Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2168

 

А.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02077 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Д,

Хариуцагч Ц.Бд холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60 100 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 20 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд А.Д нь Ц.Бтэй танилцаж, байр авах хүсэлтэй байна гэсэн аман хэлцэл хийж, түүнээс хойш 2013 онд 47 000 000 төгрөг өгсөн. 2013 онд хотод орж ирээд “орон сууцаа яасан бэ” гэхэд “түрээсийн байранд сууж бай, би ямар ч байсан байр авч өгнө” гэж хэлсэн. Тэгээд Ц.Бг хүлээж 2 жил байр түрээсэлж амьдарсан. 2015 онд 2011 оны тохиролцоо биелэгдэхгүй болохоор Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт хандахад Ц.Б байцаалт өгсөн байдаг. Энэ байцаалт өгөхдөө “12 000 000 төгрөг өгөөд, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруугийн 79-121 тоот байраа зараад мөнгийг та нарт өгнө” гэсэн хэлцэл хийж, тохиролцсоноор хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хийсэн хэлцлийг Өвөрхангай аймагт нотариатаар баталгаажуулж хийсэн. Үүний дагуу 6 дугаар сард байраа авъя гэж ирэхэд, “би байраа 50 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан. Чи Ариг банктай миний зээлийг төлөөд, энэ байрыг ав. Тэгээд 23 500 000 төгрөг өг” гээд хоорондоо тохиролцоо хийсэн.

Ц.Б яг энэ үед байр авна гээд тохиролцоод хоорондоо ярилцаад, чи надаа 20 000 000 төгрөг өг гээд, 3 500 000 төгрөг авч, зээлийн гэрээ байгуулан, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Бд 38 500 000 төгрөгийг төлсөн. Банкинд төлсөн 14 400 000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзсан. Энэ нь тусдаа асуудал. 2013-2014 онд 16 сар байр хөлсөлсөн 7 200 000 төгрөг, үүнийг нотлох баримт байхгүй учир энэ нэхэмжлэлээсээ татгалзаагүй болохыг дурдаж, нийт 45 700 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, үндсэн нэхэмжлэл бол 2011 онд амаар хийсэн хэлцэл юм. Худалдах, худалдан авах гэрээ биш. Иргэний хуулийн 73 дугаар зүйлд үндсэн нэхэмжлэлийн хамт хэлэлцэж болох нэхэмжлэлийг сөрөг нэхэмжлэл хэлэлцдэг. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1.1 дэх заалтаар “эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 37,2 хувийн хүүтэй, 36 сар буюу 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр бэлэн бусаар зээлдэгчид мөнгө олгоё” гэснийг А.Д төлөхөөр өөрчилж байна гэсэн байна.

Зээлийн гэрээний талаар хэлэлцээд, 20 000 000 төгрөг, 14 000 000 төгрөг зэргийг нэхэмжлээд байгаа нь шүүхээр шийдвэрлэгдсэн. 3 дугаар заалтад А.Дгийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, энэ талаар маргааныг банк болон А.Д үүсгэхгүй болно. Банк ингэдэг этгээд биш.

Иргэд хооронд хийсэн харилцаа хүчин төгөлдөр. Энэ 46 000 000 төгрөгийн харилцаа хэзээ яаж дуусссан юм бэ, энэ бол дуусаагүй. Энэ зээлийн гэрээнд өмнө нь өгсөн 47 000 000 төгрөгийг ингэнэ, тэгнэ гэсэн юу ч байхгүй. Үүний тухай яригдаагүй учир үндэслэлтэй. Гэхдээ эдний хоорондоо тохиролцсон зээлийн гэрээний үүрэг байгаа. А.Дг байранд нь байлгасан гэсэн нотлох баримт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд өнөөдөр яригдах асуудал биш учир тайлбар гаргах үндэслэл байхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2011 оноос хойш Ц.Б, А.Дгээс мөнгө авсан асуудал яригдсан байдаг. Бичгээр мэдүүлсэн баримт дээр 46 000 000 төгрөг гээд дурдагдсан байдаг. Байр авч өгнө гэсэн асуудал яригдсан байдаг. Байрандаа оръё гэсэн асуудал яригдаад, оруулах байр нь банкны барьцаанд байсан. Тиймээс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2012012151/А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр байгаа. Уг гэрээгээр байрны асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг зохицуулсан. Гурвалсан гэрээ хийсэн байдаг. Ц.Бгийн банктай хийсэн зээлийн гэрээний үүрэг болох 47 825 726 төгрөгийг А.Д төлөх, өөрөөр хэлбэл өрийг шилжүүлж авсан.

Харин энэ зээлийн төлбөрийг төлвөл зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2-т зааснаар бүрэн төлж дууссаны дараа Ариг банкинд байгаа 2 өрөө байрны гэрчилгээг худалдан авагч, зээлдэгч А.Дд хүлээлгэн өгч, үл хөдлөхийн гэрчилгээг А.Дгийн нэр дээр шилжүүлж өгнө гэсэн байгаа. А.Дгийн хувьд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Тиймээс А.Дгийн нэр дээр шилжүүлэх асуудал нь хийгдээгүй байна. Уг гэрээний 4-т зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор А.Д нь Ц.Бд 23 500 000 төгрөгийг төлсөн байна гэж заасан. Энэ нь зээлийн барьцаанд байгаа мөнгөнд өмнөх барьцаа зээлийн үлдэгдэл дээр нэмээд 53 500 000 төгрөгийг А.Д, Ц.Бд төлнө гэсэн зүйлийг зохицуулсан.

Энэ гэрээний нэмэлт байгуулснаас хойш А.Д үүргээ биелүүлээгүй. Ц.Бгийн хувьд өөрчлөлт орсноос хойш ямар нэгэн зөрчсөн зүйл байхгүй. Энэ 2 гэрээний заалт биелэгдээгүй учраас А.Дгийн байр шилжээгүй, банкны барьцаанд шийдвэр нь гарчихсан. А.Д банкны зээл төлөх үүрэгтэй боловч төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн байдалтай явж байгаа. Талуудын хооронд хамгийн сүүлд хийгдсэн бичгийн тохиролцоо бол энэ нэмэлт өөрчлөлт байгаа.

Тэгэхээр энэ нэмэлт өөрчлөлтийн дагуу асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Тиймээс А.Дгээс Ц.Бгийн хувьд гэрээний 1-д зааснаар 23 500 000 төгрөгөөс 3 500 000 төгрөгийг авсан бөгөөд 20 000 000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Түрээсийн асуудалтай холбоотой ямар ч зүйл яриагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй. Харин гэрээний нэмэлт өөрчлөлт хийсний дараа Ц.Б байрны түлхүүрийг А.Дгийн хүүхдэд шилжүүлж өгсөн. Үүнээс хойш олон сар байр ашиглаж байгаад өнгөрсөн оны сүүлээр шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хэлэхгүйгээр гараад явсан байдаг. Тэрийг нь Ц.Б мэдээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хариу тайлбартай холбоотой. Нэмэлт гэрээ бол талуудын хооронд хамгийн сүүлд хийгдсэн бичгийн тохиролцоо. Энэ нь талууд өөрсдөө чөлөөтэй, сайн дурын үндсэн дээр тохиролцоод хийгдсэн асуудал байгаа. Энэ талаар Иргэний хуулийн 187 дугаар зүйлд заасан байгаа. Гэрээний нэмэлт өөрчлөлтөөр Ц.Б 20 000 000 төгрөгийг авах эрхтэй байгаа.

А.Дгийн хувьд нэмэлт өөрчлөлтийн хүрээнд банкинд болон Ц.Бд төлбөрийг төлсөн бол байрны гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж өг гэдэг асуудал ярих боломжтой байсан. Гэвч өмнөх асуудлыг яриад байна. Энэ нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар А.Д үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин гэрээний нэмэлт өөрчлөлтийн 4-т заасны дагуу А.Дгээс 20 000 000 төгрөгөө шаардаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Бгээс 37 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 200 000 төгрөг болон А.Дгээс 20 000 000 төгрөг гаргуулах тухай ц.Бодлсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 458 450 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бгээс 345 450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Дд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Ариг банк, А.Д, Ц.Б нарын хооронд 2102012158А дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээг үнэлээгүй орхигдуулснаар шийдвэр алдаатай болж эхэлсэн байна. Энэ гэрээнд 46 000 000 төгрөгийг өгч авах тухай асуудал дурдагдсан, энэ мөнгөнөөс 12 000 000 төгрөгийг Ц.Б нь А.Дд буцаан төлсний дараа үлдэгдэл 36 000 000 төгрөгийг А.Д авахаас татгалзан Ц.Бгээс авах орон сууцны үнийн дүнд төлсөнд тооцож, энэхүү мөнгөн дээр 23 500 000 төгрөг Ц.Бд нэмж төлөх, мөн Ц.Бгийн Ариг банкинд төлөх зээлийн үүргийн үлдэгдэл 47 825 726.13 төгрөг буюу нийт орон сууцны үнийг 105 325 726 төгрөгөөр тооцон орон сууц худалдахаар тохиролцож байгуулагдсан юм. Энэ нь хэрэгт авагдсан үйл баримтаар бүрэн нотлогддог, талууд маргадаггүй.

Энэ бол талуудын хамгийн сүүлийн хүсэл зоригийн илэрхийллийг бичгээр баримтжуулсан үйл явдал юм. Ингэснээр үүнээс өмнө байгуүлагдсан иргэд хоорондын хэлцлийн үйлчлэл нь дуусгавар болсон. Дээрх 3 500 000 төгрөгийг нэмэлт өөрчлөлтийн гэрээний дагуу төлсөн гэж зөвхөн хариуцагч тал тайлбарлаагүй, талууд маргахгүй байгаа. Үйл баримтаар шууд харагдаж байгаа, талууд маргахгүй байгаа асуудлыг маргаж байгаа мэтээр шүүх дүгнэсэн, мөн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ариг банк ХХК, А.Д, Ц.Б нарын хооронд 2102012158A дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-гээр орон сууц худалдан авахаар тохиролцсоноор нэмж 3 500 000 төгрөг төлснийг үгүйсгээгүй боловч ямар учраас хүсэл зориг тохиролцоо хэрэгжих боломжгүй болсон талаар үндэслэл дурдаагүй байна. Энэ асуудал зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр тодорхойлогдсон байгаа. Мөн шүүх “нийт 128 371 162 төгрөгийн үүргийг гүйцэтгүүлэхээр тохиролцсон гэж хариуцагч тал тайбарлаж байна” гэж миний яриагүй зүйлийг намайг ярьсан болгож бичжээ.

Нэхэмжлэгч орон сууцыг худалдан авахаас тагалзсан шалтгаанаа нэмж мөнгө төлөхийг шаардсан /энэ нотлох баримтгүй/, зээлийг төлөөд авбал орон сууцны үнийн дүн зах зээлийн ханшаас хэт өндөр болно, шүүхийн шийдвэрийн дагуу А.Д 58 519 762 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн талаар дурдсан юм. Тэгэхээр нь миний бие “өмнө авсан 34 000 000 төгрөг, үүн дээр шилжүүлэн авсан зээлийн үүрэг 47 825 726 төгрөг, нэмж төлөх 23 500 000 төгрөгийг нийлбэрээр үнийн дүн тодорхойлогдоно, энэ нь зах зээлийн үнээс өндөр биш гэж хэлсэн нь хурлын тэмдэглэлд туссан байх гэж найдаж байна.

Мөн шүүх “2102012158A дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” болон 2011 оны байр худалдан авах тохиролцоог үргэлжилсэн шинжтэй нэг гэрээний харилцаа гэж үзэх боломжгүй ба уг гэрээнүүд нь тус тусдаа шинэ гэрээний харилцаа гэж үзнэ” гэж буруу дүгнэсэн. 2011 оны гэрээ бол талуудын эхний хүсэл зориг байсан бол сүүлийн хүсэл зоригийн илэрхийлэл нь 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” юм. Энэ талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч маргасан байлаа ч зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр маргаангүй гэдэг нь нотлогдоно.

Ямар үндэслэлээр орон сууцыг шилжүүлэн авах гэрээний зорилго биелэх боломжгүй талаар шүүх үндэслэлдээ дурдаагүй байна. А.Д, Ц.Б нарын гэрээний зорилго биелэгдэх эсэх нь тэднээс шууд хамаарах байтал шүүх хөндлөнгөөс оролцож, биелэгдэх боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Гэрээний зорилго биелэгдэх боломжтой эсэхийг шийдвэрлэдэг субьект нь шүүх биш, гэрээний талууд өөрсдөө юм. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй цорын ганц этгээд бол А.Д юм. Тэрээр зээлийн үүргийг шилжүүлж аваад төлж дуусгах ёстой байтал төлөөгүй, Ц.Бд 23 500 000 төгрөгийг гэрээний 4 дүгээр заалтын дагуу 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөх ёстой байтал гэрээ байгуулсан өдрөө 3 500 000 төгрөгийг нь төлөөд үлдэх 20 000 000 төгрөгийг төлөөгүй. Энэ үүргээ биелүүлбэл А.Д орон сууцыг авах бүрэн боломжтой. Иймд нэхэмжлэгч А.Дгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Бгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Ц.Бд холбогдуулан 60 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 45 700 000 төгрөг болгон багасгасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч марган, 20 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч А.Д нэхэмжлэлийн үндэслэлээ 2011 онд орон сууц худалдан авах талаар хариуцагч Ц.Бтэй амаар тохиролцож, 2013 он гэхэд орон сууцны үнэ 47 000 000 төгрөгийг түүнд шилжүүлсэн, үүнээс 12 000 000 төгрөгийг буцааж авсан, үлдэгдэл 35 000 000 төгрөгийг, мөн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчид бэлнээр өгсөн 3 500 000 төгрөг, орон сууц түрээсэлсний зардал гэж 7 200 000 төгрөг, нийт 45 700 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан ба үүнээс орон сууцны үнэ гэж шилжүүлэн авсан 46 000 000 төгрөгөөс 12 000 000 төгрөгийг буцаан төлсөн, төлөгдөөгүй  үлдэгдэл 34 000 000 төгрөг болон 3 500 000 төгрөгийг авсан талаар хариуцагч маргаагүй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан “Иргэд хоорондын хэлцэл”-ийн агуулгыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч нь орон сууц худалдан авах зорилгоор хариуцагчид 46 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч Ц.Б нь үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хариуцагч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр байр 121 тоотын 46.1 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг худалдсаны дараа 46 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүргийг хүлээсэн ба талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Хэргийн дээрх баримтаар зохигчдын хооронд 2011 онд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар амаар байгуулагдсан, хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүй зөрчлийн улмаас нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэрээнээс татгалзсан, гэрээгээр шилжүүлсэн зүйлийг буцааж өгөхөөр талууд тохиролцсон, уг үүргийн хүрээнд хариуцагч 12 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгч, 34 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаарх үйл баримт тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөр 34 000 000 төгрөгийг шаардах эрхтэй.

Хариуцагч Ц.Б нь 20 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ариг банк, А.Д, Ц.Б нарын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 4 дэх заалтыг үндэслэн гаргасныг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч Ц.Б нь 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ариг банк ХХК-тай 2102012158 тоот зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлэн, мөн өдрийн зээлийн барьцааны гэрээгээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026096 дугаар бүртгэл бүхий өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр байр 121 тоотын 46.1 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалжээ. /хх-58-62/

Дээрх зээлийн гэрээнд 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан Ариг банк ХХК, А.Д, Ц.Б нарын хооронд байгуулагдсан 2102012158А дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” хэрэгт авагдсан ба /хх-56/ тус нэмэлт гэрээгээр /хх-56/ Ц.Бгийн зээлийн төлбөрийн үлдэгдэл 47 825 726,13 төгрөгийг жилийн 37,2 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаанд төлж барагдуулах үүргийг А.Д хүлээж, гэрээний дагуу зээлийг төлж дууссан нөхцөлд зээлийн барьцааны хөрөнгө буюу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр байр 121 тоотын 46.1 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг А.Дгийн нэр дээр шилжүүлэх талаар талууд харилцан тохиролцсон байна.

Гэвч нэхэмжлэгч А.Д нь “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний үүргээ гүйцэтгээгүйн улмаас “Ариг банк” ХХК-аас А.Д, Ц.Б нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан, маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01165 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байх ба шүүхийн шийдвэрээр 58 519 762,73 төгрөгийн төлбөрийг А.Дд хариуцуулж, Ц.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.  /хх-51-55/

Иймд  Ариг банк ХХК-аас 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр А.Д, Ц.Б нартай байгуулсан 2102012158А дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гарган, маргааныг шүүх шийдвэрлэснээр уг гэрээг цуцлагдсан гэж үзэх ба хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг А.Дгийн нэр дээр шилжүүлэх талаарх гэрээний тохиролцоо биелэгдэх боломжгүй нөхцөл байдал бий болжээ.

Дээрх байдлаар нэмэлт гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд гэрээ байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч А.Дгээс Ц.Бд өгсөн 3 500 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй, шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан нь зөв.

Харин гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ цуцлагдсан байхад уг гэрээний 4 дэх заалтыг биелүүлээгүй гэж 20 000 000 төгрөгийг А.Дгээс гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан нь үндэслэлгүй, улмаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр байр 121 тоотын 46.1 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч А.Д шилжүүлэн авах гэрээний нөхцөл бүрдээгүй тул 20 000 000 төгрөгийг төлөх үүрэггүй болно.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Б орон сууц олж өгөх үүргээ биелүүлээгүйгээс түрээсийн төлбөрт 7 200 000 төгрөг төлж хохирсон гэх нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 37 500 000 /34 000 000+3 500 000/ төгрөгөөр хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. 

Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар зөв дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэл болох Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлаагүй алдаа гаргасныг зөвтгөх боломжтой байна. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн нэрийг алдаатай бичсэнийг зөвтгөнө.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02077 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 243.1” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.1” гэж нэмж, “ц.Бодлсүрэнгийн” гэснийг Ц.Бгийн” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

А.ОТГОНЦЭЦЭГ