгт "..13 тэрбум төгрөгийн хөрөнгийг "Хайрхан толгой коал" ХХК-д оруулсан" хэмээн санхүүгийн тайлан болон бусад баримтуудыг баримтлан маргахад нэхэмжлэгч тал ...үгүй ээ, хэдэн навсгар гэр барьсан, тэр нь үнэд хүрэхгүй..." гэх мэтчилэн маргалдаж байгаа нь уг маргаан шүүхийн шийдвэрлэх маргаан биш, хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэгдэх Компанийн тухай хуулиар зохицуулагдах маргаан болох нь харагдаж байна. Гэтэл шүүх хариуцагчийн гаргасан хөрөнгө оруулалт нь хичнээн төгрөгт хүрсэн байгааг тогтоогоогүй атлаа "..хариуцагч этгээд тусгай зөвшөөрлийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй..." гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, бодит байдалд нийцээгүй өрөөсгөл дүгнэлт болсныг нотолж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ үндэслэл болгон "...хавсралт гэрээний 4, 5 дахь хэсэгтэй шууд холбон ойлгох нь зөв.." гэсэн байдлаар өөрсдөд ашигтайгаар тайлбарлаж байгаа тул шүүх үйл явдлыг хооронд нь ялгаж, салгаж ойлгох нь чухал юм. Гэрээний 4 дэх хэсгийн заалтыг 5 дахь хэсэгтэй шууд холбон тайлбарлаж байгаа нь буруу бөгөөд эдгээр нь тус тусдаа биеэ даасан өөр үйл явдал, үүргийн гүйцэтгэлийн обьектив шинжийг тодорхойлсон заалтууд байгааг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч тал хавсралтын 4, 5 дахь хэсэгт заасан хөрөнгө оруулалт оруулах таатай нөхцлийг, бусдад хувьцаагаа худалдах зөвшөөрөл хүссэн хүсэлт хариуцагчид гаргаснаар алдагдуулсан байгааг шүүх анхаарч үзээгүй.        

Шүүх "..Нэхэмжлэгч нь албан бичгээр хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд гэрээ дуусгавар болохыг мэдэгдсэн байна хэмээн нотлох баримтуудыг дутуу үнэлж, буруу дүгнэсэн. 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 16/20 тоот Берунгруппт явуулсан бичгийн гол агуулга нь 5 дахь заалтад байх бөгөөд "..51 хувийн хувьцаа эзэмшигч нь 49 хувийн хувьцаа эзэмшигчид олгохоор амласан 38 000 000 ам.долларыг хурдан шийдвэрлэж бидэнд олгох..", 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 16/21 тоот албан тоот нь БНХАУ-ын хуулийн этгээд Берунгруппт хаягласан байх бөгөөд бид бусдаас зээл авсан тул 38 000 000 ам.долларын зээлийг "Нитросибир азиа" ХХК-д олгох, эсхүл cap бүр Хон-Конгийн Повер ван глобал лимитед /Power one global Limited/ компанийн Монгол дахь дансанд cap бүр 5 500 000 ам.доллар шилжүүлж байх" гэсэн болзол тавьсан албан тоотыг шүүх буруу үнэлж дүгнэсэн. Учир нь энэхүү шаардаж буй мөнгө нь уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах хөрөнгө биш буюу нэхэмжлэгчийн хувийн хэрэгцээнд зарцуулагдах мөнгө байгааг шүүх анхаарч үзээгүй. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 16/22 тоот бичигт "... 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн "Хайрхан толгой коал" ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч манай тал хамтарсан компанийн цаашдын үйл ажиллагаанд оролцохгүй. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор хамтарсан компанийг татан буулгах, Хамтарсан компанийн эрх ашгийн үүднээс манай компанийг зээл авахад хүргэсэн 51 хувийн хувьцаа эзэмшигч Берунгруппээс учирсан хохирлоо арилгуулах гэсэн шаардлагуудыг хүргүүлсэн байна. Гэтэл шүүх дээрх баримтуудыг үүргийн гүйцэтгэл хангахыг шаардсан баримт гэж алдаатай дүгнэсэн. Өөрөөр хэлбэл энэхүү мэдэгдэлүүд нь нэхэмжлэгч тал бусдад тавьсан өрөө хариуцагчаар төлүүлэх, хүсэлтийг хангахаас татгалзвал хариуцагчийн 51 хувийг шилжүүлэн авах талаар мэдэгдсэн шаардлага байна. Хамтарсан компанид зориулж нэхэмжлэгч этгээд бусдаас мөнгө зээлсэн талаарх баримт хэрэгт байхгүй. Мөн энэ нь маргаанд хамааралгүй Берунгруппт хандсан мөнгө зээлдүүлэхийг шаардсан мэдэгдэл байгааг шүүх дүгнэж чадаагүй. Шүүх энэ талаар үндэслэх хэсэгтээ "2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 16/22 тоот албан бичгээр Берун группт хөрөнгө оруулахыг шаардаж байсан байна гэж тодруулж өгсөн нь аль болох нэхэмжлэгчид ашигтай байдал үүсгэх гэж оролдож хэргийн оролцогч биш этгээдэд явуулж байсан баримтыг хариуцагчид хамааруулан хэрэглэх гэж оролдсон байгааг харуулж байна. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16/24 тоот бичиг нь ".. гэрээ дууссан тул гар.." гэсэн утгатай болохоос уурхайд хөрөнгө оруулахыг шаардсан бичиг биш байгааг шүүх дутуу үнэлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/07 тоот албан бичгээр "..биднийг өөрийн хувьцаагаа гуравдагч этгээдэд худалдах гэж байхад саад хийж хэлцлийг зогсоосон, бидний хувьцааг худалдаж аваагүй, бидэнд хувьцаагаа 76 500 000 ам доллараар худалдах нөхцлийг тусгасан гэрээг тоогоогүй, иймд танай хувьцааг авна" гэсэн утгатай мэдэгдэл байна.

            Нэхэмжлэгч нь 38 000 000 ам долларыг хариуцагчаас авахыг шаардсан баримтууд хэрэгт авагдсан байгааг шүүх үнэлж чадаагүй. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн албан тоотоор нэхэмжлэгч тал өөрт ногдох 49 хувиа бусдад худалдах зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг хариуцагчид гаргаснаар хөрөнгө оруулах таатай нөхцөл алдагдсан байна. Талууд "Хайрхан толгой коал" ХХК-ийг байгуулан, "Берунмайнинг" ХХК-ийн эзэмшилд байх уул уурхайн тусгай зөвшөөрлийг шаардсаар байж шилжүүлэн авч маргаан бүхий хавсралтын 1 дэх хэсэгт заасан 193 715 000 юанийг эхлээд төлөх үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад шүүх анхаарч үзээгүй. "Берун майнинг" ХХК болон "Зэлэм" ХХК-ийн зүгээс тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт  гаргахад шүүх хэрэгсэхгүй болгосон нь хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэх боломжийг алдагдуулж хэт нэг талыг барьсан байгааг харуулсан. Маргаан бүхэлдээ 100 000 000 гаруй ам долларын үнийн дүнг агуулсан хувьцааны маргаан бөгөөд нэхэмжлэгч талаас хувьцаагаа барьцаалан мөнгө зээлдүүлэх шаардлага бие биедээ хүргүүлсэн албан тоотуудаар нотлогдож байна. Гэтэл маргаан бүхий уул уурхайд хичнээн хэмжээний хөрөнгө, мөнгийг хариуцагч талаас оруулсан талаар шүүх эцэслэн тогтоолгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнг зөв тодорхойлж чадаагүй. Хариуцагч тал шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг баримтлан дахин нотлох баримт цуглуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавихад шүүх хэрэгсэхгүй болгосон нь хөрөнгө оруулсан үнийн дүнг бодитойгоор тогтоох боломжгүй болгосон. "Хайрхан толгой коал" ХХК-ийн уул уурхайн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа баримт бичгүүдэд хариуцагч талаас 2016 оны 01 сараас хойш нийт 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан болохоо удаа дараа шүүхэд тайлбарлаж, нотлох баримтуудыг хавсаргасан боловч шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч талаас "Хайрхан толгой коал" ХХК-ийн уул уурхайн үйл ажиллагаа болон бусад зүйлд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргахад шүүх 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон нь хэргийг анхнаасаа буруу шийдвэрлэхэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл шүүх дэх маргаан 10 000 000 ам долларын хөрөнгө оруулаагүй гэдгээс эхэлсэн, мөн талуудын маргалдахгүй байгаа үнийн дүнгээр 1 ширхэг хувьцааны үнийн дүн 1 200 000-1 500 000 ам долларт хүрч байна. Хэрэгт авагдсан баримтуудаар 51 хувийн хувьцааг нэхэмжлэгч тал 76 500 000 ам.доллараар үнэлж байгаа нь нотлогдсоор байхад нэхэмжлэгчийн улсад төлсөн тэмдэгтийн хураамжийн талаар шүүх анхаарч үзээгүй. "Хайрхан толгой коал" ХХК-ийн Улсын бүртгэлийн Ерөнхий газар буюу эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан компани үүсгэн байгуулах үндсэн гэрээ, дүрмийг хавсралт гэрээ гэх бичгэн хэлцлээр хуулийн этгээдийн гол зорилго, чиглэл үйл ажиллагааг үгүйсгэж, түүнийг хүчин төгөлдөр байдлыг алдагдуулах эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт баталгаажуулалт гэх хавсралт нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9, 190 дүгэр зүйлийн 190.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул хүчингүйд тооцон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байхад шүүх хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгосон. "Бүтээгч энержи" ХХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлахдаа мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгтэй харьцуулан дүгнэлт хийхийг хүссэн. Их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр хийгдсэн энэхүү гэрээг хүчингүй болгох нь зүйтэй байхад шүүх анхаарч үзээгүй.

            Хамтран ажиллах гэрээ нь иргэнии эрх зүйн харилцаанд оролцогч талуудын зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, нэхэмжлэгч талд давуу байдал олгосон хууль бус үйл ажиллагаа болсон байна. Үүнээс үүсэн гарах эрх зүйн үр дагавар нь хэлцэл хүчин төгөлдөр бус болоход тооцогдох явдал байна гэж тодорхойлсон. Иймд дээрх маргаан бүхий гэрээ нь хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй. Хуулийн этгээд нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг үүсгэн байгуулах гэрээ дүрэмд тайлбар хийх замаар тодорхойлдог тул энэхүү маргаан Компанийн тухай хуулиар зохицуулагдана. Компанийн явуулж буй үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зүйл, заалтыг болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртхууны хэм хэмжээг зөрчихгүй, тогтсон дэг, журам, уламжлалд харшлахгүй байвал зохино гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хэм хэмжээг тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэгч хуулийн зүйл заалт, зан суртахууны хэм хэмжээг зөрчин хариуцагч талаас зөвхөн мөнгө хөрөнгө шаардаж, харин нэхэмжлэгч талд ямар үүрэг хариуцлага байхгүй мэтээр аашилж байгаа нь дээрх зан заншил ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн байгааг харуулж байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан заалт нь 8.1.1 дэх хэсгийн заалттай агуулгын хувьд нэг ба амьдрал дахь үйл ажиллагааныхаа харилцааг хэлцлээр зохицуулах аливаа этгээдийн эрх хэмжээ хязгааргүй байдаггүй. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хэм хэмжээ нь энэхүү тусгаар, бие даасан байдлыг үгүйсгэх хэм хэмжээ болж өгдгөөрөө онцлогтой. Маргаан бүхий хэлцлийн 5 дахь хэсгийн заалт нь илт ашиг хонжоо харсан заалт болсон бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.4, 202.2.5, 202.2.6, 202.2.7, 202.2.10, 202.2.12-т заасантай нийцэж байгааг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий гэрээг тайлбарлахдаа тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшеөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөдөр бус байдаг гэсэн Улсын дээд шүүхийн тайлбарыг шүүх орхигдуулсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хамтран ажиллах гэрээний хавсралтыг хүчингүй болгосноор "Берунмайнинг" ХХК, "Зэлэм" ХХК-иудад хохирол учрахгүй. Учир нь тэдний хууль ёсны эрх ашиг сонирхол "Хайрхан толгой Коал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний 8.10, 8.11 дэх хэсэг болон Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалтын гэрээгээр хамгаалагдсан. Энэ нь сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байгааг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч НСА ХХК нь “БЭ ХХК-д холбогдуулан “Хайрхан толгой коал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хамтран ажиллах хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Талууд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хайрхан толгой коал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр хоёр тал хамтран ажиллах зорилгоор “Хайрхан толгой коал” ХХК-ийг үүсгэн байгуулан нэхэмжлэгч нь хувьцааны 49 хувийг, хариуцагч тал 51 хувийг тус тус эзэмшихээр тохиролцож, уг гэрээний хавсралтаар хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны нөхцөл болон зардлыг харилцан тохиролцон 2 баталгаажуулалтыг бичгээр үйлдэн гарын үсэг зурж зурсан байна. /хх-13-22, 77-82/

Зохигчид хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулсан үйл баримтын хувьд маргаагүй, харин гэрээний хавсралт болох хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны баталгаажилтын гэрээний хүчин төгөлдөр байдал болон хэргийн харьяаллын талаар маргаж, хариуцагч тал уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан төдийгүй энэ нь давж заалдах гомдлын нэг үндэслэл болжээ.

Хэргийн 77-79 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл, талууд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтыг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хамтран ажиллах гэрээний салшгүй хэсэг болж гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр үйлчлэнэ гэж тодорхойлон улмаар уг гэрээгээр хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны нөхцлийг тохирсон байна.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх энэ үйл баримтыг зөв тогтоосон байна.

Хариуцагч тал 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж марган сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь дээрх гэрээний нэг тал болох “БЭ ХХК-ийг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэг гишүүнтэй, гүйцэтгэх захирлаар н.Мандулаг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүймэнг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн гүйцэтгэх захирал н.Мандулагийн, Сүйминд гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг шилжүүлж, үүнтэй холбоотой хуулийн этгээдийн улсын бүртгэлд гүйцэтгэх захирлын нэр өөрчлөн бүртгүүлэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02/16 тоот хүсэлт зэрэг нотлох баримт хэрэгт авагджээ. /хх-25, 32/ Хариуцагч тал энэ баримтыг үгүйсгэх баримтыг гаргаагүй бөгөөд н.Мандула нь компанийг төлөөлөх эрхгүй байсан, эсхүл компани төлөөлөн удирдах зөвлөлтэй байсан гэх нөхцөл байдлыг нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд шүүх хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх учиртай тул талуудыг гэрээ байгуулах үед буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар хариуцагч  “Бүтээгч энержи” компанийг 1 гишүүнтэй байсан гэж дүгнэн, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт баталгаажуулалтын гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь зөв байна.

            Хариуцагч тал дээрх гэрээний 4 дэх заалтаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг авснаас хойш 6 сарын дотор 10 000 000 ам.доллароос доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээж, мөн гэрээний 5 дахь заалтаар энэхүү баталгаанд заасны дагуу уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулаагүй, эсхүл хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдол 49 хувийн хувьцаа эзэмшигч НСА ХХК-д 51 хувиа үл маргах журмаар шууд шилжүүлэн хамтарсан компанийн үйл ажиллагааг дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. /хх-77-79/ Энэ нөхцлийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2.8-д заасан хамтын үйл ажиллагааг дуусгавар болгох дуусгавар болгосон тохиолдолд дундын өмч хөрөнгийг яаж хуваарилах талаар тохиролцоо гэж үзэх боломжтой байна.

Нэхэмжлэгч НСА ХХК нь хариуцагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээний 5-д заасан тохиролцооны дагуу хамтын үйл ажиллагааг дуусгавар болгон, 51 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хамтарсан компани болох “Хайрхан толгой коал” ХХК-д шилжсэн /хх-145 дугаар тал/ байх бөгөөд “БЭ ХХК нь энэ хугацаанаас хойш 6 сарын дотор 10 000 000 ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшиж буй 51 хувийн хувьцааг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3.8 дахь заалтад нийцэж байна.

Зохигчдын хоорондын хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон хэдий ч үүнтэй холбоотойгоор хийгдсэн гэрээ хэлцэл, дундын өмч хөрөнгө бий болсон, тэр өмч хөрөнгөтэй холбоотой гарсан зардал, үүргийн талаар хэн аль нь шаардлага гаргаагүй тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.4, 479 дүгээр зүйлийн 479.6 дахь хэсэгт заасан асуудлаар шүүх шийдвэр гаргаагүйг буруутгах боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх хариуцагч талын, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр ... шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй” гэж заажээ.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д зааснаар хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарагдсанаар хуульд заасан бичгээр олгосон итгэмжлэлийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. Хариуцагч “БЭ ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал БНХАУлсын иргэн Сүймин нь Ц.Цэцэгсүрэн, Т.Мөнхдэлгэр нарт компанийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг бичгээр олгож, гарын үсэг зурж, компанийн тамга дарсан байх тул уг итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. /хх-31, 48 дугаар тал/ Шүүх уг итгэмжлэлийг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Т.Мөнхдэлгэр нар нэхэмжлэлийг гардуулж, зохих ажиллагааг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг зөрчөөгүй байна. 