Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 119

 

Т.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00133/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 538 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Хатагин овогт Т-ийн Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Боржигон овогт З-гийн О-,

Хариуцагч Л-гийн Н- нарт холбогдох

“Дархан-Уул аймаг, Дархан сумын 2 дугаар баг, Хушаат 4/8 тоот 56  мкв талбайтай хувийн орон сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1513 мкв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах” тухай иргэний хэргийг  

            Гуравдагч этгээд Н.Нэргүйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.  

Нэхэмжлэгч Т.Г-оос:

2015 оны 06 дугаар сард Л.Н- нөхрийн хамт ирээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ түр хэрэглүүлээч зээл чөлөөлчихөөд өгье гэхээр нь зөвшөөрсөн. Барьцаанд тавьж болно гэж итгэмжлэл хийж өгсөн. З.О-ыг өөрийнхөө төрсөн  дүү түүний нэр дээр зээл гарах боломжтой юм байна гэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл дээрх хүмүүс хашаа байшин эргүүлж өгөлгүй Н.Нэргүй гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн. Би хашаа байшингаа худалдаагүй тул 2015 оны 08 дугаар сарын 25-нд хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд хандаж уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож авсан өгсөн зүйлээ буцааж өгөлцөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн тул хариуцагч нараас хашаа байшин газрын гэрчилгээгээ гаргуулж авмаар байна. Одоо би тэндээ амьдарч байгаа боловч Н.Нэргүй гэх хүн 3.500.000 төгрөг өг эсвэл хашаа байшингаа суллаж өг гэдэг.

Иймд Дархан-Уул аймаг Дархан сум, 2 дугаар баг, Хушаат 4/8 тоот 56 мкв Y-2003014294  тоот гэрчилгээтэй хувийн орон сууц болон гэр бүлийн хэрэгцээний 1513 мкв газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Н-гээс:

Т.Г- хууль ёсны өмчлөгч мөн. Т.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүх хуралдаанд оролцохгүй тул оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.О-оос:

Хашаа байшингийн өмчлөгч нь Т.Г- мөн. Л.Н- зээл авахын тулд миний нэр дээр хашаа байшингийн гэрчилгээ шилжүүлж Н.Нэргүйгээгээс мөнгө зээлж авсан гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдоос:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Маргаж буй хашаа байшингийн өмчлөгч нь Н.Нэргүй бөгөөд түүний өмчлөх эрхийг хүчингүй болгож өмчлөгчөөр тогтоолох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлын нэхэмжлэгч Т.Г-ыг Дархан-Уул аймаг, Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 4 дүгээр гудамжны 8 тоот 1513.0 мкв талбайтай, улсын бүртгэлийн Y-2003000166  дугаарт бүртгэгдсэн газрын 56 мкв талбайтай улсын бүртгэлийн Y-2003014294  дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Т.Г-ын хариуцагч Л.Н-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч Т.Г- улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байх тул түүнээс 69.400 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч З.О-оос улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Н.Нэргүйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасан байдаг  ч Т.Г- нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 56.5-д заасны дагуу хэлцэл хийсэн талууд  уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх,  үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан байна. Ийнхүү нэхэмжлэгч Т.Г- нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодорхойлж гаргасан нь Иргэний хуулийн 56.5-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шаардах эрх болох 2 боломжит шаардах эрхийн алинд нь ч хамаарахгүй байна. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 56.4, 56.5 заасны дагуу Т.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь тухайн хуулийг буруу тайлбарласан хэрэг болж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийнхээ 1 дэх заалтаар нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн  101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримталсан нь хуулийн тус заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Тус хэрэгт гуравдагч  этгээдээр оролцсон Н.Нэргүйгийн хувьд нэхэмжлэгч Т.Г-той ямар ч байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй харин хариуцагч З.О-той Иргэний хуулийн 281 зүйлд заасан зээлийн гэрээний, 156 дугаар зүйлд заасан барьцааны гэрээний үүргийн харилцаанд орж зээлийн гэрээний үүргээ З.О- зөрчсөний улмаас шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах замаар “Дархан-Уул аймаг, Дархан сум, 2-р баг, Хушаат 4/8 тоот хаягт байрлах 56м.кв талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний 1513 м.кв талбайтай” газрын өмчлөгч болсон юм. Өөрөөр хэлбэл Н.Нэргүй өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Н.Нэргүй бөгөөд Н.Нэргүйгийн өмчлөх эрх ямар нэг байдлаар хүчингүй болоогүй байхад Т.Г-ыг өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд Т.Г- хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 56.5-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийнхөө үнийг З.О-, Л.Н- нараас нэхэмжлэх эрхтэй. Иймд  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.10-ны өдрийн 538 дугаар шийдвэрийг өөрчлөлт оруулж өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Т.Г- нь З.О-, Л.Н- нарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сумын 2 дугаар баг, Хушаат 4/8 тоот 56  мкв талбайтай хувийн орон сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1513 мкв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч Л.Н- Т.Г- нь хууль ёсны өмчлөгч гэж Т.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

Хариуцагч З.О- хашаа байшингийн өмчлөгч нь Т.Г- мөн. Л.Н- зээл авахын тулд миний нэр дээр хашаа байшингийн гэрчилгээ шилжүүлж Н.Нэргүйгээгээс мөнгө зээлж авсан гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, маргаж буй хашаа байшингийн өмчлөгч нь Н.Нэргүй мөн гэж мэтгэлцсэн байна.   

Т.Г-, З.О- нарын хооронд Дархан-Уул аймгийн Дархан сум, 2 дугаар баг, Хушаатын 4/8 тоот хаягт байрлах 56 м.кв хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний 1513 м.кв газрыг худалдах, худалдан авах тухай 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан уг гэрээний дагуу өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжсэн.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1547 дугаар шийдвэрээр дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Т.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хэргийн 4-5, 100-103 дугаар хуудас/

Анхан шатны шүүх дээрх үл хөдлөх эд хөрөнгөө Т.Г- бусдад худалдсан тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж шүүх тооцоогүй байхад нэхэмжлэгч Т.Г-ыг энэхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзсэн нь үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд З.О- нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Н.Нэргүйтэй дээрх үл хөдлөх хөрөнгийг 5.000.000 төгрөгийн зээлийн болон  барьцааны гэрээ хийжээ.  /хэргийн 108 дугаар хуудас/

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын  18-ны    өдрийн  1164 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч З.О- барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сум, 2 дугаар баг, Хушаатын 4/8 тоот хаягт байрлах 56 м.кв хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний 1513 м.кв газрыг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хэргийн 111 дүгээр хуудас/

З.О- 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлтэндээ өөрийнхөө өмчлөлийн дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр маргаангүйгээр иргэн Н.Нэргүйн өмчлөлд шилжүүлэхийг  хүлээн зөвшөөрсөн ба Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 000429040 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000429040 тоот гэрчилгээгээр Дархан-Уул аймгийн Дархан сум, 2 дугаар баг, Хушаатын 4/8 тоот хаягт байрлах 56 м.кв хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний 1513 м.кв газар нь иргэн Н.Нэргүйн өмч болж шилжсэн нь тогтоогдсон байна. /хэргийн 83,115,117 дугаар хуудас/

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцснээс бусад тохиолдолд үнэн зөв тооцно” гэж заасны дагуу Н.Нэргүйгийн З.Оюунбаяртай байгуулсан зээл, зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр шилжсэн байна.

Иймд Н.Нэргүй уг эд хөрөнгийн өмчлөгч гэж маргасан нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 538 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар гуравдагч этгээд Н.Нэргүйд олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ            

                                    ШҮҮГЧИД                                                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                       С.ОЮУНЦЭЦЭГ