Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00013

 

“Ф Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Ф Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн ШШГГ 445-р НХА-д холбогдох,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хууль зөрчиж, шүүгчийн захирамжид зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоолгох тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 6 дугаар байрыг бусдад түрээслэх, хөлслөх, ямар нэгэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахгүй байх, “Г” ХХК-ийн эд хөрөнгө, эрх ашигт халдсан үйл ажиллагаа явуулахгүй байх, гүйцэтгэхгүй байхыг “Ф Г” ХХК-д даалгаснаас хойш бид үйл ажиллагаа явуулаагүй. “Г” ХХК нь уг байранд үйл ажиллагаа явуулахаа больж 2018 оны 01 дүгээр сард гарсан байсан. ... Тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 3963 тоот шүүгчийн захирамжаар уг байрны орон сууц, зочид буудлын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангаж захирамжийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 01/222231 тоот мэдэгдэл дээр заасан, үүний дагуу бид гэрээ хийж айлуудыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс байранд оруулсан. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдсэн мэдэгдэл ирсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгч байрыг чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг манайд ирүүлж, улмаар маргаан бүхий байранд “Г” ХХК-ийг оруулах шаардлага тавьж, шүүгчийн захирамжинд зааснаас өөр үйл ажиллагаа явуулж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа тул энэхүү хууль бус ажиллагааг зогсоолгохыг хүссэн байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч талын ярьсан шиг 2 өрөөг чөлөөл гэсэн зүйл байхгүй, одоо бол “Ф Г” ХХК нь шүүгчийн захирамжийг огт биелүүлэхгүй байгаа “Ф Г” ХХК нь “Г” ХХК-ийн бичиг баримт болон эд хөрөнгийг нэг өрөөнд хийж лацадсан байгаа, манай байгууллагын зүгээс албан бичиг явуулж шаардаж байгаагаас биш очиж лацдаж түгжсэн зүйл байхгүй байгаа. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Удаа дараа албан бичиг өгсөн хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/2529, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2609 тоот мэдэгдлүүдээр шаардсан гэж тайлбар гаргасан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан гомдол гаргагч “Ф Г” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь ШШГГ 445-р НХАд холбогдуулан гаргасан хууль зөрчиж шүүгчийн захирамжид зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоолгохыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гантулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ОХУ-ын Москва хотын Арбитрын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Арбитрын шийдвэрт хүлээлгэн өгөх актын дагуу байрыг хариуцагчид шилжүүлсэн бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хүлээлгэн өгөх актын дагуу түрээслэгч нь актыг түрээслүүлэгчид буцаасан байна” гэж дүгнэн маргаан бүхий байрыг ОХУ-ын өмчлөгчид “Г” ХХК нь буцааж шилжүүлж өгсөн үйл баримт арбитрын шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна. Гэтэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг “Г” ХХК нь ОХУ-ын өмчлөгчид нь хүлээлгэн өгсөн тул байранд “Г” ХХК нь ямар ч үйл ажиллагаа болон эд хөрөнгө байхгүй байхад шийдвэр гүйцэтгэгч нар ямар үйл явуулахыг даалгаж байгаа болон уг байрыг чөлөөлөхийг шаардаж байгааг бид ойлгохгүй байна. Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгч нь байрыг чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг манайд ирүүлж, улмаар маргаан бүхий байранд “Г” ХХК-нийг оруулах шаардлага тавьж, шүүгчийн захирамжинд зааснаас өөр үйл ажиллагаа явуулж байгаа нь нь нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Ф Г” ХХК нь Дархан-Уул аймаг дахь ШШШГГ 445-р НХАд холбогдуулан шүүгчийн захирамжид зааснаас өөр ажиллагаа явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагааг зогсоолгохыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, хэвээр үлдээсэн нь үндэслэлтэй боловч магадлалын тогтоох хэсэгт шийдвэрийн огноо, дугаарыг алдаатай бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулж магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” тухай Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1850 дугаар шүүгчийн захирамжийг  биелүүлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй талаар хоёр шатны шүүх хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6, 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж нь гүйцэтгэх баримт бичигт хамаарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах үндэслэл болдог байна.

Шүүх “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ф Г” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1850 дугаар шүүгчийн захирамжаар “Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 6 дугаар байрыг бусдад түрээслэх, хөлслөх, ямар нэгэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахгүй байх, “Г” ХХК-ийн эд хөрөнгө, эрх ашигт халдсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг “Ф Г” ХХК-д даалгасан” арга хэмжээг авчээ. Уг захирамжийг хариуцагчийн гомдлоор хянаад захирамжид өөрчлөлт оруулсан боловч 2018 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 46 дугаар тогтоолоор 1850 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллага “Ф Г” ХХК-ийг захирамж гарснаас хойш тухайн эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулахгүй байхыг мэдэгдэх, ийм үйлдэл шинээр гаргуулахгүй байхыг хангаж ажиллах үүрэгтэй болно.

Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 03/2501 тоот, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/2529 тоот, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2609 тоот, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/2648 тоот мэдэгдлээр шүүгчийн захирамжийг биелүүлэхийг “Ф Г” ХХК-д зөвхөн мэдэгдэх хэлбэрээр ажиллагаа явуулсан, шүүгчийн захирамжид зааснаас өөр ажиллагаа явуулаагүй нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар 2019 оны 04 сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА