Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 49

 

Б.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01349/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 118 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын ** дугаар сургуульд холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Б.Х-аас:

2018.11.20-ны өдөр захирал Н.С-ын тушаалаар албан ёсоор Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд нягтлан бодогчоор томилогдон 2018.12.10-ны өдрийг хүртэл ажилласан. 2018.11.22-ны өдөр тухайн сургуулийн захирал солигдож Ж.М- томилогдон ирсэн. Ажилд томилогдсон анхны өдрөөс авхуулаад хууль бус үндэслэлгүй шаардлага тавьж, элдэв аргаар дарамт шахалт үзүүлэх болсон. ...2018.12.03-ны өдөр багш нарын хурал зарлагдаж яагаад 11 сарын сүүлийн цалингаа өгөхгүй байгаа талаар сургуулийн нийт багш ажилчдын хурал хийсэн. Хурлаар нягтлан захирал нарын хооронд үүссэн асуудлыг хамт олноороо авч хэлэлцээд хурлын эцсийн шийдвэр нь нягтлан бодогч Б.Х- нь ажлаас халагдах үндэслэл байхгүй, хуучин нягтлангийнх нь ажлыг бүрэн хүлээлцүүлээд Б.Х- надтай хамтарч ажиллана гэсэн шийдвэрт хүрсэн боловч 2018.12.06-ны өдөр өөр шинэ нягтлан томилж намайг ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. ...2018.12.10-ны өдөр шинэ нягтлан Б.О-д ажлаа хүлээлгэж өг, ...2018.12.06-ны өдөр гэж огноолсон Б/71 дугаартай Б.Х-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэсэн илт үндэслэлгүй, тушаалыг надад өгсөн. Иймд ажилдаа эргэж орох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдоос:

...Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулъя Дархан-Уул аймгийн ** дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх гэсэн байгаа. Цалинг 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс 2019 оны 1 сарын 28-ны өдөр хүртэл ажлын 36 хоног байна. Хөдөлмөрийн гэрээний 1.4-т түүний цалинг 627.031 төгрөг заасан байгаа. Үүнийг аргачлалын дагуу бодоход нэг өдрийн цалин 29.165 төгрөг болж байгаа үүнийг 36 хоногоор үржүүлэхэд нийт 1.049.912 төгрөг нэхэмжилж байгаа. 2018 оны 12 сарын 06-ны өдөр Б/71 гэсэн тушаал гаргасан байгаа юм. ... Б/71 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4 заалт мөн 2018 оны 11 сарын 20 өдрийн албан бичиг байгаа. Энэ албан бичгийн Х-ыг ажилд томилоход Санхүү төрийн сангийн хэлтсээс ирсэн бичиг байгаа юм. Тэр бичиг ... шаардлагыг хангахгүй байна. Гэхдээ хууль тогтоомжийг биелүүлж ажиллаарай гэсэн бичиг байдаг. Хоёрдугаарт ...Ажилтныг томилж чөлөөлөх асуудал нь төрийн үйлчилгээний албан тушаалтны хувьд хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зохицуулна. Х-ын гарын үсгийг Төрийн сан зөвшөөрөхгүй байсан учраас цалин мөнгө тавихгүй байсан гэдэг харин ч цалин мөнгөө хугацаанд нь тавь гэдэг талаар төрийн сангаас шаардаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-ийг хэрэглэх үндэслэл болон түүнийг нотлох баримт байхгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М-:

Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Н.С- нь нэхэмжлэгч Б.Х-ыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хуучин нягтлан бодогч Б.Э-ыг эмнэлэгт хэвтэж байхад дуудан ирүүлж нягтлан бодогч нарын ажлыг хүлээлцүүлсэн. Б.Х- нь 2018 оны 11 дүгээр сарын 12-оос ажил хүлээж аваад 2018 оны 11 сарын 20 хүртэл ажил хийгээгүй байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулсан. ...Төрийн сан зөвшөөрвөл шинэ нягтлан бодогч авах тухайгаа зөвшилцөх ёстой. Гэтэл хуучин нягтлан бодогчийг зөвшилцөх тухай огт санал оруулаагүй, харин түүний хууль ёсны эрхийг зөрчин 2018 оны ээлжийн амралтаа эдлэх хүсэлт тавихад нь шийдвэр гаргаагүй, жирэмсэн учир эмнэлэгт хэвтэх хүсэлт тавьж чөлөө хүсэхэд чөлөө олгоогүй. Харин эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад нь 2018 оны 11 дүгээр сарын 12-нд ажлыг нь хүлээлцүүлсэн. ...Б.Х-аар 11 сарын цалин хөлс олгуулахаар бодож баталгаажуулаад 2018 оны 11 сарын 30-нд Төрийн санд хүргүүлсэн боловч чөлөөлөх нягтлан бодогчоо зөвшилцөөгүй шаардлага хангахгүй нягтлан бодогчоор гүйлгээ хийлгэхгүй гээд цалингаа олгож чадаагүй. 2018 оны 12 дугаар сарын 12-нд олгосон гэх мэтээр 2018 оны 11 дүгээр сараас 2018 оны 12 сард санхүүгийн үйл ажиллагаа доголдсон. 2018 оны 12 дугаар сарын 06-нд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон. Иймээс Н.С- захирал нь Төсвийн тухай хуулийг зөрчин хууль бусаар нягтлан бодогчийг томилсон тул 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагаас:

....Аймгийн Төрийн сан, Боловсролын газраас шаардлага ирүүлсэн. Нягтлан Х- Төсвийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Төрийн сан энэ хүнийг ажилд томилохыг зөвшөөрөхгүй байна гэсэн албан бичиг ирүүлсэн. Захирал М- нь Төрийн сан хүлээж аваагүй учир ажлаас халсан. Х-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 заасан үндэслэлээр чөлөөлсөн. Энэ хүнийг Төрийн сан гүйлгээг нь хүлээж авахгүй байсан учир Б/71 тоот тушаалыг гаргасан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг зөв хэрэглэж ажлаас чөлөөлсөн байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Х-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинд 990.746 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулиас нөхөн гаргуулж нэхэмжлэгч Б.Х-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Х-ын шүүхийн шийдвэрээр олгогдох цалингаас нэг удаа нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэн санд тушаан, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Х- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 98.528 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус сургуульд захирлаар ажиллаж байсан Н.С- нь Б.Х-ыг нягтлан бодогчоор ажилд авахдаа Төсвийн тухай хуулийн 19.6 дахь заалт: Төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогчийг дараах байдлаар зөвшилцөн томилж чөлөөлнө. Төсвийн тухай хуулийн 19.6.3 дахь заалт:           Аймаг, нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сумын төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай тус тус зөвшилцөнө. гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.2-т заасны дагуу Б.Х-ыг сонгон шалгаруулалт зарлаж аваагүй ба төрийн сангийн хэлтэс нь шаардлага хангаагүй нягтлан бодогчоор гүйлгээ хийлгүүлэхгүй байсан учир Б.Х- нь төрийн сангийн хэлтэст гомдол гаргасны хариуд нь зарим шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна гэсэн хариуг өөрт нь бичгээр өгсөн байдаг. Мөн тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаа 2018 оны 11 дүгээр сараас эхлэн гацаанд орж холбогдох тайлан мэдээ хугацаанаасаа хоцорч цалин мөнгө олгогдохгүй гэх мэт олон хүндрэлүүд бий болсон. Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газраас шаардлага хангахгүй нягтлан бодогчийг чөлөөлж шаардлага хангасан нягтлан бодогчийг яаралтай томилж холбогдох байгууллагуудад холбогдох мэдээ тайлангуудыг яаралтай хүргүүлэх албан шаардлага хүртэл ирүүлсэн. Иймээс Б.Х-ын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

            Миний ээж Булган аймаг дахь Бүсийн оношилгоо эрүүл мэндийн төвийн дотрын тасгийн эрчимт сэхээнд хэвтэн эмчлүүлж миний бие сахин сахиураар байгаа тул шүүх хуралдааныг миний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү.

            Тухайн хэрэгт гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна.  

1. Нэхэмжлэгч Б.Х- ажил олгогчтой хэзээ хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тодорхойгүй. Анх ажилд орсон гэх хугацаа 2018.11.12-ны Б/59 тоот тушаалаар эсвэл 2018.11.20-ны өдрийн Б/61 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж үзэх эсэхийг анхан шатны шүүх дүгнээгүй. Хавтаст хэргийн (4хх,10хх) нотлох баримтаар хэрэгт авагдсан гэх боловч хуулбар баримтаар авагдсан шийдвэрийн үндэслэх хэсэгт Захирлын 2018.11,12-ны Б/59 тушаалаар буюу уг өдрөөр ажилд орсныг дүгнэсэн. Гэтэл энэхүү үйл явдлыг гэрчлэх тушаал хуулбараар хэрэгт авагдсан. Энэ нь ИХШХШ тухай хуулийн 38-р зүйлийн 38.5-т заасан нотлох баримт мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй атлаа шийдвэрийн үндэслэл болгосон.

2. Захирлын 2018.11.20-ны өдрийн Б/61 тоот тушаал болон хөдөлмөрийн гэрээ хууль зөрчөөгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь уг хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хууль тогтоомж зөрчсөн талаарх байгууллагын албан бичиг нотлох баримтыг (54хх,55хх,74хх) үгүйсгэсэн баримт нэхэмжлэгч хэрэгт ирүүлээгүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

3. Нэхэмжлэгч нь Захирлын 2018.12.06-ны өдрийн Б/71 тушаалд гомдол гаргасан ба хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлгүй гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүх: а)... ойлгомжгүй байна гэж, б) ...ажилд авах тушаалыг өөрчлөх эрх ойлгогдоогүй байна гэж, в) ...нягтлан бодогчоор хоёроос доошгүй жил ажилласан санхүүгийн тайлан гаргах чадвартай байна гэдгийг хашаагүй нь тогтоогдсон тохиолдолд ажлаас чөлөөлөх эсэхийг ...хариуцагч нотлоогүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх ИХШХШ тухай хуулийн 116-р зүйлийн 116.2 заалтыг зөрчсөн.

Учир нь ойлгомжгүй байна гэх дүгнэлтийг хийхдээ хууль зүйн үндэслэлээ заагаагүй буюу уг тушаалыг хууль зөрчсөн гэж үзээд байгаа юм уу эсвэл хууль зөрчөөгүй гэж үзээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. -Уг маргаан нь ажилд авсан тушаалыг өөрчилсөн гэх маргаан биш бөгөөд ажилд авсан тушаалыг хариуцагч өөрчлөөгүй. -Нэхэмжлэгч ахлах нягтлан бодогчоор ажиллах боломжгүй учир хөдөлмөрийн гэрээ үргэлжлүүлэх боломжгүй талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх нэхэмжлэгчийн нотлох баримтыг хариуцагч үгүйсгээгүй хүлээн зөвшөөрдөг, нэхэмжлэгч ахлах нягтлан бодогчоор ажиллах боломжгүй буюу нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд үүнийг хариуцагч нотлох шаардлагагүй байхад нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй талаарх эрх бүхий байгууллагаас холбогдох баримт ирүүлсэнд хариуцагч буруугүй бөгөөд харин талуудын нотлох баримт маргааны үйл баримтыг хэрхэн нотолж, үгүйсгэж байгаа талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэх тухай давж заалдах гомдлоо дэмжин тайлбар гаргаж байгааг хүлээн авч хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Х- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/71 дугаар тушаалыг эс зөвшөөрч сургуулийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шүүхэд гомдлын шаардлага гаргасан бөгөөд хариуцагч 12 дугаар сургууль Б.Х-ыг тус сургуулийн өмнөх захирал нягтлан бодогчоор ажилд авахдаа хуульд заасан шалгуур хангаагүй хүнийг Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж, ажилд авсан тул гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Х-ыг урьд эрхэлж байсан ажил буюу 12 дугаар сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 990.746 төгрөгийг хариуцагч 12 дугаар сургуулиас нөхөн гаргуулж, нэхэмжлэгч Б.Х-д олгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын Б.Х-ыг анх ажилд авахдаа Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж, ажилд авсан, аймгийн Боловсрол соёлын газраас хуулийн шаардлага хангахгүй нягтлан бодогчийг чөлөөлж, шаардлага хангасан нягтлан бодогчийг яаралтай томилохыг шаардсан албан шаардлага ирүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдлоор хэргийг хүлээн авч бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.              

Хэрэгт авагдсан баримтаар

Хэрэгт нэхэмжлэгч Б.Х-ыг ажилд томилсон 2 тушаал нотлох баримтаар авагдсан байна.

Дархан сумын 12 дугаар сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар Б.Х-ыг тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд, дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 дугаартай тушаалаар мөн нягтлан бодогчийн ажилд тус тус томилон ажиллуулсан тушаал гарчээ.

Сүүлийн тушаал буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тушаал нь аймгийн Санхүү,Төрийн сангийн шийдвэрийг үндэслэн гарсан ба мөн өдрөө ажил олгогчоос ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Хариуцагч 12 дугаар сургуулийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/71 дугаартай “Б.Х-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалаар Б.Х-ын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Н.С- захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

Энэхүү тушаал нь аймгийн засаг даргын Тамгын газрын болон Боловсрол, соёл, урлагийн газрын албан тоотуудыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтыг баримтлан гарсан байна.

Энэ тушаал гарахаас өмнө 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч сургуулийн захирал Ж.М- аймгийн Санхүү,Төрийн сангийн хэлтэст зөвлөн туслахыг хүссэн албан бичиг илгээж, аймгийн Санхүү,Төрийн сангийн хэлтсээс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Э- нь дадлага туршлагатай, чадвартай нягтлан бодогч тул татгалзах зүйлгүй гэсэн утга агуулга бүхий албан бичиг ирүүлсэн байна.

Мөн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас багш ажилтнуудын цалинг цаг хугацаанд нь олгохыг шаардсан агуулга бүхий албан шаардлага ирүүлсэн байна.

Хариуцагч 12 дугаар сургууль нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг татгалзахдаа дээрх 2 байгууллагын албан бичгийг татгалзлын үндэслэл болгон тайлбарладаг болно.

Ажил олгогчоос ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгохыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэ тухай маргааныг шүүх шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой.

Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан “эрх бүхий байгууллага шаардсан” гэж заасныг баримталсан байх бөгөөд дээрх байгууллагууд нь хууль тогтоомжид заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгохыг шаардах эрх бүхий байгууллага биш бөгөөд дээрх байгууллагуудын албан бичиг, шаардлагуудын агуулга нь ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг шаардсан агуулгагүй байна.

Ажилтанд цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахдаа шүүх нотариатаар гэрчлэгдээгүй нотлох баримтын шаардлага хангаагүй нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үнэлсэн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.          

            Учир нь шүүх хуралдаан эхлэхэд хуралдаан даргалагчаас  шүүхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт байгаа эсэхийг лавлахад нийгмийн даатгалын дэвтрийг эх хувиар нь гаргаж өгснийг нотлох баримтаар авч хуулбарыг хэрэгт үлдээжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 118 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дугаар заалтын

“Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинд 990.746 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулиас нөхөн гаргуулж нэхэмжлэгч Б.Х-д олгож” гэснийг “Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 990.746 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулиас нөхөн гаргуулж нэхэмжлэгч Б.Х-д олгож” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.528 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

           

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                          АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                        ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                           ШҮҮГЧИД                              М.МӨНХДАВАА

                                                                                                          Л.АМАРСАНАА