Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 80

 

Т.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00133/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 471 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч З.О-,

Хариуцагч Ц.Н- нарт холбогдох

          “Н.Н-гийн нэр дээр бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, хушаат 4/8 тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1513 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгчөөр Т.Г- мөн гэдгийг тогтоож, Н.Н-гийн нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, гуравдагч этгээд Г.Н-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Г-оос:

            Би Дархан-Уул аймаг, Дархан сум, хушаатын 4-8 тоотод эхнэр, хүүхдийн хамт ам бүл 6-уулаа амьдардаг. Би ганцаараа ажилладаг. 2015 оны 06 сард таньдаг Л.Н- нөхөр н.Э-ын хамт ирж банкнаас зээл хөөцөлдөж байна та түр үл хөдлөх эд хөрөнгийнхөө гэрчилгээг хэрэглүүлээч гэхээр нь итгээд барьцаанд тавих итгэмжлэл хийж өгсөн. Хэд хоногийн дараа итгэмжлэлээр болохгүй байна. Манай дүү З.О-ын нэр дээр шилжүүлчих удаахгүй авч өгнө гэсэн учир зөвшөөрсөн. Анхнаасаа З.О-той худалдан авах гэрээ гэж дүр эсгэж хийсэн. Би хариуцагч З.О-оос нэг ч төгрөг аваагүй, миний хашаа байшинг ч аваагүй юм. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 1547 тоот шүүхийн шийдвэрт “нэгэнт хуулинд хүчин төгөлдөр бусд тооцохоор заасан тул шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцох шаардлагагүй” гэж үзсэн. Иймд Н.Н-, З.О- нарын хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр биш байх тул Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, хушаатын 4-8 тоот хашаа байшингийн хууль ёсны өмчлөгчөөр Т.Г- мөн гэж тогтоож Н.Н-гийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч З.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяраас:

Нэхэмжлэгч Т.Г- нь Л.Н-гийн нөхрийн ах гэж надад танилцуулж уг хашаа байшинг миний нэр дээр шилжүүлж надаар Н.Н- гэдэг хүнээс зээл авхуулж авсан зээлийн мөнгийг Л.Н-д өгүүлсэн. Гэрээ, хэлцэл хийж шилжүүлэх үедээ эрсдэлийг өөрөө тооцсон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Н-гээс:

Хашаа байшингийн хууль ёсны өмчлөгчөөр Т.Г- мөн. Хариуцагч Л.Н- миний бие Н.Н-гээс 5.000.000 төгрөг зээлсэн гэдгийг Н.Н-, З.О- нар мэдэж байгаа. Би зээлсэн мөнгөнийхөө 1.500.000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Н.Н-д 3.500.000 төгрөг надаас гаргуулж, Т.Г-ын хувийн сууц өмчлөлийн газрыг Т.Г-ын өмчлөлд шилжүүлж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Л.Н- миний бие 3.500.000 төгрөг төлөхөд татгалзах зүйл байхгүй, нэхэмжлэгч Т.Г- уг газар, хувийн сууцны хууль ёсны өмчлөгч мөн гэжээ.

Гуравдагч этгээд Н.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдоос:

Уг газар, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Н.Н- юм. Н.Н- тус газар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шилжүүлэн авсан. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 471 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г-ын хариуцагч З.О-, Л.Н- нарт холбогдуулан гаргасан Н.Н-гийн нэр дээр бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Хушаат 4-8 тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1513 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгчөөр Т.Г- мөн гэдгийг тогтоож, Н.Н-гийн нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Г- улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байх тул түүнээс 69.400 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч З.О-оос улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхцэцэг давж заалдсан гомдолдоо:

            Уг хашаа байшин нь бидний өмч бөгөөд З.О-т худалдаагүй нэг ч төгрөг аваагүй. Л.Н-, Н.Н-гээс 5.000.000 төгрөг авч хэрэглээд өгөхгүй, З.О- өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж 5.000.000 төгрөгийг өрөнд манай хашаа байшинг Н.Н-гийн нэр дээр шилжүүлсэн байна. Манай хашаа байшинг хэн нь ч худалдаж аваагүй, улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглаж буцааж өгнө гэж хэлээд хоорондоо дамжуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх болсон үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Т.Г- хариуцагч З.О-, Л.Н- нарт холбогдуулж, Н.Н-гийн нэр дээр бүртгэгдсэн 1513 м/кв талбай бүхий газар, 56 м/кв талбайтай хувийн сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, эдгээр газар болон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Т.Г- мөн болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, хариуцагч З.О-, Л.Н- нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдан оролцсон Н.Н- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Т.Г- анх З.О-той хийсэн худалдах, худалдан авах гэрээг дүр эсгэж хийсэн, бодит байдал дээр газар, байшингийн үнэд нэг ч төгрөг аваагүй, худалдах зорилгогүй байсан бөгөөд одоог хүртэл маргаж буй газар, байшиндаа амьдарч байгаа, хариуцагч З.О- үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Н.Н-д шилжүүлэхдээ надад мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн тул бидний хооронд анх хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл мөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 Маргаж буй газар болон хувийн сууц нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр Т.Г-оос З.О-т, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар З.О-оос Н.Н-гийн нэр дээр тус тус шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Тухайлбал:

Нэхэмжлэгч Т.Г- хариуцагч З.О- нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 4/8 тоот хаягт орших 1513 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, 56 м.кв талбайтай хувийн сууц З.О-ын өмчлөлд шилжсэн болох нь хэргийн 64-73 дугаар талд авагдсан баримтаар нотлогдоно.

З.О-, Н.Н- нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Зээл болон барьцааны гэрээ” байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд зээлдэгч З.О- гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй тул зээлдүүлэгч Н.Н- 5.875.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч З.О- хүлээн зөвшөөрч, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Н-гийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч энэ дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны шатанд төлбөр төлөгч З.О-, төлбөр авагч Н.Н- нар харилцан тохиролцож, маргаж буй газар, хувийн сууцыг төлбөрт тооцон өгч, авахаар ШШГА-нд хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болж, дээрх хувийн сууц, газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ Н.Н-гийн нэр дээр шилжсэн болох нь хэргийн 108-117 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар нэхэмжлэгч Т.Г-ын өмчлөх эрх 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дууссан байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаар улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Т.Г-ын нэхэмжлэлээр шаардаж буй маргааны жинхэнэ хариуцагч нь З.О-, Л.Н- нар биш байна гэж дүгнэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул  зөвтгөж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 471 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г-ын хариуцагч З.О-, Л.Н- нарт холбогдуулан гаргасан Н.Н-гийн нэр дээр бүртгэгдсэн Дархан сумын 2 дугаар баг, хушаатын 4/8 тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1513 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр Т.Г- мөн болохыг тогтоож, Н.Н-гийн нэр дээр бүртгэгдсэн  улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                ШҮҮГЧИД                                     С.ОЮУНЦЭЦЭГ                                          

                                                                                                      Л.АМАРСАНАА