Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1044

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, Ц.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Бд холбогдох 1810015590454  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Хар хүүхэн овгийн Б-н Б, 1980 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ................ гэх газар бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн ............... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

 

Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 12 дугаар гудамжны задгай тоотод оршин суух Г.Гийг унтаж байхад гэрт нь орж, нууцаар, хууль бусаар “Ай фоне-6” загварын гар утсыг нь хулгайлан авч, бусдад 392.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Б.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Быг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Быг 1 жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж,

 Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өмгөөлөгч миний үзэж байгаагаар Б.Б 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хөрш айл болох Ганчимэгийн гэрт анхнаасаа гар утас хулгайлах санаа зорилготой ороогүй. Хөрш айлын эзэн Тулгаатай 2 шил пиво хамт хувааж уух бодолтой явж орсон болох нь мөрдөн байцаалтын тэмдэглэлд авагдсан. Энэ байдлаас дүгнэлт хийж үзэхэд Б.Бы үйлдэл нь орон байранд нэвтэрсэн үйлдэл биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байж болохоор байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу дээр маргаан байхгүй. Гагцхүү бусдын орон байранд нэвтэрч орсон гэх асуудлыг тодотгож давж заалдах шатны шүүхийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон үйл баримтуудад тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт өгнө үү гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Тэгэхээр бусдын орон байранд нэвтрэх гэдэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор орон байранд нь хууль бусаар нууц буюу илээр орохыг хууль зүйн онолын хүрээнд үздэг. Хавтас хэргийн 22-23 дугаар хуудсанд гэрч Батбулганы мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэгт “2016 оноос хойш бид хөрш айл байгаа бөгөөд захын хороололд байдаг. Нэгнийдээ бол өдөр болгон орж гардаг” гэсэн мэдүүлэг өгсөн. Тэгэхээр хууль бусаар нэвтэрсэн юм уу, эсхүл үгүй юм уу гэх асуудал үүсэж байна. Хэрвээ хууль бус байсан бол хулгай хийх зорилгоор тухайн орон байранд орсон байж таарна. Гэтэл Улсын Дээд шүүхийн 1991 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 13 тоот тогтоол дээр хууль бусаар нэвтрэх гэдэгт хулгай хийх зорилгоор хөрөнгө байгаа орон байранд янз бүрийн аргаар нэвтэрч орсныг ойлгоно гэж заасан. Тэгэхээр Батбулганы үйлдлийг гэнэт үүссэн санаа байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2016 оноос өдийг хүртэл хөрш айл байсан, хэн нэгнийдээ орж, гарж байдаг. Энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Мөн шүүгдэгч гэрийн эзэнтэй уух зорилгоор 2 пиво авч орсон. Харин гарахдаа ширээн доор цэнэглэсэн байсан утсыг авсан. Тэгэхээр энэ үйлдэл нь гэнэт үүссэн санаа байна гэж үзэж байна. Тийм учраас энэ асуудалд үнэлэлт, дүгнэлт хийж өгнө үү. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргаан байхгүй. Иймд бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг шүүх гомдлын хүрээнд биш хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд авч үзээд шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэргийн 19 дүгээр хуудсан авагдсан гэрч Батбямбын мэдүүлэгт “2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр би ажилдаа явахаар 8 цагийн орчимд гэрээс гарахад танил Батбулган нь хашааны дээгүүр манайх руу харчихсан зогсож байсан. Тухайн үед би ямар нэгэн зүйл бодохгүй ажилдаа явсан бөгөөд гэрийн хаалгыг цоожлохгүй гаднаас нь хаагаад гарсан. Ингээд 22 цагийн орчим байсан болов уу гэртээ ирэх үед эхнэр Ганчимэг надаас гар утас нэхсэн. Хариуд нь би авч яваагүй гэж хэлсэн. Ингээд шууд Батбулган санаанд орж цагдаа дуудахад удахгүй цагдаа ирээд Батбулгантай уулзах шиг болсон. Батбулган хэргээ хүлээж, гар утсыг тэмдэглэл үйлдэн хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлгээр өмгөөлөгчийн тайлбарлаж няцаагдаж байна. Мөн анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хөнгөн ял шийтгэл оногдуулсан. Иймд өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлээд гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 12 дугаар гудамжны задгай тоотод оршин суух иргэн Г.Гийг  унтаж байхад гэрт нь орж, нууцаар хууль бусаар “Ай фоне-6” загварын гар утсыг нь хулгайлан авч 392.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Бы “...унтаж байхаар нь гэрээс нь гарахдаа ширээний доор цэнэглээд тавьсан гар утсыг нь хулгайлсан.” гэх мэдүүлэг /хх-39-40/,

хохирогч Г.Гийн “...гар утсаа гэрийн баруун талын ширээний доор цэнэглээд унтсан. Өглөө сэрээд харахад миний утас байхгүй, цэнэглэгч үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-16-17/,

гэрч Б.Батбямбын “...Г.Г өөрийн гар утсаа ширээн доор цэнэглээд тавьж байхыг харсан.” гэх мэдүүлэг /хх-18-19/,

гэрч С.Хишигдоржийн “...Б.Б гэх хүний гэрт орж улмаар өөрийгөө танилцуулан болсон явдлын талаар хэлтэл Б.Б нэг л санаа зовсон байдалтай сандраад байсан. Тэгснээ удалгүй гар утсыг гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-20-21/,

эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанаар талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Быг “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгийн гаргасан “...Б.Бы үйлдэл нь орон байранд нэвтэрсэн үйлдэл биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан. Хөрш айл болох Ганчимэгийн гэрт анхнаасаа гар утас хулгайлах санаа зорилготой ороогүй. Хөрш айлын эзэн Тулгаатай хоёр шил пиво хамт хувааж уух бодолтой явж орсон” гэж тайлбарласан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “...ажилдаа явахаар 08 цагийн орчим гэрээсээ гарахад танил Батбулган нь хашааны дээгүүр манайх руу харчихсан зогсож байсан. Тухайн үед би ямар нэгэн юм бодолгүй шууд ажилдаа явсан бөгөөд гэрийн хаалгыг цоожлолгүй гаднаас нь хаагаад гарсан... шууд Батбулган санаанд ороод цагдаа дуудахад ... Батбулган хэргээ хүлээж гар утсыг хүлээлгэн өгсөн” гэж мэдүүлсэн гэрч Б.Батбямбын, “...Батбулган гэж хүний гэрт орж өөрийгөө танилцуулан болсон явдлын талаар хэлтэл Батбулган нь нэг л санаа зовсон байдалтай сандраад байсан. Ингээд удалгүй гар утсыг гаргаж ирсэн... Өглөө гэрт нь ороход айлын эмэгтэй унтаж байхаар нь ширээний доор цэнэглээд тавьсан гар утсыг нь аваад гарсан. Миний буруу, уучлаарай гэж байсан” гэж мэдүүлсэн гэрч С.Хишигдоржийн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Б.Б нь зөвшөөрөлгүйгээр бусдын гэрт нэвтэрч, улмаар гэрийн эзнийг унтаж байгааг далимдуулан эд зүйлийг нь хулгайлсан нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ “Б.Б нь архи уух зорилгоор гэрт ороод, гарахдаа гар утас авсан нь эрх зүйн онолоор гэнэт үүссэн санаа байх боломжтой” гэж тайлбарласан нь гэрч Б.Батбямбын дээрх мэдүүлэг болон хохирогч Г.Гийн “...Уг хаяг дээр би нөхөр Батбямба болон гурван хүүхдийн хамт амьдардаг. Ажлын цагаар өөрийн эцэг Гантулгаар хүүхдүүдээ харуулдаг юм... Өглөө нөхөр ажилдаа яваад би хүүхдүүдийн хамт унтаад үлдсэн...” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдохгүй, харин шүүгдэгч Б.Б нь гэрийн эзнийг ажилдаа гарч явсны дараа уг гэрт зөвшөөрөлгүйгээр орсныг харуулж байна. Энэ талаар анхан шатны шүүх “шүүгдэгч Б.Быг бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхтэй этгээд гэж үзэхгүй” гэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Б.Б, өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарын тайлбарыг үндэслэн шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг нь харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэн хорих ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэн оногдуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” ойлголт нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг буюу хохирол, тухайн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэр хэмжээг хүлээн зөвшөөрөх агуулгыг бүхэлд нь хамааруулан ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нар нь давж заалдах гомдолдоо нэгэнт хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж хэргийн нотлогдсон байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан ял шийтгэлийг зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр давж заалдах шатны шүүх хуралдаанаас хүндрүүлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Быг 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б-н Быг хоёр жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЮУНЧУЛУУН

                                 ШҮҮГЧИД                                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                Ц.ОЧ