| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 102/2015/08024/и |
| Дугаар | 1376 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 1376
У.Өнөрцэцэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00720 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч У.Өнөрцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Камдер” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас учирсан хохиролд 49 110 576 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Алданги 22 987 347 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр,
Хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч У.Өнөрцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Камдер” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Енканто таун хотхоны 305 дугаар байр 2 дугаар орц, 8 дугаар давхар 61 тоотод 3 өрөө 105.32 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1 750 ам.доллараар тооцон нийт 184 310 ам.доллараар 801/2/65 тоот орон сууцны захиалгын гэрээний дагуу худалдан авсан. Орон сууцны захиалгын гэрээний дагуу “Камдер” ХХК 2013 оны 2 дугаар улиралд орон сууцыг ашиглалтанд оруулах байсан хэдий ч 4 дүгээр улирал буюу 2013 оны 11 дүгээр сарын 11-нд уг орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд орсны дараа 12 сард байрандаа орсон. 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн Y-2204058781 дугаарт бүртгэгдсэн, 000306638 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг гэр бүлийн гишүүдийн хамтаар дундаа хамтран өмчилж авсан. Орон сууцандаа орсны дараа бусад оршин суугчид байрны талбайн хэмжээ дутаж байна, компаниас хохирлоо гаргуулж авлаа гэдгийг сонссон тул миний бие Монгол Улсад Барилгын зохион байгуулалтын зураг төсөл хийх, хэмжих үйл ажиллагаа эрхлэх ЭТ19-359/12 тоот тусгай зөвшөөрөлтэй, улсын бүртгэлийн 90112.58095 дугаарт бүртгэгдсэн, 5418291 тоот регистрийн дугаартай “Тоонтогранд” ХХК-иар хэмжүүлэхэд манай орон сууцны талбайгаас 5974 м.кв талбай дутаж байна гэсэн дүгнэлт гарсан. Ийнхүү талбайн хэмжээ дутсан тухай “Камдер” ХХК-ийн борлуулалтын албаны даргад бичгээр мэдэгдсэн боловч хариу өгөхгүй байна. Иймд “Камдер” ХХК-аас орон сууцны 5.974 м.кв-ын зөрүү 10 455 ам.доллар буюу гэрээ байгуулсан өдрийн ханшийг төгрөгт шилжүүлэн тооцоход 14 327 000 төгрөг, хэмжилт хийлгэсэн төлбөр 198 000 төгрөг нийт 14 525 000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн 2013 оны 12 дугаар сарын 20-нд Голомт банкны орон сууцны зээлд хамрагдан 110 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувь буюу сарын 1.5 хувийн хүүтэй зээлж төлбөрөө төлсөн. Орон сууцны захиалгын гэрээн дээр ч бид орон сууцны үлдэгдэл төлбөрийг зээлээр санхүүжүүлэн төлнө гэж бичсэн байгаа. “Тоонтогранд” ХХК-ийн хэмжилтийг “Камдер” ХХК хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тул шүүхээс “Лэндс” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр дахин томилж уг компанийн дүгнэлтээр 4.95 м.кв дутсан гэж үзсэн.
2015 оны 9 дүгээр сарын 22 болон 2016 оны 3 дугаар сарын 15-нд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Орон сууцны талбайн хэмжээ зөрүү 4.62 м.кв талбайн үнэ, зээлийн төлбөрт 30 876 239 төгрөг, орон сууцны захиалгын гэрээг ам.доллараар хийснээс үүдэн гарсан ханшийн зөрүү төлбөр 18 234 337 төгрөг нийт 49 110 576 төгрөг болно гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Таванбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр У.Өнөрцэцэгтэй гэрээ байгуулж, гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэсэн. Бид Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан ажлын үр дүнг нь хүлээлгэн өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Доголдол гэж үзсэн бол мөн хуулийн 349.1-д заасан 6 сарын хугацаанд гомдол гаргаагүй, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан. Харин нэхэмжлэгч 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байраа хүлээн авснаа хэллээ. Гэрээний 5.3 дахь хэсэгт зааснаар 105.32 м.кв талбайтай орон сууцыг тэнхэлгээр тооцох, 8.3-т зааснаар захиалагч нь уг асуудлаар маргаан гаргахгүй гэж заасан байгаа. Барилгын ажлыг гүйцэтгэх явцад шалгах эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн хүүтэй холбоотой зээл авсан гэж ярьлаа. Гэвч захиалагч нь өөрийн хөрөнгөөр бэлэн төлөх, эсхүл зээл авах нь өөрийнх нь асуудал. Хүүний зөрүүг манайх төлөх үндэслэлгүй. Гэрээний үүргийг биелүүлээгүй талбайн доголдол бол биш. Гэрээгээр тохиролцоогүй үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Бид тухайн орон сууцны талбайг стандартын дагуу хэмжсэн. Ямар хэмжээсээр хэмжих вэ гэдгээр талууд тохиролцсон байна. Доголдолгүй үр дүнг хүлээлгэн өгч, захиалагч гомдлын шаардлага гаргаагүй. Бид гэрээг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Таванбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний 8 дугаар зүйлд “...2.2 дахь хэсэгт зааснаар графикаар төлөх байсан бөгөөд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх”-өөр тохирсон. Төлбөрийг 4 үе шаттай хийх байсан. Эхний төлөлт хугацаандаа хийгдсэн. Дараагийн төлөх 5 хувь буюу 9 170 ам.долларыг 2013 оны 02 дугаар сарын 25-нд төлөх байсан ч 4 600 ам.долларыг төлж, хугацааг нь 63 хоногоор хэтрүүлж 2013 оны 4 дүгээр сарын 29-нд 5 000 ам.доллар төлсөн. 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 36 432 ам.доллар төлөх байсан, гэвч 32 хоногийн дараа 2013 оны 5 дугаар сарын 27-нд 10 000 ам.доллар, 72 хоногийн дараа 2013 оны 7 дугаар сарын 06-нд 5 000 ам.доллар, 173 хоногийн дараа 2013 оны 12 дугаар сарын 26-нд 21 459 ам.доллар тус тус төлсөн. Иймд үүргээ хугацаандаа биелүүлээгүйд 63 хоногийн алданги 1 436.4 ам.доллар, 32 хоногийн алданги 5 827.2 ам.доллар, 72 хоногийн алданги 9 511.2 ам.доллар нийт 16 774.8 ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн ханш 1 370 төгрөгөөр тооцож 22 987 347 төгрөгийг У.Өнөрцэцэгээс нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гомбосүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээгээр орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг тохирсон. Гэтэл хугацаандаа өгөөгүй, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан. Түлхүүрийг гардаж авахад “Камдер” ХХК-иас төлбөр тооцооны асуудалгүй гэж зөвшөөрсөн. Орон сууц захиалагчийн гэрээ бол эрх зүйн харилцааны хувьд ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд ажил гүйцэтгэгч нь үүргээ зөрчсөн. 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орон сууц хүлээлгэн өгөх албан бичгээ өгөөгүй. Ямар нэгэн төлбөр тооцоогүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1.3-т заасныг баримтлан “Камдер” ХХК-иас 11 079 279 төгрөг гаргуулж У.Өнөрцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 38 031 297 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Өнөрцэцэгээс 22 987 347 төгрөг гаргуулж “Камдер” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч У.Өнөрцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч У.Өнөрцэцэгийн нэхэмжилсэн 49 110 576 төгрөгөөс 38 031 297 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууц захиалгын гэрээний дагуу хариуцагч “Камдер” ХХК-аас 105.32 м.кв талбай бүхий орон сууц захиалсан бөгөөд 1 м.кв-ийг 1 750 ам.доллараар тооцсон. Гэтэл “Камдер” ХХК 4.62 м.кв талбайг дутуу гүйцэтгэж манайд 100.7 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “Камдер” ХХК ямар нэгэн доголдолгүй сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй хүлээсэн байгаа. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар захиалагч орон сууцны талбайн хэмжээ нь гэрээгээр тохирсон хэмжээнээс дутуу байгаа хэмжээгээр сууцны үнийг бууруулах, учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Энэхүү эрхийндээ дагуу би орон сууцны илүү төлсөн төлбөрөө буцаан шаардахаас гадна энэхүү илүү төлбөрийн банкнаас ам.долларын зээлээр гаргуулсны улмаас банкинд илүү төлсөн 20 049 506 буюу 8 085 ам.долларт 36 сарын хугацаанд 10 826 728 төгрөгийн хүү, ам.долларын ханшийн зөрүүнд 18 234 337 төгрөг тус тус илүү төлж надад хохирол учирсан байх тул энэхүү хохирлоо хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн болно. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт төгрөгийн ам.доллартай харьцах ханш өссөн нь талуудын хүсэл зоригоос шалтгаалахгүй, тухайн үеийн зарласан ханшаар тооцож төлбөр төлсөнд хариуцагч буруугүй хэмээн дүгнэж ханшийн зөрүүд нэхэмжилсэн 18 234 337 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм. Мөн ажил гүйцэтгэх гэрээгээр доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд хүү шаардахгүй, харин доголдлын улмаас учирсан хохирлыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэсэн тул 20 049 506 төгрөг буюу 8 005 ам.долларт 36 сарын хугацаанд 10 826 738 төгрөгийн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 4.62 м.кв талбайн зөрүү төлбөрт бид банкинд дээрхи хэмжээний хүү төлсөн нь бидний хувьд хохирол тул энэхүү төлбөрийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
2. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох У.Өнөрцэцэгээс 22 987 347 төгрөг гаргуулахыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би орон сууцны төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн учраас надад төлбөрөө бүрэн төлсөн талаарх тодорхойлолтыг “Камдер” ХХК-аас гарган өгч орон сууцны түлхүүрийг надад гардуулан өгч орон сууцанд нүүж орохыг зөвшөөрсөн болно. Орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн сууцны төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн байхад тухайн үед гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн талаарх тодорхойлолт гаргаж өгсөн мөртлөө, түүнээс хойш 4 жилийн дараа алданги нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/00720 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад заасан “...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 38 031 297 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” болон тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч У.Өнөрцэцэг нь хариуцагч “Камдер” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас учирсан хохиролд 14 525 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж 49 110 576 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, алданги 22 987 347 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 801/2/65 тоот “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун хотхоны 801 дүгээр байрны 2 дугаар орц 65 тоот 105.32 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгч шилжүүлэх, нэхэмжлэгч нь 1 м.кв талбайн үнийг 1 750 ам.доллараар тооцож 184 310 ам.долларыг 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 4 хуваан хариуцагчид төлөхөөр тус тус тохиролцжээ.
Хэрэгт авагдсан 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2013/517 тоот Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар “Камдер” ХХК-ийн Энканто хотхоны 116 айлын орон сууцны барилгын ажлыг “3уншин” ХХК-иар гүйцэтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ашиглалтанд оруулсан үйл баримт тогтоогдсон байна.
/хэргийн 105-108 дугаар тал/
Дээрх гэрээгээр орон сууцыг ашиглалтад орохоос өмнө буюу хариуцагч “Камдер” ХХК нь бусад этгээдээр барилгын зургийг хийлгүүлж, захиалан бариулж байгаа ажлын үр дүн буюу гэрээнд заасан ирээдүйд бий болох орон сууцыг нэхэмжлэгч У.Өнөрцэцэгт шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа байх бөгөөд нэхэмжлэгч У.Өнөрцэцэг нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу 2013 оны 12 дугаар сард орон сууцыг хүлээн авсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогджээ. Гэтэл анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан орон сууцны зураг төсөл, ажлын үр дүнг нэхэмжлэгч өөрөө анхнаас нь захиалж гүйцэтгүүлээгүй буюу хариуцагчийн захиалгаар бусад этгээдийн гүйцэтгэсэн ажлын дүнг зохих төлбөрийг төлж худалдан авахаар тохиролцжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийн өмгөөлөгч М.Бадралын хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШЗ2016/26688 дугаар захирамжаар “Инженер геодези” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу маргаан бүхий орон сууцны хэмжээг 100.7 м.кв болохыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17/01 тоот актаар тогтоосон бөгөөд талуудын тохиролцсон хэмжээнээс 4.62 м.кв-аар дутуу байна. /хэргийн 175-177, 181-183 дугаар тал/
Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор уг доголдолтой эд хөрөнгийг солиулах, доголдлыг арилгасан зардлаа төлүүлэх, гэрээ цуцлах зэрэг шаардлагыг мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацааны дотор гаргаагүй тохиолдолд доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй.
Худалдагчийн шилжүүлсэн эд хөрөнгө гэрээнд заасан тоо хэмжээ буюу талбайн хэмжээнд хүрээгүй байхад худалдан авагч хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн эд хөрөнгийн дутуу үнийг буцаан төлөх үүрэг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар үүснэ.
Талууд гэрээ байгуулахдаа төлбөр тооцоог ам.доллараар илэрхийлж, нэхэмжлэгч төлбөрийг ам.доллараар гүйцэтгэсэн нэхэмжлэлээ тодорхойлохдоо гэрээ байгуулах үеийн ханшаар тодорхойлсон байх ба нэхэмжлэгчийн сууцны талбай нь 4.62 м.кв-аар дутуу болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүний гэрээ байгуулсан үеийн Монгол банкны албан ёсны ханш 1 ам.долларыг 1 370.35 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 11 079 279 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлт нь талуудын хүсэл зоригоос шалтгаалахгүй буюу ханшийн өөрчлөлт бий болсонд хариуцагчийн буруу нөлөөлөхгүй тул ханшийн зөрүүд 18 234 337 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
Мөн нэхэмжлэгч нь “Голомт банк” ХХК-иас 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ1605034028 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу 110 000 000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлж, хариуцагчид орон сууцны үлдэгдэл төлбөрт шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй боловч дутуу шилжүүлсэн м.кв-ын төлбөрт шууд хамаарч байгаа гэж үзэх үндэслэлгүй тул банкны хүүд төлсөн 10 826 738 төгрөгийг хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд тооцогдохгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээ байгуулах үед 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 82 200 ам.доллар төлсөн байх ба уг банкнаас авсан зээлээр дутуу шилжүүлсэн м.кв-ийн үнийг төлсөн гэж үзэх боломжгүй.
Захиалагч нь гэрээний хавсралтад зааснаар 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 92 200 ам.долларыг, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 9 215 ам.доллар төлөхөөс 4 600 ам.долларыг, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 36 862 ам.доллар төлөхөөс 29-ний өдөр 5 000 ам.доллар төлж хугацааг 63 хоногоор, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 36 432 ам.доллар төлөхөөс 5 дугаар сарын 27-ны өдөр 10 000 ам.доллар төлж 32 хоногоор, 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 5 000 ам.доллар төлж 72 хоногоор, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 21 459 ам.доллар төлж хугацааг 173 хоногоор тус тус хэтрүүлж төлсөн нь зохигчийн тайлбар, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна.
/хэргийн 109-114 дүгээр тал/
Талуудын байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт захиалагч 2.2-т заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байх тул нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн хоногийн 16 774.8 ам.долларын буюу 22 987 347 төгрөгийн алдангийг захиалагч төлөх үүрэгтэй юм.
Хариуцагч гэрээгээр орон сууцыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан барьж улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ хугацаа хэтрүүлж 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй боловч энэ нь захиалагч гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, алданги төлөхгүй байх үндэслэл болохгүй буюу Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-д тус тус хамраахгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу 2.3 дахь шатны төлбөрийг төлөх хуваарь нь хариуцагчаас шалтгаалаагүй буюу түүний гүйцэтгэх үүргээс хамраахгүй байна.
Анхан шатны шүүх зохигчдын хоорондын тохиролцоонд эрх зүйн үүднээс үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны төрлийг зөв тодорхойлоогүйн улмаас Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүй нь алдаатай болсон тул шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00720 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1.3-т” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт” гэж, 2 дахь заалтын “343-р зүйлийн 343.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 463 100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
С.ЭНХТӨР