Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 181/2018/02286/И |
Дугаар | 001/ХТ2020/00173 |
Огноо | 2020-04-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2020/00173
Р.Д-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00609 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 746 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Р.Д-
Хариуцагч: Э.Б-
Хариуцагч: Д.Ш-
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Г.С-
Үндсэн нэхэмжлэл: 2017-10-06-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ..-р хороо, .. дүгээр байрны .. тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох
Д.Ш-ийн сөрөг нэхэмжлэл: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн .. хороо, .. дүгээр байрны .. тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох,хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд, Н.Буянжаргал, хариуцагч нарын өмгөөлөгч С.Цацралтуяа, гуравдагч этгээд болон хариуцагч нарын төлөөлөгч Б.Азжаргал, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2017-07-р сард Г.Уянгаас Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ..-р хороо, .. дүгээр байрны .. тоот орон сууцыг 250 сая төгрөгөөр худалдаж авсан. Гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд төлбөрийг хамаарал бүхий .. Пүри ХХК-иас авсан мөнгөөр бэлнээр А.Б, Г.У нарт төлсөн. Байрандаа бүрэн засвар хийж орсны дараа 2017 оны намар хүү С.М нь мөнгөний хэрэг болоод байна, байрыг чинь барьцаанд тавиад А.Б-с 60 сая төгрөг зээлж авмаар байна гээд нотариатаар батлуулж, байраа барьцаалсан. Хүү С.М-г А.Б-с мөнгө зээлж байна гэж бодсон болохоос Э.Б-аас мөнгө зээлсэнг мэдээгүй. 2018 оны хавар хүү С.М “...авсан мөнгөө төлсөн, хүүгээ төлөөгүй байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг удахгүй авч өгнө..” гэж хэлж байсан ч удалгүй танихгүй хүмүүс ирж “...байрнаасаа гар, миний байр..” гээд гэрчилгээ үзүүлж байрнаас хөөсөн. Мөнгө зээлэхдээ А.Б-н шаардлагаар өмчлөлийг Э.Б-ад шилжүүлсэн байсан бөгөөд ингэхдээ 20 сая төгрөгийн үнийн дүнтэй худалдах-худалдан авах гэрээг хийсэн. Үнэн чанартаа зээлийн барьцааны гэрээ байгуулах ёстой байсан тул Э.Б-тай хийсэн худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд уг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Р.Д-ын орон сууцны өмчлөх эрхийг сэргээж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг бол зөвшөөрөхгүй. Орон сууцыг худалдаж авсан төлбөрөө төлж чадаагүй улмаас буцаагаад шилжүүлсэн гэдэг нь худал бөгөөд хариуцагчийн зүгээс үнэн бодит байдлыг төөрөгдүүлж нэхэмжлэл гаргаж байна. Тухайн байрыг Г.С-ос худалдах-худалдан авах гэрээ байгуулж төлбөрийг бэлнээр төлж барагдуулсан бөгөөд Г.У гэж хүнийг танихгүй. Миний зөвшөөрөлгүйгээр 2018-07 сард Э.Б- орон сууцыг бусдад шилжүүлж, хэлцэлээр тохирсон үүргээ зөрчсөн. Энэхүү нөхцөл байдлыг 2018-08 сард мэдэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Байрны төлбөрийг төлж барагдуулаагүй бол ингэж удаан хугацаагаар амьдрахгүй байсан бөгөөд өмчлөгчийн зүгээс тухайн үедээ шууд гарахыг шаардах байсан. Д.Ш-ийг огт танихгүй, ямар учраас байрны өмчлөгч болсон нь тодорхойгүй. Д.Ш- шударга өмчлөгч мөн бол тухайн үед худалдан авахдаа үзэж, хүн байдаг эсэхийг харах боломжтой байсан гэжээ.
Хариуцагч Э.Б- тайлбартаа: Нэхэмжлэгчтэй ямар нэгэн зээлийн асуудал огт байхгүй. Р.Д- нь миний үеэл ах А.Б-н эхнэр Г.У-с байрыг өөрийн нэр рүү шилжүүлэн авч байсан. Г.У нь төрсөн дүү Г.С-ос итгэмжлэлийн дагуу 2017-06-02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед хоёр тал танилууд байсан учраас итгээд нэр дээр нь шууд шилжүүлэн өгч байсан боловч Р.Д- нэг ч төгрөг төлөхгүй байсан учраас 2017-10-06-ны өдөр дахин Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу буцаахдаа Э.Б-ын нэр дээр шилжүүлсэн. Үүний дараа ах Д.Ш- руу бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн. Энэ байр анхнаасаа Э.Б-ын өмчлөлд байсан бөгөөд хуулийн дагуу гэрээ хийж шилжүүлэн авсан. Р.Д-ын хүү С.Мягмарсүрэн болон түүний эхнэр нь энэ байранд амьдарч байсан. Д.Ш- байр суллаж өг гэж 2018-08-15-нд очиж, маргааш нь нэхэмжлэгчийн бэр У.Ууганцэцэгээр байр суллаж өгөх тухай баталгаа бичүүлж авсан. Байрыг хугацаандаа суллаж өгөөгүй. Бид хүлээцтэй хандаж, байрыг суллаж өгөх байх гэсэн бодолтой явж байсан боловч үнэнийг гуйвуулж нэхэмжлэл гаргасанд харамсаж байна. Нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Д.Ш- тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Д.Ш- тухайн байрыг Э.Б-аас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Энэ нь Г.С-той өр авлагын асуудал байсан учир түүндээ тооцож, Д.Ш-т шилжүүлэх зөвшөөрлийг Г.С- олгосон. Р.Д- маргаан бүхий байранд амьдарч байгаагүй, түүний хүү С.М нь амьдардаг байсан бөгөөд байрыг суллаж өгнө гэж хэлдэг байсан. Зээл авсан, төлсөн баримт юу ч байхгүй, мөнгийг өгсөн гэх тайлбараа баримтаар нотлохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд, Д.Ш- болон Э.Б- нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа, хууль ёсны өмчлөгч нь Д.Ш- тул орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд Д.Ш-ийг хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, Р.Д-ын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.С- тайлбартаа: Өөрийн өмчлөлийн орон сууцыг Г.У-р дамжуулан худалдах-худалдан авах гэрээг Р.Д-той байгуулсан. Мөнгөө төлөөгүй үндэслэлээр буцаан авсан бөгөөд ингэхдээ Э.Б- руу шилжүүлж авахыг өөрөө зөвшөөрч, дараа нь Д.Ш- руу шилжүүлүүлсэн гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 181/ШШ2019/00609 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул Э.Б-, Д.Ш- нарт холбогдох Р.Д-, Э.Б- нарын хооронд 2017-10-06-ны өдрийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлээс Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, Баруун сэлбэ гудамжны .. дүгээр байр, .. тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Д-ын хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, Баруун Сэлбэ гудамжны .. дүгээр байр, .. тоотод байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж, сөрөг нэхэмжлэлээс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 257,950 төгрөг, Д.Ш-оос төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж Д.Ш-т олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 746 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00609 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2..” гэсний дараа “...56.5..” гэж нэмж, “..тогтоож..” гэдгийг “...тогтоолгох..”, “...нэхэмжлэлийн шаардлагыг..” гэснийг “...нэхэмжлэлийг..” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дах заалтад “...95 дугаар зүйлийн 95.1...” гэсний дараа “...106 дугаар зүйлийн 106.1..” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ЧД ..-р хороо, .. байрны .. тоотод 3 өрөө байрыг 2017-06-02-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж 250сая төгрөгөөр худалдан авч тухайн төлбөрийг бэлнээр нь хүлээлгэн өгсөн. Улмаар энэхүү байрандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Хувийн бизнесийн санхүүгийн шаардлага гарсан тул мөнгө зээлэх хэрэгцээ шаардлага гаран 1 жилийн хугацаатай сарын 5% хувийн хүүтэй 60сая төгрөг зээлэхээр тохиролцож Э.Б-ын ах Б-с мөнгийг бэлнээр хүлээн авсан. Улмаар 2017-10-06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу 20 сая төгрөгөөр байгуулж хэлэлцэн тохирсон зээлийн гэрээний баталгаа болгож энэхүү байрыг хариуцагчийн нэр руу шилжүүлсэн. Харилцан тохирсон зээлийн эргэн төлөлтийг 2018-10-08-ны өдөр бүгдийг буцаан төлж барагдуулах ёстой байсан бөгөөд энэхүү хугацаанд зээлийн гэрээн үндсэн төлбөрийг төлж зөвхөн хүүгийн үлдэгдэл байсан.Шүүх баримтыг үнэлэхдээ зөвхөн хариуцагч талд ашигтай байдлаар үнэлэн хариуцагч талын гэрчийн мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэж нэхэмжлэгч нараас асуулгасан гэрчиин мэдүүлгийг огт авч хэлэлцэлгүй зээлийн гэрээний харилцаа байхгүй байна Иргэний хуулийн 282.4 зааснаар тогтоогдохгүй байна гэж баримтыг буруу үнэлсэн. Нэхэмжлэгч талуудын хооронд болсон бүх процессыг үнэн зөвөөр мэдүүлсэн болно. Зээлийн гэрээний үүргийг хангахаар барьцаалсан асуудал огт байхгүй болно. Учир нь тухайн байрны төлбөрийг нэхэмжлэгчийн хамаарал бүхий компаний данснаас тухайн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан өдөр их хэмжээний бэлэн мөнгө гарсан байдаг бөгөөд гэрээ байгуулдаг өдөр 150 сая төгрөг түүний дараачаас байрны гэрчилгээ гарсан өдөр 100 сая төгрөг тус тус аван бэлнээр аваачиж өгсөн гэдгийг нотлох 3 гэрч мэдүүлэг өгсөөр байтал 2017-06-02 өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж төлбөр төлсөн үйл баримт дээр шүүхийн зүгээс огт эрх зүйн дүгнэлт хийсэнгүй. Мөн хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчээс авсан мөнгийг гадаад харилцааны яамаар дамжуулан америкийн нэгдсэн улс руу Г.С- руу гуйвуулсан байдаг. Тухайн байрны төлбөрийг төлөөгүй тохиолдолд байранд супер засвар хийх, мөн буцаах тохиолдолд зөвхөн худалдаж авсан хүн рүү шилжүүлэх, шилжүүлэх тохиолдолд тухайн худалдаж авсан үнийн дүнгээр буцаах зэрэг логик уялдаа холбоог зэргийг анхаарсангүй. Үүнээс харвал анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтанд бодит бус дүгнэлт хийж байгаа нь хэргийн үнэнийг тогтооход ихээхэн эргэлзээтэй байдал үүсгэж бодит үнэнийг гуйвуулсан гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна. Энэхүү байр нь зах зээлийн ханшаар 250 сая төгрөгний үнэтэй бөгөөд байрны засвар зэргийг үзвэл 300 сая орчим үнэтэй эд хөрөнгийг хариуцагч Э.Б- нь зээлийн гэрээний баталгаа нэрийн доор нь шилжүүлэн авч нэхэмжлэгчийг хохироогоод байна. Мөн шүүх хуралд оролцсон хариуцагч Э.Б- нь хэргийн талаар мэдэхгүй байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ах л шилжүүлээд авчих гэсэн тайлбарыг өгч байсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү байрыг огт зарах сонирхолгүй зөвхөн зээлийн гэрээний баталгаа болгож бага үнийн дүнгээр худалдах худалдан авах гэрээ хийж Э.Б- руу шилжүүлж түүний ах болох А.Б-с мөнгө зээлсэн үйлдэл байдаг. Иймд дээрх хэргийн ээдрээ төвөгтэй нөхцөлийг харгалзан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт гүйцэт цуглараагүй байхад хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай тул анхан болон завж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шат руу буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Р.Д- 2018-08-24-ний өдөр Э.Б-, Д.Ш- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2017-10-06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж марган Чингэлтэй дүүрэг, ..-р хороо, .. дүгээр байр, .. тоот, 3 өрөө орон сууц /цаашид .. тоот орон сууц гэх/-ны өмчлөгчөөр тогтоолгохыг шаардсан байна.
Д.Ш- сөрөг нэхэмжлэл гаргаж, .. тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх /хх52/-г хүссэн байна.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, .. тоот орон сууцыг чөлөөлөхийг Р.Д-т даалгаж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Нэхэмжлэгч нь 2017-10-06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч нарт холбогдуулан гаргасан гэж шүүх үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Б.Д- гэрээ хүчин төгөлдөр бус гэж /хх 1-2/ маргасан боловч үндэслэлээ тайлбарлахдаа гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох агуулга бүхий нөхцөлийг зарим тохиолдолд илэрхийлсэн болохыг шүүх анхаарч үзээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 эсхүл 57-59 дүгээр зүйлд заасан аль үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгааг тодруулах нь зүйтэй юм.
2. .. тоот орон сууцыг Б.Д- Э.Б-ад худалдсан, Э.Б- Д.Ш-т бэлэглэсэн гэрээнүүд хэрэгт авагдсан байх боловч бодит байдал дээр Э.Б- мөнгө төлөөгүй буюу .. тоот орон сууцыг худалдаж аваагүй мөн орон сууцыг бэлэглээгүй буюу бусдын төлбөрт тооцож Д.Ш-ийн өмчлөлд шилжүүлсэн талаар зохигч нар мэдүүлжээ.
Д.Ш-т өмчлөх эрх шилжихээс өмнө Б.Д- орон сууцыг эзэмшиж байсан гэх бөгөөд Б.Д- Д.Ш-ийн эрхийг хэрхэн зөрчсөн буюу тэдгээрийн хооронд ямар харилцаа үүссэн талаар шүүх дүгнэлт хийгээгүй атлаа орон сууцтай холбоотой шаардлагыг нэхэмжлэгчид холбогдуулан Д.Ш- гаргах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцээгүй байна.
3. Б.Д- Г.С-ос орон сууцыг худалдаж авсан ч мөнгөө төлөөгүйгээс буцааж шилжүүлсэн гэж хариуцагч тал тайлбарлах боловч орон сууцыг хуучин өмчлөгчид бус, харин Э.Б-ад шилжүүлсэн, мөн А.Б-н төлөх төлбөрт тооцон Д.Ш-т өмчлүүлэх болсон гэх нөхцөл байдал нь Г.С-н эрхийг зөрчиж буй эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь дутагдалтай болжээ.
Түүнчлэн, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл нь С.М, А.Б нарын хооронд үүссэн асуудлын үр дагавар болсон гэж үзэхээр байгаа ч тэдгээрийн хооронд маргаан байгаа эсэх нь тодорхойгүй тул орон сууцыг Э.Б-ын өмчлөлд шилжүүлсэн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, хэргийн үйл баримт бодитой тогтоогдоогүйгээс шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх буюу шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, хоёр хариуцагчийн хэнд нь ямар шаардлагыг холбогдуулан гаргаж буйг тогтоосны эцэст нотлох баримтыг үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00609 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 746 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 257,950 төгрөгийг нэхэмжлэгчид захирамжаар буцааж олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ