Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 136

 

“Дэвжих нэхий” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00430/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Л.Амарсанаа, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 789 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч “Дэвжих нэхий” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-, П.Ц- нарт холбогдох

“Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 45.663.904 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

Хариуцагч П.Ц-, Б.Б- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Дэвжих нэхий” ББСБ-аас:

2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр №99140517 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж зээлийн гэрээний хавсралт №1 Зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөлт хийхээр харилцан тохиролцож 30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Дархан сум 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 35 дугаар байрны 87 тоот 39 мкв 3 өрөө орон сууцыг барьцаалсан.  Мөн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 99140517 дугаартай зээл сунгалтын гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан болно. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 29,809,604 төгрөг, зээлийн хүү 13,767,761 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,086,539 төгрөг нийт 45,663,904 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг мөнгийг барьцаа хөрөнгөнөөс албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б-, П.Ц- нараас:

Бид 2014 оны 10 дугаар сарын  20-ны өдөр  991140517 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж зээлийн байгуулж 30,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай барьцаанд Дархан сум 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 35 дугаар байрны 87 тоот 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан.  2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 99140517 дугаартай зээл сунгалтын гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан гэж байна. Гэтэл энэхүү сунгалтын гэрээг хамтран зээлдэгч П.Ц- миний хувьд огт мэдэхгүйгээс гадна хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэхүү сунгалтын гэрээг би мэдэхгүй,  гэрээнд огт гарын үсэг зураагүй учраас сунгалтын гэрээг хүчингүй болгож өгнө үү.

Мөн зээлийн гэрээний хугацаа дууссан болон зээлийн сунгалт нэмэлт гэрээний талаар хамтран зээлдэгч П.Ц- надад албан ёсоор огт мэдэгдээгүйгээс гадна П.Ц- намайг шүүх дуудахад л зээлийн сунгалтын гэрээтэй гэдгийг мэдсэн болно. Бид 10 удаагийн төлөлтөөр нийт 14,116,432 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэлд дурджээ. Гэтэл энэхүү төлөлтөөс хэдэн төгрөг нь үндсэн зээлд хэдэн төгрөг нь зээлийн хүүнд хэдэн төгрөг нь нэмэгдүүлсэн хүүнд төлсөн нь тодорхойгүй байна. Энэ төлөлтийн талаар бид “Дэвжих нэхий” ББСБ-аас төлсөн хуулга гаргуулахад 11,119,032 төгрөг төлсөн гарч байгаа нь дээрх бидний төлсөн гэх 14,116,432 төгрөгийн үнийн дүнд хүрэхгүй дутаж байна. Зөрүү 2,997,400 төгрөг гарч байгаа нь чухам хаашаагаа юу төлсөн нь мэдэгдэхгүй байна. 2015 оны 10 дугаар сарын 21-нд зээлийн сунгалтын гэрээг байгуулснаас хойш 1,500,000 төгрөг төлснийг зээлийн хүүнд тооцон төлүүлсэн зэрэг нийт 1,804,802 төгрөгийг үндсэн зээлийн төлөлтөөс хасуулах хүсэлтэй байна. Бидний тооцооллоор үндсэн зээлийн үлдэгдэл  25,067,798 төгрөг,  зээлийн хүү 3,696,712 төгрөг, нийт 28,764,510 төгрөгийг төлөхөөр гарч байна. Иймээс “Дэвжих нэхий” ББСБ-аас нэхэмжилсэн үнийн дүнгээс 16,899,394 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаас татгалзах зүйл байхгүй гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 789 дугаар шийдвэрээр:

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Б-, П.Ц- нараас 43,101,822 төгрөгийг гаргуулж “Дэвжих нэхий” ББСБайгууллагад олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,562,082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,269 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-, П.Ц- нараас тэмдэгтийн хураамж 373,459 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дэвжих нэхий” ББСБ-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2003005981 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 1 дүгээр хороолол 35 дугаар байрны 87 тоот 39,0 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.  

Хариуцагч Б.Б-, П.Ц- нар давж заалдсан гомдолдоо:

Бидний төлсөн 304.802 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд  тооцсон тооцоог үндсэн зээлээс хасч өгсөнгүй. Учир нь бидний хооронд байгуулсан үндсэн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Бид үндсэн зээлийн гэрээний хугацаа дууссан үед нэмэгдүүлсэн хүүг ганцхан удаа төлнө гэж ойлгож гэрээг байгуулсан. Мөн шүүх зээлийн хүүг тооцоолохдоо 2016 оны 01 дүгээр сарын 12-ноос 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 2 сар 27 хоног буюу 87 хоногийн хүү 2.390.325 төгрөг гэж үзсэн байдаг. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 12-ноос 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 57 хоног ба  түүний хүү 1.544.621 төгрөг болж байна. Энэхүү тооцооны зөрүүнээс 845.704 төгрөг болж анхан шатны шүүх илүү хүү тооцон гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 14.337.312 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн “Дэвжих нэхий” ББСБ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-, П.Ц- нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах тухай хэргийг шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч П.Ц- эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчдын дунд зээлийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж Иргэний хуулийн холбогдох зүйл  заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн дүгнэж талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг тодорхой хугацаагаар сунгасан тухай маргаантай асуудалд үнэн зөв дүгнэлт өгч зээлийн гэрээг сунгасан гэж үзэхгүй тул уг гэрээний сунгалттай холбоотой шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй талаар хийсэн  дүгнэлт нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн байна.

            Хариуцагч давж заалдах гомдолдоо гэрээний хугацаанд төлсөн мөнгийг нэмэгдүүлсэн хүүд тооцсон нь гэрээгээр тохиролцсон харилцаанд хамааралгүй  тул  304.802,00 төгрөгийг  үндсэн зээлээс хасаж тооцоогүй талаар гомдол гаргажээ.

Талууд бичгээр байгуулсан гэрээнийхээ  2.6-д ... Үндсэн зээлийг хугацаандаа төлөөгүй өдрийн маргааш өдрөөс эхэлж хугацаа хэтрэлт тооцож  нэмэгдүүлсэн хүүг хууль болон журамд зааснаар тооцно гэж тохиролцжээ.

Хэргийн 7 дугаар хуудсанд энэхүү 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь авагдсан, үндсэн зээлээс зээлдэгч 2015 оны 05 дугаар сарын 20-ноос эхлэн  төлөхөөр тохиролцжээ.

            Зээлдэгч гэрээний энэхүү үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан банкны гүйлгээний баримтаар нотлогдож байна.

Иймд гэрээгээр тохиролцсоны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцсоныг буруутгах боломжгүй  байна.

Харин шүүх гэрээний хугацаа дуусгавар болсны дараа зээлдэгчийн төлөх үндсэн хүүг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т нийцүүлэн бодож гаргахдаа 2016 оны 01 дугаар сарын 12-ноос  2016 оны 03 дугаар сарын 09 хүртэлх хугацааг буруу тооцож өөрөөр хэлбэл 57 хоногийн хугацааг  87 гэж  үндсэн зээлээс хүү тооцож гаргуулсныг зөвтгөж энэ хугацааны хүүг 2.390.325 төгрөг биш 1.566.075 төгрөг гэж зөвтгөн тооцож нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсэг хангагдсан тул түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцааж олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 789 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Б-, П.Ц- нараас 43,101,822 төгрөгийг гаргуулж “Дэвжих нэхий” ББСБайгууллагад олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,562,082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг  “хариуцагч Б.Б-, П.Ц- нараас 42.277.572 төгрөгийг гаргуулж “Дэвжих нэхий” ББСБайгууллагад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг  болох 3.386.322 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын  “хариуцагч Б.Б-, П.Ц- нараас улсын тэмдэгтийн хураамж 373.459 төгрөг гаргуулж”  гэснийг  “369.338 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч П.Ц-гаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.637 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргаж олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авахүүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                      ШҮҮГЧИД                                                   Л.АМАРСАНАА

                                                                                                          О.НАРАНГЭРЭЛ