Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2019/0699

 

           Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Гомдол гаргагч: “Т” ХХК.

         Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татвхяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Э нар.

   Гомдлын шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татвхяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Э нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №351830023 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлын шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр татварын байцаагч нарын зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шийтгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч Э.Н, Л.Э хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Гомдол гаргагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан гомдолдоо: “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татвар хяналт, шалгалтын тасгийн байцаагч нар “Т” ХХК-д 2014-2017 оныг дуустал татвар ногдуулалт, төлөлтийн тайлан хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримтад үзлэг хийсэн хэмээн 2014 онд 4,654,545,45 төгрөг, 2015 онд 53,818,181,81, 2016 онд 49,090,909,08 төгрөг, 2017 онд 33,636,363,80 төгрөг нийт 141,200,000,14 төгрөгийн түрээсийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй гэж үзсэн.

     Манай компанийг Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль зөрчсөн нь нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлан, түрээслэгчийн хийсэн түрээсийн гэрээ Төрийн банк дахь харилцах дансаар тогтоогдсон гэж үзсэнийг зөвшөөрөх үндэслэлгүй.

        Шалгалтаар 277,745,454,67 төгрөгийн зөрчил илэрсэн гэж зөрчилд 26,544,388,00 төгрөгийн нөхөн татвар, 6,618,672,00 төгрөгийн торгууль, 4,512,589,00 төгрөгийн алданги, 16,145,00 төгрөгийн хүү, нийт 37,691,794,00 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна,

       Учир нь уг шийтгэлийн хуудаст хөндлөнгийн мэдээлэл гэдэг нь манай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгч Б.Н түрээсийн төлбөрөө төлөхгүй шүүх дээр маргаан үүсгэж 2 жил гаруй хугацаа болж байгаа бөгөөд одоо шүүх шийдвэрлэж дуусаагүй байна.

       Манай компанид түрээсийн төлбөрөө төлөхгүй элдэв арга саам, заль хэрэглэж эцэст нь танай компанийг чадна харж байгаарай гэж заналхийлж үндэслэлгүй татварын өр бий болголоо. Энэ нь аль нэг хүний өшөө авах арга хэрэгсэл болж татварын шалгалт хийн, түүний хүссэнээр татварын дарамтад оруулж, түрээсийн орлогоо аваад ч төлж хүрэхгүй өрөнд унагасанд гомдолтой байна.

      Нөгөөтэйгүүр уг түрээсийн гэрээг борлуулалтын орлого манай компанид орж ирээгүй, шүүх шийдвэрлэж дуусаагүй байхад би түүнийг төлж барагдуулах боломжгүй. Татварын тайланд түрээсийн борлуулалтын орлогыг тусгаагүй гэж үзэж байгааг ойлгохгүй байна, Тайланд тусгагдсан түрээсийн гэрээний үнийг тусгаж, аваагүй байгаа авлага байдлаар харагдаж байгааг тайланд тусгаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

      Шүүх маргааныг шийдвэрлэж дуусвал тайлант хугацааны түрээсийн орлогыг төлөхөд манай компани татгалзах үндэслэлгүй юм.

     Үндэслэлгүй тавьсан 37,691,794,00 төгрөгийн төлбөр ногдуулсан бөгөөд холбогдогч намайг танилцлаа л гэж гарын үсэг зур гэснээр 15 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэг ногдуулснаа надад мэдэгдээгүй тул би зөвшөөрөхгүй.

        Энэ татварын асуудал шийтгэлийн хуудсаар ч ногдуулах асуудал биш татварын маргаантай асуудал байхад хялбаршуулсан журмаар шийдсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм.

         Мөн шийтгэлийн хуудсыг сая олж авсан тул гомдол гаргах эрхийн дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.

         Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татвхяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Э нарын хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

      Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж “Т” ХХК-д торгууль оногдуулсан. Уг акт нь илт хууль бус захиргааны акт байна. “Т” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй байна. 2009 оны 02 дугаар сарын 5-ны өдөр С.О-ийг “Т” ХХК-ийн захирлаар томилсон байхад Татварын улсын байцаагч нар нь 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар тогтоолоор “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Наранбатыг томилсон байна. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд “Т” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдийг төлөөлүүлэн “Т” ХХК-д торгуулийн хуудас оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий татварын хяналт шалгалт биш бөгөөд татварын улсын байцаагч нар нь “Т” ХХК-иас ямар нэг тодруулга тайлбар аваагүй. “Т” ХХК-тай иргэний хэргийн шүүхэд түрээсийн төлбөрийн маргаантай байхад зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн. Гомдол гаргасан гэх н.Н нь энэ талаар шүүхэд маргаантай байгаа. Надаас түрээсийн төлбөр нэхэж байна гэсэн иргэний маргааны талаар тодорхой мэдээллийг өгсөн байдаг. Ц.Н гэх хүн иргэний хэргийн маргаан дээр төлөөлж байгаа гэж тайлбарлаад байхад эрх бүхий албан тушаалтнаар томилсон. Тэгэхээр зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийг зөв тодорхойлсон эсэх асуудал үүснэ. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулж  Захиргааны ерөнхий хуулийн 13, 14, 15 дугаар зүйлийг зөрчсөн.  Зөрчил хянан шийдвэрлэхэд шийтгэлийн хуудсыг Улсын ерөнхий прокурор баталсан загварын дагуу маягтаар шийтгэл оногдуулах ёстой. Хэргийн оролцогчоос тайлбар мэдүүлэг авах журам зааврыг Улсын ерөнхий прокурор баталсан байх ёстой. Тухайн зөрчлийн хэрэг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байх, зөрчлийн хэрэгт тайлбар мэдүүлэг авахдаа хэргийн оролцогчид эрх үүргийг нь тайлбарласан байх ёстой. Энэ процесс ажиллагаа бүхэлдээ явагдаагүй. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтнуудын тогтоол, шийтгэлийн хуудас тогтоол танилцуулж гардуулсан тухай тогтоол нь “Т” ХХК-д хамааралгүй тул “Т” ХХК-д шийтгэл оногдуулсан үйл ажиллагааг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

      Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг 5283841 тоот регистрийн дугаартай «Т» ХХК-ийг түрээслэгч иргэний гомдол, татварын хяналт шалгалт хийх 35180300094 тоот албан томилолтын дагуу татварын улсын байцаагч Э.Н, Л.Э нар шалгаж 277,745,454.70 төгрөгийн зөрчил илрүүлэн 26,544,388.00 төгрөгийн нөхөн татвар, 6,618,672.00 төгрөгийн торгууль, 4,512,589.00 төгрөгийн алданги, 16,145.00 төгрөгийн хүү, нийт 37,691,794.00 төгрөгийн төлбөр ногдуулсан 351830023 тоот Шийтгэлийн хуудас бичиж  2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр танилцуулж гардуулсан. Татвар төлөгч 351530023 тоот шийтгэлийн хуудас гардаж авахдаа «Татварын шалгалтын шийдвэрийн зөвшөөрч байна.» тайлбарыг бичсэн бөгөөд татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг танилцуулж, гардуулсан тухай тэмдэглэлд «Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2...хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ...» танилцсан байна.

       Тус ХХК-д холбогдох гомдлыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан нь дараахь хуулийг зөрчсөн байна. Үүнд: Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд: «Татвар төлөгчийн эрх. 17.1 .6.татварын албанаас гаргасан акт...бусад баримт бичигтэй танилцах үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор захиргааны болон шүүхийн журмаар гаргах;», Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд «Гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх хугацаа. 94.1.3ахиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.»,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.3 зүйлд: «Шүүгч дараахь үндэслэлээр гомдол хүлээн авахаас татгалзана: 54.3.2.хуульд тусгайлан заасан тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй; 54.3.3.гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн» байна.

          Иймд “Т” ХХК нь Шийтгэлийн хуудсыг гардаж авснаас хойш 30 хоногийн дотор НТГ-ын Маргаан таслах зөвлөлд хандаагүй урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ аваагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн байх тул тус тус “Т” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

       Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагч Э.Н, Л.Э нар нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн томилолтын дагуу “Т” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татварын хяналт шалгалт хийсэн. Тухайн компаний 2014-2017 оны анхан шатны баримтад татварын  хяналт шалгалт хийх талаар Ц.Н гэх хүнд утсаар мэдэгдсэн. Гомдол гаргагчийн өмгөөлөгч нь Ц.Н-ыг хууль ёсны төлөөлөгчөөр томилох эрх зүйн үндэслэл байхгүй байсан гэж тайлбарлаж байна. Татварын удирдлагын мэдээллийн системээс авсан лавлагааг үндэслэж 100% хувьцаа эзэмшигч Ц.Н-ыг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр эрх бүхий албан тушаалтны хууль ёсны төлөөлөгчөөр томилж хууль ёсны төлөөлөгчөөр томилсон тогтоолыг танилцуулсан.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэж заасан. Татварын удирдлагын мэдээллийн системд бүртгэгдсэн 100 хувийн хувьцаа эзэмшигч Наранбатыг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Гомдол мэдээллийн дагуу прокурорт нэн даруй бүртгүүлдэг. Прокурорын нэгдсэн бүртгэлийн 2018 оны 22 дугаарт бүртгэгдэж, тогтоол хянагдсан. Тиймээс прокурорын бүртгэлд ороогүй, хууль зөрчсөн, хувийн ашиг сонирхлоор шалгасан гэдэг нь үндэслэлгүй. Тухайн үед хяналт шалгалт хийж Нд танилцуулж, ярилцлагын тэмдэглэл үйлдэж байхад бид 6,500,000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулсан. Уг төлбөрийг авахаар маргаж байгаа болохоос авах ёстой эсэх талаар маргаан байгаа талаар хэлээгүй. Иргэний шүүхэд маргаантай байгаа үндэслэлээр шалгалтыг хийхгүй байх үндэслэлээр “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн иргэний шүүх дээр хэрэгсэхгүй болгосон. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад тухайн үеийн нэхэмжлэлтэй холбоотойгоор хяналт шалгалтыг хойшлуулах, түдгэлзүүлэх хүсэлт гаргаагүй. Хууль ёсны төлөөлөгчөөр томилж тухайн компаний мэдээлэл анхан анхан шатны баримтуудтай танилцаж байх явцад холбогдогчоос авсан мэдүүлгийг прокуророос гаргасан маягтын дагуу үйлдсэн. Ингэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрх, үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан байсан. Уг баримтуудыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож холбогдогчоор мэдүүлэг өгч байгаа этгээд нь ямар эрх үүрэгтэй талаар танилцуулж, гарын үсэг зуруулсан.  Тиймээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Гомдол гаргагч нь тухайн шийтгэлийн хуудас гарсан талаар мэдээгүй дөнгөж сая мэдсэн. 15 хоногийн дотор сайн дураар биелүүлэх ёстой гэдгийг ойлгоогүй, мэдээгүй. Энэ талаар байцаагч танилцуулаагүй гэж байна. Гэтэл Наранбат нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон, шийтгэлийн хуудастай танилцаж гарын үсэг зурсан. Шийтгэлийн хуудас гардуулсан тухай тэмдэглэлд татварын шалгалтын шийдвэрийг зөвшөөрч байна гээд 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэтэл хуулийн хугацаа хэтрүүлсэн. Мөн энэ талаар огт мэдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

         Гомдол гаргагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татвхяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Э нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №351830023 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлын шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр татварын байцаагч нарын зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шийтгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилжээ.

     Шүүх дараахь үндэслэлээр гомдлын шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

      Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Э нар 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 351830023 тоот шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-ийн 2014-2017 оны албан татвар ноогдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж шалгалтаар илэрсэн нийт 277745454.67 төгрөгийн зөрчилд 26544388.00 төгрөгийн нөхөн татвар, 6618672.00 төгрөгийн торгууль, 4512589.00 төгрөгийн алданги, 16145.00 төгрөгийн хүү нийт 37691794.00 төгрөгийн төлбөр оногдуулжээ.

          Харин гомдол гаргагчийн өмгөөлөгч тус компанийн захирлаар С.О бүртгэлтэй байхад компанийг төлөөлөх эрхгүй Ц.Н-ыг эрх бүхий этгээдээр тогтоон торгууль оногдуулж Захиргааны ерөнхий хуулийн 13,14,15 дугаар зүйлүүдийг зөрчсөн,зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, нэгдсэн загвараар баталсан Шийтгэлийн хуудас (маягт)-ыг хэрэглээгүй, татварын асуудлаар шүүх дээр маргаантай байхад шийтгэл оногдуулсан зэргээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдсэн нь илт хууль бус гэж маргаж байна.

          Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол;” гэж тус тус зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахыг хуульчилжээ.

    Татварын улсын байцаагчдын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 351830023 дугаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудсыг 03 дугаар сарын 28-ны өдөр танилцуулсан тухай тэмдэглэлд[1] “Т” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Ц.Н татварын шалгалтын шийдвэрийг зөвшөөрч байгаагаа илэрхийлэн гарын үсэг зурсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;” зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэсэнтэй нийцсэн гэж дүгнэв.

         Нөгөө талаар улсын байцаагчид зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ “Т” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Н-ыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тус компанийн эрх бүхий албан тушаалтнаар тогтоож оролцуулсан нь хууль зөрчөөгүй.

       Учир нь “Т” ХХК-ийн захирлаар Ц-ын С бүртгэлтэй боловч гадаадад удаан хугацаагаар оршин суудаг түүний төрсөн дүү Ц-ын Н Монгол улс дахь компанийн ажлыг удирдан явуулдаг, шалгалтын ажлыг би хариуцаж дуусгана гэж холбогдогчоор мэдүүлэг тайлбар өгсөн тэмдэглэлд тодорхой дурдсан,улсын байцаагч түүнийг холбогдогчоор мэдүүлэг авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарласан байх бөгөөд тэрээр эрх бүхий албан тушаалтнаар тогтоосон холбогдогчоор мэдүүлэг авсан үйл баримтуудтай маргаж гомдол гаргаагүй,Татварын албаны бүртгэл мэдээллийн системээс татвар төлөгчийн үүсгэн байгуулагчийн мэдээллийг хэвлэж ирүүлсэн “Т” ХХК-ийн дэлгэрэнгүй мэдээллээр[2] Ц.Н нь 100% хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байна.

       Түүнчлэн гомдол гаргагч “Т” ХХК 2018 онд түрээсийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор түрээслэгчээс түрээсийн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаар Иргэний хэргийн шүүхэд хандаж байсан бөгөөд тухайн маргааныг шийдсэн 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй үйл баримт тогтоогджээ. 

       Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, нэгдсэн загвараар баталсан Шийтгэлийн хуудас (маягт)-ыг хэрэглээгүй, татварын асуудлаар шүүх дээр маргаантай байхад шийтгэл оногдуулсан, Ц.Н-ыг компанийн эрх бүхий этгээдийн итгэмжлэлгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан зэргээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдсэн нь илт хууль бус гэх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн шаардлага үндэслэлгүй.

        Тодруулбал улсын байцаагчид зөрчил шалган шийдвэрлэж Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж “Гомдол мэдээллийн бүртгэлийн дугаар ТХ-22”[3] гэсэн бүртгэлийн дугаар авч баталгаажсан,         уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байх үед шийтгэлийн хуудасны нэгдсэн маягт гараагүй байсан талаар хариуцагч тайлбарласан, түрээслэгчийн түрээсийн гэрээний талаарх маргаан Иргэний хэргийн шүүх дээр хэлэлцэгдэж байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар холбогдогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаагүй, Герман улсад 2009 оноос хойш амьдарч байгаа захирал Ц.С-ийн олгосон итгэмжлэлээр Ц.Н нь Иргэний болон Захиргааны хэргийн шүүхэд тус компанийг төлөөлж байгаа зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон болно.

          Өөрөөр хэлбэл дээр дурдсан үндэслэлүүд гомдол гаргагчийн өмгөөлөгчийн үзсэнээр анхнаасаа илэрхий алдаатай, илт хууль бус байх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан тохиолдлуудын шинжийг агуулсан, илт хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдсонгүй.

        Иймд Татварын улсын байцаагчид Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1”д “утга агуулгын илэрхий алдаатай;”, 47.1.6-д “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэснийг зөрчиж илт хууль бус захиргааны акт гаргасан гэж дүгнэх хууль зүйн боломжгүй.

        Шүүх Татварын ерөнхий хуулийн 74, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн17 дугаар зүйлд заасныг зөрчиж татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөөгүй зөрчилд “Т” ХХК-д хариуцлага оногдуулсан татварын улсын байцаагчдын шийдвэрийг буруутгахааргүй бөгөөд харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 “д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ.” гэж заасны дагуу Шийтгэлийн хуудсаар оногдуулсан  6618672.00 төгрөгийн торгууль, 4512589.00 төгрөгийн алданги, 16145.00 төгрөгийн хүү нийт 11147406 төгрөгийг өршөөн хэлтрүүлж 26544388.00 төгрөгийн нөхөн татварын төлбөрийг төлүүлэхээр багасгаж шийдвэрлэх нь зүйтэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

        1.Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татвхяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Э нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №351830023 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ын гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар Шийтгэлийн хуудсаар оногдуулсан  6618672.00 төгрөгийн торгууль, 4512589.00 төгрөгийн алданги, 16145.00 төгрөгийн хүү нийт 11147406 төгрөгийг өршөөн хэлтрүүлж 26544388.00 төгрөгийн нөхөн татварын төлбөрийг төлүүлэхээр багасгасугай.

      2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР         

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

 


[1] Хэргийн 37 дугаар хуудас

[2] Хэргийн....дугаар хуудас

[3] Хэргийн....дугаар хуудас