Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00028

 

 

О.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/00157 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 502 дугаар магадлалтай

О.Д-гийн нэхэмжлэлтэй,

Ц.Э-т холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

6 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Д- нь Ц.Э-т 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөг зээлдүүлсэн. Ц.Э-ээс зээлсэн 6 000 000 төгрөгөө өгөхийг шаардаж байсан боловч өгөөгүй ба 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Э-тэй цуг нотариатаар орж зээлсэн 6 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч Ц.Э- нь энэ хугацаанд 500 000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Ц.Э-ээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 5 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Э- нь иргэн О.Д-гаас 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Уг мөнгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаанд нь өгч чадаагүй. Тийм учраас зээлсэн мөнгөндөө тааруулж Мөнгөн завьяа дэлгүүрт байрлах 10 000 000 төгрөгийн бараатай лангууг худалдах саналыг О.Д-д тавьсан ба тэрээр хүлээн зөвшөөрч барааг худалдаж авсан. Ойролцоогоор 6 600 000 төгрөгийн барааг зарж борлуулаад 3 400 000 төгрөгийн барааг Ц.Э-т буцаан өгсөн тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Анх лангууны эзэмшлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сард багтаан О.Д-гийн нэр дээр хийлгэнэ гэж тохиролцсон. 2016 оны 4 дүгээр сард О.Д- нь би Солонгос улс руу суралцахаар явах болсон гээд лангуугаа буцааж авах талаар ярьсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ огт үүнийг дурдахгүй байгаа нь Ц.Э-ээс дахин мөнгө авах санаа байна гэж ойлгож байна. 2015 оны 6 дугаар сард лангуу хүлээлгэн өгснөөр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн лангуу хүлээлцсэн актад төлбөр тооцоо дууссан гэж бичсэн байдаг. Тиймээс Ц.Э- нь О.Д-гаас зээлсэн зээлээ бүрэн төлж дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...2015 оны 6 дугаар сард Мөнгөн завьяа дэлгүүрт байрлах 10 000 000 төгрөгийн бараа бүхий лангууг О.Д-д худалдсан бөгөөд О.Д- тухайн барааг зарж борлуулан зээлсэн мөнгөө гаргуулж авахаар тохиролцсон. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нь БНСУ-д суралцахаар явах болсон гээд лангууг 3 400 000 төгрөгийн бараатай буцаан өгсөн. О.Д- нь лангуунд байсан 10 000 000 төгрөгийн бараанаас 3 400 000 төгрөгийн барааг буцаан өгч, үлдэгдэл 6 600 000 төгрөгийн барааг зарж мөнгийг нь өөртөө авсан. Хэрэв дээрх барааны мөнгийг зээлийн гэрээний төлбөрт тооцохгүй гэж үзвэл О.Д- нь тухайн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй. Иймд худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн барааны үнэ 6 600 000 төгрөгийг О.Д-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Мөнгөн эдлэл худалдах-худалдан авах гэрээ байгуулсан үйл баримтад маргахгүй ч уг гэрээг 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан, Зээлийн гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан. Хэрэв зээлийн гэрээний үүргийг Мөнгөн эдлэл худалдах худалдан авах гэрээний үүргээр дуусгавар болгосон бол дараа нь ингэж Зээлийн гэрээ байгуулахгүй байсан. Мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээнд ...лангууны гэрээг 2016 оны 1 дүгээр сард шилжүүлэн өгөхөөр тохиролцов гэсэн нь гэрээг хэрэгжээгүй, гэрээний дагуу харилцан солилцсон зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/00157 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э-ээс 5 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Д-д олгож, 6 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 8 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Э-ээс улсын тэмдэгтийн хураамж 102 950 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч О.Д-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 502 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаагүй, хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илэрхий хохироосон гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Зохигчид 2015 оын 07 дугаар сарын 06-ны өдөр мөнгөн эдлэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр Ц.Э- “Мөнгөн завьяа” дэлгүүрт байрлах мөнгөн эдлэлийн лангууунд байгаа 10 000 000 төгрөгийн барааг О.Д-д шилжүүлж худалдсан нь үнэн болно. Лангууны гэрээг 2016 оны 01 сард шилжүүлэн өгөхөөр тохиролцов. Төлбөр тооцоо дууссан болно гэж бичин талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх ба уг мөнгөн эдлэл худалдах-худалдан авах гэрээний төлбөрт дээрх зээлийн гэрээний үүргийг тооцсон гэх агуулга харагдахгүй талаар шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагад нийцжээ” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Ц.Э- нь О.Д-гаас 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаанд нь буцаан төлж чадаагүй. Иймээс “Мөнгөн завьяа” дэлгүүрт байрлах 10 000 000 төгрөгийн бараа бүхий лангууг 2015 оны 06 дугаар сард хүлээлгэн өгч тухайн бараанаас О.Д- нь зээлүүлсэн мөнгөө гарган авч төлбөр тооцоог дуусгахаар тохиролцсон. Улмаар 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөнгөн эдлэл худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Мөнгөн эдлэл худалдах-худалдан авах гэрээнд талууд төлбөр тооцоог дууссан гэж бичсэн байдаг.

Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөнгөн эдлэлийн төлбөр төлөгдөөгүй талаар, мөн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа болон мөнгөн эдлэл худалдах-худалдан авах харилцаанаас өөр эрх зүйн харилцаа байхгүй талаар хэлсээр байхад анхан болон давж заалдах шатны шүүх үнэлэхгүй, дээрх эрх зүйн харилцааг харилцан хамааралгүй мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэв талууд зээлийн төлбөрт тооцож мөнгөн эдлэлийг шилжүүлж өгөөгүй байсан бол мөнгөн эдлэлийн төлбөрийг төлөгдөөгүй байхад төлбөр тооцоо дууссан гэж бичих боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Дээрх мөнгөн эдлэл хулалдах-худалдан авах гэрээ 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдснаас хойш буюу 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсныг харьцуулан үзвэл зээлийн гэрээний төлбөр худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцогдож дуусгавар болсон гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 04, 05 дугаар сард шилжүүлсэн мөнгийг мөн оны 09 дүгээр сарын 05-ны өдөр буцаан төлүүлэхээр тохиролцож, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулахдаа хуурч мэхэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь талууд 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөгийг зээлүүлсэн байсан тул түүнтэй адилтгаж 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээг хийсэн. Мөн тус зээлийн гэрээний мөнгөн төлбөр нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөнгөн эдлэлээр тооцож дуусгавар болгосон ба нэхэмжлэгч нь “Солонгос явахад эд хөрөнгийн болон бусдаас авах авлагын баталгаа байх ёстой гээд байна. Та урьд нь зээлж авч байсан юм чинь баримт хийгээд өг” гэх нэрийдлээр тус баримтыг үйлдсэн байдаг ба тус баримтыг үйлдсэний дараагаар нэхэмжлэгч Солонгос явсан болох нь түүний хил гаалиар гарсан лавлагаанаас тодорхой харагддаг. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн лангуун дахь мөнгөн эдлэлийг буцаан өгөх үедээ үйлдсэн баримтад анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 184/ШШ2019/00157 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 502 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.                                                

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

О.Д- нь Ц.Э-т холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 6 600 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч Ц.Э- нь О.Д-гаас 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөгийг, 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус зээлж авсан үйл баримтын талаар маргаагүй, зээлийн төлбөрт 500 000 төгрөгийг буцаан авсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч О.Д- үлдэгдэл 5 500 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч маргаагүй үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хариуцагч Ц.Э- “Зээлийн гэрээ”-ний үүргийг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Мөнгөн эдлэл худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргээр сольсон гэж маргаж, хэрэв дээрх гэрээгээр зээлийн гэрээний үүргийг төлөгдсөн гэж тооцохгүй бол худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 10 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөөс 3 400 000 төгрөгийн эд зүйлсийг буцаан авсан тул үлдэх 6 600 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, худалдах-худалдан авах гэрээ хэрэгжээгүй гэж маргасан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Э-ийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага,  тайлбар үндэслэлээ баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй тул тус гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1. дэх заалтыг зөрчөөгүй, шийдвэр Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтад нийцсэн байх бөгөөд шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж, зохигчийн маргаж буй үйл баримт, эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1.-д нийцсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Иймд “...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй тул дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/00157 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 502 дугаар, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД