| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 176/2018/0127/Э |
| Дугаар | 2018/ДШМ/90 |
| Огноо | 2018-11-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2018/ДШМ/90
| 2018 оны 11 сарын 28 өдөр | 2018/ДШМ/90 Зуунмод |
Д.А-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Х.Оюунцэцэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.А ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал,
нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 09 сарын 25 өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолтой Д.А-т холбогдох 1734002310057 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгч А.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдол болон Дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 сарын 15 өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Төв аймгийн Лүн суманд 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа .... ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн ...... оршин суух боловч бичиг баримтаар Төв аймгийн ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.А , /РД:Н......2/.
Шүүгдэгч Д.А нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг “Бойны цэг” гэх газар Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Зам хөдөлгөөний дүрмийн 2.1а, мөн дүрмийн 7.6 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Х.Алтай нь тээврийн хэрэгслээс унаж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 25 өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Д.А ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж бусдын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3 дах хэсэгт зааснаар Д.А ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.А ын жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг дурдаж,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид 8200000 төгрөг төлсөн, хохирогч Х.Алтай нь 3000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсаргаж тус тус шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор гаргасан эсэргүүцэлдээ: “ Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан хуулийн шаардлагыг хангаагүй шүүхээс шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2, 2.3-д зааснаар гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн" гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тогтоох хэсэгтээ тусгаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “ Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаангүй, шүүгдэгч Д.А нь өөрийн гэм буруугаа хүлээж, маш их харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Х.Алтайгийн эмчилгээ сайн хийгдэж, түүний биеийн байдал хэвийн түвшинд байгаа, миний үйлчлүүлэгч Д.А ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал" тогтоогдоогүй гэдгийг дурдах нь зүйтэй.
Иймд Д.А ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан гэмтлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, өөрийн гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, Эруугийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хун тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;" гэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" гэх заалтын дагуу Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.25-ны өдрийн №255 дугаартай Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Д.А-т оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Д.А гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн 27.10-2.2, 2.3 дахь зүйл ангиар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Миний хувьд үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг цаашид гарах эмчилгээний зардал болох 8.200.000.00 /наян саяг хоёр зуун мянган төгрөг/ төлсөн. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Авдарант хайрхан төрийн өмчит үйлдвэрийн газарт ахлах нягтлан бодогч ажил хийдэг. Эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж 3 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар өөрчлөн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ давж заалдах гомдолтой танилцаад гаргасан тайлбартаа: “ Давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Д.А-н болон өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцлаа. Хохирогч X. Алтай нь биедээ хүнд гэмтэл авснаас үнэрлэх, амтлах чадвараа алдсан, цаашид тогтмол сайн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Хохирогч Х.Алтай нь шүүгдэгч Д.А-т их гомдолтой, аль ч шатны шүүхэд оролцохгүй гэдгээ. Харин дээрх хэргийн давж заалдах шатны шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч намайг заавал биечлэн оролцож санал гомдол тайлбар гаргах боломжоор хангаж өгнө үү. Шүүгдэгч Арвинбаярын үйлдсэн хэрэгт шүүхээс оногдуулсан ял нь хохирогч Алтайгийн биеийн эрүүл мэндэд учруулсан хор холбогдолтой нь харьцуулахад хүнд ял бишээ. Шүүгдэгч Д.А-с гэм хор хохиролд 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч Алтайд олгохоор шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтэдээ: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Хэрэв шүүх хуулийн энэ заалтыг хэрэглэн шүүгдэгчийг тэнсвэл прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ гаргасан тайлбартаа: Хохирогч залуу хүн болохоор биеийн байдал эдгэрч, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа. Нийт 14.800.000 төгрөгний хохирол гарсан. Үүнээс 8.200.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан. Хохирогч шүүгдэгч хоёрыг эвлэрүүлэх гэж 63 хоног явсан боловч чадаагүй. Арвинбаяр 6 өмгөөлөгч аваад, хэнтэй нь уулзахаа мэдэхгүй болсон. Ял шийтгэлийн талаар хэлэх зүйл алга. Хор уршиг арилсан гэж үзэхгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал гаргасан тайлбартаа: Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Анхан шатны шүүх гэм хор арилаагүй гэж үзсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэж байгаа. Хувийн байдал, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тэнсэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.А гаргасан тайлбартаа: Санамсар болгоомжгүй байдлаасаа болж найзыгаа гэмтээсэндээ гэмшиж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Миний хувийн байдлыг харгалзан тэнсэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.А-т холбогдох хэргийг шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгч А.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Д.А нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг “Бойны цэг” гэх газар Ланд Круизер 80 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Зам хөдөлгөөний дүрмийн 2.1а-д ”тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх.” мөн дүрмийн 7.6-д “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчины байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Х.Алтай тээврийн хэрэгслээс унаж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь: Мөрдөн байцаалтад хохирогч Х.Алтайгийн /хх-ийн 10-12, 24-25 дугаар хуудас/ мэдүүлэг, гэрч С.Оюунчимэг /хх-ийн 16 дугаар хуудас/, О.Чулуун /хх-ийн 19-20 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд болон шинжээч Э.Дэлгэрхүү /хх-ийн 21 дүгээр хуудас/, Т.Чимэд-Очир /хх-ийн 107 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 526 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаартай дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр хуудас/, Техникийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 00000019 дугаартай дүгнэлт”/ хх-ийн 124-125 дугаар хуудас/, Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00000030 дугаартай дүгнэлт /хх-ийн 135-137 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 113-117 дугаар хуудас/, зам тээврийн осол дээрх тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 118-119 дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудас, хохирогч Х.Алтайгийн хохирлын баримтууд, өвчний түүх, /хх-ийн 32-33, 34-43, 95-106 дугаар хуудас/-ээр нотлогдсон гэсэн анхан шатны шүүх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Д.А-т холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгч Д.А-т оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Давж заалдах шатны шүүхэд дээд шатны прокурорын гаргасан “Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан хуулийн шаардлагыг хангаагүй шүүхээс шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2, 2.3-д зааснаар гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн" гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тогтоох хэсэгтээ тусгаагүй байх тул анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү" гэсэн эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгана гэж хуульчилсан. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон гэж шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт дүгнэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “1.Шүүгдэгч Д.А ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж бусдын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж шүүгдэгч Д.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаж чадахгүй байна.
Шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгчийн гаргасан 3 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүгдэгч Д.А ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч анхан шатны шүүх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “1.Шүүгдэгч Д.А ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгчийн гаргасан “анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ