Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2018/01349/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... аймаг,.............. сум, ..............  баг, .......... тоотод оршин суух .овгийн Б.Х-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... аймаг, ............ сум, ...........  баг, ..... Ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд холбогдох

 

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие ХААИС-ийг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежер мэргэжлээр төгссөн. 2018.11.20-ны өдөр захирал Н.С-ын тушаалаар албан ёсоор 12-р сургуульд нягтлан бодогчоор томилогдон 2018.12.10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. 2018.11.22-ны өдөр тухайн сургуулийн захирал солигдож Ж.М-томилогдон ирсэн. Ажилд томилогдсон анхны өдрөөс авахуулаад намайг өрөөндөө дуудан оруулаад “Чи энд ажиллаад өрөнд орно. Энд дандаа өр гардаг тийм учраас чи хуучин нягтлангаар нь ажлыг нь дуусгуул, чи жилийн эцсээр 20 сая төгрөгийн өрөнд орно” гэх зэрэг хууль бус үндэслэлгүй шаардлага тавьж, элдэв аргаар дарамт шахалт үзүүлэх болсон. Ажлаа авсны маргааш өглөө буюу 2018.12.23-нд ажлаа хуучин нягтландаа хүлээлгэж өг гэсэн. Би тэрний хариуд нь миний ажлаас халагдах тушаалыг өг би тушаалаа авч байж ажлаа хүлээлгэж өгнө гэсэн шаардлагыг тавьсан. Гэтэл халах тушаал гаргаж өгөхгүйгээр ажиллаж нөхцөл боломжийг минь цаг ямагт хязгаарлаж, чамтай хамтарч ажиллахгүй, чи яв гэж янз бүрээр дарамталсан. 2018.11.29-ний өдөр өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн миний өмнө ажиллаж байсан нягтлан Энхзулыг ажилд томилох тушаал гаргаж хүчээр ажил хүлээлцүүлэх гэсэн. Би халах тушаал гаргаж гардуулаагүй тул ажлаа өгөхгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Захирал Ж.М-гийн энэ хууль бус үйлдлүүдээс болж миний ажил тасалдаж улмаар сургуулийн нийт багш нар 11 сарын цалингаа авч чадахгүй болох нөхцөл байдал үүссэн. Ингээд 2018.12.03-ны өдөр багш нарын хурал зарлагдаж яагаад 11 сарын сүүлийн цалингаа одоо болтол өгөхгүй байгаа талаар сургуулийн нийт багш ажилчдын хурал хийсэн. Хурлаар нягтлан захирал нарын хооронд үүссэн асуудлыг хамт олноороо авч хэлэлцээд хурлын эцсийн шийдвэр нь нягтлан бодогч Б.Х- нь ажлаас халагдах үндэслэл байхгүй, хуучин нягтлангийнх нь ажлыг бүрэн хүлээлцүүлээд Б.Х- надтай хамтарч  ажиллана гэсэн шийдвэрт хүрсэн боловч 2018.12.06-ны өдөр бас нэгэн өөр шинэ нягтлан томилж намайг бас л ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Ийнхүү ажил олгогчийн зүгээс буюу Ж.М-тус сургуулийн захирлаар томилогдон ирсэн 2018.11.22-ны өдрөөс хойш миний бие Б.Х- нягтлан бодогчийн ажлаа хийж хэвийн ажиллаж ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсэж байнгын хууль бус дарамт шахалтанд өртөх болсон. Миний бие 2018.12.10-ны өдөр шинэ нягтлан Б.О-д ажлаа хүлээлгэж өг гэхэд нь намайг ажлаас халсан тушаалаа өг гэж нэхэхэд 2018.12.06-ны өдөр гэж огноолсон Б/71 дугаартай “Б.Х-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” гэсэн илт үндэслэлгүй, тушаалыг надад өгсөн. Би тус тушаалыг болон захирал Ж.М-ийн хууль бус үйлдлүүдийг анхнаасаа огт хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тус сургуулийн нийт багш ажилчдын эрх ашгийг бодож Ж.М-ийн хууль бус удаа дараагийн үйлдлээс болж дахин цалингаа авч чадахгүй байх нөхцөл байдал үүсэх эрсдэлээс сэргийлж шинэ нягтлан гэх Б.О-д ажлаа хүлээлгэж өгсөн. 2018.11.22- 2018.12.10-ны өдрийг хүртэл захирал Ж.М-шинэ нягтлан авсан, тушаал хүчингүй болгосон, тус тушаалаа хүчингүй болгосон зэрэг хэд хэдэн хууль бус тушаалууд гаргасан бөгөөд төрийн байгууллагын тамга тэмдэг, албан бланкыг ашиглан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэдэг шиг өөрийн хууль бус үйлдлүүдээ албажуулж намайг ажиллах нөхцөл боломжоор хангах ёстой хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эсрэгээрээ ямар ч үндэслэлгүй хууль бус дарамт шахалт үзүүлсэн. Миний тушаал бол Х-, Э- хоёрыг ажил хүлээлц гэсэн тушаал байсан. 2018 оны 12 сарын 06 өдөр ажлаа хүлээлгэж өгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Одоо ажилдаа эргэж орох, нийгмийн даатгал эрүүл мэндийг даатгал нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонслоо. Өнөөдөр яг хэн гэдэг хүнийг ажилд нь эгүүлэн тогтоох асуудлыг хэлэлцээд байгаад эргэлзэхээр зүйл яриад байна. Ажилтан, ажил олгогч хоёр нь тус тусдаа хоёр өөр эрх үүрэгтэй. Сая Х-ыг ажлаас халсан дээр С- захирлын ийм ийм буруутай үйл ажиллагаанаас болсон гэж яриад байх юм. С-  Маанийдаарий хоёр нь хоёулаа ажил олгогч, ажил олгогч хууль тогтоомж биелүүлж ажилладаггүй байдлыг золиос нь Х- гэж ажилтан байх ёсгүй, үүнийг хөдөлмөрийн хуульд тухайлан зааж өгсөн байдаг. Өнөөдөр Х-ыг халсан үндэслэлийг тайлбарлахын орон С- гэдэг хүн буруу юм хийсэн гэдгийг яриад байгаа нь энэ шүүх хуралдаан ач холбогдолгүй байна. Х- өөрөө очоод тушаалаа гаргаад халагддаг, өөрөө тушаал гаргаад ордог бол магадгүй тийм байж болох юм. Хоёрдугаар Э- итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Гэвч С- захирлыг хажууд нь байхад өөрөө байсан юм шиг яриад байгаа нь зохимжгүй юм. Тушаал шийдвэр буруу байсан нь ажилтны буруу биш. Х-ыг халах гэж олон янзын шийдвэр гаргасан, хамгийн сүүлд Б/71 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өнөөдөр Хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгосон юм уу ажлаас халсан юм уу гэдгийг ойлгохгүй яриад байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулъя Дархан-Уул аймгийн 12 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх гэсэн байгаа. Цалинг 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс 2019 оны 1 сарын 28-ны өдөр хүртэл ажлын 36 хоног байна. Хөдөлмөрийн гэрээний 1.4-т түүний цалинг 627031 төгрөг заасан байгаа. Үүнийг аргачлалын дагуу бодоход нэг өдрийн цалин 29165 төгрөг болж байгаа үүнийг 36 хоногоор үржүүлэхэд нийт 1,049,912 төгрөг нэхэмжилж байгаа. 2018 оны 12 сарын 06-ны өдөр Б/71 гэсэн тушаал гаргасан байгаа юм. Энэ тушаалаараа Х-ын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж ойлгож байгаа. Энэ асуудлыг шийдэхэд бусад тушаалууд хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тус Б/71 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4 гэсэн заалт барьсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-т “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан” гэж байгаа. Эрх бүхий байгууллагаас Х-ыг ажлаас чөлөөл гэсэн шаардлага ирсэн болж таарах гээд байгаа. Тушаалын үндэслэлд дурдагдсан 2018 оны 11 сарын 20 өдрийн албан бичиг байгаа. Энэ албан бичгийн Х-ыг ажилд томилоход Санхүү төрийн сангийн хэлтсээс ирсэн бичиг байгаа юм. Тэр бичиг “... шаардлагыг хангахгүй байна. Гэхдээ хууль тогтоомжийг биелүүлж ажиллаарай” гэсэн бичиг байдаг. Ажилтныг томилоход нь өгсөн бичгийн үр дагавар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалыг үндэслэл болоод байгааг гайхаж байна. Хоёрдугаар сая тайлбараа зөвшилцөж томилох ёстой хэрвээ шаардлага хангахгүй бол томилохгүй гэж яриад байна. Төсвийн тухай хуулийн 19.6-т Төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогчийг дараах байдлаар зөвшилцөн томилж, чөлөөлнө гээд. 19.6.3-т.аймаг, нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сумын төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай тус тус зөвшилцөнө гэсэн ийм шаардлага байгаа боловч шаардлага хангаж байгаа болон хангахгүй тохиолдолд ингэнэ тэгнэ гэсэн зохицуулалт тус хуульд байдаггүй . Ажилтныг томилж чөлөөлөх асуудал нь төрийн үйлчилгээний албан тушаалтны хувьд хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зохицуулна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлсэн. Төрийн сангийн хэлтсээс бичиг ирсэн гэж яриад байсан. Гэтэл Төсөв төрийн сангийн хэлтсээ Х-д өөрт нь хариунд “манай байгууллага ажилтныг томилж чөлөөлдөг байгууллага биш” гэсэн байдаг. Магадгүй эрх бүхий байгууллагаас Х-ыг ажлаас нь чөлөөл гэсэн шаардлага ирүүлсэн зүйл байхгүй нь нотлох баримт шинжлэн судлахад харагдах байх. Х-ын гарын үсгийг Төрийн сан зөвшөөрөхгүй байсан учраас цалин мөнгө тавихгүй байсан гэдэг асуудал бол болоогүй. Харин ч цалин мөнгөө хугацаанд нь тавь гэдэг талаар төрийн сангаас шаардаж байсан гэж ярьдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-ийг хэрэглэх үндэслэл болон түүнийг нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М-шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Н.С- нь нэхэмжлэгч Х-ыг 2018 оны 11 сарын 12-ны өдөр хуучин нягтлан бодогч Б.Э-ыг эмнэлэгт хэвтэж байхад хүчээр дуудан ирүүлж нягтлан бодогч нарын ажлыг хүчээр хүлээлцүүлсэн. Ингэж хүлээлцүүлэхдээ ажил хүлээлцэх комисс ажиллаагүй. Ингээд Б.Х- нь 2018 оны 11 сарын 12-ноос ажил хүлээж аваад 2018 оны 11 сарын 20 хүртэл огт ажил хийгээгүй байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулсан. Гэтэл төрийн сангийн хэлтсийн даргын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 7-10/1290 тоот албан бичгээр “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын 2.1.5 дахь заалтыг хангахгүй байна. Цаашид хууль хэрэгжүүлж ажилла гэсэн албан тоот ирсээр байтал 2018 оны 11 сарын 20-нд намайг ирэх сургаар шууд хууль зөрчин дахин томилсон. Энэ үед огт ажил хүлээлцээгүй. Дээрх үйлдлүүд нь Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.6.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл болсон. Энэ зүйл заалтуудад хуучин нягтлан бодогч авах тухайгаа зөвшилцөх ёстой. Төрийн сан зөвшөөрвөл шинэ нягтлан бодогч авах тухайгаа зөвшилцөх ёстой. Гэтэл хуучин нягтлан бодогчийг зөвшилцөх тухай огт санал оруулаагүй, харин түүний хууль ёсны эрхийг зөрчин 2018 оны ээлжийн амралтаа эдлэх хүсэлт тавихад нь шийдвэр гаргаагүй, жирэмсэн учир эмнэлэгт хэвтэх хүсэлт тавьж чөлөө хүсэхэд чөлөө олгоогүй. Харин эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад нь 2018 оны 11 сарын 12-нд ажлыг нь хүлээлцүүлсэн. Гэтэл Б.Х- нь Б.Э- ажлаа хүлээлгэж өгөөгүй гэдэг. Ингээд миний бие 2018 оны 11 сарын 22-нд ажилдаа ороод төрийн санд шаардлага хангахгүй нягтлан бодогчтой ажиллахгүй тухайгаа албан тоотоор холбогдох баримтын хамт явуулсан. Ингээд хуучин нягтлан бодогчийг буцааж ажиллуулахаар зөвшилцсөн. Гэтэл Б.Х- нь элдвээр доромжлоод чи энэ захиралтайгаа идэх гэж ирлээ, ичих нүүр алга уу гэх мэтээр ажлаа хүлээлгэн өгөхгүй 10-аад хонож төрийн ажил гацсан. Б.Х-аар 11 сарын цалин хөлс олгуулахаар бодож баталгаажуулаад 2018 оны 11 сарын 30-нд Төрийн санд хүргүүлсэн боловч чөлөөлөх нягтлан бодогчоо зөвшилцөөгүй шаардлага хангахгүй нягтлан бодогчоор гүйлгээ хийлгэхгүй гээд цалингаа олгож чадаагүй. Ингээд 2018 оны 12 сарын 12-нд олгосон гэх мэтээр 2018 оны 11 сараас 2018 оны 12 сард санхүүгийн үйл ажиллагаа доголдсон. 2018 оны 12 сарын 06-нд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон. Иймээс Н.С- захирал нь Төсвийн тухай хуулийг зөрчин хууль бусаар нягтлан бодогчийг томилсон тул 2018 оны 12 сарын 11-ний өдрийн Б.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтийг хүргүүлж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад татгалзаж байгаа вэ? гэхээр захирал С- нь анх хөдөлмөрийн гэрээ байгуулж Х-ыг ажилд авахдаа хууль зөрчиж авсан байдаг. Х- тайлбартаа хэллээ нягтлан бодогчоор ажиллах шалгууруудын нэгийг хангаагүй байсан гэж. Сангийн сайдаас баталсан байгууллагын ахлах нягтлан бодогчийг авахдаа төрийн сантай зөвшилцөх ёстой байдаг юм байна. Гэтэл шууд ажилд авсан нь хувийн сонирхол байна гэж хардаад байгаа. Яагаад тэгж бодож байгаа вэ? гэхээр Х-ыг 2 удаа тушаал гаргаж авсан байгаа юм. Х- “Би Б/62 дугаартай тушаалаар ажилд орсон гэж яриад байна. Гэтэл хавтаст хэргээс харахад 2 тушаал байдаг. Нэг хүнийг 2 тушаалаар томилно гэж байхгүй 2018 оны 11 сарын 12-н өдрийн Б/61 тоот тушаал нь ямар учиртай юм бэ. Энэ тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дах заалт Засгийн газрын 2008 оны 8 сарын 22-ны 264 дүгээр тогтоолыг үндэслэн томилсон боловч, 8 хоногийн дараа Б/62 гэх тушаал гаргаж Б.Х-ыг томилсон байдаг. Х-ыг анх ажилд авахдаа эрх зүйн зөрчилтэй тушаал гаргасан. Аль нь хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн тушаал гэдэг нь ойлгомжгүй байгаа. Б/62 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн сантай зөвшилцөхгүйгээр томилсон. Ямар нэг байдлаар хамаатан танил тал нь юм уу, юу нь юм бүү мэд, эвсэл 60 тэрбум дотор яваа юм уу мэдэхгүй байна л даа. Тэгэхээр аль нэг байдлаар С- захирал Төсвийн тухай хуулиа зөрчөөд шууд ажилд авсан байгаа юм. Үүнийгээ дараа нь мэдсэн байгаа юм. Хуучин нягтлан бодогчийг ч ажлаас халахдаа төрийн сантай зөвшилцөх үүрэгтэй байдаг. Гэтэл Энхзулыг өвчтэй эмнэлэгт хэвтэж байхад нь дуудаж ирээд ажлыг нь хүлээлцүүлсэн байдаг. Нэг эрх зүйн акт хүчингүй болоогүй байхад дахиад яг ийм тушаал гаргасан байдаг. Ажилд авсан эхний процесс нь буруу байгаа юм. Маанийдаарий захирал ч халъя гээд халсан юм биш. Аймгийн Төрийн сан, Боловсролын газраас шаардлага ирүүлсэн. Наад авсан Х- гэх хүч чинь Төсвийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Тэгэхээр манай төрийн сан энэ хүнийг ажилд томилохыг зөвшөөрөхгүй байна гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг. Маанийдаарий захирал төрийн сан хүлээж аваагүй учир ажлаас халсан. Х-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 заасан үндэслэлээр чөлөөлсөн байдаг. Энэ хүнийг Төрийн сан гүйлгээг нь хүлээж авахгүй байсан учир Б/71 тоот тушаалыг гаргасан. Би ажлаас чөлөөлсөн тушаалыг хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг зөв хэрэглэж ажлаас чөлөөлсөн байна гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн ажил хийх шаардлага хангаагүй байсан гэж үзсэн. Урьд нь ажилд авсан Б/61, Б/62 дугаар тушаалуудыг хүчингүй болгосон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х- нь Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар сургууль ...Өмнөх захирал Н.С- нь Төсвийн тухай хуулийг зөрчин Б.Х-ыг хууль бусаар нягтлан бодогчоор томилсон, Б.Х- ерөнхий нягтлан бодогчоор ажиллах шалгуурыг хангаагүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэгч Б.Х- нь Дархан сум 12 дугаар сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/59, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 тоот тушаалаар тус сургуулийн нягтлан бодогчоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ажилтан бөгөөд нэхэмжлэгч Б.Х- ...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалын хувь сургуульд байхгүй, 11 дүгээр сарын 20-ны тушаал төрийн сантай зөвшилцөн хариу ирсний дараа гарч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би 20-ны өдрөөс ажилласан... гэж, хариуцагчийн төлөөлөгч ...Б/59, Б/62 тоот тушаал хууль бус. Уг тушаалыг гаргахдаа Төрийн сантай зөвшилцөхгүйгээр томилсон. Төрийн сан энэ хүний гүйлгээг нь хүлээж авахгүй байсан учир Б/71 тоот тушаалыг гаргаж, ажлаас чөлөөлсөн... гэжээ.

Дархан сумын 12 дугаар сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/59 тоот тушаалаар сургуулийн нягтлан бодогч Б.Э-ыг чөлөөлж, нягтлан бодогчийн үндсэн ажилд Б.Х-ыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс томилон ажиллуулах, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 тоот тушаалаар Аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн шийдвэрийг үндэслэн сургуулийн ахлах нягтлан бодогчийн үндсэн ажилд Б.Х-ыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулахаар  шийдвэрлэн, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасан хөдөлмөрийн гэрээгээр ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохирон хугацаагүй байгуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Х-ын ажиллах ахлах нягтлан бодогчийн албан тушаалд Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д зааснаар Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын 2.1.5-д заасан шаардлага болох ...Шууд захирагч нарын ахлах нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх, ажилласан жилийн шаардлага хангаагүй талаар хариу тайлбарт дурджээ.

Нэхэмжлэгч Б.Х- “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын 2.1.5-д заасан болзлыг хангаагүй, өмнөх нягтлан бодогч Б.Э-ыг ажлаас чөлөөлөх үед төрийн сантай зөвшилцөх, шинэ нягтлан бодогчийг ажилд авахдаа мөн зөвшилцөх шаардлагыг хангаагүй өмнөх нягтлан бодогчийн хууль ёсны  эрхийг зөрчин 2018 оны ээлжийн амралтаа эдлэх хүсэлт тавихад нь шийдвэр гаргаагүй, жирэмсэн учир эмнэлэгт хэвтэх хүсэлт тавьж чөлөө хүсэхэд чөлөө олгоогүй, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажил хүлээлцүүлсэн... гэж тайлбартаа дурьдан Дархан сумын 12 дугаар сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/59 тоот тушаалаар сургуулийн нягтлан бодогч Б.Э-ыг ажлаас чөлөөлж, нягтлан бодогчийн үндсэн ажилд Б.Х-ыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс томилон ажиллуулах, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 тоот тушаалаар Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн шийдвэрийг үндэслэн сургуулийн ахлах нягтлан бодогчийн үндсэн ажилд Б.Х-ыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулахаар болсон өмнөх захирлын тушаалыг захирал  Ж.М-2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/66 тоот тушаалаар хүчингүй болгон, мөн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/70 тоот тушаалаар Б/66 тоот тушаалыг хүчингүй болгосон атлаа Б/71 тоот тушаалаар ...тус сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/66 тоот тушаал хүчингүй болсонтой холбогдуулан Б.Х-ын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн Н.С- захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан нь ойлгомжгүй байна.

Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2-т зааснаар сургуулийн захирал нь ...холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гарган хэрэгжүүлэх, ажилчдыг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх... эрхтэй байна.

Иймд тухайн үед өөрийн эрх хэмжээний дагуу ахлах нягтлан бодогчоор  Б.Х-ыг ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулан, өмнөх нягтлан бодогч Б.Э-ыг ажлаас чөлөөлсөнд ажилтан аль аль нь буруугүй бөгөөд ажлаас чөлөөлсөн, томилсон  тушаалын үндэслэл Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 бүх шатны төсөв нь тухайн шатны ерөнхий нягтлан бодогчтой байна, 19.6.3 аймаг, нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сумын төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай тус тус зөвшилцөнө, 19.6 төсвийн төвлөрүүлэн захирагч  болон төсвийн шууд захирагч нь төсвийн ахлан нягтлан бодогчийг зөвшилцөн томилж, ажлаас чөлөөлнө гэснийг зөрчсөн эсэхийг эрх зөрчигдсөн ажилтан зохих байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрхтэй байхад ...өмнөх захирал өөрөө хууль бусаар ажиллаж байсан, гаргасан тушаал нь хууль бус байсан...  гэж өөрчлөх эрхийг Бага дунд боловсролын тухай хуулиар шийдвэр гаргагчид олгоогүй байна.

Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 Төсвийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн ерөнхий нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэснээр томилогдсон ерөнхий нягтлан бодогч Б.Х- Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын 2.1.5-д заагдсан шалгуур болох ...Шууд захирагч нарын ахлах нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байна... гэснийг хангаагүй нь тогтоогдсон тохиолдолд түүнийг ажлаас чөлөөлөх эсэхийг мөн зүйлийн 19.6.3-т зааснаар төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцсөн эсэхээ хариуцагч байгууллага нотлоогүй болно.

Б.Х-ыг ажлаас чөлөөлсөн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/71 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар  зүйлийн 37.1.4 /хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан/ Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 7-10/1290 тоот албан бичиг, Боловсрол Соёл урлагийн газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 430 тоот албан бичгийг үндэслэсэн гэжээ.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 7-10/1290 тоот албан бичиг огнооны хувьд тухайн үед захирлаар ажиллаж байсан Н.С-т ...Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3 дахь заалтын дагуу Б.Х-ыг томилохоор ирүүлсэн материалыг судалж үзэхэд Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар баталсан Төсвийн  ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журам”-ын 2.1.5 дахь заалтыг хангахгүй байна. Цаашид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг зөвлөж байна... гэсэн агуулгатай буюу Б.Х-ыг ахлах нягтлан бодогчоор ажилд томилуулахаар мөн журмын 3.1. Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчийг Төсвийн тухай хууль,Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн албан тушаалд томилж, чөлөөлөх асуудлыг эрх бүхий албан тушаалтан дараах журмаар шийдвэрлэнэ, 3.1.10. Аймаг, нийслэл, сумын төсөвт харьяалагдах байгууллагын ахлах нягтлан бодогчийг байгууллагын дарга аймаг, нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөнө, 3.2 эрх бүхий албан тушаалтан нь төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчийг нээлттэй сонгон шалгаруулж, саналаа материалын хамт зөвшилцөх албан тушаалтанд хүргүүлнэ гэснээр томилуулах үед хүргүүлж байсан саналын хариу тул түүнийг чөлөөлөх үед баримталсан нь үндэслэлгүй гэж маргаж байгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Төсвийн эрх захирагч Ж.М-Дархан-Уул аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст 2018.11.23-ны өдрийн 163 тоот албан бичгээр ...Б.Х-ыг ажилд авахдаа төрийн сангийн хэлтэстэй зөвшилцөөгүй, Б.Э- нягтланг эмнэлэгт хэвтэж байхад  ээлжийн амралтыг эдлүүлэхгүйгээр ажил хүлээлцэхийг шаардсан, Б.Х- нь нягтлан  бодогчийн зарим шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул нягтлан бодогчоор ажиллуулах хүсэлгүй байна... гэсэн агуулга бүхий хүсэлтийг хүргүүлж байснаас мөн журмын 3.3 ...төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчийг ажлаас чөлөөлөх буюу халах үндэслэлийг холбогдох баримт, материалаар баталгаажуулсан байна... гэснээр томилогдсон нягтлан бодогч Б.Х-ыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийн талаар холбогдох баримтын хамт хүргүүлснээ нотлоогүй, мөн журмын 3.4. Төсвийн эрх захирагчийн саналыг холбогдох байгууллагууд хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор албан ёсны хариу /албан бичгээр/-г өгнө гэснээр чөлөөлөх саналд хариу өгсөн эсэх нь тодорхойгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан Боловсрол Соёл урлагийн газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 430 тоот албан бичигт ...Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.6.3 дахь заалтуудын дагуу төрийн сангийн хэлтэстэй зөвшилцсөн нягтлан бодогчид тавигдах шаардлага шалгуур хангасан нягтланг яаралтай томилон өөрийн байгууллагын болон аймаг, орон нутгийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг үүгээр шаардаж байна... гэсэн ба уг 430 тоот болон хэрэгт ирүүлсэн 163 тоот албан бичигт өөрийн байгууллагын “хуулбар үнэн” тэмдгийг дарж баталгаажуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэх заалт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцож байгаа хуулийн этгээдэд хамааралгүй бөгөөд мөн хуулийн 44.2-д зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Х-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Б.Х- нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Одсайхантай ажил хүлээлцсэн, талууд энэ талаар маргаангүй байх тул түүний ажлаас халагдсан өдрийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэж үзэх нь зүйтэй бөгөөд түүнийг анх томилсон 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 тоот тушаалд албан тушаалын цалинг 627,031 төгрөгөөр тогтоосон тул ажилгүй байсан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 28 хүртэл хугацааны цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар ажлын 32 хоногийн цалин нийт 990,746 төгрөгийг /29,858 *16 хоног=477,728 төгрөг, 28,501*18 хоног=513,018 төгрөг/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж,  түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй”  гэж заасны дагуу хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд нэхэмжлэгч Б.Х-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээр дурдсан цалин олговроос нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул нэхэмжлэгч Б.Х- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 28,328 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирлын “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 2018 оны 11 сарын 12-ны өдрийн Б/59 тоот тушаал /хэргийн 4 хуудас/, Ажил хүлээлцэх акт /хэргийн 5-6 хуудас/, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2018.11.20-ны өдрийн 7-10/1290 тоот албан бичиг /хэргийн 9 хуудас/, 2018.12.03-ны өдрийн Хурлын тэмдэглэл /хэргийн 15-21 хуудас/, 2018.12.10-ны өдрийн Ажил хүлээлцүүлэх акт /хэргийн 25-28 хуудас/, хариуцагчаас хариу тайлбарт хавсарган ирүүлсэн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 2018.11.12-ны өдрийн Б/61 тоот тушаал, 2018.11.12-ны өдрийн Ажил хүлээлцэх акт, 2018.11.20-ны өдрийн Б/62 тоот “Б.Х-ыг ажилд томилох тухай” тушаал,  2018.12.06-ны өдрийн Б/71 тоот “Б.Х-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2018.11.20-ны өдрийн 7-10/1290 тоот албан бичиг, Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 2018.11.23-ны өдрийн 163 тоот албан бичиг /хэргийн 41-47 хуудас/, Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2018.12.06-ны өдрийн 430 тоот “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг /хэргийн 75 хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт хамааралгүй, давхацсан, хариуцагч байгууллагын “хуулбар үнэн” тэмдгийг дарж баталгаажуулсан байх тул нотлох баримтаас хасаж, нэхэмжлэгч Б.Х-ын 1438787 тоот Нийгмийн даатгалын дэвтрийн 22-23 дугаар хуудас даатгуулагчийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлд 12 дугаар сургуульд ажиллаж байсан талаар бичилт хийгдээгүй, эх хувиар ирсэн тул буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Х-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинд 990,746 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулиас нөхөн гаргуулж нэхэмжлэгч Б.Х-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Х-ын шүүхийн шийдвэрээр олгогдох цалингаас нэг удаа нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэн санд тушаан, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгасугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Х- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 98,528 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай. 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ