Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 403

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 1 дүгээр байр, 32 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 58 настай, эмэгтэй, Ц.А-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 өөрийн байранд оршин байрлах, НШШГГ-т холбогдох,

 

Үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, Ц.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн 409 дугаартай захирамжаар Хорсмэнклаб ХХК-иас 423 593 900 төгрөг гаргуулж, ЭЭЭ ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу Ц.А миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж 25 байр 1 тоот 240 м.кв талбайтай амрагчийн зориулалттай улсын бүртгэлийн Ү-2206201140 дугаартай, сууцыг 696 000 000 төгрөгөөр, үнэлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж буй нь миний Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан миний емчлөх эрхэд ноцтой халдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйл 122.1, 122.3-т “Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгзэд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй” гэж заасны дагуу тус хөрөнгийн өмчлөгчийн зүгээс шүүхэд гомдол гаргаж байна. Шүүхийн албадан гүйцэтгэх тухай захирамж байхгүй, гүйцэтгэх хуудас байхгүй, дээрх захирамжид миний өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заагаагүй байхад Хорсмэнклаб ХХК-ийн төлбөрийг иргэн Ц.А миний хөрөнгөөр хангуулах гэж байгааг ойлгохгүй байна. Мөн 240 талбайтай, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг, мөн үйлдвэр үйлчилгээ явуулах боломжтой хотын төвийн орон сууц байтал зэх зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Миний өмчийн хөрөнгийг надаас зөвшөөрөл авалгүйгээр үнэлээд, надаас зөвшеөрөл авалгүйгээр худалдан борлуулах гэж буй нь хууль бус. Үнэхээр энэ хөрөнгө шүүхийн шийдвэрт дурдагдсан байсан бол бид өнөөдөр ингэж нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх байхгүй байсан. Тэгэхээр шүүхийн шийдвэргүйгээр хууль бусаар бусдын өмчлөлд халдаж байгаа учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

 

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 409 дүгээр шүүгчийн захирамжаар ХМК ХХК-иас 423 593 900 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 2 275 920 төгрөгийн хамт гаргуулж, ЭЭЭ ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16290330 дугаар тогтоолоор үүсгэж, тус албаны 2016 оны 1/12740, 4/14683 дугаар албан бичгүүдээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Ц.А, Р.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031140 дугаарт бүртгэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж 25 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 240 м.кв талбайтай 2 өрөө, амрагчийн сууцны зориулалттай, 98 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 140/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 16290330/01 дүгээр тогтоолоор хураасан. Ц.А нь зээл авах гээд барьцаат зээлийн гэрээнд гарын үсэг зураад ЭЭЭ ББСБ-аас зээл авсан байдаг. Тэрнээс хаа хамаагүй хэн нэгний өмчид халдсан зүйл байхгүй. Төлбөр төлөгч ХМК ХХК болон өмчлөгч нарт үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг тус газрын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4/14285, 4/14284, мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4/15201, 4/15202, 4/15203 дугаар албан бичгээр тус тус хүргүүлэхэд, үнийн санал ирүүлээгүй тул 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 218 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 696 000 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4/16178, 4/16177, 4/16176 дугаар албан бичгүүдээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр оруулах тухай мэдэгдлийг, тогтоолын хамт 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/16969, 4/16968, 4/16970 албан бичгүүдээр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 25 дугаар байрны 01 тоотод оршин суух ХМК ХХК-д  захирал Ц.А, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 14 дүгээр байрны 30 тоотод оршин суух өмчлөгч Р.Б нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн, Анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг, тогтоолын хамт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4/18737 дугаар албан бичгээр ХМК ХХК-д, захирал Ц.А-д, өмчлөгч Р.Б нарт мөн баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 01150 дугаартай гүйцэтгэх хуудсанд Ц.А-ийн барьцаа хөрөнгийг дурдаж шийдвэрлээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөрийг барагдуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт гүйцэтгэх хуудас тавигдах хуулийн шаардлагыг тусгайлан заасан байдаг. Энд төлбөр авагч, төлбөр төлөгчийн оролцсон шүүх гээд бүх зүйл төлбөрийн хэмжээ гээд бүгд байгаа. Яг юу байдаггүй вэ гэхээр тухайн гүйцэтгэх хуудсаар төлбөрийг барагдуулахад барьцаа хөрөнгө, мөн дээрээс нь төлбөрийг хэрхэн барагдуулах аргачлалыг заах хууль 2016 онд байсан. Гэтэл 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан шаардлагыг өнөөдөр 2016 оны гүйцэтгэх хуудсанд, нэг хуулийг нөгөөгөөр нь үгүйсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тавьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгэнт тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан гүйцэтгэх хуудсын баримт бичиг нь хуулийн шаардлага хангасан. Тийм учраас тухайн үед гүйцэтгэх хуудастай холбоотой гомдлын шаардлага гаргах хугацааг бол төлбөр төлөгч, гуравдагч этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талууд хэн аль нь гомдол гаргах эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11.2 дахь хэсэгт тусгайлан заасан байгаа. Мөн нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг барьж хуулийн шаардлага гаргаж байна. 122 дугаар зүйл заалт дээр юу заадаг бэ гэхээр ямар хугацаанд  шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа гуравдагч этгээд зөвхөн шүүхээр харьяалагдах маргаанд гомдол гаргах эрхтэй. Мөн бусад маргаанд ерөнхий гүйцэтгэгч өөрөөр хэлвэл тухайн гомдлоо гаргах хууль зүйн үндэслэл байгаа. 2-рт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар тухайн эд хураагдсан өмчлөх эрхийн маргаан үүссэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасны дагуу гуравдагч этгээд бие даасан шаардлагаараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх боломж хуулийн хүрээнд байдаг. Өнөөдөр иргэн Ц.А-ийн өмчлөл дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дээр гаргасан энэ гомдол нь тухайн эд хөрөнгөтэйгээ холбоотой өмчлөх этгээдүүдийн хооронд буюу тухайн өмчлөлтэй холбоотой талуудын эд хөрөнгийн маргаан байхгүй байгаа.Тийм учраас энэ  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна. Гүйцэтгэх хуудас нь бичигдэхдээ хуулийн шаардлага хангасан уу, хангаагүй юу гэдэг асуудлыг ярих гээд байх шиг байна. Тухайн үед  2016 онд гүйцэтгэх хуудас нь хуулийн шаардлага хангасан байдаг.Тэгээд өнөөдрийн хуулиар тухайн үед хүчин төгөлдөр байсан гүйцэтгэх хуудас өнөөдөр хүчингүй болоход.Энэ гүйцэтгэх хуудсаар хийгдсэн ажиллагааг өнөөдөр энэ хуулиар зохицуулж байгаа нь өөрөө хууль бус байна. 2 дугаарт өөр болоод одоо хэрэгжиж байгаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн нэг зохицуулалт байж байдаг. Энэ нь барьцаа хөрөнгийн үүрэг гүйцэтгүүлэгчид тухайн эд хөрөнгө үлдэх эсэхээр төлбөрийг барагдуулах зохицуулалт байдаг. Хэрэв үүрэг гүйцэтгэгч зөвшөөрөх юм бол барьцаа хөрөнгө нь хангуулахаар хуульд тусгайлан заасан байгаа. Гэтэл өнөөдөр барьцаа хөрөнгийн барьцаалж буй үүрэг гүйцэтгэгч нь ЭЭЭ ББСБ ХХК банк бус санхүүгийн байгууллага  буюу төлбөр авагч нь өөрөө байж байгаа учраас тухайн гүйцэтгэх ажиллагаанд хийж байгаа санал авсан, битүүмжилсэн, хураасан энэ ажиллагаанд нэг ч хуулийн хугацаанд гомдол гараагүй байдаг.Тийм учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргаж байгаа үндэслэл хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

                Нэхэмжлэгч Ц.А нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Ц.А, Р.Б нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 25 дугаар байрны 1 тоот 240 м.кв талбайтай амрагчийн зориулалттай улсын бүртгэлийн Ү-2206201140 дугаартай орон сууцыг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлсэн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд тус шүүх 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

 

Үүний дараа, нэхэмжлэгч Ц.А нь тус шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Ц.А, Р.Б нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 25 дугаар байрны 1 тоот 240 м.кв талбайтай амрагчийн зориулалттай улсын бүртгэлийн Ү-2206201140 дугаартай орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж, 350 000 000 төгрөгөөр төлбөр авагч ЭЭЭ ББСБ ХХК-д худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлд тус шүүх 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШЗ2019/00982 дугаар захирамжаар Ц.А-гийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан ...орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж, 350 000 000 төгрөгөөр төлбөр авагч “Эм Эй Эф ББСБ” ХХК-д худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасныг үндэслэж нэгтгэсэн.

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “...барьцаа хөрөнгө дээр хийгдэж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн, гуравдагч этгээдийн өмчид халдаж байгаа тул уг ажиллагааг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд заасныг үндэслэл болгон шаардаж байна” гэж тодруулсан тул шүүх үнэлгээтэй холбоотой шаардлагад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.  

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

 

Хэргийн баримтаас үзэхэд улсын бүртгэлийн Ү-2206031140 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж 25 байр 1 тоот хаягт байршилтай, 240 м.кв талбайтай, хоёр өрөө амрагчийн сууцны зориулалттай, 98 хувийн гүйцэтгэлтэй сууцны өмчлөгч нь Ц.А, Р.Б нар байх бөгөөд ЭЭЭ ББСБ ХХК, ХМК ХХК-ийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийн барьцаалж, 15010038-1 дугаар барьцааны гэрээг мөн өдөр байгуулан Ц.А, Р.Б нар гарын үсэг зурсан байна. 

 

Зээлдэгч ХМК ХХК зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч ЭЭЭ ББСБ ХХК нь шүүхэд хандаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/00409 шүүгчийн захирамжаар зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ХМК ХХК-иас 423 593 900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЭЭЭ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.   

 

Дээрх шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 102/ГХ2016/01150 тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 140/02 дугаар “эд хөрөнгийг битүүмжлэх тухай” тогтоолоор Ц.А, Р.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206031140 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж 25 байр 1 тоот хаягт байршилтай, 240 м.кв талбайтай, хоёр өрөө амрагчийн сууцны зориулалттай, 98 хувийн гүйцэтгэлтэй сууцыг битүүмжилж, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 140/03 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан байна.

 

Улмаар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар В ХХК-ийн тогтоосон үнэлгээ буюу 696 000 000 төгрөгийн 70 хувь болох 487 200 000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох үнийг зарласан байна. Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 696 000 000 төгрөгийн 50 хувиар хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж, 348 000 000 төгрөгөөр худалдан борлуулжээ.    

 

            Дээрх маргаан бүхий шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх үед 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул маргааныг шийдвэрлэхэд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэглэх нь зүйтэй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Долдугаар бүлэгт төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах талаар зохицуулсан.

 

            2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч тухайн банк, банкны бус санхүүгийн байгууллагад хүргүүлэх бөгөөд түүнийг хүлээн авсан байгууллага нь төлбөр төлөгчийн данснаас төлбөрийг гаргаж, 3 хоногийн дотор төлбөр авагчид олгох буюу мэдэгдэл өгсөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлнэ. Нэхэмжлэлийн шаардлага хангах хэмжээний мөнгөн хөрөнгө төлбөр төлөгчийн дансанд байхгүйн улмаас мэдэгдэлд заасан шаардлагыг хэсэгчлэн биелүүлсэн, эсхүл бүрэн биелүүлэх боломжгүй талаар мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага дээрх ажиллагаа хийсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Барьцааны зүйл болох эд хөрөнгийн нэг өмчлөгч Ц.А нь ХМК ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд мөн байх боловч Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч нь өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр өр төлбөрийг давхар хариуцна” гэж тус тус зааснаар хариуцагч байгууллага Ц.А-ийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд компанид оруулсан эд хөрөнгө нь хувийн эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэхгүй тодруулаагүй. 

 

Түүнчлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгө 2 өмчлөгчтэй, дундын эд хөрөнгө байхад Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно” гэж тус тус заасны дагуу өмчлөгч Р.Бадралын эрхийг хангаагүй байна.

 

            Ийнхүү төлбөр төлөгч нь хуулийн этгээд байхад хариуцагч байгууллага хуульд заасан зохих ажиллагааг хийлгүйгээр иргэн Ц.А, Р.Б нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийг баримтлан Ц.А, Р.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206031140 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж 25 байр 1 тоот хаягт байршилтай, 240 м.кв талбайтай, хоёр өрөө амрагчийн сууцны зориулалттай, 98 хувийн гүйцэтгэлтэй сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ