Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2020/00106

 

Ц.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00403 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 688 дугаар магадлалтай,

Ц.Агийн нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Ц.А, Р.Бадрал нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамжны 25 дугаар байр, 1 тоот 240 м.кв талбай бүхий амрагчийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, тус сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж, 350 000 000 төгрөгөөр төлбөр авагч “Э” ХХК-д худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 409 дугаартай шүүгчийн захирамжаар “Хорсмэнклаб” ХХК-иас 423 593 900 төгрөг гаргуулж, “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу Ц.А миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж 25 байр 1 тоот 240 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2206201140 дугаартай, амрагчийн зориулалттай сууцыг 696 000 000 төгрөгөөр үнэлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж буй нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөх эрхэд ноцтой халдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйл 122.1, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасны дагуу тус хөрөнгийн өмчлөгчийн зүгээс шүүхэд гомдол гаргаж байна. Шүүхийн албадан гүйцэтгэх тухай захирамж байхгүй, гүйцэтгэх хуудас байхгүй, дээрх захирамжид миний өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заагаагүй байхад Хорсмэнклаб ХХК-ийн төлбөрийг Ц.А миний хөрөнгөөр хангуулах гэж байгааг ойлгохгүй байна. Мөн 240мкв  талбайтай, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг, үйлдвэр үйлчилгээ явуулах боломжтой хотын төвийн орон сууц байтал зэх зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Миний өмчийн хөрөнгийг надаас зөвшөөрөл авахгүйгээр үнэлж, зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулах гэж байгаа үйлдэл нь хууль бус юм. Үнэхээр энэ хөрөнгө шүүхийн шийдвэрт дурдагдсан байсан бол бид өнөөдөр ингэж нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх байхгүй байсан. Шүүхийн шийдвэргүйгээр хууль бусаар бусдын өмчлөлд халдаж байгаа учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 409 дүгээр шүүгчийн захирамжаар “Хорсмэнклаб” ХХК-иас 423 593 900 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 2 275 920 төгрөгийн хамт гаргуулж, “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16290330 дугаар тогтоолоор үүсгэж, тус албаны 2016 оны 1/12740, 4/14683 дугаар албан бичгүүдээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Ц.А, Р.Бадрал нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031140 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж 25 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 240 м.кв талбайтай 2 өрөө, амрагчийн сууцны зориулалттай, 98 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 140/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 16290330/01 дүгээр тогтоолоор хураасан. Ц.А нь зээл авах гээд барьцаат зээлийн гэрээнд гарын үсэг зураад “Э” ХХК-аас зээл авсан. Төлбөр төлөгч “Хорсмэнклаб” ХХК болон өмчлөгч нарт үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг тус газрын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4/14285, 4/14284, мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4/15201, 4/15202, 4/15203 дугаар албан бичгээр тус тус хүргүүлэхэд, үнийн санал ирүүлээгүй тул 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 218 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 696 000 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4/16178, 4/16177, 4/16176 дугаар албан бичгүүдээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр оруулах тухай мэдэгдлийг, тогтоолын хамт 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/16969, 4/16968, 4/16970 албан бичгүүдээр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 25 дугаар байрны 01 тоотод оршин суух “Хорсмэнклаб” ХХК-д захирал Ц.А, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 14 дүгээр байрны 30 тоотод оршин суух өмчлөгч Р.Бадрал нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн, Анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг, тогтоолын хамт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4/18737 дугаар албан бичгээр “Хорсмэнклаб” ХХК-д, захирал Ц.Ад, өмчлөгч Р.Бадрал нарт мөн баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 01150 дугаартай гүйцэтгэх хуудсанд Ц.Агийн барьцаа хөрөнгийг дурдаж шийдвэрлээгүй ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөрийг барагдуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт гүйцэтгэх хуудаст тавигдах хуулийн шаардлагыг тусгайлан заасан. Нэгэнт тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 онд бичигдсэн гүйцэтгэх хуудасны баримт бичиг нь хуулийн шаардлага хангасан. Төлбөр төлөгч, гуравдагч этгээд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудын гүйцэтгэх хуудастай холбоотой гомдлын шаардлага гаргах хугацааг, эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт тусгайлан заасан. Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг барьж хуулийн шаардлага гаргаж байна. 122 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа гуравдагч этгээд ямар хугацаанд, зөвхөн шүүхээр харьяалагдах маргаанд гомдол гаргах эрхтэй. Бусад маргаанд ерөнхий гүйцэтгэгчид тухайн гомдлоо гаргах ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар тухайн хураагдсан эд хөрөнгөд өмчлөх эрхийн маргаан үүссэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасны дагуу гуравдагч этгээд бие даасан шаардлагаараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх боломж хуулийн хүрээнд байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/00089 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийг баримтлан Ц.А, Р.Бадрал нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206031140 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж 25 байр 1 тоот хаягт байршилтай, 240 м.кв талбайтай, хоёр өрөө амрагчийн сууцны зориулалттай, 98 хувийн гүйцэтгэлтэй сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 552 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ц.Агийн нэхэмжлэлтэй Нарт холбогдох битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 688 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, мөн шүүх хуралдааныг зарыг мэдэгдээгүй байна гэжээ.

Гэтэл хуулиар гуравдагч этгээдийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааны зарыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй, мөн гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр өмгөөлөгчтэйгөө оролцох талаар хүсэлт гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах, үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага шүүгчийн асуултын дагуу тодруулан битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах шаардлага дотор нь уг битүүмжилсэн хөрөнгөтэй холбоотой бүхий л ажиллагаа багтаж байгаа тул битүүмжилсэн хөрөнгийн шаардлагаас хасуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн болно. 

Гэтэл шүүхээс мэтгэлцэх зарчим хангаагүй гэдэг нь үндэслэлгүй юм.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 688 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 00403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Ц.А нь Нарт холбогдуулан Ц.А, Р.Бадрал нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамжны 25 дугаар байр, 1 тоот 240 м.кв талбай бүхий амрагчийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, тус сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж, 350 000 000 төгрөгөөр төлбөр авагч “Э” ХХК-д худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Ц.А, Р.Бадрал нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206031140 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 25 дугаар байр 1 тоот хаягт байршилтай, 240 м.кв талбайтай, хоёр өрөө, амрагчийн сууцны зориулалттай, 98 хувийн гүйцэтгэлтэй сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлсүгэй гэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхээс: “...анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хэмжээнд хэргийг хэлэлцсэн нь хариуцагч, бусад этгээдийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн, нэхэмжлэлд шаардаагүй асуудлыг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй...” гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгосон нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 6 дугаар зүйлийн 6.3., 6.4., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх магадлалд дурдснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Ц.А нь Нарт холбогдуулан “...маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдуулан үнэлгээ хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, үнэлгээг хүчингүй болгуулах, ...тус орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж, 350 000 000 төгрөгөөр төлбөр авагчид худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасныг шүүх “...орон сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлсүгэй” гэсэн шийдвэр гаргасан нь шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан шаардлагад нийцээгүй, ойлгомжгүй хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс өөрийгөө төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар Т.Оюундарь, Б.Болор-Эрдэнэ нарт 3 жилийн хугацаатай эрх олгож, нотариатаар гэрчлүүлсэн “Итгэмжлэл” хэргийн 115 дугаар талд авагдсан байхад шүүх Б.Болор-Эрдэнийг төлөөлөх эрхгүй гэж үзэн шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т заасан шүүх хуралдаанд оролцох, 6 дугаар зүйлийн 6.4.-т заасан шүүх хуралдаанд биеэр оролцож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

Нар “Хорсмэнклаб” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 423 593 900 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгуулах Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн барьцааны хөрөнгө болох маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

Дээрх хөрөнгө нь иргэн Ц.А, Р.Бадраа нарын өмч болох талаар зохигч маргаагүй, холбогдох баримт авагджээ.

Нэхэмжлэгч Ц.А нь төлбөр төлөгч компанийн захирал бөгөөд компанийн өмнөөс өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээх эсэх, энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх тодруулалгүйгээр Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3., 9.5.-д заасныг үндэслэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 688 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД