Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 538

 

Нэхэмжлэгч Т.Ганболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...2015 оны 06 дугаар сард Л.Нямсүрэн нөхрийн хамт ирээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ түр хэрэглүүлээч зээл чөлөөлчихөөд өгье гэхээр нь зөвшөөрсөн. Барьцаанд тавьж болно гэж итгэмжлэл хийж өгсөн. З.Оюунболорыг өөрийнхөө төрсөн дүү түүний нэр дээр зээл гарах боломжтой юм байна гэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл дээрх хүмүүс хашаа байшин эргүүлж өгөлгүй Нэргүй гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн. Би хашаа байшингаа худалдаагүй тул 2015 оны 08 дугаар сарын 25-нд хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар хандахад Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний 1547 шийдвэрт уг гэрээг анхнаасаа дүр үзүүлсэн учраас хүчин төгөлдөр бус гэрээ учраас шүүх тогтоох боломжгүй өгсөн авсан зүйлээ буцааж өгөлцөх үүрэгтэй гэж тусгаж дүгнэсэн тул хариуцагч нараас хашаа байшин газрын гэрчилгээгээ гаргуулж авмаар байна. Одоо би тэндээ амьдарч байгаа боловч Нэргүй гэх хүн 3,500,000 төгрөг өг эсвэл хашаа байшингаа суллаж өг гэдэг. Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Хушаат 4/8 тоот хаягт байрлах 56 мкв Ү-2003014294 тоот гэрчилгээтэй хувийн орон сууц болон гэр бүлийн хэрэгцээний 1513 мкв газрын  өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Л.Нямсүрэн нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...Т.Ганболд нь хууль ёсны өмчлөгч мөн. Уг хэрэгт Ганболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул уг хуралд миний биеийг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Миний бие нь бамбайн хордлоготой эмчийн хяналтанд байдаг биеийн байдал таагүй байгаа тул миний энэ байдлыг хүндэтгэн үзэж хурал шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч З.Оюунболор шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“... Дээрх хашаа байшингийн өмчлөгч нь Д.Ганболд мөн. Л.Нямсүрэн зээл авахын тулд З.Оюунболорын нэр дээр уг хашаа байшингийн гэрчилгээг шилжүүлж,  Н.Нэргүйгээс мөнгө зээлж авсан...”гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Нэргүйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаж буй хашаа байшингийн хууль ёсны өмчлөгч нь Нэргүй бөгөөд түүний өмчлөх эрхийг  хүчингүй болгож өмчлөгчөөр тогтоолгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Ганболд нь хариуцагч З.Оюунболор, Л.Нямсүрэн нарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Хушаат 4/8 тоот хаягт байрлах 56 мкв талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1513 мкв талбайтай газрын  өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхцэцэг шүүх хуралдаан дээр “... Т.Ганболд, хариуцагч З.Оюунболор нарын хороонд хийсэн худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-т заасны дагуу Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Хушаат 4/8 тоот хаягт байрлах 56 мкв талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1513 мкв талбайтай газрын  өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Хариуцагч Л.Нямсүрэн манайд ирж, дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авч явсан учир хариуцагч Л.Нямсүрэнгээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулсан болно.

 

Нэхэмжлэгч Т.Ганболд, хариуцагч З.Оюунболор нар нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Т.Ганболдын өмчлөлийн Дархан сумын 2 дугаар баг Хушаатын 4-8 тоот 56.0 мкв талбайтай хувийн сууцыг хариуцагч З.Оюунболор нь 2,500,000 төгрөгөөр худалдан авахаар,

2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Т.Ганболдын өмчлөлийн Дархан сумын 2 дугаар баг хушаатын 4-8 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1513,0 мкв талбайтай газрыг З.Оюунболор нь 1,500,000 төгрөгөөр худалдан авахаар тус тус тохиролцсон байна. /хх/

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”,  хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгө болох газар, хувийн сууц нь З.Оюунболорын өмчлөлд шилжиж, өмнөх өмчлөгч Т.Ганболдын өмчлөх эрх дуусгавар болохоор байна.

 

Гэвч  Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг хушаатын 4-8 тоот хувийн сууц болон газрыг өнөөг хүртэл Т.Ганболд эзэмшиж, ашиглаж байгаа, хариуцагч З.Оюунболорын өмчлөлд шилжээгүй ба уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээл авах зорилгоор дүр үзүүлэн талууд 2015 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хийсэн болох нь зохигчдын тайлбар болон Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1547 дугаартай шийдвэрээр тус тус тогтоогдож байна.

 

Урьд нь нэхэмжлэгч Т.Ганболд нь З.Оюунболор, Л.Нямсүрэн, Ч.Эрдэнэбаатар нарт холбогдуулан хувийн сууц, газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооццуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1547 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Т.Ганболдын гаргасан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1547 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Бодит байдал дээр нэхэмжлэгч Т.Ганболд өөрийн өмчлөлийн зүйлээ бусдад барьцааны зүйл болох зорилгоор шилжүүлсэн, гэрээний дагуу үүргээ үл хөдлөх хөрөнгө болох хувийн орон сууцны 3,500,000 төгрөг, газрын үнэ 1,500,000 төгрөгийг худалдан авагч тал З.Оюунболор төлөөгүй бол, одоог хүртэл өмчлөх эрх нь шилжсэн хувийн сууцандаа амьдарч байгаа үед Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарах бөгөөд энэхүү гэрээ хийсэн үеэс хуульд зааснаар хүчин төгөлдөр бус тул шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй, гэрээ байгуулсан үеэс хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

...Нэхэмжлэгч Т.Ганболд нь өөрт учирсан гэх хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд энэхүү шийдвэр саад болохгүй учрыг дурьдаж байна...” гэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Т.Ганболдын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардах эрх нь хязгаарлаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Ганболд, хариуцагч З.Оюунболор нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь хийгдсэн үеэс хүчин төгөлдөр бус байх тул  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно”, 56.5-т “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Ганболдын гаргасан дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч тал хариуцагч Л.Нямсүрэнд холбогдуулан  “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг хушаатын 4-8 тоот хувийн сууц болон газрын өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Л.Нямсүрэн авч явсан учир түүнээс дээрх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү”гэсэн үндэслэл шаардлагыг гаргасан.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасны дагуу талууд 2015 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт  2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлсэн тул  хариуцагч З.Оюунболорт Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 000427682 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байх тул хариуцагч Л.Нямсүрэнгээс нэхэмжлэгч Т.Ганболдын нэр дээр олгогдсон дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ганболдыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг хушаатын 4 дүгээр гудамж 8 тоот 1513,0 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-2003000166  дугаарт бүртгэгдсэн газрын, 56 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2003014294 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Т.Ганболдын хариуцагч Л.Нямсүрэнд холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 зааснаар нэхэмжлэгч Т.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Ганболд улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байх тул түүнээс 69,400 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч З.Оюунболороос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА