Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 135/2018/00706/и |
Дугаар | 001/ХТ2020/00124 |
Огноо | 2020-02-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2020/00124
Ц.Э, О.Энарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 196 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дүгээр магадлалтай,
Ц.Э, О.Энарын нэхэмжлэлтэй
“Д” ХХК-д холбогдох
"“Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Компанийн тухай хууль зөрчиж хэзээ хийсэн нь тодорхойгүй хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэр протоколыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч талын хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн Ц.Э, О.Энарыг улсын бүртгэлээс хасаж бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Л, Ц.Э, О.Эбид нар санаа нэгдэн Цагдаагийн газраас тусгай зөвшөөрөл авч гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагааг явуулахаар “Д” ХХК-ийг үүсгэн байгуулж, Ц.Л нь хувьцааны 50 хувь, Ц.Э хувьцааны 30 хувь, О.Эхувьцааны 20 хувийг тус тус эзэмшихээр болцгоож, компанийн ерөнхий захирлаар нь Ц.Лыг санал нэгтэй сонгож Улсын бүртгэлийн газар, Татварын албанд бүртгүүлснээр одоо гэрээт харуул хамгаалалтын ажиллагааг гүйцэтгэн 14 жил гаруй үйл ажиллагааг явуулж байна. Компанийн өдөр тутмын болон гүйцэтгэх захирлын ажлыг Ц.Л нь энэ хугацаанд гүйцэтгэж ирсэн бөгөөд хувьцаа эзэмшигч бид нарт компанийн үйл ажиллагааны талаар ямар нэгэн тайлан тавьж байгаагүй, компанийн хувьцааны өөрчлөлтийн талаар ямар нэгэн хурлын тов мэдэгдэж байгаагүй, компанийн ногдол ашиг өгч байгаагүй юм. Гэтэл компанийн хувьцаа эзэмшигч Ц.Э, О.Эбид нарт мэдэгдэлгүй хэзээ хийсэн нь тодорхойгүй, он сар өдөр нь мэдэгдэхгүй компанийн хувь нийлүүлэгчдийн хурлыг хуурамчаар хийж, Ц.Л компанийн нийт хувьцааны 90 хувь эзэмших, Ц.Э, О. О.Энар тус бүр 5 хувь эзэмших хурлын протокол хөтлөн, хувь нийлүүлэгчдийн гарын үсгийг дууриалган зурсан хуурамч бичиг баримтуудыг үйлдэж, хувьцаа эзэмшигч бид нарын эрх ашгийг хохироосон байна. Иймд дээрх байдлуудыг хууль зүйн дагуу тогтоож нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ц.Эг компанийн 30 хувь, О.Эыг компанийн 20 хувь эзэмшдэг Дархан секьюрити ХХК-ийн хууль ёсны хувь нийлүүлэгч эзэмшигч нар болохыг тус тус тогтоож өгнө үү. “Д” ХХК-ийн захирал Ц.Лын хуурамчаар хийсэн компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол шийдвэрийг хүчингүй болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Д” ХХК-ийг өөрөө санаачлан үүсгэн байгуулсан бөгөөд тухайн үед цагдаад ажиллаж байсан Н.Б агсанд хамтран ажиллах санал тавьсан. Би Н.Баар дамжуулан түүнтэй хамт ажилладаг М.Батбаатартай танилцсан бөгөөд мөн компанидаа оруулъя гэж санал гаргасан. Н.Б, М.Бнь цагдаад ажилладаг тул өөрсдөө компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлмээргүй байгаа тул эхнэрүүдийнхээ нэрээр компанийг байгуулъя гэж ярьж тохирцгоосон. Компанийг үүсгэн байгуулах хурлын протокол дээр эхнэрүүдийн нэр байгаа боловч нэрийнх нь ард бичигдсэн утас нь нөхрүүдийнх нь буюу тухайн үед Н.Б, М.Бнарын барьж байсан гар утасны дугаар бичигдсэн байгаа нь миний тайлбар үнэн зөв болохыг нотолно. Н.Б, М.Ббид гурав компанийг үүсгэн байгуулахдаа 2.000.000 төгрөгийн дүрмийн сантай байгуулах, Ц.Л миний бие дүрмийн сангийн 50 хувьтай тэнцэх хөрөнгө оруулах, Н.Б 30 хувьтай тэнцэх, М.Б20 хувьтай хөрөнгө оруулах, оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хувьцаа эзэмшихээр тохиролцож, компанийн дүрмийн санг баталсан. Гэвч Н.Б, М.Бнар нь харилцан тохиролцож, компаний дүрэмд заасны дагуу хөрөнгө оруулаагүй тул Ц.Л миний бие 1.000.000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий компьютер, факсын аппаратыг нийлүүлж компанийн дүрмийн санг дангаараа бүрдүүлсэн. Компани үйл ажиллагаагаа эхэлснээс хойш компанийн үйл ажиллагааг явуулахын тулд ажиллагсдын цалин, байрны түрээс, машин, утас, ашиглалтын зардал гэх мэт дахин нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон бөгөөд энэ бүгдийг Ц.Л миний бие болон манай гэр бүлийн Поликом ХХК-аас гаргаж байсан. Энэ бүгдийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба угаасаа санхүүгийн тайлан тооцоонд туссан байгаа. Компани анх Монгол алт ХК-ийн байранд байр түрээсэлж байсан ба зардлыг миний бие гаргасаар ирсэн. Дохиолол хамгаалалтын үйлчилгээ нэвтрүүлэх шаардлагын үүднээс тоног төхөөрөмж худалдан авч, суурилуулахад нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон тул нэмж 35.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Ц.Л миний бие мөн дангаараа хийсэн. ...бид төрийн ажил хийж байгаа учраас компанийн үйл ажиллагаанд оролцох боломж алга, хөрөнгө оруулах боломж байхгүй тул чи дангаараа компаниа авч яв, хувьцаа эзэмшигчээс бид нарыг хасчих гэхэд нь би анх хамтраад байгуулчхаад та хоёрыг оргүй хоосон үлдээгээд яах вэ, та хоёрын нэр дээр 5 хувь, 5 хувийн хувьцаа үлдээе гээд хурлын протокол үйлдэж Батнайрамдал, Батбаатар нарт протоколыг өгч явуулсан тул протокол дээр эхнэрүүд нь гарын үсэг зурсан эсвэл нөхрүүд нь гарын үсэг зурсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Иймд хариуцагч талаас анх компанийг үүсгэн байгуулсан хурал нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг хэлцлийн үндсэн дээр хийгдсэн улсын бүртгэлийг буруу ташаа гэж үзэж байгаа тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Энэ хэрэгт анхнаасаа үнэн зөв тайлбар өгсөн болох нь криминалистикийн шинжээч Ш.Бямбадоржийн шинжээчийн дүгнэлтийн 2-т шинжлэгдэж байгаа 2004.01.12 гэсэн огноотой компанийн үүсгэн байгуулах бүх гишүүдийн хурлын протокол дээр зурагдсан гарын үсэг О.Эын гарын үсэг биш байна гэж дүгнэснээс үзэхэд анх 2004.01.12-ны өдөр компанийг үүсгэн байгуулах хуралд нэхэмжлэгч О.Эоролцоогүй болох нь нотлогдож байна. ...Ц.Л миний бие компанийн дүрмийн санг дангаараа бүрдүүлсэн. Гэтэл Ц.Э, О.Энар нь “Д” ХХК-д нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй тул хувьцаа эзэмшигч гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй юм. Дээрх байдлаар анх компанийг үүсгэн байгуулахад Ц.Э, О.Энар нь үүсгэн байгуулах хуралд биечлэн оролцоогүй, гарын үсгээ ч зураагүй, хөрөнгө оруулаагүй тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн үндсэн дээр Ц.Э, О.Энарыг компаний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн Ц.Э, О.Энарыг улсын бүртгэлээс хасч бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газарт даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч О.Э, Ц.Э нар нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Дохиолол, гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ явуулах чиглэлээр компани байгуулах саналыг Ц.Л өөрөө гаргасан. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа та нарын туслалцаа хэрэгтэй байна гээд Ц.Л нь Н.Б, М.Бнарт санал тавьж компанийн дүрмийн сангийн хөрөнгө бүрдүүлэлт, бичиг баримтын асуудлыг би хариуцан бүрдүүлье, компанийн дүрмийн сангийн 50 хувийг би өөрөө эзэмшье, та хоёр 50 хувийг нь өөрсдөө тохир гээд энэ компанийг байгуулсан. Дохиолол, гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ явуулах эрх олгосон тусгай зөвшөөрөл авсан, харуул хамгаалалтын ажилтнууддаа сонгон сургалтад хамруулсан, дохиолол холбооны тоног төхөөрөмжийг БНХАУ-аас сонгон авахад ЦЕГ-ын мэргэжлийн хүнээр зуучлан авчруулсан, харуул хамгаалалт авах байгууллагуудыг зуучлан олж өгсөн зэрэг гол ажлуудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр энэ компани өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байгаа гэж бодож явдаг. Тухайн үед Ц.Лын Поликом ХХК-ийн байранд “Д” ХХК-ийг үүсгэн байгуулахаар ярилцаж бичиг баримтад Ц.Э би гарын үсэг зурсан. Энэ үед Н.Б, М.Батбаатар, Ц.Л нар бүгд байсан. Харин О.Энь байгаагүй. Түүнийг төлөөлж М.Б/нөхөр нь/ байсан. ...Тэдний тусламжгүйгээр харуул хамгаалалтын ажлыг эхлэхэд хэцүү гэдгийг мэддэг учир Ц.Л бидний нөхрүүдэд өөрөө санал анх тавьсан. Компани нь хуулийн хүрээнд бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байгаа тул бидний зөвшөөрөлгүйгээр хувьцаа эзэмшигчээс хасах хууль зүйн үндэслэлгүй, улсын бүртгэлийн газарт даалгах эрхгүй юм. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний эзэмшлийн хувийг анх Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн Ц.Э 30 хувь, О.Э20 хувь байснаар тогтоож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 196 дугаар шийдвэрээр Монгол Улсын Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар Ц.Э, О.Энарын “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Компанийн тухай хууль зөрчиж хэзээ хийсэн нь тодорхойгүй хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэр протоколыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д зааснаар Ц.Э, О.Энарыг “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж бүртгэлээс хасч бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125.220 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70.200 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 196 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар Ц.Э, О.Энарын “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Компанийн тухай хууль зөрчиж хэзээ хийсэн нь тодорхойгүй хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэр протоколыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэснийг Монгол Улсын Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11.1, 12.1, 12.2, 13.1, 13.7, 14.1, 18.1, 33.1 \1999 он\, 70 дугаар зүйлийн 70.1.1 \2011 он/ -д зааснаар Ц.Э, О.Энарын “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Компанийн тухай хууль зөрчиж хэзээ хийсэн нь тодорхойгүй хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэр протоколыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Ц.Э, О.Энараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй тул доорхи үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ц.Э, О.Энарын нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. - “Дархан секьюрити" ХХК нь Компанийн /1999 оны/, Улсын бүртгэлийн тухай хуулиудад зааснаар 2004 онд гэрээт харуул хамгаалалтын алба гүйцэтгэх зориулалтаар үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн одоо хүртэл 15 жилийн хугацаанд 3 хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хувьцаа эзэмшигч нарыг мөн, биш болон хувь эзэмшигч нарыг хасуулах талаар ямар нэгэн маргаан үүсэж байгаагүй, одоо хүртэл улсын бүртгэлийн газарт 3 хувьцаа эзэмшигч гэдгээр бүртгэлтэй байгаа болно. - Нэхэмжлэгч Ц.Э, О. О.Энарын хувьцаа эзэмшигч болох нь компанийн үүсгэн байгуулсан хурлын протокол, компанийн дүрэм болон бусад нотлох баримтуудаар батлагдаж байгаа болон, хариуцагч Ц.Л нь би өөрөө энэ компанийг байгуулах тухай Н.Б, М.Бнарт санал гаргасан боловч эдгээр хүмүүс нь цагдаагийн байгууллагад ажилладаг тул өөрсдийн гэр бүлийн хүмүүсийг оруулахаар болж миний бие нь компанийг удирдан зохион байгуулж ажиллуулах, хөрөнгө оруулалтыг хамтран гаргах, компанийг 2 сая төгрөгийн дүрмийн сантай байгуулж, дүрмийн сангийн 50 хувьтай тэнцэх хөрөнгө оруулах, Н.Б /эхнэр Ц.Э / дүрмийн сангийн 30 хувьтай тэнцэх хөрөнгө оруулах, М.Б/эхнэр Энхзул/ дүрмийн сангийн 20 хувьтай тэнцэх хөрөнгө оруулах, оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа эзэмшихээр тохиролцож компанийн дүрмийн санг баталсан гэж тайлбар гаргаж байгаа, он сар нь тодорхойгүй хувь нийлүүлэгчдийн хурал хийхдээ хувьцааны хувь хэмжээг багасгаж байгаа нь нэхэмжлэгч нарын хувьцаа эзэмшигч болохыг хүлээн зөвшөөрч үгүйсгээгүй байх бөгөөд нэхэмжлэгч нарын хувьцааны тоог үндэслэлгүй багасгаж, хариуцагч Ц.Л нь дур мэдэн өөрийн эзэмшлийн хувьцааны тоог хууль зөрчиж нэмсэн тул компанид эзэмших хувьцааны тоог тогтоолгохоор нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй шийдвэрлэлээ. -Компанийн дүрэмд зааснаар хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах, компанийн дүрмийн санд өөрчлөлт оруулах, хувьцааг нэгтгэх, шилжүүлэх зэрэг ажиллагаануудыг хийхдээ хувьцаа эзэмшигч нарт албан ёсоор мэдэгдээгүй хувьцааг гэрээний дагуу шилжүүлээгүй, хэзээ хийсэн нь тодорхойгүй хурал хийж хувьцааны талаар улсын бүртгэлийн газарт хуурамч бүртгэл хийлгэсэн зэрэг компанийн хууль зөрчигдсөн болох нь тогтоогдсон тул хувь нийлүүлэгчдийн хурлын протоколыг хууль бус гэж үзэн хүчингүйд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. -Компанийг үүсгэн байгуулах үеэс эхлэн компанийн гишүүд санал нэгтэй байсан гэдэг нь Ц.Л өөрөө эхэлж компани байгуулах санал оруулсан, цагдаагийн байгууллагын тусгай зөвшөөрөл авагдсан, тусгай тоног төхөөрөмж авахаар санал нэгдэж цагдаагийн ажилтантай хамт Хятад улс руу явж байсан, сургалт зохион байгуулж байсан, одоо ч компани бусад байгууллагатай гэрээ байгуулан дохиолол харуул хамгаалалтын алба гүйцэтгэж байгаа зэрэг нь хариуцагч Ц.Лын хууль зөрчсөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэн компанийн хувь эзэмшигч нарыг үгүйсгэж сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд давж заалдах шатны шүүх компанийн хуулийн дагуу хийгдсэн ажиллагааг үгүйсгэж шийдвэрлэж байгааг хуулийн шаардлага хангасан шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байгаа гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянаж үзнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.Э, О.Энар хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан ““Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, хэзээ хийсэн нь тодорхойгүй хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэр, протоколыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэснээс гадна компанийг үүсгэн байгуулах гэрээ дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг хэлцлийн үндсэн дээр хийгдсэн улсын бүртгэлийг буруу ташаа гэж үзэж “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн Ц.Э, О.Энарыг улсын бүртгэлээс хасч бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр компани үүсгэн байгуулахаар нэхэмжлэгч нартай тохиролцоогүй, харин тэдгээрийн нөхөр Батнайрамдал, Батбаатар нартай харилцан тохирч компани байгуулсан бөгөөд тэд төрийн байгууллагад ажилладаг учраас гэр бүлийн хүмүүсийн нэрийг компанийн хувьцаа эзэмшигчээр бичүүлсэн, нэхэмжлэгч нар компанийг үүсгэн байгуулаагүй, дүрмийн санд хөрөнгө оруулаагүй тул хувьцаа эзэмших эрх үүсэхгүй гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв сонгосон боловч нотлох баримтыг бүх талаас нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчснөөс нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байх тул залруулах боломжтой гэж хяналтын шатны шүүх үзлээ.
Ц.Э, О.Энарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх зөв тодорхойлсон боловч утга, найруулгын хувьд нэхэмжлэлийг зөв хэлбэрээр илэрхийлж шийдвэр, магадлалд тусгах шаардлагатай байжээ.
Ц.Э нь “Д” ХХК-ийн 30 хувийн, О.Энь 20 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тус тус тогтоолгох, компанийн 90 хувийн эзэмших эрхийг Ц.Л, 5 хувийн хувьцааг Ц.Э, 5 хувийн хувьцааг О.Этус тус эзэмшихээр шийдвэрлэсэн хувьцаа эзэмшигчдийн хурал, түүнээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хамтран, “Д” ХХК-д холбогдуулан гаргасан байна.
Хэрэгт байгаа баримтын хүрээнд, “Д” ХХК-ийг үүсгэн байгуулах хурлын 2014 оны 01 сарын 12-ны өдрийн шийдвэр, компанийн дүрэмд зааснаар Ц.Э тус компанийн хувьцааны 30 хувийг эзэмшиж дүрмийн санд 600 000 төгрөг, О.Эхувьцааны 20 хувийг эзэмшиж, дүрмийн санд 400 000 төгрөг оруулах, Ц.Л 50 хувийг эзэмшиж, 1 000 000 төгрөг оруулахаар компанийн дүрмийн сангийн хэмжээ, эзэмших хувьцааны хувь хэмжээг шийдвэрлэж, улсын бүртгэлд 2014 олны 01 сарын 16-ны өдөр бүртгүүлжээ.
Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэж ойлгоно. Хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үндсэн хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон хувьцаа эзэмшигчийн бусад эрхийг гэрчилдэг үнэт цаас байдаг.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч нар дүрмийн санд мөнгөн хөрөнгө оруулах үүргээ биелүүлээгүй, хөрөнгө оруулаагүй тул хувьцаа эзэмшигчээр тогтоолгох эрхгүй гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болсон байна.
2004 оны 01 сарын 12-ны өдөр “Д” ХХК-ийг үүсгэн байгуулснаас хойш 2006 онд хувь нийлүүлэгчид хуралдаж, компанийн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт хэрэгт авагджээ. Компанийн хувь нийлүүлэгчдийн уг хуралд Ц.Л, Ц.Э, О.Энар оролцож, компанийн үйл ажиллагааны байдал, хэтийн төлөвийн тухай, дүрмийн сангийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, хувь нийлүүлэгчдийн хувь оролцоог шинэчлэн тогтоох тухай 3 асуудлыг хурлаар хэлэлцсэн гэсэн баримт хэрэгт авагджээ. Уг хурлаас дараах шийдвэрийг буюу хувь нийлүүлэгч Ц.Л нь компанийн үйл ажиллагаанд шаардлагатай 35 000 000 төгрөгний үнэтэй дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлсэн боловч компаниас мөнгөө аваагүй байгааг тэмдэглэн, ...компанийн дүрмийн сангийн хэмжээг 9 910 000 төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоож, ...Ц.Л нь 1073 ширхэг хувьцааг эзэмшиж 90%, О.Э, Ц.Э нар тус бүр 59 ширхэг хувьцаа буюу таван хувь эзэмших шийдвэрийг гарган, 2006 оны 07 сарын 04-ний өдөр улсын бүртгэлд шинэчилсэн дүрмээ бүртгүүлжээ. Хувь нийлүүлэгчдийн хурлын протоколд он сар өдөр тодорхой бус хэдий ч уг хурлаас гаргасан компаний дүрэм 2006 оны 07 сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Дээрх хурлын протоколд Ц.Л гарын үсэг зурснаа маргаагүй, протоколд зурагдсан О.Эын гарын үсэг мөн, Ц.Эгийн гарын үсэг биш болохыг шинжээчийн дүгнэлт тогтоожээ. Компанийн хувь нийлүүлэгч 3 хүний хоёр нь хурлын протоколд гарын үсгээ зурснаас үзэхэд энэ хэлцэл нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн баримт болохоос гадна Ц.Э нь гарын үсэг зураагүй хэдий ч энэ талаар мэдсэн байх боломжтой байна.
Энэ баримтаар нэхэмжлэгч Ц.Э, О.Энар тус бүр компанийн хувьцааны 5 хувийг, Ц.Л 95 хувийг эзэмших эрхтэй нь нотлогдсон гэж үзнэ. Энэ бүртгэл нь улсын бүртгэлд одоо ч хэвээр байгаа байна. Компанийн дүрмийн санг нэмэгдүүлж, эзэмших хувьцааны хэмжээ, хувийг тохирч улсын бүртгэлд бүртгүүлсэн тул нэхэмжлэгч нар анхны хэмжээгээр буюу 30%, 20% хувийн эзэмших эрхээ бүхэлд нь сэргээлгэх үндэслэлгүй юм. Харин нэхэмжлэгч нар тус бүр компанийн хувьцааны 5 хувийг эзэмших эрхээ сэргээлгэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохирсон, 43.3-д зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа бодит үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үздэг.
Хариуцагч Ц.Л компани үүсгэн байгуулах талаар нэхэмжлэгч нарын нөхрүүдтэй хэлэлцэн тохирсон гэж маргаж байгаа боловч Ц.Э, О.Энартай гэрээ байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлснээр тэдгээрийн эрхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Түүнчлэн Ц.Э, О.Энар гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг дүрмийн санд оруулсан баримт байхгүй боловч хожим нь тус бүр 5 хувийн хувьцааг эзэмших эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээс үзэхэд нэхэмжлэгч нарыг дүрмийн санд мөнгөн хөрөнгө оруулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар дүрмийн санд хөрөнгөө оруулаагүй гэж үүсгэн байгуулагчийн нэг Ц.Л өмнө нь маргаж байгаагүйгээс гадна хожим нь эзэмших хувьцааны хэмжээг 5 хувь болгон өөрчилөхөөр харилцан тохиролцсон 2006 оны 07 сарын 04-ний өдрөөс хойш ч шаардлага гаргаж байгаагүй юм.
Шинжээчийн дүгнэлтээр компани үүсгэн байгуулах тухай 2004 оны 01 сарын 12-ны өдрийн гэрээнд зурсан Ц.Эгийн гарын үсэг мөн, О.Эынх биш гэж, Ц.Л 90 хувь, Ц.Э 5 хувь, О.Э5 хувийн хувьцааг эзэмшихээр шийдвэрлэсэн хувь нийлүүлэгчдийн хурлын протоколд зурсан О.Эын гарын үсэг мөн, Ц.Эгийнх биш гэж тус тус тогтоогджээ. Эдгээр баримтад зурсан гарын үсэг биш гэж тогтоогдсон хэдий ч улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг талууд мэдсэн, бүртгэлийн үнэн зөв эсэхийг өмнө нь маргаж байгаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Э нь “Д” ХХК-ийн 5 хувийн, О.Энь 5 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тус тус тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ц.Э, О.Энарыг улсын бүртгэлээс хасч бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүх 1999 оны Компанийн тухай хууль, 2011 оны Компанийн тухай хуулийн зохицуулалтыг /Шинэчилсэн найруулга/ аль алиныг нь хэрэглэсэн нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д нийцээгүй байна.
2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн компани дүрмээ мөн хуульд нийцүүлэн өөрчилж, компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх, 2 дугаар зүйлд Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс компанийн дүрмийг мөн хуульд нийцүүлэн өөрчлөх хүртэлх хугацаанд компанийн дүрэм нь Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд заасан хэм хэмжээнд харшлаагүй хэсгээрээ хүчин төгөлдөр байна гэж заажээ. Уг хуулийн дагуу 2012 оны 07 дугаар сарын 01-нээс хойш компаниуд дүрмээ Шинэчилсэн найруулгад нийцүүлэн өөрчилсөн байна.
Зохигч талууд 2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр компанийг үүсгэн байгуулсан, 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинэчилсэн дүрмээ бүртгүүлсэн үйл баримтыг маргаж байгаа боловч тухайн үед үйлчилж байсан 1999 оны Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол Шинэчилсэн найруулгын зохицуулалттай зөрчилдөөгүй, эрх зүйн байдал дордоогүй, компани дүрмээ Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн өөрчилсөн тул 2011 оны Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэлтэй байжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дүгээр магадлалын 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 196 дугаар шийдвэрийн 1, 2 дах заалтыг нэгтгэж, “Компанийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсгийг баримтлан Ц.Э нь “Д” ХХК-ийн 5 хувийн, О.Э5 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлээс “компанийн 90 хувийн эзэмших эрхийг Ц.Л, 5 хувийн хувьцааг Ц.Э, 5 хувийн хувьцааг О.Этус тус эзэмшихээр шийдвэрлэсэн хувьцаа эзэмшигчдийн хурал, түүнээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг болон Ц.Э, О.Энарыг улсын бүртгэлээс хасч бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 3 дах заалтад “...нэхэмжлэгч нараас 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосгуай...гэснийг хариуцагчаас 125 220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 05 сарын 03-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА