Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00147

 

О.Б.ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00347 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 693 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: О.Б.

          Хариуцагч: Б.Б.

         12,667,820 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Б.Ундрахын итгэснээр хянан хэлэлцэв

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ж.Наранмандах, нарийн бичгийн даргад А.Энхжаргал нар оролцов.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлдээ: Б.Б. 2012-12-05 мөн 15-ны өдөр тус бүр 5.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөг авсан. Энэ талаар тэмдэглэлийн дэвтэрт баримт үйлдсэн. 2018-05-р сард Б.Б. 5.000.000 төгрөгийг төлж,үлдэх 5.000.000 төгрөгийг өгөөгүй. 2013-01-01-ний өдрийн байдлаар 1 ам доллар 1.392,10 төгрөг, 2017-10-17-ны өдрийн байдлаар 1 ам доллар 2.460,48 төгрөг болж өөрчлөгдсөн. 10.000.000 төгрөгөөс тооцоход ханшны зөрүүнээс үүссэн мөнгөн төлбөр 7.667.820 төгрөг байна. Тодруулбал, 10сая төгрөг /1.392 төгрөг= 7.183 ам доллар,10сая төгрөг/2.460 төгрөг=4.065 ам доллар,7183-4065 ам доллар=3118 ам доллар., 3.118 ам доллар*2.460 ам доллар=7.670.280 төгрөг байна. 7.670.280 төгрөг гарч байгаа ч 7.667.820 төгрөгөөр нэхэмжилнэ.Иймд 5.000.000 төгрөг, мөнгөн төлбөрийн ханшны өөрчлөлтийн зөрүү 7.667.820 төгрөг, нийт 12.667.820 төгрөгийг Б.Б.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Б.Б. хариу тайлбартаа: 2012-12-05-ны мөн 15-ны өдрүүдэд тус бүр 5сая нийт 10сая төгрөг авсанд маргахгүй байгаа. Мөнгө авсан талаар бичсэн тэмдэглэлийн дэвтэр бол Х.Сайнхүүгийн дэвтэр. Өөрийн авсан 10сая төгрөгийг Х.Сайнхүүд Хаан банкных нь дансаар 2014 онд шилжүүлсэн. Х.Сайнхүү нь О.Б.ид өгсөн гэдэг. Х.Сайнхүү нь О.Б.ид өртэй. Авсан мөнгөө буцааж төлөхдөө илүү мөнгө төлсөн байгаа. Төгрөгөөр авсан байхад ам долларын ханшны зөрүү яриад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 101/ШШ2019/00347 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 218 дугаар зүйлийн 218.1-т заасныг баримтлан Б.Б.гаас 5.000.000 төгрөг гаргуулан О.Б.ид олгож, нэхэмжлэлээс 7.667.820 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар О.Б. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218.000 төгрөгөөс илүү төлсөн 365 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон,  217.635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 693 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00347 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...281 дүгээр зүйлийн 281.1, 218 дугаар зүйлийн 218.1...” гэснийг “...492 дугаар зүйлийн 492.1.1..” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

    Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд маргааны зүйлийн үндэслэл болсон мөнгөний ханшын өөрчлөлттэй холбоотой 7.667.820 төгрөгийн шаардлагыг нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн. Шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан хариуцагчийн 16 удаагийн, нэхэмжлэгчийн 2 удаагийн харилцан илгээсэн цахим захидлуудыг, /хх 140-142х/ Тухайн шаардах эрх үүссэн цаг, үед холбогдох мөнгөний өссөн, буурсан ханшыг тооцох хэрэглэгдэхүүн болох Монгол банкны валютын ханшны тодорхойлолтыг, /хх10-11, 140-141 х/ Иргэний хуулийн  8.1.6.үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой гэрээний бус үүргийн харилцаа нь хуульд заасан бүрэлдэхүүн биелсэн тохиолдолд үүсч байгаа ба Иргэний хуулийн 487-514 дүгээр зүйлд эрх зүйн үр дагаврыг болон буцаан шаардах шаардлагыг тусгасан, мөн хуулийн 9 дүгээр зүйлээр эрх зүйн хамгаалалт хийж өгсөн ба эдгээрийг эрүүгийн хэргийн журмаар үүссэн үүргийн харилцааг тогтоосон Прокурорын тогтоол /хх 5-6х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримт /хх5-6х, хх10-13х, хх140-142х, хх155-157х/-уудыг “хэрэгт авагдаагүй байх тул” гэж илт үгүйсгэж нэхэмжлэлийн энэ хэсгийн үндэслэл болж буй эдгээр нотлох баримт хуульд тавигдсан шаардлагыг хангаж байгаа эсэх, эсхүл үгүйсгэгдэж байгаа эсэх, хэргийн үйл баримтыг шууд нотолж байгаа эсэх зэрэг асуудлуудын талаар шүүхээс үндэслэл бүхий хууль ёсны дүгнэлт хийгээгүй мөртлөө Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “баримт /хх5-6х, хх10-13х, хх140-142х, хх155-157х/-аар нотлоогүй тул мөнгөний ханшын өөрчлөлттэй холбоотой 7.667 820 төгрөгийн шаардлагыг хангах боломжгүй” гэж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.Дээрх дурдсан нотлох баримтуудыг хэрэгт авагдаагүй гэсэн мөртлөө эдгээр нотлох баримтуудаар тогтоогдож буй бодит үндэслэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт : “ ... 2019.01.24-ний өдөр үзлэг хийсэн баримтаар тогтоогдсон ...захидлуудад хариуцагч энэ талаар маргахгүй байгаа”, давах шатны хурлын тэмдэглэлд: " Хариуцагч цахим захианд үзлэг хийсэн баримтад маргахгүй байгаа” /хх 190х-ын ар тал/ гэж завсрын үнэлгээ зөв хийж, хэргийн бодит нөхцөл байдал хуулийн ямар зүйл заалтанд хэрхэн тодорхойлогдож, зохицуулагдаж байгаад тайлбар гаргасныг шүүхээс үгүйсгээгүй учраас хэргийн байдлыг эдгээр хуулиар дэмжсэн гэж үзэж байна Энэ нь:Хүсэл зоригийг үг, үйлдлээр илэрхийлэхээс гадна идэвхгүй байр сууриар илэрхийлэх боломжтой учир Иргэний хуулийн 41.2-т заасан эс үйлдэхүй гэдэгт дуугүй байснаар хүлээн зөвшөөрөх зэргээр тодорхой үйлдэл хийхгүй, хийхээс татгалзахыг хамааруулан ойлгох тул нэхэмжлэгч Х.Байдолда миний Б.Б.д илгээсэн эцсийн удаагийн 2018.07.21-ний өдрийн мессежэд хариуцагч Б.Б. ердийн боломжит хугацаанд хариу өгөөгүй бөгөөд дуугүй байснаар миний энэхүү саналыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэх хуулийн үндэслэлтэй байна.Мөн хуулийн 43.1.3-т заасан “ердийн боломжит хугацаа” гэдгийг хариу өгөх хугацааны талаар талууд харилцан тохиролцоогүй үед хэрэглэх ба хариу өгөх тухайн хэлбэрт шаардлагатай зохимжит хугацааг ойлгоно.Мөн хуулийн 42.9-д заасан “саналд хариу өгөхгүй байх" гэснийг зөвхөн хуульд заасан эсхүл хугацаа тогтоож 2018 02.01-ний өдрөөр тасалбар болгож энэ өдөрт холбогдох өнгөрсөн 5 жилийн мөнгөний ханшны өөрчлөлтийн өссөн зөрүү 7.667.000 төгрөг нэмж төлөхөөр болсноо талууд харилцан тохиролцсон гэж үзэж байгаа энэ тохиолдлыг “дуугүй байх нь хүлээн зөвшөөрсний илэрхийлэл" гэх зарчимд хамааруулан үзнэ гэсэн Монгол Улсын Дээд Шүүхийн 2016.06.12-ны өдрийн 17 дугаар тогтоолд тайлбарлаж хуулийг нэг мөр ойлгох, хэрэглэх талаарх шаардлагыг бүрэн хангаж байна. /хх171х/.Мөн Б.Б. ердийн боломжит хугацаанд хариу тайлбар өгөөгүй учраас 2018.07.21-ний. 2018.08.10 өдрүүдэд хариуцагч Б.Б.д мессежээр илгээсэн бүгд 12.667.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож байна.Б.Б. 10.0 сая төгрөгийг залилж авснаас хойш өдгөө 6 жил 3-н сарын хугацаа өнгөрсний дараа 10,0 сая төгрөгийн ханш 70%-иар буурсан буюу 3.0 сая төгрөгийн ханштай эн тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл мөнгөний ханшны үзүүлэлт 2013 онд 1392 /100%/ төгрөг байснаа, 2017 онд 2460 /177%/ төгрөгөөр өссөн ба шаардах эрх үүссэн үед 1068 /77%/ төгрөг /2460-1392/-өөр буурсан алдагдал буюу хохирол, хор уршиг үүссэн байна Жишээ нь одоогоос 6 жил 3-н сарын өмнө 10.0 сая төгрөгөөр авах машиныг өдгөө 70%-ийн өссөн ханштай буюу нэмж 7.0 сая төгрөг гаргаж 17.0 сая төгрөгөөр авахаар өөрөөр хэлбэл 7.0 сая төгрөгийн хохирол үүсгэж, хор уршигт хүргэсэн ур дагавар байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлээр эрх зүйн хамгаалалт хийж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д ... нөхөн төлбөрт авах бух зүйл буюу буцаан шаардах шаардлагын зүйлст хамруулж зохицуулсан байна.Магадлалын тогтоох хэсэгт. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ 281 дүгээр зүйлийн 281.1, ... гэснийг “ 492 дугаар зүйлийн 492.1.1 ” гэж өөрчилж бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авснаас... үүсэх үүрэг хэмээн хуулийг зөв хэрэглэж Б.Б.гийн залилсан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5.000.000 төгрөгийг анхан болон давах шатны шүүхээс буцааж олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрч байна.Гэтэл энэ хэсэгт хамруулсан 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан байх тул энэ заалтыг үндэслэж: Анхан шатны шүүхээс 7.667.820 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, Мөн давах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалт буюу мөнгөний ханшны зөрүүнээс үүссэн мөнгөн төлбөр 7.667.820 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн ямар хэсэг, зүйл, заалтыг баримталж байгааг оновчтой зөв заагаагүй байх тул материаллаг эрх зүйн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа ба 7.667.820 төгрөгийг буцаан шаардах шаардлагын зүйлст хамааруулахгүй буюу гаргуулахгүй байх хууль эрх зүйн үндэслэл биш бөгөөд харин эсрэгээр энэхүү мөнгөн төлбөрийг нөхөн төлөх буюу буцаан шаардаж гаргуулах тухай хуулийн заалт байна.Харин нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан, зарим шаардлагыг хангаагүй буюу хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэл өөр байгаа энэ тохиолдолд шийдлийг өөр заалтанд тусгах журмыг зөрчиж “ Хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 218 дугаар зүйлийн 218 1” гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх нэг заалтад хамруулсан нь оновчтой зөв, ялгамжтай заагаагүй, салаа утгатай, ойлгомжгүй заасан учраас хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.Мөн Иргэний хуулийн 51 дүгээр бүлгийн 3 дугаар дэд бүлэгт: Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан тохиолдолд тухайн этгээдэд хуулийн дагуу уусэх уургийн хариуцлагыг тодорхойлсны дагуу мөн хуулийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлс нь өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө,... нөхөн төлбөрт авах бух зүйл /мөнгөний ханшны зөрүүнээс үүссэн мөнгөн төлбөр/ хамаарна. гэж, 493.9-д Буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл /анз/ хамаарахгүй ба харин мөнгөний ханшны зөрүүнээс үүссэн мөнгөн төлбөр нь анз биш учраас буцаан шаардах шаардлагыг хориглоогүй буюу тус шаардлагад хамаарах зүйлсэд оруулахыг үгүйсгээгүй өөрөөр хэлбэл харилцан хамаарал бүхий нэг нь нэгнийгээ нөхцөлдүүлж, дэмжиж байгаа эдгээр 493.1, 493.9 дэх хэсгийн зохицуулалтууд 7.667.820 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд хуулийн үйлчлэл үзүүлж байна.Тэгээд ч хариуцагчаас Х.Байдолда мессеж бичээд баталгаажуулсан. / хх171х/ , Ханшны талаар хэлэхэд ямарч үндэслэлгүй тооцоолол байна /хх 171х, Доллороор яригдаж байгаа асуудал биш төгрөгөөр яригдаж байгаа. /хх171хУ ” гэж мөнгөний ханшны зөрүүнээс үүссэн мөнгөн төлбөр 7.667.820 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн гэхээр байна. Гэтэл нөгөө талаар мөнгөний ханшны зөрүүнээс үүссэн мөнгөн төлбөр 7.667.820 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг чухам яагаад, энэ төлбөрийг төлөхгүй байх татгалзлаа батлаж шүүхэд нотлох баримтаа гаргаж өгч , хууль ёсны үндэслэлтэй тайлбараа хийж, түүний эх сурвалжийг зааж, түүгээр үгүйсгэж чадаагүй зөвхөн “ Энэ хүмүүсийн хооронд Х.Байдолда гүйж тал талаас ашиг олох зорилгоор ийм асуудал үүсгээд явж магадгүй гэж таамгалж байгаа. /хх168х/, Үзлэг хийсэн мессежүүд анхнаасаа мөнгө өг гэж шаардаж, төөрөгдүүлсэн нь тогтоогдож байна./хх169х/ , Б Б.г шүүхэд өгч сэтгэл санаагаар унагаж, айлган сүрдүүлж хэлцэл хийсэн гэж харагдаж байна. /хх172х/ “ гэх зэрэг маргааны зүйлээс хальсан, ач холбогдолгүй, хэрүүлийн шинжтэй тайлбар нь хэргийн нөхцөл байдлыг тогтоох, эсхүл үгүйсгэх чадваргүй байх тул гаргасан тайлбараа нотолгооны хэрэгслээр нотолж чадаагүй тохиолдолд дан ганц хийсэн тайлбар нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй гэсэн хууль зүйн баримтлалыг шүүхээс анхаарч үзээгүй орхигдуулсан нь ИХШХТХШ-н 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 25.2.2.-Т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.Нэхэмжлэгчээс шүүхэд зүгээр нэг баримт гаргаж өгөхийн тулд гаргаж өгч байгаа биш харин мөнгөний ханшны зөрүүнээс үүссэн мөнгөн төлбөрийн шаардлагын үндэслэлийг нотлох, өөрийн ашиг сонирхолд нийцсэн баримт /хх5-6х, хх10-13х, хх140-142х, хх155-157х/-уудыг шүүхэд гаргаж өгсөн.Өөрөөр хэлбэл, нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлж байгаа.Энэ үүднээс авч үзвэл шүүхэд гаргаж өгсөн баримт / хх5-6х, хх10-13х, хх140-142х, хх155-157х/-уудыг хавтаст хэрэгт огт авагдаагүй мэтээр үгүйсгэж, үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгосон нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдсөн, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдсан ноцтой үр дагаварт хүргэсэн гэж үзэж байна Иймд: Шүүхээс Иргэний хуулийн 8.1.6,41.2,43.1.3,42.9-р хэсгүүдийг үгүйсгээгүй          буюу дэмжсэн боловч 9-р зүйлийг хэрэглэвэл  зохих хэдий ч хэрэглээгүй, 487-514 дүгээр зүйлээс тухайлбал: 509.3, 493.1, 493.9 зүйл, хэсгүүдийг хэрэглэвэл зохих хэдий ч хэрэглээгүй,ИХШХШТХ-н25.2.2, 38.1,72.3,  хэрэглээгүй. Харин давах шатны шүүхийн хурлын тэмдэглэлд:         7.667.000 төгрөг төлөх дээр маргасан." гэж шүүхээс зөв дүгнэсэн хэдий ч /хх190х-ын ар тал/,Маргаан нь үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой харилцаанаас үүссэн боловч маргааны зүйл маань зөвхөн мөнгөний ханшны зөрүүнээс үүссэн мөнгөн төлбөр, түүнийг буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлс зэргийг шүүх талуудын тайлбараас маргааны зүйлд хамаарах эсэхийг тогтоож, мэтгэлцээнийг зөв голдирлоор явуулахад чиглүүлэх үүргээ гүйцэтгэж, маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй учраас Иргэний хуулийн 218.1 хэсэг нь хэрэглэвэл зохих гол заалт хэдий ч энэхүү материаллаг эрх зүйн зохицуулалтыг үндэслэлгүй буюу буруу тайлбарлаж өөрөөр хэлбэл жинхэнэ зохицуулалтаас нь өөр утгаар хэрэглэсэн зэрэг шүүх хууль хэрэглээний алдаа гаргаж ИХШХШТХ-н 172.2.1 хэсгийг зөрчсөн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй гэж үзэж байгаа учраас шийдвэр, магадлалыг хүчингүй болгож,  анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      О.Б.ийн төлөөлөгч 2018-10-22-ны өдөр шүүхэд хандаж, Б.Б.гаас нийт 12,667,820 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үндэслэлээ “...2012 оны 12 сард нийт 10 сая  төгрөг өгсөн боловч 5 сая төгрөгийг буцааж аваагүй...иймд уг мөнгийг ханшны өөрчлөлтийн зөрүү 7,667,820 төгрөгийн хамт шаардаж байна...” гэжээ. 

     Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...мөнгийг Х.Сайнхүүд шилжүүлж өгсөн тул тэр төлөх ёстой.... мөнгийг ам.доллараар аваагүй тул ханшны өөрчлөлт гээд байгааг ойлгохгүй байна...” гэж маргасан байна. 

     Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хариуцагчаас 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, 7,667,820 төгрөгийг  хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

     Давж заалдах шатны шүүх хариуцагч нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн гэсэн үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.    

     Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

     1/. 5,000,000 төгрөгийн шаардлагын талаар

     Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018-05-10-ны өдрийн 358 дугаар тогтоол болон зохигчийн тайлбараас үзвэл   Б.Б. нь О.Б.оос нийт 10,000,000 төгрөг хүлээн авсан нь тогтоогджээ.

    О.Б.ийг Х.Байдолда төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “..10,000,000 төгрөгийг залилан авсан..” гэсэн үндэслэл заасан байх ба Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018-05-10-ны өдрийн 358 дугаар тогтоолоор хариуцагчид холбогдох эрүүгийн хэргийг “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан..” гэсэн үндэслэлээр хаасан байна.

     Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

     Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчаас 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.

     О.Б.ид 5,000,000 төгрөг олгох тухай шийдвэр, магадлалд Б.Б. гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс зохигчийн хоорондын энэ тооцооны талаар дүгнэлт хийгээгүй болно. 

     2/. 7,667,820 төгрөгийн шаардлагын талаар

    Хэрэгт хариуцагчийн оршин суудаг хаягийн талаарх мэдээллийг агуулсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2018-08-29-ний өдрийн 30И/4326 дугаар албан бичиг болон 2018-08-24-ний өдрийн /хх3,4,152-153/ лавлагаа, “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018-05-10-ны өдрийн 358 дугаар тогтоол /хх5-6/,Б.Б.гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх7/, мөнгө авсан өгсөн тухай баримт /хх 8,9/, хариуцагчийн хаягийг тодруулах тухай шүүхийн захирамж болон шийдвэр /хх 15-19/., тэмдэглэлийн дэвтэр /хх 20-112/, ам.долларын ханшийн талаархи цахим мэдээлэл/хх10,11,140-142/,гар утас үзлэг хийсэн тэмдэглэл /хх 155-159/ авагдсан байх бөгөөд эдгээр баримтыг шүүх хэлэлцэж шийдвэрээ гаргажээ.

   Нэхэмжлэгч нь Б.Б.д 10,000,000 төгрөгийг ам.доллараар бус, харин үндэсний мөнгөн тэмдэгт буюу төгрөгөөр өгсөн, энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй тул  ам.долларын ханшийн талаархи цахим мэдээллүүд нь 7,667,820 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж чадахгүй байна.

    Түүнчлэн, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д заасан зохицуулалтын “мөнгөний ханш өссөн, буурсан” гэх ойлголт нь монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй юм.   

    Х.Байдолда нэхэмжлэгчийн өмнөөс Б.Б.д илгээж байсан хоёр цахим захидал /мессеж/ нь хэлцэл хийх бус, харин хохиролд мөнгө шаардсан агуулгатай байх тул шүүх хэлцэл хийх, хүсэл зоригийг тайлбарлах зэрэг Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдол нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нөхцөл болохгүй байна.   

   3/. Шаардлага болон татгалзлаа нотлох үүргийг хэргийн оролцогч хүлээнэ. Иймд шүүх талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлийн зохицуулалтад нийцжээ. 

   Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт буй баримтын хэмжээнд Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж магадлалыг хэвээр үлдээв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 693 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Байдолдагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 137,635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ