Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/00117

 

Б.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 118 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар магадлалтай,

Б.Хын нэхэмжлэлтэй,

12д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХААИС-ийг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежер мэргэжлээр төгссөн. 2018.11.20-ны өдөр захирал Н.Сүхбаатарын тушаалаар албан ёсоор 12-р сургуульд нягтлан бодогчоор томилогдон 2018.12.10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. 2018.11.22-ны өдөр тухайн сургуулийн захирал солигдож Ж.Маанийдаарий томилогдон ирсэн. Ажилд томилогдсон анхны өдрөөс авахуулаад намайг өрөөндөө дуудан оруулаад Чи энд ажиллаад өрөнд орно. Энд дандаа өр гардаг тийм учраас чи хуучин нягтлангаар нь ажлыг нь дуусгуул, чи жилийн эцсээр 20 сая төгрөгийн өрөнд орно гэх зэрэг хууль бус үндэслэлгүй шаардлага тавьж, элдэв аргаар дарамт шахалт үзүүлэх болсон. Ажлаа авсны маргааш өглөө буюу 2018.12.23-нд ажлаа хуучин нягтландаа хүлээлгэж өг гэсэн. Би тэрний хариуд нь миний ажлаас халагдах тушаалыг өг би тушаалаа авч байж ажлаа хүлээлгэж өгнө гэсэн шаардлагыг тавьсан. Гэтэл халах тушаал гаргаж өгөхгүйгээр ажиллаж нөхцөл боломжийг минь цаг ямагт хязгаарлаж, чамтай хамтарч ажиллахгүй, чи яв гэж янз бүрээр дарамталсан. 2018.11.29-ний өдөр өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн миний өмнө ажиллаж байсан нягтлан Энхзулыг ажилд томилох тушаал гаргаж хүчээр ажил хүлээлцүүлэх гэсэн. Би халах тушаал гаргаж гардуулаагүй тул ажлаа өгөхгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Захирал Ж.Маанийдаарийгийн энэ хууль бус үйлдлүүдээс болж миний ажил тасалдаж улмаар сургуулийн нийт багш нар 11 сарын цалингаа авч чадахгүй болох нөхцөл байдал үүссэн. Ингээд 2018.12.03-ны өдөр багш нарын хурал зарлагдаж яагаад 11 сарын сүүлийн цалингаа одоо болтол өгөхгүй байгаа талаар сургуулийн нийт багш ажилчдын хурал хийсэн. Хурлаар нягтлан захирал нарын хооронд үүссэн асуудлыг хамт олноороо авч хэлэлцээд хурлын эцсийн шийдвэр нь нягтлан бодогч Б.Х нь ажлаас халагдах үндэслэл байхгүй, хуучин нягтлангийнх нь ажлыг бүрэн хүлээлцүүлээд Б.Х надтай хамтарч ажиллана гэсэн шийдвэрт хүрсэн боловч 2018.12.06-ны өдөр бас нэгэн өөр шинэ нягтлан томилж намайг бас л ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Ийнхүү ажил олгогчийн зүгээс буюу Ж.Маанийдаарий тус сургуулийн захирлаар томилогдон ирсэн 2018.11.22-ны өдрөөс хойш миний бие Б.Х нягтлан бодогчийн ажлаа хийж хэвийн ажиллаж ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсэж байнгын хууль бус дарамт шахалтанд өртөх болсон. Миний бие 2018.12.10-ны өдөр шинэ нягтлан Б.Одсайханд ажлаа хүлээлгэж өг гэхэд нь намайг ажлаас халсан тушаалаа өг гэж нэхэхэд 2018.12.06-ны өдөр гэж огноолсон Б/71 дугаартай Б.Хын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэсэн илт үндэслэлгүй, тушаалыг надад өгсөн. Би тус тушаалыг болон захирал Ж.Маанийдаарийгийн хууль бус үйлдлүүдийг анхнаасаа огт хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тус сургуулийн нийт багш ажилчдын эрх ашгийг бодож Ж.Маанийдаарийгийн хууль бус удаа дараагийн үйлдлээс болж дахин цалингаа авч чадахгүй байх нөхцөл байдал үүсэх эрсдэлээс сэргийлж шинэ нягтлан гэх Б.Одсайханд ажлаа хүлээлгэж өгсөн. 2018.11.22- 2018.12.10-ны өдрийг хүртэл захирал Ж.Маанийдаарий шинэ нягтлан авсан, тушаал хүчингүй болгосон, тус тушаалаа хүчингүй болгосон зэрэг хэд хэдэн хууль бус тушаалууд гаргасан бөгөөд төрийн байгууллагын тамга тэмдэг, албан баланкийг ашиглан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэдэг шиг өөрийн хууль бус үйлдлүүдээ албажуулж намайг ажиллах нөхцөл боломжоор хангах ёстой хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эсрэгээрээ ямар ч үндэслэлгүй хууль бус дарамт шахалт үзүүлсэн. Миний тушаал бол Хонгорзул Энхзул хоёрыг ажил хүлээлц гэсэн тушаал байсан. 2018 оны 12 сарын 06 өдөр ажлаа хүлээлгэж өгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Одоо ажилдаа эргэж орох, нийгмийн даатгал эрүүл мэндийг даатгал нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөр яг хэн гэдэг хүнийг ажилд нь эгүүлэн тогтоох асуудлыг хэлэлцээд байгаад эргэлзэхээр зүйл яриад байна. Ажилтан, ажил олгогч хоёр нь тус тусдаа хоёр өөр эрх үүрэгтэй. Сая Б.Хыг ажлаас халсан дээр Сүхбаатар захирлын ийм ийм буруутай үйл ажиллагаанаас болсон гэж яриад байх юм. Сүхбаатар Маанийдаарий хоёр нь хоёулаа ажил олгогч, ажил олгогч хууль тогтоомж биелүүлж ажилладаггүй байдлыг золиос нь Б.Х гэж ажилтан байх ёсгүй, үүнийг хөдөлмөрийн хуульд тухайлан зааж өгсөн байдаг. Өнөөдөр Б.Хыг халсан үндэслэлийг тайлбарлахын орон Сүхбаатар гэдэг хүн буруу юм хийсэн гэдгийг яриад байгаа нь энэ шүүх хуралдаан ач холбогдолгүй байна. Хонгорзул өөрөө очоод тушаалаа гаргаад халагддаг, өөрөө тушаал гаргаад ордог бол магадгүй тийм байж болох юм.

Хоёрдугаар Энхтуяа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Гэвч Сүхбаатар захирлыг хажууд нь байхад өөрөө байсан юм шиг яриад байгаа нь зохимжгүй юм. Тушаал шийдвэр буруу байсан нь ажилтны буруу биш. Б.Хыг халах гэж олон янзын шийдвэр гаргасан, хамгийн сүүлд Б/71 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өнөөдөр Хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгосон юм уу ажлаас халсан юм уу гэдгийг ойлгохгүй яриад байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулъя Дархан-Уул аймгийн 12 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх гэсэн байгаа. Цалинг 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс 2019 оны 1 сарын 28-ны өдөр хүртэл ажлын 36 хоног байна. Хөдөлмөрийн гэрээний 1.4-т түүний цалинг 627031 төгрөг заасан байгаа. Үүнийг аргачлалын дагуу бодоход нэг өдрийн цалин 29165 төгрөг болж байгаа үүнийг 36 хоногоор үржүүлэхэд нийт 1,049,912 төгрөг нэхэмжилж байгаа. 2018 оны 12 сарын 06-ны өдөр Б/71 гэсэн тушаал гаргасан байгаа юм. Энэ тушаалаараа Б.Хын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж ойлгож байгаа. Энэ асуудлыг шийдэхэд бусад тушаалууд хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тус Б/71 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4 гэсэн заалт барьсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-т хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэж байгаа. Эрх бүхий байгууллагаас Хонгорзулыг ажлаас чөлөөл гэсэн шаардлага ирсэн болж таарах гээд байгаа. Тушаалын үндэслэлд дурдагдсан 2018 оны 11 сарын 20 өдрийн албан бичиг байгаа. Энэ албан бичгийн Хонгорзулыг ажилд томилоход Санхүү төрийн сангийн хэлтсээс ирсэн бичиг байгаа юм. Тэр бичиг ... шаардлагыг хангахгүй байна. Гэхдээ хууль тогтоомжийг биелүүлж ажиллаарай гэсэн бичиг байдаг. Ажилтныг томилоход нь өгсөн бичгийн үр дагавар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалыг үндэслэл болоод байгааг гайхаж байна. Хоёрдугаар сая тайлбараа зөвшилцөж томилох ёстой хэрвээ шаардлага хангахгүй бол томилохгүй гэж яриад байна. Төсвийн тухай хуулийн 19.6-т Төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогчийг дараах байдлаар зөвшилцөн томилж, чөлөөлнө гээд. 19.6.3-т аймаг, нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сумын төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай тус тус зөвшилцөнө гэсэн ийм шаардлага байгаа боловч шаардлага хангаж байгаа болон хангахгүй тохиолдолд ингэнэ тэгнэ гэсэн зохицуулалт тус хуульд байдаггүй . Ажилтныг томилж чөлөөлөх асуудал нь төрийн үйлчилгээний албан тушаалтны хувьд хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зохицуулна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлсэн. Төрийн сангийн хэлтсээс бичиг ирсэн гэж яриад байсан. Гэтэл Төсөв төрийн сангийн хэлтсээ Б.Хд өөрт нь хариунд манай байгууллага ажилтныг томилж чөлөөлдөг байгууллага биш гэсэн байдаг. Магадгүй эрх бүхий байгууллагаас Б.Хыг ажлаас нь чөлөөл гэсэн шаардлага ирүүлсэн зүйл байхгүй нь нотлох баримт шинжлэн судлахад харагдах байх. Б.Хын гарын үсгийг Төрийн сан зөвшөөрөхгүй байсан учраас цалин мөнгө тавихгүй байсан гэдэг асуудал бол болоогүй. Харин ч цалин мөнгөө хугацаанд нь тавь гэдэг талаар төрийн сангаас шаардаж байсан гэж ярьдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-ийг хэрэглэх үндэслэл болон түүнийг нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Маанийдаарий шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Н.Сүхбаатар нь нэхэмжлэгч Балдансүрэн овогтой Хонгорзулыг 2018 оны 11 сарын 12-ны өдөр хуучин нягтлан бодогч Б.Энхзулыг эмнэлэгт хэвтэж байхад хүчээр дуудан ирүүлж нягтлан бодогч нарын ажлыг хүчээр хүлээлцүүлсэн. Ингэж хүлээлцүүлэхдээ ажил хүлээлцэх комисс ажиллаагүй. Ингээд Б.Х нь 2018 оны 11 сарын 12-ноос ажил хүлээж аваад 2018 оны 11 сарын 20 хүртэл огт ажил хийгээгүй байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулсан. Гэтэл төрийн сангийн хэлтсийн даргын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 7-10/1290 тоот албан бичгээр Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам-ын 2.1.5 дахь заалтыг хангахгүй байна. Цаашид хууль хэрэгжүүлж ажилла гэсэн албан тоот ирсээр байтал 2018 оны 11 сарын 20-нд намайг ирэх сургаар шууд хууль зөрчин дахин томилсон. Энэ үед огт ажил хүлээлцээгүй. Дээрх үйлдлүүд нь Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.6.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл болсон. Энэ зүйл заалтуудад хуучин нягтлан бодогч авах тухайгаа зөвшилцөх ёстой. Төрийн сан зөвшөөрвөл шинэ нягтлан бодогч авах тухайгаа зөвшилцөх ёстой. Гэтэл хуучин нягтлан бодогчийг зөвшилцөх тухай огт санал оруулаагүй, харин түүний хууль ёсны эрхийг зөрчин 2018 оны ээлжийн амралтаа эдлэх хүсэлт тавихад нь шийдвэр гаргаагүй, жирэмсэн учир эмнэлэгт хэвтэх хүсэлт тавьж чөлөө хүсэхэд чөлөө олгоогүй. Харин эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад нь 2018 оны 11 сарын 12-нд ажлыг нь хүлээлцүүлсэн. Гэтэл Б.Х нь Б.Энхзул ажлаа хүлээлгэж өгөөгүй гэдэг. Ингээд миний бие 2018 оны 11 сарын 22-нд ажилдаа ороод төрийн санд шаардлага хангахгүй нягтлан бодогчтой ажиллахгүй тухайгаа албан тоотоор холбогдох баримтын хамт явуулсан. Ингээд хуучин нягтлан бодогчийг буцааж ажиллуулахаар зөвшилцсөн. Гэтэл Б.Х нь элдвээр доромжлоод чи энэ захиралтайгаа идэх гэж ирлээ, ичих нүүр алга уу гэх мэтээр ажлаа хүлээлгэн өгөхгүй 10-аад хонож төрийн ажил гацсан. Б.Хаар 11 сарын цалин хөлс олгуулахаар бодож баталгаажуулаад 2018 оны 11 сарын 30-нд Төрийн санд хүргүүлсэн боловч чөлөөлөх нягтлан бодогчоо зөвшилцөөгүй шаардлага хангахгүй нягтлан бодогчоор гүйлгээ хийлгэхгүй гээд цалингаа олгож чадаагүй. Ингээд 2018 оны 12 сарын 12-нд олгосон гэх мэтээр 2018 оны 11 сараас 2018 оны 12 сард санхүүгийн үйл ажиллагаа доголдсон. 2018 оны 12 сарын 06-нд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон. Иймээс Н.Сүхбаатар захирал нь Төсвийн тухай хуулийг зөрчин хууль бусаар нягтлан бодогчийг томилсон тул 2018 оны 12 сарын 11-ний өдрийн Б.Хын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтийг хүргүүлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад татгалзаж байгаа вэ гэхээр захирал Сүхбаатар нь анх хөдөлмөрийн гэрээ байгуулж Б.Хыг ажилд авахдаа хууль зөрчиж авсан байдаг. Хонгорзул тайлбартаа хэллээ нягтлан бодогчоор ажиллах шалгууруудын нэгийг хангаагүй байсан гэж. Сангийн сайдаас баталсан байгууллагын ахлах нягтлан бодогчийг авахдаа төрийн сантай зөвшилцөх ёстой байдаг юм байна. Гэтэл шууд ажилд авсан нь хувийн сонирхол байна гэж хардаад байгаа. Яагаад тэгж бодож байгаа вэ гэхээр Б.Хыг 2 удаа тушаал гаргаж авсан байгаа юм. Хонгорзул Би Б/62 дугаартай тушаалаар ажилд орсон гэж яриад байна. Гэтэл хавтаст хэргээс харахад 2 тушаал байдаг. Нэг хүнийг 2 тушаалаар томилно гэж байхгүй 2018 оны 11 сарын 12-н өдрийн Б/61 тоот тушаал нь ямар учиртай юм бэ. Энэ тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дах заалт Засгийн газрын 2008 оны 8 сарын 22-ны 264 дүгээр тогтоолыг үндэслэн томилсон боловч, 8 хоногийн дараа Б/62 гэх тушаал гаргаж Б.Хыг томилсон байдаг. Хонгорзулыг анх ажилд авахдаа эрх зүйн зөрчилтэй тушаал гаргасан. Аль нь хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн тушаал гэдэг нь ойлгомжгүй байгаа. Б/62 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн сантай зөвшилцөхгүйгээр томилсон. Ямар нэг байдлаар хамаатан танил тал нь юм уу, юу нь юм бүү мэд, эвсэл 60 тэрбум дотор яваа юм уу мэдэхгүй байна л даа. Тэгэхээр аль нэг байдлаар Сүхбаатар захирал Төсвийн тухай хуулиа зөрчөөд шууд ажилд авсан байгаа юм. Үүнийгээ дараа нь мэдсэн байгаа юм. Хуучин нягтлан бодогчийг ч ажлаас халахдаа төрийн сантай зөвшилцөх үүрэгтэй байдаг. Гэтэл Энхзулыг өвчтэй эмнэлэгт хэвтэж байхад нь дуудаж ирээд ажлыг нь хүлээлцүүлсэн байдаг. Нэг эрх зүйн акт хүчингүй болоогүй байхад дахиад яг ийм тушаал гаргасан байдаг. Ажилд авсан эхний процесс нь буруу байгаа юм. Маанийдаарий захирал ч халъя гээд халсан юм биш. Аймгийн Төрийн сан, Боловсролын газраас шаардлага ирүүлсэн. Наад авсан Хонгорзул гэх хүч чинь Төсвийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Тэгэхээр манай төрийн сан энэ хүнийг ажилд томилохыг зөвшөөрөхгүй байна гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг. Маанийдаарий захирал төрийн сан хүлээж аваагүй учир ажлаас халсан. Хонгорзулыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 заасан үндэслэлээр чөлөөлсөн байдаг. Энэ хүнийг Төрийн сан гүйлгээг нь хүлээж авахгүй байсан учир Б/71 тоот тушаалыг гаргасан. Би ажлаас чөлөөлсөн тушаалыг хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг зөв хэрэглэж ажлаас чөлөөлсөн байна гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн ажил хийх шаардлага хангаагүй байсан гэж үзсэн. Урьд нь ажилд авсан Б/61, Б/62 дугаар тушаалуудыг хүчингүй болгосон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Хыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинд 990 746 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12иас нөхөн гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Хын шүүхийн шийдвэрээр олгогдох цалингаас нэг удаа нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэн санд тушаан, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12иас улсын тэмдэгтийн хураамжид 98 528 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар магадлалаар: “Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинд 990 746 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12иас нөхөн гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгож” гэснийг “Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинд 990 746 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12иас нөхөн гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгож” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 528 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан болон  давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 зааснаар хуулийг буруу тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь ажил олгогч нь Хөдөлмөрийн хуульд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй, түүнчлэн энэ тухай маргааныг шийдвэрлэхдээ тус хуулийг баримтлах ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа зөвхөн Хөдөлмөрийн хууль тогтоомжийг баримтлах үүрэг ажил олгогчид байх ёстой гэж хуулийг буруу  тайлбарлан хэрэглэсэн. Талуудын маргаж буй албан тушаал нь сургуулийн нягтлан бодогчийн ажил албан тушаалд буюу төсвийн байгууллагын ерөнхий, ахлах нягтлан бодогчийн үүргийн хүлээсэн нягтлан бодогч ажилтанг авч ажиллуулах харилцаанд маргаан үүссэнийг анхаарч үзэлгүй, энэхүү харилцаанд зөвхөн Хөдөлмөрийн хуулийг баримтлах ёстой гэж үзэж шийдвэрлэсэн нь буруу. Энэхүү нягтлан бодогчийн албан тушаал нь Хөдөлмөрийн хууль тогтоомжоос гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль,  Төрийн албаны тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан журмыг баримтлан ажиллах үүрэг бүхий албан тушаал бөгөөд уг хууль тогтоомжуудын шаардлагыг хангасан ажилтанг, ажил олгогч авч ажиллуулах үүргийг хүлээсэн. Холбогдох хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан журмыг шаардлагыг нэхэмжлэгч Б.Х хангахгүй байгаа талаарх эрх бүхий байгууллага буюу Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 7-10/1230 албан тоотыг /55хх/ ажил олгогч анхаарч Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 заалтыг баримтлан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажилтан Б.Х нь тус сургуулийн нягтлан бодогчоор ажиллах шаардлагыг хангахгүй байгаа өөрөөр  хэлбэл нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан, бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх шаардлагыг хангаагүй /73 хх/.  Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар буюу нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй нь төсвийн байгууллагын нягтлан бодогчоор ажиллах боломжгүй болгосон энэхүү үндэслэлд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Б.Х нь төсвийн байгууллагын нягтлан бодогч буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу ялангуяа уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д заасан эрх үүргийг хэрэгжүүлэх нягтлан бодогчоор ажиллах бөгөөд тухайн албан тушаалд ажиллах шаардлага буюу Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3 дахь заалт түүнд нийцүүлэн гаргасан Сангийн сайдын 2012 оны 294 тоот журмын 2 дугаар зүйлийн 2.1.5 заалт, 3 дугаар зүйлийн 3.1.10 заалт, 3.2 заалтын дагуу Аймгийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцсөний дагуу ажиллах эрх бүхий албан тушаал болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд дээрх хуулийн шаардлагыг хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан болохоо нэхэмжлэгч нотлоогүй. Харин хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа энэхүү шаардлага хангахгүй байсан нь хэрэгт нотлогдсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь Аймгийн төрийн сангийн хэлтсийн даргын гарын үсэгтэй Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 7-10/1230 албан тоотоор /55хх/ хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллахыг шаардсан баримтыг шаардах эрх бүхий байгууллага биш гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгосон атлаа яагаад биш гэж үзэж буй үндэслэлээ тайлбарлаагүй.

Б.Хтай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3 дахь заалт түүнд нийцүүлэн гаргасан Сангийн сайдын 2012 оны 294 тоот журмын 2 дугаар зүйлийн 2.1.5 заалт, 3 дугаар зүйлийн 3.1.10 заалт, 3.2 заалтыг зөрчиж өөрөөр хэлбэл ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа сонгон шалгаруулалт зарлан, сонгон шалгаруулалтад тэнцсэн этгээдийг аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцсөнөөр хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан учир хөдөлмөрийн гэрээг үргэлжлэх боломжгүй болсон бөгөөд хуулийг хэрэгжүүлэн ажиллахыг шаардсан эрх байгууллагын албан тоотыг биелүүлэх нь ажил олгогч буюу төсвийн шууд захирагчийн үүрэг. Үүнийг үгүйсгэсэн няцаасан нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн энэхүү хөдөлмөрийн харилцаанд хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэглэн хөдөлмөрийн гэрээ байгуулах боловч хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлэхдээ бусад хууль тогтоомж эрх зүйн актыг зөрчих үндэслэлгүй. Энэхүү хуулийн шаардлагыг биелүүлээгүй улмаас нэхэмжлэгч Хонгорзултай аймгийн  төрийн сангийн хэлтэс гүйлгээ хийхгүй байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн хүндрэлүүд бий болж байсан ба энэ байдлыг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Б.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/71 тоот тушаалд гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй бөгөөд давж заалдах шатны шүүх нь зөвхөн Хөдөлмөрийн хуулийг баримтлан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ёстой гэж үзэж, ажилтанг чөлөөлөх, цуцлах үндэслэлтэй холбон тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнийг эрх бүхий байгууллагаас хууль хэрэгжүүлэн ажиллахыг шаардсанаар уг хөдөлмөрийн гэрээ үргэлжлэх боломжгүй болсныг анхаарч үзээгүй нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28 ны өдрийн 152 тоот хурлын тэмдэглэл /75хх-80 хуудас/-ийн 79 хуудаст авагдсан тэмдэглэлээс харахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой хэлэх зүйл байгаа эсэхийг асуухад хариуцагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг хасуулах санал хүсэлт гаргасныг хүлээн авч, нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан ба үндэслэл нь хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдгийг дарж баталгаажуулсан байх тул нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн. Хэрэгт ирүүлсэн баримтыг нотлох баримтаас 2 үндэслэлээр хасах бөгөөд хэрэгт хамааралгүй нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хасах тухай Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д  заалт заасан үндэслэлээр, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 зааснаар зохигчид хуурамч гэж үзвэл хасуулах эрхтэй болохыг заасан ба Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3- т заасан үндэслэлээр хуурамч гэдгийг мэдсэн этгээд нотлох үүрэгтэй, нотлогдвол хасна гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх нь уг баримтыг хэрэг хамааралгүй, давхацсан гэх үндэслэлээр буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр хассан байх ба энэхүү үндэслэлээр хасч байгаа тохиолдолд зохигчид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх заалтын дагуу гомдол гаргах эрхтэй. Гэтэл хариуцагчийн энэхүү эрхийг хязгаарлаж, зохигчийн хүсэлтээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад  хууль зүйн үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд анхаарч үзээгүй. Ажилтан Б.Х нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа 2018 оны 11 дүгээр сарын  12-ны өдрөөс тус сургуульд ажлаа хүлээн авч ажилласан. Энэ нь ажилтны тус байгууллагад ажиллаж эхэлсэн өдөр. Гэтэл анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос буюу хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс ажилласан гэж үзэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяад эрх үүргийг нь 2019 оны 01 дүгээр сарын 28-нд танилцуулсан баримт /35 хх / хэрэг танилцуулсан баримт /37 хх/ 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр танилцуулсан баримт хэрэгт авагдсан. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяад итгэмжлэлийг Дархан-Уул аймгийн Дархан-Уул сумын 12ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 тоотоор олгогдсон баримт /38 хх/. Анхан шатны шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 тоотоор хариуцагчийн тайлбарыг захирал Ж.Маанийдаарий гаргасан баримт /39-40 хх/ хурлын тов зарласан тухай /57 хх /. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяад 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэрэг танилцуулсан гэх баримтууд 66 хх, 72 хх авагдсан. Эдгээр баримтууд ойлгомжгүй байх ба анхан шатны шүүх хурал нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагт /67 хх/ товлогдож, уг өдрийн 10 цагт /75 хх / хуралдаан эхэлсэн гэх шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан. Дээрх баримтуудыг харьцуулан үзвэл хариуцагчийн эрх үүргийн шүүх хуралдаан товлогдсоноос хойш шүүх хуралдаан болох өдөр танилцуулсан байх ба Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар эрх үүргийг тайлбарлан өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагчийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйл , 38 дугаар зүйл, 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасан эрх үүргийг шүүх хуралдаан товлогдохоос өмнө танилцуулагдаагүй нь зохигч буюу хариуцагчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 118 тоот шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 42 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ. 

                                                                ХЯНАВАЛ:         

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзлээ.

Б.Х нь Дархан Уул аймгийн Дархан сумын 12 дугаар  сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1.-д зааснаар шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.

Хэргийн 115-118 дугаар талд 1-5 гэж дугаарласан давж заалдах шатны шүүхийн магадлал байх бөгөөд тус магадлалын үндэслэх хэсэг буюу магадлалын 4 дэх хуудас хэрэгт авагдаагүй, магадлал дутуу үдэгдсэн, ойлгомжгүй байна. 

Иймд хэрэгт авагдсан магадлалд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, магадлалыг тодорхойлох боломжгүй.

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1. дэх заалтад нийцээгүй нь 172 дугаар зүйлийн 172.2.2.-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, улмаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.                                                                               

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98 528 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД