Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 183/2018/02382/И |
Дугаар | 001/ХТ2020/00209 |
Огноо | 2020-05-08 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2020/00209
“...банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02557 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 719 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: “...банк” ХХК
Хариуцагч: Б.Б-
Хариуцагч: Д.М- нарт холбогдох
76,656,011 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, хариуцагч нарын төлөөлөгч Х.Гансүх, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Б.Б-, Д.М- нартай 2014-10-10-ны өдөр зээлдэгч нартай 14/02-79 тоот зээлийн гэрээ байгуулж, 30 сая төгрөгийг нэг жилийн 37.2%-н хүүтэй, 24 сар /2 жил/-н хугацаатай олгосон. 2015-3-19-ний өдөр 2107001113 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50 сая төгрөгийг нэг жилийн 33%-н хүүтэй, 36 сар /3 жил/-н хугацаатай олгосон. Б.Б-, Д.М- нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2015-11-19-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчил гаргасан. Зээлдэгч нарын хүсэлт, санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан хүү багатай, урт хугацаатай зээлийг дахин санхүүжилтийн хэлбэрээр олгож байсан. 2018-3-19-ний өдөр Б.Б-, Д.М- нартай байгуулсан 2107001113 дугаар зээлийн гэрээний хугацаа дууссан ба зээлийн гэрээний үүрэгт өнөөдрийн байдлаар үндсэн зээл 38,985,737 төгрөг, үндсэн хүү 34,471,936.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,203,577.13 төгрөг, нийт 76,656,011 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын төлөөлөгч тайлбартаа: ...банк ХХК нь Б.Б-, Д.М- нарт 2014-10-10-ны өдөр 30сая төгрөгийн зээл олгож, улмаар 2015-3-19-ний өдөр өмнөх 30сая төгрөгийн зээл хэвийн төлөлттэй, хугацаа хэтрээгүй, зээлийн үлдэгдэл төлөгдөөгүй, зээлдэгч өөрөө хүсэлт гаргаагүй байхад дуудан өмнөх зээл дээр нэмж хүү багатай 50сая төгрөгийн зээл авахыг санал болгож, зээлийн гэрээ байгуулсан ба энэ гэрээний үүрэгтэй холбоотой талуудын хооронд маргаан үүссэн байдаг. Зээлдэгч нарт 2015 онд нэмж 50сая төгрөг зээлж авах шаардлага байгаагүй, өмнөх зээл төлөгдөөгүй байхад банк хүү багатай зээл өгнө гэж хууран мэхэлж, 50сая төгрөгийн зээлийн гэрээ хийж, уг зээлийг зээлдэгчийн харилцах дансанд гүйлгээ хийгээд уг 50сая төгрөгийг зээлдэгчид энэ дүнгээр нь олголгүй хууран мэхэлж өмнөх 30сая төгрөгийн зээлийг зээлдэгчийн данснаас хүчээр төлүүлсэн байдаг. Энэ 50сая төгрөгийн зээл олгох үйл ажиллагаа нь анхнаасаа хууль бус бөгөөд эдгээр нь нотлогддог. Үүнд: ...банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 4.2.1.1-д зааснаар зээл олгохдоо зээл хүсэгч иргэнээс Зээлийн зориулалт, хэмжээ, хугацаа, хүү, эргэн төлөгдөх эх үүсвэрийг тусгасан зээл хүссэн гар өргөдөл, банкны анкет-ыг авч бүрдүүлнэ гэсэн байх ба хэргийн материалд банкны анкет байгаа боловч зээл хүссэн гар өргөдөл байхгүй. Зээлдэгч нарт банк 50сая төгрөгийн зээлийг олгохдоо өмнөх 30сая төгрөгийн зээлийг хаах талаар хоорондоо ямар нэгэн тохиролцоо хийгээгүй байдаг. Зээлдэгч нар нь энэ талаар ямар нэгэн хүсэлт, бичиж өгөөгүй. Зээлдэгчид 50сая төгрөгийн зээлийг харилцах дансанд нь олгоод өмнөх 30сая төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 28,761,076 төгрөгийг уг 50сая төгрөгөөс зээлдэгчийн зөвшөөрөлгүй Б.Б-гийн харилцах данснаас төлүүлсэн байдаг. Талууд өмнөх зээлийг хаах талаар тохиролцоогүй байхад зээлдэгчийг хууран мэхэлж хэвийн биелэлттэй байсан өмнөх зээлийг хугацаанаас нь өмнө хүчээр төлүүлсэн. ИХ-н 208.4-т Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж заасан байдаг. 2015 оны 50сая төгрөгийн зээл олгох үед 2014 оны 30сая төгрөгийн гэрээний төлөлт хэвийн байсан ба зээл гэдэг бол мөнгөн хөрөнгийг бүрэн гүйцэт ашиглаж түүнээс ашиг орлого олж, түүнээсээ зээлийн үнэ болох хүү, үндсэн төлбөрийг буцаан төлөх зориулалттай зүйл байдаг. Банкнаас олгож буй энэ зээл нь зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааг тэтгэх болохоос биш өр төлөх зориулалттай биш юм. Ийм байтал банк нь тухайн 50сая төгрөгийн зээлийг бүрэн ашиглах боломжийг зээлдэгчид олголгүйгээр, зээлдэгчийг хууран мэхэлж өмнөх зээлийг хаасан. Өөрөөр хэлбэл зээлдэгчийг хүсээгүй байхад зээлийн дарамтад оруулсан. 50сая төгрөгийн зээлийн гэрээ нь агуулгын хувьд хуулийн шаардлага хангахгүй. Б.Б- зээл олгов гэсэн утгатай 2015-03-19-ний өдрийн 20,948,000 төгрөгийн баримтад гарын үсэг зураагүй байдаг. Тухайн үед тус салбарын захирал байсан Содгэрэл нь зээлдэгчид 15сая төгрөгийг авчирч өгсөн ба ингэхдээ зээл гаргасны шимтгэл 5сая төгрөг аваад үлдэгдэл нь энэ гэж хэлсэн.. Зээлдэгч нар нь 2015 оны 50 сая төгрөгөөс дутуу авсан 5,948,000 төгрөгийг хасаад 44,052,000 төгрөгөөс 2015 оны 4-р сараас 2015 оны 11-р сар хүртэл төлсөн 21,052,010 төгрөгийг хасаад үлдэх 23,000,000 төгрөгийг төлнө гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 183/ШШ2018/02557 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Б.Б-, Д.М- нараас 76,656,011 төгрөг гаргуулан ...банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Б.Б-, Д.М- нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Нийслэлийн Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, ..дугаар байр, .. тоот 2 өрөө орон сууцыг худалдаж олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан ...банк ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид 2018-07-27-ны өдөр төлсөн 541,231 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Б-, Д.М- нараас 541,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 719 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч нарын төлөөлөгч хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс 2015-03-19-ний өдрийн 50сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсаны дараа түүний бэлнээр авсан гэх 20,948,000 төгрөгийн баримтад Б.Б- гарын үсэг зураагүй бөгөөд гарын үсгийн хэвийг шүүх шинжилгээний байгууллагаар шинжлүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны бичлэгт дэлгэрэнгүй байгаа атал бичгээр гаргасан тэмдэглэлдээ үүнийг бичээгүй байна. Хариуцагч гарын үсэг нь биш гэж мэдүүлсээр байтал шүүх шинжээч томилоогүй нь ИХШХШТХ-н 105-г ноцтой зөрчлөө. Үүнийг давж заалдах шатны шүүх, шүүх хуралдааны тэмдэглэлд байхгүй байна гэж үзсэн нь буруу бөгөөд тэмдэглэлд үүнийг тэмдэглээгүй нь бидний алдаа биш билээ. Шүүх ч хэрэг маргааны ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан үзэж энэхүү асуудлыг шийдвэрлэхгүйгээр хэрэг маргаан үнэн зөв шийдвэрлэгдэхэд эрсдэлтэй байгааг дүгнэж болохоор байсан. Анхан шатны шүүхийн бичлэгээс үзэхэд энэ тодорхой харагдах болно. Энэхүү асуудлыг нягтлахгүйгээр энэ хэрэг үнэн зөвөөр шийдвэрлэгдэх ямар ч боломжгүй юм. 2 шатны шүүх энэ хэргийг өмнө нь шийдсэн Улсын дээд шүүхийн шийдвэрийн даалгаварыг огт биелүүлээгүй.хянаж үзээгүй. 2017-12-05-ны 001/ХТ/2017/01544 тоот Дээд шүүхийн тогтоолоор өмнөх зээлийг төлөгдөөгүй байхад дахин зээл олгосон нь банкны хууль журамд нийцсэн эсэх, зээл олгосон гэж үзэх эсэх, ямар хэсгээр нь өмнөх зээлийг төлөхөөр тохиролцсон зэргийг нягтлах шаардлагатай гэж хэргийг буцаасан байдаг. Дээд шүүх үнэн зөв үндэслэл гаргаж тавьсан бөгөөд нэхэмжлэгчийн үйлдлүүд нь дараах байдлаар нотлогддог. 2014 оны 30 сая төгрөгийн гэрээний төлөлт хэвийн, ямар ч асуудалгүй явж байхад 2015 оны 50 сая төгрөгийн зээл олгосон. Зээл гэдэг бол тухайн мөнгөн хөрөнгийг бүрэн гүйцэт ашиглаж түүнээс ашиг орлого олж, түүнээсээ зээлийн үнэ болох хүү, үндсэн төлбөрийг буцаан төлөх зориулалттай зүйл байдаг. Банкнаас олгож буй энэ зээл нь зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааг тэтгэх зориулалттай болохоос өр төлөх зориулалттай биш юм. Эдгээрийг Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмаас харж болно. Ийм байтал банк нь тухайн 50 сая төгрөгийн зээлийг бүрэн ашиглах боломжийг зээлдэгчид олголгүйгээр, зээлдэгчийг хууран мэхэлж өмнөх зээлийг хаачихсан байдаг. Өөрөөр хэлбэл зээлдэгчийг хүсээгүй байхад нь зээлийн дарамтад оруулсан байна. 2015 оны 50 сая төгрөгийн зээлийн гэрээ нь хэлбэрийн шаардлагыг хангаж буй боловч агуулгын хувьд хуулийн шаардлагыг хангахгүй байна. Энэ бүгдээс 2015 оны 50 сая төгрөгийн зээлээс 2014 оны 30 сая төгрөгийн зээлийг төлүүлсэн үйлдэл нь 50 сая төгрөгийн зээлийг олгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Талууд 50 сая төгрөгийн зээлийг олгохдоо өмнөх 30 сая төгрөгийн зээлийг хаах талаар хоорондоо ямар нэгэн тохиролцоо хийгээгүй. Зээлдэгч нар энэ талаар ямар нэгэн хүсэлт бичиж өгсөн зүйл байхгүй,тийм баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй нь ийм тохиролцоо байгаагүйг нотолдог. Зээлдэгчид 50 сая төгрөгийн зээлийг харилцах дансанд нь олгочихоод өмнөх 30 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 28,761,076 төгрөгийг уг 50 сая төгрөгөөс зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр Б.Б-гийн харилцах данснаас төлүүлсэн. Талууд өмнөх зээлийг хаах талаар огт тохиролцоогүй байтал зээлдэгчийг хууран мэхэлж хэвийн биелэлттэй явж байсан өмнөх зээлийг хугацаанаас нь өмнө хүчээр төлүүлсэн байдаг. Банкны аливаа гүйлгээ хийгдэхдээ тухайн дансны эзэмшигчээс зөвшөөрөл авах буюу данс эзэмшигчээр зарлагын гүйлгээний баримтан дээр өөрөөр нь баталгаат гарын үсгийг зуруулсан байх ёстой байдаг билээ. Энэхүү зарлагын гүйлгээний баримтыг ирүүлэхийг нэхэмжлэгчид шүүхээс даалгасан боловч ирүүлээгүй, ийм баримт байхгүй гэдэг нь нотлогдсон. Үүнээс үзэхэд сүүлийн 50 сая төгрөгийн зээлээр өмнөх 30 сая төгрөгийн зээлийг төлүүлэх ямар ч шаардлагагүй байсан байгаа юм. Энэ төлүүлсэн үйл ажиллагаа нь үндэслэлгүй болох нь дээрх байдлаар тодорхойлогдож байна. Шүүх хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан даалгаврыг биелүүлээгүй, эдгээр үндэслэлийн талаарх хариуцагчийн бодит тайлбар нотолгоог авч үзээгүй. Шүүхийн шийдвэрээр хариуцагч нар нь 38.9 сая төг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 37.6 сая төг /зээлийн хүү 34.4 сая төг, нэмэгдүүлсэн хүү 3.2 сая төг/ нийт 76.6 сая төг-г гаргуулахаар шийдвэрлэснээс харвал авсан зээлийн дүнтэйгээ тэнцүү хэмжээний хүү төлөхөөр болж байгаа нь шударга бус байна. Банк харилцагчаасаа зөвшөөрөл авахгүйгээр харилцах данснаас зээлийг төлүүлсэн зэрэг банкны хууль тогтоомж дүрэм журам зөрчсөн ажиллагааны улмаас жирийн нэгэн зээлдэгч төлж чадахааргүй их хэмжээний өр төлбөрт орж байна.Хариуцагчийн гаргасан хүсэлт, хариу тайлбар, нотолгоог хангуулж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
...банк ХХК 2018-07-27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Б.Б-, Д.М- нараас нийт 76,656,011 төгрөг гаргуулахыг шаардахдаа “.... 2014-10-10-ны өдөр 30 сая төгрөгийг нэг жилийн 37.2%-н хүүтэй, 24 сарын хугацаатай олгож, дахин санхүүжүүлэх хэлбэрээр 2015-03-19-ний өдөр 50 сая төгрөгийг нэг жилийн 33%-н хүүтэй, 36 сарын хугацаатай олгож барьцааны гэрээ байгуулсан...50 сая төгрөгийн зээлээс 30 сая төгрөгийн зээлийн үлдэгдлийг хаасан...2015-11-19-ний өдрөөс хойш төлөлт хийгдээгүй...иймд үндсэн зээлийн үлдэгдэл 38,985,737 төгрөг, үндсэн хүү 34,471,936.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,203,577.13 төгрөг авна... үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулна..” гэжээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхдөө “...2014-10-10-ны өдөр зээлсэн 30 сая төгрөгийн төлөлт хэвийн явагдаж байхад 2015-03-19-ний өдөр 50 сая төгрөгийг өөрсдийн санаачилгаар олгохдоо өмнөх зээлийг хаасан байсан...иймд 50 сая төгрөгийн зээлээс дутуу авсан 5,948,000 төгрөгийг хасаад үлдэх 44,052,000 төгрөгөөс 2015 оны 4-р сараас 2015 оны 11-р сар хүртэл хугацаанд төлсөн 21,052,010 төгрөгийг хасч үлдэх 22,999,990 сая төгрөгийг төлнө..” гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч нарын төлөөлөгч хяналтын гомдолдоо “...шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээж аваагүй.... хяналтын шатны шүүхийн тогтоолын заалтыг анхан шатны шүүх биелүүлээгүй... 2014 оны 30 сая төгрөгийн зээлийн төлөлт хэвийн явагдаж байхад 2015 онд 50 сая төгрөг зээлүүлэхдээ санаачилгаараа өмнөх зээлийг хаасан нь хууль зөрчсөн... 50 сая төгрөгийн гэрээ нь хэлбэрийн шаардлага хангаж буй ч агуулгын хувьд хуульд нийцэхгүй байгаа... нэхэмжилж буй зээлийн дүн нь хүүтэйгээ тэнцүү байгаа нь шударга бус байна..” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. ...банк ХХК нь 2014-10-10-ны өдөр Б.Б-, Д.М- нартай гэрээ байгуулж, 30 сая төгрөгийг нэг жилийн 37,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон, 2015-03-19-ний өдөр 50 сая төгрөгийг, нэг жилийн 33 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон, 50 сая төгрөгийн зээлийн үүрэгт Нийслэлийн Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, .. дугаар байрны .. тоот, 2 өрөө орон сууцыг барьцаалсан нь тогтоогдсон байна.
Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
...банк ХХК 2014-10-10-ны өдрийн гэрээгээр Б.Б-, Д.М- нарт 30 сая төгрөгийг нэг жилийн 37,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2015-03-19-ний өдрийн гэрээгээр 50 сая төгрөгийг нэг жилийн 33 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон байх тул хоёр шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт нийцжээ.
2. Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... 50 сая төгрөгийн зээлийг банк өөрийн санаачилгаар олгосон ч мөнгөө бүрэн өгөөгүй...” гэж маргасан тул уг гэрээ байгуулагдсан эсэх, зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай юм.
а/. Хуульд өөрөөр заагаагүй бол банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энгийн хэлбэртэй бичгийн гэрээ нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
Нэхэмжлэгч 50 сая төгрөгийг зээлүүлэх, хариуцагч нар уг мөнгийг зээлэх гэрээг талууд бичгээр хийж, зохигч нар гарын үсэг зурсан нь 2015-03-19-ний өдрийн гэрээ /хх 5/-р тогтоогджээ.
Иймд “... 50 сая төгрөг зээлэх хүсэл зориг байгаагүй..” гэх хариуцагч талын тайлбар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүйгээс гадна Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсгийн “...банкнаас ...зээл олгох гэрээг бичгээр хийнэ....”, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн “...энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно...” гэсэнд нийцэхгүй байна.
Түүнчлэн, хариуцагч нар 2015-03-17-ны өдөр зээл хүссэн /хх 12-14/-г нэхэмжлэгч нь зээлийн салбар хорооны 2015-03-18-ны өдрийн хурлаар хэлэлцэж, хүлээн авч зохигч нар 2015-03-19-ний өдөр 50 сая төгрөгийн зээлийн гэрээ хийсэн байх тул хяналтын гомдлын үндэслэл баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. /хх 12-14, 59-60/
б/. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.
Б.Б-гийн депозит дансны 2014-10-04-ний өдрөөс 2018-07-04-ний өдрийн хуулга /хх 17/-с үзвэл 50 сая төгрөгийн зээл 2015-03-19-ний өдөр уг дансанд орсон, үүнийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул ...банк ХХК нь 2015-03-19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 50 сая төгрөгийг хариуцагч нарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байна.
Б.Б-гийн депозит дансны 2014-10-04-ний өдрөөс 2018-07-04-ний өдрийн хуулгаас үзвэл 2015-03-19-ний өдөр хариуцагч нарт 50 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн, үүний дараа уг мөнгөнөөс мөн өдөр 28,761,076.53 төгрөг суутгагдсан байх бөгөөд үлдэх мөнгийг хариуцагч нар бэлнээр гаргаж авсан байна. 28,761,076.53 төгрөг суутгагдсан талаар тухайн үедээ зээлдэгч нар ...банк ХХК-д гомдол гаргаж байгаагүй буюу 2015-03-19-ний өдрийн гэрээнээс татгалзаагүй байна. Өөрөөр хэлвэл, 2014-10-10-ны өдрийн 30 сая төгрөгийн зээлийн гэрээний үүргээ зээлдэгч нар биелүүлсэн тул уг гэрээ дуусгавар болж, хариуцагч нар 2015-03-19-ний өдрийн гэрээний дагуу төлбөр төлж байсан нь тогтоогджээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.
3. Нэхэмжлэгч нийт 76,656,011 төгрөг шаардахдаа 2015-03-19-ний өдрийн гэрээг үндэслэжээ.
...банк ХХК нь 2015-03-19-ний өдрийн гэрээгээр 50 сая төгрөгийг, нэг жилийн 33 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон, гэрээг бичгээр хийсэн, гэрээнд талууд гарын үсэг зурсан байх тул уг гэрээг үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1,42.2 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.
Гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.
Банк хариуцагч нарт 50 сая төгрөгийг олгосон тул зээлдүүлэгч 2015-03-19-ний өдрийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Зээлдэгч нар зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ.
2015-03-19-ний өдрийн гэрээгээр хариуцагч нар 2018-03-19-ний өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлд 50 сая төгрөг, гэрээнд заасан хүү 49,500,000 төгрөг , нийт 99,500,000 төгрөг төлөх үүрэгтэй ч 2015-11-19-ний өдөр хүртэл нийт 21,052,933 төгрөг төлж, өөр төлбөр хийгээгүйгээс ...банк ХХК нь 2018-07-27-ны өдөр шүүхэд хандсан байна.
Зээлдэгч нар нь 2015-11-19-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй гэсэн үндэслэлээр банк үндсэн зээлийн үлдэгдэлд 38,985,737 төгрөг, гэрээний хүү 34,471,936.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,203,577.13 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсгийг зөрчөөгүй байна.
Иймд “...нэхэмжилж буй зээлийн дүн нь төлөх хүүгийн хэмжээтэй тэнцүү байгаа нь шударга бус байна..” гэх гомдол хуульд нийцээгүйгээс гадна энэ нь шийдвэр,магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарахгүй .
4. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.
а/. Хариуцагч тал гомдолдоо “...шүүх шинжээч томилох хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй..” гэх боловч энэ нь шийдвэр магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ...банкны нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2017-05-29-ний өдөр шийдвэрлэсэн боловч хяналтын шатны шүүх 2017-12-05-ны өдрийн 001/ХТ2017/01544 дугаар тогтоолоор хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байжээ. Үүний дагуу анхан шатны шүүх хэргийг хүлээн авсан боловч 2018-04-16-ны өдрийн 183/ШЗ2018/04781 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байна. ...банк ХХК дахин 2018-07-27-ны өдөр нэхэмжлэл гаргасан учир шүүх 2018-08-03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж энэ хэргийг шийдвэрлэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь хэргийн материалтай танилцах /хх 42/, нотлох баримт бүрдүүлэх /хх 54-55/ хүсэлт гаргаж байсныг шүүх тухай бүрт нь хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан байна.
Шүүх нотлох баримт бүрдүүлэх, татгалзлаа нотлох буюу хариуцагч эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг цаг хугацааны хувьд хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
б/. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлнэ.
Шинэ нотлох баримт бүрдүүлэх талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч даруй шийдвэрлэнэ. Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.
Хариуцагч тал шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө бус, харин шүүх хуралдаан дээр гаргах болсон шалтгаанаа буюу хүндэтгэн үзэх шалтгааныг давж заалдах болон хяналтын гомдолдоо дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүх “... захирамж гаргаагүй..” нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамааруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйл, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт нийцэхгүй юм.
5. Хоёр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийг тухайн маргаанд оновчтой хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
Хариуцагч гомдол гаргаагүй тул 2015-03-19-ний өдрийн барьцааны гэрээ, үүнтэй холбоотой шүүхээс гаргасан шийдвэрийн талаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02557 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 719 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 541,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ