Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 441

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 05-25 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ63112704, Хөхөлдэйнхэн овогт Намсрайгийн Ванхүүгийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ванхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Н.Ванхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн, 54 настай. Би 1981-1983 онуудад Аймгийн номын худалдаанд ном картлагчаар, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Наранбулаг сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар тус тус ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч дээрх хоёр байгууллагад ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа, мөн миний хөдөлмөрийн дэвтрийг анх нээхдээ нэрийг минь Ванкуу гэж буруу бичсэн учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1981 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Аймгийн номын худалдаанд ном картлагчаар, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Наранбулаг сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан сургуулийн үйлчлэгч Сөмбөөгийн Жавзан, номын худалдааны нягтлан бодогч Надмидын Долгорсүрэн нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Н.Ванхүү нь 1981 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Аймгийн номын худалдаанд ном картлагчаар, Увс аймгийн Наранбулаг сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Намсрайгийн Ванхүүгийн 1987 оны 10 дугаар сараас 1993 оныг 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

           Түүнчлэн Увс аймгийн Соёлын хэлтсээс олгосон 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Овог-Намсрай, нэр-Ванкуу, төрсөн он-1963, 1981 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Аймгийн номын худалдаанд картлагчаар авч ажиллуулав, 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Номын худалдааны картлагчийн ажлаас сургуульд явах болсон тул чөлөөлөв, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр багш нарыг бэлтгэх курс төгсөж ирсэн тул орос хэлний багшаар авч ажиллуулав, 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр орос хэлний багшийн ажлаас чөлөөлөв гэжээ.

         Наранбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн багш нарын 1989 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлд: Ванхүүгийн цалинг 10 хувиар хорогдуулахаар шийдвэрлэв гэжээ.

          Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Долгорсүрэн, С.Жавзан нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Н.Долгорсүрэн Миний бие 1979 оноос Увс аймгийн Хотын худалдааны трестэд нягтлан бодогчоор 1997 он хүртэл ажиллаж байсан. 1981 онд Хотын худалдааны трестийн харьяа номын худалдааны дэлгүүрт 3 хүүхэд /ном акталж ялгагч, худалдагч/ ажилд орсны нэг нь Н.Ванхүү бюм. Н.Ванхүү норм картлагчаар ажиллаж байсан бөгөөд удалгүй 1983 онд өөр байгууллагад ажиллахаар болсон учраас ажлаас чөлөөлөгдсөж байсан. Н.Ванхүү манай байгууллагад ажиллах хугацаандаа 3 сарын орос хэлний курс төгссөн шиг санагдаж байна. Миний бие худалдааны дэлгүүрт тооллого хийдэг байсан учраас Н.Ванхүүг сайн таньж мэддэг юм. Тухайн үед Увс аймгийн Хотын худалдааны трестийн даргаар н.Гэндэнжав, номын худалдааны дэлгүүрийн даргаар Б.Нацагдорж гэх хүмүүс ажиллаж байсан юмгэж, гэрч С.Жавзан Миний бие 1976 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын 8 жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Н.Ванхүү нь 1983 оноос манай сургуульд орос хэлний багшаар 1993 оныг дуустал ажилласан бөгөөд манай сургууль орос хэлний 3 багштай байсны нэг нь Н.Ванхүү юм. Н.Ванхүү 1984 онд аймгийн Орос хэлний олимпиадад түрүүлж байсныг би санаж байна. Би түүнийг нэг байгууллагад 10 гаруй жил хамт ажиллаж байсны хувьд сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед Наранбулаг сумын 8 жилийн сургуулийн захирлаар Г.Ринзаан гэх хүн ажиллаж байсан юм гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Увс аймгийн Соёлын хэлтсээс 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт Н.Ванхүүгийн нэрийг Ванкуу хэмээн зөрүүтэй бичсэн боловч нэхэмжлэгчийн овог, төрсөн он нь таарч байх тул түүнийх гэж үзэх нь зүйтэй.

         Хэдийгээр Н.Ванхүүгийн 1981-1986 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байх боловч нэхэмжлэгч нь 1981 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Аймгийн номын худалдаанд ном картлагчаар, Увс аймгийн Наранбулаг сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Соёлын хэлтсээс 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Наранбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн багш нарын 1989 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл, гэрч Н.Долгорсүрэн, С.Жавзан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

         Иймд нэхэмжлэгч Н.Ванхүүгийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Аймгийн номын худалдаанд ном картлагчаар 2 жил 5 сар 20 хоног, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар 9 жил 9 сар 16 хоног, нийт 12 жил 3 сар 6 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хөхөлдэйнхэн овогт Намсрайгийн Ванхүүгийн 1981 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Аймгийн номын худалдаанд ном картлагчаар 2 /хоёр/ жил 5 /тав/ сар 20 /хорь/ хоног, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар 9 /ес/ жил 9 /ес/ сар 16 /арван зургаа/ хоног, нийт 12 /арван хоёр/ жил 3 /гурав/ сар 6 /зургаа/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Ванхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ